Зохиолч: Салим Исмайл
Үлэмж өсөгч компаниуд
Бусад ижил төрлийн компаниудаас нөлөөлөл нь багадаа 10 дахин их, сэтгэлгээ нь ихэнх компаниас ялгаатай компанийг бий болгох тухай Exponential Organizations номыг Салим Исмайл бичжээ.
Энжел хөрөнгө оруулагч Дэвид Роуз нэгэнтээ “20-р зуунд амжилттай ажиллаж чадах компани 21-р зуунд бүтэлгүйтэх ерөөлтэй” гэж хэлсэн. Тус номоос бизнесээ ирээдүйн ертөнцөд бэлтгэх замын зурагтай танилцах болно.
Мүүрийн хуулийг ойлгох нь
Мүүрийн хууль гэж юу вэ? Компьютерийн тооцооллын хүчин чадал 18 сар тутамд хоёр дахин нэмэгддэг гэж тус хууль үздэг. Энэ хууль сүүлийн 60 жилд батлагдсаар ирсэн юм.
Хоёр дахин өсдөг эл тренд мэдээллийн технологид ч сонирхолтой үр дүн авчирдаг гэдгийг бестселлер номын зохиолч, зохион бүтээгч, ирээдүйг судлаач Рэй Курцвэйл анзаарсан байна. Өөрөөр хэлбэл, танай компани мэдээлэлд суурилсан орчинд шилжвэл хөгжлийн хурд нь Мүүрийн хуульд гардаг шиг асар ихээр нэмэгддэг аж.
Бизнесийн орчинд буй нэг асуудал бол асар их өөрчлөлтийн үед ихэнх эксперт өсөлтийг шугаман байдлаар төсөөлдөг нь юм. Бүх зүйлийг мэдээлэл боломжтой болгож байгаа орчинд энэ нь жинхэнэ бэрхшээл болж хувирна. Сайн мэдээ гэвэл бүх зүйлийг мэдээллийн ачаар боломжтой болгож эхэлсэн нь эрс өөрчлөлт авчрах боломжуудыг өгч байна.
Энэ өөрчлөлтийг хөдөлгөж буй хоёр хүчин зүйл бий:
1. Компанийн бүтээгдэхүүний зарим хэсэг мэдээллийн технологиор дамжин хэрэгждэг болсон учир мэдээлэл хоёр дахин өсдөг шинж чанарыг нь тусгаж авч болно
2. Мэдээлэл нь шингэн учраас бизнесийн үйл ажиллагааг байгууллагаас гадагшаа буюу хэрэглэгч, фэн, хамтрагч, олон нийт рүү шилжүүлж болно.
Энэ шилжилтийн үед бид яах ёстой вэ?
Шилжилтийн томоохон зорилготой бол
Үлэмж өсөгч компаниудад байдаг нийтлэг зүйл бол байгууллагад урам зоригч өгөгч зорилго буюу Өөрчлөгч томоохон зорилго (Massive Transformative Purpose-MTP) юм. Зохиолчид номдоо TED-ийн “Ideas worth spreading”, Google-ийн “Organize the world`s information” гэсэн MTP-ийг жишээ болгон дурджээ.
Анхаарах ёстой нэг чухал зүйл бол МТР нь байгууллагын судлаач Жон Сийли Брауны нэрлэсэн “Таталтын хүч”-ийг бий болгож чаддаг байх ёстой юм. Таталтын хүч бол таны хийж буй ажлын эргэн тойронд хөдөлгөөн үүсгэх чадамж юм.
Гадаад шинж чанар: SCALE
Үлэмж том байгууллагыг тодорхойлдог таван гадаад хүчин зүйл байдаг агаад товчилж S.C.A.L.E гэж нэрлэдэг.
1) (Staff) Хүн хүч
Мэдээллийн хүчийг ашигладаг бизнест боловсон хүчнийг ихээр ашиглах нь шаардлагагүй, бүтээмжид сөрөг нөлөөтэй, өндөр зардалд тооцогддог болжээ.
