Зохиолч: Мари Кондо

Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

The Life-Changing Magic of Tidying Up
Гэр орноо эмхэлж цэгцэлснээр маш олон материаллаг эд зүйлгүйгээр амьдарч болохыг та ухамсарлана. Ямар нэг зүйл дутуу байгаа ч байдал сайжирна гэдгийг ойлгосон цагт таны амьдрал хамаагүй хялбар болно.

Гэр эсвэл ажлын байраа нэгмөсөн цэвэрлэх ганц л нууц бий нь эхлээд хэрэггүй зүйлсээ хаях юм. Дараа нь орон зайгаа нэг дор бүрэн эмхэлж цэгцэл. Амьдрах орон зайгаа эмх цэгцтэй болгох нь таны амьдралын бүхий л салаа мөчирт нөлөөлөх болно. Гэрийнхээ зохион байгуулалтыг эрс өөрчилснөөр таны амьдрах хэв маяг, үзэл бодолд мөн ижил хэмжээний өөрчлөлтийг авчрах юм. Үүний нөлөө нь амьдралыг өөрчлөхүйц байдаг билээ.

Гэр орноо эмх цэгцтэй болгосон цагт та өөрийн бүх харилцаа, өнгөрсөн үеийг ч эмх цэгцтэй болгоно. КоМари арга бол эмх цэгцийг бий болгож, цэвэрч хүний сэтгэлгээтэй болгох замч билээ.

Би яагаад гэрээ эмх цэгцтэй байлгаж чадахгүй байна вэ?

Хэрэв яаж гэдгийг нь сураагүй бол та гэрээ цэвэрлэж чадахгүй. Сургуульд багш нар хоол хийх, йога хийх, юм оёх гээд олон зүйлийг заадаг ч хэрхэн гэрээ цэвэрлэхийг заадаггүй. Тиймээс гэр цэвэрлэх ухааныг тун цөөн хүн мэддэг юм. Харин одоо энэ номыг уншаад та гэрээ цэвэрлэж сурна.

Гэр орныг цэвэрлэх хамгийн зөв арга бол нэг жижиг газрыг эхлээд цэвэрлэх ёстой гэж ихэнх мэргэжилтэн үздэг. Гэвч бүх зүйлийн хагасыг нь л ангилсан учраас гэр орон ахиад л замбараагүй болдог. Хэрэв өдөр бүр багаар цэвэрлэвэл насан туршдаа цэвэрлэгээ хийсээр таарна. Харин гэрээ нэгмөсөн цэвэрлэвэл та дахин цэвэрлэх зовлонд унахгүй.

Ийм лайфстайлийг өөрчлөхийн тулд та эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Бага багаар бус нэг удаадаа сайн цэвэрлэх юм бол сэтгэлгээгээ ихээхэн өөрчлөх болно. Хэрэв зөв аргыг ашиглаж, богино хугацаанд ундуй сундуй бүхнийг бүрэн, нэгмөсөн үгүй хийхэд төвлөрөх юм бол тэр даруй үр дүн нь гарч, гэр орноо эмх цэгцтэй байлгах болно.

Энэхүү хүчин чармайлтыг хоёр шийдвэрт хувааж болдог: 1) ямарваа зүйлийг хаях эсэх, 2) үлдсэн зүйлийг хаана байрлуулах. Хэрэв энэ хоёр шийдвэрийг гаргаж чадах юм бол та төгс байдалд хүрнэ.

Дарамтад орохоороо хүмүүст гэрээ цэвэрлэх сэдэл төрдөг. Цэвэрлэгээ нь тэдэнд түр зуурын амсхийлт болж өгдөг агаад өрөө нь цэвэрхэн, хог новшгүй бол танд дотоод сэтгэл рүүгээ өнгийхөөс өөр сонголт үгүй болно. Цэвэрлэгээ хийж эхэлсэн мөчөөс амьдралаа шинээр тохируулахаас өөр аргагүй байдалд орно. Гэр орноо эмх цэгцтэй болгох нь танд адармаатай асуудалтай нүүр тулах боломжийг өгнө. Цэвэрлэгээ нь арга хэрэгсэл болохоос бус эцсийн зогсоол биш юм. Хамгийн гол зорилго нь хүссэн лайфстайлаа бий болгох билээ.

