Зохиолч: Конни Дикен
Бага ярьж, Их өгүүл
Конни Дикений үзэж буйгаар XXI зуунд нүүр нүүрээ харан ярилцах нь багасч байгаа аж. Хүн хоорондын энэ харилцааг дахин сэргээхийн тулд гурван чухал дадалд суралцах ёстой гэж тэрбээр үзсэн. Тэрбээр эл номдоо энэхүү гурван дадлыг ашиглан хүмүүсийн анхаарал төвлөрөл богиноссон энэ дэлхийд хэрхэн харилцаа холбоог бий болгох вэ, та болон таны саналд бусад хүмүүс яавал анхаарал хандуулах вэ гэдэг талаар өгүүлжээ.
Дадал 1: Холбогд: Хүмүүст хүссэн зүйл, үнэ цэнийг нь өгвөл тэд анхаарна
“Холбогдох” гэдэг нь өнөөгийн завгүй ертөнцөд хүмүүсийн анхаарлыг татах, удирдах чадвар гэж Дикен тодорхойлжээ. Зөвхөн холбоо үүсгэх нь хангалттай байхаа больсон бөгөөд хүмүүст хүсэж буй, үнэлж буй зүйлийг нь өгч байж тэдний анхаарлыг татах бөгөөд үгүй бол тэд таныг анзааралгүй орхино.
Өдгөө худалдан авагч эрх мэдлийг атгадаг болсон. Тэд алсын удирдлагыг гартаа барьж буй бөгөөд бид зөвхөн ТВ-ийн олон сувгийн нэг нь юм. Тэдэнд олон сонголт байгаа учраас заавал үзэх ёстой ТВ суваг нь болохын тулд тэдэнтэй ухаалгаар холбогдох ёстой. Үүн дээр бид нийгмээрээ товчлох дуртай болсныг нэмэх хэрэгтэй. Анхаарал төвлөрөл нь дуусахаас өмнө бид маш хурднаар хүмүүсийн итгэлийг олж авах ёстой. Хэрхэн тэгэх талаар Дикен хэд хэдэн үнэ цэнтэй тактикийг зөвлөжээ.
Тактик #1: Харилцаж буй хүмүүсийн эрэлтэд анхаарал хандуул
Бусдын хүсэл сонирхлыг татахын тулд бид өөрсдийн анхаарлыг удирдан чиглүүлэх шаардлагатай. Бодолдоо дарагдсан, будилсан, яарсан байхдаа хүмүүстэй харилцаж, үүний улмаас боломжоо алдаж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Зохиолч дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй гэж зөвлөжээ.
- Хүндэтгэж буйгаа харуул
- Бүү яар. Нөгөө хүндээ бодох, боловсруулах хугацаа өг
- Тархийг бус зүрхийг онил. Эхлээд хүмүүсийн мэдрэмжид төвлөр.
- Үсчих хэрэггүй. Сэдэвтээ төвлөр.
- Төхөөрөмжид биш хүмүүст анхаар. Гар утсаа далд хий.
- Нүдний хөдөлгөөнийг ажигла. Хэрэв хүмүүс гайхаж, эсвэл харц нь сандран гүйлэгнэж байвал энэ нь та байгаа оносныг илтгэнэ.
- Уруулын хөдөлгөөнийг анзаар. Уруул бол сэтгэлийн хөдөлгөөнийг хамгийн их илэрхийлдэг эрхтэний нэг. Уруулаа унжуулах, эсвэл өмөлзүүлэх нь ихэвчлэн сэтгэлээр унасан, санал нэгдэхгүй байгаагийн дохио байдаг.
Тактик #2: Санааг нь сонс. Хүмүүсийн хэлдэг үгс ихэнхдээ цаад санаатай нь холбоогүй байдаг.
Тийм учраас бусдын амнаас гарсан үг бүрт анхаарах нь аюултай. Хамгийн гол нь тэдгээр үгсийн ард байгаа сэтгэлийн хөдлөл юм. Тухайн хүний хэлж буй үгсийн утгыг орчуулж ойлгохын тулд анхааралтай сонсох ёстой юм. Яаж тэр вэ? Дикенсийн зөвлөгөөг сонсоё.
- Давтагдаж байгаа үгсийг анхаар. Хүмүүс гол асуудлаа л давтан хэлэх хандлагатай байдаг.
- Ач холбогдол өгч буй үгсийг анхаар. Энэ нь гол асуудлыг эрэмбэлэх, өөрчлөлт гаргахад тусална.
