Зохиолч: Адам Грант

Өгөх, авах ухаан

Give and Take
Илүү их амжилтад хүрэхийн тулд өгөгч болоход туслах А.Грантын зөвлөгөөнүүдтэй та ийн танилцлаа.

Амжилттай хүмүүст ямар нийтлэг зан чанар байдаг вэ? Адам Грантын баталж буй болон тогтсон үзлээр бол өндөр амжилтад хүрсэн хүмүүст урам зориг, ур чадвар, боломж гэсэн гурван зүйл нийтлэг байдаг. Гэхдээ тэд яаж ийм зүйлтэй болсон байна вэ? Амжилтын мөн чанар юу вэ?

Грантын онцолж буйгаар амжилт нь бусадтай хэрхэн харилцахаас хамаардаг аж. Бид нөгөө хүнтэй харилцах бүртээ өрсөлдөгч эсвэл хамтрагч байдлаар тухайн харилцаандаа ханддаг байна. Чухам энэ хандлагаас шалтгаалж зарим хүн амжилтад хүрдэг бол зарим нь бүтэлгүйтдэг гэж Грант үзжээ.

Хүмүүс өгч эсвэл авдаг. Авагчид нь өөрсдийн эрх ашгийг бусдынхаас дээгүүрт тавих замаар харилцаанаас ашиг хайж байдаг бол өгөгчид нь эсрэгээрээ бусдыг эхэнд тавьж, авдгаасаа ихийг өгдөг.

Нийгмийг бүхэлд нь авч үзвэл бид Өгөгчдийг өөрсдийгөө золиослож буй хүмүүс гэж үзэх хандлага ажиглагддаг. Гэвч Өгөгч байхын тулд заавал тийм байх шаардлагагүй юм. Бусдад туслах, менторлох, зээлээ хуваалцах, бусадтай харилцаа холбоо үүсгэх зэргээр бусдын ашиг сонирхлын төлөө үйлдэл гаргахад л болно.

Грантын үзэж буйгаар ажлын орчинд өгөх, авах нь илүү төвөгтэй болж ирдэг аж. Мэргэжлийн хувьд бид цэвэр Өгөгч эсвэл Авагч шиг байдаггүй. Харин оронд нь тохируулах гэсэн гурав дахь хэв маягийг ашигладаг. Энэ нь өгөх, авахын хоорондох тэнцвэрийг барих оролдлого юм. Тохируулагчид нь шударга ёсны зарчмаар хөдөлдөг бөгөөд бусдад тусалсан бол хариу тус эрэлхийлнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, би чиний нурууг маажиж өгье, чи минийхийг маажиж өг. Тэгэхээр аль хандлага нь илүү вэ?

Өгөгч, Авагчдын шинж чанарыг авч үзэх юм бол Авагчийг эерэг, шаардлагатай, дэвшилтэт харин Өгөгчдийг хүлцэнгүй, буулт хийдэг, таарууг хүлээн зөвшөөрдөг гэж үздэг. Харин Грантын судалгаа бидэнд сонирхолтой зүйлсийг хэлж өгөх болно. Амжилтын хүнсний сүлжээний ёроолд хэн байдаг вэ? Мэдээж Өгөгчид. Харин оргилд нь? Хачирхалтай нь мөн л Өгөгчид. Авагчид болон Тохируулагчид дунд нь байх хандлагатай аж.

Грантын тодорхойлсноор өгөхийг өөрсдийн гол хэв маягаа болгосон хүмүүс нь хариу ач тусыг ихээр хураадаг байна. Өгөгчдийн хувьд нөхөрсөг зан, итгэлийг бий болгоход хугацаа шаардагддаг боловч эцэстээ амжилтыг нь үлэмж өсгөдөг нэр хүнд, харилцааг тэд бий болгож чаддаг аж. Анхаарах нэг эерэг зүйл бол харилцаа холбоо, нэр хүнд улам бүр олны хараанд өртөх болсон өнөөгийн холбогдсон ертөнцөд Өгөгчдийн байр суурь улам хурдтай өсөх боломжтой. Ажлын орчин нөхцөл хийгээд түүнийг тодорхойлж буй технологи асар их өөрчлөгдөж буй өнөөгийн ертөнц нь Өгөгч байхын давуу талыг улам бүр нэмэгдүүлж байна гэж Грант үзжээ.

