Зохиолч: Даниел Пинк
Харамслын хүч
Хүн бүхэнд харамсал байдаг агаад энэ бол биднийг улам хөгжихөд тус болдог олон сэтгэл хөдлөлийн нэг юм. Чухам энэ бол Дэн Пинкийн шинэ бестселлер номын гол санаа ажээ.
Ингээд хүн яагаад харамсдаг, мөн илүү сайхан амьдрахад харамсал хэрхэн тусалдаг тухай мэдэж авъя.
Бүлэг 1: Харамслыг өөрөөр авч үзэх
Харамсал нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг хийгээд, яагаад биднийг улам төлөвшүүлдэг тухай авч үзье.
Харамсал бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг
70 жилийн турш харамслыг судласан эрдэмтэд дараах хоёр дүгнэлтийг гаргажээ:
- харамсал хүний амьдралын салшгүй хэсэг
- харамсал хүнийг улам төлөвшүүлдэг
Харамсал бол угтаа харьцуулалт, буруутгал гэсэн хоёр нэмэлт элементийг агуулсан сөрөг сэтгэл хөдлөл юм. Нэгдүгээрт, бид одоогийн нөхцөл байдлаа “хэрэв тэгсэн бол яах байсан бол” гэж харьцуулж харамсдаг. Хоёрдугаарт, өөрсдийгөө буруутгавал тэрхүү сөрөг сэтгэл хөдлөл нь харамсал болж хувирдаг байна.
Ядахнаа, Хэрэв
Өнгөрсний тухай хоёр янзаар бодож болно. Эхний буюу “ядахнаа” гэх бодол нь ховор. “Уралдааны сүүлийн мөчид ялагдаж, шагналын тавцанд гараагүй нөгөө тамирчныг бодвол би ядахнаа хүрэл медаль хүртсэн” гэх нь “ядахнаа” гэх бодлын нэг жишээ юм.
Харин хоёр дахь буюу хэрэв гэсэн байдлаар бид ихэнхдээ өнгөрснийг боддог. “Тэмцээнээс өмнө хэрэв ахиад жаахан бэлтгэл хийсэн бол алтан медаль авах байсан” гэх нь “хэрвээ” гэх бодлын жишээ болно.
Тэгэхээр та өөрийгөө “хэрэв” гэсэн бодолд живсэн гэж бодож байгаа бол ганцаараа биш, бараг бүх хүн ийм байдалтай байдгийг санах хэрэгтэй.
Гэхдээ эндээс “бид нар өөрсдийгөө санаатай хорлодог мазохистууд уу” гэсэн асуулт гарч ирнэ. Биднийг стресстэй, сэтгэл гутралтай үлдээдэг ийм занд авууштай сайн зүйл байж л таарна, тийм үү?
Яагаад харамсал биднийг төлөвшүүлдэг вэ
Хэрэв зөв ашиглаж чадах юм бол харамсал нь биднийг улам сайн хүн, улам сайн төлөвшилтэй хүн болгоно. Тодруулбал, танд дараах гурван байдлаар давуу талыг бий болгоно:
- шийдвэр гаргалтыг сайжруулна
- гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ
- утга учир нэмнэ
Пинкийн өгүүлснээр хамгийн чухал нь сэтгэл хөдлөлөө бодлын нэг арга хэрэгсэл болгож хувиргах аж. Хэрэв та сэтгэл хөдлөлөөсөө зугтахгүй, автахгүй харин сөрж чадах юм бол цаашид илүү зөв зан араншинтэй болгох хурдасгуурын үүргийг сэтгэл хөдлөл гүйцэтгэдэг байна.
Бүлэг 2: Харамслаа дэлгэх
Бодит байдал дээр харамсал ямар байдаг болон харамслын дөрвөн төрлийн талаар үргэлжлүүлэн өгүүлье.
