Зохиолч: Чип болон Дэн Хит
Шийдэмгий
Бид яагаад илүү сайн таньж мэдэхээсээ өмнө хүмүүст дуртай бас дургүй болдог юм бэ? Яагаад гэдгийг нь мэдэхгүй хэрнээ бид танихгүй хүмүүст үл итгэдэг вэ? Бид яагаад өмнөө байгаа мэдээлэлд хэт их ач холбогдол өгөөд бусад мэдээллийг анхаарахгүй орхидог вэ? Чухам эдгээр асуултын хариултыг Чип, Дэн Хит хоёр “Decisive” номдоо олохоор шийдсэн байна. Бид эдгээр алдаа дутагдлаа хэрхэн засаж сайжрах вэ?
Шийдвэр гаргахдаа илүү шийдэмгий байхад туслах процесс хэрэгтэй гэж ах дүү Хит үзжээ. Ингээд тэрхүү процесс нь ямар болох, ажил болон амьдралдаа илүү зөв сонголт хийхэд уг процесс яаж туслахыг сонирхоё.
Хуучныг хална
Хэрхэн шийдвэр гаргадаг талаараа бодох аваас сайн болон сул талыг жагсааж бичих аргыг бид ихэнхдээ сонгох байх. Энэ процессыг хүмүүс олон жил ашиглаж буй ч энэ нь алдаа дутагдал ихтэй процесс гэж зохиолчид дүгнэсэн байна.
Дутагдал №1 Явцуу хүрээ
Хүмүүс сонголтоо хэт явцуу буюу ТИЙМ/ҮГҮЙ, ХОЖИХ/ХОЖИГДОХ, МАНАЙХ/ДАЙСНЫХ гэж хоёр туйлд хуваадаг. Яагаад шийдвэр бүр хоорондоо өрсөлдөж, сөргөлдөж байх ёстой юм бэ? Яагаад аль алийг нь сонгож болохгүй гэж? Илүү өргөн хүрээнд буюу ах дүүсийн тодорхойлсноор “тусгасан гэрлийн гадна тал”-ыг харах юм бол өөр олон сонголт гарч ирнэ. Толгойд маань давуу, сул талууд аяндаа бий болдог болохоор биднийг хуурах амархан байдаг юм. Бид дотроо эрүүл, зөв харьцуулалт хийж байна гэж боддог ч үнэндээ тархи маань бидний мэдрэмжээс зааварчилгаа авч байдаг. Энэ нь биднийг хоер дахь дутагдал руу хөтөлж байгаа юм.
Дутагдал №2 Баталгаажуулах гажуудал
Тухайн байдлын талаар маш хурдан итгэл үнэмшлийг бий болгоод дараа нь түүнийгээ батлах, нотлох мэдээллийг эрж хайдаг нь хүмүүсийн нэг том дадал юм. Бид сонголтуудаа дэнслэхээр мэдээлэл хайх явцдаа өмнө бий болсон хандлага, итгэл үнэмшил, үйлдлийг маань батлах мэдээллийг л илүүтэй сонгочих гээд байдаг. Хэрэв бид ямар нэг зүйлд үнэн гэж итгэхийг хүссэн бол зөвхөн үүнийг нотлох, батлах зүйлсийг л олж харж эхэлдэг байна.
Дутагдал №3 Богино хугацааны сэтгэл хөдлөл
Амаргүй шийдвэр гаргах болоход бидний санаа маш их зовдог. Нэг л бодол, дүгнэлтээ толгойдоо ахин дахин эргэлдүүлдэг. Нөхцөл байдлаа бодон шанална. Ийм үед бидэд хамгийн чухал зүйл бол хэтийн төлөв юм. Давуу, сул талыг дангаар нь авч үзэх нь тохиромжгүй арга бөгөөд ямар ч зүйл дангараа нэг бол сайн, эсвэл муу байж чадахгүй. Бид том зургаар харж, дөрөв дэх дутагдлаас зайлсхийх хэрэгтэй.
