Зохиолч: Кейт Фаррацци

Ажлын шинэ ертөнцөд өрсөлдөх нь

Competing in the New World of Work
Танай байгууллага зөвхөн маш сайн дасан зохицож чаддаг тохиолдолд л богино болон урт хугацаандаа амжилтад хүрэх эргэлтийн цэг дээр бид иржээ. Энэ номын хураангуй бол тийм байгууллагыг бий болгох тоглоомын дүрэм юм.

Бидний ажиллаж, амьдрах хэв маягийг цар тахал үүрд өөрчиллөө.

Ирэх жилүүдэд цар тахлаас сэргэх, шинэчлэх ажлууд өрнөх ч байдал урьдных шиг болохгүй.

Айсуй сар, жилүүд нь бидэнд байгууллагаа болон байгууллагатайгаа хэрхэн харилцах аргаа өөрчлөх зуунд нэг тохиолдох боломжийг олгох боловч ингэхийн тулд бид зөв алхам хийх ёстой.

Уг ном нь өдгөө бидний оршин буй өчүүхэн бага түрлэг, ирээдүйн тэнгис болон цаашид ирж магадгүй ямарваа шинэ сюрпризүүдийг даван туулахад замч болох тогтвортой манлайллын хэв маяг, стратегийг зааж өгнө.

Дасан зохицох чадвар

Ажлын шинэ ертөнцөд амжилт олоход шаардлагатай долоон өөрчлөлттэй бид танилцана. Феррацци эдгээр долоон өөрчлөлтийг нэгтгээд Radical Adaptality (Дасан зохицох эрс чадвар) гэж нэрлэсэн бөгөөд танай байгууллагыг богино болон урт хугацааны амжилтад хөтлөх юм.

Эхлээд хуучин ба шинэ ертөнцийн ялгаатай танилцая.

Хуучин ертөнц нь эрх мэдэлд хөтлөгддөг учир удаан, инновац багатай юм. Шинэ ертөнц нь улам олон, илүү сайн санааг бий болгодог, Ферраццигийн хамтдаа хөгжих (co-elevation) гэж нэрлэсэн зүйлийг шаарддаг.

Хуучин ертөнц нь шатлан захирах ёстой учир бүтцээрээ хязгаарлагддаг. Шинэ ертөнц нь шинэ ирээдүйг бүтээхэд чиглэсэн гол цэг, огцом хурдаас (спринт) бүтдэг уян хатан байдлыг шаарддаг.

Хуучин ертөнц нь хувь хүний шаргуу, тууштай чанараас хамаарч байсан учир ачаалал ихтэй багууд үүсэхэд хүргэж байв. Шинэ ертөнц нь багийн шаргуу, тууштай чанараас хамаарах учир бие биенээ дэмжиж ажиллахыг шаардах болно.

Хуучин ертөнц нь өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлдэг учир хүмүүс, байгууллагыг гэнэтийн шоконд оруулж байсан. Шинэ ертөнц нь хүмүүсийг болзошгүй өөрчлөлтийг идэвхтэй урьдчилан хардаг байхыг шаардах учир үйл хөдлөл хийхэд үргэлж бэлэн байх ёстой болно.

Хуучин ертөнц нь цөм бизнесүүддээ анхаардаг байсан учир өөрчлөлт гарахад л эрсдэлд өртөмтгий болдог байлаа. Шинэ ертөнц нь байгууллагуудаас дахин шинээр бүтээхийг шаардах учир юу болж, юу бүтдэггүй байсан талаарх хуучин ойлголтыг таягдан хаяна.

Хуучин ертөнц нь стандартжуулалт, хязгаарлагдмал уян хатан байдалд хүргэдэг авьяасын менежментэд анхаардаг байв. Шинэ ертөнц нь Ферраццигийн нэрлэснээр “лего тоглоомон ажлын хүч”-ийг шаардана. Энэ нь байгууллагууд универсаль бөгөөд өөрчлөмтгий байх ёстой гэсэн үг юм.

Эцэст өгүүлэхэд, хуучин ертөнц нь үүрэг даалгаварт төвлөрч байсан нь үйлдэл хийхийг урамшуулан дэмждэггүй байв. Шинэ ертөнц нь зорилгод хөтлөгддөг учраас шийдвэр бүхэн үүнд төвлөрч гардаг болно.

