Зохиолч: Адам Грант

Өөрөөр сэтгэ

Think Again
Бараг бүх зүйлийг өөрөөр сэтгэхийг шаардаж буй өнөөгийн ертөнцөд энэ ном нь бидэнд үр дүн, ашиг тусаа өгөхөө больсон мэдлэг, үзэл бодлоо орхиж, тогтвортой байдал бус уян хатан байдлаас өөрийгөө олж харахад туслах юм.

Сэтгэлгээний фитнессийн тухай ярихаар ихэнх хүн оюун ухааны талаар боддог. IQ өндөр байх тусам илүү хүнд асуудлыг шийдэж чадна гэж.

Гэвч өнөөгийн өөрчлөгдөн буй дэлхийд цогц танин мэдэхүйн илүү чухал чадвар буюу нэгэнт мэддэг зүйлээ мартаж, “өөрөөр сэтгэх” нь илүү ач холбогдолтой болов.

Грант эл номоо гал сөнөөгч Вагнер Доджын тухай гайхалтай түүхээр эхлүүлжээ. Гал түймэр чиглэлээ гэнэт өөрчилж, багт нь аюул учруулахад тэрбээр тун содон арга ашигласан байна. Тэрбээр хамгаалалтын хувцсаа тайлж, шүдэнз асаагаад эргэн тойрны өвсөө шатааж, нусны алчуураа норгож амандаа хийгээд эргэн тойронд нь түймэр дүрэлзэн асаад өнгөрөх хүртэл 15 минут газар дээр түрүүлгээ харан хэвтсэн аж.

Ингэхийг түүнд хэн ч заагаагүй бөгөөд түймрээс хамаг хурдаараа зугтаж байсан бусад гал сөнөөгчтэй харьцуулвал тэс өөр, буруу гэмээр арга байлаа. Түүний багийн гал сөнөөгчдөөс хоёр нь амьд үлдэж, 12 нь амь насаа алджээ.

Гал түймэртэй тэмцэх албаны түүхэнд хэний ч бодож олоогүй буюу эргэн тойрны өвсөө шатаан түймэр асах “түлш”-ийг устгаснаар тэрбээр түймрийг хажуугаараа аюул тарилгүй өнгөрөх нөхцөлийг үүсгэсэн аж.

Тэрбээр энэ номд өгүүлдэг сэтгэлгээний уян хатан байдлыг тод томруунаар харуулсан жишээ юмэ. Нэгэнт үр дүнгээ өгөхөө больсон мэдлэг, үзэл бодлыг гээж, тогтвортой бус харин уян хатан байдлыг олж авахын чухлын талаар энэ номд өгүүлнэ.

Бүлэг 1: Хувь хүн өөрөөр сэтгэх

Таны толгойд номлогч, прокурор, улс төрч, эрдэмтэн орж ирнэ

Хүмүүс ярьж, бодох үедээ ихэвчлэн номлогч, прокурор, улс төрч гэсэн гурван ялгаатай хүний сэтгэхүйг (P төлөв) харуулдаг гэж Грантын хамтрагчдын нэг Фил Тетлок үзжээ.

Тогтсон итгэл үнэмшил, бодлыг маань сорьж эхэллээ гэж үзэхээрээ номлогчийн төлөвт орж, өөрийн идеалыг хамгаалж, өмөөрдөг.

Бусад хүний сэтгэлгээ, тайлбарт алдаа байна гэж үзвэл прокурорын төлөвт орж, бусдын бурууг нотлохыг хичээдэг байна.

Харин бусдын анхаарлыг татахыг хүсвэл улс төрчийн төлөвт орж, өөрийн санааг зөвшөөрүүлэхийн тулд лобби, ятгалгаа хийдэг.

Үүний эсрэг ерөндөг бол эрдэмтэн шиг сэтгэх гэж Грант дүгнэжээ. Үүнд бодит байдлын талаар нээлттэй сэтгэх багтах ч үүнээс цааш гүнзгийрүүлэн авч үзэх зүйл бий. Тухайлбал, өөрийн буруу байж магадгүй шалтгааныг эрэн хайх, амьдралын туршид хуримтлуулсан туршлага, мэдлэгээ шинээр харах ёстой гэнэ.

