Зохиолч: Маршалл Голдсмит

Таныг өдий зэрэгт хүргэсэн зүйл дараагийн түвшинд хүргэхгүй

What Got You Here Won't Get You There
Зарим хүн тодорхой чиглэлийг баримтлан амьдардаг. Тэд өөрсдийгөө хэн болох, хаашаа явж буйгаа яв цав мэдэж байдаг. Тэдний дэргэд байхад тайван, аюулгүй мэт санагдана. Гэнэтийн явдал тохиолдлоо ч тэр нь таатай гэнэтийн явдал мэт санагдана. Тэд бол үлгэр дуурайл бологчид, баатрууд юм. Гэхдээ тэднээс огт өөр хүмүүстэй ч бид таарах нь бий.

Зарим хүн тодорхой чиглэлийг баримтлан амьдардаг. Тэд өөрсдийгөө хэн болох, хаашаа явж буйгаа яв цав мэдэж байдаг. Тэдний дэргэд байхад тайван, аюулгүй мэт санагдана. Гэнэтийн явдал тохиолдлоо ч тэр нь таатай гэнэтийн явдал мэт санагдана. Тэд бол үлгэр дуурайл бологчид, баатрууд юм. Гэхдээ тэднээс огт өөр хүмүүстэй ч бид таарах нь бий.

Тэд бүх асуултын хариултыг мэднэ гэж боддог агаад үүнийг нь хүмүүс биеэ тоосон, их зантай гэж дүгнэдэг. Иймэрхүү сул тал нь тэдний хувьд супер байж болох карьерыг нь сүйрүүлдэг гэдгийг тэд ойлгодоггүй. Үүнээс ч харуусалтай нь тэд а) ийм зүйл өөрсдөд нь тохиолдож байгааг, б) үүнийг засаж болно гэдгийгээ ухаардаггүй. Энэ ном бол ажлын байран дахь төөрдөг байшинг оргил хүртэлх шулуун шугам болгон хувиргахад туслах газрын зураг юм.

Амжилтыг татагчид

Дөрвөн гол итгэл үнэмшил нь биднийг амжилтад хүрэхэд тусладаг. Гэхдээ тэдгээр нь биднийг өөрчлөгдөх замд саад болж мэднэ. Энэ бол амжилтын парадокс юм. Биднийг өнөөгийн түвшинд хүргэсэн итгэл үнэмшил нь амжилтад хүрэхэд саад болж байж магадгүй.

Итгэл 1: Би амжилтад хүрсэн

Амжилттай хүмүүс өөрийн ур чадвар, авьяаст итгэдэг. “Би амжилтад хүрсэн, Би амжилтад хүрсэн, Би амжилтад хүрсэн” гэсэн үгийг тэд уриагаа болгож байдаг юм. Амжилттай хүмүүс өөртөө ингэж хэлж дадсан байдаг. Сүүлийн өдрүүдэд туулсан хүнд үе, бусдад учруулсан бүтэлгүйтлээ санахын тулд тэд ингэдэг юм биш. Харин ч эсрэгээр, тэд алдаа бүтэлгүйтлээ мартаад зөвхөн амжилтыг нь сануулсан сайн мэдээг толгойдоо тоглуулахыг хүсэж буй нь энэ юм.

Итгэл 2: Би амжилтад хүрч чадна

“Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлж буй өөр нэг хэлбэр юм. Хүсүүштэй зүйлийг бий болгох ур чадвар өөрт нь бий гэдэгт амжилттай хүмүүс итгэдэг. Тэд үргэлж өөртөө бооцоо тавьдаг агаад амжилттай хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь “Би амжилттай, би ингэж л амьдардаг. Тийм учраас ийм байдлаар амьдарвал би амжилтад хүрэх ёстой” гэж боддог нь юм.

Итгэл 3: Би амжилтад хүрнэ

Энэ бол “Надад амжилтад хүрэх сэдэл бий” гэж хэлж буй өөр нэг хэлбэр юм. Амжилттай хүмүүст гандан бууршгүй өөдрөг үзэл байдаг. Тэд амжилтыг бий болгон чадна гэдэгт итгэдэг төдийгүй бараг өөрсдийнх нь хувь тавилан гэж үздэг юм. Тийм учраас бусад хүний хувьд нууцлаг мэт санагдах боломжуудын хойноос тун урам зоригтой хөөцөлддаг. Ийм хандлагын нэг аюул нь хэрэв анхааралтай байхгүй бол ядаргаанд оруулж, нэн чухал нөөц, анхаарал төвлөрлийг үгүй хийхэд хүргэнэ.