Нэгэн жишээг авч үзье. Та үйлчилгээний салбарт ажилладаг. Танай компани алба эсвэл баг болж нэгэн зорилгын төлөө ажилладаг нь гарцаагүй. Гэхдээ яаж? Багууд нь мэдээлэл хуваалцах, хүмүүсийн хийх дургүй ажлыг сайн дураар хийх, туслах зэрэгт Өгөгчдийн гарыг хардаг. Үүний үр дүнд улам олон хүн Өгөгч хэмээх нэр хүнд, харилцааг бий болгож чадсан үйлчилгээ үзүүлэгчдэд/компанид илүү ач холбогдол өгч байна.

Амжилттай Өгөгч нар нь нетворкинг, хамтрах, үнэлэх, нөлөөлөх гэсэн дөрвөн чухал харилцаандаа өвөрмөц чиг хандлага баримталдаг аж.

Нетворкинг буюу сүлжээ үүсгэх нь харилцаан дээр суурилдаг агаад тийм учраас сайн тодорхойлогч тест болж өгдөг. Хүмүүс өөрсдийн сүлжээндээ бусадтай хэрхэн харилцан хамаарал үүсгэдэг вэ, тэд сүлжээний зорилгыг юу гэж үздэг вэ?

Шинэ хүнтэй танилцахдаа бид ихэвчлэн хэрэгтэй харилцаа тогтоохыг үнэхээр хүсэж байна уу, эсвэл ямар нэг зүйл хүсэж байгаа учраас л нөхөрсөг зан гаргаж байна уу хэмээн боддог. Авагчийн тухайд гэвэл бид Авагч ирж байгааг харангуутаа сүлжээндээ оруулахгүй хаалгаа хаах, итгэл болон тусламжаа далдлах зэргээр өөрсдийгөө хамгаалдаг. Үүний улмаас ихэнх Авагч сайн дүр эсгэгчид болж хувирдаг юм.

Гэхдээ байдал тийм муу гэж ойлгож болохгүй. Авагчид амиа бодсон, өөрийгөө магтсан хэвээр үлдэнэ гэдэгт бид найдах ёстой. Авагчид эрх мэдэлтэй болох тусам удирдлагадаа ажилладаг эсвэл хажуудах хүмүүс өөрийг нь юу гэж боддогт улам бүр бага анхаарал хандуулж, чухал зорилгын төлөө бүхнийг хийх эрхтэй, чадах чинээгээрээ их зүйлийг өөрийн болгож чадна гэж боддог агаад бусдад муухай ханддаг нь тэдний байдлыг аажимдаа улам сулруулдаг юм.

Ихэнх хүмүүс үнэндээ Тохируулагчид байдаг агаад тэдний үнэ цэн нь шударга байдал, тэгш эрх, харилцан туслахыг эрхэмлэдэгт оршдог юм. Харин Авагчид эдгээр зарчмыг нь зөрчих үед Тохируулагчид хүрээлэл дотроо ярилцаж, шударга ёсыг тогтоохыг хичээдэг. Амиа бодсон Авагчдыг шийтгэхийн төлөө Тхохируулагчид нь өөрийн ашиг сонирхлыг золиослодог, харин өгөөмөр зантай Өгөгчдийг шагнахын төлөө бүхнийг хийдэг байна.

Та өөрийн сүлжээний талаар бодож үзээрэй. Ойр дотнын хүмүүс, хамт ажиллагсадтай хүчирхэг холбоостой байгаа бол цөөн уулзсан, эсвэл хальт уулзсан хүмүүстэй сул холбоос үүсгэсэн байгаа.

Грантын нотолж буйгаар хүчтэй холбоос нь харилцааны шинж чанартай бол сул холбоос нь харин гүүрийн үүрэг гүйцэтгэж, шинэ мэдээллийг илүү үр дүнтэй олж авах боломж болдог аж. Хүчтэй холбоос нь ижилхэн нийгмийн хүрээлэлд бүрэлдэж, бидэнд олддогтой адил боломжуудыг үүсгэж байдаг бол сул холбоос нь харин өөр сүлжээнд холбогдох, шинэ зүйлийг нээх, мэдэх боломжийг гаргаж өгдөг байна.

