Зохиолч: Жэйсон Фрид, Дэвид Хайнемайер Ханссон
Зайнаас ажиллах
Цар тахал 2020 онд дэлхийн ихэнх ажиллах хүчнийг зайнаас ажиллахад хүргэхээс өмнө эл ном бичигдсэн юм.
Төслийн менежментийн Basecamp программыг боловсруулсан Basecamp болон мэйл үйлчилгээний Hey компани нь анх байгуулагдсан цагаасаа зайнаас ажиллаж иржээ.
2020 оноос өмнө тэд Чикагод оффистой байсан ч ихэнх ажилтан нь дэлхий даяар тархан ажилладаг, Чикагод ажилладаг нь хүссэнээрээ оффистоо ирж ажилладаг байв.
Цар тахал гарсны дараа тэд 100 хувь зайнаас ажилладаг болж, өдгөө огт оффисгүй болжээ. Цар тахал намжсаны дараа ч зайнаас ажиллах нь бидний амьдралын нэг хэсэг байсаар байх бөгөөд бид үүнд суралцах ёстой юм.
Ингээд дэлхийн хамгийн амжилттай жижиг компаниудын нэг хэрхэн зайнаас ажилладаг болоод энэ нь компани, ажилтнуудад хэрхэн нөлөөлдөг талаар өгүүлье.
Зайнаас ажиллахад тохирох үе
Зайнаас ажиллах талаар авч үзэх цаг нь ирснийг илтгэх хэд хэдэн шалтгаан бий.
Бутархай байдлаар сайн ажиллах боломжгүй
Ажлаа бүрэн гүйцэд хийхийг хүсдэг хүмүүсийн хувьд оффис хамгийн сүүлийн сонголт болсоор ирэв. Учир нь оффис таны цагийг олон жижиг хэсгүүдэд хуваадаг, улмаар янз бүрийн гэнэтийн хүсэлтийн улмаас тасалдуулдаг учраас дэлхийн хамгийн шилдэг сатаарлын үйлдвэр болоод байгаа юм.
Чухал ажлуудыг урт хугацаанд сатааралгүй хийх ёстой байдаг. Бүтээлч ажил, стратегийн ажил, төлөвлөлтийн ажил зэрэг нь цаг хугацаа, орон зайны хувьд “урсгалд орох”-ыг шаарддаг. Хэрэв таны нойрыг 15 минут эсвэл хагас цаг тутамд тасалдуулвал та маш их ядарч сэрэх байх. Ажлын хувьд ч мөн адил бөгөөд жижиг бутархай хэсгүүдэд хуваах байдлаар ажлаа сайн хийх боломжгүй юм.
Ажил руугаа зорчих нь хүмүүсийн амьдралыг үрж байна
Бид бараг боддоггүй боловч бүтээмж болон хувь хүний сайн сайханд ихээхэн нөлөөлдөг зүйл. Хэрэв та ажилдаа очих, буцахад талдаа 45 минут зарцуулдаг бол жилд бараг 400 цагийг ажилдаа ирж, очиход зарцуулах юм. Энэ нь ажлын 10 долоо хоногтой тэнцэнэ. Үүнд зарцуулж буй зардлыг тооцоогүй гэдгийг санаарай.
Ихэнх ажлыг 9-5 цагийн хооронд хийх албагүй
Бидэнд технологийн дэвшлийн олгосон хамгийн том давуу талуудын нэг бол ажлыг заавал нэг газарт зэрэг хийх шаардлагагүй (гэхдээ үйлдвэр зэрэг ажилтан заавал очиж хийх ёстой ажлуудыг үл тооцвол) болсон явдал юм.
Жишээлбэл, та гэр бүлийнхээ цагийн хуваарь, танд хамгийн их эрч хүч өгдөг цаг, унтах цаг зэрэгтээ тааруулж ажлаа хийж болно. Хэрэв 9-5 цагийн хооронд ажиллах ёстой гэсэн сэтгэлгээнээс салж чадвал та ажилтнуудын бүтээмж болон сайн сайхны төлөө маш их зүйл хийсэнд тооцож болно.
Гэвч 9-5 цагийн хооронд ажиллах сэтгэлгээ өнөөгийн нийгэмд бат шингэсэн учраас энэ санааг бизнестээ хэрэгжүүлье гэвэл та маш их саадыг давах ёстой болно. Энэ талаар одоо авч үзнэ.
Шалтагтай нүүр тулах
Зайнаас ажиллахыг хүсдэггүй хүмүүсээс та олон янзын шалтаг сонсоно.
