Зохиолч: Бенжамин Харди
Сэтгэлийн тэнхээ үр дүнгүй
Сэтгэлийн тэнхээ үр дүнгүй. Том, сэтгэл хөдөлгөм зорилго өмнөө тавиад хичээсэн ч түүндээ хүрэхгүй байх ямархуу байдгийг бид бүгд мэднэ. Олонтоо алдсаны эцэст асуудал нь би өөрөө юм гэж дүгнэхэд хүрнэ. Гэхдээ таны буруу биш бол яах вэ?
Сэтгэлийн тэнхээ бол дотоод эсвэл гадаад саадын эсрэг өөрийн хүсэл зоригийг дайчлах хүч билээ. Сэтгэл зүйчдийн судалгаанаас үзвэл сэтгэлийн тэнхээ нь булчин шиг бөгөөд ашиглах тусам багасдаг хязгаарлагдмал эх үүсвэр аж. Тиймээс хүнд хэцүү өдрийн эцэст таны сэтгэлийн тэнхээний булчин суларч, танд өөрийгөө хянах ямар ч чадал үлдэхгүй.
Хэрэв ямар нэг зүйлийг хийхийн тулд сэтгэлийн тэнхээ гаргах ёстой болж байвал түүнд дотоод зөрчил байна гэсэн үг. Тухайн зорилго, ажлыг хийх хүсэл хязгаарлагдмал, хүчтэй биш бөгөөд та өөрийгөө болон мөрөөдлөө түүнд бүрэн зориулахгүй байна. Мөн тухайн зорилготой харшилдаж байгаа таагүй, хэцүү орчноос ч болж байж магадгүй.
Зорилгодоо хүрэхээр эрс шийдвэр гаргахдаа Та:
- Урьдчилан хөрөнгө оруулах
- Нийтэд танилцуулах
- Хугацаа тогтоох
- Санал хүсэлт/хариуцлагын хэд хэдэн төрөл бий болгох
- Тэрхүү зорилгод харшилдах бүх зүйлийг орчноосоо холдуулах, эсвэл өөрчлөх хэрэгтэй юм.
Зөвхөн өөрийн дотоод хүч чадалдаа найдах бус зорилгынхоо төлөө жинхэнээсээ тэмүүлэхийн тулд зорилгынхоо эргэн тойронд хамгаалалтын систем үүсгэх хэрэгтэй.
Жишээлбэл, та эрүүл хооллохыг хүсэж байгаа бол гэртээ байгаа бүх эрүүл бус хоол хүнсийг гарга. Хэрэв улам их урам зоригтой байхыг хүсэж байгаа бол илүү их хариуцлага хүлээж, амжилт болон бүтэлгүйтлийн дэнчинг ихэсгэ.
Дараах гадаад өгөгдлүүдийг өөрчлөх замаар та дэлхийг харах өнцгөө загварчлах боломжтой юм.
- Таны ашигладаг мэдээлэл
- Таны эргэн тойрны хүмүүс
- Таны очдог газрууд
- Таны туршлагууд
Та хүссэн амьдралаа бий болгохын тулд орчин тойрноо ухамсартайгаар бүтээх хэрэгтэй бөгөөд ингэснээр мөн өөрийн бодол, зан авирыг цогцлоох юм.
Бүлэг 1: Орчин таныг бий болгоно
Түүхч Вилл Дюрант дөрвөн арваны турш дэлхийн түүхийг судлаад агуу удирдагчид нь түүхийг бүтээдэггүй гэж дүгнэжээ. Харин хэцүү нөхцөл байдал нь агуу удирдагчдыг төрүүлдэг аж. Зайлшгүй шаардлага нь ухаан эсвэл алсын хараанаас илүүтэйгээр агуу хүнийг бий болгодог гэж тэрбээр дүгнэсэн. Түүнчлэн зайлшгүй шаардлага гарсан үед дундаж хүний ур чадвар хоёр дахин нэмэгдэх боломжтой ажээ.