Гурав дахь төрлийн холбоос мөн бий бөгөөд энэ нь идэвхгүй, унтаа холбоос юм. Жишээлбэл, байнга холбогдохоо байсан их сургуулийн найз байж болно. Грантын тодорхойлсноор унтаа харилцаа нь сул холбоос шиг цоо шинэ мэдээлэлд нэвтрэх гарцыг нээж өгдөг, гэхдээ илүү дотно байдлаар нээж өгдөг аж. Унтаа харилцааг сэргээх нь цоо шинэ харилцаа үүсгэхтэй адил биш юм. Хүмүүс дахин холбогдох үед өмнөх мэдрэмж, итгэл нь хэвээр шахуу байдаг агаад энэ тал дээр Өгөгч нар давуу тал олж авдаг байна.

Авагчдын хувьд унтаа харилцааг сэргээх нь сорилт болдог. Хэрэв унтаа харилцааны цаад хүн нь мөн Авагч бол тэд сэжиглэнгүй хандаж, өөрийгөө өмөөрч, шинэ мэдээллийг нууцлана. Харин Өгөгчдийн хувьд өмнөх холбоосоо сэргээх нь тэс өөр зүйл юм. Өгөгч нар мэдлэгээ өгөөмөрөөр хуваалцаж, ур чадвараа зааж өгч, хариу нэхнэ гэж санаа зоволгүйгээр ажил олж өгөх зэргээр тусалж байсан учраас дахин холбогдоход нь хүмүүс баярладаг байна.

Авагчид нь бүтээлч санааг гаргаж ирэх, түүнийгээ бусдын эсэргүүцэл байсан ч хэрэгжүүлэх авьяастай байдаг. Тэд өөрсдийн бодол, итгэл үнэмшилд бат итгэдэг учраас бусдын, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээнээс ангид байж чаддаг. Гэхдээ энэ нь Авагчид бол илүү сайн санаачлагчид гэсэн үг үү? Үгүй. Инновац бол ганц хүний хийдэг зүйл биш. Агуу санаачлагч бүрийн цаана агуу баг байдаг агаад чухам энэ тал дээр Авагч, Өгөгчид ялгардаг. Грантын үзэж буйгаар бүтээлч амжилт болон агуу бүтээлийн суурийг тавьдаг бүтээлч бодит байдлыг хувь хүнд хамаатуулдаг бидний төрөлхийн чиг хандлагын ялгаа нь Авагч, Өгөгчдийг зааглаж байдаг аж. Агуу бүтээл нь бие даасан байдлаас бус харин харилцан хамаарлаас үүсдэг юм.

Бизнесийн ертөнцөд бие даасан байдлыг хүч чадлын бэлгэ тэмдэг, харин харилцан хамаарлыг сул байдлын шинж гэж үздэг. Өөрийгөө бусдаас илүү гэж үзэж, бусдаас өөрийгөө заагладаг Авагчийн хувьд ийм байдал илүүтэй харагддаг. Хэрэв бусдаас хэт хамааралтай болох юм бол бусдад ялагдах, дарагдахаар хэмжээний сул дорой болно гэж Авагчид үздэг. Харин Өгөгчид харилцан хамаарал бол сул доройн шинж гэх үзлийг эсэргүүцдэг. Өгөгчид харилцан хамаарлыг хүч чадлын эх үүсвэр, олон хүний авьяасыг илүү сайн сайхны төлөө ашиглах арга зам гэж үздэг юм.

Авагчдын хувьд өгдгөөсөө илүү ихийг авах нь тэднийг чиглүүлдэг хүсэл зориг болж хувирдаг. Тэд бусдад өгсөн тусламж, хувь нэмэр бүрээ тооцдог. Тэдний хувьд ажлын ихэнхийг нугалсан хэмээж хамтрагч нарынхаа хувь нэмрийг үл хэрэгсэх нь дэндүү амархан. Өгөгчид харин тийм биш. Тэд бусад хүмүүсийн хувь нэмрийг анзаардаг. Өгөгч нар бүлгийн эрх ашгийг өөрийн эрх ашгийн өмнө тавьснаар гол зорилго нь бүлгийн сайн сайхны төлөө гэсэн дохиог өгч байдаг. Улмаар Өгөгч нар хамтран ажиллагчдынхаа хүндлэлийг хүлээдэг. Хэрэв хүмүүс хамтдаа, бүлгээрээ өгөөмөр зан гарган хөдөлмөрлөх аваас бүлгийн гишүүдийн тархинд эерэг нөлөөлөл үүсэж эхэлдэг юм.