Итгэл 4: Би амжилтад хүрэх замыг сонгож байна

Өөрөө сонгосон учраас л одоо хийж байгаа зүйлээ хийж байна гэдэгт амжилттай хүмүүс итгэдэг. Тэдэнд бие даасан байдал тун хэрэгтэй байдаг юм. Бид хийх зүйлээ өөрсдөө сонгосон бол түүндээ бүхнээ зориулдаг. Харин бид хийх ёстой зүйлээ хийх болвол гомдоллодог. Үүнийг дотоод зөрчил гэж нэрлэдэг юм. Тухайн зүйлийг үнэн гэдэгт бид итгэхээр шийдсэн л бол хэдий нотлох баримтууд бидний буруу гэдгийг харуулсаар байсан ч тухайн зүйлийг үнэн биш гэж бараг л боддоггүй.

Энэ дөрвөн итгэл болон тэдгээрийн хязгаарлагч хүчин зүйл нь энэ номд буй “өдий түвшинд аваачсан зүйл таныг дараагийн түвшинд хүргэхгүй” гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Голдсмит энэ талаар “Миний уулзсан бараг бүх амжилттай хүмүүс маш олон зүйлийг зөв хийсэн учраас амжилтад хүрсэн мөн нийтлэг итгэл үнэмшилд үл тохирох зан авиртай хэдий ч амжилтад хүрсэн байсан” гэж өгүүлжээ.

Питер Дракер энэ талаар “Манлайлагч нарт юу хийхийг заахад зориулж бид их цагийг үрдэг. Харин тэднийг юу хийхээ болих ёстойг заахад зориулж хангалттай цаг гаргахгүй байна. Миний уулзсан манлайлагч нарын талд нь юу хийх ёстойг нь заах шаардлагагүй байдаг. Юуг болих вэ гэдэгт тэд суралцах ёстой” гэжээ.

Болих ёстой дадлууд

Болих ёстой дадлууд гэж Голдсмитийн нэрлэсэн саад бологч дадал зуршлийн тухай одоо өгүүлнэ.

Дадал 1: Хэт их ялах

Өрсөлдөх, хэт өрсөлдөхийн хооронд их ялгаа бий. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй үед ялах, огт хэрэггүй үед ялахын хооронд их ялгаа бий агаад амжилттай хүмүүс энэ заагийг байнга давдаг нь харамсалтай.

Хэт их маргалдаж байна гэдэг нь өөрийн үзэл бодлоор бусдын үзэл бодлыг давж гарахыг хүсэж буйгаас тэр юм. Хэрэв тэд хүмүүсийг доош нь хийж байгаа бол энэ нь бусдыг өөрөөсөө доогуур гэж дотроо бодож буйн илрэл юм. Хүмүүсийг үл хайхарч байгаа бол энэ нь мөн л ялахын төлөөх хүсэлтэй холбоотой. Хэрэв ялах хүсэл нь бидний ялах ДНХ-ийн хувьд нэн чухал ген юм бол хэт их ялах нь бидний амжилтыг хязгаарлах генийн мутац байж болох юм. Нэг жишээ дурдъя:

Та Ү нэртэй зоогийн газарт оройн хоол идэхийг хүсжээ. Харин таны эхнэр/нөхөр Х зоогийн газарт очихыг хүснэ. Алийг нь сонгох талаар та хоёр маргаж эхлэх бөгөөд Ү зоогийн газартай холбоотой муу үнэлгээнүүдийг та харуулна. Гэвч эцэстээ та дургүйхнээр бууж өгч, Ү зоогийн газарт очно. Очтол үнэхээр таагүй зоогийн газар байх бөгөөд ийм нөхцөлд та яах вэ?

