Зохиолч: Дэвид Гоггинс
Намайг бөхөөж чадахгүй
Та ямар орчинд төрсөн, хувь тавилан танд ямар өгөгдөл өгснөөс үл хамаарч танд агуу болох боломж бий. Өөрийгөө хянах, бодит байдалтай нүүр тулж чаддаг байх, хариуцлагтай байх, өвдөлтийг давж гарах, айдаг зүйлдээ дуртай болох, бүтэлгүйтлээс сэтгэл ханамж авах, хүч чадалдаа тултал амьдрах, өөрийгөө хэн болохыг олж мэдэхэд туслах баталгаатай арга замын талаарх туршлагаасаа Давид Гоггинс энэ номд хуваалцжээ.
Тэрбээр Нью-йоркийн Баффалод тухтай, хотын төвийн хороололд өсжээ. Өнгөн талдаа тэрбээр Америк мөрөөдлөөр амьдарч байсан ч бодит байдал дээр хар дарсан зүүд мэт амьдрал байв. Түүний аав Труннис Гоггинс Баффалогийн анхны дугуйт тэшүүрийн талбайг байгуулсан агаад Давид орой бүр тэнд очиж, тэшүүр түрээслүүлэх, лангуун дээр худалдагч хийх зэрэг ажил хийдэг байлаа. Тэшүүрийн талбай 22 цагт хаагдахад тэрбээр ах, ээжтэйгээ хамт талбайг цэвэрлээд оффисийн буйдан дээр хэдхэн цаг дугхийдэг байсан юм.
Труннис эхнэрээ байнга араар нь тавьж, бие махбодь болон сэтгэл зүйгээр хүчирхийлдэг байсан ч эхнэр нь бие даан амьдрах боломжгүй байсан учир салж чаддаггүй байв. Аав нь Дэвидийг ахтай нь хамт байнга зоддог байлаа. Эцэст нь ээжийг нь оргоход нэгэн хөрш нь тусалснаар өөрийн нэр дээр зээлийн карт гаргуулаад Гоггинсийг орхин одсон аж. Тэрбээр Дэвидийг ахтай нь хамт авч явсан бөгөөд Индианад байдаг эцэг эх дээрээ нүүж очсоноор хамтдаа удаах зургаан сарыг өнгөрүүлсэн байна.
Дэвид хотынхоо католик сургуулийн хоёрдугаар ангид элсэн орсон бөгөөд хичээл хоцрогдол ихтэй учир багш нь түүнд нэмэлт цагаар хичээл заах болов. Улмаар тэд өөрийн гэсэн байртай болжээ. Харин ах Труннис Жуниор нь аавтайгаа амьдрахаар хэдэн сарын дараа Баффало руу буцсан байна.
Сорилт 1: Дэвтэр аваад таныг цаашид хөгжиж, амжилтад хүрэхэд саад болж буй хүчин зүйлсийг бич
Дэвидийг дөрөвдүгээр ангид байхад ээж нь Вилмот хэмээх сайн мужаан эртэй танилцаж, удалгүй сүй тавьсан байна. Тэрбээр Дэвидэд сайн аав болж чадахаар байсан ч Индианаполис руу хамтдаа нүүхээс хэдэн долоо хоногийн өмнө бусдын гарт амиа алджээ. Гэхдээ л ээж нь Дэвидийг аваад нүүхээр шийдсэн аж.
Дэвид дунд сургуульдаа арайхийн сурч байснаас гадна сагсан бөмбөгийн багт оров. Тэрбээр муу хүмүүстэй нөхөрлөж байсан агаад Индианагийн Бразилд ирээд танхайрал, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй нүүр тулав. Нэг өдөр дэвтэр дээр нь хэн нэгэн алахаар занасан бичиг үлдээсэн байсан ч сургуулийн захирал нь түүнд огт тусалсангүй. Машин дээр нь арьс өнгөөр гадуурхсан үгс бичсэн байсан ч захирал нь яаж ч чадаагүй байна.
