Зохиолч: Брене Браун

Зүрхний газрын зураг

Atlas of the Heart
Энэ бол сэтгэл хөдлөлөө ойлгож, бусадтай илүү гүн гүнзгий, утга учиртай харилцаа үүсгэхэд туслах судалгааны материал гэж болохоор ном билээ.

Хэрэв хүмүүс сэтгэл хөдлөлөө тодорхойлж, илэрхийлэхдээ хэлийг илүү сайн ашигладаг байсан бол амьдрал эрс сайжрах байсан гэсэн санаа зохиолчийн шинэ номны гол сэдэв юм.

Энэхүү алдааг засахын тулд Браун болон түүний баг олон мянган хүнтэй ажиллаж, сэтгэл хөдлөлийг нь судалжээ.

Судалгааны явцад хүмүүс ердөө гурван сэтгэл хөдлөл нэрлэсэн байна. Хамгийн түгээмэл нэрлэгдсэн тэрхүү гурав бол аз жаргал, уйтгар гуниг, уур хилэн бөгөөд энэ нь тун хязгаарлагдмал тодорхойлолт гэдэг нь ойлгомжтой.

Харин Харвардын сэтгэл судлаач Сюзан Дэвидийн өгүүлснээр “сэтгэл хөдлөлөө илүү утга учиртай үгсийн сан ашиглан тодорхойлж сурах нь амьдралыг эрс өөрчлөх шидтэй” ажээ.

Хэрэв бүгдийг нь авч үзвэл хэр утга учиртай тодорхойлолт гарах вэ? Брауны өгүүлж буйгаар 13 ялгаатай бүлэгт хамаарах 87 төрлийн сэтгэл хөдлөл байдаг ажээ.

Бүх 87 сэтгэл хөдлөлийн талаар тус номд өгүүлэх боломжгүй. Гэхдээ Зүрхний газрын зургаар аялахдаа ялгааг олж харах нь хамгийн чухал гэж Браун онцолжээ. Улмаар хамгийн хайртай хүмүүстэйгээ үнэ цэнтэй харилцааг бий болгохын тулд сэтгэл хөдлөлөө илүү нарийн, зөв тодорхойлоход туслах гурван ур чадварыг Браун номдоо дурдсан юм.

Ингээд эхэлье.

Бидэнтэй тулгардаг сэтгэл хөдлөлийн саадууд

Сэтгэл хөдлөлөө тодорхойлж, удирдахад хүмүүст тулгардаг хамгийн том саадууд юу вэ?

Браун хүүхэд насаа эргэн дурсах замаар дараах гурван зүйлийг тодорхойлжээ:

  1. Хүмүүс зовлонгоос, тэр дундаа бусдыг зовоох, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахаас зайлсхийдэг.
  2. Ихэнх хүн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаггүй бөгөөд ихэвчлэн бусдыг буруушааж эсвэл ажлаа бүрмөсөн зогсоодог
  3. Мэдрэмж, бодол, зан араншин нь хамтдаа хэрхэн хамаарч ажилладагийг тун цөөн хүн ойлгодог

Үүний үр дүнд сэтгэл хөдлөл маань бидний бодол, зан араншинг хэрхэн тодорхойлдгийг бид ойлгодоггүй. Улмаар мэдрэмжээсээ тусгаарлагдаж, хүн хүнээсээ холддог. Үүнээс зөвхөн илүү их зөрчил, илүү их өвдөлт л үүснэ.

Ингээд 13 бүлгийн 87 сэтгэл хөдлөлийн талаар өгүүлье.

Тодорхойгүй эсвэл хэм хэмжээнээс хэтэрсэн үед

Нөхцөл байдал тодорхойгүй эсвэл амьдрал хэт хүнд санагдвад бид яадаг вэ?

Ийм үед бид стресс, айдас, зовнил, түгшүүр, зайлсхийх, сэтгэл хөдлөх, балмагдах, эмээх, эмзэглэх зэрэг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Жишээлбэл, айдсыг “хурцадмал байдлыг мэдрэх, санаа зовоосон бодол, цусны даралт ихсэх зэрэг бие махбодын өөрчлөлт” гэж тодорхойлж болно.