А хувилбар: Зоогийн газрыг муулж, эхнэр/нөхрөө ихэмсэгээр буруушаан, хэрэв өөрийнхөөр нь шийдсэн бол ийм таагүй байдалд орохгүй байсан гэж бодно. В хувилбар: Амаа татаад хоолоо иднэ. Энэ удаагийн оройн хоолыг бодлоосоо авч хаяж, оройг аль болох таатай өнгөрүүлэхийг хичээнэ. Аль нь илүү дээр үр дүнд хүргэнэ гэж та бодож байна вэ?

Дадал 2: Хэт их үнэ цэн нэмэх

Та өөрийгөө гүйцэтгэх захирал гэж төсөөл. Би танд нэг бизнес санааны тухай ярихад та тун сайн гэж үнэлнэ. Миний нуруун дээр алгадаж “Сайхан санаа” гэж хэлэхийн оронд та хар аяндаа “Сайхан санаа байна, гэхдээ ингэж үзсэн бол бүр дээр болох байж” (үнэ цэн нэмэх ёстой гэж бодсоноос шалтгаалж) гэж хэлэх байх. Үүнд юу нь буруу байна вэ гэвэл та миний санааны чанарыг магадгүй таван хувиар сайжруулсан байж болох ч уг санааны “эзэн” болсон учраас түүнийг гүйцэтгэх хүсэл тэмүүллийг минь 50 хувиар бууруулчихлаа. Миний санаа одоо таны санаа болж хувирсан учраас таны өрөөнд орж ирсэнтэй харьцуулвал хамаагүй бага урам зоригтойгоор би таны өрөөнөөс гарна.

Компанидаа албан тушаал дээшлэх тусам та өөрөө ялахад бус харин бусад хүмүүсийг ялагч болоход нь туслах хэрэгтэй. Дарга нарын хувьд энэ нь ажилтнуудаа хэрхэн урамшуулж байгаагаа ажиглах явдал юм. Хэрэв та “Сайхан санаа” байна гэж хэлчихээд дараа нь өөрийн санааг нэмэхээр “гэхдээ...” гээд ярих гэвэл түүнийгээ болиорой.

Дадал 3: Яриагаа “Үгүй”, “Гэхдээ”, “Гэвч” гэж эхлүүлэх

Та өгүүлбэрийг “Үгүй”, “Гэхдээ”, “Гэвч” гэж эхлүүлэх юм бол таны ярианы өнгө хэчнээн нөхөрсөг байлаа ч нөгөө хүндээ “Чиний буруу” гэсэн дохиог өгөх болно. “Чиний ярьж байгаа зүйл буруу, харин минийх зөв” гэсэн санааг шуудхан, хоёрдмол утгагүйгээр хэллээ гэсэн үг. Үүний дараачаас ямар ч бүтээлч зүйл гарч ирэхгүй. Тантай ярилцаж буй хүн ийм нөхцөлд өөрийн байр суурийг хамгаалж, тантай сөргөлдөх нь гарцаагүй. Ингээд та хоёрын яриа утгагүй дайн болж хувирна. Хэн хэн нь харилцах бус ялахыг л хүсэж эхэлнэ.

Хэрэв та хүмүүстэй харилцахдаа ийм асуудал гаргадаг бол яриагаа хэр олон удаа “Үгүй”, “Гэхдээ”, “Гэвч” гэж эхлүүлж байгааг маш сайн анзаар. Нөгөө талтай таатай харилцаа үүсгэх зорилготой бол өмнө дурдсан үгийг хэлж байгаа эсэхдээ бүр их анхаар. Жишээлбэл, “Зөв л дөө, гэхдээ...” гэх мэт үгээс зайлсхий. Эсвэл “Тийм, гэвч...” гэдгийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Дадал 4: Хүмүүст өөрийгөө хэр ухаантайг хэлэх

Ялах хүслийн маань нэг хувилбар ийн илэрч байгаа хэрэг. Бид нар хүмүүсийн бахархлыг хүлээх ёстой, нөгөө хүнээсээ дээр биш юм гэхэд ядахнаа ижилхэн ухаан мэдлэгтэй гэдгээ харуулах гээд бусдыг ялах хүсэл бидэнд их төрдөг. Бусад дундаа хамгийн ухаантай нь байхыг хүсдэг. Гэвч энэ нь ихэнхдээ буруугаар эргэдэг юм. Ихэнх хүн ийм занг өөрийн эрхгүй эсвэл далд, хулчгар байдлаар илэрхийлж байдаг. Тухайлбал, харилцан ярилцаж байгаа хүний зөвлөгөөтэй санал нийлж байвал, хүмүүсийг ярьж байхад үл тэвчин толгой дохиж байхдаа, өмнө нь сонссон зүйлээ энэ удаа сонсохгүй гэдгийг биеийн хэлэмж маань хэлж байхад бид өөрсдийгөө нөгөө хүнээсээ ухаантай гэж бодсоор байдаг. Ингэснээр бид өөрийн мэддэг зүйлээр бардамнаж байгаа бус харин нөгөө хүнээ доромжилж байгаа хэрэг юм.

