Зохиолч: Дорис Кернс Гүүдвин

Адармаат цагийн манлайлал

Leadership in Turbulent Times
Манлайлагчид төрөлхийн үү, эсвэл тэднийг бүтээдэг үү? Амбиц хаанаас бий болдог вэ? Цаг хугацаа нь манлайлагчийг бий болгодог уу, манлайлагч нар цаг үеэ тодорхойлдог уу? Манлайлалтай холбоотой зарим чухал асуултад хариулахын тулд энэ номын хураангуйд А.Линкольн, Т.Рузвельт, Ф.Рузвельт, Л.Жонсон нарын амьдралыг өгүүлнэ.

Манлайлагчид төрөлхийн үү, эсвэл тэднийг бүтээдэг үү? Амбиц хаанаас бий болдог вэ? Цаг хугацаа нь манлайлагчийг бий болгодог уу, манлайлагч нар цаг үеэ тодорхойлдог уу? Манлайлалтай холбоотой зарим чухал асуултад хариулахын тулд энэ номын хураангуйд А.Линкольн, Т.Рузвельт, Ф.Рузвельт, Л.Жонсон нарын амьдралыг өгүүлнэ.

Амбиц болон Манлайллыг олж харах

Абрахам: Иллинойс мужийн хууль тогтоох байгууллагын гишүүний төлөөх сонгуульд өрсөлдөхдөө Линкольн дөнгөж 23 настай байсан. Тэрбээр ядуу гэр бүлд төрж, ээж нь 9 настайд нас барж, аав нь удалгүй дахин гэрлэжээ. Тэрбээр суралцах асар их хүсэл тэмүүлэлтэй, сурсан зүйлээ тогтоодог гайхалтай ой тогтоолттой хүн байв. Тэрбээр ааваасаа сайн илтгэгчийн ур чадварыг өвлөж, номлогч болон хотынхоо шүүхийн хүмүүсээс сонссон түүхийг найзууддаа ярьж өгч тэднийг баясгадаг байв. Улмаар 21 насандаа гэрээ орхиж, Нью-Салемд барааны дэлгүүрт ажиллаж эхэлжээ. Тэрбээр эхний сонгуульдаа ялагдсан ч өөртөө итгэлтэй хэвээр байсан агаад хоёр жилийн дараа дахин өрсөлдөөд ялжээ. Линкольн оргүй хоосноос мужийн хууль тогтоох байгууллагын нэр хүндтэй тэргүүн, дэд бүтцийг хөгжүүлэхийн төлөөх тэмцлийн гол хүн, шинэ нийслэлтэй болох хөдөлгөөний тэргүүн, сайн хуульч болтлоо өсөж хөгжсөн юм.

Теодор: Улс төрийн ертөнцөд хөл тавихдаа Рузвельт мөн 23 настай байв. Тэрбээр гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцдэг бие муутай, эмзэг дорой хүүхэд байлаа. Эрүүл мэндийн энэ шалтгааны улмаас Линкольн оюун ухаан болон сэтгэл зүйн хөгжилдөө ихээхэн анхаарах болжээ. Хүүхэд байхаасаа Рузвельт байгалийг ихэд сонирхож, шувуу судлаач болохыг мөрөөддөг байв. Мөн дасгал сургуулилт хийж, биеэ хөгжүүлэхийг хичээх болжээ. Рузвельт Харвардад суралцсанаар маш олон зүйлийг сонирхож, харилцааны ур чадвараа хөгжүүлж эхлэв. Теодорыг коллежод сурч байхад аав нь нас барсан нь залуу Рузвельтэд хүнд цохилт болжээ. Тэрбээр харьцангуй хангалуун амьдралтай өссөн ч өсөж хөгжих асар их амбицтай хүн байлаа. Удалгүй байгаль судлаачийн карьераа орхиж, нийгмийн сайн сайхны төлөө тэмцэхээр улс төрд эргэлтгүй оров. Улс төрч болоод л зүрх сэтгэлийн дуудлагаа олсон гэдгээ ухаарсан байна.

