Зохиолч: Антони Йаннарино

Танд хэрэгтэй цорын ганц борлуулалтын гарын авлага

The Only Sales Guide You'll Ever Need
Ингээд та дэлхийн хэмжээний борлуулалтын ажилтан болоход шаардлагатай 9 сэтгэлгээ, 8 ур чадвартай товч танилцлаа.

Юун тухай ном бэ

Тогтмол өндөр үр дүнтэй ажилладаг борлуулалтын ажилтан болох хялбар арга гэж үгүй. Гэхдээ түүнд хүрэх зам бий агаад А.Йаннарино чухам тийм замаар таныг аялуулах болно.

Энэ номоос дэлхийн хэмжээний борлуулалтын ажилтан болоход шаардлагатай 9 сэтгэлгээ, 8 ур чадварт та суралцана.

Бүлэг 1: Амжилттай борлуулалт хийхэд хэрэгтэй итгэл, зан чанар

Сахилга бат

Амьдралынхаа туршид таны өгөх хамгийн чухал амлалтуудын зарим нь өөртөө өгөх амлалтууд байдаг. Тэр тусмаа амжилттай борлуулалт хийхэд хэрэгтэй бүх элемент нь тэдгээр амлалтаас хамаардаг байна.

Хувийн сахилга батаа нэмэгдүүлэхийн тулд танд сэтгэлийн тэнхээ (агшин зуурын шагнал үгүй ч хийсээр байх), хатуужил (хүнд үед зоригтой байх), хариуцлага гэсэн гурван зан чанар хэрэгтэй.

Ийм зан чанарыг тордох аргуудыг танилцуулъя:

  1. Сахилга батын жагсаалт гарга: хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөр/долоо хоног/сар бүр хийдэг зүйлс
  2. Хийх дургүй зүйлээ хийх
  3. Амлалтаа бичих
  4. Амлалтаа хүмүүст хэлэх
  5. Сатаарал, олон зүйлийг нэг дор хийх зуршлаа болих

Өөдрөг зан

Борлуулалт бол хэцүү, татгалзсан хариултаар дүүрэн ажил. Өөдрөг зангийн өндөр тунтай байхгүй бол сайн борлуулагч болохоосоо өмнө бууж өгөх магадлалтай.

Бүтэлгүйтэлтэй хэрхэн тэмцэх нь таны ирээдүйг тодорхойлно. Өөдрөг зантай хүн бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрч, хүлээж авч, суралцаж чаддаг.

Бүтэлгүйтэлтэй ийм байдлаар харьцаж сурахын тулд та дараах таван аргаар өөдрөг зангаа улам тордох ёстой:

  1. Талархлын дэвтэр хөтөл: өдөр бүр талархах ёстой гурван зүйлийг бич
  2. Бүтээсэн үнэ цэнээ тэмдэглэж ав: Амжилтынхаа талаар өөртөө сануулснаар өмнө нь амжилт гаргаж байснаа санах, дараагийн амжилт ойрхон байгааг ойлгоход тусална.
  3. Сөрөг бодлуудыг устга: Таныг хойш татаж буй итгэл үнэмшлийг мартахгүй бол ямар хохирол учирч болзошгүй тухай бич
  4. Увайгүй хүмүүс, шүүмжлэл, ядаргаанаас зугт: үүний оронд сайжрах хүсэлтэй, дэмжигч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
  5. Сөрөг зүйлээс зай барь: мэдээ, дам яриануудыг алгас

Халамжлах

Хэрэглэгч нараа асарч халамжлах нь амжилтын салшгүй хэсэг бөгөөд энэ нь 1) тэдний юу хүсэж байгааг ойлгох, 2) тэдний төлөө эерэг үр дүнг бий болгохыг хэлж байгаа юм. Үүний тулд та хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг мэддэг, ойлгодог, тусалдаг байх ёстой.

