Зохиолч: Майкл Панталон
Агшин зуурын нөлөөлөл
Харилцагч, хамт ажиллагч, гэр бүлийн хүн, эсвэл хүүхдэдээ нөлөөлөх чадвар таны хувьд чухал уу? Ийн нөлөөлөхөд туслах номыг Майкл Панталон бичсэн юм. Хүсэж байгаа учраас үйлдэл хийхэд хүмүүсийг хүргэдэг шинжлэх ухаанч аргуудаас тэрбээр уг номдоо хуваалцжээ. Тэр бүү хэл Instant Influence аргачлалыг та өөр дээрээ ашиглах боломжтой юм.
Та 7 минутад хүнийг сэдэлжүүлж чадах уу?
Хэдий олон тооны логик шалтгааныг хэлж өгсөн ч таны эргэн тойрны хүмүүс яагаад өөрчлөгдөхгүй байна вэ хэмээн та гайхаж байсан уу? Учир нь тиймэрхүү ятгалга тун ховор, бараг л нөлөөлдөггүй юм. Панталоны өгүүлж буйгаар хүмүүс өөрсдөө хүссэн тохиолдолд л өөрчлөгддөг аж. Энэ бол Instant Influence-ийн нууц жор юм. Тус жор нь хүмүүсийг ямар нэг зүйлийг яагаад хийж буй талаарх шалтгаанаа олоход тусалдаг. Тэр нь тэдний хүсээгүй зүйл ч байж мэднэ. Хүн өөрчлөгдөхийг үнэхээр хүсэхгүй л бол өөрчлөлт гарахгүй. Гэвч бидний дундах хамгийн зөрүүд хүмүүст ч өөрчлөгдөх өчүүхэн оч нуугдаж байдаг юм. Тэрхүү очыг олвол тухайн хүний амьдрал эрс өөрчилж болно.
Харин яаж тэр вэ?
Хүсэж байгаа гэдгийг ойлгосон цагтаа л хүмүүс үйлдэл хийж эхэлдэг. Өөр хэн нэгэн яагаад гэдгийг хэлэх юм бол өөрчлөлт хийх нь бараг л үгүй. Панталон энэ ухагдахууныг өөрийн Instant Influence-ийн амин зүрх гэж үзсэн агаад түүнийгээ дараах дөрвөн ойлголтоор баяжуулжээ. 1. Бид ямар зан үйлдэл гаргахаа өөрсдөө сонгох эрхтэй. 2. Бусад хүмүүс хяналт тогтоохыг оролдох замаар тэрхүү эрхэд халдаж болзошгүй. 3. Эрх чөлөөнд маань заналхийлвэл бид тун сөргөөр хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд тухайн хяналтыг улам их эсэргүүцдэг. 4. Өөрийгөө удирддаг, бие даасан байдлаа олж авсан цагт эрх чөлөөгээ эргүүлж авдаг.
Гол асуудал бол нөлөөлөх оролдлогоо хэрхэн тодорхойлох вэ гэдэгт оршино. Бид өөрсдийн биш бусдын анхаарлыг тодорхойлох ёстой гэдгээ мартаж болохгүй. Таны нөлөөллийн яриа нь дараах өгүүлбэрүүдийг агуулж байх ёстой:
“Энэ бол миний биш чиний сонголт”.
“Тэрчигээрээ чиний л сонголт”.
“Та хүссэн зүйлээ хийх эрхтэй”.
“Энэ сонголтыг би чиний өмнөөс хийж чадахгүй, чи л сонгох ёстой”. Эдгээр үгс таны нөлөөлөх гэж буй хүнд бүх эрхийг өгөх бөгөөд өнөөх очыг асааж, өөрчлөгдөх эхлэлийг тавьна.
Панталоны Instant Influence аргачлал нь өөрчлөлтөд хүргэх зургаан алхмаас бүрддэг. Сорилт, бартаа ихтэй нөхцөлд алхам бүрийг ээлж дараалан туулах ёстой. Бусад тохиолдолд буюу очыг асаасан бол таны нөлөөлөхийг хүсэж буй хүн өөрөө удирдлагыг авч, процессыг өөрөө дуусгах юм.
