Зохиолч: Стивен Ковей

Бүтээмж өндөртэй хүний 7 дадал

The 7 Habits of Highly Effective People
Эдгээр нь Ковейгийн бодлоор бүтээмж өндөртэй болоход тун чухал агаад үр дүнг ч авчирдаг. Энэ номын олон сая уншигч үүнийг нотолж буй. Та харин өнөөдрөөс энэ номыг уншиж эхлэх үү?

Уг номыг “Уолл Стрийт Жорнэл” энэ зууны хамгийн нөлөөтэй бизнесийн номоор нэрлэсэн бөгөөд хамгийн их анхааралд өртсөн ном гэдэг нь маргаангүй юм. Хэдий олон жилийн өмнө бичигдсэн ч өнөөгийн уншигчдад ч ухаарал хайрлаж, нэгийг бодуулсан бүтээл хэвээр байна.

Доктор Стивен Ковейгийн дадлуудын зангилаан дээр хараат байдлаар өсөж дэвжих гэсэн үзэл оршиж байдаг. Тэрбээр өсөлтийн гурван түвшин байдаг гэж үзсэн юм.

Хамаарал буюу хараат байдал гэдэг нь гуравдагч талын халамжийн парадигм юм. Та намайг дэмжинэ, юу бодож, юу хийхийг зааж өгнө. Хэрэв байдал буруутвал зааж өгсөн та л буруутай.

Бие даасан байдал бол миний парадигм юм. Би өөрийгөө халамжилна, би юу хийхээ шийднэ, би бүх зүйлд хариуцлагаа үүрнэ.

Харилцан хамаарал бол бидний парадигм юм. Үүн дээр хамтдаа ажиллая, хамтрая. Хоёр толгой нэгээс илүү.

Амьдрал бол харилцан хамаарал юм. Хэрэв би харилцан хамааралтай амьдардаг, өөртөө найддаг, чадвартай хүн боловч та бид хоёр хамтдаа ажиллавал би ганцаараа хийхээс илүү бүтээж чадна.

Ковейгийн эхний гурван дадал нь хамаарлаас бие даасан байдалд шилжих талаар бол 4-6-р дадал нь бие даасан байдлаас харилцан хамаарлын давуу талыг ашиглахад туслах юм. Харин долоо дахь дадал нь биднийг энэ дадлуудаа хадгалж үлдэхэд тусална.

Дадал 1 – Санаачилгатай бай

Идэвх санаачилгатай байдал гэж юу вэ? Ковейгийн тодорхойлж буйгаар энэ нь зөвхөн санаачилахаас давсан зүйл аж. Энэ бол өөрийнхөө төлөө хариуцлага үүрэх явдал юм. Ямар нэг зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд бид хариуцлага хүлээдэг. Өндөр идэвх санаачилгатай хүмүүс тэрхүү хариуцлагыг ухамсарладаг. Тэд өөрсдийн зан араншинг хувийн үнэ цэн дээр нь үндэслэсэн ухамсарт сонголтын үр дүн гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад шиг нөхцөл байдлыг буруутгадаггүй.

Идэвх санаачилгын түвшинтэй холбоотойгоор өөрийгөө улам ухамсарлаж таних хамгийн шилдэг аргын нэг бол цаг, эрч хүчээ юунд зарцуулж байгааг ажиглах юм. Бидний хувьд бодитоор хянах боломжгүй эсвэл ямар нэг байдлаар нөлөөлж чадах зүйлс гэж бий. Идэвх санаачилгатай хүмүүс нөлөөлж чадах зүйлс дээрээ буюу Нөлөөллийн Тойрог дээрээ төвлөрч ажилладаг байна.

Идэвх санаачилгатай болохын тулд дараах эхний алхмуудыг хийнэ үү:

Амла, хэлсэндээ хүр

Зорилго тавь, түүндээ хүрэхийн төлөө зүтгэ

Өөртөө амлалт өгч, түүндээ хүрдэг байх нь бүтээмжтэй байх дадлыг хэвшүүлэхэд туслах гол зүйл юм. Та өөрийн хянаж чадах зүйлс буюу нөлөөллийн тойрог дотроо багахан амлалт өгч, зорилгоо хэрэгжүүлэхээс эхлээрэй.

Дадал 2 – Бодож дуусаад эхэл

Хүмүүс аялалд гарахдаа хаа хүрэх талаар ихэнхдээ ойлголттой байдаг. Харамсалтай нь олон бизнесийн хувьд тийм биш байх нь бий. Ковей үүнийг товчхоноор “амьдралын завгүйдэлд автаж, амжилтын шатаар өгсөхдөө улам бүр чармайн ажиллах үнэхээр амархан... даанч заримдаа буруу хана руу шатаа тавьснаа мэддэг. Бүтээмжгүй хэрнээ завгүй байх тун боломжтой” гэжээ.