Франклин: Тэрбээр улс төрд хожуу буюу 28 насандаа хөл тавьжээ. Франклиний хүүхэд нас боломжийн амьдрал дунд өнгөрсөн учраас тогтвортой, хүмүүжилтэй, халуун дулаан сэтгэлтэй, хүний сэтгэл татсан, ухаалаг нэгэн болж төлөвшив. Айлын ганц хүүхэд байсан учир өөрийгөө дэлхийн төв гэж бодож өссөн ч 14 настайдаа дотуур байртай сургуульд орсноор өөрчлөгдөн буй нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох вэ гэдэгт суралцсан байна. Харвардын нэгдүгээр дамжааны оюутан байхад аав нь зүрхний шигдээсээр нас барснаар гэр бүлээ авч явах үүрэг түүнд иржээ. Оюун байхдаа их сургуулийнхаа сонинд ажиллаж, манлайлагчийн олон ур чадвараа хөгжүүлсэн байна. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч болох зорилго өвөртлөн хуульч болжээ. Энэхүү алсын хараа болон түүнд бүх эрч хүчээ чиглүүлсний үр дүнд тэрбээр зорилгодоо хүрсэн юм.

Линдон: Линдон багаасаа л аавынхаа улс төрийн амбицтай санал нэгддэг, дэмждэг байв. Гэхдээ эцэг эхийнх нь гэрлэлтийг аз жаргалтай гэж хэлж болохооргүй байсан учир гэр орных нь уур амьсгал тийм ч таатай байсангүй. Тиймээс тэрбээр ковбой нарын тухай түүх сонсохоор өвөөгийнхөө гэрт ихэнх цагийг өнгөрүүлж, түүх хүүрнэх ур чадвараа сайжруулжээ. Улмаар Southwest Texas State Teachers College-д орж, тус коллежийн ерөнхийлөгч Сесил Эвансын удирдлагад ажиллах болов. Коллежоос нэг жил чөлөө авахдаа тэрбээр бага сургуулийн захирал болж, өөрт байсан манлайлагчийн бүхий л ур чадвараа бүрэн дүүрэн ашиглаж эхэлжээ. Өглөө ажилдаа хамгийн эрт ирж, орой хамгийн сүүлд явдаг болов. Өөрөөсөө илүү чухал зүйлийг бүтээхийн төлөө ажиллаж буйдаа тэрбээр тун дуртай байжээ. Сайн мэтгэлцэж, олны өмнө сайн ярьж сурахад хүүрнэх чадвар нэн чухал гэдэгт Линдон итгэдэг байв. Тэрбээр тууштай, өөдрөг үзэлтэй, хүсэл тэмүүлэл ихтэй нэгэн байлаа. 1935 онд ерөнхийлөгч Ф.Рузвельт Линдоныг Texas National Youth Administration-ий захирлаар томилжээ. Хоёр жилийн дараа Төлөөлөгчдийн танхимын гишүүний төлөө өрсөлдөж ялав. Тэрбээр ерөнхийлөгч Рузвельтийн “шавь” байсан агаад цаг хугацааны туршид залуу конгрессмэнийг тэрбээр ихэд дэмжих болжээ.