Ингээд алхам алхмаар урагшилъя.
Алхам #1: Та яагаад өөрчлөгдөж магадгүй вэ?
Эхний сорилт бол нөлөөлөх гэж буй хүнээ хүсэмжит нөхцөл байдалдаа орсон байгаа мэтээр төсөөлөхөд хүргэх явдал юм. Ихэнхдээ та юуг өөрчлөхийн хүсэж буй, хүсэмжит үр дүн ямархуу байхыг тодорхойлсон байх ёстой. Буруу хооллодог гэр бүлийн гишүүндээ ийм маягаар үргэлжлүүлвэл эрүүл мэнд нь муудна шүү гэж хэлэхээс энэ нь өөр юм.
Тиймээс та нөгөө хүнийг тиймэрхүү байдалд орсон байгаагаар бодоход хүргэх асуултыг бэлтгэх ёстой. Сөрөг зан араншин, дадалд нь анхаарахын оронд хүсэж буй дадал, зан араншинг нь өгүүлэх ёстой гэж Панталон зөвлөжээ.
Тэрбээр “Чи яагаад.... хийж байгаа юм бэ?” (гол санаа нь үр дүнтэй ойр байх) гэж асуух мөн жингээ хасахыг хүсэж байгаа хүнээс “Өнөөдөр яагаад салад идэхээр сонгосон юм бэ?” гэж асуухыг зөвлөсөн байна. Дараа нь “Яагаад энийгээ үргэлжлүүлж болохгүй гэж” хэмээн асууж болно.
Түүнчлэн өнгөрсөнд илүүтэй төвлөрч “Чи ер нь яагаад ... байсан юм бэ?” гэж асуухыг Панталон зөвлөсөн. Түүнчлэн тушаал шиг сонсогдох асуулт асуухаас зайлсхийх ёстой юм.
Чи тэгэхгүй яасан юм? Чи яагаад тэгдэггүй юм? Чи тэгж болохгүй байсан юм уу?
Дараа нь сэтгэл судлаач, зөвлөхүүдийн тусгал гэж нэрлэдэг техникийг ашиглахыг санал болгосон. Тусгал гэдэг нь нөгөө хүний хэлсэн зүйлийг давтан хэлэх буюу цуурай болохыг, өөрөөр хэлбэл үгийг нь толинд харж байгаа мэт эргүүлэн хэлэхийг хэлдэг. Хүсэж буй зүйлийг нь улам тодоор харуулахын тулд тухайн хүнд байгаа урам зоригийн хамгийн өчүүхэн очыг ч гэсэн тусгаж харуулах ёстой. Хэрэв очыг асаасан бол улам их хүчилтөрөгчөөр өрдөх хэрэгтэй.
Алхам #2: Та өөрчлөгдөхөд хэр бэлэн бэ?
Дараагийн алхам нь “та өөрчлөгдөхөд хэр бэлэн байгаа вэ” гэсэн энгийн мөртлөө чухал асуултаас эхэлнэ. Та өөрийгөө 1-10 хүртэлх оноогоор хэмжих бөгөөд 1 нь “огт бэлэн биш”, 10 харин “бүрэн бэлэн” гэж ойлгоно. Энэ алхмын зорилго бол та болон нөгөө хүний сэдлийг хэмжих юм.
Панталоны өгүүлснээр хүмүүс тоонд тийм ч их ач холбогдол өгдөггүй байна. Бага тоо сонгосон хүн нь огт үйлдэл хийхгүй, харин их тоотой нь үйлдэл хийнэ гэсэн хэрэг биш юм. Хамгийн гол нь тоондоо биш бөгөөд харин тооноосоо санаа авч өөрийгөө үйлдэл хийхэд хүргэх юм.
Дараагийн алхам руу хурдан шилжье...