Хувь хүнийг дээдэлсэн өнөөгийн ертөнцөд орчин нь хувь хүнээс тусдаа гэж үздэг. Гэвч үнэндээ орчин маань бидний хийдэг, боддог бүхнийг бүрдүүлж байдаг юм. Хэрэв та л идэвхтэй өөрчлөхгүй бол таны байгаа орчин таны амьдралд шууд бөгөөд хэмжиж болохоор нөлөөг үзүүлнэ. Ихэнх хүмүүс “жижиг” амьдардгийн учир нь тэдний байгаа орчин нь тэднийг одоогийнхоос илүү байх шаардлагыг үүсгэхгүй байгаагаас шалтгаалдаг.
Зорилготой байх, хандлагаа өөрчлөх зэрэг нь жижиг үйл хэрэгт, тухайлбал олны өмнө үг хэлэх зэрэгт л үр дүнтэй. Учир нь ийм зүйлийг хүн амьдралдаа цөөн удаа хийдэг бөгөөд ингэхдээ ухамсарт анхаарлыг шаардаж байдаг юм.
Орчин бүр нь бичигдмэл болон бичигдээгүй хуультай байдаг агаад таны бодох, үйлдэх, биеэ авч явахад нөлөөлж байдаг. Нэгэн туршилтаар хэсэг нохой бөөсийг шилэн саванд хийжээ. Савыг таглаагүй үед бөөснүүд хялбархан үсрэн гарч байсан агаад савыг тагласны дараа тухайн орчны хууль эрс өөрчлөгдсөн байна. Бөөснүүд тэр даруйдаа өндөр үсрэхээ больжээ. Гурван өдрийн дараа тагийг авахад бөөснүүд бөхийсөн хэвээр, савнаас үсэрч гарахыг огт оролдохгүй байсан аж.
Энэ туршилт танд ч гэсэн хамаатай. Нэг орчинд та хэн байх, та юу хийж чадах нь өөр орчинд та хэн байх, юу хийж чадахаас огт өөр байдаг. Та үргэлж ямар нэг дүрд оршиж байдаг агаад тэрхүү дүр нь ихэнхдээ нэг янзынх байдаг юм. Тухайн орчны хуулиас шалтгаалж та тодорхой байдлаар үйлдэл хийдэг. Харин орчноо өөрчлөх замаар өөрийн зан авир, дүрийг өөрчилж болно. Хэрэв та нэг дүр, нэг авир, нэг хэв маягтаа шигдсэн бол хэчнээн их сэтгэлийн тэнхээ гаргасан ч тухайн дүрийнхээ хязгаарлагдмал орчинд хүлэгдсэн хэвээр байна гэсэн үг.
Харин та баялаг орчинд орох юм бол таны хүсэмжит зан авир уламжлал болж, гаднаас эх ундарга, эрч хүч авна. Харин энгийн орчинд байх юм бол та хийж буй зүйлдээ ухамсартай хандах, улмаар хүссэнээрээ байхын тулд сэтгэлийн тэнхээтэй байхаас өөр аргагүй байдал үүснэ.
Бүлэг 2: Сэтгэлийн тэнхээг хэрхэн ашиглахгүй байх вэ
Оргил мэдрэмж нь хүний сэтгэлийг хөдөлгөдөг агаад чухам ийм мөчүүдэд хамгийн гоё санаа төрж, амьдралаас чухам юу хүсэж буйгаа дэнслэхэд нөлөөлдөг. Ийм мөчүүд ямар үед тохиодог вэ гэвэл зөвхөн өөртэйгээ холбогдсон үед. Амрах болон сэргэх үед оргил мэдрэмж төрдөг гэж үздэг. Амрах, бодох, сурахад зориулсан “амьдралаас зай авах өдрүүд”-ийг өөртөө бий болгоорой.
Амрах, сэргэх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. Оюун ухаан, сэтгэл зүй, бие махбодын хувьд амьдралаас бүрэн тусгаарлагдаж чаддаг хүмүүс л дахин ажиллаж эхлэхдээ тухайн зүйлдээ бүрэн орж чаддаг. Амарсны дараа та илүү эрч хүчтэй, урам зоригтой болно. Тэмдэглэл хөтлөх нь амрах явцын нэг чухал хэсэг мөн. Амьдралаа шударгаар дүгнэ, та хэр хол явсан бэ, цаашид хаашаа явахыг хүсэж байна вэ гэх мэт. Энэ нь таныг “яагаад” оршин буй шалтгаантай холбогдсон хэвээр байхад тусална.