Фрийлансер, гэрээт ажилтнуудыг олох, удирдахад хэцүү байсан бол одоо тэднийг хайж олох, хөлслөх нь тун хялбар болсон учраас энэ нь тун боломжит сонголт болж эхэллээ. Та бизнесийнхээ ямар ч үйл ажиллагаа, төсөл, даалгаврыг oDesk, Elance, TaskRabiit болон өөр бусад платформыг хослуулан ашиглах замаар гүйцэтгэх боломжтой болсон. Түүнээс гадна 2020 он гэхэд дэлхий даяар ухаалаг гар утас, таблет, интернэт кафе зэргээр дамжуулан ажиллах боломжтой хүний тоо 5 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий.
2. (Community and crowd) Нийгмийн бүлэг болон хүмүүс
Wired Magazine-ийн редактор асан, өдгөө DIY Drones бүлгийн (55 мянган гишүүнтэй) тэргүүн Крис Андерсон “Хэрэв та нийгмийн бүлгийг үүсгэж, хүмүүсийн нүдэн дээр ажлаа хийдэг бол зөв хүмүүсийг олоh шаардлагагүй, тэд өөрсдөө таныг олно” гэж хэлсэн юм.
Зохиолчийн үзэж буйгаар Үлэмж том байгууллагыг хүрээлүүлэн нийгмийн бүлэг үүсгэх гурван алхам байдаг ажээ.
- Адилхан хүсэл сонирхол бүхий анхны гишүүдийг татахын тулд МРТ-гээ ашигла
- Тэрхүү бүлэгтээ анхаар, халамжил. DIY Drones-ийн гишүүдэд Андерсон өглөө бүр гурван цагийг зориулдаг.
- Хүмүүс хоорондын харилцааг автоматжуулахын тулд платформ үүсгэ. Жишээлбэл, Github-ийн хэрэглэгчид бие биенийхээ кодыг үнэлж, дүгнэдэг бол Uber-ийн жолооч, зорчигч нар бие биенээ үнэлдэг.
Таны татах ёстой хүмүүсийн дотор ажилтнууд, харилцагч, ханган нийлүүлэгч, хамтрагч, хэрэглэгч, фэнүүд байх ёстой. Хэрэв тэдгээр хүмүүс танай үүсгэсэн бүлэгт багтаж байгаа бол бусад хүмүүс харин танай компанийн төлөө ажиллахад бэлэн байх ёстой юм. Цахиурын хөндийн алсын хараатан Билл Жой “Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүс таны төлөө ажилладаггүй” гэж хэлсэн нь тун алдартай. Өөрийн бий болгосон бүлгийн гадна байгаа хүмүүстэй холбоо тогтоож, тэднийг ажилд авах нь танай байгууллагыг улам уян хатан болгоод зогсохгүй ажиллах хүчний тоо, ялгаатай байдлын улмаас суралцах, сурснаа мартахад илүү сайн болгож өөрчилнө.
3. (Аlgorithms) Алгоритм
Машин сургалт нь аймаар сонсогдож болох ч энэ бол бизнесийн ирээдүй юм.
2002 онд Google-ийн орлого хагас тэрбум доллар хүрэхгүй байсан бол 2012 онд гурван өдрийн дотор л төдий хэмжээний орлого олж байна. Эл өсөлтийн төвд нь вэб хуудаснуудын хандалтыг үнэлж жагсаадаг PageRank алгоритм байсан юм.
Өсөлтийн дараагийн давлагааг чиглүүлж буй хоёр төрлийн алгоритм бий:
(1) Машин сургалт: шинэ, өмнө тохиолдож байгаагүй даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх чадвар.
(2) Гүн сургалт: нейрон сүлжээний технологид үндэслэсэн машин сургалтын шинэ бөгөөд сонирхолтой бүлэг. Түүхэн болон сургалтын өгөгдөл ашиглалгүйгээр шинэ хэв маягийг олж нээх боломжийг машинд олгодог юм. Нялх хүүхэд эхлээд дуу чимээг, дараа нь үг, өгүүлбэр, хэл сурдагтай адилхан зарчмаар ажилладаг гэж ойлгож болно.