Гоггинс дунд сургуулиа төгсөөд Агаарын цэргийн хүчинд элсэхээр шийдсэн ч мэдлэг, цаашдын боломжийг нь үнэлдэг цэргийн ASVAB стандарт шалгалтад тэнцсэнгүй. Тэрбээр дунд сургуулиасаа хөөгдөх дөхсөн ч өөртөө зорилго тавьж, хариуцлагатай байхаар шийджээ. Сургууль төгсөх жилээ тэрбээр хичээлдээ, сагсны талбайд ч сайн амжилт гаргав. ASVAB шалгалтад тэрбээр ахин унасан ч гурав дахиа өгөөд тэнцсэн аж.
Сорилт 2: Бүх айдас, мөрөөдөл, зорилгоо цаасан дээр бичээд толин дээр наа
Дэвид Нисэх хүчинд элсэж чадсан ч хүүхэд байхдаа сэлж сураагүй учир усанд сэлэлтийн шалгалтаа маш муу өгч байв. Цэргийн эмч нар түүнийг дасгалаас шалтгаалж гэнэт нас барах эрсдэлд хүргэдэг хэмээн тухайн үед тооцогдож байсан Sickle Cell Trait хэмээх өвчинтэй болохыг илрүүлжээ. Түүнд халагдахыг эмч нар зөвлөснийг Дэвид зөвшөөрчээ. Улмаар Tactical Air Control Party-д дөрвөн жил алба хаасан ч үргэлж ичгэвтэр байдалд ордог байв. Ийм хүнд байдлаас гарахын тулд тэрбээр бэлтгэлийн заал, гал тогоонд хамаг цагаа өнгөрүүлэх болсноор 50 орчим кг жин нэмжээ.
Нэг өдөр тэрбээр тэнгисийн цэргийн далайн хавнуудын сурталчилгааг хараад элсэхээр шийдэж, цэрэг татлагын бараг бүх албатай холбогдсоны эцэст хотынх нь Тэнгисийн цэргийн нөөцийн алба түүнийг авахад бэлэн гэдгээ хэлсэн байна. Гэхдээ үүний тулд Дэвид 48 кг жин хасаж, ASVAB шалгалт дээр багадаа 50 оноо авах ёстой болсон бөгөөд олон сарын бэлтгэл, мэрийлтийн эцэст аль аль шалгалтаа онц өгчээ.
Сорилт 3: Дургүй эсвэл таагүй байдалд оруулдаг бүх зүйлийг бичээд аль нэгийг нь хий.
Basic Underwater Demolition/SEAL (BUD/S) бол зургаан сар үргэлжлэх гурван үе шаттай сургалт юм. Эхний шатанд биеийн бэлтгэл, хоёрдугаар шатанд шумбалтын, гуравдугаар шатанд хуурай газрын тулааны бэлтгэл хийнэ. Бэлтгэлийн гурав дахь долоо хоногийг Тамын гэж нэрлэдэг бөгөөд бие махбодь, сэтгэл зүйн тэвчээрийг дээд зэргээр шаарддаг юм. Энэ бол 130 цаг тасралтгүй үргэлжилдэг төсөөлөхийн аргагүй өвдөлт, ядралт билээ. Хамгийн гол нь Тамын долоо хоног нь хүний оюун бодлыг сорьдог байв.
Чухам энэ үеэр Дэвид Taking Souls хэмээх зарчмыг бий болгосон юм. Энэ бол амьдралын саадыг давахын тулд өөрт буй нөөц эрч хүчийг ашиглаж болно гэсэн санаа билээ. Ухаан, биедээ байгаа нөөцийг гаргаж ир, айдас болон сул талаа (мөн өрсөлдөгчийнхөө) жагсааж бич, сул талаа ялан дийлж, өрсөлдөгчийнхаа сул талыг өөрийн давуу тал болгон ашигла. Сэтгэл зүй болон биеийн зовлон эцэстээ дуусдаг гэдгийг хэзээ ч бүү март.