Дутагдал №4 Хэт итгэл
Ирээдүй хэрхэн өрнөхийг мэднэ гэж хүмүүс боддог нь ташаа юм. Бид төсөөлөлдөө хэт итгэлтэй байдаг. Хүмүүс ирээдүйн талаарх таамгийг хэлэхдээ өөрт ойр байгаа мэдээлэлд илүү анхаардаг агаад дараа нь тэрхүү мэдээлэлдээ үндэслэж шийдвэр гаргадаг. Бид уг нь бодит байдлаас багыг ч атугайг шийдвэр гаргалтдаа багтаах ёстой. Бидэнд шийдвэр гаргах сайн харьцуулалт, үнэлгээ хэрэгтэй.
Шинийг ашиглая
Эдгээр дутагдлыг даван туулж, илүү сайн шийдвэр гаргахад маань туслах ямар процессыг зохиолчид санал болгож байна вэ? Шийдвэр гаргахад юу болдог талаар дахин авч үзье:
- Бид сонголт хийх ёстой. Гэвч явцуу хүрээ нь биднийг зарим сонголтыг олж харахгүй болгодог. Тиймээс Сонголтоо Нэмэгдүүлэхийг зохиолчид санал болгожээ.
- Бид сонголтуудаа задлан шинжилдэг. Гэвч баталгаажуулах гажуудал нь зөвхөн өөрийнхөө хүсэж буй мэдээллийг цуглуулахад хүргэж байна. Тиймээс Төсөөллөө бодит байдлаар тестлэхийг зохиолчид уриалжээ.
- Бид сонголтоо хийдэг ч богино хугацааны сэтгэл хөдлөл нь буруу сонголт хийхэд хүргэдэг. Тиймээс Шийдэхээс өмнө зай барихыг ах дүүс зөвлөжээ.
- Шийдвэр гаргасан бол үр дүнг нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ирээдүйд юу болох талаар бид өөрсдөдөө хэт итгэлтэй байдаг. Тиймээс Буруутахад бэлэн байхыг ах дүүс сануулж байна.
Энэ бол тэдний санал болгож буй процесс (WRAP) юм. Эдгээртэй тус бүрчлэн дэлгэрэнгүй танилцая.
Сонголтоо нэмэгдүүл
“Яаж энийг хийх юм бэ?”, “Ажлынхан маань намайг дэмжих бол уу?” гэсэн асуултыг өөртөө тавьж байв уу? Тийм үү? Тэгвэл бид яагаад “илүү сайн арга бий юу”, “Өөр яаж хийвэл болох вэ?” гэж асуудаггүй вэ? Эдгээр асуултын хариултыг олох нь сонголтоо нэмэгдүүлэх гол арга юм.
Нэгдүгээр арга бол “тэгэх үү, үгүй юу” гэсэн шийдвэрт итгэхгүй байж сурах юм. Анхаарлаа төвлөрүүлэх нь бусад сонголтуудыг задлан шинжлэхэд сайн боловч тэдгээрийг олж харахад тус болохгүй. Ах дүүсийн санал болгож буйгаар бид нөхцөл байдалдаа зохицож, боломжит сонголтуудаас алийг нь ч сонгох боломжгүй болсон гэж төсөөлөх ёстой аж. Бид өөр юу хийвэл болох вэ? Энэ нь шинэ, илүү инновацлаг хувилбаруудыг гаргаж ирэхэд нөлөөлдөг.
Хоёр дахь арга бол хэд хэдэн сонголтыг нэг зэрэг авч үзэх юм. Шууд харьцуулалт нь сонголтуудыг шударгаар, ижил тэгш харьцуулахад тусалж, улмаар зөв мэт санагддаг. Харин олон талаас нь авч үзэхийн тулд шийдвэрт хамаарахгүй, холын мэт сонголтуудыг авч үзэх юм. Гэхдээ “бодит бус” сонголтыг илүү сайн мэт харагдуулахын тулд л оршин байдаг хуурамч сонголтуудаас зайлсхийх ёстойг мартаж болохгүй.
Төсөөллийг бодит байдал шалгана
Итгэсэн зүйлдээ л таатай хандах гажуудал, дутагдал бидэнд түгээмэл бий. Баталгаажуулах гажуудал нь төсөөллийг маань өөрчилж, тал зассан мэдээллийг л хайхад хүргэдэг. Тэгвэл баталгаажуулах гажуудлыг даван туулж, төсөөллөө бодит байдлаар шалгахын тулд юуг сурах ёстой вэ?