Гүн сургалтын алгоритм нь тоглоомын зааварыг ойлгосны үндсэн дээр видео тоглоом тоглох, ур чадвараа сайжруулах чадамжтай юм. Үүний цаана цагаан захтай хүмүүсийн хийдэг ажлуудыг машинууд орлох эрс шинэчлэл айсуй.
Итгэхгүй байна уу? American Psychological Association-ий явуулсан 17 судалгаанаас харахад энгийн алгоритм нь хүний нөөцийн ажилтантай харьцуулахад шинэ ажилтныг амжилттай авах тал дээр 25 хувийн илүү сайн үр дүн үзүүлжээ.
4. (Leveraged asset) Хараат бус хөрөнгө
Гол санаа нь бизнестээ маш чухал хөрөнгүүдийг эзэмшиж, бусдыг нь аутсорсинг хийхэд оршиж байна.
Үүний хамгийн тод жишээний нэг бол ялгаатай үнээр шаардлагатай үедээ үйлчилгээ авах боломжийг олгодог Amazon Web Services юм. Тус үйлчилгээ нь өмнө нь төсөөлөх боломжгүй байсан арга байдлаар технологийн ертөнцийг эрс өөрчилсөн билээ.
Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд өмнө нь олон мянган доллар шаарддаг байсан бол одоо кредит картдаа хэдхэн доллартой байхад л стартапыг хялбархан эхлүүлэх боломжтой болсон. Танай өрсөлдөгчид ч чухам ийм байдлаар яг одоо байгуулагдаж байгаа.
Энэ санааны гол жишээ бол алсын хараанд нь тун чухал ямар ч хөрөнгийг эзэмшдэггүй Uber компани билээ. Дэлхий даяар олон сая хүнийг зөөвөрлөдөг машинуудын эзэд нь жолооч нар нь өөрсдөө байдаг.
Нэн ховор нөөц, хөрөнгийг эзэмшихийг эс тооцвол хөрөнгөгүй байх нь ирээдүйг эзэмших түлхүүр юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэн ховор эх үүсвэр, нөөц, хөрөнгийг эзэмшиж, өөрийн болгох нь илүү зөв сонголт агаад харин мэдээллээр дамждаг хөрөнгө эсвэл солилцож болох хөрөнгийг эзэмших бус ашиглах нь зөв юм.
5. (Engagement) Оролцоо
Сугалаа, нислэгийн миль цуглуулах зэрэг хэрэглэгчийн оролцоо, идэвхийг дэмжсэн аргууд эртнээс хэрэгжиж ирсэн. Өдгөө тэдгээр аргуудыг мэдээллээр дамжуулан хийж, нийгмийн сүлжээнд оруулсан учир оролцооны хүч чадал нь бүр нэмэгдлээ.
Оролцооны хөтөлбөрийг дэмжих гол шинж чанарууд:
- Ил тод байдлыг эрэмбэлэх
- Бие даах чадвар
- Хамтрагчдын дарамт
- урт хугацааны зан араншингийн өөрчлөлтийг үүсгэхийн тулд сөрөг бус эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэ
- Шуурхай санал хүсэлт
- Тодорхой дүрэм, зорилго, урамшуулал
- Виртуал валют эсвэл оноо
Ажилтнууд, нийгмийн бүлэг, иргэд зэрэг хамаатай бүх оролцогч талуудыг татахын тулд дээр дурдсан хөтөлбөрүүдийг ашиглаж болно.
Дотоод шинж чанар
Үлэмж том байгууллагыг тодорхойлдог таван дотоод хүчин зүйл байдаг агаад товчилж I.D.E.A.S гэж нэрлэдэг.
