Зохиолч: Крис Макчесни
Гүйцэтгэлийн 4 зарчим
Хүн бүр ажлын үр дүнгээ сайжруулахыг хүсдэг нь шинэ гэхээр зүйл биш. Гэхдээ хэрхэн үр дүнтэй сайжруулахыг Крис Макчесни маш сайн мэднэ.
Тэрбээр FranklinCovey-ийн Гүйцэтгэл хариуцсан олон улсын удирдагч бөгөөд тус компанийн зөвлөх, ерөнхий менежерийн албыг хашдаг.
Түүний бий болгосон Гүйцэтгэлийн 4 зарчим нь дэлхий даяар алдаршжээ. Түүний бичсэн уг номоос тэдгээр зарчмын талаар болон байгууллагууд гүйцэтгэлээ сайжруулснаар илүү сайн үр дүнд хэрхэн хүрэх талаар мэдэж авах боломжтой.
Бүлэг 1: 4DX-т суралцах
Гүйцэтгэлээр жинхэнэ асуудлыг шийдэх
Манлайлагчийн хувьд таны гаргах стратеги нь автоматаар дараах хоёр төрлийн аль нэгд багтана.
- Хурууны үзүүрээр хийх ажлуудыг заавар өгөх байдлаар гүйцэтгэнэ
- Амжилт бол үр дүнд хүрэхийн тулд зан авирын өөрчлөлтийг шаарддаг зүйл
Гүйцэтгэлд хамгийн их саад болдог зүйлийн нэг бол өдөр тутмын ажил юм. Макчесни үүнийг Хуй салхи гэж нэрлэсэн бөгөөд энэ бол өдөр тутмын ажлыг хийхэд шаардлагатай эрч хүч гэж үзжээ.
Гүйцэтгэлийн дөрвөн зарчим нь Хуй салхи эсвэл Хурууны үзүүрээр хийх ажлуудыг зохицуулахгүй. Харин энэ арга нь танай байгууллагын хувьд нэн чухал зүйл дээр Амжилт гаргахад туслах юм.
Зарчим 1: Асар чухал зүйлдээ төвлөр
Гүйцэтгэл нь төвлөрлөөс эхэлдэг бөгөөд танай байгууллагыг үсрэнгүй амжилтад хүргэнэ гэж итгэдэг зүйлдээ төвлөрөх нь чухал юм. Гэхдээ Зарчим 1-ийг хэрхэн хэрэгжүүлэх нь та тэргүүн шугамын манлайлагч уу, эсвэл манлайлагчдын манлайлагч уу гэдгээс хамаарч ялгаатай байна.
Багийнхаа асар чухал зорилгыг (АЧЗ) тодорхойлсны дараа АЧЗ-доо төвлөрөхөд туслах дөрвөн дүрмийг манлайлагчийн манлайлагч дагаж мөрдөх ёстой:
- Нэг ч хүн нэг дор нэгээс олон АЧЗ-д төвлөрч болохгүй
- Таны сонгосон тулаан дайнд ялахад туслах ёстой
- Манлайлагчийн манлайлагч нь хориг тавьж болох ч тушааж болохгүй
- Бүх АЧЗ нь дуусах хугацаатай байх ёстой
Зарчим 2: Хөтлөгч хэмжүүрийн дагуу үйлдэх
Хоёр дахь зарчим нь АЧЗ-д хамгийн их нөлөөлөх цөөн хэдэн үйлдэлд бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг шаардана. Хөтлөгч хэмжүүрүүд нь АЧЗ-оо хэрэгжүүлэхэд таныг хөтлөх юм.