Хэрэв амжилттай ажиллах компани байгуулахыг хүсэж байгаа бол юунд хүрч, юуг бүтээх гэж буйгаа маш тодорхой харах хэрэгтэй. Үйлдвэрлэж, бий болгохыг хүсэж байгаа бүтээгдэхүүнийхээ санааг гарга, зорилтот зах зээлээ тодорхойл, санхүүгээ зохицуул, хөгжүүлэлт болон судалгаанд анхаар, үйл ажиллагаа, маркетинг хий. Эцсийн санааг толгойдоо хэр сайн бодсон эсэхээс компани амжилтад хүрэх эсэх шалтгаалдаг.

Хэрэв тэгэхгүй бол бидний Нөлөөллийн тойргоос гаднах хүмүүс эсвэл нөхцөл байдал болоод бидний хувь заяаг шийдэх болно.

Эцсийн үр дүнг бодохоос бүхнийг эхлүүлэх хамгийн үр дүнтэй арга бол хэн болохыг, юу хийхийг хүсэж буйг, мөн бидний оршихуй, хичээл зүтгэлд үндэслэсэн үнэ цэн эсвэл зарчмыг тусгасан хувийн эрхэм зорилготой болох гэж Ковей зөвлөжээ. Энэ нь таны хувьд үндсэн хууль болох бөгөөд тухайн нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийн эрчлээс дунд өдөр тутам шийдвэр гаргахад нөлөөлөх үндэс суурь болно.

Та эрхэм зорилгоо бичих гэж байгаа бол эх сурвалж болгохын тулд тэмдэглэл, алдартнуудын хэлсэн үгс, санаануудыг цуглуулж эхлээрэй. Эрхэм зорилгоо амьдралын тодорхой чиглэлүүд болон хүрэхийг зорьж буй зорилгуудад тохируулан хуваах хэрэгтэй.

Дадал 3 – Эн тэргүүний зүйлийг эхэнд тавих

Эхэлж хийх зүйлийг эхэнд тавих нь үр дүнтэй менежмент юм. Бидний амьдралд маш олон яаралтай ажил, үйл ажиллагаа бий. Гэхдээ бүгд биш. Яаралтай гэдэг нь нэн даруй анхаарал хандуулах зүйлийг хэлж байгаа бол чухал гэдэг нь үр дүнг хэлж байгаа юм. Хэрэв тухайн зүйл чухал бол бидний эрхэм зорилго, үнэ цэн, зорилгод маань хувь нэмэр оруулах ёстой. Үр дүнтэй, бүтээмжтэй менежмент нь яаралтай биш атлаа чухал зүйлстэй холбоотой юм. Бүтээмжийн менежментийн дөрвөн чухал шинж чанарыг Ковей ийн тодорхойлжээ:

Зарчимд тулгуурласан

Ухамсарт хөтлүүлсэн.

Бидний эрхэм зорилго тэр дундаа үнэ цэн, урт хугацааны зорилгуудыг тодорхойлдог.

Үүрэг ролийг тодорхойлж, зорилго тавих замаар амьдралыг тэнцвэржүүлдэг.

Энэ бүхнийг хэрэгжүүлж эхлэх гарааны цэг нь дээр дурдсан дөрвөн шинж чанарыг удирдах, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх юм. Мөн тавдугаар шинж чанар нь энэ хүсэл эрмэлзэлээ байнга хадгалж, хэрэгжүүлэхэд оршино.

Дадал 4 – Хож/Хож сэтгэлгээ

Хэн хэндээ хожоотой байх нь харилцан хамаарлын философи юм. Хож/Хож сэтгэлгээ нь хүн хоорондын манлайллын цөм бөгөөд хамтдаа суралцах, хамтдаа нөлөөлөх, хамтдаа хожихоос бүрдэнэ. Хож/Хож гэсэн зарчим нь хүмүүсийн бүхий л харилцан хамаарал амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлдөг. Хувь хүний зан характер нь Хож/Хож зарчмын үндэс суурь бөгөөд Ковей гурван онцлог шинж чанарыг тодорхойлсон юм.

Нэгдмэл. Бидний өөрсдөдөө оноож буй үнэ цэн

Төлөвшил. Зориг болон болгоомжийн тэнцвэр.

Элбэг дэлбэгийн сэтгэхүй. Хүн бүрт хангалттай хүрэлцэнэ гэсэн үнэмшил.

Хож/Хож гэсэн зарчим бий газарт л Хож/Хож оршин тогтнож чадна. Хэрэв Хож/Хож гэж яриад Хож/Хожигдогчийг хөхиүлэн дэмжиж байвал бүгдээрээ ялагдагчид болно. Хож/Хож зарчмыг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөлт, харилцаа, төсөвлөлт, мэдээлэл, шагнал урамшууллын зэрэг бүхий л систем нь Хож/Хож зарчимд үндэслэсэн байх ёстой.