Ингээд халамж хэмээх үнэгүй зүйлийг өөрийн давуу тал болгон хувиргахад туслах таван аргыг танилцуулъя:

  1. Хүмүүсээс суралц: хэрэглэгчтэй ярилцаж байхдаа хэл ярианы болон биеийн хэлэмжид нь онцгой анхаарал хандуул
  2. Тэдний оронд өөрийгөө тавь: Өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, тэднийг юу мэдэгч байгааг ойлгохыг хичээ
  3. Хэрэглэгчийн ойлголт, үзэл бодлыг сонс, хүлээн зөвшөөр: тухайн үйл явдал, баримтыг хэрэглэгч өөрийнхөөрөө ойлгож хүлээн авч байгаа гэдгийг хүлээн зөвшөөр
  4. Халамжийг үйлдэл болго: та зөвөөр бодохоос гадна зөвөөр үйлдэх ёстой
  5. Жижиг зүйлсийг анхаар: Эргэх холбоотой бай. Захиалга өгсөн бол хэрэглэгчдээ талархал илэрхийл. Зөвхөн бүтээгдэхүүн бус хүссэн үр дүндээ хүрснийг нь баталгаажуул

Өрсөлдөөн

Борлуулалт бол нэг нь ялж, нэг нь ялагддаг тоглоом. Нэг л борлуулалын ажилтан тулаанд ялж бусад нь юу ч хүртэхгүй. Тиймээс борлуулалт нь таныг хүчтэй өрсөлдөгч байхыг шаардах болно.

Хүчирхэг өрсөлдөгч бол дараах гурван шинжийг хослуулсан хүн юм: хүсэл (хангалттай их хүсэх), зүрх сэтгэл (урт хугацаанд шаргуу ажиллах чадвар), үйлдэл (мэдээжийн боловч сануулахал илүүдэхгүй).

Өрсөлдөгийн ур чадвараа өдөөх гурван арга бий:

  1. Өөрийн дүрмээр тогло: Өрсөлдөгчийнхөө аргаар тоглох хэрэггүй
  2. Ялалт, ялагдлаасаа суралц: нэг алдааг ахин дахин давтахгүй байх нь чухал
  3. Ашиглаагүй зэвсэг байх ёсгүй: ямар нөөц боломж байгаа тухай сайн бод, бүгдийг нь ашигла

Туслах

Борлуулалт хийсний дараа ч та хэрэглэгчтэй холбоотой хэвээр байх ёстой. Заримдаа бүр олон арван жилээр. Яагаад? Яагаад гэвэл танай харилцагч нар байнга шинэ үр дүнг авчрах ёстой шинэ сорилтуудтай тулгарсаар байдаг.

Ингээд одооноос эхлэн хэрэглэгчдээ тустай байх 5 аргыг танилцуулъя:

  1. Бодоход цаг гарга: хэрэглэгчийнхээ одоогийн болон ирээдүйн асуудлыг бүтээлчээр шийдэхийн тулд долоо хоногт ядаж нэг цаг гарга.
  2. Санаа гарга: агуу санаа гаргах цорын ганц арга бол маш олон санаа гаргах гэсэн үг бий. Үүнийг хэрэгжүүл.
  3. Дүгнэлгүйгээр төрөл бүрийн санааг эрж хай: энэ шатанд чөтгөрийн өмгөөлөгчийн дүрд тоглох хэрэггүй
  4. Хувилбаруудыг ол: одоо байгаа санааг ашиглан бүр олон шинэ санаа гарга. Зарим санааг нэгтгэж өөр шинэ санаа гаргаж болно
  5. Өөдрөг бай: Энэ бол хэцүү ажил, тиймээс ажлаа хийнгээ өөдрөг сэтгэл зүйтэй байх нь чухал

Санаачлагч

Та байнга хөдөлгөөнд орших ёстой. Ингэхийн тулд та санаачилгатай, идэвхтэй, инновацлаг байх хэрэгтэй.

Үргэлж шинийг санаачилж, идэвхтэй байхад туслах гурван арга:

  1. Хамт ажиллагсдаасаа санаа ав: Хэрэглэгч нартаа үнэ цэн өгөхийн тулд шинэ, өөр санаануудыг гаргахаар багаараа сар бүр уулз
  2. Туршлагаа хуримтлуул: Өөр салбаруудад ажиллаж байсан өмнөх хур туршлагаа ашиглан одоогийн салбартаа хэрхэн амжилт гаргах аргуудыг үүсгэ
  3. Урсгалын эсрэг сэл: хэрэглэгчийнхээ харьяалагддаг салбарын үйл ажиллагааг судалж, арай өөрөөр хийж болох аргуудыг санал болго. Өөр арга нь одоогийнхоос илүү дээр байж болно    

Цөхөршгүй шаргуу зан

Шаргуу зан гэж юу вэ? Антонид тохиолдсон бодит түүхээс эш татъя. Тэрбээр гэрээ байгуулахыг хүсдэг нэгэн мөрөөдлийн харилцагч руугаа 75 долоо хоногийн турш өдөр бүр утасдаж, нийт 75 дуут шуудан илгээжээ. Улмаар тэрбээр гэрээгээ байгуулж чадсан байна.