Хүнд цаг үе болон өсөлт

Абрахам: Хүнд хэцүү цаг үед амбицаа хадгалах чадвар нь манлайлагчийн ур чадвараа сайжруулахад нэн чухал гэдгийг манлайлагчдын түүх харуулдаг. 1840 онд А.Линкольн маш гүнзгий депресст орсны улмаас найзууд нь түүнийг амиа хорлож магадгүй гэж эмээхэд хүрч байв. Иллинойс мужийн эдийн засаг гурав дахь жилдээ агшиж, хариуцлагыг нь Линкольн хүлээжээ. Тэрбээр хууль тогтоох байгууллагын ажлаа орхиж, сүйт бүсгүй Мэригээс харилцаагаа таслав. Харин удаах 10 жилд нь хувийн болоод хувьсгалын амьдралаа сэргээн босгож чадсан юм. Тэрбээр өөрийгөө бэлэн болсон гэж үзсэнээр Мэритэй харилцаагаа сэргээж, улстөрд дахин ирэв. Улмаар 1948 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, боолчлолтой холбоотой асуудлаар олон хүний анхааралд өртжээ. Гэвч тэрбээр сонгуульд ялагдсанаар конгресст эргэн ирж, эцэстээ төрийн ажлаас холдон хуулийн шинжлэх ухаанд анхаарч эхэлсэн юм. Kansas-Nebraska Act батлагдсаны дараа тэрбээр дахин дуу хоолойгоо илэрхийлэх болж, шинэ хуулийг цуцлахыг шаардах болов. Боолчлолын эсрэг байр суурь нь түүнийг дахин улс төр лүү хөтөлснөөр 1861 онд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Теодор: Теодорыг 26 настай байхад ээж, эхнэр нь нэг өдөр нас баржээ. Түүний амьдрал ийн сүйрсэн ч тэрбээр хоёр оршуулах ёслолоос хоёр өдрийн дараа ажилдаа орсон нь ажлаа гай зовлонг нь мартуулах нэг арга гэж үзсэнтэй нь холбооотой байлаа. Гэвч уй гашуу нь түүнийг удалгүй дийлснээр өөрийгөө эдгээх, хөгжүүлэх, бичихийн тулд Дакота дахь эдлэн рүүгээ нүүжээ. Хоёр жилийн дараа тэрбээр илүү хүчирхэг, илүү сэргээд эргэн ирэв. Гэртээ буцаж ирээд Нью-йоркийн захирагчийн төлөө өрсөлдсөн ч ялагдав. Ингээд удаах зургаан жилд нь Civil Service Commission-ий гишүүнээр ажиллажээ. 1894 оноос цагдаагийн газрын даргаар ажиллах болж, цагдаа нарыг хянахын тулд заримдаа нэрээ нууцлан тэдний дунд ажилладаг байв. Ийнхүү тэрбээр авлигын эсрэг дайны бэлгэ тэмдэг, манлайлагч нь боллоо. Дараа нь тэнгисийн цэрэг, армид элссэнээр түүний нэр хүнд улам нэмэгдэв. 1898 онд мужийн захирагчийн сонгуульд оролцоод ялжээ. Тэрбээр “Аядуу зөөлөн ярингаа том саваатай яв” гэсэн африк зүйр үгийг удирдлагаа болгодог байлаа. Улмаар дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож, 1901 онд Маккинли алагдсанаар тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болжээ.

Франклин: 1921 онд түүний мэдрэлийн судлууд вируст өртсөнөөр зургаан долоо хоногийн турш хэвтэрт оржээ. Эмч нар түүнийг дахин хэзээ ч алхаж, эсвэл зогсож чадахгүй гэж байсан ч тэрбээр гайхалтай өөдрөг үзлийнхээ хүчээр энэхүү хүнд үеийг амжилттай даван туулж чадсан юм. Удаах хоёр жилийг тэрбээр булчингуудаа хөгжүүлэхэд зарцуулав. Энэ үед түүний олж авсан тэвчээр, хатуужил нь хожмоо ерөнхийлөгчөөр ажиллах үед нь тохиолдож байсан олон асуудлыг давахад нь тусласан билээ. Элеанор Рузвельт, Луис Хоуви, Мисси ЛеХанд нар байгаагүй бол тэрбээр биеийн болоод сэтгэл зүйн хүчээ эргүүлэн олж авч чадахгүй байсан юм. 1928 онд Рузвельтийг Нью-йоркийн захирагчийн төлөө өрсөлдөхийг Ал Смит шаардав. Рузвельт эл сонгуульд ялсан бол Смит харин ерөнхийлөгчийн сонгуульд Херберт Хүүвэрт ялагджээ. Их хямралын үеэр тэрбээр маш шаргуу ажилласан агаад Нью-йоркийн тусламжийн хөтөлбөр нь бусад мужийн хувьд үлгэр дуурайл болсноор захирагч Рузвельт нь Ардчилсан намын голлох хүмүүсийн нэг болов. 1932 онд тэрбээр Хүүвэртэй өрсөлдөж ялснаар ерөнхийлөгч болсон түүхтэй.