Тэгвэл бусдад өөрийгөө ямар ухаантайг хэлэх хүслээ яаж дарах вэ? Энэ тал дээр гурван шатлал бүхий арга хэрэглэхийг Голдсмит санал болгожээ, 1) “Миний хэлэх гэсэн зүйл үнэ цэнтэй байж чадах уу?” гэж ам нээхээсээ өмнө өөрөөсөө асуух, 2) асуух хэрэггүй гэж дүгнэх, 3) “Баярлалаа. Наад санаагаа оролдоод үз, амжилтад хүрэх нь тодорхой” гэж хэлэх.

Дадал 5: Хангалттай магтаал хэлэхгүй байх

Багийн амжилтад оруулсан ажилтны хувь нэмрийг үнэлж сайшаахгүй байснаар та хүмүүст шударга бус хандаж байгаа төдийгүй амжилтыг дагалдаж ирдэг сэтгэл зүйн баяр хөөрийг үгүй хийж байгаа юм. Та хүмүүсийг амжилтдаа баярлаж хөөрөх, эсвэл баяр талархал хүртэх боломжийг нь хааж байгаа учраас тэдэнд амжилтаа тэмдэглэх боломж гарч ирэхгүй байна. Харин ч тэдэнд мартагдсан, үл тоогдсон, хаягдсан мэдрэмж төрнө. Ингэсний төлөө тэд танд гомдож бухимдана. Хүмүүсийн магтаж сайшаалгах эрхийг хассанаар та тэднийг ажлаа нэр төртэй дуусгах эрхийг нь хасаж байгаа хэрэг юм.

Сайшаах бол ажлын төгсгөл дэх хамгийн чухал зүйл. Хэрэв та бусдыгаа магтаан сайшааж, үнэлэхгүй бол та амжилтаа хямдхан болгон байна гэсэн үг. Та нар амжилт гаргасан ч дараа нь баярлаж, бие биенээ үнэлж чадахгүй байна. Бусдыг сайшаахгүй байх нь хүмүүсийн гаргадаг харилцааны алдаануудаас тухайн хүний тархинд хамгийн удаан хадгалагдаж үлддэг нь билээ. Гэхдээ дараагийн Е дадал үүнээс ч хортой.

Дадал 6: Хүртэх ёсгүй магтаалаа хүртэх

Тантай хамт ажилладаг хүн таны хүртэх ёстой магтаалыг булаасан бол тэр хүн ажлын байран дахь хамгийн их уур хүргэдэг “гэмт хэргийг” өдүүлж, мартахын аргагүй гомдлыг үүсгэжээ. Гайхалтай амжилтыг нь үнэлээгүй хүнийг уучилж болно. Харин гайхалтай амжилтыг нь өөрийн болгон бусдад харагдуулсан хүнийг УУЧЛАХ боломжгүй.

Бизнесийн ертөнцөд хурлын үеэр хэн хамгийн чухал үг хэлснийг, эсвэл адармаатай үед чухал хэрэглэгчтэй хэн гэрээ байгуулсныг тогтоох нь хэцүү байдаг. Хэн магтуулах үйл хийснийг хэлэхэд амаргүй. Тиймээс өөрөө магтаал хүртэх, эсвэл өөр хүнд магтуулах боломж өгөх сонголттой тулахаараа бид амжилттай хүмүүст тулгардаг дээр дурдсан дөрвөн итгэл үнэмшлийн урхинд унаж, амин хувиа боддог. Хүртэх ёстойгоосоо илүү хүндлэл магтаалыг авч, улмаар түүндээ итгэж эхэлдэг. Гэтэл магтаал сайшаал хүртэх ёстой хүмүүс нь таны шударга бус байдалд уурлаж эхэлдэг. Үүнээс сэргийлэх хамгийн зөв арга бол магтаал хүртэхсэн гэсэн донгоо орхих билээ. Эд баялгийг хуваалц. Хайрыг хуваалц. Ингээд л гүйцээ.