- Зөв сонссон эсэхээ лавла, “Таны хэлснийг би зөв ойлгож уу? Та ... гэж хэлсэн үү?”гэж асуун нөгөө хүний хүндлэлийг олж ав.
- Уулзалтын үеэр бүү гол дүрд тогло. Заримдаа ганц хүний гоцлон тоглолт уулзалтад сууж буй бүх хүний дургүйг хүргэх нь бий.
Тактик #3: Улаан кодноос зайлсхий. Ихэнх хүн чухал уулзалт, харилцааны үеэр өөрийн гэсэн Улаан кодыг бий болгодог учраас ач холбогдолтой харилцаа холбоо үүсгэж чаддаггүй.
Бид зөвхөн өөрсдийгөө, өөрсдөд тохиолдож буй зүйлээ л боддог учрааё бусдын хүсэлт эсвэл үгэнд буруугаар ханддаг. Дикений өгүүлснээр хяналтаа алдахын эсрэг ерөндөг бол өөрийн хэрэгцээ, ашиг руу чиглэсэн дотоод руугаа бус харин гадагшаа буюу бусдад анхаарлаа хандуулах явдал ажээ. Түүний зөвлөгөө:
- Урвуу харьцааны хуулийг дага. Өдөөн хатгасан асуулт ирвэл таны хариулт улам тайван байх ёстой. Өөрийгөө залруул. Хэрэв алдаа гаргавал алдаагаа хүлээн зөвшөөрч, газар дээр нь засах ёстой.
- Явц дунд өөрчлөлт оруул. Хэрэв нөгөө тал дурамжхан байгаа, эсвэл татгалзах гэж буйг анзаарвал уян хатан байж, нөхцөл байдалд дасан зохиц.
- Би л ярих ёстой гэсэн байдалтай байж болохгүй. Таны зорилго бол харилцан яриаг үүсгэх, эхлүүлэх болохоос бусдад лекц унших биш гэдгийг ойлго. Хүмүүс үүнийг шүүмжлэл гэж ойлгож авч болзошгүй.
Дадал 2: Дамжуул: Санаагаа хоёрдуулалгүй тодорхой ойлгуулахын тулд ярих хэмжээгээ тохируул
Бодоод үзье. Бидний инбокс мөн ширээ ч замбараагүй байдаг агаад тархи маань ч мөн адил замбараагүй байдаг. Энэ бүхнийг ойлгож, боловсруулахын тулд бидэнд товчлол (shortcut) хэрэгтэй. Бид ирж буй мэдээллийг удирдахаас гадна бусад хүмүүсийн хүлээн авч буй мэдээллийн дунд өөрсдийн мэдээллийг оруулахын тулд гаргаж буй мэдээллээ ч учиртай удирдан чиглүүлэх ёстой юм.
Дикений үзсэнээр үүнд Хэмжээний хяналт тун чухал аж. Хэмжээний хяналт гэдэг нь мэдээллийг дамжуулах ухаалаг арга юм. Энэ арга нь мэдээллийг үр дүнтэй удирдахад биднийг чиглүүлэх бөгөөд ингэснээр бусад хүмүүс ч мөн тэрхүү мэдээллийг сайтар боловсруулах боломжтой болно. Энэ тал дээр Дикен дараах тактикийг зөвлөжээ.
Тактик #1: Давамгай мэдрэмжээ ашигла. Харах бол хүний хамгийн давамгай мэдрэхүй юм.
Хүний тархи дүрсийг үгнээс 10 дахин хурдан боловсруулдаг. Ярих бус үзүүлэх нь бусдад буруу ойлгогдох, буруу тайлбарлах, санаагаа орхигдуулах эрсдэлийг бууруулж, үр дүнд хурдан хүргэнэ. Энэ тал дээр ямар аргууд хэрэглэх ёстойг сонирхоё.
- Эсрэг тэсрэгийг харуул. Харьцуулалтын өмнө ба дараа энгийн график,харуул.
- Эсрэг тэсрэгийг ашигласнаар өсөлт, зах зээлийн давамгайлал, өрсөлдөгчийн сул талыг ашиглах зэргийг илүү тод томруун харуулж чадна.
- PowerPoint-ийг өөрөөр хар. Хэт их текст, хэт эрээн мяраан график ашиглахаас зайлсхий. PowerPoint нь тааруу агуулгыг ч чимж, гоёж чадна гэдгийг тус программыг бүтээсэн Роберт Гаскин, Деннис Остин өгүүлсэн нь бий. PowerPoint-ийг мэдээллээ нуух биш холбоо тогтоох арга хэрэгсэл болгон ашигла.