“Бүгд нэг өрөөнд байгаа тохиолдолд л ид шид тохиолдоно” гэдэг нь эхний шалтаг. Жааз дууны хамтлаг, бүтээлч, төлөвлөх болон стратегийн ажил зэрэг нэг дор, хамтдаа хийх ёстой ажлууд байдгийг үгүйсгэхгүй.
Гэхдээ Ханссоны онцолсноор ийм төрлийн ажлыг видео хурал хийх замаар маш сайн (заримдаа биеэр уулзсанаас илүү бүтээмжтэйгээр) гүйцэтгэж болно гэдгийг цар тахал харуулсан ажээ.
Харахгүй л бол хүмүүсийг ажлаа хийж байгаа үгүйг нь мэдэх боломжгүй гэдэг нь хоёр дахь шалтаг юм. Гэхдээ нэг анхаарах зүйл бол залхуу ажилтнууд яг таны өмнө сууж байсан ч ажлаа хийдүүлж л байдаг. Харин бүтээлч хүмүүс нь таныг хажууд нь суугаад хараагүй байсан ч ажилласаар л байх болно. Харин ч зайнаас ажиллах нь компани доторх бүтээмж муутай хүмүүсийг таних, тэднийг сайн ажиллуулах боломж өгнө.
Гэр орон сатаарлаар дүүрэн гэдэг нь гурав дахь шалтгаан юм. Энэ үнэн байх магадлалтай ч оффисоос илүү гэвэл үгүй юм. Хэрэв гэр орны сатаарал асуудал болдог бол та кофе шоп, номын сан, дундын оффист ажиллаж болно.
Дөрөв дэх шалтаг бол олуулаа зайнаас ажиллах нь аюулгүй байдлын эрсдэлтэй гэдэгт оршино. Гэхдээ Ханссоны онцолсноор зайнаас ажиллахыг оффист ажиллахтай адилаар аюулгүй болгох олон арга бий аж.
Хэрэв том компаниуд ашиглахгүй бол яагаад бид тэгэх ёстой гэдэг нь тав дахь шалтаг юм. Цар тахлын өмнө энэ шалтаг үнэний хувьтай байсан ч IBM, Accenture, eBay зэрэг томчууд зайнаас ажиллахыг хөхиүлэн дэмждэг болоод байна.
Ажилтнууд нь зайнаас ажиллах болсноор оффист ажилладаг шигээ, заримдаа илүү ихийг хийх болсныг анзаарсны улмаас зайнаас ажиллахыг байнгын горимоо болгосон Цахиурын хөндийн олон компанийг уг жагсаалтад нэмж болно.
Эцэст нь “оффист маш их мөнгө төлдөг/төлсөн” гэх шалтаг. Мэдээж энэ бол нөхөгдөшгүй зардлын тод жишээ бөгөөд үүнийг зайнаас ажиллахтай холбоотой шийдвэртэй шууд холбож ойлгох нь буруу юм. Компани зөвхөн зайнаас ажиллахтай шууд холбоотой зардал, ашгийг л тооцох ёстой.
Яагаад зайнаас ажиллах нь зөв болох, үүний эсрэг шалтгуудын талаар өгүүлсэн тул одоо хэрхэн зайнаас сайн ажиллах талаар өгүүлнэ.
Зайнаас хэрхэн хамтарч ажиллах вэ
Оффист ажиллахаас зайнаас ажиллах горимд шилжихдээ олон зүйлийг зөв хийх ёстой болно.
Нэгдүгээрт, зайнаас ажиллах нь ажлын цагтай заавал давхцаж байх ёстой. Зэрэг ажиллахгүй байх болон зэрэг ажиллахын хоорондох зөв тэнцвэрийг олохын тулд ажлын цагтай багадаа дөрвөн цагаар давхцаж байвал хамтын ажиллагаа тасалдаж, хоцрохгүй байх юм.
Хоёрдугаарт, аливаа ажлын нийгмийн нөлөөг үл хайхарч болохгүй. Оффист хүмүүс кофены машин, ус цэвэршүүлэгчийн дэргэд уулзаж, ярилцдаг. Танайх ямар ч технологи ашигладаг байсан нийгэмших үйл явцад анхаарах хэрэгтэй.
Гуравдугаарт, компанид болж буй үйл явдлын талаар бүгд мэдээлэлтэй байх ёстой. Хамгийн багадаа долоо хоног бүр өөрсдийнхөө хийж буй ажил, ирэх долоо хоногийн төлөвлөгөөний талаар хүн бүр бусдадаа мэдээлдэг байх нь зүйтэй.
