Зохиолч: Хэйди Грант Халворсон
Амжилтад хүр
Та яг л над шиг ажил болон хувийн амьдралдаа олон зорилго тавьчихаад харамсалтай нь ихэнхийг нь биелүүлж чадахгүй байна гэж бодож байна уу. Харин доктор Хэйди Грант Халворсон “Succeed: How We Can Reach our Goals” номдоо зорилгодоо хүрэх аргыг зааж өгчээ. Зорилго тавих талаар олон жилийн турш судалгаа хийсний эцэст тэрбээр хүн бүрийг зорилгодоо хүрэхэд туслах замыг тус номдоо өгүүлжээ.
Өөрийгөө хянахаас бүх зүйл эхэлнэ.
Хамгийн их бахархдаг, амьдралынхаа гол ололт амжилтын талаар дурсахыг Халворсон хүсжээ. Ихэнхдээ шаргуу ажилласан, бэрхшээлтэй тулгарсан ч бууж өгөөгүй, зорилгоосоо няцаагүй гэх мэтээр хүмүүс хариулах байх. Энэ нь ч зөв.
Амарч зугаацалгүй, амрыг харалгүй ингэж чадсан нь өөрийгөө хянах буюу зорилгодоо хүрэхийн тулд үйлдэл бүрээ чиглүүлж, элдэв урхи, сатаарал, шаардлагаас ангид байх чадвартай холбоотой юм. Халворсоны өгүүлснээр өөрийгөө хянах нь булчинтай адил аж. Бид энэ чадвар дээрээ ажиллаж, дасгалжуулах ёстой. Өөрийгөө хянахад суралцаж, хөгжүүлж, улам бүр хүчирхэгжүүлэх эсвэл сулруулах боломжтой гэнэ. Хэрэв та өөрийгөө хянаж чаддаг байхыг хүсэж байвал яг л илүү том булчинтай болохыг хүсдэг шигээ байнгын дасгал сургуулилт хийх ёстой.
Яагаад эсвэл Юу?
Зорилго маань юу болохыг, тэдгээрийг зөв тодорхойлсон эсэхээ та сайн мэддэг үү? Халворсон харин тийм биш гэж үзжээ. Бид зорилгоо хангалттай тодорхой гаргадаггүй агаад тодорхой зорилго үгүй, буруу орчинд бид бүтэлгүйтэх нь гарцаагүй аж.
Хэрэв хийж гүйцэтгэхэд хэцүү ажил байгаа бол сүртэй, илүү абстракт “Яагаад” бус харин “Юу” гэсэн энгийн, тодорхой зарчмаар бодвол илүү хялбар болж ирнэ гэж Халворсон үзжээ. Яагаад үүнийг хийх ёстой вэ бус юунд хүрэх ёстой вэ гэдэгт анхаарна гэсэн үг юм. Том зургийг мартаж, урдаа байгаа ажил, үүрэгт анхаарах ёстой.
Гэхдээ “Юу” бус “Яагаад” гэж сэтгэвэл бид сатааралд тэр бүр автахгүй, нөхцөл байдлыг илүү хянаж чаддаг. Тиймээс том зургаар хардаг Яагаад болон учир начрыг голлосон Юу гэсэн эл хоёр төрлийн сэтгэлгээ нь өөрийн гэсэн давуу болон сул талтай учир бодох стилиэ хүрэхийг хүсэж буй зорилготойгоо нийцүүлэх нь хамгийн зөв стратеги гэж Халворсон тодорхойлжээ.
Түүний санал болгосноор урт хугацааны дээд түвшний зорилгуудаа “Яагаад”, богино хугацааны илүү тодорхой байх ёстой зорилгуудаа “Юу” гэсэн байдлаар бодох ёстой аж. Яагаад гэсэн сэтгэлгээ нь таатай байдлын мэдээлэл гэж Халворсон болон түүний хамтрагч сэтгэл зүйчдийн нэрлэсэн зүйлсэд илүү их анхарахад хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл, хэр хөгжилтэй, таатай, хожоотой байх вэ гэдэгт анхаардаг.
Харин Юу сэтгэлгээ нь магадлалын мэдээлэл буюу хийх ёстой зүйлээ бид үнэхээр хийж чадах эсэхэд илүү их ач холбогдол өгдөг. Амжилтад хүрэх боломж хэр их вэ? Зорилгодоо хүрэхэд амаргүй гэж боддог хүмүүс түүндээ хүрэхийн төлөө илүү их төлөвлөж, илүү их хүчин чармайлт гаргаж, илүү ихийг хийдэг гэж Халворсон үзжээ.
