Зохиолч: Жозеф Мөрфи

Далд ухамсрын хүч

The Power of Your Subconscious Mind
Амжилтад хүрэх эсэхээс үл хамаарч энэ дасгалыг орой бүр давт, үүнийгээ дадал болго. Тэвчээртэй бай. Таны төсөөлөл нэг л өдөр бүхий л оюун бодол, анхаарлын төвд орох бөгөөд чухам энэ өдрөөс эхлэн таны далд ухамсар өөрийн хүч чадлаа харуулж эхлэх болно.

Яагаад зарим хүн гунигтай, зарим нь аз жаргалтай байдаг вэ? Яагаад зарим нь баян, зарим нь ядуу байна вэ? Яагаад зарим хүн бусадтай сайхан харилцдаг, бусад нь тэгж чадахгүй байна вэ?

Доктор Жозеф Мөрфигийн үзэж буйгаар энэ бүхэн далд ухамсартай холбоотой аж. Тэрбээр эл номоо олон жилийн өмнө бичсэн ч өнөө хэр үнэ цэнээ алдаагүй байна.

Бүх зүйл ухамсартай холбоотой

Та амьдралаас юуг хүсэж байна вэ? Эд баялаг, аз жаргал, эрх мэдэл, сайхан харилцаа? Энэ номын зорилго бол бодлын хэв маягаа өөрчлөх нь ихээхэн ач тусыг авчирч болох тухай юм. Ийм аргаар үр дүнд хүрсэн олон жишээг энэ номд дурдсан. Тэрхүү аргыг өнөөгийн асар хурдтай өөрчлөгдөж буй дэлхийд ч ашиглаж болно.

Амьдралаас хүн юу хүсдэг нь тодорхой. Бүгд л эрүүл, аз жаргалтай, айх аюулгүй, сэтгэл санаа амгалан, өөрийгөө олсон байхыг хүсдэг ч эдгээр зорилгодоо олон хүн хүрч чаддаггүй. Харин доктор Мөрфигийн үзэж буйгаар хүрэхийг хүсэж буй сайн сайхан зүйлтэйгээ оюун болон сэтгэлийн хувьд нэгдэх ёстой бөгөөд ингэж чадвал бидний далд ухамсрын бүтээлч хүч чадал үлдсэнийг нь гүйцэлдүүлэх аж.

Би амжилтад хүрнэ, би баяжна, би бүтэлгүйтнэ гэх зэргээр “хэлсэн” бүхэнд далд ухамсар маань итгэдэг гэж тэрбээр үзжээ. Тархины хууль бол үнэндээ итгэл үнэмшлийн хууль аж. Бидэнд тохиолдож буй бүхэн, үйл явдал, нөхцөл байдал, үйлдэл бүхэн нь далд ухамсрын бидний бодолд үзүүлж буй хариу үйлдэл аж.

Тиймээс бид бодлын процессоо хянаж эхлэх юм бол далд ухамсрын хүчийг ямарваа асуудал, бэрхшээлийг даван туулахад ашиглаж болно гэж Мөрфи үзсэн байна. Өөрөөр хэлбэл, бидний доторх ертөнц нь (бидний бодол, мэдрэмж, төсөөлөл) бидний гаднах ертөнцийг бүтээдэг аж.

Синглүүдийн клубын сорилт

Нөхцөл байдлаа сайжруулах хүсэлд хөтлөгдөхдөө бид ихэвчлэн амьдран буй биет орчин, нөхцөл байдлаа авч үздэг. Нэг жишээ өгүүлье. Та хамтрагч эсвэл найз хайж байгаа гэж бодъё. Өөртөө итгэлгүй хэдий ч ганцаараа байхыг хүсэхгүй байгаа учир ганц биечүүдийн клубт очно. Тэнд баарны хажууд хүнтэй танилцах боломж надад ч бага даа хэмээн бодож өөртөө тун итгэлгүй зогсоно. Байршил өөрчлөгдсөнөөс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Дараагийн удаа очихдоо та арай өөрөөр буюу илүү үнэтэй, сайхан хувцас өмсжээ. Бас л амжилт олсонгүй. Яагаад? Учир нь бид нөхцөл байдал, эргэн тойрондоо анхаарч буйгаас бус гол асуудал буюу өөртөө итгэх итгэлдээ анхаарахгүй байна.

Ийм зөрчилдөөн, төөрөгдөл, хязгаарлалтыг үгүй хийхийн тулд шалтгааныг нь үгүй хийх хэрэгтэй гэж Мөрфи өгүүлсэн юм. Тэрхүү шалтгаан нь далд ухамсраа хэрхэн ашиглаж буй  нь юм. Далд ухамсар маань айдас, зовнил, тавгүйтлээр дүүрэн бол далд ухамсарт буй сөрөг сэтгэл хөдлөлүүд нь бидний ухамсрыг балмагдал, муу совин, цөхрөлөөр булна.