1. (Interface) Интерфэйс
Энэ бол гадаад хүчин зүйл болох SCALE-ийн үр дүнг компани доторх зөв хүмүүст зөв цагт нь хүргэдэг алгоритм, автоматжуулсан ажлын урсгалууд юм.
Жишээлбэл, Uber асар олон жолооч нараа удирдахын тулд интерфэйс, автоматжуулсан ажлын урсгал ашигладаг. Хамгийн гол нь тус компанийн алгоритм нь хэрэглэгчид дээд зэргийн үйлчилгээг санал болгохын тулд хамгийн сайн/ойрхон байгаа жолоочийг хэрэглэгчтэй холбож өгдөг юм.
Интерфэйс бол маш их зүйлийг удирдан чиглүүлэхэд туслах арга гэж үзэх ёстой. Олон мянган эсвэл сая гадны харилцагч нарыг удирдахад танд яахын аргагүй хүчирхэг туслах хэрэгтэй агаад тэр нь интерфэйс юм. Үүнгүйгээр үлэмж том байгууллагууд томорч чадахгүй.
2. (Dashboard) Удирдлагын самбар
Мэдээлэл маш их болсон учир байгууллагыг хэмжих, удирдах шинэ арга зам танд хэрэгтэй. Ийм төгс арга нь байгууллага, ажилтнуудын бүхий л чухал мэдээллийг байгууллагын бүх хүнд хүргэж чадах бодит цагийн, тохируулж болох удирдлагын самбартай болох юм.
Неврологи, зан үйлийн эдийн засаг, тоглоомын элемент оруулах зэргийг судалсан судалгаанууд нь хүмүүсийн зан үйлийг өөрчилж, нөлөө үзүүлэхэд тодорхой байдал болон байнгын санал хүсэлт чухал гэдгийг харуулсан.
Тиймээс бизнесийнхээ өсөлтийн чухал хөдөлгөгч хүчин зүйлүүдийг бодит цагийн горимоор ажиглаж хянах нь танай амжилтад нэн чухал. Энэ нь хангалтгүй мэдээллээс шалтгаалж алдаа гаргах эрсдэлийг бууруулахад туслах юм.
Sears/Kmart болон Walmart бол мэдээллийн гогцоог богиносгох нь бизнест яаж нөлөөлөхийг тод томруунаар харуулсан жишээнүүд юм. 1990-ээд оны эхээр Sears/Kmart дэлгүүр нь бүх кассын гүйлгээг өдөр тутам багцалж, үр дүн нь төв оффис руу хэдэн долоо хоногийн дараа очдог байв. Харин Walmart бодит цагаар ажилладаг агуулахын системийг бүтээснээр мэдээлэл хавьгүй хурдан дамжих болжээ. Үүний үр дүнд тэд Sears/Kmart-ийг давж гарсан агаад тэд хэзээ ч өмнөх шигээ түвшинд очиж чадаагүй юм.
3. (Experiment) Туршилт
Компанийн бүхий л бүтэц тогтолцоо нь эрсдэл, өөрчлөлтийг тэсч гарахаар бүтээгдсэн байдаг гэж Жон Сийли Браун үзжээ. Компанийн бүхий л төлөвлөлт нь бүтээмж, таамаглаж болох байдлыг нэмэгдүүлэхийг хичээдэг агаад энэ нь статик байдлыг бий болгодог аж.
Тиймээс танай байгууллагын ирээдүйг бүтээх санаануудыг олж авахын тулд танайх хурдан бөгөөд байнга бүтэлгүйтэх замаар алдаа дутагдлаа үгүй хийх ёстой юм.