Оролцоогоор дамжиж хамтрах

Оролцоогоор дамжиж хамтрах гэдэг нь инновацыг дэмждэг алсын зайн, виртуал, хайбрид багийн ажиллагааны боломжуудыг ашиглахыг хэлж байна. Ингэхийн таван гол ач холбогдлыг дор дурдав:

Хамтдаа хөгжих замаар хамтдаа бүтээх

Ирээдүйн өндөр гүйцэтгэлтэй багуудын хувьд хамтын ажиллагаанаас даван гарч динамик хамтын бүтээлийг бий болгох шаардлагатай. Энэ нь хоорондоо хамааралтай багийн гишүүд бие биенийхээ ажлын хариуцлагыг хүлээж, тусламж хэрэгтэй нэгнээ дэмжихийг хэлж байна.

Хамтрах замаар ганцаарчилсан тоглолтыг эвдэх

Танай багуудад хамтдаа бүтээх соёл бий болсон бол хамгийн гол асуудлуудаа шийдвэрлэхийн тулд шийдэл гаргахад туслах бусад хүмүүсийг гаднаас хайх хэрэгтэй. Танай “баг” гэж байгууллагын бүтэц зохион байгуулалтад багтдаг, танд ажлаа тайлагнадаг хүмүүс бус харин тусламж үзүүлж чадах байгууллага доторх эсвэл гаднах бүх хүнийг хэлнэ.

Тэдгээр хүмүүс танайхтай заавал хамтран ажиллах шаардлагагүй учраас тэдэнд үйлчилсэн, халамжилсан, хуваалцсан манлайллын арга барилтай болох ёстой.

Оролцоо, краудсорсингийн төлөө багийн ажиллагааг хайбрид болгох

Дээрээс бүхнийг шийддэг стратегийн үе дууссан. Компаниуд дотроо холбогдож, дижитал харилцааны арга хэрэгсэл дээр ажиллах болсон учир бүтээгдэхүүний инновац, бодлого хөгжүүлэлтийн талаарх чухал, зоригтой санаануудыг ажилтнуудын сүлжээнээс краудсорсинг хийх байдлаар олох боломжтой.

Гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх

Байгууллагын түвшин бүрт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна хэрэглэгч, ханган нийлүүлэгч нарыг өсөлтийнхөө хамтрагч болгон хувиргах нь өнөөгийнх шиг хялбар байсан үе үгүй.

Хувийн көүчингийн сүлжээг нэмэгдүүл

Дэлхий дахинд юу болж байгааг мэдэрч, ойлгох мөн ухаалаг зөвлөгөөг авч байхын тулд хамтрагчдын сүлжээгээ нэмэгдүүлж, салбартаа мэргэшсэн хүмүүсээс көүчингийн албан ёсны сургалт авдаг байх хэрэгтэй.

Байгууллагын ажайлаар манлайл

Байгууллагын ажайлаар манлайлна гэдэг нь хямралын үед байгууллагыг авч явж байсан спринтийг урт хугацаанд ажиллах арга болгон хадгалж авч үлдэхийг хэлж байгаа юм. Яагаад ингэх ёстой юм бэ? Учир нь өөрчлөлт бол шинэ нормал бөгөөд өөрчлөлтөд хэр хариу үйлдэл үзүүлэхээс танай амжилт хамаарна.

Байгууллагын ажайлаар дамжуулж их хэмжээний өгөөжийг авчрах таван арга бий.

Хэрэглэгчийн үнэ цэнийг нэгдүгээрт тавь

Хэрэглэгчид өгөх үнэ цэнийг үргэлж нэгдүгээрт тавьж, тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэх хурддаа ихээхэн ач холбогдол өгөх юм бол шинэ инновац, санаанууд зах зээлд илүү хурдан хүрнэ.

Багийн бие даасан байдлыг газарт буулгах

Ийм төрлийн хурд, овсгоо самбаа нь ажил хэрэг бодитоор явагддаг багуудад бие даасан байдлыг өгөх ёстойг танд сануулна.

Хэмжиж болохуйц үр дүнгийн төлөө хоёр долоо хоног тутам спринт хийх

Ажайл орчинд туршилт хийх хүсэл эрмэлзэл, хэмжиж болох үр дүнд төвлөрөх зэрэг нь манлайлагч нарыг хариулт өгөхөөс илүүтэйгээр асуулт тавихад хүргэдэг. Ингэснээр “Ирэх долоо хоногт ямар амжилт гаргах вэ” эсвэл “хэзээ өөрчлөлт хийх вэ” зэрэг асуултыг байнгасуудаг болно.