Хэрэгжүүл

Ухамсрын хоёр түвшин байдаг агаад тэдгээр нь ухамсарт буюу рациональ түвшин болон далд ухамсар буюу иррациональ түвшин юм. Бид ухамсарт оюун бодлоороо бодож, бодол бүхэн далд ухамсар руу нэвчих бүрийд гажуудлыг бий болгож байдаг. Бидний далд ухамсар нь сэтгэл хөдлөлүүдийн суурь, бүтээлч сэтгэлгээ юм. Хэрэв бид сайныг бодвол сайн зүйл болно, муу зүйл бодвол муу зүйл дагана. Санах ёстой гол зүйл бол далд ухамсар тухайн санааг хүлээж авсан л бол хэрэгжүүлдэг юм.

Ухамсарт оюун бодол бол учир шалтгааны сэтгэлгээ юм. Чухам үүгээр бид сонголтоо хийдэг бөгөөд гадаад нөхцөл байдалтай таван мэдрэхүйгээр дамжин харьцдаг учраас заримдаа обьектив сэтгэлгээ гэж нэрлэдэг. Харин далд ухамсар буюу субьектив сэтгэлгээ нь таван мэдрэхүйгээс хамаарахгүйгээр гадаад орчныг анзаарч байдаг.

Субьектив сэтгэлгээ нь зөн совингоор байдлыг хүлээж авдаг. Эл сэтгэлгээ нь бидний биеийг орхин одож, алс тэртээх газруудаар аялахын зэрэгцээ бодитоор оршин байхгүй зүйлсийг бий болгодог. Хүмүүс бид үргэлж ийм бодол, мэдрэмжийг мэдэрч байдаг агаад бидэнд хэлж өгч буй “зүйл”-ийг нь бусдыг хянах, удирдах зэвсэг болгон байнга ашигладаг. Сөрөг талаас авч үзвэл энэ нь оршин буй хамгийн хөнөөлт зэвсгийн нэг юм. “Чи чадахгүй”, “Чи бол өчүүхэн амьтан”, “Чи тэгэх ёсгүй”, “Чи бүтэлгүйтнэ дээ”, “Чамд ямар ч боломж байхгүй”. Эдгээр бодлыг нөгөө хүний далд ухамсарт оруулах аваас тухайн хүнийг тун таагүй нөхцөл байдалд оруулж болно. Тиймээс бид автомат итгэл үнэмшилтэй байх ёстой. Автомат итгэл үнэмшил нь сая дурдсан сөрөг мэдэгдэл, үгнээс биднийг чөлөөлж, сөрөг байдлыг эерэг алсын хараагаар орлуулах боломжийг өгдөг.

Далд ухамсраа хэрхэн өөрийнхөө төлөө ажиллуулах вэ

Далд ухамсар маань байнга ажиллаж байдаг гэдгийг эхлээд ойлгох ёстой. Бид ямар нэг зүйл хийж байгаа эсэхээс үл хамаарч өдөр шөнөгүй идэвхтэй байдаг. Далд ухамсартайгаа холбогдохын тулд бид ухамсрын хэв маягийг өөрчлөх шаардлагатай. Бид далд ухамсраа тогтмол эерэг бодол, хүсэл мөрөөдлөөр, хүрэхийг хүсэж буй туйлын зорилгоороо тэжээж байхын тулд дасгалжуулах ёстой.

Энэ нь далд ухамсартаа итгэл өгнө гэсэн үг юм. Итгэл бол далд ухамсарт зориулагдсан хэв маяг мөн. Далд ухамсар нь өгсөн зүйлийг хүлээн аваад өгсөн зааврын дагуу үр дүнг нь бий болгодог. Бүтэлгүйтлийн гол шалтгаан бол өөртөө итгэх итгэл дутагдах болон хэт их хичээл зүтгэл юм. Хэрэв бид толгойдоо “Байдал хэцүүдэж байна”, “Хэзээ ч хариултаа авахгүй юм байна”, “Гарах гарц алга”, “Ямар ч найдвар алга”, “Юу хийхээ мэдэхгүй байна”, “Холион бантанг нь хутгалаа шүү” гэсэн мэдээллийг өгсөөр байх юм бол бүтэлгүйтэх нь гарцаагүй.

