Зохиолч: Альберт-Ласло Барабаши
Томьёо
Амжилтад хүрэхэд юу тусалдгийг мэдэх хүслээр хүмүүс ангаж байдаг. Спорт, бизнес, инновацын талбарт амжилт авчрахад туслах асар их өгөгдлийг олон зуун судлаач судалж үзжээ. Ингээд ихэнх салбарт амжилт авчрах дахин давтагддаг хэв шинжүүдийг тэд олж тогтоосон байна.
Эл номын хураангуйд “Амжилтын хуулиуд” болон хууль тус бүрийг батлах шинжлэх ухааны баримт нотолгоо бий. Шинжлэх ухааны үүднээс амжилтыг “харьяалагддаг хамт олон, бүлэглэлээсээ бидний олж авдаг шагнал” гэж тодорхойлжээ. Тиймээс амжилт нь гадаад хүчин зүйлээс хамаардаг мөн бүлгийн шинж чанартай зүйл байх нь.
Эхний хууль – Гүйцэтгэл амжилтыг дагуулдаг ч гүйцэтгэлийг хэмжих боломжгүй бол сүлжээ нь амжилтыг дагуулдаг
Хэсэг эдийн засагч элит латин сургууль болох Бостон Латинд сурдаг болон эл сургуульд сурдаггүй сурагчдыг харьцуулан судалжээ. Латин сургуулийн төгсөгчид нь Массачусетс мужид SAT оноогоор дөрөвдүгээрт багтаж байсан агаад энэ нь тус сургуульд орвол SAT дээр илүү өндөр оноо авна гэдгийг харуулж байна.
Гэхдээ Бостон Латиныг төгссөн болон төгсөөгүй сурагчдын хооронд ялгаа байхгүй байгааг судлаачид олж тогтоожээ. Шалгалт дээр авч буй оноо ялгаатай байгаа нь сургууль тухайн хүүхдийн сурлагыг сайжруулж буйд биш харин өндөр амжилтад хүрэгчид нь сургуульд юу зааснаас үл хамааран хичээсээр байдагт оршиж байв. Тиймээс нэр хүндтэй сургууль нь таны хүүхдийг заавал сайн сурагч болгох албагүй бөгөөд харин таны хүүхэд сургуулиа алдартай болгож байгаа хэрэг юм.
Ivy League сургуулиудын төгсөгчдийн орлогын медиан хэмжээ нь Ivy League-ийн сургуульд тэнцсэн ч өөр сургуулийг төгссөн бусад оюутантай ижил байгааг харуулсан өөр нэг судалгаа дээрх дүгнэлтийг баталдаг.
Гэхдээ бүх зүйлийг SAT оноо, цалин гэх мэтчилэн гүйцэтгэлээр хэмжиж болохгүй. Хэрэв амжилтыг хэмжих обьектив хэмжүүр байхгүй бол сүлжээ нь амжилтыг дагуулдаг аж. Үүний нотолгоог урлагийн ертөнцөөс олж харж болно. Ямар галерей, музейтэй хамтран ажиллаж буйгаас шалтгаалж уран бүтээлчид нэр хүндтэй болдог. Төлөөлж мөн бүтээлийг нь дэлгэж буй уран бүтээлчдийн ач холбогдлоос хамаарч галерей, музей нь нэр хүндээ өсгөдөг. Тиймээс энэ нь симбиоз маягийн харилцаа мөн.
Амжилт нь ерөнхийдөө үзэл бодлын эргэх тойрог юм. Алдартай уран бүтээлчтэй хамтран ажилласнаар тухайн галерей нэр хүндтэй болно, томоохон галерейд бүтээлээ дэлгэн харуулснаар уран бүтээлчид улам алдар нэртэй болно. Тиймээс та нэгэнт амжилтад хүрсэн бол тэрхүү статусыг аль болох өндөрт хадгалах нь оролцогч бүх талуудын ашиг сонирхолд нийцнэ.