Алхам #3: Яагаад бага тоо сонгоогүй юм бэ?
Эндээс Панталоны техник сонирхолтой болж ирнэ. Илүү ихийг хий хэмээн урамшуулж, дэмжиж байгаа хүн нь биднээс яагаад багыг хийхгүй байгаа юм гэж асууж болох уу? Хэрэв тухайн хүн бага тоог сонгосон бол энэ нь тэднийг урагшлуулахгүй, байранд нь хэвээр үлдээдэг. Харин яагаад “1”-ийн оронд “3”-ыг сонгоогүй юм бол гэж бодож эхэлсэн цагаас хүн өөрчлөгдөж эхэлдэг.
Энд хамгийн чухал нь өөрчлөгдөх шалтгаан нь танаас бус таны өөрчлөхийг хүсэж буй хүний амнаас гарч байгаа юм. Тэдэнд юу хийх ёстойг нь хэлэх шаардлагагүй болж, хүсэж байгаа учраас өөрчлөлтийг хийхэд бэлэн байгаа гэсэн мэдрэмж тэдэнд төрнө. Энэ бол тун хүчирхэг өөрчлөлт юм.
Алхам #4: Өөрчлөгдсөн гэж төсөөл. Ямар эерэг үр дүн гарах вэ?
Энэ үед өөрчлөлтийн ач тусыг тодорхой харах ёстой. Өөрчлөлт аль хэдийн болсон гэдгийг сануулж, тухайн хүнээс өөрчлөлтийг тун тодорхой, нэгбүрчлэн төсөөлөхийг хүс. Амьдралынх нь юу өөрчлөгдсөнийг асуу. Өөрчлөгдөхөөс өмнө хийж чаддаггүй байсан ямар зүйлийг өөрчлөгдсөний дараа хийх боломжтой болсон бэ гэж лавла.
Хэрэв өөрчлөлт тун сайн явж байгаа гэж бодож байгаа бол тухайн хүнээс хэдийд өөрчлөгдөж дуусна гэж бодож байгааг нь асуу. Өөрчлөлтийн сул бус харин давуу болоод эерэг талын талаар бодох аваас хүмүүс өөрчлөгдөх илүү их боломжтой байдгийг Панталоны судалгаа харуулжээ.
Алхам #5: Үр дүн яагаад чухал вэ?
Тавдугаар алхам эхэлснээр өөрчлөлт нүдэнд харагдахуйц болоход ойртох юм. Гэхдээ түүнээс өмнө өөрчлөхийг хүсэж буй хүнээ дахин нэг удаа тодорхойлох ёстой. Өөрчлөлт хийж буйн цаад шалтгааны талаар тэднээс асуухыг Панталон зөвлөжээ. “Таван яагаад” техникийг ийм үед ашиглах нь үр дүнгээ өгөх аж. “Яагаад үр дүн таны хувьд чухал вэ?” гэж асуугаад хариулт бүрт яагаад гэж нэмж асуу.
Тав дахь Яагаад гэсэн асуултыг асуусны дараа нөлөөлөх гэж буй хүний зүрх сэтгэлтэй ойр, хувийн гол шалтгааныг нь олсон байх ёстой. Энэ шатанд тухайн хүний сэтгэл хөдөлвөл гайхах хэрэггүй. Энэ бол амаргүй, хугацаа авсан аялал. Хариулт нь практик, эзэн биегүй байснаа улам бүр зүрх сэтгэлийн, тухайн хүнтэй гүнзгий холбоотой болж өөрчлөгдөх нь танд гайхмаар санагдана.
Дахин хэлэхэд тусгалын техник тун үр дүнтэй юм. Ямар найдвар тээж буйг, юуг яагаад хүсэж буйг, байдал улам сайжирна гэж итгэж байгааг нь таныг ойлгосон гэдгийг таны нөлөөлж, өөрчлөхийг хүсэж байгаа хүн мэдэхийг хүсдэг.
Алхам #6: Хэрэв байгаа бол дараагийн алхам юу вэ?