Эхний алхам бол анхны бодол, зөнд маань харшилдах зүйлийг авч үзэх буюу бүтээлч зөрөлдөөнийг үүсгэхэд бэлэн байх чадвар юм. Бид шийдвэр гаргахын тулд саналыг маань сөрж, зөрөх нь тодорхой хүмүүсийг хэр олон удаа зориудаар хайн олж уулзаж байсан бэ? Тийм ч олон биш болов уу? Дэнчин өндөртэй шийдвэр гаргахдаа бид ихэвчлэн эргэлздэг. Муу төлөвлөсөн ажиллагааг зогсоохын тулд Пентагон туршлагатай офицерууд бүхий “устгах зөвлөл”-ийг ашигладаг талаар ах дүү Хит номдоо өгүүлж, ийм арга ашиглахыг санал болгосон байна.
Сонголтуудаа нэг нэгээр нь авч үзэж, “энэ сонголт зөвдөхийн тулд юу зөв байх ёстой вэ” гэж өөрөөсөө асуухыг зохиолчид зөвлөжээ. Тухайн арга барилыг үр дүнд хүргэхийн тулд юу зөв байх ёстой талаар хэн нэгэн асуух юм бол бидний сэтгэлгээний хүрээ өөрчлөгдөж, нэгэнт бий болгосон итгэл үнэмшлээсээ холдож, шинэ зүйл сурах, зөв харьцуулалт хийх боломжтой болно гэж тэд үзжээ. Өөрөөр хэлбэл, муудалцахгүйгээр санал зөрөлдөх боломжийг олгоно.
Хоёр дахь хандлага бол Жижигрүүлэх болон Томруулах юм. Жижигрүүлэх тохиолдолд бид хөндлөнгийн үзэл бодлоор хандаж, ижилхэн шийдвэр гаргасан бусдын алдаа, туршлагаас суралцана. Харин Томруулах үед нөхцөл байдлыг илүү ойроос авч үзэж, шийдвэрийг маань баталгаажуулах тодорхой баримтуудыг эрэн хайдаг. Аль аль стратеги нь үр дүнтэй агаад боломжтой бол хоёуланг нь ашиглах нь зүйтэй.
Зохиолчдын өгүүлснээр жижигрүүлэх болон томруулах арга нь сонголтоо илүү бодитоор харж, тодорхойлоход туслах аж. Толгойдоо бий болгосон тун өөдрөг төсөөллийг түр хойш нь тавиад харин оронд нь анхаарлаа гадаад ертөнц рүү шилжүүлж, байдлыг холоос мөн ойроос авч үзэх ёстой.
Гурав дахь хандлага бол усанд шумбахаас өмнө хуруугаа дүрэх буюу зохиолчдын нэрлэснээр “Ёолох юм”. Ёолох гэдэг нь таамаглалаа зөв, буруу эсэхийг мэдэхийн тулд хийх жижиг туршилтууд юм. Илүү их мэдээлэл шаардлагатай болсон үед “ёолох” нь хамгийн зөв арга гэнэ. Ёолох нь итгэж болох, зөв мэдээлэл цуглуулах явцыг түргэтгэхэд чиглэдэг. Ёолох гэдэг нь шалгаж, туршиж болох зүйлийг яагаад таамаглах ёстой юм бэ, мэдэж байгаа зүйлээ яагаад таах ёстой юм бэ гэж асуухтай ижил юм.
Шийдэхээс өмнө зай барь
Заримдаа бид маш хүнд шийдвэр гаргах ёстой болдог агаад ийм үед зай барих ёстой. Ацан шалаанд, мухардмал байдалд орсон үед ирээдүйн төсөөллөө алдах нь амархан байдаг гэж зохиолчид үзжээ. Гэвч бид сэтгэл хөдлөлийнхөө боол болох ёсгүй. Зөн совингийн мэдрэмжээ алга болгож, мартах ёстой. Энэ нь тун үнэтэй зөвлөгөө бөгөөд үүнийг байнга санаж явах ёстой юм. Гэхдээ ихэнх шийдвэрийг гаргахад зөвхөн мартах нь хангалтгүй бөгөөд бидэнд стратеги хэрэг болно.