Ихэнх уран бүтээлчдийн амжилтыг эхний таван үзэсгэлэнгийн байр байдлаас таамаглаж болдог. Элит уран бүтээлчид маш нэр хүндтэй галерейд бүтээлээ дэлгэсээр байдаг бол дундаж уран бүтээлчид тэгж чаддаггүй. Карьераа гуравдугаар түвшний галерейгаас эхлүүлж байсан хагас сая уран бүтээлчийн 227 нь л томоохон галерейтэй хамтран ажиллах хэмжээнд хүрснийг тоо харуулдаг. Харин цөөн хэдэн амжилттай уран бүтээлч л тун өргөн сүлжээтэй хамтран ажиллаж, төрөл бүрийн галерейд бүтээлээ дэлгэдэг аж. Тэд цөөн хэдэн байгууллагатай хамтран ажиллахын оронд бусад сонголтыг авч үзэж, олон боломжийн бий болгох давуу талыг ашиглаж чаддаг байна.
Сүлжээ нь хэний ч амжилтыг тодорхойлж болно. Гүйцэтгэлийг боломжоор улам сайжруулах нь зүйтэй.
Хоёрдугаар хууль – гүйцэтгэл хязгаартай бол амжилт хязгааргүй
Хүний сонголтод нөлөөлдөг нуугдмал хүчин зүйлийг Хоёрдугаар хууль тайлбарладаг. Хамгийн сайн дарс эсвэл хамгийн алдартай хийлчийг сонгох үедээ экспертүүд яагаад бүтэлгүйтэх магадлалтайг эл хууль хэлж өгдөг юм. Тайгер Вүүдсийг талбай дээр байхад өрсөлдөгчид нь яагаад харьцангуй муу тоглодог, хамгийн сүүлд ярилцлагад орсон хүн тухайн ажилд ихэнхдээ тэнцдэгийг мөн энэ хууль тайлбарлана.
Хүмүүсийн гүйцэтгэл нь хонх муруйтай адил байдаг. Ферраригаас хурдан ойрын зайн гүйгч гэж хэзээ ч байхгүй. Өрсөлдөгчөөсөө илүү гарах боломжгүй гэдгийг бид мөн хэсэг хугацааны эцэст олж мэддэг.
Гүйцэтгэл нь хэдий амжилтыг дагуулдаг ч шилдэг гүйцэтгэгч нарын хоорондын ялгаа маш бага, бараг хэмжих боломжгүй байдагт асуудал бий. Гүйцэтгэл маань хязгаартай учраас бусдаас ялгарах өчүүхэн бага ч гэсэн арга олвол түүнийг ашиглах нь зөв юм.
Мөн судлаачдын “хойшлуулшгүй байдлын хандлага” гэж нэрлэдэг этгээд үзэгдэл бий. Хожуу гүйцэтгэгчид буюу тархиндаа хойшлуулшгүй байдлын илүү өндөр түвшинтэй хүмүүс бусдаасаа илүү гарч чаддаг. Гүйцэтгэл нь ямагт хязгаартай байдаг нь ихэнх өрсөлдөөнийг бүтэлгүйтэхэд хүргэдэг агаад өөрсдийн салбартаа гүйцэтгэлийн дээд түвшинд хүрсэн хүмүүсээс шилдгийг нь сонгоход шүүгч нарыг хүргэдэг. Харин үүний оронд хамгийн сайн өрсөлдөгч нарыг сонгож, хооронд нь ялгаж салгаж чадахгүй байгаа учир бүгдэд нь шагнал өгье гэж хэлэх нь илүү шударга байж магадгүй.
Сонголт бүр цаанаасаа санамсаргүй, гэнэтийн зүйл агуулж байдгийг ойлгох юм бол амжилт нь ихэнхдээ тооны тоглоом гэдгийг бид илүү сайн ухаарах юм. Өөрийгөө эхэнд эсвэл адагт байгаа эсэхийг бид үргэлж хянаж чадахгүй ч хичээсээр байх юм бол ялах боломжоо нэмэгдүүлж чадна.