Байрлалаар нь цэвэрлэх бол маш том алдаа юм. Үүний оронд ангилан цэвэрлэ. Жишээлбэл, аль нэг өрөөг бус ном, эсвэл хувцсаар нь ангилж цэвэрлэ. Ингэснээр та өөрт байгаа зүйлсийн бодит хэмжээг илүү сайн мэдэх болно.

Цэвэрлэгээнд хандах хамгийн зөв арга бол тусгай арга хэмжээ болгон хувиргах юм. Өдөр бүр битгий цэвэрлэ. Ямар нэг зүйл цэвэрлэж, байранд нь тавих зэрэг  өдөр тутмын цэвэрлэгээ нь таны амьдралын салшгүй нэг хэсэг байсаар байна. Гэр орноо нэгмөсөн эмх цэгцтэй болгохын тулд та зөвхөн цэвэрлэх шаардлагатай зүйлсийг л цэвэрлэх ёстой. Тусгайлан цаг гаргаад, их цэвэрлэгээ хий. Ингэснээр эд зүйлсийг эргүүлж байранд нь тавих, эсвэл шинээр авсан эд зүйлийг хаана байлгах вэ гэдгийг амархан шийддэг болно.   

Эхлээд хогоо хая

Нэг дор ихээр, бүрмөсөн хаях байдлаар цэвэрлэгээг эхлүүл. Хэрэв тэгэхгүй бол хэдэн өдрийн дараа танай гэр дахин эмх цэгцгүй болж, элдэв зүйлсээр дүүрээд дахин цэвэрлэгээ хийхээс өөр аргагүй болно. Хэрэв гэр орноо нэгмөсөн цэвэрлэж авах юм бол огт өөр дэлхийд амьдарч байгаа мэт мэдрэмж танд төрөх агаад энэ нь асар их өөрчлөлтийг мэдрүүлнэ. Улмаар таны тархинд гүнзгий нөлөөлж, хуучны хөглөрсөн, эмх цэгцгүй байдал руу орохгүй байх хүчтэй хүслийг төрүүлдэг. Та заавал хог новшоо хаяхаас эхлэх ёстой. Үгүй бол та энэ тал дээр хэзээ ч тогтвортой ахиц гаргаж чадахгүй.

Эхлэхээсээ өмнө зорилгоо тодорхойл. Цэвэрлэгээ хийх сэдлийг юуны өмнө танд юу төрүүлэв? Энэ талаар нухацтай бодох аваас хог новшгүй, эмх цэгцтэй орчинд амьдрах ямар болох талаар танд маш тодорхой төсөөлөл бий болно. Дараа нь яагаад тийм орчинд амьдрахыг хүсэж буйгаа тодорхойл. Хэрэв энэ асуултын хариултыг олох юм бол та ямар эд хогшилтой гэдгээ мэдэхэд бэлэн болно гэсэн үг.

Хаях бус авч үлдэх зүйлээ сонго. Эд зүйл бүрийг нэг нэгээр нь гартаа бариад “энэ зүйл надад баяр хөөр төрүүлж байна уу?” гэж асуу. Хэрэв тийм бол авч үлд, үгүй бол хая. Таны зүрх сэтгэлтэй ярилцаж чадах зүйлийг л авч үлд. Үлдсэнийг нь хая.

Үргэлж байрлал бус төрлөөр нь бодох хэрэгтэй. Юуг авч үлдэхээ сонгохоос өмнө нэг төрөлд багтах бүх зүйлийг цуглуул. Нэг ижил төрлийн ямар их зүйлтэй вэ гэдгээ хараад та гайхах болов уу. Хэрэв та төрөл тус бүр дээр анхаарч, ангилах юм бол гэрээ цэвэрлэх процесс илүү хурдан явагдана.