Сорилт 4: Яг одоогийн адармаатай нөхцөл байдлаа бод. Тэрхүү төсөл дээрээ урьд урьдынхаас илүү шаргуу ажилла
Таны боддогоос ч илүү их саадыг хүн давж гарч чадна гэдгийг харуулах нь Тамын долоо хоногийн зорилго юм. Юуг туулж өнгөрснөө, тэрхүү явдал таны оюун санааг хэрхэн хүчирхэгжүүлснийг санах юм бол та бодлын сөрөг гогцооноос ангижирч, бууж өгөх мэдрэмжээ даван гардаг болох бөгөөд ингэснээр та ямар ч саадыг даван туулж чадна.
Гэхдээ ямар ч хүчирхэг оюун бодол хугархай ясыг бороолуулж чадахгүй учир өвдгөө хүнд гэмтээснийхээ дараа Гоггинс гэртээ харьжээ. Тэрхүү зуныг өвдгөө эдгээхэд зориулсны дараа цэрэгт гурав дахиа элсэхээр шийдсэн бөгөөд тийн явахаас нь өмнө хуучин эхнэр нь жирэмсэн болсон байна.
Тэрбээр бэлтгэлд гурав дахиа хамрагдаж, өөрийнхөө төлөө, ирээдүйн гэр бүлийнхээ төлөө заавал давж гарахаар чармайв. Шилбэ нь гэмтэж, өвдөг нь бүрэн эдгээгүй байсан ч тэрбээр хичээсээр эцэст нь төгсөж чаджээ.
Сорилт 5: Урдаа буй аль нэг саадыг сонгоод түүнийг даван гарч байна гэж төсөөл
Red Wings ажиллагаа бүтэлгүйтсэний дараа амь үрэгдсэн цэрэг эрсийн ар гэрийнхэнд туслах зорилгоор Special Operations Warrior Foundation хэмээх ашгийн бус байгууллагад хандив босгохоор Гоггинс шийджээ. Тэрбээр Badwater 135 хэмээх ультра марафон байдгийг олж мэдээд зохион байгуулагч Крис Костман руу ярьжээ. Ядахдаа нэг удаа 100 милийн уралдаанд оролцвол зөвшөөрье гэж Костман хэлсэн байна. Ингээд гурван өдрийн өмнө мэдэж, нэг ч өдөр бэлтгэл хийгээгүй хэрнээ Гоггинс San Diego One Day уралдаанд оролцжээ.
70 миль гүйснийхээ дараа Гоггинс ухаан алдаж унав. Хувцас нь цусанд будагдаж, гүйлгэж байсан ч гэсэн хэцүү бэрхийг даван амжилтад хүрч байсан өмнөх явдлуудаа бодсоор дахин уралдаж эхэлсэн байна. Тэрбээр уралдаанаа дуусгасан төдийгүй илүү миль гүйгээд амжсан аж. Тэрбээр огт бэлтгэлгүйгээр 101 миль гүйж чадсан, бага ч гэсэн бэлтгэл хийсэн бол бүр сайн гүйх байсан нь гарцаагүй.
Сорилт 6: Амьдралдаа давж үзсэн саадуудын тухай бич, өмнөх ялалтууд таныг урагшлуулах хүч болог
Уралдаанаа дуусгасан тухай Гоггинс хэлсэн ч Костман хүлээж аваагүй тул Hurt 100 хэмээх хоёр дахь 100 милийн уралдаандаа бүртгүүлэв. Бараг 24500 фут хэртэй өгсүүр газар гүйх байсан ч Гоггинс барианд орж чадсан учир Костман хүсэлтийг нь хүлээж авсан байна.