Эрдэмтэн шиг бус Р төлвийн аль нэгээр сэтгэсээр байвал юу болох вэ:

  • Номлогч төлөвийн хувьд авч үзвэл бодлоо өөрчлөх нь ухааны хүч бус сэтгэлзүйн сул тал болно.
  • Прокурор төлөвийн хувьд ятгалгад автах нь үнэний төлөөх алхам бус харин ялагдлаа хүлээн зөвшөөрсөн зүйл болно.
  • Улс төрч төлөвийн хувьд илүү сайн логик, хүчтэй өгөгдөлд бус харин урамшуулал, шийтгэлийн хариуд байр сууриа өөрчилнө.

Тэргэнцэртэй квотербэк, луйварчин: Итгэлийн зөв цэгийг олох нь

Итгэл бол та өөртөө хэр их итгэдгийн хэмжүүр бөгөөд ихэнх хүн өөрийн ур чадвартай дүйцэх итгэлтэй байдаггүй.

Нэг талаас, зарим хүн ур чадвараасаа давсан өөртөө итгэлтэй байдаг. Үүнийг тэргэнцэртэй квотербэкийн синдром гэж хочилдог агаад тухайн салбар, чиглэлээр бага мэргэшсэн байх тусам өөрийн ур чадварыг хэтрүүлэн өндрөөр үнэлдэг аж. Жишээлбэл, спортын талаар өндөр мэдлэггүй хөгжөөн дэмжигчид нь мэдлэгтэй бусадтайгаа харьцуулвал дасгалжуулагчийг загнаж зурагт руугаа хашхирах нь их байдаг.

Нөгөө талаас, ур чадвар нь өөртөө итгэх итгэлээс нь хэтийдсан үл итгэгчийн синдром бий. Энэ нь тийм ч таатай төлөв биш боловч тэргэнцэртэй квотербэк байхаас хэд хэдэн талаараа давуу юм. Үл итгэгчийн синдром нь:

  • илүү сайн ажиллах сэдэл өгөх
  • илүү ухаалаг ажиллах сэдэл өгөх. Ялж чадахгүй гэж бодох аваас өөрөөр сэтгэж, стратегиа өөрчлөхөд хүргэнэ
  • Бусдаас тусламж авахад хүргэх учраас илүү сайн суралцагч болно

Хэрэв та сэтгэлгээний уян хатан байдлаа сайжруулахыг хүсэж байгаа бол ур чадвараа дутуу үнэлдэг хүмүүсийн тоонд багтвал илүү зөв юм.

Гэхдээ хамгийн зөв цэг нь тэргэнцэртэй квотербэк, үл итгэгчийн дунд орших билээ.

Яг ийм цэг дээр байдаг хүмүүс нь зорилго, хүрэх аргынхаа хооронд ялгаа гаргаж чаддаг. Зорилгодоо хүрэхийн тулд тэд ур чадвартаа бат итгэлтэй байхын зэрэгцээ үүнд тохирох ур чадвар, стратеги яг одоо өөрт нь байгаа эсэхэд эргэлздэг даруу занг ч мөн харуулдаг байна.

Буруу байхын баяр хөөр: Бодсон бүхэндээ итгэхгүй байхын жаргал

Буруутах боломжтой гэдэгтээ дасах нь эрдэмтэн шиг боддог болоход шаардлагатай чанаруудын нэг мөн. Гэвч ихэнх хүн буруутахгүй, ялангуяа өөрт нь нэн чухал зүйл дээр алдаа гаргахгүй байхыг хүсдэг.

Өөрт нь утга учиртай зүйлд өөр хүн эргэлзэж байвал бид толгой доторх дарангуйлагчаа ашиглаж эхэлдэг. Үүнийг сэтгэл судлалд тоталитар эго гэж нэрлэдэг бөгөөд аюултай, эрсдэл дагуулсан мэдээллээс сэргийлэх, зайгаа барихыг хэлж байгаа юм.

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс нь эгоноосоо чөлөөлөгдөх хоёр аргыг гаргуун эзэмшсэн байдаг. Тодруулбал, тэд өнгөрсөн би-гээ одоогийн би-гээс, бодлоо өөрийн шинж чанараас ялгаж чаддаг юм.

Дэлхийн шилдэг энтрепренерүүдийн нэг Рэй Далио (Bridgewater Associates-ийг үүсгэн байгуулагч) энэ талаар “Хэрэв та өнгөрсөн үе рүү хараад “Жилийн өмнө би ямар тэнэг байгаа вэ” гэж хэлж чадахгүй бол сүүлийн нэг жилд та олигтой юм сураагүй байх магадлалтай” гэжээ.