Дадал 7: Сонсохгүй байх

Та бусдыг сонсож чаддаггүй бол бусдад маш олон сөрөг дохиог өгч байгаа хэрэг юм. Энэ нь “чи надад хамаагүй”, “Чамайг ойлгохгүй байна”, “Чиний буруу”, “Чи тэнэг”, “Чи миний цагийг үрж байна” гэж хэлж байгаатай адил.

Сонсохгүй байна гэдэг нь чимээгүй, үл харагдах үйлдэл юм. Таныг ингэж байгааг ихэнх хүн анзаардаггүй. Уйдсан, анхаарал сарнисан, завгүй учраас та бусдын ярихыг сонсохгүй байж магадгүй агаад үүнийг нь нөгөө хүн огт мэдэхгүй. Харин таныг туйлын тэвчээргүй зан гаргах үед л яриаг нь огт сонсохгүй байна гэж нөгөө хүн мэддэг. Та яарч, гол зүйлээ хурдан хэл гэж нөгөө хүнээс шаардана. Үүнийг харин хүмүүс яахын аргагүй анзаардаг. Ийм үед тэд яагаад ч таныг сайнаар бодохгүй. Хүн ярьж байхад толгой дотроо эсвэл бодит байдлаар хуруугаа тогшиж байгаа бол ингэхээ болих хэрэгтэй. Хүний яриаг сонсож байхдаа тэвчээргүй байдал гаргаж болохгүй. “Дараагийнх нь” гэж хэлэхээ (бодохоо) болих хэрэгтэй. Ингэх нь бүдүүлэг, дургүй хүргэм төдийгүй тухайн ажилтныг ажлаасаа гаргахад түлхэх болно.

Дадал 8: Хариуцлагаас зайлсхийх

Шүүмжлэл дааж чаддаггүй манлайлагч бол тулаанд дагаад орохоор хүн биш гэдэг нь тодорхой юм. Ийм хүний зан чанар, бие даасан байдал, үнэнч занд бусад нь шууд эргэлзэж эхэлнэ. Тиймээс тэрхүү манлайлагчид үнэнч хандахаа больдог. Хариуцлагаас зайлсхийж, хариуцлагаа өөр хүнд шилжүүлэхийг хүмүүс анзаардаг агаад үүнд тань тэд бухимдаж эхэлнэ. Бусдын хүртэх ёстой магтаалыг булаахын “хар” тал нь хариуцлагаас зайлсхийх гэж ойлгож болно. Бусдын хүртэх ёстой алдар нэр, магтаалыг булаахтай адилаар өөрсдийн алдааны бурууг бусдад зүй бусаар үүрүүлж байгаа нь энэ юм.

Үйлчилгээний бизнесийг хүмүүс зөв зүйл хийж байгаагаар нь бус харин алдаагаа хэрхэн залруулж буйгаар нь илүүтэй үнэлж цэгнэдэг. Ажлын байранд ч мөн адил. Алдаа гаргасныхаа бурууг хүлээх нь амжилтдаа баярлаж буйгаас илүү гүн гүнзгий сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Хэрэв хариуцлагаас зайлсхийх нь таны хувьд сорилт бол та аль хэдийн ийм зүйл хийж байж магадгүй юм. Та бусад хүн анзаарахгүй байгаа гэж өөрийгөө л хуурч байж болох агаад үнэндээ бусад хүн таныг ингэж байгааг нэгэнт мэдсэн байгаа.

Дадал 9: Зорилгоор өвчлөх

Амжилтад хүрэх хүч гэж бидний буруугаар хүлээн зөвшөөрдөг нэг зан чанар бол зорилгоор өвчлөх юм. Зорилгодоо хүрэх хэт донтолтоос болоод бид өөрсдийн зан характерийг мартдаг. Зорилгодоо хүрэхэд маань тусласан хүмүүст бид сайнаар хандаж харин тус болох хүн биш бол тэднийг замаасаа зайлуулдаг. Ийм нөхцөлд бид өөрсдөө ч анзааралгүйгээр өөртөө донтсон хоосон санаархагчид болж, ингэх зуураа найз нөхөд, дэмжигчдээ алддаг юм.

