Зохиолч: Майк Байер
Хамгийн шилдэг би
Амьдралынхаа бүхий л талбарыг тодорхойлогч нь та өөрөө юм. Хамгийн шилдэг би байхаас таны бүх зүйл эхэлж, танаар дуусна. Хэрэв та хөдөлмөрлөхөд бэлэн, хийх зүйл их бийг хүлээн зөвшөөрч чадах юм бол та хүссэн шигээ болж чадна. Тус номын хураангуй ингэхэд тань туслах болно.
Хүний ген, хүмүүжил хэн болохыг нь тодорхойлдог. Хүмүүс амьдралынхаа тодорхой цаг үед ирээд суралцах, өөртөө эргэлзэхээ больж, урсгал дагуу хөвдөг. Энэ бол хамгийн шилдэг та биш билээ.
Хамгийн шилдэг би болон мууг бүтээ
Та одоо амьдралынхаа ямар үед буйгаас үл хамаарч амьдралаа өөрчилж чадна. Дэвтэр аваад дараах дасгалыг хийнэ үү.
Онцлог шинжүүдээ бичих: Танд өөрт бодитой санагдах бүхий л сайн шинжүүдээ бичнэ. Бүгд эерэг шинж чанар байх ёстой.
Хамгийн шилдэг би-г үүсгэх: Уг жагсаалтыг ашиглан Хамгийн шилдэг би-г үүсгэ. Ямар хүйсийнх вэ, амьтан уу эсвэл домгийн дүр үү? Өөрийн хамгийн шилдэг би-гийн бүрэн дүрслэлийг гарга. Энэхүү гаргаж буй дүрдээ “амьдралын дасгалжуулагч”-ийн зарим шинж чанарыг нэмж өгөх хэрэгтэй.
Талархал илэрхийл: Талархал илэрхийлэх нь өөрийн Шилдэг би-тэй холбогдох хамгийн зөв аргын нэг юм. Талархдаг 10 зүйлээ бич. Өчүүхэн жижиг гээд зарим зүйлийг орхиж болохгүй.
Шилдэг би-гээс гадна бидэнд Муу би байдаг. Энэ бол сөрөг муу зүйлээр өдөөгддөг шинж чанарууд маань юм. Муу би-гийнхээ шинж чанаруудыг тодорхойлох нь Муу би байх хугацааг багасгахад туслах маш хэрэгтэй дасгал билээ. Анхаарч, хянаж байх ёстой зан чанараа мэддэг бол та өөрийгөө илүү сайн хянаж чадна.
Муу би-гийн шинжүүдээ бичих: Сул тал гэж боддог шинж чанаруудаа бичнэ. Хэзээ хамгийн сүүлд сөрөг үйлдэл гаргасан, тэр үед юу болсныг бич.
Муу би-г үүсгэх: Энэхүү жагсаалтаа хараад өөрийнхөө хэтрүүлсэн хувилбарыг үүсгэ. Өөрийгөө шоолж инээх нь хэвийн зүйл. Тодорхой, бүрэн Муу Би-гийн зураглалыг гаргах юм бол таны зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг нь та хялбархан мэддэг болно. Муу би-г илүү сайн ойлгох тусам түүнийг удирдахад хялбар байна.
Өөрчлөлтийн таван итгэл үнэмшил
Туулах ёстой процесстоо оюун санаагаа бэлтгэхэд туслах өөрчлөлтийн таван итгэл үнэмшил гэж бий. Өөрчлөлтийн зөв сэтгэхүйтэй болохын тулд та бүхий л зүйлд сониуч, шударга, нээлттэй, бэлэн, төвлөрөлтэй байдлаар хандах ёстой.
Жинхэнээсээ “амьд” байгаа мэт мэдрэмж танд хэзээ хамгийн сүүлд төрсөн бэ? Таны батерейг юу цэнэглэдэг вэ? Амьдралаа ажиглаад таны хийж, бүтээж байгаа зүйлс таны жинхэнэ би-тэй тохирч байгаа эсэхийг дэнсэл. Хэрэв тохирч байгаа бол сайн байна, харин үгүй бол, зүгээр ээ, та тохируулж чадна.