Дөрөвдүгээрт, уулзалтыг хийхдээ бодлоготой бай. Хүмүүсийн цагийн хуваарийг Zoom, Teams-ийн уулзалтаар дүүргэх нь ажил урагшлуулах зөв арга биш бөгөөд харин ч энэ нь оффист ажиллахаас илүүтэйгээр хүмүүсийг ядраадаг гэдгийг бид цар тахлын үеэр ухаарсан билээ. Хэрэв ингэх юм бол та зайнаас ажиллахын бүхий л давуу талыг үгүй хийж орхино.
Нэн чухал зүйл дээрээ ажиллах цаг, орон зайг хүмүүстээ өгч бай.
Луунаас болгоомжил
Зайнаас ажиллах орчныг та компанидаа төгс бүрдүүлсэн ч гэсэн анхаарах ёстой занга байхгүй гэж бодох нь гэнэн хэрэг юм.
Эхний занга бол орон зайн бачуурал юм. Цар тахлын үеэр энэ үзэгдэл тод харагдсан. Хэрэв гэрээсээ гарахгүй удвал энэ нь санаа зовнилын нэг үүсвэр болдог. Тиймээс гэрээ ажлын байр болгосон ч гэрээсээ гарч кофе шоп, дундын оффист очиж ажилла.
Хоёр дахь занга бол ажил-амьдралын тэнцвэр юм. Менежерүүдийн хамгийн том айдас нь (ажилтнууд нь зайнаас сайн ажиллахгүй байх) огт үндэслэлгүй аж. Харин илүү санаа зовох ёстой аюул бол хэт их ажиллах буюу үргэлж онлайнд байх юм. Ажил болон гэрийн амьдралын хооронд зааг үүсгэж, ажлаа дууссан л бол бүрмөсөн онлайн орчноос гарах хэрэгтэй.
Гурав дахь занга нь зайнаас ажиллах нь та болон таны компанид ашигтай эсэхийг шалгахтай холбоотой. Муу тестийн жишээ бол нэг ажилтнаа зайнаас ажиллуулаад түүнийг ажлаас нь тусгаарлах явдал юм. Харин сайн тест нь багаараа зайнаас ажиллангаа тэдний ажлын чанар, хэмжээнд анхаарах юм.
Дөрөв дэх занга бол танай компанийг зайнаас ажиллах болсонд тийм ч таатай бус хандаж буй хэрэглэгч, харилцагч, бусад оролцогч талуудтай харилцах юм. Үүнийг шийдэхийн тулд уг асуудлаар тэдэнтэй ярилцаж, танай компанийн ажлын бүтээмж буурахгүй, харин ч улам сайжирна гэдгийг нотлох хэрэгтэй.
Шилдгүүдийг ажилд авч, ажиллуулах
Зайнаас ажиллахын нэг давуу тал нь танай сайн ажилтнуудын тоо ихээхэн нэмэгддэгт оршино. Өөр хот, эсвэл дэлхийн нөгөө захаас гээд таны өмнө нь төсөөлж ч байгаагүй газраас сайн ажилтныг та элсүүлж эхэлнэ. Ингэхдээ харилцааны чанарт анхаарах хэрэгтэй, учир нь хэлний бэрхшээл асуудал болж магадгүй.
Зайнаас ажиллах хүнийг ажилд авахдаа ажилд авах процессоо тодорхой, боловсронгуй болгох ёстой. Ажилд авахдаа элдэв заль мэх ашиглах шаардлагагүй бөгөөд өмнө нь хийж байсан ажил, бүтээгдэхүүний загвараас явуулахыг хүсэхэд л болно. Дизайнер ажилд авах бол хийсэн ажлуудыг нь шалга. Хэрэглэгчид үйлчлэх менежер авах бол хэрэглэгч нарын тавьдаг асуултаас жишээ болгон асуу.
Зайнаас ажиллах ажилтан авч байгаа учраас биечлэн уулзах хэрэггүй гэж ойлгох ёсгүй. Харин ч зохиолчдын зөвлөснөөр ажилтан авахдаа биечлэн уулзвал тэдний талаар илүү ихийг мэдэж авах юм. Ажил горилогч цагтаа ирэв үү, хүмүүстэй зөв харилцаж чадаж байна уу, хүний хувьд ямар хүн бэ гэх мэт.
Нөгөөтээгүүр, сайн ажилтан олсон бол тэднийг авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Амралтын зардлыг нь даах (бэлэн мөнгөний оронд), хоббитой болоход нь туслах зэргээр жижиг зүйлс (оффисоо жижигрүүлж эсвэл оффисгүй болсноор хэмнэсэн мөнгөө ашиглан) ч үр дүнгээ өгнө.