Үүний шийдэл нь энгийн боловч хэрэгжүүлэхэд хялбар биш. Та хойшоо ухраад, гүнзгий амьсгаа авч, томоор харах хэрэгтэй. Таныг донтуулж байгаа нөхцөлийг судла. Та өөрөөсөө “Ямар үед би цаг хугацааны дарамтад орж байна вэ?”, “Ямар үед яарч байна вэ?”, “Чухал гэж үзсэн зүйлээ үнэхээр хийж байна уу?”, “Хүмүүсийн ажил надаас хамаарч байна уу?” гэж асуух хэрэгтэй. Хариулт нь магадгүй “дандаа” байж болох юм. Энэ бол зорилгод донтохын сонгодог жишээнүүд юм. Өдөр бүр, минут хоромд бид зорилготойгоо ноцолдож байдаг. Зорилгууд алга болохгүй. Тиймээс ажлынхаа талаар нухацтай бодож, таны хүсэж буй амьдралтай нийцэж буй эсэхийг  тунгаан бодох хэрэгтэй. “Би юу хийж байна вэ?”, “Яагаад энийг хийж байна вэ?” гэдэг талаар бод. “Би зорилгодоо хүрч байна уу эсвэл жинхэнэ үүргээ мартаад байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай.

Илүү сайн сайхны төлөө өөрчлөгдөх

Эдгээр дадлыг өөрчлөхөд туслах үүднээс Голдсмит хүн хоорондын харилцааг өөрчлөх, улмаар тэдгээр өөрчлөлтийг урт хугацааных болгож чадах долоон алхамтай аргыг үүсгэжээ.

Алхам 1: Санал шүүмж авах

Амжилттай хүмүүс нь хоёр шалтгааны улмаас сөрөг санал шүүмжлэлтэй нүүр тулах дургүй байдаг. Нэгд, тэд биднээс тийм санал шүүмж сонсохыг хүсдэггүй, хоёрт, бид тэдэнд тийм шүүмж хэлэхийг хүсдэггүй. Энэхүү гинжин хэлхээг тасалж, санал шүүмжлэлийн ач тусыг хүртэхийн тулд та дараах амлалтыг өгөх хэрэгтэй гэнэ. Өнгөрснийг би мартаж чадах уу? Тэд нар үнэнийг хэлнэ гэж амлах уу? Увайгүй, шүүмжлэлт, шүүлтгүйгээр тэд бидний саналыг ойлгож чадах уу? Өөрчлөлтийг бий болгохын тулд тэд өөрсдийгөө өөрчлөх ядаж ганц зүйлийг хийх үү?

Алхам 2: Уучлалт гуйх

Танд нэг заавар танилцуулъя: Та “Уучлаарай” гэж хэлнэ. Мөн нэмээд “Цаашид бүр сайжирна” гэж хэл. Үүнийхээ дараа .... та юу ч хэлэхгүй. Бүү тайлбарла, бүү адармаатай болго, бүү дүгнэ. Ямар нэг зүйл нэмж хэлэх л юм бол уучлалынхаа үр дүнг сулруулах болно. Уучлалт гуйхын тухайд цорын ганц зөв арга бол аль болох түргэн уучлалт гуйх юм. Ингэж чадах юм бол та улам хурдан урагшлах болно.

Алхам 3: Зарлах

Уучлалт гуйсныхаа дараа энэ талаараа мэдээл. Улам сайжирна гэдгээ хүмүүст хэлэх нь хангалтгүй агаад чухам аль зан чанараа өөрчлөх гэж буйгаа зарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уучлалт гуйсан бол дараа нь та энэ талаар яг юу хийх гэж байгаа вэ гэдгээ хэл. Өөрчлөгдөнө гэдгээ хүмүүст хэлэх юм бол өөрчлөгдөх боломж тань бүр нэмэгдэнэ. Мөн хичээж байгаа гэдгээ хүмүүст хэлж, үүнийгээ долоо хоног болгон давтах юм бол өөрчлөгдөх магадлал тань улам өснө. Улмаар таны үг хүмүүст хүрч, таныг өөрчлөгдөх боломжтойг бусад тань хүлээн зөвшөөрөх юм.