Зовнил, зайлсхийх бол түгшүүр төрөх үед гардаг дасан зохицох стратеги юм. Ирээдүйд болж магадгүй муу зүйлсийн талаарх сөрөг бодлууд ээлжлэн төрөх үед бидний санаа зовдог. Харин асуудлаас бултаж, таагүй зүйлээс өөр зүйлд хэт их эрч хүчээ зарцуулахыг зайлсхийх гэж нэрлэж байна.

Харьцуулах үед

Харилцаа, өөрийгөө үнэлэх зэрэгт нөлөөлдөг маш олон сэтгэл хөдлөлийн эх үндэс нь харьцуулалт юм. Хамгийн хэцүү нь бид харьцуулж байгаа гэдгээ ихэнхдээ мэддэггүй.

Брауны өгүүлснээр харьцуулалт нь биднийг хоёр талаас дайрдаг: Энэ бол бусадтай нийцэх эсвэл онцгойрох гэсэн байнгын хүчин чармайлт юм. Энэ нь бидний дотоод үйлдлийн систем “бусадтай адилхан бай, гэхдээ бүр илүү бай” гэдэг команд авсантай адил юм.

Харьцуулалт хийхдээ бид заримдаа биширч хүндэлдэг боловч ихэнх тохиолдолд атаархаж, шаралхаж, дургүйцдэг.

Төлөвлөснөөр болохгүй үед

Хүлээлт болон бодит байдал хоёрын хоорондл ялгаа гарвал бид ихэнхдээ сэтгэлээр унадаг. Хүлээлт их байх тусам сэтгэлээр улам их унах магадлалтай.

Сэтгэлээр унах нь харамсал, урам хугарах, болих, найдвар тасрах зэрэг өөр олон сэтгэл хөдлөлд хүргэдэг.

Үр дүн нь өөрийн шийдвэр эсвэл үйлдлээс болсон гэж итгэж байгаа бол харамсал төрнө. Харин урам хугарсан бол бид өөртөө итгэх итгэлээ алдаж, цаашдын зорилгын талаарх үйл хэрэгтээ тийм ч урам зоригтой хандаж чадахгүй. Харин болих шийдвэр гаргасан бол тухайн ажлаа бүрмөсөн хаяна.

Бололцооноос хэтэрсэн үед

Ойлгохгүй зүйлтэй тулгарахаараа бид гайхаж, балмагддаг. Ялангуяа байгаль, урлаг, хөгжим, оюунлаг болоод шинэлэг зүйл нь ийм сэтгэл хөдлөлийг бий болгодог.

Мөн төөрөгдөл, сониуч зан, сонирхол зэрэг сэтгэл хөдлөл ч орно. Ойлгохгүй зүйлээ харахаар бид ихэвчлэн гайхаж төөрөгддөг агаад энэ нь эерэг тохиолдолд бидний сониуч зан, сонирхлыг өдөөдөг.

Эдгээр нь эрэн хайх, сурах хүсэл тэмүүллийг өдөөдөг учраас хүнд байх ёстой ерөнхий сэтгэл хөдлөлүүд юм.

Төсөөлснөөр биш үед

Харьцуулж болохоор сэтгэл хөдлөл эсвэл эсрэг тэсрэг бодол төрвөл амьдрал төсөөлснөөр биш байна гэсэн сэтгэгдэл төрдөг.

Эл ангилалд багтах зарим сэтгэл хөдлөл бол хөөрөх, өнгөрснөө санах, баяр гуниг зэрэг төрөх, танин мэдэхүйн үл нийцэл, парадокс, егөөдөл, сарказм юм.

Эдгээрийн аль нэгийг мэдэрсэн үед ихэнх хүн тайвшрахыг хүсэж, зугтмаар санагддаг. Гэхдээ ийм сэтгэл хөдлөл төрвөл аль болох удаан сониуч зангаа хадгалж үлдсэнээр та тухайн сэтгэл хөдлөлөөс ихийг сурч авна.

Браун номдоо парадоксын талаар ийн өгүүлжээ: бид байгаагаараа байдаг, төгс бус хүмүүст татагддаг ч өөрийн жинхэнэ хэн болохыг бусдад харуулахаас айдаг.

