Зохиолч: Жим Коллинз
Сайнаас агууд дэвшихүй
Эл ном хэдий олон жилийн өмнө хэвлэгдэж, тоглоомын дүрэм болон компаниуд ч өөрчлөгдсөн гэж олон хүн бодож байж болох ч Коллинз өөрийн зарчмуудаа цагийн шалгуурыг давсан гэж хэлэх байсан болов уу.
Компанийг шилдэг болгодог 6 аргатай танилцая.
1. 5-р түвшний манлайлагч
Тавдугаар түвшин гэж байгаа бол 1-4 хүртэлх түвшин байгаа гэж та бодож байгаа бол таны зөв. Тэднийг танилцуулъя. Хэрэв та мундаг ур чадвартай хувь хүн бол 1-р түвшнийх. Бусдад хувь нэмэр оруулдаг, багийн сайн гишүүн бол та 2-р түвшнийх. Ур чадвартай менежер бол 3-р, бүтээмж өндөртэй манлайлагч бол 4-р түвшнийх. Харин даруу байдал, мэргэжлийн өндөр түвшний хүсэл зоригийг хослуулсан бол 5-р түвшний удирдагч юм.
Өөрийгөө 5-р түвшнийх мөн эсэхэд эргэлзэж байна уу? Энэ талаар хэдэн тодруулга хэлье. Та өөртөө бус компанийн төлөө амбицладаг бол, асар даруухан бол, хийх ёстой ажлаа хийх гуйвшгүй хүсэл эрмэлзэлтэй бол та 5-р түвшний удирдагч мөн. Хэрэв та 5-р түвшний удирдагч биш, болохыг ч хүсэхгүй байгаа бол энэ ном танд зориулагдаагүй юм.
2. Эхлээд Хэн, дараа нь Юу
Сайнаас Агууд дэвших аргын цагаан толгойн хувьд Хэн үргэлж Юу-ны өмнө орно. Алсын хараа, стратеги, бүтэц, тактикийг бүтээхээс өмнө байгууллагадаа эхлээд зөв хүмүүсийг авах ёстой. Энэ тал дээр Коллинз автобусны жишээг ашиглажээ. Хаашаа явахаа шийдэхээс өмнө тохирох хүмүүсийг тохирох суудалд нь суулгасан байх ёстой.
Үнэхээр ч 5-р түвшний удирдагчид нь зөв хүмүүсийг багтаа нэгтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. Ингэх нэг шалтгаан бол тэд нэг л өдөр Жэк Николсон, Морган Фриймэний тоглосон кинонд гардаг шигээр амралтаа авахаар, хүслээ биелүүлэхээр завсарлага авахад хэн нэгэн компанийг нь удирдан чиглүүлэх ёстойг мэдэж байдаг юм. Тэгэх хүмүүс бол мэдээж автобусанд цуг суусан хүмүүс.
Ажлыг бүтээхийн тулд ур чадвар, авьяас билигтээ найддаг 4-р түвшний удирдагчид нь Коллинзийн нэрлэсэнээр “мянган туслахтай шидтэн” адил юм.
Хүмүүстэй холбоотой шийдвэр хэрхэн гаргах вэ:
1. Эргэлзэж байгаа бол бүү ажилд ав. Хангалттай сайн хүмүүсийг татах ур чадварийг бий болгож чадсан эсэхээс хамаарч өсөлтөө хязгаарла
2. Өөрчлөлт хийх шаардлагатай бол хий. Гэхдээ хүмүүсээ буруу буюу тохирохгүй суудалд суулгаагүй байх ёстой. Танай багийн зарим хүн арай өөр албан тушаалд илүү сайн хөгжин дэвжихийг та байнга олж харах болно.
3. Хамгийн сайн ажилтнуудаа хамгийн том боломж дээр ажиллуул. Хамгийн сайн ажилтнуудаа хамгийн айхтар асуудлыг шийдвэрлэхээр ажиллуулах хүсэл төрөх байх. Гэвч тэгж болохгүй.
4. Хэрэв зарим алба хэлтсээ татан буулгаж байгаа бол үүнтэй хамт шилдэг хүмүүсээ халж болохгүй.