Тэгвэл Хож/Хож зарчмыг хөгжүүлэх харилцаа ямар байхыг тодорхойлж үзье. Юун түрүүнд нөгөө хүний байр сууринд өөрийгөө тавьж, тухайн хүн шийдлийг хэрхэн харж байгаа гэж үзэж буйгаа бичнэ. Дараа нь хамтдаа буюу хэн хэн нь хожиход хүргэх өөрийн бодол, сонголтуудыг жагсааж бичнэ. Хоорондоо тохирч байна уу? Нөгөө хүнтэй уулзаж, юу бодож байгааг нь асуу. Энэ бүхэн харилцан зөвшилцлийг эхлүүлэхэд хангалттай байж чадах нь уу?

Дадал 5 – Эхлээд ойлго, дараа нь ойлгуул

Хүн хоорондын үр дүнтэй харилцаанд хүргэх нэг чухал зүйл бол эхлээд ойлгохыг, дараа нь ойлгуулахыг хичээх явдал мөн. Ковейгийн өгүүлж буйгаар нөгөө хүн ярьж байхад бид дөрвөн түвшингийн аль нэгээр сонсож байдаг аж:

Нөгөө хүнийг үл хайхарч, яриаг нь бараг сонсдоггүй.

Сонсож байгаа дүр үзүүлдэг.

Хэсэгчилж сонсох буюу ярианых нь тодорхой хэсгийг сонсдог.

Анхааралтай сонсож, тухайн хүний хэлсэн үг бүрт анхаарал, эрч хүчээч иглүүлдэг.

Гэвч тун цөөн хүн тавдугаар түвшин буюу сонсохын хамгийн дээд төрөл болох ойлгох чин хүсэлтэйгээр (эмпатик сонсохуй) яриаг нь сонсдог байна.

Боловсруулах тун оновчтой өгөгдлүүдийг гаргаж өгдөг учраас эмпатик сонсохуй нь тун хүчтэй арга юм. Нөгөө хүний ярианы талаарх төсөөлөл, бодол, мэдрэмж, үндэслэл, тайлбарыг толгойдоо бий болгохын оронд бид тухайн хүний бодол, сэтгэлд бодитоор болж байгаа зүйлтэй нь танилцах юм. Хэрхэн ингэж сонсож сурах вэ? Ковейгийн өгүүлж буйгаар эмпатик сонсохуй нь дөрвөн үе шатыг дамжиж бий болдог аж.

Эхний бөгөөд хамгийн бага үр дүнтэй нь агуулгыг дуурайх юм. Өөрөөр хэлбэл, нөгөө хүний амнаас гарсан үгийг сонсоод, хариу давтан хэлэх. Хоёрдугаар үе шат бол агуулгыг дахин хэлэх. Энэ үе шатанд бид нөгөө хүний хэлсэн үгийн утгыг өөрийн сонгосон үгээр орлуулж ойлгодог. Толруулбал, бид тархиныхаа зүүн хэсгээр тухайн хүний хэлсэн үгийг боловсруулж ойлгоно.

Гуравдугаар шатанд тархины баруун хэсэг ажиллана. Бид мэдрэмжээ голлоно. Нөгөө хүний хэлж байгаа үгэнд бус хэлж буй зүйлээ ямархуу мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй хэлж байгааг нь анхаардаг. Дөрөвдүгээр шатанд хоёр болон гуравдугаар үе шат зэрэг орж ирнэ. Нөгөө хүний хэлсэн зүйлийг дахин хэлж, мэдрэмжийг нь тусгаж авна.

Нөгөө хүний бодлыг сонсож, ойлгосон бол таны хувьд өөрийгөө ойлгуулах цаг иржээ. Ойлгогдохын тулд та өмнөхийг яг эсрэгээр нь хийхэд л болно. Бодол санаагаа нөгөө тал өөрийн контекстийн хүрээнд ойлгож, хүлээж авах байдлаар илэрхийлээрэй.

Дадал 6 – Хамтын хүч

Хамтын хүчин чармайлт гэж юу вэ? Энгийнээр хэлбэл бүхэл нь бүтээгч хэсгүүдийнхээ нийлбэрээс илүү гэсэн үг юм.

Хэрэв бид синергитик байдлаар харилцвал бодол, сэтгэлээ шинэ боломж, шинэ хувилбар, шинэ сонголтуудад нээж өгөх болно. Хамтын хүчин чармайлт бол сэтгэл хөдөлгөм зүйл. Нээлттэй харилцаа гайхамшгийг бүтээдэг. Ковейгийн үзсэнээр үнэхээр үлэмж ашиг тустай, мэдэгдэхүйц сайжруулалтыг бодитоор авчирдаг учраас нээлттэй байдлыг дээдлэх учиртай аж.

