Зохиолч: Жон Медина
Тархины дүрмүүд
Танд байгаа хамгийн хүчирхэг машин бол тархи. Гэвч таны хамгийн бага анхаарч, халамжилдаг эрхтэн гэвэл зөв байх. Та хамгийн сүүлд тархиныхаа “тосыг хэзээ солиулсан бэ?” Тархи хэрхэн ажиллада талаар олон хүн сайн мэддэггүй гэж мөрийцсөн ч болох байх. Харин одоо тархины ертөнцөөр аялая.
Бидний аялалд хүний тархины хөгжилд ген ямар үүрэгтэй талаар голлон судалдаг молекулын биологич Жон Медина тусална. Тэрбээр тархины талаар хэнээс ч илүү ихийг мэдэх доктор. Түүний номоос та тархиа дээд түвшинд ажиллуулах аргуудын талаар мэдэж авах юм.
Дүрэм #1 - Бөгсөө өндийлгө
Практикаас үзвэл дасгал хөдөлгөөн нь зүрхнээс гадна тархинд ч сайн ажээ. Багахан хэмжээгээр ч болов байнга дасгал хийх нь дементиа, алцхаймерийн өвчин тусах эрсдэлийг 50 хувиар бууруулдаг тухай судалгаа олон бий. Тиймээс тархины талаар таны мэдэх ёстой эхний зүйл бол – таныг битгий үхээсэй гэсэндээ дасгал хийгээсэй гэж тархи хүсдэг.
Олон сая жилийн өмнө хүн ширэнгэн ойгоор тэнэж, хоол хүнс хайн ан хийдэг байхдаа өдөр тутам 20 орчим км алхдаг байжээ. Өөрөөр хэлбэл, бидний бие ихээхэн дасгал хөдөлгөөн хийдэг байхаар хувьсан өөрчлөгдсөн юм. Бидний бие өдөрт 8 цагийн турш компьтерийн урд суудаг байхаар бүтээгдээгүй.
Тэгвэл дасгал хөдөлгөөн ямар ач холбогдолтой вэ? Дасгал нь бие дэх хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлснээр бодисын солилцооноос үлдсэн хортой химийн нэгдлүүдийг биеэс цэвэрлэхэд тусалдаг байна. Мөн нейтронуудын холбоосыг хангах үүрэгтэй уургийг сэргээдэг аж. Товчоор хэлвэл, тархи эрүүл байвал та эрүүл байна.
Дүрэм #2 – Анхаарал төвлөрөл
Хүмүүс уйтгартай зүйлд анхаарал хандуулдаггүй. Таны анхаарах ёстой зүйл гэвэл тархи ямар нэг зүйлд илүү их анхаарал хандуулвал тухайн мэдээллийг илүү нягт нямбай байдлаар кодлож, санах ойдоо хадгалдаг аж. Түүнчлэн сэтгэл хөдлөл дагуулсан үйл явдлууд нь дундаж, энгийн зүйлээс илүүтэйгээр тархинд хадгалагддаг байна. Энэ нь бусдад мэдээлэл хүргэх хүсэлтэй хүмүүст чухал ойлголт болох биз ээ.
Хичээлийн танхимд хамгийн сүүлд суусан үеэ эргэн дурсана уу. Гэхдээ багш нь доктор Медина байх болно. Түүний хичээл юугаараа өөр байх бол?
Хичээлийн эхэнд сэдэвтэй холбоотой сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэх ямар нэг зүйл хийнэ. Дараа нь сэдвийн ерөнхий агуулга руу орох бөгөөд ингэснээр та “цэгүүдийг холбох” ёстой болно. Бид тархиа нарийн ширийн мэдээллээр дүүргэхгүй агаад харин тухайн сэдэв, зарчим, үйл явдлын талаарх ерөнхий төсөөллийг үүсгэнэ. Тухайн зүйл том зурагтай ямархуу холбоотойг мэдэхгүй бол хүмүүсийн анхаарлыг татах нь хэцүү байдаг.
