Зохиолч: Жэйк Кнапп
Спринт
Зохиолч Кнапп, Зерацки, Ковиц нарын адилаар танд ч гэсэн бүтээмжээ сайжруулах хүсэл төрдөг биз ээ. Бид үйлдлүүдээ хянах, ямарваа ажлыг хийх хамгийн зөв цагийг тодорхойлох, бүтээлч байх “онгод орсон” үеэ мэдэх, хийх ажлын жагсаалт гаргах тоолж баршгүй олон аргыг судалсан байдаг.
Google Ventures (GV) компанид Кнапп болон түүний хамтрагчид багийн процессыг сайжруулахад буюу хамтдаа хэрхэн илүү сайн хамтран ажиллах вэ гэдэгт голлон анхаарчээ. Үүнийгээ тэд GV компанид хүлээдэг ажлынхаа үүрэг хариуцлага болон “дараагийн онцгой зүйл”-ийг гаргаж ирэх зорилготойгоо хослуулсны үр дүнд “Sprint-ийн зарчим”-ыг гаргаж иржээ (sprint гэж ойрын зайд хурд хийхийг хэлдэг).
Сайн санааг олох хэцүү. Энэ нь та стартап удирддаг, багшилдаг, том компанид ажилладаг байхаас үл хамаарна. Харин ийм үед спринт танд тусална. Энэ ном бол сайн, оновчтой санааг олохын тулд хэрхэн спринт хийх вэ гэдгийг заасан гарын авлага юм.
Даваа гарагт та асуудлыг судалж, юун дээр илүү анхаарах вэ гэдгээ сонгоно. Мягмар гарагт шийдлүүдийг цаасан дээр буулгана. Лхагва гарагт амаргүй шийдвэр гаргаж, санаагаа туршиж болохуйц таамаглал болгон хувиргана. Пүрэв гарагт хэрэгжүүлж болохуйц эхний загварыг (прототайп) гаргана. Баасан гарагт тэрхүү загвараа амьдрал дээр туршина.
Сорилттой нүүр тулах
Спринтийн хувьд ахдах хэт том асуудал гэж байдаггүй. Спринт нь танай багийг эхлээд хамгийн чухал асуултдаа анхаарахад нөлөөлнө. Хоёрдугаарт, эцсийн бүтээгдэхүүний зөвхөн өнгөн хэсгээс суралцах боломжийг спринт олгоно. Өнгөн хэсэг нь тун чухал. Чухам танай бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээний өнгөн хэсэг нь харилцагчтай нүүр тулж байдаг. Хүн бол цогц, хувирамтгай амьтан учраас цоо шинэ шийдэлд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь таамаглахад тун хэцүү. Шинэ санаа бүтэлгүйтдэгийн гол шалтгаан нь тухайн зүйлийг харилцагч нар хэрхэн хүлээж авч, үнэлэх вэ гэдэгтээ бид хэт итгэлтэй ханддагтай холбоотой. Өнгөн хэсгийг зөв гаргаж ирж чадах юм бол дотор нь байгаа систем, эсвэл технологийг дараа нь янзлах бүрэн боломжтой.
Багаа бүрдүүлэх
“Ocean`s Eleven” бол сайн кино. Дэнни Оушин хэсэг гэмт хэрэгтнийг насанд нь ганц удаа тохиох агуу хулгайд бэлтгэж буй талаар уг кинонд өгүүлдэг. Спринт бол тэрхүү төгс зохион байгуулагдсан хулгайтай тун төстэй юм. Та болон танай баг авьяас, хугацаа, эрч хүчээ хамгийн дээд зэргээр ашиглаж, том сорилттой тулах бөгөөд замдаа таарсан бүхий л саадыг ухаанаа ашиглан давна. Ийм зүйлийг хийхэд танд зөв баг хэрэгтэй.
Спринт багийн хувьд долоо эсвэл үүнээс цөөн хүнтэй байх нь зүйтэй гэж Кнапп онцолжээ. Үүнээс олон хүнтэй болох юм бол спринтийн хурд удааширч, бүх хүнийг төвлөрөлтэй, бүтээлч ажиллуулахад хэцүү болж ирнэ. Долоогоос цөөн байх юм бол бүх зүйл тун хялбар болно.