Харамсал өнгөн дээрээ
Харамслын тухай түүхэн дэх хамгийн том судалгааг Пинк хийж, Америкийн Харамслын Төсөл гэж нэрлэсэн юм. Тэрбээр хүн ам зүй, сэтгэл зүйн хувьд АНУ-ын хүн амыг бүхэлд нь төлөөлж чадах 4489 хүнийг судалгаандаа хамруулж, асар олон асуулт тавьснаас хамгийн чухал нь дараах асуулт байжээ.
Амьдрал харамслаар дүүрэн. Арай өөрөөр хийдэг байж, тийм үйлдэл хийх, эсвэл хийхгүй байж гэсэн харамсал хүн бүрд бий. Та амьдралаа хэсэг хугацаанд эргэн дурсаад хамгийн их харамсдаг зүйлээ 2-3 өгүүлбэрээр илэрхийлнэ үү?
Судалгаанаас үзвэл хүмүүс маш олон зүйлд харамсдаг аж. Харилцаа нь муудсан, ханиа буруу сонгосон, карьерын буруу сонголт, боловсрол эзэмших зам нь бишдсэн гэх мэт.
Пинк судалгаанд нь оролцсон хүмүүстэй биечлэн уулзаж, харамслыг нь ангилсны дараа ихэнхийг нь дараах дөрвөн байдлаар тодорхойлж болно гэж үзжээ: суурь, зориг, ёс суртахуун, харилцааны харамсал.
Ингээд тэдэнтэй танилцъя.
Суурь харамсал
Суурь харамслын жишээ нь “Хэрэв би үүнийг хийсэн бол” юм. Боловсрол, мөнгө, эрүүл мэндтэй холбоотой хүмүүсийн ихэнх гомдол нь нэг ижил гомдлын ялгаатай илэрхийллүүд байдаг. Тодруулбал, амьдралынхаа зарим талбарт хашир, хариуцлагагүй байж чадаагүйн харамсал юм.
Хүнд тодорхой хэмжээний тогтвортой байдал шаардагддаг. Түүнгүйгээр зорилгынхоо төлөө зүтгэхэд асар хэцүү байх болно. Тэгэхээр амьдралынхаа үлэмж хэсгийг ямар ч зүйл бүтээлгүй дэмий өнгөрүүлсэн гэсэн мэдрэмж бидэнд яаж бий болдог юм бэ?
Хэдий хүний тархийг компьютертэй харьцуулдаг ч үнэндээ тийм биш. Тархи нь биднийг анзаараагүй байхад ихэнхдээ буруу хариулт өгч байдаг юм.
Тархи биднийг хуурдаг нэг заль бол “яг одоо”-д хэт их, харин “хожим”-д хэт бага үнэ цэн өгдөг нь юм. Сонголтын үлэмж их нөлөөг ойлгоход тархи хүмүүст саад болоод ирэхээрээ байдлыг бүр төвөгтэй болгочихдог. Ингэснээр амьдралын суурийг тогтворгүй болгож, ирээдүй маань санаснаар болохгүй болж, улмаар харамсал төрдөг юм.
Зоригийн харамсал
Зоригийн харамслын жишээ нь “Хэрэв тийм эрсдэл гаргасан бол” юм. Шинжлэх ухааны болон (мөн Пинкийн судалгаа) судалгаанаас үзвэл хүмүүс ихэнхдээ хийсэн бус хийгээгүй зүйлдээ харамсдаг байна.
Учир нь бидний үйлдлийн үр дагавар нь тодорхой, илэрхий байдаг. Бид үр дагавартай нь нүүр тулж, шийдэхийг хичээдэг. Нөгөөтээгүүр, хийгээгүй үйлдлийн үр дагавар нь ерөнхий, абстракт байна. Юу болох байсныг бид хэзээ ч мэдэж чадахгүй учир тархи тэр талаарх бодлоо огт орхилгүй ажилласаар байдаг.