Шархалсан үед

Шархалсан үедээ бид шаналал, мухардал, цөхрөл, гуниг, гашуудлыг мэдэрдэг.

Шаналал бол “бараг даван туулахын эцэсгүй, цочирдол, гашуудал, сул доройн гунигт эргүүлэг” юм. Шаналж, бусдаас тусламж дэмжлэг авч чадахгүй бол амьдралаа шинээр эхлэхэд хэцүү болдог.

Итгэл найдвар бол олонх хүний боддог шиг дулаан сайхан сэтгэл хөдлөл биш. Харин ч энэ бол таагүй явдал, асуудлын үеэр бий болдог зүйл юм.

Бид ямар үед итгэл найдварыг мэдэрдэг вэ:

  1. Бодитой зорилгууд дэвшүүлэх
  2. Тэдгээр зорилгодоо хэрхэн хүрэхээ тодорхойлох
  3. Түүндээ хүрч чадна гэдэгтээ итгэх

Итгэл найдварт суралцаж болно гэдэг нь тус номоос авах ёстой хамгийн чухал сургамжуудын нэг юм.

Бусадтай хамт очдог газар

Бусад хүмүүстэй харилцахдаа бид өрөвч сэтгэл, харуусал, энэрэл, өхөөрдөл, зааг, бусадтай зовлонгоо харьцуулах зэргийг мэдэрдэг.

Тус судалгаанд хамрагдсан хүмүүс болон клиник эмчилгээний салбарынхны хариулахыг хичээж буй асуулт бол:

“Асуудлыг нь өөрийн мэт хүлээж авалгүйгээр зовж байгаа хүнтэй харилцах, туслах хамгийн үр дүнтэй арга юу вэ?”

Жишээлбэл, өрөвч сэтгэл бол бүх хүн өөрийн гэсэн хүч чадал, сул талаас бүтдэг гэдгийг ойлгож, хүлээж авах юм. Буддын лам Пема Чодрон “The Places That Scare you” номдоо “Өрөвч сэтгэл бол эмчлэгч, шархадсан хүн хоёрын хоорондох харилцаа биш юм. Энэ бол эн тэнцүү хүмүүсийн харилцаа. Өөрийн харанхуй талыг мэдсэн цагт бид бусдын харанхуй талыг мэдэрч чадна. Нэгдмэл хүнлэг чанараа олж харсан цагт өрөвдөх сэтгэл нь бодитой болж хувирна” гэж бичжээ.

Хүлээлтдээ хүрч чадахгүй үед

Хүлээлтдээ хүрч чадахгүй бол бид ичгүүр, өөрийгөө өрөвдөх, төгс төгөлдрийг эрхэмлэх, харамсах, доромжлол, сандралыг мэдэрдэг.

Дараах дөрвөн сэтгэл хөдлөлийг хүмүүс ихэвчлэн хооронд нь ээлжлэн илэрхийлдэг ч үнэндээ тэгэх боломжгүй юм.

Ичгүүр нь “Би үнэхээр муу юм” гэж илэрхийлэгддэг. Ийм тохиолдолд зан араншинд бус өөртөө анхаарал хандуулж байна.

Буруутгал нь “Би муу зүйл хийлээ” гэж илэрхийлэгддэг. Ийм тохиолдолд зан араншинд анхаарал хандуулж байна.

Доромжлол нь “Намайг үл тоомсорлосон, хэн нэг нь намайг доош хийсэн” гэж илэрхийлэгддэг. Ичгүүр нь бидний буруу, харин доромжлол нь бусдын буруу болж таардаг.

Сандрал бол “Би ямар нэг буруу зүйл хийсэн, гэхдээ би ганцаараа биш” гэж илэрхийлэгддэг.

Харилцааг хайх үед

Хүн бол нийгмийн харилцаанд орохоор бүтээгдсэн амьтан. Тийм учраас харьяалал, зохицол, холбоос нь бидэнд чухал байдаг. Мөн харилцаа тасрах, өөртөө итгэлгүй байх, бусдад тоогдохгүй байх, ганцаардах нь маш хэцүү байдаг.