Тууштай байдлын давуу тал нь зөв цагтаа зөв газраа байх хамгийн тохиромжтой боломжийг өөртөө бий болгох явдал юм. Мэдээж та өөрийгөө нойтон хамуу мэт харагдалгүйгээр ингэх ёстой бөгөөд харилцах бүрдээ үнэ цэнтэй мэдээллийг өгөх нь чухал юм.

Борлуулалтын процесстоо тууштай байдлыг нэмэх, ашиглах гурван арга:

  1. Бүтэлгүйтлээ өөрөөр хар: Алдаа нь таныг өөрчлөлт хийж, сайжруулах боломж өгдөг. Алдаагаа ийм өнцгөөс хар.
  2. Тоглоомын цагийг дахин эхлүүл: Борлуулалт хийж чадалгүй бүтэлгүйтэх бүрдээ тоглоомын цагийг шинээр эхлүүлж бай
  3. Шинэ зүйл оролд: Хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд тухайн зорилгод нэг алхам ойртуулах үйлдлүүдийн жагсаалтыг гарга

Харилцаа

Борлуулагчид байдаг хамгийн чухал харилцааны хэрэглүүр бол сайн асуултууд, сонсох чадвар гэдгийг шилдэг борлуулалтын ажилтнууд мэддэг.

Борлуулалтын циклийн эхний шатанд зөвхөн хэрэглэгч асуусан тохиолдолд л өөрийн болон компанийнхаа тухай мэдээлэл өгөх нь зүйтэй.

Ингээд харилцаагаа сайжруулахад туслах аргуудыг танилцуулъя:

  1. Сайн сонсогч байж сур: таны асуултад хэрэглэгч хариулж байхад та ариултаа бодож байж болохгүй
  2. Тэдний оронд өөрийгөө тавь: Санаагаа тайлбарлахдаа хэрэглэгчийн хэрэглэдэг үгийг ашиглах юм бол өөрсдийнх нь нөхцөл байдлыг ойлгох хүн юм гэж таныг дүгнэнэ
  3. Сайн асуулт тавихад суралц
  4. Бич, давт, зохиол ашигла: Хэрэглэгчид тухай бүрд нь шуурхай хариу өгөх нь зөв боловч та өөрийн гаргасан зохиолын дагуу борлуулах процессыг хөтөлж явуулбал зохилтой. Юу үр дүнтэйг мэдэж аваад түүнийхээ дагуу ажиллавал маш сайн

Хариуцлага

Хэрэглэгчид зөвхөн үр дүн чухал бөгөөд таны борлуулж буй зүйл тэрхүү үр дүнг авчрах нэг хэрэглүүр юм. Тиймээс хэрэглэгчдээ хүссэн үр дүнг нь авчрах үүрэг хариуцлага танд ногдсон гэдгийг ойлгох нь чухал. Энэ чадвараа сайжруулах гурван арга бий:

  1. Бүтээгдэхүүн, шийдлийг бус үр дүнг ярь
  2. Шалга, шалга, шалга: Таны борлуулж буй үр дүнг амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг баталгаажуул
  3. Үр дүнгийнхээ төлөө хариуцлага хүлээ: Та хүссэн ч эс хүссэн ч борлуулсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх болно
  4. Тусламж ав, багаа дайчил: Хэрэглэгчдээ хүссэн үр дүнг нь өгөхийн тулд та өөрт байгаа бүхий л нөөц боломжийг ашиглах ёстой

Бүлэг 2: Ур чадварын багц: Амжилттай борлуулалт хийх ур чадвар

Хаах

Борлуулалт хийхийн тулд та хүмүүсээс амлалт авч чаддаг байх ёстой. Борлуулалт нь улам бүр адармаатай цогц болж байгаа учраас борлуулалт хийхийн тулд 10 амлалт авах ёстой.