Спринт багийн гишүүдийн талаар Кнапп дараах зөвлөгөөг өгчээ:
- Мөнгө хаанаас ирэхийг (хаашаа явахыг) тайлбарладаг санхүүгийн шинжээч
- Компанийн санааг урладаг маркетингийн шинжээч
- Хэрэглэгч нартай нэгбүрчлэн нүүр тулж ярилцдаг харилцагч хариуцсан мэргэжилтэн
- Компани юуг бүтээж, зах зээлд нийлүүлж чадах вэ гэдгийг хамгийн сайн ойлгодог технологи/логистикийн мэргэжилтэн
- Танай компанийн бүтээгдэхүүний загварыг гаргадаг дизайны мэргэжилтэн
Хүчирхэг, этгээд санаа гаргадаг ухаалаг хүн буюу хэрэг таригч бас хэрэгтэй. Асуудлыг шийдэхэд тэдний галзуу санаа хэрэг болж мэднэ. Буруу байсан ч гэсэн түүний эсэргүү санаа нь багийн бүх хүнийг илүү сайн ажиллахад нь нөлөөлдөг.
Багийн бүрэлдэхүүнд байх сүүлийн гишүүн бол Шийдэгч юм. Тэд асуудлыг угаар нь мэддэг, өөрийн гэсэн хүчирхэг үзэл бодолтой, зөв шийдлийг олоход туслах чадварыг эзэмшсэн байдаг. Хэрэв танай Шийдэгч спринтэд, эсвэл үр дүнтэй байлгахад төвлөрдөг онцлогт нь итгэдэггүй бол энэ нь тун муу хэрэг юм. Магадгүй та нар буруу төсөл дээрээ ажиллаж байж болно. Цаг гаргаад Шийдэгчтэйгээ ярилц, өөр ямар сорилтыг шийдэх вэ гэдгээ тодорхойл.
Даваа гараг – Эхний өдөр
Энэ өдөр зорилгоо тодорхойлж, спринт хийх долоо хоногоос цааш яах вэ гэдгийг авч үзнэ.Хэрэв та нар спринтийн долоо хоногоос цаашхыг харах ёстой бол ямар асуултад хариулах хэрэгтэй вэ? “Бид нар яагаад энэ төслийг хийж байна вэ?”, “Зургаан сар, нэг жил, эсвэл таван жилийн дараа ямар түвшинд очсон байх вэ?”
Зорилго нь танай багийн зарчим, хүсэл тэмүүллийг тусгасан байх ёстой. Спринт процесс нь танд эхлэх зөв цэгээ олоход мөн хамгийн том зорилгын төлөө ахиц дэвшил гаргахад туслах болно. Урт хугацааны зорилгоо тодорхойлсон бол самбарын дээд хэсэгт бич. Спринтын хугацаанд энэ нь хүн бүрийг нэг чиглэлд хөтлөх зам заагч болж өгнө.
Харилцагчийн аяллын газрын зураг
Харилцагчийн аяллын газрын зураг нь танай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг харилцагч нар яаж ашиглаж буйг харуулна. Энэхүү газрын зургийг ашиглаж та тулгараад буй сорилтуудаа спринтын хугацаанд хийх тодорхой зорилго болгон жижиглэх юм. Уг газрын зураг нь бүх зүйл хэрхэн хоорондоо нэгдэж байгааг хянахад туслахаас гадна хүн бүрийн богино хугацааны ой санамжид ирдэг ачааллыг бууруулна. Хэрхэн ингэдэг талаар тайлбарлая.
Жүжигчдийн жагсаалтыг гарга (зүүн талд). “Жүжигчид” бол танай гаргах түүхэнд багтаж буй чухал хүмүүс юм. Төгсгөл буюу зорилгоо бич (баруун талд). Үгс болон сум оруулж өгч хооронд нь холбо. Уг газрын зураг нь урлагийн бүтээл бус үр дүн авчрах зүйл байх ёстой учир үг, сум, дөрвөлжин байхад л хангалттай. Зурах авьяас шаардлагагүй.
Танай газрын зураг 5-15 алхамтай байх ёстой. Хориос их болвол хэтэрхий адармаатай болно. Газрын зургийг энгийн, хялбар байлгаснаар янз бүрийн шийдэлд уягдалгүйгээр гол асуудал дээр багаараа санал нэгдэх боломжтой болох юм.