Харин зорилгодоо хүрэхэд амархан гэж үздэг хүмүүс угтан буй зүйлд бараг бэлддэггүй агаад мөрөөдөл нь бодитоор биелэх боломжгүй болвол асар хүнд байдалд ордог аж.
Тиймээс зорилгоо тодорхойлох үедээ зорилгодоо хүрсэн бол яах талаар эергээр төсөөлөхийн зэрэгцээ түүнд хүрэхийн тулд яах ёстой талаар бодитой сэтгэх нь хамгийн оновчтой стратеги хэмээн зохиолч зөвлөсөн байна.
Шинэ зорилгын талаар бодохдоо таарч болох саадуудыг мөн авч үзэх ёстой.
Өдөөгчдийн тухай сонирхолтой баримт
Зорилгын төлөөх тэмцлийг эргэн тойрны ямар хүчин зүйлс өдөөдөг вэ гэж Халворсон асуужээ. Товчоор хэлвэл ажил, зураг, чимээ гээд тухайн зорилготой холбоотой ямар ч зүйл тухайн зорилгод хүрэх эхлэлд өөрийн мэдэлгүй нөлөөлж байдаг аж. Тэгэхээр хаа сайгүй байдаг урам зориг өгсөн элдэв зурагт хуудас, сурталлчилгаа нь бас тийм ч утга учиргүй зүйл биш байгаа биз?
Ямар нэг зүйлийн оршин байх нь л таныг зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийг өдөөж чаддаг гэдгийг олон судалгаа харуулсныг Халворсон онцолжээ. Заалны хажуугаар алхаад өнгөрөхөд л дасгал хийх хүслийг өдөөж болно. Тэгвэл тэрхүү ухамсаргүй, санаандгүй нөхцөлд хэрхэн нөлөөлөх вэ? Халворсон энэ тал дээр дараах зөвлөгөөг өгсөн юм.
Бий болгож буй дохиогоо өөрийн линзтэй нийцүүл
Юу нөлөөлж байг мэд
Ур чадварынхаа талаар юу гэж боддогоо мэд
Зөв орчныг бүрэлдүүл
Сайн эсвэл Бүр сайн уу?
Өөрийгөө ухаантай, авьяастай эсвэл чадамжтай гэдгийг харуулах хүсэл нь гүйцэтгэлийн зорилготой холбоотой гэж Халворсон болон түүний хамтрагч сэтгэл зүйчид үзжээ. Гүйцэтгэлийн зорилгын араас хөөцөлдвөл бидний эрч хүч ямар нэг тодорхой үр дүнд хүрэхэд, тухайлбал шалгалтдаа А авах, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх зэрэгт чиглэдэг байна. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө мундаг гэдгийг баталсан мэт мэдрэмж төрдөг учраас хүмүүс ийм зорилгын араас хөөцөлддөг. Улмаар бид зорилгодоо хүрсэн эсэхээс шалтгаалж амжилтад хүрсэн үгүйгээ шийддэг аж.
Нөгөөтээгүүр, улам сайжирч, ур чадвараа хурцлах хүсэл нь сайжрах зорилго ажээ. Хүмүүс сайжрах зорилго өмнөө тавьсан бол тодорхой үр дүнд хүрсэн эсэхээр өөрсдийгөө тэр бүр шүүж, дүгнэдэггүй байна. Харин үүний оронд хэр сайжирч, хөгжиж буйгаар өөрсдийгөө үнэлж дүгнэдэг аж. Эдгээр нь өөрийгөө баталж нотлох бус харин өөрийгөө сайжруулах зорилгууд агаад өөрийгөө хэн болохыг харуулах бус чадах чинээгээр шилдэг болоход чиглэдэг юм.
Тэгвэл аль нь зөв бэ?
Халворсоны өгүүлж буйгаар бид шилдэг нь байхад бус илүү сайжрахад анхаарах аваас хоёр аргаар үр шимийг нь хүртэх боломжтой аж. Нэгдүгээрт, байдал хэцүүдэх үед тийм амар сэтгэлээр унахгүй байж чадна. Хоёрдугаарт, ажлаа хэр сайн хийж байгаа вэ гэдэгт эргэлзэж эхэлсэн бол цааш улам ихийг сурна гэж бодоод илүү эрч хүч, урам зоригтой ажиллана. Тиймээс илүү сайжрахад чиглэсэн зорилгуудыг сонгох юм бол бид илүү өндөр амжилтад хүрнэ. Учир нь бид сайжрах процессоос, үйл явцаас сэтгэл ханамж авч байгаа юм.