Хэрэглэж болох (функционал үнэ цэн), хэрэг болох мэдээлэлтэй (мэдээллийн үнэ цэн), сэтгэл зүйтэй холбоотой (сэтгэл хөллөлийн үнэ цэн) зүйлсийг хаяхдаа хүмүүс асуудалтай тулгардаг. Тэдгээр зүйлсийг олж авах, эсвэл дахин орлуулахад хэцүү бол тэдгээрээс салахад илүү хэцүү болдог. Тиймээс хаях шийдвэрийг хялбархан гаргаж болох эд зүйлсээс эхэл. Хамгийн зөв дараалал бол: хувцас, ном, бичиг цаас, элдэв зүйлс, дурсамжтай холбоотой зүйлс.

Хаях гэж буй зүйлээ гэрийнхэндээ бүү харуул. Хүүхэд нь юу хаяж байгааг харах нь эцэг эхчүүдэд стресс төрүүлж магадгүй. Хог новшоо гэрээсээ хол байлгахад анхаар. “Төгс” гэртэй болох хичээл зүтгэлийг нь гэр бүлийн бусад гишүүн дэмжихгүй байх нь урам хугалам байдаг. Гэрээ цэвэрлэдэггүй гэр бүлийн гишүүдтэй харилцах хамгийн зөв зам бол хог новшоо өөрөө чимээгүйхэн гаргаж хаях юм. Цэвэрлэгээ хийхгүй байгаа нөгөө хүнийг шүүмжлэх хүсэл нь ихэнхдээ та өөрийн орон зайг цэвэр байлгах хариуцлагыг үл хайхарч буйн дохио байдаг.

Хэрэв танд цэвэрлэгээ хэрэггүй бол танай гэр бүлд ч цэвэрлэгээ хэрэгггүй гэсэн үг. Хэрэв та ямар нэг зүйлийг өгөх гэж байгаа бол хэрэг болох хүнд өгөх хэрэгтэй.

Цэвэрлэгээг өөртэйгээ ярилцах, холбогдох нэг арга болгон ашигла. Цэвэрлэгээ нь бясалгалын шинж чанартай байж болдог. Амьдралдаа буй эд зүйлсийг үнэлж цэгнэх чимээгүй орон зайг бий болго. Өглөө эрт эхэл, эд зүйлсээрээ дамжуулан өөртэйгээ харилцан ярилц. Зарим эд зүйлээ хаях нь хэцүү байж болох ч энэ нь нэг талаар өөрт чухал зүйлсийг үнэлж нандигнахад танд туслах болно.

Төрлөөр нь ангилж цэвэрлэх нь ид шид мэт үйлчилнэ

Хувцсаа дараах байдлаар цэвэрлэх нь хамгийн зөв: дээгүүр өмсдөг хувцас, өмд болон юбка, өлгөх ёстой хувцас, оймс, дотуур хувцас, цүнх, аксессуар, тусгай арга хэмжээнд өмсдөг хувцас, гутал.

Хувцаснуудаа бүгдийг нь гэрийнхээ шалан дээр тарааж тавь. Дараа нь танд сэтгэл ханамж өгдөг хувцаснуудаа сонгоод үлдсэнийг нь хая. “Гэрт өмсөх хувцас” гэж хувцаснуудаа бүү үлдээгээрэй.

Хувцсаа далд хийхдээ зөв эвх. Хувцсаа нямбай эвхсэнээр та хадгалалттай холбоотой бараг бүх асуудлаа шийдэх юм. Хамгийн гол нь хувцсаа хөндлөн биш босоогоор нь хадгалах хэргтэй. Энгийн, тэгш дөрвөлжин байдлаар хувцаснуудаа эвхэх нь зүйтэй. Хувцсаа хэлбэрээ хадгалсан байдлаар нь эвхээрэй.

Хувцаснуудаа аль болох эвхэхийг хичээх хэрэгтэй ч цув, пиджак, хүрэм, цамц, палааж зэргийг өлгөнө. Шүүгээндээ ижил хувцаснуудыг нэг дор өлгөх хэрэгтэй. Хүнд хувцсыг шүүгээний зүүн талд, хөнгөнийг нь баруун талд өлгөнө.