3. Хатуу үнэнтэй нүүр тул
Алсын хараатай байх сайхан боловч агуу байгууллагууд нь алсын хараагаа бодит байдлын хатуу үнэнтэй нэгтгэж чаддаг юм. Дэлхийн II дайнд оролцсон Британийг авч үзье. Нацистуудад сүйртлээ бөмбөгдүүлж, Европ, Хойд Африкийн ихэнх хэсэг Германы хяналтад орсон байх үед Чөрчилл ийн хэлжээ.
“Бид Францад байлдах ёстой, бид далай тэнгист ч байлдах ёстой. Бид тэнгэрт улам их итгэлтэй, улам хүчтэй тулалдах ёстой. Ямар ч үнээр хамаагүй бид арлаа хамгаална. Бид далайн эрэг дээр, дайсны цэрэг буусан бүх газарт, бид тал газарт, бид гудамжинд тулалдана. Бид ууланд ч тулалдана. Бид хэзээ ч бууж өгөхгүй”.
Хэрэв байдлыг нуун дарагдуулсан бол хүмүүс түүнийг худлаа ярьж байгааг нь ойлгоно гэдгийг Чөрчилл мэдэж байв. Тэрбээр иргэддээ хандаж “Ок, тэгэхээр ийм байна. Байдал тун муу байна. Цаашдаа бүр ч муудаж магадгүй. Гэхдээ үүнийг бид ингэж давж гарч чадна. Ингэж байж бид ялна” гэж хэлсэн нь энэ юм.
Коллинз үүнийг Вьетнамын дайнд оролцож, вьетнамчуудад олзлогдож байсан дайчны нэрээр Стокдэйлийн парадокс гэж нэрлэжээ. Эцсийн эцэст ялж чадна, гашуун үнэн юу ч байсан гэсэн сөрөн зогсоно гэсэн итгэлээ та хадгалж үлдэх ёстой.
Гашуун үнэнтэй нүүр тулаагүй үедээ гуйвшгүй итгэл үнэмшилтэй байх нь танд төдий л ашиг тус болж чадахгүй. Тэгвэл хүмүүсийн ярих дургүй таагүй, гашуун баримтуудыг гаргаж ирж ярьдаг соёлыг хэрхэн бүтээх вэ?
1. Хариулт бус асуултаар эхэл. “Яагаад” гэж мянган удаа асуу.
2. Албадаж шаардах бус харилцан ярилц, хэлэлц. Бүхнийг мэддэг мэт бүү аашил. Та мэдэхгүй. Ойр тойрны хүмүүстэй мэдээллээ хуваалцаж, бодол санааг нь асуух юм бол тэднээс ямар их зүйл мэдэж авч буйгаа хараад та лав гайхна.
3. Шүүмжлэлүйгээр задлан шинжилгээ хий. Алдаа гаргах бүртээ судла, турш, суралц. Хамгийн гол нь хэн нэгнийг бүү буруушааж зэмлэ. Үүний оронд хийж буй зүйлээ дараагийн удаа хэрхэн сайжруулах вэ гэдэгт л анхаар.
4. “Мэдээлэл”-ийг “анзаарахгүй орхиж болохгүй мэдээлэл” болгодог улаан туг өргөгч механизмыг бий болго
4. Зарааны зарчим
Гэнэтийн асуулт: Та зараа юу, үнэг үү? Танд энэ талаар мэдээлэл өгье: үнэг олон зүйл мэддэг бол зараа нэг чухал зүйл мэддэг. Үнэг нэг доор олон юмны араас хөөцөлдөж, дэлхийг адармаатай, цогц чигээр нь хардаг. Харин зараа адармаатай цогц дэлхийг ганц, зохион байгуулалттай санаа болгон хялбаршуулдаг. Бүхнийг нэгтгэж, удирддаг ганц энгийн зарчим.
Зарааг тэнэгдүү, бас удаандуу гэж та бодож байгаа бол зараатай холбоотой хэдэн санааг хэлж өгье.
Эйнштейний харьцангуйн онол. Адам Смитийн үл үзэгдэх гар.
Агуу компаниуд ямар нэг байдлаараа зараа байсан юм. Бизнесийн ертөнц эрс өөрчлөлтийн ирмэг дээр ирээд байгаа энэ цаг үед бүгд зарааны талаар бодож үзэх ёстой болов уу. Тэгэхээр зарааны зарчим гэж юу вэ? Энэ бол дараах гурван зүйлийг гүнзгий ойлгохоос эхэлдэг энгийн, тодорхой зарчим юм.