Хэрэв та өөрийгөө баталж нотлоход бус улам сайжирч хөгжихөд анхаарах юм бол сэтгэлээр тийм амар унахгүй. Яагаад гэвэл бүтэлгүйтэл, алдаа нь бидний үнэ цэнийн тусгал гэж үзэхгүй бөгөөд харин ч амаргүй хэцүү байдалд орсон тохиолдолд улам хичээж, шаргуу ажиллах болохоор депресст орохгүй.
Урамшуулал эсвэл Сэргийлэх?
Зорилго тодорхойлох өөр хоёр аргыг Халворсон номдоо дурджээ. Бид урамшуулах зорилгын араас явах үедээ ямар нэг ашиг хожоог олж авахыг хичээдэг б айна. Хэрэв ашиг хожооны төлөө бол өндөр үнэ цэн, ашиг болон амжилт олох ихээхэн боломжид нь бид татагдаж байна гэсэн үг. Тухайн зорилго үнэ цэнтэй байх тусмаа бид амжилтад хүрье гэж зорьж тэмүүлдэг, илүү анхаарал тавьдаг.
Харин сэргийлэх зорилгын араас явж байгаа бол бид алдахаас сэргийлж байна гэсэн үг. Аюулаас зайлсхийж, болгоомжтой байхыг хичээнэ. Өндөр бооцоотой сэргийлэх зорилгуудын тоонд алдаа гаргавал аймшигтай үр дүн авчрах эрсдэлтэй, аюулгүй байдал нэн чухал ажлууд багтдаг. Ийм зорилго үнэ цэнтэй байх тусмаа заавал хийж гүйцэтгэхээс өөр аргагүй байх нь бий.
Халворсоны өгүүлснээр өөдрөг байх нь урамшуулах зорилгодоо хүрэхэд тун чухал аж. Харин реализм нь аюулгүй байдлыг хангах, гамшигт алдаанаас сэргийлэхэд буюу сэргийлэх зорилгодоо хүрэхэд ихээхэн чухал юм.
Зорилгоо өөриймшүүлэх
Бидний хувьд хамгийн их сэтгэл ханамж төрүүлж, маш их сэдэл өгдөг зүйл бол сонгосон зорилгууд маань юм. Өөрсдөд нь сонголт байгаа, хувь заяагаа бүтээх явцынхаа салшгүй нэг хэсэг нь юм гэсэн мэдрэмжийг авсан үедээ хүмүүс хамгийн их урам зоригтой, амжилттай байдаг гэдгийг судалгаа харуулсан байна. Сонголт хийх мэдрэмжийг бий болгож, байдлыг өөрийн хяналтдаа авч чадна гэдгийг нь ойлгуулж чадвал хүмүүс илүү итгэлтэй болж асуудлыг бие даан шийдэх зориг нь нэмэгддэг байна. Сонголт хийх эрх чөлөө нь бус харин сонгож буй мэдрэмж нь хүнд илүү чухал гэдгийг Халворсоны судалгаа харуулдаг. Хэдий сонголт нь чухал бус эсвэл төсөөллийнх байсан ч гэсэн сонголт нь тухайн хүнд бие даасан байдлын мэдрэмжийг төрүүлдэг байна.
Хэрэв зорилгоо өөриймшүүлж чадах юм бол улам их урам зоригтой болж, илүү сайн ажиллах, таашаал авах, ажлаа хийх улам их хүсэлтэй болдог аж.
Нэгтгэх
Хэрэв зорилгоо тодорхойлсон бол дагаж мөрдөх ёстой хэдэн стратегийг зохиолч номдоо дурджээ. Хэрэв амархан, ойлгомжтой, өмнө нь хийж байсан зорилгод хүрэх гэж байгаа бол гүйцэтгэлийн зорилгод анхаарсан нь илүү дээр гэж Халворсон зөвлөжээ.
Харин амархан зорилго биш бол яах вэ?
Ийм тохиолдолд бодлоо яагаад бус юу болгож өөрчлөх нь тус болно гэж зохиолч хэлсэн юм. Энэ зорилгод хүрэхийн тулд би юу хийх ёстой вэ гэж сэтгэх нь амаргүй, хэцүү зорилгодоо хүрэх гэж байгаа үед маш их тус болох аж.
Өөр зүйл хийж, өмнөх зорилгоосоо няцах тохиолдол гарвал яах вэ? Уруу таталт, сатаарлаас зайлсхийх хэцүү. Үүнд маш их сахилга бат хэрэгтэй. Ийм нөхцөлд зорилгоо юу бус харин яагаад гэсэн байдлаар бодох ёстой гэж Халворсон зөвлөжээ.
Хэрэв ажлаа хурдан хийх шаардлагатай бол яах вэ?