Санал хүсэлтээр дамжуулан ажлаа “сум нэвтэрдэггүй” болго

Асуудлыг аль болох хурдан илрүүлж, аль болох хурдан шийдвэрлэхийн тулд багуудаас санал хүсэлтийг нь авдаг байх хэрэгтэй. Багийн гишүүд өөрсдөөсөө “Байгууллагын анхаарлыг хандуулах ёстой ямар эрсдэл эсвэл сорилтууд байна вэ” гэж асуудаг болох ёстой.

Инновацыг дэмжихийн тулд хэмж

Эцэст нь та манлайлагчийн хувьд удирдлагын баг ажайл зарчмын хүрээнд ажиллаж байгааг баталгаажуулах ёстой. Ингэснээр ажайл зарчим танай байгууллагын бүх багт нутагших болно.

Багийн тэсвэр хатуужлыг сайжруулах

Энэ бол багийн гишүүд бие биенээ дэмждэг, бэрхшээлтэй тулгарч, амаргүй байдалд байгаа бусдадаа шаардлагатай тусламжийг үзүүлдэг баг болохыг хэлж байна. Ингэх нь танай байгууллагад дараах дөрвөн өгөөжийг авчирна.

Багийн тэсвэр хатуужлын түвшнийг оношил

Багийн тэсвэр хатууужлыг хэмжих хамгийн найдвартай хэмжүүр бол илэн далангүй байдал, зохион бүтээх чадвар, энэрэл нигүүсэл, даруу зан, эмзэг байдлаа үл нуух, бүтээлч шаргуу зан, өглөгч зан, талархсанаа илэрхийлэх, эерэг хандлага зэрэг юм. Амжилтад хүрэх хэрэгтэй гэж үнэлдэг бусад зан чанарын адилаар эдгээрийг тордож дэмжээрэй.

Багийн тэсвэр хатуужлыг дэмжих өгөөжтэй аргуудыг ашиглах

Багийн тэсвэр хатуужлыг дэмжихийн төлөө хийх ёстой зүйлүүд:

  • бие биенээ дэмжих чин хүсэлтэй байх
  • багийнхандаа эерэг үг хэлдэг байх
  • өөрт тулгарч буй сорилтыг бусадтайгаа хуваалцах
  • бусдадаа анхаарал тавих
  • амрах цаг авдаг байх

Ноцтой стресс үүсгэгчийн эсрэг шийдлийг хамтдаа бий болгох

Ажлаа дуусгах дарамт, ганцаараа ажиллаж ядрах, дасгал хөдөлгөөн хийх боломж багасах зэрэг стресс үүсгэгч тодорхой хүчин зүйлс цар тахлын үеэр үүссэн. Чухам ямар стресс үүсгэгчид танай байгууллагад илүү их байгааг тодорхойлж, тэдгээрт зориулсан шийдлийг тодорхойл.

Тогтвортой байдлын төлөө сэтгэцийн эрүүл мэндийг дэмж

Сэтгэцийн хувьд эрүүл байна гэдэг нь таны амьдралд стресс, таагүй байдал бага байхыг хэлнэ. Мөн стресс, зовнил байлаа ч ажиллах чадварыг хэлдэг.

Мөн захирал, менежерүүд стрессийг сайн даван гардаг байх ёстой. Жишээлбэл, стресс үүсгэгчийн талаар илэн далангүй ярих, хуваарьтаа амралт оруулах зэргээр сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь хэвийн зүйл гэдгийг багийнхандаа ойлгуул.

Урьдчилан харах чадварыг бий болго

Ирээдүйг мэдэх боломжгүй ч асар хурдан дасан зохицдог багууд нь ирээдүйд зориулж төлөвлөхийг чармайдаг. Ингэхийн тулд тэд өөрчлөлтийн анхдагч дохиог идэвхтэй эрэлхийлдэг урьдчилан харах чадвараа хөгжүүлдэг бөгөөд ингэснээр өөрчлөлтөд шуурхай хариу үйлдэл үзүүлж чадах юм.

Үүнийг үр дүнтэй хийх дөрвөн өгөөжтэй арга бий.

Аюул болоод боломжуудыг анзаарах

Цаг хугацааны хоёр хүрээнд анхаарах нь зүйтэй гэж Феррацци зөвлөсөн: (а) богино хугацааны (нэг жилийн хугацаатай), (b) урт хугацааны (таван жилийн дотор).