1. Та энэ дэлхий дээр юуг хамгийн сайн хийж чадах вэ? Энэ нь өрсөлдөх чадвараас ялгаатай бөгөөд өөртөө үнэнч, шударга хандахыг шаарддаг асуулт юм. Энэ асуултад хариулахын тулд та хатуу үнэнтэй нүүр тулах ёстой болж ч магадгүй. Коллинзийн тодорхойлсноор зарааны зарчим нь шилдэг байх зорилго, шилдэг байх стратеги, шилдэг байх санаа, шилдэг байх төлөвлөгөө биш аж. Харин юунд хамгийн сайн бэ гэдгээ ойлгох юм.
2. Танай эдийн засгийн хөдөлгүүрийг юу ажиллуулдаг вэ? Танай хөдөлгүүрийн хамгийн чухал зүйл бол “Х бүрийн Ашиг” тэгшитгэлийн хуваагч нь юм. Энэ нь дэлгүүр бүрийн ашиг, худалдан авалт бүрийн ашиг гэх зэргийг хэлж байна. Санхүүгийн хямралаас гарч буй энэ үед энэ бол өөрөөсөө асуух ёстой тун чухал асуулт мөн. Тиймээс энэ асуултад хариулахдаа цаг гаргаж бодоорой.
3. Юуг хийх хүсэл эрмэлзэлтэй вэ? Зарааны зарчим нь хялбар мэт санагдах ч нэг өдрийн дотор учрыг нь олчихно гэж бодож болохгүй. Сайнаас Агууд дэвшсэн компаниудын хувьд зарааны зарчмаа олж авахын тулд дунджаар 4 жил зарцуулсан байдаг.
Танай байгууллагад зарааны зарчмыг удирдан хэрэгжүүлэх зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэж Коллинз зөвлөсөн. Эсвэл зөвлөл бус байгууллагынхаа хамгийн ухаалаг хүмүүсийг нэгтгэн энэ зарчмыг хэрэгжүүлэх үүргийг өгч болно. Хатуу үнэнийг шулуухан хэлдэг хүмүүсийг сайн сонс.
5. Сахилга баттай байх соёл
Тодорхой зүйл учир энэ тухай дэлгэрүүлж ярихгүй. Дараах гурван чиглэлийг тууштай барьж, сахилга баттай үйлдэл хийдэг сахилга бат сайтай хүмүүс танай компанид хэрэгтэй.
Тэр гурван чиглэл бол сахилга баттай хүмүүс, бодол, үйлдэл юм.
Үүнийг хэрэгжүүлэхэд эсрэг тэсрэг дүрэм хэрэгтэй. Хүмүүс ямар нэг системийн хязгаарлалтын хүрээнд ажиллах ёстой ч тэрхүү системийн бүтцийн хүрээнд эрх чөлөөтэй, уян хатан байдлаар ажлаа хийх ёстой юм.
6. Технологийн хурдасгуур
Технологийг зөв ашиглах юм бол эрч хүчийг үүсгэгч бус харин хурдасгагч нь болдог гэж Коллинз өгүүлжээ. Сайнаас Агууд дэвшсэн компаниуд нь аяллаа онцгой содон шинэ технологиор эхлүүлж байгаагүй агаад энэ нь чухам аль технологи танайд хамаатайг мэдэх хүртэл технологийн хүчийг ашиглах боломжгүй гэж үзэж байсантай нь холбоотой. Тэгэхээр танайд хамаатай технологийг яаж мэдэх вэ?
Танай зарааны зарчмын хоорондоо солбилцож буй гурван тойрогт хамаатай технологи л чухал. Бизнест технологийг үлэмж ихээр ашигладаг болсон өнөө цагт энэ нь тун чухал санаа юм.
Хэн нэгэн танд Twitter-т жиргэх, YouTube дээр бичлэгээ оруулах хэрэгтэй гэж зөвлөж байсан болов уу. Бусдаас хоцрох вий гэсэн айдаст бүү хөтлөгд. Бизнесийн сайн үр дүнд хүрэхийн тулд эдгээр шинэ технологийг хэрхэн ашиглах талаар судал. Гэхдээ шинэ технологиудыг ашиглан бизнес эрхлэх аргаа өөрчлөх асар их боломж бий гэдгийг санаж явагтун.