Оймс, триконд мөн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Трикогоо бүү ороо, оймсоо бүү бөөрөнхийл. Харин үүний оронд эвх. Улирлын бус хувцаснуудыг далд хадгалах хэрэггүй. Харин улирлаас үл хамаарч бүх хувцсаа жилийн турш хэрэгэх байдлаар нэг дор хадгалаарай.

Дараа нь бүх номоо шалан дээр тавьж байгаад танд таашаал өгдөггүй номуудыг хая. Хэзээ нэг өдөр уншина гэж боддог номоо хүмүүст тарааж өг.

Одоо хэрэглэж байгаа, тодорхой хугацаанд хэрэг болдог, тодорхойгүй хугацаагаар хадгалах ёстой гэсэн гурван ангилалд орохгүй хуучин бүх бичиг цаасаа хая. Ийм гурван ангиллын бичиг баримтыг нэг дор хадгалах хэрэгтэй. Гэрийн энд тэнд хурааж, хадгалж огт болохгүй.

Бусад эд зүйлсийн тухайд гэвэл танд аз жаргал бэлэглэдэг зүйлсийг л авч үлд. Гоо сайхны тестэр, цахилгаан барааны хайрцаг, юунд хэрэглэх нь тодорхойгүй утас, илүү товч зэрэг хэрэггүй зүйлсээс сал. Эд хогшлоо цөөлөөд ирэхээр яг хэдий хэмжээний зүйл хэрэгтэй вэ гэдгийг та ухаарч мэдэх цэг дээр ирнэ. Зөн совингоо дага. “Энэ зүйл баяр хөөр төрүүлж байна уу?” гэж асуухад зүрх чинь юу гэж хэлж байгааг сонс, итгэ.

Амьдралаа гялалзуулахын тулд эд зүйлсээ хадгалах

Эд зүйл бүрд өөрийн гэсэн байрлал оноож өг. Тухайн зүйлийг байлгах газар байхгүй бол танай гэр дахин эмх цэгцгүй болох магадлал их. Эд зүйлсээ зөв сонгож сурах юм бол таны орон зайд төгс тохирох тооны эд зүйлс л үлдэнэ. Хэрэв та илүүдэл эд зүйлсээ хаяхаас өмнө эд зүйл аваад эхэлбэл дахиад л цэвэрлэгээ хийх ёстой болно.

Эмх цэгцтэй өрөөтэй байхын нэг нууц бол хадгалахдаа дээд зэргийн энгийн байдалд тэмүүлэх явдал бөгөөд ингэснээр та нэг хараад л өөрт юу байгаагаа мэддэг болно. Нэг төрлийн бүх эд зүйлсийг нэг газарт хадгалж, агуулах, шүүгээг бүү замбараагүй болго. Хэрэв олуулаа амьдардаг бол эхлээд гэр бүлийн гишүүн бүрд тусдаа хувцас, эд зүйлс агуулах орон зайг гаргаж өг.

Эд зүйлсээ байх ёстой газарт нь эргүүлж тавихгүй байснаар замбараагүй, новширсон байдал үүсдэг. Тиймээс хадгалалт нь эд зүйлсийг далд хийх ажлыг хөнгөвчилсөн байх ёстой. Хэрэв та эмх цэгцтэй өрөөтэй байхыг хүсэж байгаа бол хаана юу байгааг нэг хараад л хэлж чадахаар байдлаар хадгалалах хэрэгтэй. Юуг хаяхгүй үлдээх вэ гэдгээ сонгохдоо зүрхээ сонс. Тухайн зүйлийг хаана хадгалахаа сонгож байгаа бол байшингаасаа асуу.

Эд зүйлээ бүү овоол. Үүний оронд босоогоор нь хадгал. Эд зүйл хадгалах хайрцаг сав авахаасаа өмнө гэрээ эмх цэгцтэй болго. Харин дараа нь яг ямар хайрцаг сав хэрэгтэй байгааг тодорхойл.