Хайр, харьяалал үгүй бол зовлон үүснэ. Ийм ойлголт бидний ДНХ-д байдаг.

Итгэлгүй байдал гэдгийг бид өөртөө эргэлзэхтэй холбож үздэг ч үнэндээ гурван төрөл бий:

  1. Тодорхой нэг зүйлээс хамаарсан итгэлгүй байдал бол хүнс, санхүү, бие махбодын аюулгүй байдал зэрэг амьдралын тодорхой нэг зүйлийн талаар итгэлтэй бус мэдрэмж төрөхийг хэлж байна.
  2. Харилцааны буюу хүн хоорондын итгэлгүй байдал гэж тухайн харилцаа нь тусламж дэмжлэг, итгэлээр дүүрэн биш байхыг хэлж байна.
  3. Ерөнхий буюу хүний итгэлгүй байдал гэж бид сул талаа хэт их шүүмжит өнцгөөс харахыг хэлнэ.

Зүрх нээлттэй үед

Бусдад зүрх сэтгэлээ нээх нь эрсдэлтэй. Хайр, харилцаа үүсгэх боломжийг нээж өгдөг ч зүрх зүсэгдэх, хуурагдах, өөрийгөө өмөөрөх зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг ч үүсгэнэ.

Хайр бол бидний өгдөг эсвэл авдаг зүйл биш бөгөөд харин цэцэглүүлж, ургуулах ёстой зүйл гэж Браун үзжээ. Хүн тус бүрт тодорхой хэмжээгээр оршиж байгаа цагт л хайр бий болдог.

Хайр нь мөн хүлээн зөвшөөрч, эдгээж чадсан тохиолдолд л буруутгал, үл хүндэтгэл, урвалтыг давж гарч чаддаг байна.

Амьдрал сайхан үед

Амьдрал ихэнхдээ тэмцэл байдаг боловч сайхан үедээ бид Долли Партоны “I will always love you” дуунд гардаг шиг баяр хөөр, аз жаргалыг мэдэрдэг.

Баяр хөөр, аз жаргал бол нэг ижил зүйл биш гэдгийг Долли мэддэг байв. Баяр хөөр бол гэнэтийн, санамсаргүй, богино хугацааны, хүч ихтэй сэтгэл хөдлөл. Аз жаргал бол илүү тогтвортой, удаан үргэлжилдэг, хичээл зүтгэлийн маань үр дүн байдаг.

Амьдрал сайхан үед бид тайвшрал, сэтгэл ханамж, талархал, тайвшрал, амар амгаланг мэдэрдэг.

Гэхдээ хүмүүс ямар ч нөхцөлд баяр хөөрийг нураах аргыг олж байдаг нь заримдаа айдсын мэдрэмжээс болдог юм. Эерэг нөхцөлд хүмүүс эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч чадалгүй, ямар нэг муу зүйл болох вий гэж таамаглах, сөргөөр бодох нь олонтоо.

Шударга бус хандсан үед

Хэн нэгэнд хууртсан, шударга бус зангийн золиос болсон үед бидэнд уур, жигшил, зэвүүцэл, үзэн ядалт, өөрийгөө зөвтгөх, хүн чанараа алдах зэрэг сэтгэл хөдлөл төрдөг.

Уур бол хүссэн үр дүн, зүйлдээ хүрэх замд ямар нэг зүйл саад болох эсвэл итгэл үнэмшлийг маань зөрчвөл мэдрэгддэг сэтгэл хөдлөл юм. Уурыг хүмүүс тус номд дурдсан 87 ялгаатай сэтгэл хөдлөлийн нэгтэй андуурдаг, эсвэл нэг зэрэг мэдэрдэг.

Сүүлийн 20 гаруй жилийн судалгаандаа үндэслэн Браун уурын талаар дараах гурван зүйлийг олж мэджээ.

  1. Тодорхойлох эсвэл илэрхийлэхэд хэцүү өөр сэтгэл хөдлөлийг уур халхалж байдаг
  2. Уур бол машины хянах самбар дээрх заагчтай адилхан. Машинаа зогсоогоод нөхцөл байдлыг шалга гэсэн дохиог уур танд өгдөг.
  3. Уур бол өөрчлөлт авчрах хүчирхэг хурдасгуур болж чаддаг боловч үүнийг өөрчлөлттэй өөртэй нь андуурч болохгүй юм.