Хүчин чармайлтынхаа 40 орчим хувьд хүрээд ихэнх хүн бууж өгдөг. Гоггинс үүнийг 40 хувийн хууль гэж нэрлэжээ. Бууж өгөхөд хүргэх сорилтууд үргэлж байна. Гэхдээ оюун бодлынхоо хүчийг ойлгох юм бол та тэрхүү нөөц 60 хувийг аажмаар ашиглаж чаддаг болох юм.
Бие нь тааруу байсан ч тэрбээр Badwater уралдаанд оролцохоор шаргуу бэлтгэж байв. Тэрбээр гүйж, ууланд авирч байсан агаад 135 милийг хөлс хүчээ урсган туулсны эцэст тавдугаар байрт оржээ. Уралдааны дараа ахиад ч хийх зүйл байгааг Гоггинс ухаарчээ. Амьдралд барианы зурвас гэж байдаггүй.
Сорилт 7: Бууж өгдөг цэгээсээ цаашил. 40 хувиа давж гар.
Ультра уралдаан нь тэрчигтээ зүрх сэтгэл, шаргуу хөдөлмөр учраас Гоггинс үүнд дурлажээ. Badwater-ийн дараа тэрбээр Хавайн Конад болдог Ультрамэн триатлоны тэмцээнд оролцож 6.2 миль зайг усанд тэлж, 261 милийг гүйж, дабль марафонд гүйсэн байна.
Урд дугуй нь хагарах үед тэрбээр эхний байрын хүнээс хоёр минутаар хоцорч байсан агаад жолоон дээрээ үсэрч эргэн буухдаа баруун мөрөөрөө зам дээр унажээ. Дугуй нь эвдэрснээс бие нь харин гэмтээгүй аж. Түүнд нөөц хаймар дугуй байгаагүй учир илүү бүтэн дугуйгаа авахаар явснаар тэргүүлэгчээс 20 минут хоцорч эхэлжээ. Алдсан цагаа гүйлтийн үеэр нөхөхөөр төлөвлөсөн ч бие нь өөр бодолтой байлаа. Эцэст нь тэрбээр хоёрдугаар байрт оржээ. Эл уралдааны үр дүнд тэрбээр олны танил болж эхэлсэн агаад үүнтэй холбоотойгоор Тэнгисийн цэрэгт ч сайн сурталчилгаа болж өгөв. Улмаар 2007 онд цэрэг татлагын комисст орж, Тэнгисийн цэргийн далайн хавуудыг төлөөлж танилцуулга хийх болсон байна.
Нэг өдөр түүнийг хоёр одтой адмирал, Тэнгисийн цэргийн тусгай ажиллагааны улирдлагын дээд албан тушаалтан Адмирал Эд Винтерс дууджээ. Тэрбээр Гоггинсоос илүү олон хар арьстнуудыг Тусгай албанд элсүүлэхэд туслахыг хүссэн бөгөөд энэ дагуу дунд сургууль, их сургуулийн 500 мянган хүнд танилцуулга хийхээр улс даяар аялж эхэлсэн байна. Энэ хугацаандаа тэрбээр ультра уралдаанд оролцсоор байв.
Гэнэт түүний зүрх өвдөж эхэллээ. Түүнийг Atrial Septal Defect буюу зүрхэндээ нүхтэй болохыг эмч нар оношилжээ. Гурван өдрийн дараа тэрбээр мэс засалд орсон ч тус болоогүй учир хоёр дахиа хагалгаанд оров.
Сорилт 8: Нэг долоо хоногийн турш цагийг хэрхэн өнгөрүүлж буйгаа нарийвчлан тэмдэглэж ав. Хоёр дахь долоо хоногт илүү оновчтой цагийн хуваарийг үүсгэ. Гурав дахь долоо хоногт хүчин чармайлтаа дээд зэргээр сайжруулах (нойроо алдахгүйгээр) цагийн хуваарь гарга.