Өдрийн үлдсэн хугацаанд “мэргэжилнүүдээс ярилцлага” авч, уг асуудлын талаар илүү их мэдээлэл цуглуул. Ингэхдээ өөр асуултууд нэмэх, газрын зурагтаа өөрчлөлт оруулах, магадгүй урт хугацааны зорилгоо өөрчлөх хэрэг ч гарч магадгүй. Даваа гарагт таны хийх ёстой гол ажил бол хүн бүрийн мэдээлэл, туршлагыг ашиглан нэг бүтэн зураглал гаргаж ирэх явдал юм.
Хэрэв танай багт мэргэжилтэн багтаагүй бол спринт гэж юу болох талаар мэргэжлийн хүнд нь тайлбарлаж, урт хугацааны зорилго, спринтын асуулт, газрын зургийн талаар хоёр минут хэртэй мэдээлэл өг. Улмаар түүнээс тулгараад буй сорилтын талаар юу мэдэх вэ гэдгийг нь лавла. Мөн өөр чиглэлийн мэргэжилтнүүдээс нэмэлт мэдээлэл ав. Самбар дээр бичсэн үгнүүдээ өөрчилж болно. Спринт асуултыг асуу. Газрын зургаа өөрчил. Шаардлагатай бол урт хугацааны зорилгоо шинэчил. Таны мартсан зүйлийг мэргэжилтнүүд хэлж өгч магадгүй учраас тэднээс тусламж авахаас бүү ич.
Байндаа анхаарах
Даваа гаргийн хувьд таны сүүлийн зорилго нь спринтын байг сонгох юм. Хэн хамгийн чухал харилцагч вэ, тэрхүү харилцагчтай харилцахад хамгийн чухал мөч нь юу вэ? Спринтын бусад хэсэг нь энэ асуултаас урган гарах шийдвэрийг дагах ёстой юм. Бай гэж танай газрын зураг дээр байгаа, ямар нэг агуу зүйл хийхэд туслах хамгийн их боломжтой (магадгүй бүтэлгүйтэх хамгийн их эрсдэлтэй) газрыг хэлнэ. Шийдэж чадахгүй, эсвэл хэт олон сонголттой болсон уу? Шийдэгчээс шийдвэр гаргахыг хүс. Тийм учраас л тэд өндөр цалин авч байгаа шүү дээ. Байгаа сонгосон бол спринтын асуултуудаа дахиад хар. Нэг спринтын явцад тэдгээр асуултад бүгдэд нь хариулж чадахгүй ч нэгээс хоёр асуулт нь байтай нийцэж байх ёстой юм.
Мягмар гараг – хоёр дахь өдөр
Өглөө
Шийдлээ үдээс хойш бусдадаа танилцуулахын тулд мягмар гаргийн өглөөг та өөрт байгаа санаануудыг шүүх, цэгцлэхэд зориулах ёстой. Санаануудаа цуглуулж, нэгтгэх аргыг Аянгат демо гэж Кнаппын нэрлэсэн дасгалын дагуу хийх ёстой.
Өөр бүтээгдэхүүн, ялгаатай салбар, өөрийн компани дотроос өөрт таалагддаг шийдлийн талаар ярихад танай баг гурван минутыг зарцуулна. Онцгой шийдэл хайх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт гаргахыг багийнхаа гишүүдээс хүс. Танай харьяалагдах салбар, чиглэлээс гадуур сэтгэх мөн компани дотроосоо үлгэр дуурайл авах санаа гаргаж ирэхийг хүмүүстээ сануулаарай. Та нарын авч үзэж, ярилцах бүхнээс ямар нэг сайн, санаа авах зүйл гарч ирэх ёстой юм шүү. Хэдэн минут бодож, шүүн тунгаасны эцэст багийн гишүүн бүр 1-2 бүтээгдэхүүнийг санал болгоно. Багийн гишүүдийн нэрлэсэн бүхнийг самбарт жагсааж бич.
Улмаар өөрийн санал болгож буй бүтээгдэхүүний юу нь гайхалтай вэ гэдгийг тухайн хүн багийн бусад гишүүнд тайлбарлаж өгнө. Тухайн хүн гурван минутанд багтаан тайлбараа хийх ёстой. Эдгээр тайлбар ярианаас гарч ирэх том санаа, сэдэв, боломжуудыг онцлон самбар дээр бич.