Ямар ч аялалд саад бэрхшээл бий. Амжилтдаа саад болох зүйлийг анхаарч бай. Амьдралдаа өөрчлөлт хийхэд саад болж байсан ямар айдсууд надад байв гэж өөрөөсөө асуу. Бусад хүмүүс ч ийм айдсыг давж чадсан учир та ч мөн чадна. Жагсаалтаа хараад ямар нэг зүйл давтагдаж байгаа эсэхийг хар. Одоо харин айдсаа шалгаж, дараах гурван асуултыг асуу:
1. Үнэхээр бодитой айдас мөн үү?
2. Миний ашиг сонирхолд нийцэж байна уу?
3. Зөв зорилгын төлөөх өсөлтийг бий болгож байна уу?
Ингэснээр та жинхэнэ айдсаа олж, улмаар уг айдсыг цаашид бодит болж хувирхаас сэргийлэх төлөвлөгөөг гаргаж чадах юм.
Зан үйл үүсгэх нь айдсыг давж, өөртөө итгэлтэй байхад туслах хүчирхэг арга хэрэгсэл юм. Эерэг бодолтой бай. Өдрийг зөв хөл дээрээс эхлүүлэх өглөөний дадлыг үүсгэ. Талархдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Танд эрч хүч өгч, таны сүнстэй холбодог уриа үгийг бод. Түүнийг өөртөө хэлэх дадлыг үүсгэ.
SPHERES
SPHERES бол давуу болон сул талаа тодорхойлоход нь тухайн хүнд туслахын тулд амьдралын бүхий л чиглэлийг нь авч үздэг товчлол юм.
Нийгмийн амьдрал
Нийгэмшихийн олон давуу тал бий. Нийгмийн харилцаа нь аз жаргалын мэдрэмж төрүүлж, депрессийг дарж, сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг. Нийгмийн эерэг харилцаатай болох зарим зөвлөмжийг өгье.
- Aливаа хүнтэй ярилцахад өнгө нэмэх шинэ мэдээлэлтэй байх
- Ойр тойрны хүмүүстээ анхаарч, тэдэнд төвлөрөх
- Асуулт тавь. Хүмүүс өөрийнхөө тухай ярих дуртай байдаг
- Сайн сонсогч бай.
- Биеийн хэлэмжээ ил тод байлга. Мөрөө тэгшилж, инээмсэглэхээ бүү март
- Нүд рүү нь эгц харж ярь
- Магтаж сайшаа
Нийгмийн эерэг харилцаанд хувь нэмэр оруулдаг зан болон нийгмийн харилцаанаас хүссэн зүйлээ авахад саад болж буй зангийнхаа тухай бод. Нийгмийн харилцааг 10 онооны түвшинд хүргэхэд хэрэгтэй зүйлсийн талаар бод.
Хувийн амьдрал
Энэ хэсэгт өөртэйгээ хэрхэн харилцах тухай өгүүлнэ. Өөрийгөө асар их хүндэлж, хайрлах хэрэгтэй. Бодитой, эерэг имижтэй байх нь таны амьдралын бүхий л хүрээлэлд эергээр нөлөөлнө.
Биед болж байгаа зүйл болон гадаад үйл явдлаас хамаарч бидний тархи, мэдрэлийн систем өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, таны өөртэйгээ ярилцах арга барил тархины үйл ажиллагааг бодитоор өөрчилж чадна гэсэн үг юм. Таны дотоод яриа эелдэг сайхан, энэрэнгүй, урам өгсөн байх ёстой. Ихэнхдээ бид өөрийнхөө хамгийн харгис шүүмжлэгч нь байдаг. Үүний оронд өөртөө найз мэт ханд.
Өдрийн турш толгойд орж ирж байгаа бодолдоо анхаарал хандуул. Дотор хүнтэйгээ хийдэг яриандаа байнга давтагддаг сэдэв, өнгө аясыг олж тогтоо. Өөртөө хэлж байгаа үгсийг сонсоод тархи тэрхүү яриаг бичиж авдаг. Хэрэв дараагийн удаа сөрөг бодол орж ирвэл толгойдоо түгшүүрийн дохио дуугарч байна гэж төсөөл. Харин оронд нь өөр шинэ, эерэг бодлыг оруулаарай.
Өөрийгөө халамжлах нь өөртөө энэрэнгүй зөөлөн хандана гэсэн үг юм. Стресстэй үедээ гүн амьсгаа ав, өдөрт багадаа 20 минут дасгал хийхийг хичээ. Эрүүл зөв нойрсох дэглэм, хуваарь гарга. Амьд байгаа өдөр бүр болгон бэлэг учраас баярлаж байх хэрэгтэй.