Мөн хөтлөгч хэмжүүр болон хожуу хэмжүүрийн ялгааг мэдэж байх нь чухал. Улирал тутмын үр дүн, борлуулалтын үзүүлэлт зэргийг хэмждэг хожуу хэмжүүрт бид их анхаардаг. Харин хөтлөгч хэмжүүр бол үр дүнг урьдчилан хэлж өгдөг зүйл юм. Тиймээс уг хэмжүүрт та бүхэн нөлөөлж чадна. Түүнчлэн эл хэмжүүр нь зорилгодоо хүрэхэд хөтлөх зүйлийг хэмжиж өгч танд тусална.
Зарчим 3: Сайн онооны самбартай болох
Хүмүүс оноотой болвол өөрөөр тоглодог.
Бүх хүн оноогоо мэддэг, улмаар ялж эсвэл ялагдаж буйгаа мэддэг байх нь таны үүрэг юм. Хүмүүс “оноо”-г хараад АЧЗ болон түүнийг хэрэгжүүлэхэд илүү их ач холбогдол өгдөг байна. Хэрэв та гүйцэтгэлийн самбараа онооны самбар болгон өөрчлөх юм бол энэ нь танай багийн үйл ажиллагаанд гурван ялгаатай нөлөөг авчирна:
- Танай багийн тавьсан бооцооны дүрслэл болно
- Ялах нь чухал гэдгийг багийн гишүүдэд ойлгуулна
- Хуй салхийг хурдан хийх шаардлагыг сөрдөг тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ
Гэхдээ онооны самбарыг та хариуцах болон танай баг хариуцахын хооронд ялгаа бий бөгөөд багаараа хийвэл илүү их харилцаа үүсэж, багийн нэг хэсэг гэх мэдрэмж хүмүүст илүү их төрнө.
Хэрэв баг ялж, ялагдаж буйгаа мэдэхгүй бол эхний байранд орохын тулд хийх ёстой зүйлээ хэрхэн мэдэх билээ?
Зарчим 4: Хариуцлагын тогтолцоо үүсгэ
Эхний гурван зарчим нь суурь болсон бол дөрөвдүгээр зарчим нь бүх зүйлийг хэрэгжүүлэхэд нөлөөлнө. Энэ түвшинд ирэхэд та болон танай баг юу ч болсон гэсэн зорилгодоо хүрэх итгэлтэй болсон байна.
Гэхдээ хуй салхинд “дарлуулж”, хүмүүсийн анхаарал төвлөрөл буурахаас сэргийлэхийн тулд сайн багуудад хариуцлагын маш сайн тогтолцоо бий болсон байдаг. Хариуцлага гэдэг нь жил тутмын гүйцэтгэлийн уйтгартай үнэлгээг хэлдэг нь уламжлал болжээ. Гэхдээ жинхэнэ хариуцлага нь багийг хамгийн сайнаараа тоглох урам зоригийг өгдөг юм. Хариуцлага нь танай багийг тоглолтод оруулж, зорилгын ач холбогдлыг харуулж байдаг.
Улирлын өмнөх тоглолт? Ийм тоглотыг хэн ч тоохгүй. Плей-оффын тоглолт? Ийм тоглолтод ял, эсвэл гэртээ харь гэсэн дүрэм үйлчилнэ.
Бүлэг 2: Манлайлагчийн манлайлагч нар 4DX-ийг ашиглах
Юунд төвлөрөхөө сонгох
4DX-ийн зорилго бол нэн чухал амжилтаар дамжуулан эрч хүчээ чиглүүлэх юм. Гэхдээ нэн тэргүүний АЧЗ-оор бид юуг сонгох ёстой вэ? АЧЗ нь хүний оролцоо болон зан авирын мэдэгдэхүйц өөрчлөлтийг шаардсан зүйл байх ёстой.
Эл өөрчлөлтийг хийхэд шаардагдах эрч хүч нь байгууллагын тэргүүн фронтод ажиллаж буй багуудаас гарах ёстой юм. Тэргүүн шугамын багуудын эрч хүчийг мөнгө гэж төсөөл. Тэрхүү мөнгийг хэрхэн үрэх нь таны шийдэх ёстой ажил билээ.