Далио шиг хүмүүс амжилтгүй хүмүүстэй харьцуулвал үзэл бодол, итгэл үнэмшлээ байнга шинэчилдэг. Тэд ямарваа санааг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө эргэлзэх, хүлээн зөвшөөрсөн ч эргэлзсээр байх чадвартай байдаг аж.

Тэд богино хугацаанд буруутахаас огт айдаггүй нь урт хугацаандаа буруутахаас айдагтай нь холбоотой. Урт  хугацаандаа зөвдөх цорын ганц арга бол байнга “өөрөөр сэтгэх” бөгөөд ингэснээр үнэн болоод амжилтад хүрэх замаа засах юм.

Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь өвтгөм учраас энэ зам үргэлж сайхан байх албагүй гэж Грант онцолжээ. Гэхдээ ингэх нь өсөлт дэвшилтэд чухал гэдгийг санасаар явах ахул урт хугацааны үр дүнгийн төлөө богино хугацаандаа буруутахыг тэвчин өнгөрүүлж чадах юм.

Сайн зөрчлийн клуб: Бүтээлч зөрчлийн утга учир

Багуудад хоёр янзын зөрчил байдаг.

Эхнийх нь харилцааны зөрчил бөгөөд өөрөөр сэтгэхэд саад болдог. Зөрчил нь хувь хүний шинжтэй, сэтгэл зүйтэй холбоотой болвол өөрийгөө өмөөрч, хамгаалахад тухайн хүн хамаг цагаа зарцуулах учир өөрөөр сэтгэх боломжгүй болдог байна.

Хоёр дахь нь ажилтай холбоотой зөрчил бөгөөд зорилго, зорилтдоо хүрэх тактик, стратегид чиглэсэн байдаг. Ийм маягийн зөрчил нь асуудлыг хувь хүний шинжтэй болголгүйгээр үл ойлголцол, ялгаатай байдлаа илэрхийлэх боломж олгодог.

Тааруу гүйцэтгэлтэй багууд нь ажлын бус харилцааны зөрчилтэй байдгийг судалгаа харуулдаг юм. Тэд нар бие биедээ дургүйцээд завгүй байдаг учраас бие биенээ сорьж, өдөөх цаггүй болсон байдаг.

Харин өндөр гүйцэтгэлтэй багууд нь эсрэгээр харилцааны зөрчил багатай, ийм байдлаа удаан хугацаанд хадгалж чаддаг. Ингэснээр тэд хэн хэнээ сорьж, өдөөж, ажлаа хэрхэн хийх дээр нэгдэж чаддаг байна.

Тэгвэл эцсийн зорилгодоо хүрэхийн төлөө ашиглах тактик, стратегийн талаар маргалдаж, хэн хэнээ чөлөөтэй сорих боломжтой багийг хэрхэн үүсгэх вэ?

Үүний тулд зөрчлийг санал зөрөлдөөн бус хэлэлцүүлэг гэж тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр бусдын ялгаатай бодлыг сонсоход бэлэн, бусдын бодлыг ч өөрчлөхөд бэлэн гэдгээ харуулж байгаа хэрэг мөн. Тиймээс дараагийн удаа зөрчлийг шийдэх үр дүнтэй уулзалт хийх бол эхлээд дараах асуултыг асуух хэрэгтэй:

“Бүгдээрээ хэлэлцүүлэг өрнүүлвэл ямар вэ?”

Бүлэг 2: Хүн хоорондын өөрөөр сэтгэх харилцаа: Бусдын бодлыг нээх

Хамтрагч нартай бүжиглэх: Хэрхэн маргаанд ялж, хүмүүст нөлөөлөх вэ

Бусдыг хэрхэн бодлоо нээж, байр сууриа өөрөөр хардаг болоход нөлөөлөх вэ?

Шилдэг хэлэлцэгч нар нь дунджуудаас юугаараа ялгаатайг судлахад Нейл Рэкхэм бүхий л насаа зориулжээ. Тэрбээр таван ялгааг олж илрүүлсэн байна.