Зорилгодоо хүрэх зөв замаасаа гарахгүйн байхад өдөр тутмын орчин нэн чухал гэдгийг анхаар. Хүсэж буй чиглэлдээ хүрэхээр явж байгаа гэдэгтээ итгэлтэй байхын тулд та хянамгай байж, зам зуураа шаардлагатай өөрчлөлт, засварыг хийж байх ёстой. Ингэх хамгийн шилдэг арга бол өөрийгөө оргил төлөвтөө оруулах өглөөний дадалтай болж, тэрхүү дадлаа өдөр бүр хэрэгжүүлэх явдал юм.
Тухайн өдрийн өнгийг тодорхойлохын тулд өглөө бүр тэмдэглэл хөтөл. Зорилгоо өдөр бүр бичсэнээр тэдгээр зорилгод үзүүлэх итгэл, өгөх хүсэл тэмүүлэл улам нэмэгдэнэ. Нэг чиглэлд 20 алхам хийхэд амжилтад хүрэх боломжтой гэж ярьдаг. Гэтэл ихэнх хүн 20 өөр чиглэлд нэг алхам хийдэг юм.
Тиймээс хэрэггүй зүйлээ цөөлөх нь урагшлах, эрчээ авах хамгийн хурдан зам мөн. Одоогийн орчноо эрс өөрчлөхийн тулд таныг одоогийн байранд чинь уяж байгаа илүүдэл ачаагаа хая. Танд хэрэггүй биет обьектууд, сатаарал болон танд урам зориг өгдөггүй хүмүүс, богино хугацааны ой санамжаасаа сал.
Хэрэв та автомат удирдлага дээрээ ажиллаад гацсан бол дефолт сонголтоо өөрчил, тэгвэл таны зан чанар ч өөрчлөгдөнө. Хүмүүс ихэнхдээ өөрсдөд нь олдсон эхний сонголтыг авдаг. Орчин маань бидний зан авирыг тодорхойлдог агаад ухамсаргүй дадлыг эвдэхийн тулд та орчноо өөрчлөх ёстой.
Ухамсартай үйлд, бүх зүйлийг зорилготой хий. Замаасаа хазайсан тохиолдолд юу хийхээ мэддэг бол та зөв дадлаа өөрчлөхгүй байх магадлал ихтэй. Жишээлбэл, “хэрэв гал тогоонд ороод жигнэмэг идэх хүсэл төрвөл би оронд нь аяга ус ууна” гэх мэт төлөвлөлт хийж болно. Донтолтод хүргэдэг зан авир, дадлыг та өөр зан авираар заавал солих ёстой. Үүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ огт гээж болохгүй.
Бүлэг 3: Орчиндоо өндөр гүйцэтгэл, амжилтыг аутсорсинг оруу
Хэрэв та зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа бол ямар орчин хамгийн сайн үр дүнг авчрах боломжтой вэ гэдгийг тодорхойлох ёстой. Та албадмал хүчин зүйлийг оруулах замаар орчноо илүү сайжруулж болох юм. Жишээлбэл, та хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулмаар байвал гар утсаа машинд үлдээж болно. Ингэснээр та сэтгэлийн тэнхээндээ найдалгүйгээр утас харах гэсэн сонголтыг бүрмөсөн алга хийж байгаа юм.
Мөн зорилгоо тойруулаад хамгаалалтын системийг үүсгэж болно. Жишээлбэл, лаптоп цэнэглэгчээ гэртээ орхивол батерей дуусах хүртэлх цөөн хэдэн цагт ажлаа амжуулахын тулд та илүү шаргуу ажиллах магадлалтай.
Мөн нийгмийн дарамтыг ашиглан зорилгодоо хариуцлагатай ханддаг болох боломжтой. Дахин хэлэхэд сэтгэлийн тэнхээ бус гадаад дарамт танд нөлөөлнө гэсэн үг. Хэрэв бүтэлгүйтлийн үр дагаварыг бодож эхлэх юм бол та хамаагүй шаргуу, бүтээлч ажиллах болно.