  1. Хугацааны амлалт: таны авах ёстой эхний амлалт бол хугацааны амлалт юм
  2. Судлах амлалт: тантай хамтран ажиллах нь ямархуу байхыг танай хэрэглэгч судлах ёстой
  3. Өөрчлөлт хийх амлалт: шийдлээ хэрэгжүүлэх явцад өөрчлөлт хийх шаардлага гарч ирэх нь гарцаагүй
  4. Хамтран ажиллах амлалт: таны шийдлийг өөрсдийнх болгохын тулд танай хэрэглэгч хичээх ёстой
  5. Зөвшилцөл бий болгох амлалт: Том гэрээ байгуулахын тулд оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал
  6. Хөрөнгө оруулах амлалт: Таны сонирхож буй харилцагч цаг, эрч хүч, мөнгөө зарцуулахад бэлэн байх ёстой
  7. Шийдлээ хянах амлалт: Борлуулалтын процессын явцад оролцогч бүх тал энэ амлалтыг өгөх ёстой
  8. Санаа зовоосон асуудлыг шийдэх амлалт: таны санал болгож буй шийдлийн талаар хэрэглэгч нь саналаа хэлэх ёстой бөгөөд ингэснээр та санаа зовоож буй асуудлыг нь шийдэх боломжтой болно
  9. Шийдэх амлалт: Процессыг хамтдаа цааш үргэлжлүүлэхийн тулд хэрэглэгч тантай санал нэгдэх ёстой
  10. Хэрэгжүүлэх амлалт: Энэ нь борлуулалтын дараах үе шат боловч зарсны дараа хэрэглэгчдээ амласан үр дүн өгч байгааг харуулах хэрэгтэй

Эдгээр амлалт тус бүр дээр зөвшөөрсөн хариу авахын тулд та гурван зүйлийг сайжруулах ёстой.

  1. Үр дүнгээ мэд: Процессын үе шат бүрд юуны төлөө, ямар амлалтын төлөө ажиллаж буйгаа мэдэж байх
  2. Энгийн, шударга үг хэллэг ашигла: Заль мэх, мэхлэлт бүү ашигла. Боловсон, мэргэжлийн, шулуухан харилцааг эрхэмлэ.
  3. Үнэ цэн бүтээсний дараа амлалт нэх: Процессын үе шат бүрд та үнэ цэн бүтээж байгаа бол хариуд нь амлалт нэхэхэд хялбар болно

Эрэл хайгуул

Хэрэв та гэрээ байгуулахыг хүсэж байгаа бол маш сайн эрэл хайгуул болон гүйцэтгэлийн стратегитай байх хэрэгтэй. Ингээд танд туслах таван үе шаттай төлөвлөгөөг танилцуулъя:

  1. Байнуудаа сонго: Багадаа 60 боломжит хэрэглэгчээс эхлэх нь зүйтэй. Тэднээс долоо хоног бүр 15-тай нь холбогдож болох бөгөөд өөр эрэл хайгуулын ажил хийх хугацаа танд гарна.
  2. Хэрэглэгчдээ халамжил: Ямар нэг зүйл авахаасаа өмнө үнэ цэн үүсгэх явдал гэж Антони энэ санаагаа тайлбарлажээ. Үнэ цэн бүтээгч гэдгээ батална гэсэн үг.
  3. Кампанит ажил үүсгэ: Таны анхны “холбоос” нь Linkedin дэх найзын хүсэлт, мөн огт хариу нэхээгүй атлаа үнэ цэн бүхий контенттой мэйл явуулах зэрэг байж болно.
  4. Төлөвлөгөсөн харилцан яриа ашигла: Аз бүү сорь. Анхны сэтгэгдэл төрүүлэх ганц л боломж танд олдоно. Үүнийгээ зөвөөр ашигла.
  5. Эрэл хайгуулыг өдөр тутмын ажлаа болго: Үнэ цэн агуулсан гурван мэйл явуулах, гурван хэрэглэгчтэй утсаар ярихад та өдөрт нэг цагийг л зарцуулна. Энэ сахилга батыг хуанлидаа заавал оруул.

Түүх өгүүлэх

Үр дүнг борлуулах хамгийн зөв арга бол хэрэглэгчдээ маш гайхалтай ирээдүйг харуулсан түүхийг хүүрнэх юм.

Сайн түүх бүрд заавал баатар (танай харилцагч), туслах (та), баатарт тулгарч буй сорилт, ялах ёстой “луу”, сайхан ирээдүйг харуулсан алсын хараа, үнэ цэн, эцэст нь гайхалтай үр дүн байх ёстой.