Эрүүл мэнд
Хамгийн шилдэг нь би нь эрүүл мэндээ хадгалж, хамгаалж, дэмжихийн тулд чадах бүхнээ хийхийг танаас хүсдэг. Хэрэв та эрүүл биш бол SPHERES-ийг бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй. Эрүүл амьдралын хэв маягийн хамгийн чухал хэсэг нь ухамсарлах юм. Нүдээ аниад биеэ магт. Дараа нь эрүүл мэндэд нөлөөлдөг үйлдлүүдийн талаар бод. Та тамхи татдаг уу, дасгал хийдэг үү, боловсруулсан хүнс хэрэглэдэг үү? Та төгс эрүүл байх шаардлагагүй, харин одоогийнхоос эрүүл байхыг л хичээ.
Эрүүл хооллолтын талаарх хэт их мэдээлэлд хүмүүс дарагддаг болсон. Үүнийг ойлгох хамгийн хялбар арга бол хоолыг Хамгийн шилдэг би-гийн түлш гэж авч үзэх юм. Биедээ ямар хоол хүнс оруулах нь танаас гарах бүхэнтэй шууд холбоотой. Аль болох бүхэл хоол хүнс ид. Аль болох их исгэсэн хоол хүнс идэж, гэдэсний бичил орчноо дэмж. Дуртай дасгал хөдөлгөөнөө өдөр бүр хий. Бие болон оюунд ашигтай дасгал хөдөлгөөн маш олон бий.
Боловсрол
Сэтгэл хөдөлгөсөн сэдвээ олж чадсан л бол та суралцахад дуртай болно. Та сургуульд дургүй байлаа ч Хамгийн шилдэг би мэдлэгээр өлсөж байдаг. Та хамгийн гол нь юуг хамгийн гүнзгий сонирхож буйгаа олж мэдэх ёстой юм. Сурахыг хүсэж буй зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Тэдгээр зүйлийг сурахад яагаад цаг зарцуулахгүй байна вэ гэж өөрөөсөө асуу. Шалтгаанаа тунгаан бод. Бодитой шалтгаан мөн үү, биш үү?
Суралцахад шамд. Онлайн хичээлд сууж, подкаст сонсож болно. Боловсрол бол Шилдэг би-дээ хүрэх хувьслыг залуурдагч бөгөөд уг хувьслын нэг чухал хэсэг нь өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх юм. Өөрийгөө ухамсарлах нь нэн чухал. Өөртэйгээ байнга ярилцаж бай.
Харилцаа
Таныг хянаж чадах хүн нь зөвхөн та бөгөөд цаг үргэлж Хамгийн шилдэг Би байж чадах юм бол таны харилцаа эрүүл, сэтгэл хангалуун байна. Утга учиртай харилцаатай байхын тулд миний гол үнэт зүйлс юу вэ гэсэн асуултад та эхлээд хариулах ёстой. Үнэт зүйлсээ ойлгож ухаарсан цагт үнэт зүйл нь таныхтай тохирох хүмүүсийг та тодорхойлж, олж чадна. Амьдралын зорилго цаг хугацааны туршид өөрчлөгдөх бөгөөд таны үнэт зүйлс ч мөн өөрчлөгддөг.
Гэр бүлийн харилцаанаас шалтгаалж бид багаасаа хайрыг өгч, авахад суралцдаг. Багадаа эцэг эхийн хайр, халамж, хамгааллыг мэдрээгүй ч гэсэн том болсон хойноо та харилцааны зөв стратегийг хөгжүүлэхэд суралцаж болно. Үүний тулд өөрийн хэрэгцээг тодорхойлж, эрүүл зөв харилцаанд орж, зөв харилцааг бий болгох ёстой.
Ганц бие байх нь буруу гэж хэвлэл мэдээлэл ихэнхдээ бидэнд хэлдэг. Энэ нь үнэндээ буруу ойлголт юм. Дотно харилцааныхаа аль шатанд буйгаас үл хамаарч таны бодох ёстой хамгийн чухал зүйл бол энэ харилцааныхаа хүрээнд би хамгийн шилдгээрээ байж чадаж байна уу гэдэг юм.