Зоригийн харамслын яг голд нь хүсэж байсан шигээ хүн болж чадаагүй гэх харамсал байдаг. Хэрэв тэр охиныг болзоонд урьсан бол, хэрэв өөр улсад ажиллах ажлын саналыг хүлээж авсан бол. Хэрэв...
Зоригийн харамслаас авах сургамж нь тун энгийн буюу үйлдэх гэж Пинк үзжээ. Бизнесээ эхлүүл, аялалд яв, болзоонд урь.
Ёс суртахууны харамсал
Ёс суртахууны харамслын жишээ нь “Хэрэв би зөв зүйл хийсэн бол” юм.
Ихэнх маань сайн хүн байхыг хичээдэг ч тийм байхгүй байх асар олон шалтгаан, боломжийг амьдрал сөргүүлж гаргаж ирдэг. Бид буруу замаар явснаа тэр дороо мэдэж харамсдаггүй, хэсэг хугацааны дараа ойлгодог.
Санал асуулгад оролцогчдын хэдий 10 хувь нь сэтгэл зүйн харамсалтай байсан ч тэд хамгийн хүнд, хамгийн удаанаар харамсал тээж явдаг нь тогтоогджээ.
Нью-йоркийн их сургуулийн нийгмийн сэтгэл зүй судлаач Жонатан Хайдт болон түүний хамтрагчид “сэтгэл зүйн суурийн онол” гэж нэрлэсэн аргачлалыг бий болгосон нь сэтгэл ззйн ялгаатай хэмжээсүүдийн талаарх ойлголтыг өгч байгаа юм.
Энэ онол нь дараах таван суурьтай:
1. Халамж/халгаа – Эмзэг, дорой учраас хүүхдээ асарч хамгаалахад эцэг эхчүүд маш их цаг зарцуулдаг. Үүний үр дүнд хувьсал нь бидэнд халамжийн ёс зүйг суулгаж өгчээ. Эмзэг доройчуудыг хамгаалагч нь сайн, харин гэмтээж гомдоогчдыг харгис гэж үзнэ.
2. Сайхан сэтгэл/хуурмаг зан – Хүн төрөлтний амжилт нь хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Тиймээс бид итгэдэг зүйлээ илүү үнэлж, харин итгэл эвдсэн зүйлд дургүйцдэг.
3. Шударга/шударга бус – Бидний амьд үлдэх эсэх нь бүлгийн нэгдмэл байдлаас хамаардаг. Баг, сект, улсдаа үнэнч байвал үнэлэгдэж, харин тэдний эсрэг нуруугаа харуулвал хараалгана.
4. Эрх мэдэл/түлхэн унагаалт – Шатлан захирах ёс нь нийгмийг хөдөлгөж, иргэдийг элдэв түрэмгийллээс хамгаалдаг. Ийм ёсыг сулруулж байдаг хүмүүс нь бүлэглэлд багтах бусад бүх хүнийг аюулд оруулж байдаг юм. Тийм учраас хүндэтгэл, хүлцэнгүй, дуулгавартай зан чанарууд ихээхэн үнэлэгддэг.
5. Цэвэрлэгээ/доромжлол – Өвөг дээдэс маань төрөл бүрийн аюултай өвчин үүсгэгчтэй тэмцсээр ирсэн агаад тэдгээрээс зайлсхийхийн тулд шинжээчдийн өдгөө “зан авирын дархлааны систем” гэж нэрлэдэг зүйлийг гаргаж ирсэн байна. Эдгээр нь ижил хүйстний гэрлэлт, порнограф, үр хөндөлт зэрэг ёс суртахууны асуудлыг өдөөдөг шалтгаанууд юм.
Ёс суртахууны харамслын хувьд бидний мэдэх ёстой сургамж бол Пинкийн хэлснээр “эргэлзэж буй үедээ зөв зүйл хийх” юм.