Сайн түүх хүүрнэгч болохын тулд та дараах зүйлсийг хийх ёстой:

  1. Өрнөлийг ол: Сайн түүх бүр гол баатрыг түүхэн үйл явдал руу хөтөлдөг үйл явдлуудын хэлхээс байдаг
  2. Түүхийг амьдралд буулгах нарийн ширийн зүйлсийг үүсгэх: түүхийг бодитой, амьд мэт болгох хангалттай олон нарийн ширийн мэдээлэл байгаа эсэхийг шалга
  3. Сонирхолтой байлга: Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү хэсэг. Танд тохиолдсон, гэхдээ боломжит хэрэглэгчид хамаатай байж болох сонирхолтой онигоо, түүхийг оруулахыг хичээ.

Оношлох

Түүх өгүүлэхээсээ өмнө хэрэглэгчийг хаашаа чиглэж байгааг нь эхлээд ойлгох ёстой. Үүний тулд та тухайн хэрэглэгчид тохиолдсон асуудлын уг шалтгааныг ухаж ойлгох нь зүйтэй.

Хэрэглэгчтэй ярилцах зуураа “яагаад” гэж олонтоо асуух нь тэрхүү асуудлын уг шалтгааныг олоход тустай гэдгийг та мэдэх биз ээ.

Танд оношоо зөв тогтооход туслах таван аргыг танилцуулъя:

  1. Хэрэглэгчид тохиолдож буй зүйлийг өөрийн ойлгоцоор тайлбарлахыг бүү хичээ: өөрийн туршлагаас бүү яриаг хөтөлж явуул, харин хэрэглэгч юу гэж ярихыг сайн сонс
  2. Хэрэглэгчийн алсын харааг тоохгүй орхиж болохгүй: Шийдлийн талаар таныхаас огт өөр бодол хэрэглэгчид байж болно. Тиймээс шийдлийг нь үл хэрэгсэхийн оронд сонсохыг эн тэргүүнд тавь
  3. Хязгаарлалт, саадыг авч үз: Шийдлийг хэрэгжүүлэхэд саад болж мэдэх зүйлсийг олж харах нь нэн чухал. Санхүүгийн, процессын, гадаад орчны хязгаарлалтыг ойлгох нь чухал юм.
  4. Хэцүү асуулт асуу: “Гүйцэтгэлээ сайжруулж чадаагүйн төлөө төлөх өртөг юу вэ?”, “Энэ асуудлыг яагаад өмнө нь шийдээгүй юм бэ?” гэх мэт асуултууд
  5. Яаж ялахыг заах боломжийг хэрэглэгчдээ олго: Борлуулалтын процессын туршид сониуч, тэвчээртэй бай. Тэгвэл гэрээнд яаж ялахыг харилцагч таньд өөрөө харуулна

Хэлэлцэх

Хэрэглэгчид очих үнэ цэн дээр хэзээ ч бүү тохиролц гэж High-Profit Selling номын зохиолч Марк Хантер сануулжээ.

Борлуулалтын процессын эцэст хэрэглэгч заримдаа танаас үнээ бууруулахыг хүсэж магадгүй. Гэхдээ таны танилцуулсан үнийн загвар нь хэрэглэгчийн хүсэж буй үр дүнг авчрахаар тооцогдсон гэдгийг сануул.

Хэн хэндээ үнэ цэн авчирч чаддаг хэлэлцэгч байхад туслах 4 хэрэглүүр:

  1. Хэлэлцээг орхиж болно гэдгийг сана: Та аль аль талдаа ашигтай гэрээн дээр хэлэлцэж болно эсвэл гэрээг орхиж болно
  2. Сонгогдох хүртлээ бүү хэлэлц: Хэрэв үнийн талаар асуувал сонгогдсон эсэхээ эхлээд лавлах хэрэгтэй
  3. Нэг удаа л хэлэлц: Таны эхний хэлцэл нь сүүлийн тохиролцоо гэдгийг тодорхой болго
  4. Маргаантай асуудлаар нээлттэй, бүтээлчээр ярилц: Хэдий ялгаатай хэрэгцээтэй байсан ч гэсэн сайн хэлэлцэгч нар хэн хэндээ ашигтай хэлэлцээг байгуулж чаддаг

Бизнесийн ухаан

Эрэл хайгуул хийх, түүх өгүүлэх, гэрээ байгуулах нь Йаннариногийн өгүүлж буйгаар борлуулалтын нэгдүгээр түвшний ур чадвар ажээ. Дараа нь хоёрдугаар түвшний буюу үнэ цэн бүтээх ур чадвар бий. Эдгээр нь шаардлагатай ур чадварууд боловч өнөөгийн нөхцөлд онцгойроход хангалттай биш аж.