Хэрэв та өөрийгөө илүү өндөр дарамттай орчинд аваачих юм бол та илүү сайн ажиллах, амжилтад хүрэх магадлалтай. Өөртөө давчуу, богино хугацаа өгч, бусдад амлалт өгөх юм бол танд ухрах зам үгүй болно. Өөрийн ур чадвараас дээд түвшинд өрсөлд, тэгснээр та өрсөлдөгчөөсөө суралцаж чадна. Олны нүдэн дээр өрсөлдөх юм бол амжилтад хүрэх ёстой гэсэн дарамт илүү их болно.
Тухайн зүйлийг хийх нь сурах бичиг, гарын авлага уншсанаас илүү хүчтэй суралцах арга юм. Контекст төвтэй суралцах аргын явцад гүйцэтгэлийнхээ үр дүнгийн талаар тэр даруй санал шүүмж авдаг учир та илүү сайн, илүү хурдан болж чадна.
Ментор эсвэл коучтай бол. Өөртөө хөрөнгө оруулах нь хамгийн хүчирхэг хөрөнгө оруулалт бөгөөд өгөөж нь асар их юм.
Сурсан зүйлээ автоматаар хийдэг болтлоо хий. Ур чадварыг автоматжуулахын тулд эхлээд тухайн ур чадвартаа суралцах ёстой. Дараа нь сурах явцаа аажмаар илүү хэцүү болго. Эцэст нь автоматаар хийдэг болохын тулд дотоод сатааралтай байхдаа тухайн зүйлийг хийж үз.
Бүтээмжтэй ажиллахын тулд тохирох орчныг бий болго. Хамгийн бүтээлчээрээ ажиллахын тулд 1-4 цаг маш сайн төвлөрөлтэй ажиллах, дараа нь өөр орчинд тархиа амраах шаардлагатай. Есөөс таван цаг хүртэл гэсэн нийгмийн дэг журмын дагуу бус харин өөрийн эрч хүчний түвшний дагуу ажиллаарай. Тархиа идэвхтэй байлгахын тулд орчноо өөрчилж бай. Тархиа өдрийн турш богино хугацаагаар амрааж, хэдэн минут гадаа алхах нь зүйтэй. Хэрэв ажлын орчны сольж, өөрчилж чадах юм бол та илүү эрч хүч, төвлөрөлтэй ажилаж чадна.
Орчин тус бүр өөрийн гэсэн багц хуультай байдаг ч тэдгээр хууль нь үнэмлэхүй буюу өөрчлөгдөшгүй байх албагүй. Уламжлалт дүрэм журмыг давж, тэдгээрийг шинэ, илүү сайн дүрмээр сольж болно. Хэрэв та бусадтай адилхан дүрмээр тоглох юм бол дундаж л үр дүнд хүрнэ. Та өсөж хөгжихийн тулд байгаа орчныхоо дүрмийг өөрчлөх ёстой бөгөөд ингэх хамгийн шилдэг арга бол шинэ харилцаа холбоо тогтоох юм. Ертөнцийг үзэх ялгаатай үзэл бодолтой хүмүүстэй хамтран ажиллах юм бол танд өвөрмөц содон санаа, стратеги төрнө.
Та өнгөрсөн үеэрээ хязгаарлагдах ёсгүй ч өнгөрснийг хүндлэх хэрэгтэй. Өмнөх түүхээ илүү их ойлгох тусам та орчноо улам баяжуулж, амьдралаа удирдаж байна гэсэн мэдрэмж илүү их төрнө.
Амжилтдаа халуурч болохгүй. Би бол амжилтынхаа шалтгаан гэж бүү бод. Харин та бол өөрчлөгдөж буй орчныхоо бүтээгдэхүүн нь гэдгийг санаарай. Байнга даруухан байж, талархах хэрэгтэй.
Сэтгэлийн тэнхээ бол хувь хүний өөрчлөлтийн үр дүнтэй арга барил биш юм. Зорилгыг улам баяжуулдаг орчноос сэтгэлийн тэнхээг аутсорсинг хий, тэгвэл та хөгжиж дэвших болно.