Харилцааны харамсал
Харилцааны харамслын жишээ бол “Хэрэв би холбоо барьсан бол” юм.
Энэ бол хамгийн олон хүн сонгосон харамсал агаад харилцаа нь бүтэлгүйтсэн, биеллээ олоогүй харилцаанаас үүдэлтэй аж.
Үйлдэл маань бидний амьдралд зүг чиг өгдөг бол бусад хүн зорилго оноодог. Харилцааны харамсал нь энэхүү нэн чухал зарчмыг ухаарахгүй, хүндлэхгүй орхисноос үүсдэг байна.
Насан туршийн сайн сайхны талаарх хамгийн олон жил үргэлжилсэн судалгаа бол Харвардын анагаахын сургуулийн Study of Adult Development юм. Үүнийг ихэвчлэн санаачлагчийнх нь нэрээр Grant Study гэх нь ч бий. 1938 онд эхэлсэн уг судалгаа их сургууль төгссөн 268 эрэгтэйг бараг 80 жилийн турш судалжээ.
Уг судалгааг 30 гаруй жил толгойлсон хүн бол Харвардын сэтгэл зүйч Жорж Вайлант билээ. Тэдгээр эрчүүдийг 80 жилийн турш, олон сая өгөгдөл цуглуулан судалсны эцэст тэрбээр хүний сайн сайхны талаарх нээлтээ ердөө таван үгээр илэрхийлсэн нь “Аз жаргал бол хайр. Гүйцээ” юм. Зөвхөн романтик утгаараа бус харин эцэг эх, хүүхэд, хамаатан, найз нөхдийн хайр гэж ойлгож хэрэгтэй.
Харилцааны харамслаас ойлгох ёстой зүйл бол дараагийн удаа илүү сайн байх юм. Бүр илүү сайн болъё гэвэл яг одоо үйлд. Хэрэв засах ёстой харилцаа байгаа бол яг одоо үйлд. Хэдий түрүүлж хэлэх нь эвгүй, таагүй байж болох ч мэдэрч байгаа зүйлээ яг одоо хэл.
Бүлэг 3. Харамслыг шинээр ойлгох
Харамслыг өөрсдийнхөө эсрэг бус харин бидний төлөө “ажиллуулахын” тулд юу хийх ёстой тухай одоо өгүүлнэ.
Буцаах, Ядахнаа
Хэрэв харамсал биднийг төлөвшүүлдэг юм бол түүнийг ашиглаж хэрхэн илүү сайн хүн, илүү аз жаргалтай болох вэ? Үйлдлийн харамслын тухайд гэвэл байдлыг сайжруулахын тулд яаралтай үйлдэл хийх ёстой. Ингэх хоёр алхмыг танилцуулъя.
Алхам 1: Буцаах. Хэрэв буцааж болохоор үйлдэл бол буцаа. Хэдий нөгөө хүндээ гомдол төрүүлсэн ч танд нөхцөл байдлыг эргүүлэх боломж байх л болно.
Алхам 2: Ядахнаа. Дэн Пинкийн адилаар хуулийн сургуульд сурсан минь алдаа байж болох ч би тэр сургуульд эхнэртэйгээ танилцсан. Ийм зүйл тохиолдож болзошгүй учраас өөрөөсөө дараах гурван асуултыг асууна уу:
- Харамсаж байгаа шийдвэр маань бүр буруугаар эргэсэн бол яах байв?
- Энэ харамслаас авах сургамж нь юу вэ?
- Дараах өгүүлбэрийг гүйцээж бич: “Ядахнаа...”
Ойлгох, энэрэх, зай барих
Өмнө өгүүлсэнчлэн сөрөг сэтгэл хөдлөлтэй харилцахдаа бидний гаргадаг гол алдаа бол үл тоох, эсвэл хэт автах билээ. Үүний оронд эдгээр сэтгэл хөдлөлийг анхаарал хандуулах ёстой мэдээлэл гэж үзэх явдал бөгөөд аажимдаа энэ бодол нь таныг үйлдэлд хөтлөх юм.