Нэгдүгээрт, шилдэг хэлэлцэгч нар нь нөгөө талтай санал нийлж болох зүйлүүдийг олоход бэлтгэл ажлынхаа гуравны нэгийг зарцуулдаг. Дундаж хэлэлцэгчид нь үүнд бараг цаг зарцуулдаггүй аж.

Хоёрдугаарт, шилдгүүд нь дунджуудтай харьцуулвал өөрийн санааг дэмжсэн арай цөөн шалтгааныг гаргаж ирдэг. Өөрт нь илүү олон шалтгаан, нөхцөл байх тусам илүү сайн ятгаж чадна гэж дундаж хэлэлцэгч нар итгэдэг бол шилдэг хэлэлцэгч нар олон сонголт нь өөрсдийнх нь хамгийн зөв санааг бүдэгрүүлнэ гэж үздэг.

Гуравдугаарт, нөгөө талын саналыг унагаж, өөрийн байр сууриа улам батжуулахыг хичээдэг хамгаал-довтол хэмээх циклээс шилдгүүд зайгаа барьдаг. Харин үүний оронд тэд “Тэгэхээр та энэ саналаас ямар ч сайн талыг олж харахгүй байна уу?” гэсэн сониуч асуултууд тавьдаг.

Дөрөвдүгээрт, шилдгүүд дунджуудтай харьцуулвал илүү олон асуулт асуудаг. Шилдгүүдийн хэлсэн таван тайлбар тутмын нэг нь асуултын тэмдгээр төгсдөг байна.

Тавдугаарт, шилдгүүд өөрийн болон нөгөө талын сэтгэл хөдлөлийг анзаарч байдаг. Жишээлбэл, ямар нэг зүйлд урам нь хугарсан бол үүнийгээ илэрхийлж, мөн адил мэдрэмж төрж байгаа эсэхийг нөгөө талаасаа ч лавладаг.

Хэрэв та эдгээр ялгааг сайтар ойлгож авбал өөртөө хэт итгэхээс ангижирч, хүмүүсийг байр сууриа өөрөөр харж, сэтгэхэд нь нөлөөлж чадна.

Алмааз дээрх цус: Хэвшмэл ойлголтыг өөрчилснөөр гадуурхлыг үгүй хийх

Хүмүүс маш олон итгэл үнэмшлийг дагаж мөрддөг ч түүндээ эргэлзэж, асуулт асуух нь бараг үгүй болохыг сэтгэл судлаачид олж тогтоожээ.

Энэ хэсэгт “хүмүүс яагаад хэвшмэл ойлголтыг үүсгэдэг вэ, тэдгээрийг өөрөөр сэтгэхэд нь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн асуултад хариулна.

Энэ бол өргөн хүрээний асуулт бөгөөд хариулт нь баримтын эсрэг сэтгэх гэж сэтгэл судлалд нэрлэдэг зүйлд оршдог.

Амьдралынх нь нөхцөл байдал арай өөрөөр өрнөж, дэлхийг үзэх үзлийг маань өөрчилвөл яах вэ хэмээн төсөөлөхийг уг сэтгэлгээ нь хүмүүсээс шаарддаг.

Жишээлбэл, хүмүүсээс дараах асуултыг асууж болно:

  • Хэрэв та хар, ази, уугуул америк, испани хүн болж төрсөн бол таны хэвшмэл ойлголт ямар байх байсан бэ?
  • Хотод бус хөдөө төрсөн бол таны үзэл бодол хэр өөр байх байв?
  • Хэрэв та 1700-аад онд төрсөн бол та юунд итгэх байсан бэ?

Өмнө нь харанхуйгаар үзэн яддаг байсан хүмүүс нь үнэндээ тийм ч муухай биш гэдгийг ойлгоход эдгээр асуулт туслах юм. Улмаар хэрэв өөр орчин нөхцөлд байсан бол тэс өөр хэвшмэл ойлголттой болох байсан гэдгээ ухаарснаар гадуурхах хүслээ бууруулах боломжтой.

Вакцин шивнэгчид болон зөөлөн зантай байцаагчид: Сайн сонсох нь хүмүүсийг өөрчлөлтөд хөтөлдөг тухай

Сүүлийн хагас зуун жилд улаан бурхнаар өвдөгсдийн тоо нэмэгдэж буй нь хангалттай олон хүн вакцин хийлгэхгүй байгаад бус харин шинжлэх ухаанд итгэхгүй байгаагаас ихэнхдээ болж байна. Вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг торгож, шоронд хийсэн ч үр дүнгээ өгсөнгүй.