Ажил эрхлэлт
Гэрээс гадна ажил дээр хамгийн шилдэг би байх нь мөн чухал. Хэрэв ажил дээрээ тийм байж чадахгүй бол та амьдралынхаа үнэт цагийг дэмий үрж байна. Таны Хамгийн шилдэг би юуг хийх дуртай вэ гэж өөрөөсөө асуу. Ямар төрлийн ажил эрхлэлтийг сонговол өөрийн авьяас ур чадварыг ашиглаж, бүтээлч бөгөөд өгөөжтэй ажиллаж байна гэж бодох вэ?
Ажил гэхээр заавал мөнгөтэй холбоотой эсвэл зүдэргээтэй ажил байх ёсгүй юм. Таны ажил таны амьдралтай нийцэж байх ёстой. Хэрэв та одоогийн ажлын байрандаа сэтгэл хангалуун биш байгаа бол шалтгаан нь ажилд бус танд өөрт байж магадгүй гэж нэг бодож үзээрэй. Мөн таны мөн чанартай зохицохгүй салбарт та ажиллаж байж магадгүй юм.
Карьер бүрд хэцүү өдрүүд тохиолддог боловч өдөр бүр хүнд байх албагүй. Хамгийн шилдэг би-гийн тусгал болсон үнэ цэнтэй, сайхан карьерыг бий болгохыг зорилгоо болго. Үүний тулд багахан өөрчлөлт, эсвэл мэргэжлээ бүрмөсөн өөрчлөх шаардлага гарч мэднэ. Байдлыг өөдрөгөөр харахыг хичээ, тэгвэл таны алсын хараатай нийцэх зүйлс тохиолдож эхэлнэ.
Оюун санааны амьдрал
Таны сүнслэг бие нь бүхий л сайн сайхан, гэрэл гадагш цацардаг газарт оршиж байдаг. Чухам энд таны шулуун шударга зан, үнэт зүйлс бий болж, бусадтай хэрхэн харилцах вэ гэдэг нь тодорхойлогдож байдаг. Хүмүүс оюун санааны амьдралаа үл тоох хандлагатай байдаг ч итгэл үнэмшил таны амьдралыг эрс өөрчилж чадна.
Оюун санааны амьдралтайгаа холбогдох, эсвэл дахин холбогдох зарим аргаас танилцуулъя:
- Оюун санааны амьдралаа тойруулан зорилго бий болго
- Танд утга учиртай санагддаг зүйлийг олж түүгээрээ сэтгэлээ тэжээх
- Өөрийнхөө дотоод нам гүмийг олж, долоо хоногт багадаа нэг удаа иймэрхүү цагийг өөртөө зориул
- Танд ирж байгаа дохиог сайн олж хар, хорвоо ертөнцийн танд өгч буй бэлгийг гараа тосон ав
- Эерэг зүйлийг олж харж, таашаал ав
- Оюун санааны аяллынхаа талаар бусдад өгүүл
- Аяллынхаа туршид хөгжилд
- Бусдад нинжин ханд
Тантай хамт байдаг хүмүүс таны амьдрал болон таны SPHERES-т маш их нөлөө үзүүлдэг. Амьдрал хэр баялаг, хэр гүн байх нь бидний харилцаагаар тодорхойлогддог юм. Та ганцаараа бус олуулаа байхдаа маш ихийг бүтээж чадна. Эргэн тойрны хүмүүсийг хараад танд урам өгдөг, хамгийн шилдэг би байхад тань тусалж, дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
Хүссэндээ хүрэхийн тулд SPHERES ашиглах
Амьдралынхаа SPHERES-ийг гүнзгий судалсан бол алиных нь тэнцвэр алдагдсан, аль нь таныг хамгийн шилдэг би болоход саад болж байгаа талаар илүү гүнзгий ойлголттой болсон болов уу.
Хүссэндээ хүрэх эхний алхам бол юу хүсэж буйгаа ойлгох юм. Тиймээс эхлээд зорилгоо тодорхойл. Дараа нь өсөлтөө мэдэхийн тулд хэмжиж болох байдлаар зорилгоо илэрхийл. Хянаж болох, зорилгод тань хүргэхэд туслах стратегийг гарга. Зорилгодоо хүрэх хугацааг тогтоож, тийн хүрэх явцдаа хариуцлагатай бай.
Зорилгодоо хүрэх нь таны хувьд урагшлах арга барил болох ёстой юм. Хичээ, хамгийн шилдэг би шигээ амьдар. Бид бүгд аялагчид бөгөөд өсөж хөгжихийг хичээх юм бол таны төсөөлөшгүй байдлаар амьдрал танд үүд хаалгаа нээх болно.