Халворсоны хариулт энгийн боловч хэрэгжүүлэхэд хэцүү байж магадгүй. Тухайн зорилгоо сэргийлэх зорилго шиг сэтгэж хэрэгжүүл.
Урам зориг авмаар байгаа тохиолдолд ямар зорилгууд хамгийн хэрэгтэй вэ?
Урамшуулах зорилго шиг тухайн зорилгодоо хандаж чадвал бүтээлч хүч маань нэмэгдэнэ гэж Халворсон зөвлөжээ. Мөн бие даах үндсэн хэрэгцээг хангах буюу өөрийгөө бүтээх зорилгууд нь мөн тийм хүчийг өгдөг. Товчхондоо бол бидний ухамсаргүйгээр, автоматаар сонгосон зорилгууд нь бидний өмнөөс сонгосон зорилгуудтай харьцуулвал илүү сонирхолтой, таашаал өгөхүйц байдаг юм.
Зорилгоо биелүүлэнгээ хөгжилдөж болох уу?
Сайн байхад бус илүү сайжрахад анхаарлаа хандуул гэж Халворсон зөвлөжээ.
Элдэв сааданд бэлэн бай
Зорилгоо хэрхэн тодорхойлох, зорилгоо хэрхэн тавихад бид суралцлаа. Гэхдээ энэ бол амар зүйл биш, өмнө маань олон саад отож буй.
Хүмүүс зорилгынхоо төлөө явахдаа олон янзын алдаа гаргадаг ч хамгийн түгээмэл тохиолддог нь цагаа олж хөдлөлгүй боломжийг алддаг явдал гэж Халворсон үзсэн байна. Анзаарсан, эс анзаарсан ч бидэнд зорилгодоо хүрэх боломжууд байнга гарч ирж байдаг. Даанч боломж гарч ирэхэд бид ихэнхдээ өөр зүйл хийхээр сонгодог аж.
Зорилгод саад болж буй ийм нөхцөлийг арилгахад Хэрэв-Тэгвэл төлөвлөгөөнөөс илүү сайн туслах өөр стратеги байхгүй хэмээн Халворсон өгүүлсэн юм. Энгийнээр хэлвэл, хэрэв та ямар нэг байдалд (Хэрэв) орвол зорилгодоо хүрэх үйлдлийг хийнэ (Тэгвэл) гэсэн үг юм.
Жишээлбэл: Хэрэв та зурагт үзэж байгаа бол (тэгвэл) биеэ гоё болгохын тулд цэх сууж үзнэ. Хэрэв даваа гаргийн өглөө бол (тэгвэл) эрүүл мэндээ бодож дасгалын заал руу явна. Хэрэв өдрийн хоолоо ихдүүлсэн бол (тэгвэл) орой зөвхөн салад иднэ.
Өөрийгөө хянахын тухай дахин
Өөрийгөө хянах чадвар маань буурах нөхцөл байдлыг Халворсон H.A.L.T гэсэн товчлолоор илэрхийлжээ. Энэ нь Hungry (Өлссөн), Angry (Уурласан), Lonely (Ганцаардсан), Tired (Ядарсан) нөхцөлүүд юм. Ийм нөхцөлд бид биеэ хянах чадваргүй болдог тул яах ёстой вэ?
Эсэргүүцэх ёстой гэж Халворсон зөвлөсөн. Хэрэв гоё хоол, эсвэл таатай үйлдэлтэй таарах л юм бол эргээд ажлаа хийх нь хэцүү. Тиймээс эхлэхээсээ өмнө зогсох нь өөрийгөө хянахад хамгийн чухал гэж зохиолч үзжээ.
Хоёрдугаарт, зорилгынхоо төлөө хэр сайн ажиллаж байгаад анхаарч, хэрэв түүнээс буцвал эсвэл сатаарвал ямархуу сөрөг нөлөө гарч болохыг ойлгох ёстой аж.
Гуравдугаарт, өөрийгөө хянах чадварыг маш их шаардсан хоёр зорилгын араас нэг дор хөөж болохгүй. Ийм нөхцөлд алийг нь хийх вэ гэдгийг шийдэхэд хэцүү байдаг тул эцэстээ аль алийг нь бүрэн гүйцэд хийхгүй байх аюултай.
Эцэст нь сэтгэлийн тэнхээгээ бүрэн алдахаас сэргийлэх сүүлчийн стратеги: сайн байсныхаа төлөө өөрийгөө шагна. Учир нь шагнал бол амжилтыг алдаршуулах зүйл агаад амжилтын төлөө л бид явж байгаа шүү дээ.