Ийм тохиолдолд шагнал, урамшууллын аргад найдахаас илүүтэйгээр урвуу харизм буюу сайн сонсогчийн соронз мэт сайн чанарт шийдэл нь оршиж буй гэж Грант зөвлөжээ.

Таны ашиглаж болох нэг хүчирхэг сонсох техникийг урамшуулах ярилцлага гэж нэрлэдэг. Энэ бол зан авирын шинжлэх ухааны салбарын хамгийн батлагдсан, хамгийн амжилттай практик онол юм.

Уг онол нь гурван гол техник дээр үндэслэдэг:

  • Товч хариулах боломжгүй асуулт тавих
  • Эргэцүүлэн бодож сонсох
  • Нөгөө хүний хүсэл болон өөрчлөгдөх боломжийг нь бататгах

Хүмүүс зөвлөгөөг үл хайхардаг нь санал нэгдэхгүй байгаадаа бус харин өөр хүн шийдвэрийг нь хянаж байгаа гэсэн мэдрэмжийг эсэргүүцдэг төрөлхийн зангаас нь болдог байна.

Энэ чиглэлээр хийгдсэн судалгаануудаас үзэхэд хүнийг ойлгодог, шүүдэггүй, анхааралтай сонсдог хүнтэй харилцаж байгаа тохиолдолд хүмүүс сонголтоо илүү гүн гүнзгий эрэн хайх, сонголтоосоо илүү их ач холбогдлыг олж харах, бодлоо илүү нээлттэй хуваалцах зэрэг занг гаргадаг нь харагджээ.

Товчхондоо бол тэд бодлоо өөрчлөх шалтгаан, сэдлийг нээх, тэр тухай ярих илүү их эрх чөлөөтэй болдог байна.

Бүлэг 3: Багаараа өөрөөр сэтгэх: Насан туршдаа суралцагчдын бүлгийг үүсгэх

Цэнэгтэй яриа: Хуваагдмал яриануудаа өөрчлөх

Сэтгэл судлаачдын хоёрдмол гажуудал гэж нэрлэдэг зүйлс хүмүүст байдаг аж. Тодорхой байдалд хүрэх, дүгнэлт гаргахын тулд хүмүүс адармаатай цогц зүйлийг хялбаршуулан ихэнхдээ хоёр туйлд хувааж авч үздэг байна.

Ийм сул талыг шийдэхийн тулд цогцжуулах буюу тухайн сэдэвтэй хамаатай олон янзын боломжит сонголт, үзэл байж болохыг харуулах юм.

Адармаатай цогц асуудлыг танилцуулахдаа энэ сул талыг нь үгүй хийхийн тулд та анхааруулгыг багтаах хэрэгтэй. Нэг эсвэл цуврал судалгаа нь эцсийнх байх боломжгүй. Эрдэмтэд адармаатай, хэцүү нээлтээ танилцуулахдаа олон тооны график, зураглал ашигладаг нь үүнтэй холбоотой юм.

Сурах бичгийг шинээр бичих: Мэдлэгтээ эргэлзэж сурахыг оюутнуудад заах

Ганц хүн (багш) лекц унших замаар сурагчдад мэдээлэл хүргэдэг боловсролын системд бид нар сурч боловсорсон.

Сүүлийн 10 жилд технологи ихээхэн хөгжсөн ч энэхүү парадигмийг өөрчилсөнгүй. Бид ердөө л нэг аргыг илүү том хэмжээгээр ашиглахдаа л сайн болсон байна.

Лекц нь сонирхолтой, маш их мэдээлэл өгөх боломжтой гэдгийг TED Talks, бусад видеоноос харж болох ч Грант энэ нь сургалтын зөв арга мөн эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Үнэхээр ч сургах төдийгүй дасан зохицох тал дээр ч энэ бол зөв арга биш юм. Учир нь багш нар харилцан яриа, маргааныг лекцдээ багтаадаггүй агаад үүний улмаас сурагчид нь идэвхтэй сэтгэгчид бус харин мэдээллийн пассив хүлээн авагчид болж хувирч байна.

Үүний эсрэг ерөндөг нь идэвхтэй суралцах бөгөөд энэ нь суралцагч сурах процесст илүү гүнзгий холбогдохыг хэлж байгаа юм.