Алхам 4: Сонсох

Сонсохыг пассив үйлдэл гэж ойлгодог нь олон хүний гаргадаг гол алдаа юм. Сонсохын тулд та юу ч хийх хэрэггүй. Гэвч тийм биш. Сайн сонсогч нар нь үүнийг маш идэвхтэй үйлдэл гэж үздэг агаад биеийнх нь, тэр дундаа тархины бүх булчин ажиллаж байдаг гэж ярьдаг. Хүмүүсээс суралцахын тулд та тэднийг хүндэтгэлтэй сонсох хэрэгтэй. Чихээ дэлгээд сонсох нь хангалтгүй агаад ярианд нь бүрэн анхаарал хандуулж байгаа гэдгээ харуулах ёстой. Мөн сонсох гэдэг нь ярихаасаа өмнө хэцүү асуултад хариулахтай холбоотой байдаг. “Би ийм хариу хэлэх нь зөв үү” гэж бодсоноор та зөвхөн өмнөх яриандаа хандуулахаас гадна а) тухайн хүн таныг юу гэж бодож байгааг, б) тухайн хүн дараа нь юу хийх бол гэдгийг, в) тантай дараа ярихдаа ямархуу зан гаргах бол гэдгийг бодох ёстой болно.

Алхам 5: Талархах

Хүний нэн чухал сэтгэл хөдлөлийн нэг болох талархлыг илэрхийлдэг учраас баярлах талархах нь үр дүнтэй процесс юм. Танд тус хүргэсэн хүн танаас талархал авна гэсэн хүлээлттэй байдаг агаад тэгэхгүй бол таны талаар саараар бодох хандлагатай байдаг. Тусалсных нь хариуд талархал илэрхийлж байгаа бол өөрт нь тусламж хэрэгтэй байсан гэдгийг юун түрүүнд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд энэ нь өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч байгаа нэг арга мөн. Хэрэв тухайн зүйлийг сайжруулах хэрэггүй байсан бол танд нөгөө хүний тусламж хэрэг болохгүй байсан билээ. Ийм тохиолдол нь таныг хуучин дутагдлаа (тэр хүн надаас муу гэх бодол) олж харахад туслах юм.

Алхам 6: Үргэлжлүүлэх

Энэ алхам нь та өсөлтөө хэрхэн хэмжих вэ гэдэгтэй холбогдоно. Үргэлжлүүлэх гэдэг нь өөрчлөгдөхийн тулд би өөрчлөлт хийж байгаа, үүнд маань бусад хүмүүс тусалж байгаа гэдгийг сануулж буй явдал юм. Үргэлжлүүлэх нь бидний хүчин чармайлт хамт ажиллагсдын маань толгойд хэрхэн сууж байгаатай холбоотой юм. Сайжрах гэдэг нь нэг удаагийн өөрчлөлт бус байнга үргэлжлэх процесс гэдгийг өөртөө, бусдад сануулж буйг үргэлжлүүлэх гэдэг. Хамгийн гол нь бид үргэлжлүүлснээр өөрчлөлтөө таслалгүй хийсээр байх болно.

Алхам 7: Ирээдүйд анхаарах

Ирээдүйд анхаарахын тулд та дөрвөн энгийн алхмыг дагаж мөрдөх ёстой: 1. Таны амьдралд мэдэгдэхүйц, эерэг өөрчлөлт авчрах нэг зан характерийг сонгох 2. Таньдаг хүнтэйгээ энэ зорилгынхоо талаар ганцаарчлан уулзаж ярилцах 3. Тэрхүү зан характерийг эергээр өөрчлөхөд туслах хоёр саналыг тухайн хүнээсээ асуух 4. Тухайн хүний саналыг сайтар сонсох. Та тэрхүү санал зөвлөгөөг ямар ч байдлаар шүүж, үнэлж, шүүмжилж болохгүй гэдгийг санаарай.

Ингээд боллоо. Таныг өдий зэрэгт хүргэсэн зүйлс дараагийн түвшинд авчрахгүй учир дээрх дадлуудаа заавал өөрчлөөрэй.

0 Shares
Хариу үлдээх