Линдон: 1941 онд Линдон Жонсон сенатад сонгогдож чадаагүй нь түүний амбицад цохилт болж, депресст оруулжээ. Урам хугарч, цөхөрсөн тэрбээр төлөөлөгчдийн танхим дахь суудлаа хадгалсан ч 1948 онд сенатад сул суудал гарсан учир дахин нэг удаа үзээд алдахаар шийдсэн байна. Сонгууль тун тэнцүү болсны эцэст Линдон 87 саналын илүүгээр сенатад сонгогджээ. Тун удалгүй тэрбээр зүрхний шигдээс болсноор эмч нар түүнийг олон сарын турш ямар ч ажил хийхгүй байхыг сануулсан байна. Карьер нь төгсгөл боллоо гэж үзсэн тэрбээр дахин хүнд депресст оржээ. Гэвч эмнэлэгт байхад нь түүнд санаа зовсон, харамсал илэрхийлсэн, хүндэлдгээ илэрхийлсэн дөрвөн мянга орчим захидал ирсэн агаад эдгээр захиа түүнд дахин хөл дээрээ босох хүчийг өгчээ. Тэрбээр 1957 онд сенатад дахин сонгогдоод иргэний эрх, тэр дундаа сонгох эрхийг нь хар арьстнуудад өгсөн иргэний эрхийн тухай хуулийг батлуулжээ. Хэдэн жилийн дараа Ж.Ф.Кеннеди ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Линдон Жонсоныг дэд ерөнхийлөгчөөр сонгосон юм. Харин Кеннедиг алуулсны дараа Линдон түүний орыг залгамжилсан билээ.

Манлайлагч болон цаг үе: Тэд хэрхэн манлайлав

Абрахам: Линкольнийг ерөнхийлөгч болсны дараа өмнөдийн долоон муж Нэгдсэн улсаас тусгаарлах шийдвэр гаргаж, Америкийн холбооны улсын Засгийн газрыг байгуулав. Тэрбээр хариуд нь бие даасан, шийдэмгий хүмүүсээр кабинетаа бүрдүүлэв. 1862 онд тэрбээр кабинетын тусгай хуралдааныг зарлаж, Эрх чөлөөний тунхагийн эхний нооргийг танилцуулав. Бүтэлгүй бодлогуудын улмаас чиглэлээ өөрчлөх үе ирснийг мөн нэг хүнд гүйцэтгэх эрх мэдлийг олгохоос өмнө бүхий л боломжуудыг авч үзсэн гэдгээ Линкольн өчсөн байдаг. Эцэст нь түүний энэрэнгүй, даруу зан, тууштай байдал, өөрийгөө таньсан байдал, хувийн сахилга бат, өгөөмөр зангаас шалтгаалж кабинетын гишүүд бүгд ерөнхийлөгчийн талд орсон юм. Тэрбээр багийн гишүүн нэг бүрийн сэтгэл зүйн хэрэгцээг ойлгодог байв. Өнгөрсөн дурсамж, жөтөөрхөл бий болох боломжийг тэр огт олгодоггүй байлаа. Тэрбээр уураа хянаж, бие биенээ хүндлэх, нэр төртэй байх стандартыг тогтоосон юм. Магтаал, доромжлолыг нэг ижил байдлаар хүлээн авч дарамтыг давж гарах, тэнцвэрийг хадгалах, эрч хүчээ сэлбэх аргуудыг заавал олдог байжээ.

Теодор: Хэдий Рузвельт, Маккинли нэг намаас сонгогдсон ч улс төрийн ялгаатай үзэл баримтлалтай байв. Рузвельтийг тангараг өргөсний дараа цоо шинэ манлайлагч төрд гарсан нь, улс оронд тулгараад буй сорилтыг өмнөх ерөнхийлөгчөөс эрс өөрөөр хардаг нь тодорхой болсон юм. Удирдан манлайлах арга нь ч өөр байв. 1902 оны Great Coal Strike-ийг шийдсэн нь хямралыг шийдэх ур чадварыг нь тод томруунаар харуулсан юм. Теодор уг ажил хаялттай холбоотой бүх эрсдэлийг тооцож, баримт, шалтгаан, нөхцөл байдлыг уг сууриар нь ойлгож авсан байна. Тэрбээр ажил хаялтын эхний үед үүнийг огт хайхраагүй агаад өнгөрсөн үеэс жишээ авч, төлөвлөгөөнд нь саад болж байсан элдэв халдлагыг бут ниргэхэд бэлэн байлаа. Теодор хямралыг шийдвэрлэх багийг бүрдүүлж, асуудлын гол шалтгааныг тодорхойлж, зан араншингаа хянаж чадаж байв. Тэрбээр үйл явдлын алхам бүрийг баримтжуулж, олон стратегийг бэлтгэсэн байлаа. Эцэст нь тэрбээр цаашид ч үлгэр жишээ болох түүхийг үлдээсэн юм.