Гэрийн даалгавраа хийх явцдаа сурсан зүйлдээ эргэлзэх, нийтлэг ойлголтыг сөрөх, ангид үзсэн сэдэвт эргэлзэх нь чухал гэдгийг Грант Wharton их сургуулийн оюутнууддаа заадаг байна.

Түүний энэхүү даалгавраас төрж гарсан нэг санаа нь “сонирхлын ярианы өдөр” буюу оюутнууд өөрсдийн сонирхдог, дуртай зүйлсийн талаар танилцуулга хийж, бүтэн өдрийн турш “сонирхлын” яриа өрнүүлдэг ажиллагаа аж. Ингэснээр оюутнууд суралцах арга барилаас гадна хэнээс (бүх хүнээс), хэрхэн суралцах талаараа өөрөөр сэтгэж эхэлдэг байна.

Бид ингэж хийдэггүй: ажлын орчинд суралцах соёлыг үүсгэх

Өөрөөр сэтгэх нь зөвхөн хувь хүнээс бус соёлоос нь төрж гардаг байгууллагын хэмжээний ур чадвар юм.

Гүйцэтгэлд тулгуурласан соёлтой компаниуд стандарт үйл ажиллагааны журамдаа “хадагдсан” байдаг. Энэ нь тийм ч муу зүйл биш, учир нь энэ бол үр дүнд хүргэх батлагдсан арга юм. Гэхдээ хүмүүс уг процесс төгс биш байж болох юм, яаж сайжруулах вэ гэж бодохоо больж эхлэх цагт ийм систем нь давуу бус сул тал болж эхэлнэ.

Харин ажлаа хийх шинэ, илүү сайн арга замыг байнга эрж хайдаг, үргэлжийн суралцдаг соёл нь сэтгэл зүйн тайван байдал болон хариуцлагын хослол дээр үүсдэг байна. Энэ хослол нь хоорондоо эрс ялгаатай мэт боловч хоёул зэрэг орших үедээ асар үр дүнтэй байдаг юм.

Сэтгэл зүйн тайван байдалтай атлаа хариуцлагагүй газарт хүмүүс тухтай бүсдээ шигдэх нь элбэг. Харин хариуцлага байдаг ч тайван байдал үгүй бол хүмүүс санаа зовнилын бүсдээ чив чимээгүй байдаг.

Сэтгэл зүйн тайван байдал хэмээх нэршлийг Харвардын их сургуулийн Эми Эдмондсон хэрэглээнд оруулсан бөгөөд энэ нь алдаа гаргасан бол шийтгэхгүй гэсэн итгэл юм. Ингэснээр байгууллагыг хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бүтээлч байдал болон багахан хэмжээний эрсдэл гаргах явдлыг улам урамшуулдаг байна.

Тэгвэл байнга суралцдаг байгуулллагыг хэрхэн бий болгох вэ?

Сэтгэл зүйн тайван байдлыг үүсгэхийн тулд та өөрийн алдаа, дутагдлыг багийнхаа өмнө ил тодоор хүлээн зөвшөөрч, бүтээлч шүүмжлэл хэлэхийг дэмжих ёстой. Энэ нь бусад хүнийг ч алдаа гаргаснаа хэлэх, хүлээн зөвшөөрөх орчныг бүрдүүлж, алдаагаа нуух бус харин шийдвэрлэхэд анхаардаг болгоно.

Хариуцлагын соёлыг бий болгохын тулд хүн бүрээр “та яаж мэдэж байгаа юм бэ?” гэж асуулгах хэрэгтэй. Тухайлбал, “энэ шинэ аргыг туршвал бүтэхгүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?”, эсвэл “үүнээс болж ийм алдаа гарсан гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?” гэх мэт асуулт. Энэ бол урагш ахих илүү сайн замыг олоход бүх хүний анхаарлыг төвлөрүүлэнгээ санал бодлыг баримт гэж сохроор хүлээн зөвшөөрөхгүй байх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Дүгнэлт

Бараг бүх зүйлийг өөрөөр сэтгэхийг шаардаж буй өнөөгийн ертөнцөд энэ ном нь бидэнд үр дүн, ашиг тусаа өгөхөө больсон мэдлэг, үзэл бодлоо орхиж, тогтвортой байдал бус уян хатан байдлаас өөрийгөө олж харахад туслах юм.

0 Shares
Хариу үлдээх