Өдөр
Мягмар гаргийн үдээс хойш шийдэл гаргана. Гэхдээ брайнсторминг хийх, бие биерүүгээ хашхирах, тааруу дүгнэлт гаргах явдал гаргаж болохгүй. Харин үүний оронд ганц ганцаараа ажиллаж, санаагаа тунгаан, ноорог гаргах ёстой.
Хүн нэг бүр өөрийн хамгийн зөв, хүчтэй гэж үзсэн санааг гаргаж, найман минутад багтаан найман ноорог гаргана. Энэ дасгал нь эхний боломжит санаагаа улам сайжруулах, ядахнаа өөр хувилбарууд гаргахад нөлөөлөх болно. Санааныхаа хамгийн дуртай хэсгийг харж байгаад өөрөөсөө “Үүнийг илүү сайнаар хийж болох өөр ямар арга байна вэ?” гэж асуу. Өөр ямар ч хувилбар гарч ирэхгүй болтол үүнийгээ давт. Дараа нь санааны хуудаснаас өөр нэг шинэ санаа гаргаж ирээд саяны асуултыг асууж уг процессыг давтана.
Дараагийн алхам бол хүн бүр өөрт байгаа хамгийн шилдэг гэж үзсэн санааг цаасан дээр нарийвчлан буулгана. Тэрхүү санааг багийн бусад гишүүн шүүн ярилцах учир маш сайн нарийвчлалтай, сайтар бодсон, ойлгоход хялбар болгох ёстой. Уг санаагаа наалддаг цаасан дээр гурван багана бүхий хүснэгтэд оруулан бичих бөгөөд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа танай харилцагч нарт ямар мэдрэмж төрөхийг харуулах ёстой.
Бүгд бичиж дууссаны дараа шийдлээ бичсэн цаасаа ширээн дээр давхарлаж тавьна. Гэхдээ тэдгээртэй зөвхөн лхагва гарагт танилцах учиртай.
Лхагва гараг – Гурав дахь өдөр
Өглөө
Лхагва гаргийн өглөө таны зорилго бол аль шийдлээр нь анхны загвар (прототайп) гаргах вэ гэдгийг шийдэх юм.
1. Шийдэл бүхий цааснуудыг бүгдийг нь ханан дээр тогтоо.
2. Шийдлүүдийг чимээгүй хараад сонирхолтой хэсгүүдийг нь тэмдэглэ
3. Шийдэл тус бүрийн онцлох, сонирхолтой хэсгийг хурдан ярилцаад, онцгой санааг нь наалддаг туузаар онцол
4. Багийн гишүүн бүр нэг шийдэл сонгох агаад санал хураах байдлаар аль нь хамгийн олон санал авахыг үзнэ
5. Хамгийн олон санал авсан санааны талаар эцсийн шийдвэрийг Шийдэгч гаргана.
Өдрийн хоолны цаг болоход спринт асуултад хариулж чадах мөн урт хугацааны зорилгодоо хүрэхэд туслах хамгийн боломжтой санаануудаа тодорхойлсон байх ёстой. Дараа нь тэдгээр санаа болон шийдвэрүүдээ үйлдлийн төлөвлөгөө болгон хувиргах бөгөөд ингэснээр баасан гараг гэхэд эхний загварыг гаргах боломж бүрдэх юм.
Өдөр
Үдээс хойшдоо та бүхэн хамгийн олон санал авсан санаануудаа тодорхойлж, тэдгээрийг нэгтгэн сториборд болгоно. Энэ нь мягмар гарагт та нарын гаргасан гурван баганатай сторибордтой адилхан боловч 10-15 баганатай, бүгд хоорондоо нягт холбогдсон арай урт гэдгээрээ ялгаатай байна. Энэхүү сторибордыг ашиглан “зах зээлд гарах” эцсийн бүтээгдэхүүний загварыг төсөөлөх учраас тухайн загварыг гаргахаас өмнөх асуудал, эсвэл эргэлзээтэй зүйлээ олж харах боломжтой болно. Сторибордоо зүүн дээд талын булангаас эхэлж зурах ёстой. Энэ хэсэг нь баасан гарагт танай харилцагч нарт эхэлж танилцуулах хэсэг байх юм. Тиймээс эхлэл хэсгээ зөв сонго: Танай компани оршин буйг харилцагч нар хэрхэн олж мэдэх вэ? Танай бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө тэд хаана байв, юу хийж байв?