Франклин: Их хямралын сүүлчээр Рузвельт ерөнхийлөгчийн суудалд суусан. Гэвч тэрбээр улс үндэстнээ сэргээхийн төлөө юуг ч хийхэд бэлэн байв. Засгийн газар болон ард түмний хоорондох харилцааг үүрд өөрчилсөн эргэлтийн эхлэл цэг нь түүний засагласан 100 өдөр болсон юм. Эхлээд тэрбээр өмнө болж өнгөрсөн зүйлс болон удахгүй эхлэх гэж буй зүйлийн хооронд нэн даруй зааг тогтоож өгчээ. Реализм болон оптимизмын хоорондох зөв тэнцвэрийг олсноор тэрбээр иргэдийн сэтгэл санаа, ёс суртахуунд итгэл суулгаж чадсан байна. Нэгдмэл зорилго, чиглэлийг хүмүүстээ бий болгож өгөв. Юу болж болзошгүй болон өөрсдөөс нь юуг хүсэж буйгаа тэрбээр иргэддээ тайлбарлаж өгсөн юм. Тэрбээр өөрөө үлгэр жишээ болж, үйлдэл болон өөрчлөлт авчрах багийг бүрдүүлжээ. Мөн эцсийн хугацааг тогтоож, түүндээ хүрэх амлалт өгч байлаа. Хэвлэлтэй харилцах тодорхой журмыг ч гаргав. Системийн чанартай асуудлыг шийдэж, асар их өөрчлөлт авчирсан реформыг эхлүүлэв. Тэрбээр туршилт хийхэд үргэлж бэлэн байсан агаад шинэ асуудлыг хариуцаж шийдэх агентлагуудыг бий болгож байлаа. Мөн өрсөлдөөн, хэлэлцүүлгийг урамшуулан дэмжих болов. Бүтээлч байдлыг мөн дэмжив. Шаардлагатай бол чиглэлээ өөрчлөхөд тэр бэлэн байлаа. Нэгдмэл алсын харааг бий болгох, асуудлыг тодруулах, үйлдэл хийх, хүмүүсийн итгэлийг хүлээхэд нь түүний харилцааны сод авьяас, ур чадвар нэн чухал байсан билээ.  

Линдон: Кеннедийг алуулсны дараа эмх замбараагүй байдал улс даяар бий болов. Эрх мэдлийг нэн яаралтай гартаа авах ёстойг Линдон Жонсон мэдэж байлаа. Жонсон өөрийн давуу талаа ашиглан улсаа манлайлж эхэлсэн юм. Тэрбээр мөрийн хөтөлбөрөө хоёр нэн чухал асуудалд төвлөрүүлжээ: Өмнөд дэх салан тусгаарлах үйл явцыг төгсгөх үүрэгтэй иргэний эрхийн тухай хуулийг батлуулах болон эдийн засгийг сэргээх зорилготой татварын хэмжээг бууруулах. Тэрбээр тулааны хамгийн үр дүнтэй дарааллыг бий болгож чаджээ. Тэрбээр амлалт өгч түүндээ хүрч чаддаг байв. Хүмүүст түүх тун амархан нөлөөлж чадна гэдгийг мэддэг байсан учир уран ярих, илтгэх урлагийг төгс эзэмшжээ. Хэзээ эрсдэл гаргах, хэрхэн стратегийн зорилгоо бусдаар дэмжүүлэх вэ гэдгийг мэддэг байлаа. Тэрбээр өөрийн эгог мартаж, амжилтад хүрэх түлхүүрийг тодорхойлсон билээ. Ирээдүйн талаарх анхаарал татсан зураглалыг гаргаж ирэв. Хэзээ нь хөшигний ард үлдэх, хэзээ нь урагшаа гарч ирэхээ тэрбээр мэддэг байлаа. Өнгөрснийг хүндлэх, ирээдүйн эрчийг бий болгох үүднээс тэрбээр амжилтаа тэмдэглэдэг байв.

0 Shares
Хариу үлдээх