Зохиолч: Маркус Бөкинхэм

Хайр + Ажил

Love + Work
Маркус Бөкинхэмийн шинэ бестселлер ном бол Love + Work юм. Түүний өгүүлснээр энэ хоёр зүйлийн хооронд сул орон зай байх ёсгүй гэнэ.

Маркус Бөкинхэмийн шинэ бестселлер ном бол Love + Work юм. Түүний өгүүлснээр энэ хоёр зүйлийн хооронд сул орон зай байх ёсгүй гэнэ.

Сэтгэл хөдлөл, эсвэл хайраа ажил дээрээ харуулах ёсгүй гэж олон хүн үздэг. Гэвч ингэх боломжгүй. Эгээ л ажил дээрээ өдрийг яаж өнгөрүүлдэг нь таны амьдралын бусад тойрогт нөлөөлдөгтэй адил юм.

Энэ хоёрыг тусгаарлах боломжгүй. Чухам тийм учраас уг сэдэв рүү гүнзгий орохыг Бөкинхэм хүссэн агаад ажил дээрээ хэрхэн дуртай зүйлээ хэрхэн олж улмаар утга учиртай амьдрах талаар уг номдоо өгүүлжээ.

Бүлэг 1: Хайрын шинж тэмдэг

Хайр хаашаа оддог вэ?

Хүмүүсийн тун бага хэсэг нь (16 хувь) ажилдаа өөрийгөө бүрэн зориулдаг тухай стаистикийг та мэдэх байх. Ихэнх нь ажлын цаг тарахыг хүлээж, цалингаас цалингийн хооронд өөрт ногдсон үнэт цаг хугацааг үрж байдаг.

Яаралтай тусламжийн тасгийн сувилагч, багш зэрэг өндөр стресстэй мэргэжлийн хувьд гэмтлийн дараах стрессийн эмгэг нь дайнд оролцоод ирсэн цэргүүдээс их байдаг аж.

Өөрөөр хэлбэл, хүн хэмээх амьтны эрэлт, хэрэгцээг ор тас огоорсон, бараг дайны бүсэд ажилласан нь илүү дээр ажиллах орчныг хүн төрөлхтөн бүрдүүлжээ.

Таны хувь тавилан

Ийм дэлхий таны төлөө өөрчлөгдөхгүй нь тодорхой учраас үүнээс гарах аргаа олсон азтай хүний нэг нь болохыг та хичээх ёстой.

Таны сурах ёстой шинэ хэл бол хайрын хэл юм. Энэ хэлээр сурах ёстой эхний үг нь Бөкинхэмийн зөвлөснөөр “Хувь тавилан” (Wyrd) гэнэ.

Энэ бол эртний норвег үг агаад хүн бүр ялгаатай оюун санаатай төрдөг гэсэн утгатай юм. Энэхүү оюун санааны талаар таны мэдэх ёстой зарим зүйлийг танилцуулъя:

Нэгдүгээрт, таны оюун санаа яг ямархуу вэ гэдгийг тодорхойлох нь амаргүй. Чухам энэ сэдэв дээр цаашид төвлөрч өгүүлэх болно.

Хоёрдугаарт, оюун санаа өөрчлөгдөг, гэхдээ зөвхөн тодорхой хэмжээгээр. Ур чадвар, хүсэл тэмүүллээ харуулсан салбар нь бидний цаашид өсөж хөгжих хамгийн том боломж, орон зай байж болох юм. Үүнийг арай практик байдлаар өгүүлье: хэрэв та одоо хийж байгаа ажлаа үзэн яддаг бол уг ажил таны маргаашийг өөрчлөх нь юу л бол.

Гуравдугаарт, уг оюун санаа нь таны хамгийн сайн замч, эх үүсвэр учраас үүнд анхаарлаа хандуулж сурах ёстой.

Хайр бол анхаарал

Дараагийн чухал зүйл бол анхаарал хандуулах ёстой зүйлдээ анхаарал хандуулж эхлэх юм.