Үүндээ үндэслээд танай баг түүхээ яг комикс ном шиг нэг нэгээр нь зурж эхэлнэ. Сонгогдсон санаануудаасаа сонгож, сториборддоо оруул. Өөрөөр хэлбэл байгаа зүйлтэйгээ ажилла. Огт өөр шинэ санаа гаргахаас зайлсхийж, өмнө ярилцсан санаануудыг ашиглаарай. Сториборд нь ноорог гарчиг, чухал үгнүүдээс бүрдэж байх ёстой ч одоохондоо төгс текст гаргахаас зайлсхий.
Зөвхөн зөв, сонгогдсон санаануудаа сонгож оруул. Сториборддоо хангалттай олон деталь оруулах юм бол “дараа нь юу болох вэ?” гэсэн асуултыг тавих хүн гарахгүй.
Пүрэв – Дөрөв дэх өдөр
Энэ өдөр бол хуурмаг санааны өдөр юм. Танд агуу шийдэл болох магадлалтай санаа байна. Уг шийдлээ гаргахын тулд олон долоо хоног, сар, жилийг зарцуулахын оронд та “хуурамчаар” хийнэ. Нэг л өдөр бодитой шийдэл гаргах нь тодорхой боловч асуудалдаа тохирсон шийдэл мөн эсэхийг шалгаад үзэхэд юу нь буруу байх билээ? Санаа, шийдэл бүр үр дүнд хүрдэггүй бөгөөд хожимдсоноос эртхэн шалгаад үзэх нь зөв юм.
“Хуурамч” шийдэл гэхээр танд таагүй санагдаж болох ч та сэтгэлгээгээ “төгс”-өөс “хангалттай хэмжээний” - “урт хугацааны чанар” - “түр зуурын симуляц” гэсэн загварчлах сэтгэлгээ болгож өөрчлөх хэрэгтэй.
Яагаад ийм аргыг ашиглах ёстой вэ? Учир нь бүх зүйлийн эхний загварыг (прототайп) гаргаж болдог. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, хардвэр, софтвэр гээд бүхнийг. Прототайпыг орлуулашүй. Хэрэв бүтэмжгүй болвол харамсахгүйгээр гаргаад хаячихна. Суралцах хэмжээний загвар гаргахад л болно. Нэмэлт элдэв функц нэмэх шаардлага үгүй. Зөвхөн хэр ажиллах, ямар үр дүнд хүрэхийг нь л харах боломжтой энгийн, боломжийн загвар. Уг загвар нь бодит мэт харагдах ёстойг мартаж болохгүй. Гэхдээ хараажаар хуурамч загвар нь жинхэнэ загвар шигээ анхаарлыг хүмүүсээс татах боломжгүйг мартаж болохгүй.
Загвар гаргах аргууд ялгаатай бөгөөд аливаа загварыг гаргах тодорхой дараалал байхгүй. Гэхдээ дараах дүрмийг баримтлахыг Кнапп зөвлөжээ.
- Тохирох арга хэрэгслийг сонго – Хэрэв загвараа дэлгэцээр харуулах бол Keynote эсвэл Powerpoint сонго. Цаасан дээр байгаа бол Word эсвэл Publisher байж болно. Хэрэв үйлчилгээ бол зохиол гарга. Хэрэв обьект бол баримлын шавар, тоосго, 3D хэвлэгч ашиглаж болно.
- Хуваа, эзэл. Багаа таск бүлгүүдэд хуваана. Бүтээгч нар эд ангиудыг бүтээх бол Эвлүүлэгчид нь тэдгээрийг эвлүүлж, нэгтгэнэ. Зохиолчид харин зохиол гаргана. Хөрөнгө цуглуулагчид нь шаардлагатай зүйлсийг цуглуулах бол Ярилцагчид хэмээх чухал үүрэг нь харилцагчид загварыг хэрхэн танилцуулахаа мэдэж байх ёстой.
- Нэгтгэ. Бүх зүйл хоорондоо нэгдэж, нийлсэн байгааг Эвлүүлэгч нар шалгаж, баталгаажуулах ёстой. Жишээлбэл, кинон дээр бугуйн цагтай гладиатор гарах юм бол киноны бүх зүйл нурж унана.