Авьяастныг олж харж, хөгжүүлэх нь бараг бүхий л салбарын хувьд тун чухал зүйл болсон гэдгийг Грант сануулаад хүмүүс өөрсдийгөө оддоор хүрээлүүлэхийн үнэ цэнийг хэтрүүлэн үнэлдэг болсон гэжээ. Нетворкинг блон хамтын ажиллагааны хувьд бусдын ур чадвар, боломжийг нээн илрүүлэхийн тухайд та Өгөгч үү, Авагч уу гэдэг нь хандлага, бүтээмжийн тал дээр ялгаа үүсгэдэг аж.

Авагч нар хүмүүст бага итгэдэг. Учир нь тэд бусдыг ихэнх хүмүүс шиг (өөрсөд шигээ) Авагчид гэж боддог учраас хамтрагч, удирдлагадаа ажилладаг хүмүүсийн боломж, авьяасын талаар доогуур үнэлэмжтэй явдаг. Авагч нар бусдын бодол, санаа зорилгод эргэлздэг учраас өөрт нь гай болох мэдээллийг хүмүүс ашиглах вий гэхээс эмээж тиймэрхүү мэдээллийг үргэлж эрж хайж байдаг. Иймээс бусдыг сэрдэж, үл итгэдэг. Авагч нар амжилттай хүмүүсийг аюул гэж үздэг. Өөр хүний ур чадвар эсвэл хүсэл эрмэлзэл өөрт нь бахархал төрүүлсэн ч тэрхүү хүнийг аюул гэж үзсэн хэвээр байдаг. Тийм учраас тэрхүү хүнийг дэмжих, эсвэл хөгжүүлэх хүсэл сонирхол бага байдаг юм.

Авагчид хамтран ажиллагчид, удирдлагадаа ажилладаг хүмүүсийн авьяас чадварыг олж харахдаа муу. Харин Өгөгч нар угаас хүмүүсийг эерэг линзээр харж, авьяас чадварыг нь олж нээдэг. Хүн бүрт боломж бий гэдгийг ойлгодог учраас Өгөгч нар урамшуулал, сэдэлжүүлэлтэд анхаарлаа хандуулдаг.

Бусдад анхаарлаа хандуулж эхэлсэн цагтаа л хүмүүс эго, жижиг сажиг зүйлсэд анхаарлаа хандуулахаа больж харин том зургаар харан, бусдад юу чухал вэ гэдгийг чухалчилж эхэлдэг байна. Авагчид өөрсдөд нь таатай, ашигтай үзэл бодлыг дэмжээгүй хүнийг үл тоох хандлагатай байдаг. Харин Өгөгчид гаргасан шийдвэр нь хүн хоорондын болон байгууллагын харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт илүү анхаарч, урт хугацаанд илүү сайн сонголт хийхийн тулд богино хугацааны зөвшилцөл, буултыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг аж.

Бараа, үйлчилгээг зарах, санаа бодлоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрөнгө оруулалт авахын тулд бид ятгах, сэдэлжүүлэх байдлаар бусадтай харилцах ёстой. Бид нөлөөлөх ёстой.

Грантын нотолж буйгаар Нөлөөллийн хоёр үндсэн арга байдаг нь Давамгай байдал болон Нэр хүнд аж. Давамгай байдал гэдэг нь тухайн хүн хүчирхэг, чадалтай, эрх мэдэлтэй харагдах учраас бусдад нөлөөлж чадахыг хэлж байна. Харин бусдын хүндлэл, бишрэлийг олж авсан учраас Нэр хүндтэй хүн нь бусдад нөлөөлж чаддаг байна.