10/10/10/ аргыг хэрэглэхийг зохиолчид зөвлөжээ. Шийдвэрийнхээ талаар 10 минут, 10 сар, 10 жилийн дараа ямархуу мэдрэмжтэй байх вэ? Энэ нь бидэнд шийдвэрээ алсаас харахад туслах бөгөөд анхаарлаа одоо цагаас холдуулж, 10 сарын дараа өнөөдөр гаргасан шийдвэрээ ямар байхыг төсөөлөх, яг өнөөдрийнх шиг зөв гэж дүгнэж чадах уу хэмээн асуухад хүргэх юм. Ингэснээр богино хугацааны сэтгэл хөдлөлөө бид дарж чадна.
“Зай барих” яагаад ийм тустай юм бэ? Учир нь энэ арга нөхцөл байдлыг хүншүүлэхээс сэргийлдэг. Найзууддаа зөвлөгөө өгөх амархан. Учир нь гаргасан шийдвэр нь бидэнд шууд нөлөөлөхгүй. Харин өөрийн асуудлын талаар бодох нь илүү хэцүү бас адармаатай. “Найзуудынхаа асуудлын талаар бодохоор бид ойг хардаг, харин өөрсдийн асуудлаа бодохоор модон дунд төөрчихдөг” гэж зохиолчид үүнийг товч дүгнэжээ.
Буруутахад бэлэн бай
Сүүлчийн шат бол буруу байхад бэлэн байх явдал юм. Ирээдүй бидэнд сайн, муу аль алийг нь авчирч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сайн, муугийн талаар бодох үед бид мэдрэмжээ аль болох тэлдэг агаад энэхүү томруулсан хязгаар нь бодит байдлыг илүү сайнаар ойлгоход тусална. Ингэх нэг арга бол пре-мортем хийх юм.
Төсөл бүтэлгүйтэж болох бүхий л шалтгааныг багийн гишүүн бүр бичнэ. Бүхий л эрсдэлийг гаргаж ирсний дараа төслийн баг аль болох олон эрсдэл, аюулыг бууруулахын тулд төлөвлөгөөгөө сайжруулна. Тиймээс пре-мортем бол ирээдүйн боломжийг зураглан гаргаж ирээд болзошгүй сөрөг үр дүнгээс сэргийлэх аргуудыг олж тогтоох нэг техник юм.
Эсрэгээр, пре-парад аргыг хэрэглэж болно. Энэ нь бүрэн ялалт, амжилтыг төсөөлөх явдал юм. Шийдвэр маань асар их амжилтыг дагуулсан учир биднийг хүндэтгэн баярын жагсаал болох гэж байна. Ийм ирээдүйг төсөөлсөн бол та ийм байдлыг бий болгохын тулд юуг хийх вэ?
Энэ хоёр арга нь ирээдүйг төсөөлж, ирээдүйд бэлдэх боломжийг өгч байна. Харин үйл явдлын ийм төсөөллийг бий болгож буй ухамсрыг яах вэ? Нэг арга бол хавх тавих арга юм.
Хавх тавихын зорилго нь биднийг ухамсаргүй хэв маягаасаа сэрж, хийх боломжтой сонголтууд байгаа гэдгийг ойлгуулах юм. Зохиолч уг номдоо Van Halen хамтлагийн Дэвид Лий Ротын хавх буюу тус хамтлагийг тоглолт хийхэд тайзны арын өрөөнд таваг дүүрэн M&M чихэр байлгахыг хүссэн жишээг оруулжээ. Тэрбээр тайзны арын өрөөнд нэг ч хүрэн үрэлгүй M&M чихэр байлгахыг тоглолтын гэрээнд тусгаж өгдөг байсан аж. Хэрэв хүрэн үрэл байвал нөгөө тал гэрээг гүйцэд уншаагүй гэдгийг улмаар ийм хайнга байдлын улмаас тайз засалтын үеэр алдаа гарч, хамтлагийн гишүүдэд аюул учрах эрсдэлтэйг сануулдаг байлаа.
Хавх нь танд хэзээ үсрэхийг хэлж өгдөг. Хавх тавих нь зөв шийдвэр гаргах баталгаа болохгүй ч ядахнаа шийдвэр гаргах цаг болсныг ойлгуулах, сонгох боломжоо алдаж өнгөрүүлэхээс сэргийлэх юм.
Ингээд та ирээдүйн амжилтын ширхэг бүрт нөлөөлөх шийдвэрүүдээ хэрхэн гаргах талаар товч зөвлөгөөтэй боллоо.