Бидний анхаарлыг татдаг зүйл нь Бөкинхэмийн өгүүлснээр тохиолдлын чанартай зүйлс биш аж. Тэрхүү зүйл нь бидний дуртай зүйл чухам юу болохыг тодорхойлоход тусалдаг хэв шинжүүдийн нэг байж болох талтай. Магадгүй таны инээдийг, эсвэл сэтгэлийг хөдөлгөдөг зүйл байж болно. Өглөө эрт, эсвэл шөнө оройн цагаар ганцаараа байхад толгойноос чинь салж өгдөггүй зүйл ч байх боломжтой.

Чухам эндээс аялал эхлэх юм.

Зөн совин

Тэрхүү анхаарлыг татаж байгаа зүйл хэзээ зөн совин болох вэ гэдэгт анхаарлаа хандуул. Цаанаасаа, зөн совингоороо хийхийг тэмүүлж буй зүйл танд байна уу? Хэрэв санал болговол та зөнгөөрөө гараа өргөж, сайн дураараа хийх ямар зүйлс байна вэ?

Хэрэв хүссэнээ хийх боломж олговол та ямархуу үйлдэл эсвэл нөхцөлд илүү татагдах вэ?

Өнөөгийн үргэлж “асаалттай”, үргэлжийн завгүй дэлхийд бид энэхүү оюун санаагаа сонсож, хөгжүүлэхийн тулд өөрсдийгөө чимээгүй болгож чадахгүй байна. Гэхдээ гадны дуу чимээ, анхаарал хандуулах ёстой зүйлсээс өөрийгөө блоклож чадвал оюун санаа тань таныг хаашаа чиглүүлж байгааг анзаарах болно.

Урсгал

Таны хайр хаана оршиж буй талаар санаа авах өөр нэг зүйл бол сэтгэл зүйчдийн “урсгалд орших” гэж нэрлэдэг зүйл билээ.

Дуртай зүйлээ хийж байгаа бол тухайн зүйлдээ гүнзгий автсаны улмаас цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрсөн байх нь бий. Цаг хугацаа эгээ л урсаж байх шиг санагдана.

Урьдны зан араншин бол ирээдүйн зан араншингийн хамгийн сайн таамаглагч гэсэн үгийг та сонссон байж магадгүй. Урьд нь байнга гаргаж байсан зан араншин нь ирээдүйд байнга гаргах зан араншинг хамгийн сайн таамаглаж, гаргаж ирнэ гэдгийг судалгаагаар нотолсноо Бөкинхэм номдоо дурдсан байна.

Тиймээс ирээдүйд хэрхэн “урсгалд орох” вэ гэдгийг тодорхойлох үүднээс өмнө нь байнга гаргаж байсан зан араншингуудаа анзаарах ёстой.

Үүний тулд та өөрөөсөө хэзээ хамгийн сүүлд .... гэж байсан бэ гэж асуу:

  • цаг хугацааны мэдрэмжээ алдсан
  • зөн совингоороо нэг зүйлийг сайн дураар хийсэн
  • хийж байсан зүйлээс чинь арайхийн салгасан
  • хийж буй зүйлээ бүрэн мэдэрч, хянаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн
  • ямар нэг зүйлийг маш сайн хийснээ хараад гайхсан
  • өөр хэний ч анзаараагүй зүйлийг анзаарсан
  • хийхийг маш их хүссэн
  • аливааг хийх шинэ аргыг олсон
  • тухайн зүйлийг үүрд хийхийг хүссэн

Эдгээр асуултын хариултууд нь хайрын гурван дохио гэж Бөкинхэмийн нэрлэсэн зүйл рүү хөтлөх учиртай юм: (1) тухайн зүйлийг хар аяндаа сайн дураар хийх, (2) таныг урсгал төлөвт оруулах, (3) тухайн зүйлийг эзэмшсэн гэсэн сэтгэгдэл төрөх.