Зайнаас ажиллагсдыг удирдах
Зайнаас ажилладаг багаа хэрхэн удирдах вэ гэсэн чухал сэдэв рүү оръё.
Нэгдүгээрт, зайнаас ажиллахад тохиромжтой хугацааг тогтооно. Хэрэв та зайнаас ажиллах нь компанийн ирээдүй гэж үзэж байгаа бол ийм шилжилтийг аль болох эрт хийх нь зөв гэж зохиолчид зөвлөжээ. Компани тэр чигээрээ зайнаас ажиллах боломжгүй бол багаас эхэл.
Хоёрдугаарт, зайнаас ажиллах нь үлгэрт гардаг ид шидийн улс биш агаад та багаа удирдах, ажлыг нь хийлгэх үүргээ гүйцэтгэх ёстой. Хүмүүсээ юу хийж байгааг нь мэдэхгүй бол та ажлаа бүтээмжтэй хийж чадахгүй. Тиймээс үүн дээр илүү анхаарч, харин хэзээ, хаана ажлаа хийх тал дээр нь бага санаа зовох хэрэгтэй.
Үүний тулд та багийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалтыг байнга хийх ёстой. Ингэснээр тэдний ажлын бүтээмж дээр зөвлөгөө өгөх, зайнаас ажиллахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг нээлттэй, байнгын харилцааг бий болгоно.
Гуравдугаарт, энэ мэт давуу тал бий ч заримдаа багаараа нүүр тулан уулзах нь зүйтэй. Бодит амьдрал дээр уулзсан хүнтэйгээ хамтран ажиллах нь хүмүүст илүү амар байдаг. Том төслийг эхлүүлэх, эсвэл ажлаа дуусгахдаа хамтдаа түр хугацаанд оффист ажиллах нь авууштай санаа мөн.
Эцэст нь бага ажиллах бус хэт их ажиллахгүй байхад анхаар. Хэрэв та менежерийн ажлаа сайн хийвэл хүмүүс оффист ажилласнаас ялгаагүй, бараг илүүтэйгээр ажлаа гүйцэтгэх болно. Харин гэр-ажлын ялгаа бага учраас хүмүүс хэт их ажллаж ядаргаанд орох нь илүү их анхаарах ёстой асуудал юм. Хүмүүс их ажиллах нь захирлуудад таатай санагдаж болох ч ажилтнууд нь төсөл дуусах үед, эсвэл дарамт их үед гэх мэтээр буруу үедээ ядаргаанд орж, сэргэх нь удаан байдаг зүйл харагддаг.
Зайнаас ажиллагчийн амьдрал
Зайнаас ажиллангаа амжилтад хүрэхийн тулд таны анхаарах ёстой зарим зүйлийг танилцууулъя.
Нэгдүгээрт, ажлын хуваарь гарга. Жишээлбэл, та орноосоо босоод унтлагын хувцастайгаа шууд ажил руугаа шумбан орох боломжтой ч “ажлын хувцсаа өмсөх” талаар бодож үзэх хэрэгтэй. Жишээлбэл, дэлгүүрээс кофе авч орж ирээд ажлаа эхлүүлж болно.
Хоёрдугаарт, ажлын өдрөө олон хэсэгт хуваа. Ядахнаа бусадтайгаа ярилцах, хамтран ажиллах, мөн чухал ажлаа төвлөрч хийх цаг гарга.
Гуравдугаарт, өөр зүйл хийхгүй тусдаа буюу ажлын орчныг гэртээ үүсгэх нь зөв.
Дөрөвдүгээрт, ажлын хуваарь, дадлыг бий болгосон байлаа ч өөр орчинд ажиллаж үзэхийг хичээ. Мэйлээ ухах, бүтээлч ажил хийх, видео дуудлага хийхэд тохирох өөр өөр орчныг ол. Ширээтэйгээ гагнагдаагүй учраас та ажлаа хамгийн дээд түвшинд хийх эрх чөлөөгөө ашиглах хэрэгтэй.
Дүгнэлт
Хүмүүсийн ажиллах арга барил өөрчлөгдөж байгаа бөгөөд хэрэв танайх зайнаас ажиллаж эхлээгүй бол ойрын ирээдүйд тийн ажиллах магадлал их. Хэрэв тийм цаг ирвэл энэ номд дурдсан санаа, стратегийг ашиглан зайнаас амжилттай ажиллахыг зөвлөе.