АЧЗ-оо үүсгэсэн бол та дараах дөрвөн урхинаас зайлсхийх нь зүйтэй:
- Хэт олон АЧЗ үүсгэх
- Хэтэрхий хүнд АЧЗ сонгох
- Урам зориг төрүүлдэг ч хэмжиж болохгүй АЧЗ сонгох
- Байгууллагын эрхэм зорилготой нийцэхгүй АЧЗ үүсгэх
Байгууллагын төвлөрлийг Гүйцэтгэж болохуйц даалгавар болгон хувиргах
Нэн тэргүүний АЧЗ-оо тодорхойлсон бол үүнийг тэргүүн шугамд байгаа Багийн АЧЗ болгон хувиргах цаг иржээ. Зарчим 1-д дурдсан дөрвөн дүрмийг хэрхэн ашигласан талаарх гурван ялгаатай жишээг Макчесни номдоо дурдсан:
- Багууд нь ялгаатай функц гүйцэтгэж байсан байгууллага
- Багууд нь адилхан функц гүйцэтгэж байсан байгууллага
- Цөөн баг ялгаатай функц гүйцэтгэж байсан жижиг компани
Эл гурван жишээний хувьд бүгд амжилт авчрах үр дүнгээ тодорхойлоод нэн тэргүүний АЧЗ болон тэргүүн шугам дахь Багийн АЧЗ-ын төлөө бүхий л хүчин чармайлтаа (4DX-ээр дамжуулан) гаргасан байна.
Манлайлагч нарт ойлгуулах
Аливаа зорилгын төлөө манлайлагч нарыг санал нэгдэхэд хүргэдэг тодорхой сэтгэлгээ, ур чадварууд бий:
- Нээлттэй сэтгэлгээ – Манлайлагч нартай нээлттэй ярилцах нь хүндлэлийг харуулж, үүсгэдэг
- Ойлголцдог сэтгэлгээ – Бусдад нөлөөлөх нэг арга бол эхлээд нөлөөнд нь орох юм
- Оролцдог сэтгэлгээ – Хүмүүс хэлэх ёстой зүйлээ хэлэх ёстой ч хүссэн зүйлээ хийх ёсгүй
Ийм гурван сэтгэлгээг хөгжүүлж чадах юм бол тэдгээрийг АЧЗ-оо хэрэгжүүлэх процесст дараах таван алхмын дагуу ашиглаж болно:
- Нэн тэргүүний АЧЗ-ийг ойлгосныг баталгаажуулах
- Тодруулга асуултад хариулах
- Санал хүсэлтэд нээлттэй хандах
- Эцсийн шийдвэрийг гаргах
- Багийн АЧЗ-ыг үүсгэх
4DX ашигласан төслийн гүйцэтгэл
Төслийн менежментийн зарчмыг нэгэнт ашиглаад эхэлсэн төсөлд 4DX-ийг хэрэглэж болох уу? Мэдээж болно. Гэхдээ эхлээд тухайн төсөл АЧЗ мөн эсэхийг тодорхойлох ёстой. Хэрэв тийм гэж үзэж байгаа бол 4DX-ийг ашиглахын тулд зарим нэг жижиг өөрчлөлт хийх ёстой болно:
- Дүрэм 1 – Төслийн АЧЗ нь уламжлалт тоон үйлдэлт АЧЗ-оос олон тодорхойлолттой байх ёстой
- Дүрэм 2 – Хөтлөгч хэмжүүрийг чухал үе шатуудаар тодорхойлох ёстой бөгөөд тэдгээр нь 2-6 долоо хоногийн зайтай байна
- Дүрэм 3 – Онооны самбарын талаар багийн гишүүдэд сануулах шаардлага үүсэж болно. Үүний тулд 4DX аппликэйшнийг ашиглахыг Макчесни зөвлөсөн.