Дараа нь 10 минут тутамд нэг л чухал зүйл дээр төвлөрч заана. Яагаад? Учир нь 10 минутын дотор хүний сонирхол буурдаг зүй тогтолтой. Тиймээс яг энэ үед сэдвээ дуусгаж, дараагийн сэдэв рүү тархийг чиглүүлнэ.
Хичээлээ зах үеэр таныг гар утсаараа оролдох, найзуудтайгаа шивнэлдэхийг хориглоно. Яагаад? Учир нь хүн нэг дор нэгээс олон зүйл хийж чаддаггүй.
Анхаарал нь сарнисан, сатаарсан хүмүүсийн 50 хувь нь тухайн ажлаа дуусгахын тулд илүү их хугацаа зарцуулж, 50 хувиар их алдаа гаргадаг юм. Тиймээс сурагчдаа сонсохыг шаарддаг багш нь хувиа хичээсэн бус харин ч шавь нартаа хичээлээ сурахад нь тусалдаг байх нь.
Дүрэм #3 – Цээжлэхийн тулд давт
Дүрэм #3 – Цээжлэхийн тулд давт, Дүрэм #3 – Цээжлэхийн тулд давт, Дүрэм #3 – Цээжлэхийн тулд давт, Дүрэм #3 – Цээжлэхийн тулд давт.
Ойлгосон уу? Энэ бол чухал дүрэм. Богино хугацаанд ажиллаад унтардаг ой санамжийн талаар таны мэдэх ёстой гурван сонирхолтой баримтыг танилцуулъя.
Нэгдүгээрт, хүний тархи дөнгөж 7 төрлийн мэдээллийг 30 орчим секундэд харж таньж чаддаг. Ерөнхийдөө бидний санах ой алтан загасныхаас жаахан хүчтэй гэж болно. Гэхдээ тийм ч их хүчтэй биш.
Тэрхүү эхний 30 секундэд таны сурсан зүйл ой санамжид хадгалагдаж үлдэх үгүй нь шийдэгддэг. Тиймээс үдэшлэг дээр уулзсан өндөр залуугийн нэрийг тогтоомоор байгаа бол нэрийг нь давтаж хэлэх ёстой. Тийм ч учраас харилцааны мэргэжилтнүүд анх уулзсан хүнийхээ нэрийг уулзалтын явцдаа багадаа гурван удаа давтаж хэлэхийг зөвлөдөг. Хоёрдугаарт, (хачирхалтай нь) таны кодлохоор шийдсэн мэдээлэл илүү нарийн төвөгтэй байх тусам цээжлэхэд хялбар байдаг гэнэ. “Ульж буй чонын зурагтай подволк өмссөн Марк 42 настай мөртлөө нөгөө л байрандаа амьдарч байгаа гэж надад хэлсэн” гэдэг нь “Санхүүгийн хэлтсийн Марк байна” гэж хэлснээс хурдан цээжлэгдэх аж.
Яг энэ аргыг ашиглан товчилсон үгсийг цээжилж болно. Тухайлбал, “Never Eat Shredded Wheat” гэдэг нь бодит амьдрал дээр үнэхээр сайн зөвлөгөө болохоос гадна дэлхийн олон сая хүнийг луужингийн 4 зүгийг цээжлэхэд нь тус болсоор ирсэн билээ.
Яагаад ч юм илүү их мэдээллийг цээжлэхэд хялбар байдаг аж. Шинээр сурсан зүйлээ зориудаар кодлох хамгийн шилдэг аргын нэг юу вэ? Тухайн сурсан, мэдсэн зүйлээ ашиглан ямар нэг зүйл хий, үйлд. Энэ нь таны сурах явцад дурсамжтай зүйл нэмж өгөх замаар хялбар цээжлэхэд туслах юм.