Багийнхнаа аюулын дохиог урьдчилан олж харахад чиглүүлж, харин өөрөө хамгийн чухал таван макро хүчин зүйлд анхаар: нийгмийн, технологийн, эдийн засгийн, байгаль орчны, улс төрийн (товчилбол STEEP).

Дохионуудыг үнэл, эрэмбэл

Хэрэв аюулын дохионуудыг олсон бол тэдгээрийг эсрэг хэрэгжүүлэх үйлдлүүдээ эрэмбэлэх ёстой. Тэдгээрийг ангилахын тулд хоёрыг харьцах хоёр матрикс үүсгээд Х тэнхлэг дээр нөлөөг нь (багаас их), Y тэнхлэг дээр боломжийг (багаас их) тэмдэглэ. Их/Их үнэлгээтэй дохионуудад яаралтай анхаарал хандуулах ёстой бол хоёр их/бага хувилбарыг анзаарч байх, бага/бага дохионы эсрэг үйлдэл хийхээ хойшлуулж болно.

Болзошгүй нөхцөлд хариу үзүүл, төлөвлө

Болзошгүй нөхцөл байдалд зориулж төлөвлөгөө гаргаснаар үйлдэл хийх нөхцөлийг үүсгэнэ.

Тогтмол суралцдаг соёлыг дэмж

Энэ бүлэгт заасан зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр та байгууллагаа суралцах, мууг хаях, дахин сурах байнгын мөчлөгт сургах болно. Энэ аргыг байнга мөрдөх юм бол зөвхөн хямралын үед ч бус байнга суралцдаг соёлыг байгууллагадаа бий болгох юм.

Бизнесийн моделио ирээдүйд бэлтгэ

Энэ бол байгууллагынхаа ирээдүйн алсын харааг бий болгох, ойлгохын тулд байнга туршилт хийдэг процесстой болохыг хэлж байна.

Ингэхэд туслах өгөөжтэй таван аргыг танилцуулъя.

Салбарынхаа ирэх 10 жилийн ирээдүйг төсөөл

Богино хугацаанд таны харж буй өөрчлөлтүүд нь алхам алхмаар хийгдэг, шугаман өөрчлөлтүүд юм. Урт хугацаанд гарах өөрчлөлтүүд нь харин таамаглах аргагүй, шугаман бус шинжтэй. Энэ процессийг эхлүүлэх хоёр асуулт бий: Ирэх 10 жилд манай салбар ямархуу болох вэ? Эл салбартаа бид ямар байр суурьтай болохыг хүсэж байна вэ?

Үсрэнгүй өсөлт авчрах технологиудыг тодорхойл

Технологи нь эрс өөрчлөлтийг үүсгэсээр ирсэн цаашид ч үүсгэх болно. Өдгөө анхаарлаа хандуулах ёстой технологиудын тоонд хиймэл оюуныг үйлчилгээнд ашиглах, квант компьютер, аватар систем, блокчэйн, орон зайн веб юм.

Шуурхай ажайл туршилтыг ашиглаж тодруул

Ирээдүй ямархуу байхыг мөн танай компанийн ирээдүйд хамгийн ихээр нөлөөлөх 1-2 технологийг тодорхойлсон бол ирэх 6-12 сард ажиллах өндөр нөлөөтэй туршилтын төслүүдээ тодорхойл.

Үнэнч хэрэглэгчдийн бүлгүүд үүсгэ

Тодорхойгүй цаг үе өдгөө хэвийн үзэгдэл болж эхэлсэн агаад ийм үед чухам өөрийн хэрэглэгч, фэнүүдийн бүлэгт найдах ёстой юм. Хэрэв та сайн ажиллаж, тэднийг халамжлах юм бол тэд танайхыг бусдад сурталчилж, танай өмнөөс инновац хийж, ирээдүйг бүтээхэд туслана.

Лего блоктой ажиллах орчныг бүтээ

Лего блоктой ажлын орчныг бий болгоно гэж бүтээлч, уян хатан, зардал багатай ирээдүйг бүтээхэд туслахуйц байдлаар ажиллах хүчээ шинээр төлөвлөх явдал юм.

Үүнийг хийх өгөөжтэй таван аргыг санал болгоё.