Авагчид нь давамгай байдал олж авахдаа гарамгай. Тэд бусдаас илүү байхыг чармайдаг бөгөөд ингэхийн тулд нухацтай ярьж, дууны өнгөө өндөрсгөж, амжилтаа сурталчилж, бахархал болон ятгалга, тулгалт ашиглан борлуулалт хийдэг. Өөрөө ялж, бусад ялагдах нь тэдэнд чухал. Эсрэгээрээ нэр хүнд бол нэг нь ялж, нөгөө нь ялагдах нөхцөл биш. Бид бусдыг хэмжээгүй ихээр хүндэлж, бишрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэр хүнд нь илүү удаан хугацааны үнэ цэнийг агуулж байдаг. Өгөгчид бол Грантын нэрлэснээр хүч чадалгүй холбогчид юм.

Хүч чадалгүй холбогчид нь өөртөө төдий л итгэлгүй ярьж, эмзэг сул талыг нь харуулсан яриагаараа сул дорой байдлаа харуулдаг. Өгөгчид нь сул талаа харуулахдаа илүү дадсан байдаг агаад оронд нь бусдад туслахад илүү их анхаардаг. Тэд бусдыг эрх мэдлээр далайлгахыг хичээдэггүй бөгөөд Грантын өгүүлснээр хуяг хамгаалалт нь онгорхой, хонхорхойтой гэдгийг харуулахаас эмээдэггүй аж. Өөрсдийгөө сул талтай гэдгээ харуулахаас айдаггүй учир Өгөгчид нь харин ч нэр хүндтэй болдог байна.

Асуулт тавих нь Өгөгчдийн ашигладаг хүчгүй харилцааны нэг хэлбэр юм. Асууж, харилцагчдаа танин мэдсэнээр Өгөгчид нь итгэлийг бий болгож, харилцагчийнхаа эрэлт хэрэгцээний талаар мэдээлэлтэй болдог. Улмаар энэ нь аажимдаа тэднийг борлуулалт сайн хийхэд нь нөлөөлдөг юм. Төлөвлөгөө, хүсэл эрмэлзлийнх нь талаар асууснаар тухайн хүн үнэхээр тэрхүү төлөвлөгөө, хүсэл эрмэлзлийнхээ дагуу шийдвэр гаргах боломжийг өсгөж болно.

Өөрийн олж цуглуулсан баримт нотолгоонд тулгуурлан Өгөгч нар Авагчаас илүү амжилтад хүрэх боломжийг бий болгож байдаг хэмээн Грант дүгнэжээ. Эцэст нь Өгөгчийн хувь хэмжээгээ ихэсгэхийн тулд ашиглаж болох таван үйлдлийг Грант хэрхэн тодорхойлсонтой танилцая.

1. Өгөгчийн хэмжээгээ шалгах. Та Өгөгч үү, эсвэл Авагч уу? Өгөгч болон Авагчийн шинж чанарын талаар уншиж байхдаа танд аль нь илүү байгаа мэт мэдрэмж төрсөн бэ? Та энэ замаар хэр удаан явах вэ?

2. Харилцан туслалцах бүлэгтэй бол. Ингэх хамгийн зөв арга бол хамтрагчтай болох бөгөөд өмнө дурдсанчлан багийн ажиллагаа нь өгөх сэдлийг төрүүлдэг. Тиймээс хэн хэндээ тусалдаг найзтай бол.

3. Бусдыг ажлаа хийхэд нь туслах буюу илүү их өгөхөд зориулж ажлаа өөрчил. Өгөхийг өөрийн бизнесийн нэг хэсэг болго. Ментор хий, дэмж, хариу нэхэлгүй тусал.

4. Таван минутын тус хүргэ. Тусламж хэрэгтэй байгаа хүнд таван минутад багтаад тусалж чадах уу?

5. Хүчгүй харилцааг тогтмол ашигла. Давамгайлагч байр сууринаас бус хамтрагчийн өнцгөөс харилц. Та угаас бүхнийг мэдэхгүй.

Илүү их амжилтад хүрэхийн тулд өгөгч болоход туслах А.Грантын зөвлөгөөнүүдтэй та ийн танилцлаа.

0 Shares
Хариу үлдээх