- Дүрэм 4 – “дараагийн чухал үе шатдаа хүрэхийн төлөө энэ долоо хоногт миний зайлшгүй хийх ёстой ганц хоёр зүйл юу вэ” гэсэн асуултыг тавьж итгэл үнэмшлийг бий болгоно
4DX-ийн үр дүн болон Оролцоог хадгалах
4DX нь амжилт авчрахуйц үр дүнг авчрах боломжтой ч цаг хугацааны туршид үр дүнг нь хадгалах шаардлага үүсдэг. АЧЗ-доо хүрч баяраа тэмдэглэсний дараа үр дүнг нь хадгалж авч үлдэхэд туслах тоглоомын дүрмийг Макчесни танилцуулжээ.
- Тогтолцоо бий болго – Хуй салхинд анхаарлаа бүрэн хандуулалгүй АЧЗ-ынхоо тогтолцоонд үнэнч бай
- Үлэмж нөлөө авчрах амлалтуудаа биелүүл – “системийн дагуу” ажиллах амлалтуудыг үүсгэж, биелэлтийг нь хянах маш сайн стандартууд үүсгэ
- Хөтлөгч хэмжүүрүүдийн гүйцэтгэлийг оновчтой болго – тэргүүн шугамын багуудын хөтлөгч хэмжүүрүүдийг сорьж бай
- Хожуу хэмжүүрүүд үр дүнд хүрдэг байх – Тэргүүн шугамын багуудын удирдлага гүйцэтгэл, үр дүнгийнхээ хариуцлагыг хүлээдэг байх
Бүлэг 3: Тэргүүн шугамын багийн манлайлагч 4DX-ийг ашиглах
Тодорхойлолт
4DX-ийг хэрэгжүүлэхдээ бусад манлайлагчдыг манлайлах болон өөрийн баг дотор 4DX-ийг хэрэгжүүлэх тэргүүн шугамын багийн манлайлагч байхын хооронд ялгаа бий. Хүний зан араншин, дадлыг өөрчлөх нь тун хэцүү гэдгийг та тун хурдан ухаарах учир таны хэрэгжүүлэх ёстой өөрчлөлтийн таван үе шатыг Макчесни танилцуулжээ:
- Тодорхой болгох – Гүйцэтгэлийн шинэ түвшиндээ манлайлагч болон баг үнэнч байх
- Эхлэл – АЧЗ-ын төлөө баг үйлдэл хийж эхлэх
- Хүлээж авах – Багийн гишүүд 4DX процессыг хүлээн зөвшөөрч, шинэ зан араншин нь АЧЗ-д хүрэх үйл явцыг түргэсгэнэ
- Оновчлол – Баг зорилгодоо илүү чиглэн, илүү оролцоотой болж, үр дүн нь утга учиртай болж эхэлнэ
- Дадал – 4DX нь дадал болж, багийн гүйцэтгэл тогтмол сайжирна
Зарчим 1-ийг ашиглах: Асар чухал зүйлдээ төвлөр
Багийнхаа АЧЗ-ыг зөв сонгох нь нэн чухал юм. Хэрэв танай баг хэт олон зорилгод төвлөрч байгаа бол аль алинд нь зориулах хүчин чармайлт хэт бага болж, улмаар аль ч зорилгодоо бүрэн хүрч чадахгүй.
“Буруу” АЧЗ-ыг сонгохыг манлайлагч нар хүсэхгүй учраас энэ нь “аймаар” сонсогдож байж магадгүй. Тиймээс тун чухал зүйлдээ төвлөрөхөд туслах багавтар хяналтын хуудсыг Макчесни гаргасан юм:
- Боломжуудыг авч үз
- Нөлөөллийнх нь хэмжээгээр жагсаа
- Гол санаануудыг турш
- АЧЗ-оо тодорхойл
Зарчим 2-ыг ашиглах: Хөтлөгч хэмжүүрийн дагуу үйлдэх
Зорилгодоо хүрсэн эсэхийг хожуу хэмжүүр харуулдаг бол хөтлөгч хэмжүүрүүд нь зорилгодоо хүрэх боломжтой эсэхийг мэдэхэд тусалдаг. Танай хөтлөгч хэмжүүрүүд нь Багийн АЧЗ-д хүрэх боломжтой эсэхийг таамагладаг, багийн нөлөөлөлд ордог байх ёстой.