Гүйцэтгэл хязгаартай бол амжилт тийм биш. Багахан зэргийн илүү сайн гүйцэтгэл нь ихээхэн хэмжээний амжилтад хүргэж болно. Амжилтад хязгааргүй байдаггүй нь хүчний хуваарилалтын хуульд үндэслэдэг. Эл хуваарилалт нь буурах төгсгөлтэй байдаг учраас цөөн хэдэн голлох үр дүн гарах боломж бий. Дэлхийн хамгийн баян найман хүний эд хөрөнгө нь хамгийн ядуу 50 хувийн нийт баялгаас илүү байдгийн шалтгаан нь хүчний хууль билээ. Энэхүү үзүүлэлт нь нөлөөлөл, олны танил байдал, дэмжигчдийн тоо, шүтэн бишрэх гээд амжилтын бүхий л хэмжүүрийн хувьд үнэн байдаг юм.
Гуравдугаар хууль – Өмнөх амжилт х Фитнесс = Ирээдүйн амжилт
Давуу эрхийн хавсралт гэж нэрлэгддэг айхтар үзэгдэл нь таны гаргасан өргөдөл амжилтад хүрэх эсэхээс өгсүүлээд хүүхдүүдийн уншиж ойлгох чадвар гээд бүхий л амжилтад хамаатай гэдгийг тус хууль харуулдаг.
Kickstarter-т байдаг төслийн 70 орчим хувь нь бүтэлгүйтдэг. Нэгэн эрдэмтэн туршилт явуулж, огт хандив авч чадаагүй 100 төслийг санамсаргүйгээр сонгоод тус бүрд нь 100 доллар хандивлажээ. Огт хандивгүй өөр 100 төслийг харин харьцуулалт болгон ашиглав. Хэдий тэрбээр санамсаргүйгээр сонгосон боловч түүнээс 100 доллар авсан төслүүдийн нэмж хандив авах боломж хоёр дахин нэмэгдсэн аж. Энэ нь амжилт амжилтыг төрүүлдэг буюу давуу эрхийн хавсралт хэмээх үзэгдлийг тодорхой харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл амжилтын өсөн нэмэгдэх цасан бөмбөгний нөлөө.
Энэ нь уншиж бичих чадвартай ч холбоотой. Дунд сургуулийн хамгийн идэвхгүй, тааруу сурагч жилд 100 мянган үг уншдаг бол дундаж хүүхдийн хувьд энэ үзүүлэлт нэг сая орчим үг байдаг. Мэдлэг нь мэдлэгийг төрүүлж, ур чадвар ур чадварыг төрүүлж, туршлага туршлагыг бий болгодог байх нь. Энэ бүхэн аажмаар амжилтад хүргэх нь гарцаагүй юм.
Энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд танай төслийг магтсан хүмүүсийг энэ тухайгаа олон нийтэд хэлэхийг нь хүсэх замаар та анхны түлхэх хүчийг олж авч болно.
Фитнесс бол ижил төрлийн бүтээгдэхүүнээс давж гарах тухайн бүтээгдэхүүний төрөлхийн чадамжийг хэлж байна. Хэрэв уг бүтээгдэхүүн онцгой бөгөөд чанар нь бодитой, олон нийт итгэж байгаа бол амжилтад хүрэх нь гарцаагүй юм.
Дөрөвдүгээр хууль – Багийн амжилтад ялгаатай байдал, тэнцвэр чухал бол багийн амжилтын магтаалыг ганц хүн хүртдэг
Аливаа баг амжилтад хүрэхийн тулд зарим багийн гишүүний ур чадвар давхардаж байх ёстой бөгөөд ингэснээр ялгаатай байдал, хамтын туршлага, дотно харилцааг бий болгодог. Олон талт байдал нь багийн амжилтад нэн чухал юм. Мэдээж багийн гишүүд хамтран ажиллаж байж төсөл үр дүнд хүрэх боловч манлайлагчийн үүрэг хамгийн чухал нь.
Багийн удирдлага гишүүдтэйгээ хэр харилцаатай байх нь тухайн багийн амжилтад ихээхэн нөлөө үзүүлдгийг судалгаанууд харуулсан юм. Аливаа төсөлд нэг удирдагч нь давамгайлах тусам илүү өндөр амжилтад хүрдэг. Ялгаатай байдал нь амжилтад хүрэх хольцийг бий болгодог ч үр дүнд хүргэхэд манлайлагч заавал хэрэгтэй.