Аяндаа болно

Дуртай зүйлээ юу гэдгийг олж мэдэхийн тулд өмнөх дасгалд дурдсан үйлдлүүдийг та хийх ёстой бөгөөд тухай бүрд дараах асуултыг асуух хэрэгтэй.

  • хэнтэй хамт ажиллах
  • хэзээ хийх
  • яагаад хийх
  • анхаарах зүйл эсвэл субьект нь юу болох
  • хэрхэн хийх зэрэг нь Танд хэр чухал вэ?

Дээр дурдсан бүхэн танд чухал байх магадлалтай бөгөөд чухам эдгээр асуултаас та дуртай зүйлээ олж мэдэх юм.

Жишээ болгоод таны жинхэнэ хайртай, дуртай зүйл бол хүмүүст туслах гэж үзье. Тэгвэл та өөрөөсөө...

  • хэнд туслах
  • хэзээ туслах
  • яагаад туслах
  • тэдэнд юугаар туслах
  • тэдэнд хэрхэн туслах нь хэр чухал вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

Хэрэв энэ бүхнийг агуулж буй ажлыг та хийж байгаа бол жинхэнэ дуртай зүйлээ олох замдаа орсон бөгөөд шинэ ирээдүй таны өмнө гарч ирж буйг анзаарах болно.

Бүлэг 2: Долоон чөтгөр

Дуртай зүйлээ тодорхойлох нь нэг хэрэг, харин түүнийг чинь булаан авч, өөртөө захирагдахыг шаарддаг өнөөгийн хорвоо ертөнцөд түүнийгээ хөгжүүлж, байнга хэрэгжүүлэх нь өөр хэрэг юм.

Зохиолч Катерин Голдштейний өгүүлснээр чөтгөрийн хамгийн агуу хүч бол өөрийгөө чөтгөр гэдгийг мэддэггүй нь ажээ. Таныг дуртай зүйлээ хийхийг болиулахаар хичээж байгаа хорвоо ертөнц, тэр дундаа таны мэддэг, хамгийн хайртай хүмүүс өөрсдийгөө сайн зүйл хийж байна л гэж бодож байдаг.

Гэтэл үнэндээ тэдний сайн санаа агуулсан зөвлөгөөнүүд нь таны оюун санаатай огт нийцэхгүй одоогийн ажил, карьер руу хөтлөн оруулсан байдаг юм.

Тиймээс таны зугтахыг хичээж буй зам руу хорвоо ертөнц хэрхэн буцаан чирч магадгүй талаар, ийм явдал болох гэж буйг хэрхэн урьдчилан олж харж, хариу үйлдэл үзүүлэх талаар номын хураангуйн дараагийн хэсэгт өгүүлнэ.

Бүлгийн сэтгэлгээ

Бөкинхэмийн тодорхойлсон нэг сорилт бол бүлгийн сэтгэлгээ аж. Хүн бүрт ялгарал хэрэгтэй бөгөөд хэрэв түүнийгээ хайртай, дуртай зүйлээсээ олж чадахгүй бол өөр газраас эрж эхэлдэг.

Тэрхүү газар нь шашин, шүтлэг зэрэг хэт ерөнхий зүйл байх магадлалтай бөгөөд биднийг шашин шүтлэг зэргээр тодорхойлж эхэлдэг. Энэ нь тийм ч муу зүйл биш боловч ингээд зогсох юм бол чухам өөрийн гэсэн онцлогоос үүсэж бий болох хүч чадлаа анзааралгүй умартахтай адил харамсалтай зүйл болно.

Өөрийгөө бусдаас юугаараа өөр, ялгаатай вэ гэдгийг мэдэхээс хайртай, дуртай зүйлээ олох боломж үүсэх агаад хайр бол дэлхий дахинд хувь нэмрээ оруулахын тулд бидний ашиглах ёстой түүхий эд юм.

Өөрийн ялгарлыг дуртай зүйлээсээ гадна нийгмийн таньд оноохыг хүсэж буй бусад харьяаллаас олж авах боломжтой гэдгийг санаарай.