Товчхондоо хэрэглэгч нарын эрэлтийг судалж, танай санал болгож буй бүтээгдэхүүн тэрхүү эрэлт хэрэгцээг хангаж байгаа эсэхийг мэдэхийн тулд туршилт явуулах хэрэгтэй. Бестселлер номын зохиолч Эрик Риз энэ талаар “орчин үеийн өрсөлдөөний дүрэм бол хэн хурдан сурсан нь ялна” гэж хэлжээ. Жишээлбэл, Adobe компани 5х5х5х5 аргыг хэрэглэдэг. Таван гишүүнээс бүрдсэн таван баг таван долоо хоногийн турш (долоо хоногт 1-2 удаа цуглана) 5000 доллароос илүү зардал гаргалгүй өрсөлдөж нэг инновац гаргах ёстой. Баг тус бүр бүтээл эсвэл санаагаа танилцуулсны дараа хамгийн ирээдүйтэй төсөл нь нэмэлт санхүүжилт авдаг юм.
4. (Autonomy) Бие даасан байдал
Хамгийн сайнаараа ажиллах орон зайг ажилтнууддаа олго. Бие даасан багууд нь өөрийгөө удирддаг, олон талт сахилга баттай, төвлөрсөн удирдлагаас ангид үйл ажиллагаа явуулдаг юм.
“Бие даасан багууд”-ын тод жишээ бол Valve Software юм. Тэд 330 ажилтантай боловч удирдлагын сонгодог бүтэц, ажлаа тайлагнах менежер, ажил үүргийн тодорхойлолт, байнгын уулзалт байдаггүй. Үүний оронд тус компани ажиллах төслөө өөрсдөө сонгодог авьяаслаг, шинийг санаачлагч бие даагчдыг ажиллуулдаг байна. Мөн компанийн МТР-д нийцэж л байвал тэднийг шинэ төсөл эхлүүлэхийг нь дэмждэг аж.
Энэ тал дээр ажиглагдаж буй шинэ тренд бол эрх мэдэл, шийдвэр гаргалтыг төвлөрсөн шаталсан удирдлагад бус өөрийгөө удирддаг багуудад хуваагддаг Holacracy хэмээх байгууллагын удирдлагын систем юм.
Holacracy-ийн сонгодог жишээ бол 4000 ажилтантай, онлайн худалдааны Zappos.com компани билээ. Тус компанийн ажилтан бүр бие даан шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тэдгээр шийдвэр нь хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө байх ёстой юм.
5. (Social technologies) Нийгмийн харилцааны технологи
Нийгмийн харилцааны технологи нь гурван гол зорилготой гэж Salesforce-ийн ерөнхий эрдэмтэн Жэй.Пи.Рангасвами үздэг. Тэдгээр нь:
1. Мэдээлэл олж авах, шийдвэр гаргахын хоорондох заагийг багасгах
2. Мэдээллийг хайхаас төсөөлөлдөө оруулах болгож өөрчлөх
3. Санаагаа хэрэгжүүлэхийн тулд нийгмийн бүлгийг ашиглах
Нийгмийн харилцааны технологи нь долоон гол элементийг агуулж байдаг гэж зохиолчид үзсэн: нийгмийн обьектууд, үйл ажиллагааны урсгал, даалгаврын менежмент, файл хуваалцах, зайнаас оролцох, виртуал ертөнц, сэтгэл хөдлөлөө хуваалцах.
Энэ бүхэн танай одоогийн болон ирээдүйн бизнест стратегид яаж нийцэхийг тодорхойлох нь асар хүнд ажил байж болох ч ерөнхийд нь авч үзвэл танай байгууллага эдгээр элементийн ачаар илүү хурдан хоорондоо ярилцдаг, шийдвэрийн мөчлөг илүү хурдан, илүү хурдан суралцдаг, хурдтай өсөлтийн үед багуудын үйл ажиллагаа тогтвортой байх зэрэг давуу талыг бий болгодог гэж ойлгох хэрэгтэй.
Дүгнэлт
Өдгөө асар том шилжилт болж байгаа бөгөөд танай компани, танай салбар үүний үр дүнд ихээхэн өөрчлөгдөнө. “Хэрэв”, “Гэхдээ”, “Хэзээ” гэж асуух завдал ч болохгүй. Үлэмж том байгууллагууд өөрчлөлтийг хэрхэн хийж байгаа талаар мэдэж авснаар та түүхийн ялагч талд нь үлдэх болно.