Ингээд харамслыг ил болгох, харамслыг харах өнцгөө өөрчлөх, цаашид илүү зөв шийдвэр гаргахад туслах гурван алхамт процессыг танилцуулъя.
Алхам #1: Өөрийгөө илчлэх
Харамслаас ангижирч эдгэрэх процессын эхний алхам бол харамслыг хүлээн зөвшөөрч, ил болгох юм. Ингэх нь таагүй, ичмээр боловч тус болдог. Өөр хүнд хэлэх, эсвэл харамслынхаа тухай бичих зэргээр харамслаа ил болгох юм бол бие махбодь, сэтгэлзүй, ажлын тал дээр олон давуу талтай гэдгийг судалгаанууд харуулдаг юм.
Гэхдээ ингэлээ гээд бусад хүн намайг муугаар бодох уу? Үнэндээ огт эсрэг. Шинжлэх ухааны нэгэн судалгаа нь “өөрт тохиолдсон зүйлээ илэн далангүй ярьдаг хүмүүсийг тэгж ярих нь бага хүнтэй харьцуулвал илүү олон хүн ойлгож, хайрладаг” болохыг харуулсан байдаг.
Ингээд таны хийх ёстой гэрийн даалгаврыг танилцуулъя:
- Гурван өдөр дараалж өдөр бүр 15 минутын турш харамслынхаа тухай бич
- Харамслынхаа тухай биечлэн уулзаж эсвэл утсаар ярьж өг. Гэхдээ хэт нуршиж, хэтрүүлж ярихаас сэргийлэхийн тулд хугацааны хязгаар тогтоо
Алхам #2: Өөрийгөө хайрла
Техасын их сургуулийн сэтгэл судлаач Кристин Нефф 20 жилийн өмнө энэ аргачлалыг анх санаачилсан юм. “Төгс бус байх, алдах, амьдралын алдаа оноотой тулгарах нь хүний амьдралын нэг хэсэг мөн” гэдгийг ухаарах нь энэхүү процессын утга учир юм. Өөрөөр хэлбэл, сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хэвийн болгох замаар хүчийг нь сарниулж, багасгахыг хэлж байна.
Ингэхийн тулд та дараах гурван асуултыг өөрөөсөө асууна уу:
- Хэрэв найз, хамаатны хүн харамсал тээж ирвэл та сайхан сэтгэл, жигшлийн алинаар нь хариу барих вэ?
- Уг харамслыг өөр бусад хүн ч мөн мэдэрдэг үү, эсвэл зөвхөн та л ийм харамслыг тээж явна уу?
- Энэ нь амьдралыг эрс өөрчлөхөөр харамсал уу, эсвэл ердөө л таагүй хором, үе үү?
Эдгээр асуултын зорилго нь хэт их бодож шаналах бус харин харамслаа ойлгоход чиглэсэн юм.
Алхам 3: Зай барих
Өөрийгөө харамсалтай үйл явдлаас холдуулж, зай авч чаддаг хүмүүс нь мөн харамслыг ойлгож, илэрхийлж чаддаг. Ингэх гурван арга бий:
- Орон зайн хувьд холдох: Цэвэрхэн үзлэгийн өрөөнд харамслаа задлан шинжилж буй төвийг сахьсан шинжээч гэж өөрийгөө төсөөл. Юу буруугаар эргэв? Таны санал болгох эмчилгээ юу вэ? Энэхүү харамслаас авах ухаарлуудыг дурдсан мэйлийг өөртөө бич.
- Цаг хугацааны хувьд холдох: Бодол санааны хувьд цаг хугацааны аялал хийж, одоогоос 10 жилийн дараа энэхүү харамсалд ямар хариу үйлдэл үзүүлснээ санаж өөрөөрөө бахархаж байна гэж төсөөл. Та тийн бахархах юу хийх вэ?