Илүү авьяаслаг тоглогчдыг олж авсан мэргэжлийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн баг илүү олон ялалт байгуулдгийг нэг судалгаа харуулжээ. Гэхдээ багт хэт олон сайн тоглогч байвал бүтэлгүйтдэг байна. Хөлбөмбөг, сагсан бөмбөг нь багийн спорт учраас нэг багт хэт олон од тоглогч байх нь хамтын тоглолт, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг аж.
Зөвхөн авьяасыг сонгож, хувийн амжилтыг багийн амжилтаас дээгүүр тавих юм бол хүссэн үр дүндээ тэр бүр хүрч чадахгүй. Багийн ажиллагаанд ийм байдлаар хандах нь харин ч сөрөг үр дүнтэй бөгөөд бусдаасаа давамгай болох гэсэн хүсэлд дарагдсаны улмаас хэн нь ч өмнөх зорилгодоо анхаарч чадахгүйд хүрдэг.
Манлайлагчид багийн амжилтад нэн чухал үүрэгтэй. Гэхдээ хэт олон манлайлагч, дарга нар хор хөнөөлтэй. Шилдэг багийн гишүүд нь нэг нэгнээ сонсдог, харилцан ярилцаж чаддаг юм. Хоорондоо ярилцаж, бие биенээ сонсож, ялгаатай үзэл бодол төрж гарах боломжийг олгодог багийн гишүүдээс л хамтын оюун ухаан гардаг.
Багийн амжилтын үнэлгээ нь гүйцэтгэл дээр бус харин үнэлэмж дээр тулгуурладаг юм. Амжилт бол багийн, хамтын үзэгдэл мөн. Гэхдээ хэн нэгнийг магтах нь баян нь улам баян болдог гэсэн үзэгдэлтэй холбоотой өрнөдөг юм. Давуу эрхийн хавсралт ч мөн магтахтай холбоотой байдаг.
Шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй болохын тулд эхлээд алдар нэртэй хүнтэй хамт ажиллах нь хамгийн зөв арга юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт та өөрийн гэсэн алдар нэрийг олох, тэр хүний сүүдрээс гарах ёстой болно. Үгүй бол таны бүтээл үргэлж өөр хэн нэгэнд дарагдаж таарна.
Эмэгтэйчүүдийн хувьд байдал бүр ч хүнд гэдгийг статистик харуулдаг. Эмэгтэй хүн зөвхөн эрчүүдтэй хамтран бүтээл туурвисан тохиолдолд 50 хүрэхгүй хувь нь зохих ёсны зохиогчийн эрхийн хүндлэл хүртэж байсан ажээ. Эрчүүд харин хамтын ажиллагааны төлөө төлбөр төлдөггүй. Эзэмшил талаас нь авч үзвэл эрчүүдтэй хамтран ажиллаж буй эмэгтэй эдийн засагч таны бүтээл огт хэвлэгдэхгүй байж ч мэднэ.
Багийн ажиллагааг бүтээл талаас нь авч үзвэл хэн юу хийснийг тодорхой мэдэх арга байхгүй. Тиймээс хамгийн сайн ажилласаар ирсэн хүнд, эсвэл таньдаг хүндээ магтаалыг өгдөг нь заримдаа буруу байх магадлалтай.
Тавдугаар хууль – тууштай байвал амжилт хэдийд ч ирж болно
Тэтгэвэртээ гарсны дараа ч Нобелийн шагнал хүртэхүйц судалгаа хийж болно гэдгийг, яагаад зарим хүн амжилт хэмээх тоглоомоор хэтэрхий сайн тоглодог вэ гэдгийг Тавдугаар хууль тайлбарладаг. Инновацыг тэгшитгэл болгон багасгадаг Чанарын хүчин зүйлтэй (Q-factor) бид тулгарах болно. Амжилт нь цасан ширхэг хайлдаг бол бүтээлч байдалд харин дуусах хугацаа байхгүй гэж Тавдугаар хууль үздэг.