Сүүлчийн алхам нь яагаад бус яаж гэдэгт анхаарна. “Хэрэв байгаа бол дараагийн алхам юу байж болох вэ?” Хэрэв байгаа бол гэсэн хоёр товч үгийг нэмэх нь нөгөө хүний бие даасан байдлыг хангах арга юм. Дараагийн алхам байгаа эсэхийг шийдэх нь нөгөө хүний эрх гэдгийг энэ асуулт харуулж байна. Ингээд сүүлчийн үйлдлийг хийхэд та бэлэн боллоо.
Өөрчлөлтийн явцыг ярилцах, өөрчлөлтийг тууштай хийж байгаа эсэхийг шалгахын тулд тодорхой хугацааны дараа уулзаж болох эсэхийг өөрчлөхийг хүсэж буй хүнээсээ асуу. Өмнө өгүүлсэнчлэн дээр дурдсан зургаан алхам бүгд тухайн хүнд шаардлагагүй байж болно. Өөрчлөлтөд урамшуулан хөтлөх тодорхой бүтэц бүхий хэв маяг нь тухайн хүний хувьд хяналтыг гартаа авахад нөлөөлдөг юм.
Өөртөө нөлөөлөх
Бусдад нөлөөлөх талаар хангалттай сайн ярьсан ч Instant Influence техникийг ашиглаж та өөртөө нөлөөлж болно. Панталоны санал болгосон өөртөө нөлөөлах процессыг танилцуулья.
Хийхийг хүсэж буй өөрчлөлт эсвэл үйлдлээ тодорхойл. Үр дүнгээр бус зан араншингаар түүнийгээ томьёол.
Instant Influence-ийн эхний асуултыг (Би яагаад өөрчлөгдөж болох вэ?) асуугаад хариултаа бич. Дараагийн алхам руу шилжээд, Алхам 5 хүртэл асуултуудаа бичиж тэмдэглэ.
Алхам 5-д хүрсэн бол “Яагаад” гэж бичээд хариул. “Таван яагаад” асуултад хариулж дуусга.
Алхам 6-д хүрсэн бол жижиг, хянаж болох өөрчлөлтийг сонгоод тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлж дуусгах цагийг сонго. Өөрчлөлтийг хэрхэн хийж буйгаа хяна.
Аргачлалыг хэрэгжүүлэх зөвлөгөө
Багаас эхэл. Хийж чадна гэж төсөөлөх хүртэл, эсвэл аргачлалыг эзэмшлээ гэж бодох хүртлээ жижиг өөрчлөлтүүдийг хий. Аливаа асуудал, бэрхшээл нь ялгаатай шийдлүүдтэй байж болно гэдгийг өөртөө сануул.
Шийдвэрт бус үйлдэлд анхаар.
Бүү шүү, эсвэл өөрийгөө бүү цензурд. Процесст нээлттэй ханд.
Гайхахад бэлэн бай. Ямар нэг зүйлийг яагаад хүсэж буй талаараа та ямар нэг шинэ зүйл олж мэдэх нь гарцаагүй.
Процесст итгэ. Өөрөө ч анзааралгүй үйлдэл гаргаж байж болох учир өөрийгөө хүчлэх ёстой гэж бодох хэрэггүй.
Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байсан уу? Асуудлын учиг нь ур чадвар уу эсвэл хүсэл зориг уу гэдгийг тодорхойлоход мэргэжлийн хүн танд тусалж чадна.
Сэдэл бол газар доор байгаа хэрнээ соёолж, ургаж эхэлдэг үртэй адил юм. Газар доор байгаа гэж гадарладаг хэрнээ нэг л өдөр газраас цухуйн гэрэлд гарч ирэх хүртэл нь итгэдэггүйтэй адил юм.
Нөлөөлөхийг хүсэж буй хүнд үгүй гэж хэлэх эрх бийг хүлээн зөвшөөр. Шийдвэрийнхээ эзэн нь гэдгийг мэдэж буйгаа илэрхийл.