- Турш. Энэ шатанд туршилт хийнэ гэдгийг та ойлгосон байх. Түүхэнд ганц удаа олдох шийдэл ашиглаж буй, ийм шийдэл бодитоор байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэх өнгөн талыг үүсгэх ёстой.
Баасан гараг – Тав дахь өдөр
Сүүлийн боловч маш чухал өдөр буюу танай шийдлийг гадаад орчинд шалгах өдөр.
Баасан гарагт юу болох юу? Баг тус бүрээс нэг хүн Ярилцагч хийнэ. Тэрбээр танай зорилтот зах зээлд хамаарах харилцагч тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийх бөгөөд анхны загварыг ашиглан ямар нэг үүрэг гүйцэтгэхийг нь хүсэж, ингэх явцад өөрсдөд нь ямар бодол төрж байгааг харилцагчаас лавлана. Харин багийн үлдсэн гишүүн энэхүү үйл явцыг лайваар шууд үзэж, харилцагчийн санал хүсэлтийг тэмдэглэж авна.
Эдгээр ярилцлага нь төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Хэрэв харилцагч танай загварын учрыг олохгүй бол таны урам хугарна. Шинэ санааг тэд анхаарахгүй бол та сэтгэлээр унана. Харин тэд загварыг ашиглан хүнд даалгаврыг гүйцэтгэж, таны тайлбарлахыг олон сар хичээж буй зүйлийг ойлгож, эсвэл танай шийдлийг магтах юм бол та баярлана.
Яагаад тав гэж? Таван ярилцлагын дараа амжилт, эсвэл ялагдлын давтамжийг олж харахад амархан байдаг. Таваас олон хүнтэй ярилцлага хийлээ гээд давуу тал бараг үгүй. Түүнээс гадна тус бүр нь нэг цаг үргэлжлэх таван удаагийн ярилцлага болон эдгээр ярилцлагын үр дүнг гагахад нэг өдөр яг хангалттай байдаг.
Ярилцлага дараах таван алхмын дагуу болно. Нөхөрсөг мэндчилгээ. Контексттэй холбоотой асуултууд. Загварыг танилцуулна. Загварыг ашиглан даалгавар гүйцэтгэх. Эцэст нь ярилцлагын товч тоймыг сонсоно.
Контексттэй холбоотой асуултууд нь харилцагчдын хүсэл зориг, шаардлагын талаар илүү ихийг олж мэдэхэд танд туслах юм.
Даалгавар гүйцэтгэх нь харилцагчийг тухайн загвартай холбоотой урьдчилан бичсэн “зохиол”-ыг дагаж мөрдөхөд хүргэнэ. Та мэдэхийг хүсэж буй зүйлийнхээ хариултыг авахын тулд дараах асуултуудыг харилцагчаас асуух хэрэгтэй: Та энэ загварын талаар юу гэж бодож байна вэ? Энэ загвар юу хийх үүрэгтэй гэж бодож байна вэ? Яг одоо таны толгойд ямар бодол орж ирж байна вэ? Та дараа нь юу хийх вэ?
Өдрийн турш та чухал баримт, мэдээллийг цуглуулах ёстой. Зарим нь танд ухаарал төрүүлэх бол зарим нь таныг буруу чиглэлд хөтөлж магадгүй. Харин өдрийн эцэст бүх зүйл хамтдаа цуглаж, нэг зураглал гарч ирнэ. Тэдгээрийг хэрхэн нэгтгэх вэ? Хадгалж авсан бичлэгүүдээ цугтаа үз. Хамтдаа бол илүү сайн дүгнэлт гарна. Хамтдаа ажиллаж буй тархинууд дараа нь юу хийх талаар илүү зөв, мэдээлэлтэй шийдвэр гаргадаг юм.
Дахин давтагдах гол хэв шинжүүдийг ажигла. Гарч ирсэн үр дүнг нь даваа гарагт гаргасан спринт асуулттайгаа уялдуулан авч үз. Харилцагчийн сэтгэгдэл, мэдрэмж чухал учраас тухайн загварыг ашиглахад тэдэнд ямар сэтгэгдэл төрснийг анхаар. Тухайн зүйл үр дүн авчирна, авчрахгүй, эсвэл сайжруулалт хэрэгтэй гэх мэтээр эцэст нь заавал нэг төрлийн дүгнэлт гаргах ёстойг санаарай.