Гоггинс 28 настай байхдаа Малайзад очиж Далайн хавнуудын сорилго бэлтгэл хийлгэх болов. Эхний үнэлгээний дараа тэрбээр армийн бусад салбарыг судалж эхэлсэн агаад тусгай хүчний талаар олж мэджээ. Улмаар Армийн рэйнжерийн сургуульд нэгдүгээр түрүүчээр томилогдов. Эл сургуулийг Гоггинс 2004 онд төгслөө.
Калифорнийн Коронадо дахь рэйнжерийн сургуулийг төгсөөд тэрбээр шууд хоёрдугаар салаа руугаа очив. Тэрбээр цэргүүдээ сайн сургаж байсан ч Захирагч, хариуцсан офицер нь цэргүүдээ амрааж байхыг түүнээс шаардсан байна. Тэрбээр өглөө бүр 4 цагт өөртэй нь хамт бэлтгэл хийдэг Следж хэмээх цэргээс бусдад тавих шаардлагаа бууруулжээ.
Сорилт 9: Ганцаараа онцгойрох хүртэл байнга онцгойрох арга замыг хай. Өмнөө байнга саад бэрхшээл гаргаж тавьж бай. Учир нь эндээс л таныг улам хүчирхэг болгох үрэлтийн хүч гардаг.
Зүрхний өвчнөө эдгээсний дараа Гоггинс Далайн хавны ангидаа эргэж очив. Хонолулу дахь SEAL Delivery Vehicles ангид алба хааж байгаад 2012 онд 24 цагийн дотор хамгийн олон удаа суниасан дээд амжилтыг эвдэхээр сэтгэл шулууджээ. Үүнийгээ сурталчлах, хандив олох зорилгоор The Today Show нэвтрүүлэгт оролцсон байна. Тэрбээр 2500 удаа суниасны эцэст бууж өгсөн, өөрөөр хэлбэл дээд амжилтыг эвдэж чадаагүй. Юуг буруугаар хийснээ тэрбээр үнэлж дүгнэхээр Хонолулуд эргэн ирж, бэлтгэлдээ оржээ.
Хоёр дахиа оролдох үед нь нэг бүлэг булчин хэт удаан хугацаанд хэт их дасгал хийсний улмаас үүсдэг рабдомиолиз хэмээх эмгэг түүнд үүссэн байв. Түүний булчин агшиж, арьс нь хууларч унадаг болов. Тэрбээр дахин бүтэлгүйтсэн ч ахиад оролдож үзэхээр шийджээ. Ингээд тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 20-нд 4030 удаа гар дээрээ суниаж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон юм.
Сорилт 10: Ойрын үеийн, хамгийн зүрх харлуулам бүтэлгүйтлийн тухай бод. Болж өнгөрсөн сайн зүйлсийн тухай бод. Засаж өөрчилж болох зүйлсээ бич.
Түүнийг 38 нас хүрэхэд бие махбодь нь сүйрч эхэлсэн юм. Эмч нар шалтгааныг нь олж чадахгүй байсан ч тэрбээр үхэж байв. Тэрбээр хамгийн сул дорой үедээ гэгээрэлд хүрсэн юм. Доромжлуулж, дээрэлхүүлж, дарамтлуулж байсны улмаас дэлхийг үзэн ядаж, уурсаж байсан бүхэн нь ууршин алга болжээ. Тэр энэ бүхнийг өөрөөсөө явуулав.
Хүзүүнийх нь шөрмөс татсаныг мэдээд тэрбээр гэмтлээ сунгалт хийж эдгээдэг байсан Далайн хав багийн нэгэн цэргийг санажээ. Түүнийг сунгалтын дасгал хийх тусам биеийнх нь байдал сайжрах болов. Гоггинс 2015 онд Тэнгисийн цэргээс ахмад тушаалтайгаар халагдаж, Монтанад гал сөнөөгч болжээ.
Таны хамгийн чухал харилцан яриа бол өөртэйгээ хийх яриа юм. Саад гарч ирэх үед түүнийг “Хэрэв ингэсэн бол яах байсан бэ?” гэсэн ердөө ганцхан энгийн асуултаар сорьж байгаарай.