Тактик #2: Нийгмийн сүлжээг ашигла
Нийгмийн сүлжээг ашиглах эрэлт хэрэгцээ зайлшгүй болоод байна гэж Дикен үзжээ. Хүссэн зүйлдээ нэгдэх боломжтой өнөөгийн дэлхийд хүмүүс тантай маш хурдан холбоо тогтоож чадна. Гэхдээ тэдний дургүйг хүргэж эсвэл санаанд нь таарахгүй бол тэд маш хурдан таныг хаяж чадна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Тодорхой, энгийн санаануудыг постол. Мэдээллийнхээ уг санааг дамжуулах ёстой болохоос бус мэддэг бүхнээ дамжуулах нь бидний ажил биш.
Нэгэнт постолсон л бол гүйцээ. Постоо интернэтэд оруулахаас өмнө өөр хүнээр шалгуул. Бизнесийн хэл эсвэл мэргэжлийн үг хэллэг ашиглахаас зайлсхий.
Тактик #3: Гурвалсан аргыг ашигла
Мэдээллээ бусдад ойлгуулахдаа цаг, хүчээ гамнахыг хүсэж байгаа бол мэдээллээ гурвалсан бүтэцтэй болгох ёстой гэж Дикен зөвлөжээ. Гурвал нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд гүн бат шингэсэн байдаг учир бид тэдгээрийг тэр бүр анзаарч хардаггүй. Жишээ хэлье.
Төрөл бүрийн 3R
3 цохилт
Шадар гурван цэрэг
Animal, Vegetable, Mineral шоу гэх мэт.
Ийм гурвалсан бүтцийг бий болгохдоо нөгөө талыг сонгоосой гэж хүсэж буй хувилбарыг эхэнд нь байршуулах хэрэгтэй гэж Дикен зөвлөсөн.
Дадал 3: Итгүүлэх: Шийдвэр, үйлдэл, үр дүнд нөлөөлөх амлалтыг үүсгэ
Бусдад эергээр, хурдан нөлөөлөх чадвар нь гайхалтай үр дүнг авчрах манлайллын гол авьяас билгийн нэг юм. Хурд асар чухал болсон өнөө цагт энэ авьяас улам бүр чухал болжээ. Итгүүлэх гэдэг нь бусдыг аргалах эсвэл дарамт шахалт үзүүлэх биш гэж Дикенс үзжээ.
Ялгаа нь тэгвэл юу вэ гэвэл зорилго юм. Дарамтлагчид нь өөрийн эрх ашгийг эхэлж боддог. Тэд дарамталж, худал хэлж, үнэнийг алгасах байдлаар хүссэндээ хүрэхийг хичээдэг. Харин итгүүлэх бол гэнэтийн шоконд оруулах үйл явдал, ганцхан удаа тохиолдох зүйл огт биш. Энэ бол зүрх сэтгэл, бодлын өөрчлөлтөд бага багаар хөтөлж, бусдыг үйлдэл хийхэд хүргэдэг процесс юм.
Хэрэв үүнийг ашиглан ухаалаг байдлаар бусдад үнэмшил төрүүлж чадах юм бол санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өөрийгөө борлуулах чадвараа сайжруулж чадна. Мөн бусдын үйлдлээр дамжуулж зорьсон зүйлээ гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх юм.
Тактик #1: Шийдэмгий бай
Арчаагүй ярьвал тантай арчаагүй амьтан шиг л харьцана. Сул, муу ярих нь таны байр суурийг сулруулж, бусдад нөлөөлөх чадварыг үгүй хийдэг. Шийдвэрээ илэрхийлэх чадвар маань бидний нөлөөлөл, эрх мэдлийн хамгийн тод хэмжүүрийн нэг юм. Хэрэв та шийдэмгий ярьж, үйлдэж чадах юм бол саадыг давж, боломжийг ашиглаж чадна. Хэрэв та өөртөө итгэлтэй ярьвал танд, таны хувь нэмэрт нөгөө тал илүү итгэнэ.
Тактик #2: Өөрчлөх болон зөөлрүүлэхээ боль
Өөрчлөх гэдэг нь төгс гэмээр сайн илэрхийллийг эцэст нь товч асуулт нэмэх замаар асуулт болгон хувиргахыг хэлж байна. “Зөв гэж үү? Зүгээр үү? Хэрэв чадахгүй юм бол үүнийг хийх ямар хэрэг байна вэ?” Зөөлрүүлэх гэдэг нь хүсэл амлалтаас бултахын тулд өгүүлбэрээ сул үгээр эхлүүлэхийг хэлнэ. “Би энэ талын мэргэжилтэн биш л дээ... гэхдээ”, “Миний л бодож байгаагаар...” Зөөлрүүлэх нь биднийг хэлж буй үгэндээ итгэхгүй байгаа юм байна гэсэн мэдрэмжийг нөгөө талд төрүүлдэг. Энэ нь таныг үгнийхээ ард нуугдаж, өөрийгөө тоглоомоос гаргаж байгаа хэрэг юм.