Хүмүүс хоорондоо сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, бие махбодын ялгаатай гэдгийг ойлгож, үнэлдэг байх нь синержигийн амин сүнс юм. Хүмүүс хорвоо дэлхийг байгаагаар нь бус өөрсдийнхөөрөө авч үзэж ойлгодог гэдгийг ухаарах нь эдгээр ялгааг ойлгож, үнэлдэг болоход чухал ажээ.

Ойлголт төсөөллийн ялгаатай байдлаа ойлгож, хэн хэнээ үнэлж, хоёулаа зөв байх боломжид итгэх хэрэгтэй. Амьдрал үргэлж хоёр талт байхгүй бөгөөд ихэнхдээ гурав дахь хувилбар, сонголт байдаг.

Хэрэв зөвхөн хоёр л хувилбарыг (өөрийнхөө эсвэл “буруу” хувилбар) харж байгаа бол гуравдагч синергитик хувилбарыг эрэн хайх ёстой. Хэрэв бид Хож/Хож философиор ажиллаж, бие биенээ ойлгохыг хүсдэг бол хүн бүрд илүү тохирох шийдлийг олж чадна.

Хамтын хүчний сэтгэлгээг үйлдэл болгохын тулд танаас өөрөөр сэтгэдэг хүнтэй хамт ажиллах, эсвэл ярилцах хэрэгтэй. Та хоёрын ялгаа нь гуравдагч хувилбарыг яаж бий болгож чадах талаар авч үзээрэй.

Дадал 7 – “хөрөөг хурцлах” зарчим

Энэ бол хувь хүний хөгжлийн дадал юм. Энэ бол танд байгаа хамгийн агуу капитал буюу өөрийгөө хөгжүүлэх дадал.

“Хөрөөгөө хурцал” гэдэг нь бие, сүнс, оюун санаа, нийгэм/сэтгэл хөдлөл гэсэн оршихуйн дөрвөн хэмжээсээ байнга, тогтмол дасгалжуулахыг хэлж байгаа юм. Биеийн хэмжээс гэдэг нь эрүүл зөв хооллох, хангалттай сайн амарч, хөгжилдөх, байнга дасгал хөдөлгөөн хийх зэргээр махан биеэ үр дүнтэй асарч халамжлах явдал юм.

Сүнслэг хэмжээсээ шинэчлэх нь таны амьдралд манлайллыг бий болгоно. Сүнслэг хэмжээс бол таны цөм, таны төв, үнэ цэнийн системдээ үнэнч тууштай байх зан юм. Энэ бол таны амьдралын маш нууцлаг бөгөөд асар чухал хэсэг мөн. Таныг сэргээж, урам зориг өгөх зүйлстэй холбогдох нь тун чухал агаад жишээлбэл гайхалтай уран зохиол, дуу хөгжмийг ойлгож, мэдрэх хэрэгтэй юм.

Оюун санааны хөгжил ихэнхдээ албан сургалтаар дамжин бий болдог. Гэвч сургууль төгсөөд хүмүүс суралцах сахилга батаа алддаг. Бид ном уншдаггүй, задлан шинжилдэггүй, бичдэггүй, харин оронд нь телевизор үзэж, фэйсбүүк, твиттерээр ухаан мэдрэлгүй тэнэдэг. Үргэлжлүүлэн суралцах нь тун чухал агаад идэвх санаачилгатай хүмүүс өөрсдийгөө боловсруулах, тархи оюунаа сэргэг байлгах асар олон арга замыг ашигладаг.

Нийгэм болон сэтгэл хөдлөлийн хэмжээс хамтдаа байгаагийн учир нь хүний сэтгэл хөдлөл бусадтай үүсгэж буй харилцаанаас бий болдогтой холбоотой юм. Нийгэм/сэтгэл хөдлөлийн хэмжээсээ шинэчлэх нь бусад хэмжээсийг шинэчлэхтэй харьцуулбал цаг их авахгүй. Бусадтай өдөр тутам харилцах явцдаа үүнийгээ шинэчилж болно. Гэхдээ ингэхэд мэдээж дасгал сургуулилт хэрэгтэй. Зөвхөн нийгмийн сүлжээ бус гадуур гарч, хүмүүстэй биечлэн уулзах ёстой.

Ингээд та зургаан дадал болон долоо дахь сэргээх процессыг мэдэж авлаа. Эдгээр нь Ковейгийн бодлоор бүтээмж өндөртэй болоход тун чухал агаад үр дүнг ч авчирдаг. Энэ номын олон сая уншигч үүнийг нотолж буй. Та харин өнөөдрөөс энэ номыг уншиж эхлэх үү?

0 Хуваалцсан
Хариу үлдээх