- Хэл ярианы хувьд холдох: Энэ бол өөрийгөө огоорох арга юм. Таныхтай адил харамсалтай зүйл найзад чинь тохиолдсон гэж бод. Энэ харамсал түүнд ямар сургамж өгөв? Та түүнд ямар зөвлөгөө өгөх вэ? Тодорхой хариулт өгөхийг хичээ.
Харамслыг таамаглах
Харамслаас зайлсхийх талаар ярихгүй өнгөрвөл харамслын ертөнцөөр хийж буй аялал маань гүйцэд болохгүй.
Үүний тулд бид хэрэв одоо зөв зүйтэй үйлдэл хийхгүй бол хожим ямархуу мэдрэмж төрөх вэ гэж бодох ёстой. Хэрэв сөрөг мэдрэмж төрөхөөр бол түүнийг бодитой асуудал болохоос нь өмнө зан араншингаа өөрчил.
Гэхдээ харамслыг аль болох бууруулах нь зорилго биш гэдгийг санаарай. Харамслаас зайлсхийх юм бол та шийдвэр огт гаргаж чадалгүй зогсонги байдалд орно. Хэрэв бидний зорилго нь харамслыг үгүй хийхэд оршиж байсан бол бид өглөө хэзээ ч орноосоо босохгүй байхсан биз ээ.
Харин үүний оронд бид харамслаа сайжруулах зорилготой байх ёстой бөгөөд ингэхийн тулд Пинкийн Харамслын Сайжруулах Бүтцийг ашиглах хэрэгтэй. Уг систем нь дөрвөн зарчмаас бүрддэг:
1. Ихэнх тохиолдолд харамслыг урьдчилан таамаглах нь илүү зөв зан араншин гаргах улмаар аз жаргалтай болоход нөлөөлдөг.
2. Гэвч хүмүүс харамслыг хэтрүүлж үнэлдгийн улмаас шийдвэр гаргалт нь гажууддаг.
3. Хэрэв бид хэтрүүлж бодож, харамслыг бууруулахад л анхаарах аваас нөхцөл байдлыг улам дордуулна.
4. Хүний язгуур хэрэгцээтэй холбоотой учраас хүмүүс бид дөрвөн гол харамсалтай байнга холбогддог. Харамсал бол сайн сайхан амьдралд хүрэх замын салшгүй нэг хэсэг юм.
Харамслыг илүү сайнаар хүлээж авахын тулд та дараах энгийн дүрмийг дагаж мөрдөх ёстой. Эхлээд гол дөрвөн харамслын аль нэгтэй тулгарсан эсэхийг өөрөөсөө асуу. Дараа нь:
- Хэрэв тулгараагүй бол, тухайн харамслыг байгаа чигээр нь хүлээн зөвшөөр. Шийдвэрээ хурдан гаргаад урагшил
- Хэрэв тулгарсан бол тунгаан бодоход цаг зарцуул. Ирээдүй рүү цаг хугацааны аялал хийж аль сонголт нь таныг суурь бүтээхэд, хүлээн зөвшөөрч болох эрсдэл гаргахад, зөв зүйл хийхэд, утга учиртай холбоос үүсгэх/хадгалахад туслах вэ гэж асуу. Ингээд харамслыг хамгийн ихээр бууруулах сонголтыг хий.
Дүгнэлт
Харамсал бол хүний амьдралын салшгүй хэсгээс гадна биднийг төлөвшүүлдэг. Амьдралдаа ямар төрлийн харамслуудтай тулгарахаа мэдэж байгаа бол харамсал төрөх бүрийд шийдвэрлэх мөн болохоос нь өмнө нөлөөг нь бууруулах төлөвлөгөөтэй бол. Тэгвэл та сайн сайхан, утга учиртай амьдрах замд орох болно.