Ийм мэдээлэл, өгүүлэмж ашиглах аваас далд ухамсар маань үүнийг бууж өгөх ёстой юм байна гэж орчуулж ойлгоно. Оюун санаанд маань тодорхой, ойлгомжтой санаа байх ёстой бөгөөд гарах гарц, шийдэл байгаа гэдэгт та итгэх ёстой. Ийм нөхцөлд доктор Мөрфигийн үзэж буйгаар тайвшрал чухал аж. Жижиг сажиг зүйл, арга барилд санаа зоволгүйгээр эцсийн үр дүнд илүүтэй анхаарахыг тэрбээр зөвлөж байна. Хүсэж буй шийдлээ олно гэсэн “мэдрэмж” бий болгохыг, түүндээ хүрнэ гэсэн итгэлийг дотроо үүсгэвэл далд ухамсар үлдсэнийг нь хийх боломжтой аж.

Ингэх хамгийн тохиромжтой цаг хэзээ вэ? Унтахын өмнө. Ийм үед бидний хүсэл мөрөөдөл, амлалтыг нухчин дардаг сөрөг бодлууд, айдас, тодорхойгүй байдал, эргэлзээ бүгд байхгүй болно. Гэхдээ хариултаа нэн даруй авч чадахгүй гэдгийг санагтун. Хариулт нь хэсэг хугацааны дараа ч ирэхгүй байж магадгүй. Бид орой бүр унтахынхаа өмнө далд ухамсартаа байнга сануулж, үр дүнд нь итгэлтэй байх хэрэгтэй.

Мөрфигийн аргыг төсөөлөх

Унтахын өмнө далд ухамсраа тэтгэхийн тулд ашиглаж болох энгийн техникийг Мөрфи санал болгосон нь төсөөлөх юм. Хүн бол дадлын амьтан агаад дадал нь далд ухамсрын хариуцдаг үйл ажиллагаа билээ. Далд ухамсарт маань хоногшин үлдэх хүртэл олон дахин давтан хийсний эцэст бид усанд сэлж, дугуй унаж, бүжиглэж мөн машин барьж сурдаг. Үүний дараа далд ухамсар дахь автомат дадлын хэв маяг эдгээр үйлдлийг хар аяндаа хийж эхэлдэг. Далд ухамсрыг тэтгэх нь ч үүнтэй адил. Дараах гурван алхмыг хийснээр уг дадлыг бий болгох учиртай.

Эхний алхам: Хөдөлгөөнгүй хэвтээд толгойд эргэлдсэн бодлуудаа чимээгүй болго. Нойрмоглосон, зүүрмэглэсэн байдалд шилж. Ийм тайван, чимээгүй нөхцөлд анхаарал төвлөрлийг бий болгох боломжтой. Бодлоо амрааж, биеэ хөдөлгөөнгүй болго.

Хоёрдугаар алхам: Асуудлын шийдэлд бодлоо чиглүүл. Ухамсарт сэтгэлгээгээр асуудлаа шийдэхийг хичээ. Төгс шийдэл олвол ямар их баярлах талаар бод. Төгс хариултыг олвол ямархуу мэдрэмж төрөхийг төсөөл. Бодлоо ийм сэтгэл хангалуун байдалд оруул. Амжилтыг тодорхойлсон онч үгийг яг л маань мэт толгойдоо олон дахин давт.

Гуравдугаар алхам: Яг унтахын өмнө Герман зохиолч Йохан ван Гётегийн ашигладаг байсан дадлыг ашиглана уу. Найз эсвэл хайртай хүнээ өмнөө байна хэмээн төсөөл. Нүдээ аниад тайван, амгалан бол. Хайртай хүн эсвэл найз маань субьектив оршин байгаа бөгөөд “Баяр хүргэе” гэж хэлнэ. Та тэдний инээмсэглэлийг харж, дуу хоолойг нь сонсоно. Бодитой, тод харагдана. Бид хүссэнээ авчээ. Та зорилгодоо хүрчээ.

Энэ дасгалыг бодит болтол нь бодолдоо олон дахин давт. Хүсэж байсан зүйл болон бодит байдлыг ялгаж чадахаа больтол нь давт. Хэрэв өглөө нь асуудлын хариултыг олоод сэрвэл гайхаж цочирдох хэрэггүй гэдгийг доктор Мөрфи сануулаад дараагийн шийдэл, зорилгын талаар бодож эхлэх хэрэгтэй гэжээ. Хүний амьдрал баялаг учир танд дараагийн асуудал бэрхшээл бий нь дамжиггүй учир далд ухамсраа түүнд чиглүүлж эхлэх хэрэгтэй.

Амжилтад хүрэх эсэхээс үл хамаарч энэ дасгалыг орой бүр давт, үүнийгээ дадал болго. Тэвчээртэй бай. Таны төсөөлөл нэг л өдөр бүхий л оюун бодол, анхаарлын төвд орох бөгөөд чухам энэ өдрөөс эхлэн таны далд ухамсар өөрийн хүч чадлаа харуулж эхлэх болно.

0 Shares
Хариу үлдээх