Өнөөгийн нөхцөлд амжилт гаргахын тулд та “гуравдугаар үеийн ур чадвар”-тай буюу бизнес хэрхэн ажилладгийг мэддэг байх хэрэгтэй аж. Маркетингийн стратеги, онцгой үнэ цэн санал болгох, санхүүгийн үзүүлэлтүүд зэргийг мэддэг байж гэмээнэ та харилцагч компаниа илүү сайн үр дүнд хүрэхэд туслах юм.

Бизнесийн ур ухаанаа сайжруулахад дараах 7 зүйл тусална:

  1. Бизнесийн ном, сэтгүүл унш: энэ бол таны авч болох хамгийн хямд зардалтай боловсрол юм
  2. Бизнестэй холбоогүй баримтат зохиолын ном унш: Эргэн тойрны нөхцөл байдлын талаарх мэдлэгийг танд өгнө
  3. Компани дотроосоо тусламж ав: Хамт ажиллагчид таныг урагш том алхахад туслах нь гарцаагүй
  4. Ментортой бол: Таны эргэн тойрны маш олон хүн танд тусалж чадна
  5. Хэрэглэгч танд бизнесээ зааж болно: Энэ бол ажил хийж байгаа хүний хувьд бизнесийн магистрын үнэгүй магистрын сургалт болно
  6. Сурсан зүйлээ бич: Сурч мэдсэн зүйлээ эргэн санах, сэргээхэд тусална
  7. Албан ёсны боловсролтой бол: Өртөг өндөртэй боловч их олон шалтгааны улмаас тун хэрэгтэй зүйл

Өөрчлөлтийн менежмент

Тухайн байгууллагад шийдлээ хэрэгжүүлэх үед хэрэглэгчийн бизнест ихээхэн өөрчлөлт гарах тохиолдол бий. Тэрхүү өөрчлөлтийг бодит болгохын тулд та дараах 5 зүйлийг хийх хэрэгтэй:

  1. Багаа тодорхойлж, бүрдүүл: Хэрэглэгчийн компанид ажиллах багт танд чухам хэн хэн хэрэгтэй байна вэ? Таны шийдлээс хэн хамгийн их ашгийг хүртэх вэ? Өөрчлөлтийг бий болгоход тухайн компани дотроос хэн хамгийн их нөлөө үзүүлэх вэ? Эдгээр хүмүүсийг өөрийн талд элсүүл.
  2. Өөрчлөлт хийхэд тулгарах бэрхшээлийг тодорхойл: Танай шийдлийн бий болгох өөрчлөлтийг эсэргүүцдэг компанийн ажилтнууд ихэнхдээ хамгийн том саадуудын нэг байдаг.
  3. Ялгаатай ашиг сонирхолтой харьцах: Танилцуулгаа оролцогч талуудад танилцуулахаас өмнө, үүсэж болзошгүй зөрчлүүдийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийг шийдэх шийдлийг бод
  4. Статус-квог устгах үндэс суурийг бий болгож, ойлгуул: Үүний тулд статус кво нь хүсүүштэй биш, аюултай зүйл гэдгийг тодорхой харуулах хэрэгтэй
  5. Улс төрж: Улам олон хүний дэмжлэгийг хүлээхийн тулд шаардлагатай бол саналынхаа зарим хэсгийг өөрчилвөл таны хувьд гэрээ байгуулах боломж нэмэгдэнэ

Манлайлал

Борлуулагч хүнд манлайлагчийн ур чадвар хэрэгтэй. Танд албан ёсны даргын албан тушаал байхгүй ч хэрэглэгчийнхээ хүлээлтийг биелүүлэхийн тулд та байгууллагадаа хүмүүсийг манлайлан удирдах шаардлага заавал гарна.

Бусдыг манлайлах ур чадвараа нэмэгдүүлэхэд туслах 3 зүйл:

  1. Манлайллын тухай унш, судал: унших дургүй юу? Гарчигт нь тоо орсон ном унш, тэгвэл илүү сонирхолтой байх болно
  2. “Үр дүнгийн төлөө хариуцлага” хүлээж сур: Юу ч болсон гэсэн хэрэглэгчид өгсөн шийдлийнхээ хариуцлагыг хүлээж сур
  3. Тэргүүн фронтод бай: үлгэр жишээ болж, үйлдлээр манлайл

Дүгнэлт

Ингээд та дэлхийн хэмжээний борлуулалтын ажилтан болоход шаардлагатай 9 сэтгэлгээ, 8 ур чадвартай товч танилцлаа.

0 Shares
Хариу үлдээх