Төгс байдлын хараал

Анхаарах ёстой дараагийн асуудал бол төгс байхын хараал юм. Бидний маш сайн хийж чадах зүйл болон хүч боломжийн хооронд ялгаа бий гэж Бөкинхэм өгүүлжээ.

Бидний маш сайн чаддаг зүйл маань уйтгартай, урам хугалам, эсвэл ямар ч таашаал авчирдаггүй зүйл байвал яах вэ? Ихэнх хүмүүс үүнийг таны хүч чадал гэж нэрлэж, хамгийн сайн чаддаг зүйлдээ төвлөр гэх байх.

Хэчнээн мундаг хийдэг ч гэлээ тэрхүү зүйл маань амьдралд гэрэл гэгээ авчрахгүй бол бид утга учиртай амьдарч чадахгүй.

Ямар нэгэн зүйлийг төгс хийдгээ өөрийн хүч чадал гэж бүү эндүүр. Таны хүч чадал зөвхөн хайртай, дуртай зүйлээс чинь ундрах болно.

Буруу зөн

Маш сайн чаддаг зүйлийнхээ араас хөөцөлдөж алдаа гаргадаг шигээ дуртай боловч тийм ч сайн чаддаггүй зүйлээ хийх нь мөн алдаа юм.

Хайр + Ажил хэмээх аяллын туршид та хийх дуртай болон маш сайн чаддаг зүйлээ хайж байгааг мартаж болохгүй. Хийх дуртай боловч тийм ч сайн чаддаггүй зүйлийг хобби гэж нэрлэдэг.

Үүнийг та дуртай зүйлээ эрэн хайх явцдаа ойлгох болно. Сайн чадахгүй гээд хоббигоо больж, зогсоож болохгүй. Харин ч эсрэгээр нь хий. Хобби бол амьдралд хайр авчирдаг үнэ цэнтэй үйлдлүүд боловч тэдгээрийг байнгын ажил болгох даанч боломжгүй юм.

Санал зөвлөмж

Эцэг эх, багш, найз, хамаатан садан гээд таны хайрлаж, хүндэлдэг хүмүүсээсээ авч болох санал зөвлөмжийг авч үзье.

Хэзээ нэгэн цагт эдгээр хүмүүсийн зарим нь эсвэл бүгдээрээ танд сайн санаж зөвлөгөө өгөх болно.

Бөкинхэмийн өгүүлснээр тэдгээр зөвлөгөө заримдаа гэхдээ тодорхой нөхцөл байдалд л хэрэгтэй байдаг аж. Тодруулбал, тодорхой баримтыг буруу ойлгосон эсвэл дэс дараалалтай зүйлийг буруу хийж байгаа зэрэгт л тэдний зөвлөгөө танд хэрэгтэй.

Харин хайртай, дуртай зүйлээ олох, түүгээрээ амьдрах тал дээр тэдний зөвлөгөө ашиггүй төдийгүй харин ч хортой байх нь их.

Өөрийн бодолд үнэнч бай. Хайртай, дуртай зүйлийн чинь талаар зөв зөвлөгөө өгч чадах цорын ганц хүн буюу өөрийгөө л сонс.

Айдастай тулах

Дуртай зүйлээ эрэн хайхдаа та нэг зүйлтэй буюу айдастай тулгарах нь гарцаагүй юм.

Хүссэн ч, эс хүссэн ч айдас бол амьдралын салшгүй нэг хэсэг. Хүмүүсийн огт сурдаггүй нэг арга бол тэд хэзээ ч айдастаа анхаарал хандуулж, айдсыг зорилгынх нь дагуу буюу улам сайн судалж, асуулт асуулгүй орхидог явдал юм.