Гуравдугаарт, мэдээллийг мэдэж авсантай ижил орчинд байвал тухайн мэдээллийг илүү сайн цээжлэх магадлалтай. Тухайлбал, эл хураангуйг та ажлаа сайн хийхэд тус болно гэж үзээд уншиж байгаа бол ажил дээрээ унших нь илүү зохимжтой байна. Этгээд боловч батлагдсан зүйл. Дахин хэлэхэд сурсан зүйлээ ашиглаж ажил дээрээ ямар нэг зүйл хий, гэхдээ яг одоо. Дараагийн долоо хоногт гэж хойшлуулвал дэндүү хожимдоно.
Дүрэм #4 - Цээжлэхийн тулд давт
Хурдлаарай – Боб ямар подволк өмсөж байсан бэ? Тийм ээ, энэ бол алдаатай асуулт, учир нь өмнөх жишээнд Маркийн талаар өгүүлсэн. Сайн байна. Тэгэхээр та өмнө дурдсан хүний нэрийг минут хэртэй мартаагүй байна. Гэхдээ богино хугацааны ой санамжийг урт хугацааных болгож хөгжүүлэхэд олон жил шаардлагатай. Тийн хөгжүүлэх нэг арга бол хугацааны тодорхой давтамжтайгаар давтах юм.
Сургуульд сурч байсан үеэ дахин нэг саная. Шалгалтдаа А авлаа, та өөрөөрөө маш их бахархаж, ямар ухаантай юм бэ гэж бодно. Хэдэн жилийн дараа гольф тоглоод оноонуудаа алдалгүй нэмж чадахаа ч больчихно. Яагаад ингэв? Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?
Хамгийн гол нь байнга давтах аргад хэрхэн суралцах вэ? Тухайн зүйлийг сурсны дараа хэсэг хугацаанд тунгаан бод. Жишээлбэл, нэг семестрийн турш тогтмол суралцсан бол тухайн мэдээлллүүд тархинд хоногшиж, ой санамжид байр сууриа олж эхэлнэ. Түүнчлэн тухайн зүйлийн талаар бусадтай ярилцах нь өөр аргуудтай харьцуулбал бидний тархинд илүү хоногшиход нөлөөлдөг байна.
Дүрэм #5 – Сайн унт, сайн бод
Сонирхолтой баримт: биднийг унтаж байхад тархи огт амардаггүй. Харин ч сэрүүн байхаас илүү их эрчим хүчийг унтаж байхад ашигладаг аж. Уг нь хувьслын онолын үүднээс авч үзвэл унтах нь хүмүүсийг тун эмзэг байдалд оруулдаг. Майхандаа унтаж байтал зэрлэг амьтан хүрээд ирвэл яах вэ. Тийм болохоор хүмүүс унтаж байхдаа ямар нэг чухал зүйл хийдэг байх нь.
Харин бид унтахгүй бол яах вэ? Анхаарал төвлөрөл суларч, ой санамж муудаж, тоолох ур чадвар, логик учир шалтгааныг олох чадвар буурдаг. Мөн уур уцаартай болно. Зарим судалгаанаас үзвэл 21 цаг унтахгүй байх нь согтохтой адилхан нөлөөг хүний биед үзүүлдэг байна.
Хүнд хэр хэмжээний нойр хэрэгтэй вэ? Тодорхой тогтоосон хугацаа байхгүй боловч өглөө сэрээд дахиж унтмаар санагдвал унтах нь зөв гэдэг нь тодорхой юм. Эс бөгөөс үдээс хойш 3 цагийн үед түр дугхийж болно. Өдөрт 26 орчим минут унтах нь NASA-ийн нисгэгчдийн чадамжийг 34 хувиар нэмэгдүүлж байсан судалгаа бий. Таны ажил сансрын хөлөг нисгэх биш байж болох ч тархиа амраах ёстой гэдгээ санах ёстой юм.
Дүрэм #6 – Стресстэй тархи стрессгүй тархинаас өөрөөр суралцдаг
Хүний тархи 30 секунд орчим үргэлжлэх стресстэй “тулалдахаар” хөгжиж ирсэн. Хүний бие дэх стрессийн хариу нь булчингуудыг юун түрүүнд хөдөлгөж, аюулаас зайлуулахаар бүтээгдсэн юм. Ийм нөхцөлд тархи илүү сайн ажилладаг байна.