Гэхдээ хэлэх нь хийхээсээ амархан. Хөтлөгч хэмжүүрийн дагуу үйлдэх нь дараах гурван шалтгааны аль нэгийн улмаас хэцүү байдаг юм:
- Хөтлөгч хэмжүүр нь тогтсон ойлголтын эсрэг байж болно
- Хөтлөгч хэмжүүрийг хэмжиж, хянахад хэцүү
- Хөтлөгч хэмжүүр нь хэт энгийн
Зөвлөгөө: Өмнөх хэсгийн дөрвөн алхмыг давт, гэхдээ энэ удаад хөтлөгч хэмжүүрээ тодорхойл. Ингэснээр АЧЗ-доо хүрэх үр дүнтэй хөтлөгч хэмжүүрийг та сонгох боломжтой.
Зарчим 3-ыг хэрэгжүүлэх: Сайн онооны самбартай болох
Зарчим 1, 2-ыг хэрэгжүүлсэн ч багийн гишүүд сэтгэл зүйгээр уг процесстой холбогдохгүй бол танай баг хамгийн сайнаараа ажиллаж чадахгүй.
4DX-ыг дижитал онооны самбар дагалдаж ирдэг боловч зарим багийн хувьд биет онооны самбар илүү тохирдог. Ийм онооны самбарыг гаргахдаа дараах зүйлсийг анхаарна уу:
- Загвараа сонго – хурд хэмжигч, баганан график гэх мэт
- Онооны хуудсаа зур – харахад энгийн, хялбар байлга
- Онооны хуудсаа үүсгэ – багийн гишүүд онооны самбараа үүсгэх ёстой. Олон хүн оролцох тусмаа сайн
- Байнга шинэчил – онооны хуудсыг хэн хариуцах, ямар давтамжтай шинэчлэхийг тодорхойл
Зарчим 4-ийг хэрэгжүүлэх: Хариуцлагын тогтолцоо үүсгэ
Хариуцлага үгүй бол танай баг хэзээ ч хамгийн сайнаараа тоглож чадахгүй. Хөтлөгч хэмжүүрийг сайжруулахын тулд багийн гишүүн тус бүр өөрийн амлалт үүргээ өгдөг АЧЗ-ын хуралдааныг байнга хийх хэрэгтэй.
Багийн гишүүдийг АЧЗ-д анхаарлыг нь байнга хандуулах зорилгоор АЧЗ-ын хуралдааныг дараах тогтсон хөтөлбөртэйгээр байнга хийх ёстой:
- Тайлан: Өнгөрсөн долоо хоногийн ажлуудын тайлан
- Онооны самбарыг хянах: Амжилт, алдаанаас суралцах
- Төлөвлөлт: Урдах замаа шинэчилж, шинэ амлалт, ажлуудаа төлөвлөх
Дутуу орц
4DX нь гайхалтай үр дүн авчрах боловч манлайлагчийн хувийн зан чанараас шалтгаалж эцэстээ ямар ч үр дүнд хүрэхгүй байж болох магадлалтай. Байнга гайхалтай үр дүнг авчирдаг манлайлагч нарт дараах шинж чанарууд байдаг:
- Даруу зан
- Шийдэмгий зан
- Зориг
- Хайр
Уг ном таныг Асар Чухал Зорилгодоо хүрэхэд туслах боловч хамгийн гол нь таны амжилтыг тодорхойлогч нь хайр байх болно. Энэ бол хэмжих аргагүй өв билээ.