Хэрэв айдсаа гүнзгий судалж үзэх юм бол ихэнх нь бусад хүн намайг юу гэж бодох бол гэдэгтэй холбоотой болохыг та ойлгоно. Ингэх нь байх л зүйл. Бусад хүн өөрийг нь юу гэж боддогийг огт хайхардаггүй хүн бол солиотнууд. Хамгийн гол нь айдас ямар нөлөө үзүүлэх бол гэсэн бодолдоо бус нөлөөнд нь л анхаарлаа хандуул.

Айдас бол айгаад байх зүйл биш гэдгийг мэдэж ав. Айдас бол амьдралд тохиолдож буй асуудлуудын уг шалтгаан нь биш. Харин айдсыг хайхралгүй орхих нь асуудлын шалтгаан юм. Тухайлбал, аналгезиа (өвчин үл мэдрэх) бол анхаарахгүй орхивол таныг үхэлд хүргэж болзошгүй нөхцөл мөн.

Айдастай харилцах харилцаагаа өөрчил. Айдсаас зугтахын оронд нүүр тул.

Намайг үнэл, ангил

Бидний амьдарч буй хорвоо ертөнц хүмүүсийг үнэлж, ангилах дуртай. Сургууль, ажил, нийгмийн сүлжээ гээд хаана ч та үүнээс зугтах аргагүй. Дуртай зүйлээс чинь холдуулж, бусдын хийж буй зүйлийг дуурайх буюу хэдий таныг таагүй байдалд оруулж байгаа ч хүн бүрийн хүсэж буй зүйлийн араас утга учирүй хөөцөлдөхөд хүргэдэг учраас бусадтай өөрийгөө харьцуулах нь хортой зуршил мөн.

Үүнээс өөрийгаа хамгаалах гурван арга бий:

Нэгдүгээрт, дуртай зүйлээ амь шигээ хамгаал. Дуртай зүйлээ юу болохыг, ямар мэдрэмж төрүүлдгийг нь та хэнээс ч илүү мэднэ. Одоогийн замаа зөв эсэхэд эргэлзэж, асуулт тавихдаа үүнийг заавал санаж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлэх вэ гэдгээ сайн бод. Хүссэн ч, эс хүссэн ч хамгийн ойр байгаа хүмүүс л танд хамгийн их нөлөөлнө.

Гуравдугаарт, бусадтай өөрийгөө харьцуулдаг зангаа өөрчилж, өөрийн бий болгож буй хувь нэмэрт илүү анхаар.

Таагүй зүйлийг хүлээн зөвшөөрөх

Ихэнх ажил бол новш, бусад хүмүүс шиг толгой гудайлгаад таагүй, дургүй ажлаа хүлээн зөвшөөрч ажилла гэж хэлдэг чөтгөр хамгийн аюултай хэмээн Бөкинхэм үзжээ.

Ажлыг тэсэж давах ёстой болохоос бус кайф авах ёсгүй. Хайр байх ёстой цорын ганц газар бол найз нөхөд, гэр бүлтэй байх үе. Гэхдээ хайр бол тансаглал бус хэрэгцээ. Хайр бүх хүнд хэрэгтэй.

Үүнээс өөрийг өгүүлж буй дуу хоолойг (ялангуяа толгойд байгаа) бүү тоо.

Бүлэг 3: Хайр + Ажлыг амьдруул

Дуртай зүйлдээ тулгуурласан карьерыг бий болгох олон арга бий ч эцэстээ гурван сонголт дээр тулж ирдэг. Энтрепренер болох, компанид ажиллах эсвэл хоёуланг нь зэрэг хийх. Хэрхэн энтрепренер болох тухай олон ном байдаг учир энэ ном нь таны дуртай зүйлийг устгадаггүй харин цэцэглүүлж өгдөг компанийг хэрхэн олон тухай голчлон өгүүлжээ.

Ажлын ярилцлагын үеэр таны орох гэж буй компани танд тусалж чадах эсэхийг мэдэхэд туслах 11 асуултыг Бөкинхэм номдоо дурдсан байна.

1-5 дахь асуултууд бол анхан шатны шаардлагатай холбоотой юм.