Өөрийгөө үнэлэхийн тулд очдог газрууд

Хэр сайн байснаа олж мэдэхийн тулд өнгөрсөн ажил, туршлагаа эргэн харах үедээ бид бахархал, бахдал эсвэл даруу занг мэдэрдэг.

Бахархал бол амжилт бүтээлтэй холбоотойгоор сэтгэл ханамжийг мэдрэх явдал юм.

Бахдал бол ур чадвартаа хэт бардах үед үүсдэг бөгөөд бусдаас илүү гарах, давамгайлах хүсэлтэй холбогддог.

Даруу зан бол өөрийн хувь нэмрийг маш зөв үнэлэхийн зэрэгцээ шинэ зүйлийг сурахад нээлттэй байхыг хэлж байна.

Утга учиртай харилцааг үүсгэх

Ийнхүү газрын зургаа үүсгэсэн бол түүнийг ашиглан тоглоомын дүрмээ зохиох цаг иржээ.

“Анзаарагдсан, сонсогдсон, үнэлэгдсэн үед; тунгаан шүүлгүйгээр өгч, авах үед; улмаар харилцаанаасаа хүч чадал, амьдрах чадлыг авах үед хүмүүсийн хооронд үүсдэг эрч хүч” гэж Браун харилцааг тодорхойлжээ.

Энэ бол сонсоход амар ч, хийхэд хэцүү зүйл бөгөөд өөртөө итгэлтэй байдал, эр зориг, хариуцлагын ур чадварыг шаарддаг.

Өөртөө итгэлтэй байдал

Тодорхойгүй байдал, айдсыг мэдрэх үедээ бид өөрийгөө өмөөрдөг агаад энэ бол өөртөө итгэлтэй байдлын эсрэг зан юм. Энэ зан нь биднийг үнэ цэнийнхээ дагуу шийдвэр гаргаж, үйлдэл хийхээс сэргийлдэг.

Өөртөө итгэлтэй занг хөгжүүлэх аргуудыг доор дурдав:

  • хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийн хэлийг мэддэг, ашигладаг байх
  • эр зоригоо харуулдаг байх
  • эмзэг, сул талаа харуулахаа үл эмээх
  • сониуч байх
  • мэргэшил, дадлагыг эрхэмлэх
  • өөртэйгээ холбогдох

Эр зориг

Эр зоригтой байна гэдэг нь бусдыг анхаарч, бусадтай холбогдоход зориулагдсан хэлийг ашигладаг, энэрэнгүй, бусдыг шүүдэггүй байхыг хэлнэ.

Эр зоригийг хөгжүүлэх аргуудыг доор дурдав:

  • бусдыг анхаарч, санаа тавьдаг
  • өрөвч байх
  • энэрэл нигүүлсэлтэй байх
  • бусдыг шүүмжилдэггүй байх
  • бусадтай холбоо харилцаа үүсгэх
  • хил хязгаарыг бий болгох, хүндлэх

Хариуцлага

Энэ чадварын цөм нь хүмүүс бусдын сэтгэл хөдлөлийг тодорхойлж, шүүхдээ тийм ч сайн биш гэдгийг ойлгох юм. Бусад хүмүүст ямар мэдрэмж төрж байгааг таахын оронд та асуух хэрэгтэй.

Улмаар танд итгэж хэлсэн тун үнэ цэнтэй зүйл, үнэнийг нь хүндлэх, нууцыг хадгалах ёстой.

Хариуцлагыг хөгжүүлэх аргуудыг доор дурдав:

  • сонсох, мэдэх, сониуч байх
  • сонссон зүйлдээ итгэх, хүлээн зөвшөөрөх, батлах замаар итгэлийг бий болгох

Дүгнэлт

Энэ бол сэтгэл хөдлөлөө ойлгож, бусадтай илүү гүн гүнзгий, утга учиртай харилцаа үүсгэхэд туслах судалгааны материал гэж болохоор ном билээ.

0 Shares
Хариу үлдээх