Эрдэмтэд хамгийн агуу нээлтээ карьерын эхэнд хийх хандлагатай байдгийг судалгаа харуулж буй. Бүр тодорхой хэлбэл эрдэмтэд хамгийн нэр нөлөө бүхий бүтээлээ карьерын эхний гурван жилд хэвлүүлэх магадлал 13 хувь байдаг ажээ. Түүнчлэн залуу насанд амжилт ирэх магадлал их гэдгийг өгөгдөл харуулж байна. 2000 гаруй эрдэмтдийг судалж үзэхэд ихэнх нь 39 наснаас өмнө түүхэнд үлдээх амжилтаа гаргасан байв. Энэ тоо уран бүтээлчид, зохиолчдод ч мөн адил үйлчилнэ.
Гэхдээ эрдэмтэд карьерын эхэн үедээ илүү олон бүтээл хэвлүүлдэг бололтой. Эрдэмтний хувьд хамгийн нөлөөтэй бүтээлээ хэвлүүлэх боломж нь өөр ямар ч бүтээлээ хэвлүүлэхтэй ижил байдаг. Эрдэмтдийг насаар нь бус харин давтамжаар нь ангилж үзэхэд бүтээл нь эхний, хоёр дахь эсвэл сүүлийнх байхаас үл хамаарч хамгийн чухал нь болох боломж нэг ижил байдаг ажээ. Тиймээс үүнд нас төдий л хамаагүй юм.
Хэрэв бүтээлч байдалд нас хамаагүй, эрдэмтний бүтээл тус бүр нээлт болох боломжтой юм бол бүтээмж нь нас явах тусам буурдаг болж таарч байна. Эрдэмтэд карьерын эхэн үедээ илүү их хичээдэг учраас илүү их амжилтад хүрдэг байж болно. Хэрэв бид дэлхий дахинд бүтээлээ бэлэглэсээр байвал инновац гаргахад насны хязгаар байхгүй юм.
Амжилтад хүрэх таны боломж настай тийм ч хамаатай биш. Харин нээлт хийхийн төлөө тогтмол хичээх хүсэл эрмэлзлээс илүү хамаарна.
Шинэ төсөл үргэлж санаанаас эхэлдэг. Гэхдээ сайн санаа нь амжилтад хүрэх цорын ганц хүчин зүйл биш. Тэрхүү санааг ямар нэгэн зүйл болгон хувиргах таны ур чадвар мөн дутахгүй ач холбогдолтой. Тэрхүү ур чадварыг Q-factor буюу санааг нээлт болгон хувиргах чадвар гэж нэрлэдэг юм.
Тиймээс амжилтыг аливаа санааны үнэ цэнийг үржүүлэх нь таны ур чадвар гэж хэмжиж болно. Гайхалтай нь эрдэмтдийн Q-factor карьерынх нь турш нэг түвшинд байдаг аж. Энэ нь твиттер хэрэглэгчдийн хувьд ч үнэн байдаг. Тэдний зарим нь дагагч нартайгаа холбогдохдоо илүү авьяаслаг байдаг боловч системтэй өсөлт эсвэл бууралт ажиглагддагүй юм.
Q-factor нь цаг хугацааны туршид нэмэгддэггүй учир хэрэв та өндөр амжилтад хүрэхгүй байгаа бол буруу мэргэжлээрээ ажиллаж байж мэднэ. Хэрэв таны Q-factor таны ажилтай холбогдохгүй бол буруу карьераар явж байгаа эсэхээ дахин нэг бодож үзэх ёстой болно.
Харин та төгс зохицох ажлыг олсон бол ганц л зүйлийг хийх ёстой: тууштай байх. Боломжид бүү найд. Хичээсээр байвал тамжилтад хүрэх боломж ихээр нэмэгдэнэ. Амжилттай хүмүүс төслөөс төсөлд ээлжлэн ажиллаж байдаг. Хамтын ажиллага нь таны Q-г улам нэмэгдүүлнэ. Багийн ажиллагаа нь хүмүүст урам зориг өгдөг агаад амжилт бол хамтдаа бий болгодог онцгой зүйл билээ.