1. Танай байгууллагын эрхэм зорилго юу вэ? Хоосон магтаал бус уг зорилгоор амьдарч байгаа хүмүүсийн жишээг олж сонсохыг хичээ.

2. Гүйцэтгэх захиралд ажлаа шууд тайлагнадаг хэдэн хүн байдаг вэ? 10-аас бага байгаа эсэхэд анхаар. Хэрэв үүнээс олон бол тухайн байгууллага хүмүүсийн харилцааг өндрөөр үнэлдэггүй нь тодорхой юм.

3. Компанид “уусгадаг” ямар хөтөлбөрийг танайх санал болгодог вэ? Хэрэв таны юу ярьж байгааг мэдэхгүй бол энэ нь муугийн дохио юм.

4. Ажлын эрэмбэ, гүйцэтгэлийн талаар багийн удирдагчтай ганцаарчлан хэр ойрхон уулзах ёстой вэ? “Долоо хоног бүр” гэж хариулвал хамгийн төгс хариулт байх болно.

5. Тасралтгүй суралцахыг компани дэмждэг үү? Тийм гэж хариулвал та сэтгэл хангалуун байж болно.

6-11 хүртэлх асуулт нь илүү ач холбогдолтой бөгөөд эдгээрт тийм гэсэн хариулт авах тусам тухайн компани нь хүмүүст өсөж дэвжих боломж өгдөг газар байх магадлалтай.

1. Хамгийн сайн баг шигээ олон багийг бий болгохын тулд компани юу хийдэг вэ? Хэрэв тэд үүнд анхаарч ажилладаг бол нэг саад үгүй болсон гэсэн үг.

2. Шаардлагатай ур чадварын дагуу хүмүүсийн карьерыг тодорхойлдог уу? Энэ асуултад үгүй гэсэн хариулт авах ёстой. Ажлын байрыг ур чадвараар бус гаргаж буй үр дүнгээр нь тодорхойлдог байх нь зүйтэй.

3. Ажилтнууд бие биенээ үнэлдэг системтэй юу? Энэ асуултад мөн үгүй гэсэн хариулт авбал сайн.

4. Надад/ижил үүрэгтэй хүмүүст зориулсан хүний нөөцийн ажилтан байдаг уу? Энэ асуултад тийм гэсэн хариулт авах ёстой.

5. Компанид ажлаас гарагсдын ямар нэг хөтөлбөр байдаг уу? Хайр + Ажил философийг ашигладаг байгууллага нь асуудлыг таны өнцгөөс хардаг бөгөөд үүнд таныг ажлаас гарсны дараа яах бол гэсэн асуудал ч багтаж байх ёстой юм.

6. Удирдах зөвлөлийн гишүүдийг хэрхэн сольдог вэ? Өөр ажилд шилжиж байгаа хүмүүсээ байгууллага хэрхэн санаа тавьдгийг сонирхож ингэж асууж болно.

Дүгнэлт

Дуртай зүйлээ олж, түүнийгээ насан туршаа хийх нь амар биш. Дэлхий, таны хайртай хүмүүс ч таны эсрэг зогсож, таныг бусад шиг байхыг, бусдын хүсэж тэмүүлдэг зүйлийн төлөө зүтгэхийг, өөрсөд шигээ дургүй ажлаа хийдэг байхыг шаардах болно.

Гэхдээ та тэднээс өөр байж болно. Хийх дуртай зүйлдээ анхаарал хандуулж, хайр болон ур чадварын хослолыг эрэн хайж, дуулгавартай байдлыг илүүд үздэг энэ дэлхийд өөрийнхөөрөө урагшлах зоригтой байх юм бол та дуртай ажил, амьдралаа олж чадна.

Хувь хүний хөгжлийн бусад номтой харьцуулахад хүнд ном боловч та заасныг нь хичээн хэрэгжүүлвэл үр дүн авчрах болно.

0 Shares
Хариу үлдээх