“Ямар ажлыг хийх ёстой вэ” гэж асуу

Багийн гишүүдэд одоо болон ирээдүйд ямар үүрэг роль ногдуулах вэ гэдэгт эхэлж анхаар. Дараа нь одоогийн болон ирээдүйн албан тушаалыг нь микро ажлуудад хуваа. Үүний дараа хамгийн сайн арга хэрэгсэл, зах зээл дэх авьяаслаг ажилтнуудыг ашиглан ажиллах хүчнээ шинэчлэх ёстой.

“Ямар ажилтнуудтай хамт ажиллах вэ” гэж асуу

Компанийн ирээдүйн төлөө ажиллах боловсон хүчнийг олж тодорхойлоход туслах гурван шилжилт бий:

  • Шилжилт 1 – Нэмэгдүүлэх: хүний хүчин зүйлээс алгоритм рүү
  • Шилжилт 2 – Хөдөлмөр эрхлэлт: уламжлалт байдлаас уламжлалт бус руу
  • Шилжилт 3: Эко систем: дотоод орчноос гадаад орчин руу

“Ажиллах хүч хаана орших вэ” гэж асуу

Ажлыг хаана хийх талаар шийдвэр гаргахад туслах гурван шилжилт бий:

  • Шилжилт 1 – Биеэр оролцох: Ирж ажиллахаас алсын зайнаас ажиллах болж өөрчлөх
  • Шилжилт 2 – Байрлал: оншор байрлалаас оффшор байрлал руу
  • Шилжилт 3 – Орчин: нээлттэй орчноос хаалттай орчин руу

Шилжилтийг гүйцэтгэ

Танай ирээдүйн ажиллах хүч ямархуу байхыг шийдсэн бол тэрхүү шилжилтийг хийх ёстой. Ингэхдээ дараах гурван зүйлд анхаарна уу: шилжилтийг хийхийн тулд ажилтнуудаа сургах, гүйцэтгэлийг нь үнэлэх, одоогийн ажиллах хүчнээ дахин сургах. Дахин сургах гэдэг нь илүү чухал албан тушаалд зориулж сургах болон мэргэжлийг сольж шинэ карьер эхлүүлэхийн хоорондох ялгааг хэлж байна.

Зорилгоо супер цэнэглэ

Дасан зохицох чадварыг бий болгох, урт хугацааны зорилгоо олж тодорхойлох, түгээх зорилгоор байгууллагадаа хэмнэл бий болгох нь зорилгоо супер цэнэглэхийн утга учир юм.

Үүнийг хийх өгөөжтэй гурван арга бий.

Багаараа салхинд гарч байгууллагын зорилгын талаар ярилц

Танай байгууллагын Яаж гэдгийн цаана ямар Яагаад байж болохыг олж тодорхойлохыг хэлж байна. Жишээлбэл, Etsy-ийн зорилго бол “keeping commerce human”, Microsoft-ийнх “to empower every person and every organization on the planet to achieve more” билээ.

Зорилгыг эзэнтэй болгох

Зорилго бол ханан дээрх уриа төдий байж болохгүй гэдгийг та олонтоо сонссон нь лавтай. Зорилгыг амьдруулах ёстой. Bestbuy-ийн хувьд зорилго нь “enrich the lives of customers through technology” юм. Энэ зорилгыг эзэнжүүлж, өөриймшүүлэхийн тулд тэд дараах асуултыг өөрсдөөсөө асуужээ:

  • Хэрэв Вestbuy хүн байсан бол биеэ яаж авч явах байсан бэ?
  • Хамгийн шилдэг үедээ бид ямар харагддаг вэ?

Дасан зохицоход зориулж зорилгын төлөөх чиглэлийг гарга

Ирээдүйд бүтээх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг гаргахын тулд зорилгоо ашиглах ёстой. Үүний тулд дараах дөрвөн асуултыг асуу:

  • тухайн чиглэл компанийн зорилгод нийцэж байна уу?
  • манай хэрэглэгчдэд тохирох уу?
  • Бид амлалтдаа хүрч чадах уу?
  • Энэ чиглэлээр яваад бид мөнгө хийж чадах уу?

Дүгнэлт

Оршилд өгүүлсэнчлэн өдөр ирэх тусам ирээдүй улам бүр тодорхой бус болсоор байна. Танай байгууллага зөвхөн маш сайн дасан зохицож чаддаг тохиолдолд л богино болон урт хугацаандаа амжилтад хүрэх эргэлтийн цэг дээр бид иржээ. Энэ номын хураангуй бол тийм байгууллагыг бий болгох тоглоомын дүрэм юм.

0 Shares
Хариу үлдээх