Тактик #3: Уулзалтад хувь нэмрээ оруул
Та уулзалтын явцад, ялангуяа даргаа танилцуулга хийж байхад ихэвчлэн дуугай байдаг зуршилтай юу? Удаан хугацаагаар дуугай байх нь өөртөө итгэлгүй байгаагаас үүсдэг агаад энэ нь бусдын бидэнд өгөх итгэлийг үгүй хийдэг аж. Тэгэхээр зохиолч энэ тал дээр ямар зөвлөгөө өгөв?
Төлөвлө. Хэрэв шинэ орчинд тухгүй эсвэл тодорхойгүй байдалд байгаа бол урьдчилаад бэлтгэл хий. Уулзалтын сэдвийг судалж, аль сэдвээр ямар хувь нэмэр оруулж чадахаа тодорхойл. Зөв хийх юм бол ийм төлөвлөлт нь таныг тэр дороо шинэ санаа гаргаж ирж буй мэт харагдуулж, бусдаасаа “оноо” авахад хүргэнэ.
Бүү хазай. Хүсэлт тавих эсвэл заавар өгөхдөө тодорхойгүй, хоёрдмол утгаар ярихаас зайлсхийх ёстой. Сэдвээсээ хазайх нь тухайн заавар, зөвлөгөө чухал биш, үл хайхарч болно гэсэн бодлыг бусдад төрүүлдэг.
Үл үзэгдэгч байж болохгүй. Бид зөн совиндоо итгэж, эргэлзэлгүй тоглоомд шууд оролцох хэрэгтэй. Пассив бус идэвхтэй бай.
Тактик #4: Дуулгавартай байдал бус хичээл зүтгэлийг бий болго
Ямарваа үүрэг, ажлын өмчлөлийг шилжүүлснээр бид санаа болон шийдвэрийг бусдад өгөх бөгөөд ингэснээр тэд тэрхүү санаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх магадлал ихэснэ гэж Дикен санал болгожээ. Хүмүүст таны шийдвэр, саналд бууж өгч байгаа бус харин сайн дураараа ажиллаж байгаа гэсэн мэдрэмж төрөх ёстой юм. Өмчлөлийг шилжүүлэх нь сэтгэл зүйг өргөх, ажилтнаа авч үлдэх, бүтээмж болон борлуулалтыг сайжруулах ач холбогдолтой. Мөн манлайлагчийн хувьд танд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Өөрийгөө таних нь хамгийн хүчтэй ятгалгын арга юм. Тухайн шийдвэрийг өөрсдөө гаргасан гэсэн мэрдэмжийг авах нь хүмүүст тун чухал байдаг. Тиймээс санаа, шийдвэрээ бусдад шилжүүлэх юм бол тэд өмчлөгч нь болж, таны хувьд эерэг үр дүнд хүрэх боломж нэмэгдэнэ. Яаж тэгэх вэ?
Хамтрагчдын “дарамт”-ыг ашигла. Гол инфлюнсерүүдийн туслалцааг ав. Бусдад нөлөөлдөг хүмүүс, ажлын байрны хамтрагч нараас тусламж ав.
Итгэл даах, алдартай хүмүүсийг ашигла. Барак Обамаг Опра Уинфри дэмжиж байсан шиг хамтрагчдаа нийтийн үйл хэргийн төлөө ажиллуулахын тулд алдартай, итгэл даах хүнд хүсэлт тавь.
Өөр хувилбарыг ашигла. Уулзалт, хурлын үеэр тухайн ажлыг санаачилгаараа хийх хүсэлтэй хүн байгаа эсэх талаар бүгдээс нь асууж, дараа нь таныг дэмжих хүчирхэг хүнийг олж тусламжийг нь ав.
Шийдвэр гаргахад нөлөөл. Хэрэв тухайн хүн олны нүдэн дээр амлалт өгсөн бол тэрхүү амлалтдаа үнэнч байх магадлал нь маш их байдаг.
Дүгнэлт
Бусдын хүсэж, үнэлдэг зүйлтэй нь холбогд.
Тодорхой байдлыг бий болгохын тулд хэмжээний хяналтыг ашиглан дамжуул.
Амлалт өгч, үйлдэл хийхэд нь нөлөөл.