Цүнхийг хадгалах хамгийн зөв зүйл бол өөр нэг цүнх юм. Матераил, хэмжээ, хэрэглэх давтамжийнх нь дагуу ижил төрлийн цүнхнүүдийг нэг дор хадгалах хэрэгтэй. Хэт хуучирч муудахаас нь сэргийлж цүнхээ өдөр бүр суллаж бай. Шүүгээнийхээ бүхий л хэсгийг бүрэн ашиглахад анхаар.

Эд зүйлээ гал тогоо болон ванны өрөөний тосгуур, угаалтуурт удаан байлгаж болохгүй. Хэрэглэж дуусах бүрдээ шампунь, саван, пролоноо хуурай болгож, тавиур дээр тавь. Халуун ногоог мөн ил тавцан дээр байрлуулж болохгүй. Гэрээ ариун газар, ариун эрч хүчээр дүүрэн эрч хүчний төв болгож хувирга. Харин шүүгээгээ танд таашаал өгдөг хувийн орон зай болгоорой. Шинэ хувцсыг гэртээ авчрангуут шууд уут, савнаас нь гарга. Эд зүйлсээ үнэлж, хайрла, сайн хамтрагчид бол. Тухайлбал, хувцсаа өлгөхдөө “Өдөржин намайг дулаахан байлгасанд баярлалаа” гэж хэлж бай.

Эмх цэгцийн ид шид нь таны амьдралыг эрс өөрчилнө

Гэрээ эмх цэгцтэй болгох нь амьдралаас чухам юуг хүсэж буйгаа олж мэдэх хамгийн гайхалтай аргын нэг юм. Гэрээ цэвэрлэсний дараа үлдсэн ном, эд зүйлсийг хараад таны жинхэнэ сонирхол, хүсэл тэмүүлэл юу вэ гэдэг нь харагдана.

Хаях нь нэмэхээсээ илүү чухал гэдгийг сана. Гэр орноо цэвэрлэх нь хүний амьдралд эрс өөрчлөлт авчирдаг. Гэрээ цэвэрлэх процессоос танд өгөх хамгийн сайн үр нөлөө бол шийдвэр гаргах чадвартаа улам итгэлтэй болох явдал юм. Учир нь та олон арван эд зүйлсийг ангилж, аль нь танд баяр хөөр өгдөг, өгдөггүйг тодорхойлж чадсан билээ. Шийдвэр гаргах чадвартаа эргэлздэг хүмүүс нь ихэнхдээ өөртөө эргэлзэж байдаг юм.

Аливаа зүйлээс яагаад хагацаж чадахгүй байгааг тунгаан бодох юм бол өнгөрсөнтэй зууралдах, эсвэл ирээдүйгээс айхтай л холбоотой байдаг. Юуг эзэмшихийг, юутай байхыг хүсэж буй нь үнэндээ та ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна вэ гэдэгтэй хамааралтай юм. Өнгөрснөө хаяж чадахгүй мөн ирээдүйгээс айж байгаа нь таны амьдралын бүхий л талбарт хийж буй сонголтод нөлөөлж, аливааг үнэлэх шалгуур болж хувирсан байдаг. Өөрт байгаа зүйлийг ойлгож, тэдгээрийн үүсгэж буй сэтгэл хөдлөлийг мэдрэх юм бол та сөрөг мэдрэмжүүдтэйгээ нүүр тулж, даван гарч чадна.

Гэр орноо эмхэлж цэгцэлснээр маш олон материаллаг эд зүйлгүйгээр амьдарч болохыг та ухамсарлана. Ямар нэг зүйл дутуу байгаа ч байдал сайжирна гэдгийг ойлгосон цагт таны амьдрал хамаагүй хялбар болно. Цэвэрлэгээ нь баяр ёслол бөгөөд танай гэрийг орхиж буй зүйлсэд зориулагдсан үдэлтийн тусгай ажиллагаа билээ. Тэдгээр эд зүйлсэд хүндэтгэлтэй ханд. Танд хамгийн их баяр хөөр, аз жаргал авчирдаг зүйлсэд цагаа зориул. Гэр орноо эмх цэгцтэй болгосны дараа амьдрал шинээр эхэлнэ.

0 Shares
Хариу үлдээх