Харин хянах боломж бараг үгүй, тухайлбал байнга чамайг дорд үздэг хамтрагчтай хэл амаа ололцох зэрэг удаан үргэлжилсэн стрессийг даван туулахаар хүний тархи бүтээгдээгүй юм. Ийм нөхцөлд хүний тархи жижгэрдэг нь тогтоогджээ.
Стресс нь тархины хувьд чимээгүй алуурчин юм. Түүнчлэн стресс нь хүний ой санамжийг бууруулж, дархланы системийг сулруулдаг учир ойр ойрхон өвдөх, унтахад хэцүү болох, депресст амархан орох зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг.
Түүнчлэн таны гэртээ ашиглаж буй тархи ажил дээрээ ашигладаг тархитай ижил гэдгийг бүү мартаарай. Тиймээс гэр орондоо стресстэй байвал та ажил дээрээ тун муу бүтээмжтэй ажиллах юм. Эсрэгээр, ажил дээрээ стресстэй бол гэр бүлийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ.
Ийм нөхцөлд ямар зөвлөгөө өгөх вэ? Муу стрессээс зайлсхийх арга ол. Амьдралаасаа зайлуул. Стресс танд, таны тархинд маш муу.
Дүрэм #7 - Нэг дор олон мэдрэмжийг идэвхжүүл
Загварчлал бол сонирхолтой зүйл. Тархи чухам тийм байдлаар ажилладаг юм. Бид мэдээллийг ялгаатай мэдрэмжүүдээр шингээж авч байдаг. Тухайлбал, Марктай анх удаа уулзахдаа чонын зурагтай подволкийг харж, сонсож буй хөгжмийг нь сонсож, үнэрийг нь үнэрлэх гэх мэтээр мэдэрдэг. Тархи эдгээр дохиог аваад ялгаатай хэсгүүд рүү задлан шинжлүүлэхээр илгээгээд дараа нь үйл явдлыг нийлүүлэн нэг зүйл болгож төсөөлдөг. Сонирхолтой байгаа биз.
Өмнө нь юун талаар ярьсныг та санаж байна уу? Мэдээж санаж байгаа байх. Тархинд илүү нарийн төвөгтэй мэдээлэл оруулах тусам түүнийг илүү сайн тогтоодог. Хүний мэдрэмжүүд тус тусдаа ажилладаг учраас тэдгээрийг нэгтгэн нийлүүлэх нь илүү нарийн төвөгтэй мэдээлэлд тооцогдож байгаа юм.
Дүрэм #8 – Бүх мэдрэхүйгээс харах мэдрэхүй хамгийн чухал
Хүн дүрсүүдийг эргэн санахдаа маш сайн. Итгэхгүй байна уу? Энэ талаарх хөдөлшгүй баримт олон бий. Жишээлбэл, Маркийн тухай өмнөх жишээг та сонссон бол 3 өдрийн дараа 10 хувийг нь л санана. Харин энэ жишээн дээр Маркийн зургийг нэмж өгсөн бол 3 өдрийн дараа 65 хувийг нь санана.
Хэрэв зураг нь 1000 үгтэй тэнцэх юм бол тэдгээр зурагны юунд нь бид анхаарал хандуулдаг вэ? Өнгө, чиглэл мөн хэмжээнд анхаардаг. Түүнчлэн хөдөлж буй зүйлд онцгойлон анхаардаг аж. Тиймээс та гол санаа, утгыг нь тайлбарласан ямар ч зураг, дүрсгүй ном, PDF файлыг хэрэв авбал суралцах, цээжлэх сайхан боломжоо алдаж байна гэж бодоход хэтийдсэн болохгүй нь.
Тус номын талаарх хураангуй маань ингээд дуусаж байна. Хэрэв та эдгээр зарчмаас суралцах хүсэлтэй, урт хугацааны санах ойдоо хадгалмаар байгаа бол дахин уншаарай, үйлдэл хийж ашиглаарай мөн ирэх өдрүүдэд дахин хэд хэдэн удаа уншаарай.