Зохиолч: Ричард Кох
80/20 зарчим
80/20 зарчим буюу үүнийг анх нээсэн Италийн эдийн засагч Вилфредо Паретогийн нэрийг авсан Паретогийн зарчмыг мэдэхгүй хүн бараг үгүй. Ихэнх хүн энэ талаар мэддэг, ярьдаг боловч бизнес, амьдралынхаа чиглүүлэгч зарчим болгож ашигладаг уу?
80/20 зарчим: Бага хөдөлмөрлөж ихийг бүтээх нууц номдоо Ричард Кох хэрхэн тус зарчмыг ажил амьдралдаа хэрэгжүүлэх талаар зөвлөжээ. Хэрэв уг зарчмыг зам заагч гэрэл болгох ашиглах юм бол илүү амжилтад хүрнэ гэж тэрбээр үзсэн юм. Хэрэв хүчин чармайлт нь бага хэрнээ асар их үр дүнд хүрсэн хэд хэдэн жишээг олж харах юм бол бид ямар ч ажил гүйцэтгэсэн гэсэн тэдгээрээс суралцаж, асар үр дүнтэй ажилладаг болно.
80/20 туршилт
80/20 зарчим гэж юу вэ? Энгийнээр тайлбарлавал 80/20 зарчим нь багахан хэмжээний хүчин чармайлт нь үр дүн, гарц, ашгийн дийлэнхийг бүтээдэг гэж үздэг. Заавал 80/20 байх албагүй агаад 90/10, 75/25, 85/15 гээд тэнцвэргүй хэмжээтэй байж болно. Энэ талаар олон жилийн турш судлаагүй мартагдсан хэдий ч Жо Дураны эхлүүлсэн чанарын хувьсгалын үеэр эргэн сэргэжээ. Тэрбээр чанарын алдааг олж, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор тус зарчмыг статистик анализтай холбож өгсөн юм. Япон бараанууд олны анхаарлыг татаж эхэлснээр бид энэ зарчмын ач тусыг анзаарч эхэлсэн билээ. Түүнээс хойш уг зарчим автомашин, компьютер, өргөн хэрэглээний бараа гээд бүхий л салбарт нөлөөлсөн юм.
Тус зарчмыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь орлуулах процесс гэж Кох үзжээ. Хэрэв бид үр дүн багатай 80 хувийн үйл ажиллагааг илүү үр дүн бүхий 20 хувийн үйл ажиллагаагаар орлуулж чадах аваас бүтээмж эрс өснө. Хэрэв бид хамгийн үнэнч хэрэглэгчдийн 20 хувийг илүү сайн, анхаарал их шаардах 80 хувийн хэрэглэгчийг бага халамжлах юм бол үр дүнд нь ашгийн хэмжээгээ ихэсгэж чадна.
Тэгвэл ердөө 20 хувийн ашиг бий болгодог бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэсээр байх ямар хэрэг байна вэ? Менежерүүд эл асуултыг өөрсдөөсөө бараг асуудаггүйн шалтгаан нь эрс өөрчлөлт хийх шаардлагаас нь болдог болов уу? Өөрөөр хэлбэл, хийж байгаа зүйлийнхээ тавны дөрвийг хийхээ больно гэсэн үг.
Хаос ба эргэлтийн цэг
“Юрийн галавын цэцэрлэг” кинонд Иан Мальколмын дүрд тоглосон Жефф Голдблум Хаосын онолыг тайлбарлахыг хичээдгийг санаж байна уу? Түүн шиг тайлбарыг энэ удаад хийхгүй ч Кохын бодлоор бол Хаос болон Паретогийн зарчмын хооронд холбоос бий агаад тэр нь тэнцвэргүй байдал юм. Тус хоёр онол нь дэлхий бол шугаман бус агаад шалтгаан болон нөлөө нь тэр бүр ижилхэн байдлаар холбогддоггүй гэж үздэг. Зарим хүчин зүйл нь бусдаасаа илүү хүчтэй байдаг агаад үүний улмаас нөөцийн илүү их хувийг эзэмшихийг хичээдэг байна.
Анхдагч багавтар нөлөө нь маш ихээр нэмэгдэж, огт таамаглаагүй томоохон үр дүнг бий болгон, үүнийг нь зөвхөн болж өнгөрсөн хойно нь л тайлбарлах боломж гардаг хэмээн үздэг хаосын онолтой 80/20 зарчим нь ерөнхийдөө уялдаж байгаа юм. Кохын үзэж буйгаар дэлхийд тоо, хэмжээнээсээ давсан нөлөө үзүүлдэг цөөнгүй хүч байдаг агаад тэдгээрийг тодорхойлж, анхаарч байх хэрэгтэй гэнэ. Хэрэв тэдгээр хүч зөв бол бид тэдгээрийг үржүүлэх ёстой. Хэрэв тэдгээр хүч таалагдахгүй бол хэрхэн хүчийг нь саармагжуулах талаар бодох ёстой болно.
Мэдээллийн гогцоо хэмээх санаатай холбоотой өөр нэг зарчим бол эргэлтийн цэг юм. Малколм Гладвеллийн бичсэн бестселлер номыг бүгд уншсан байх. Кох тус санааг ашиглан цар тахал хэрхэн тархдаг жишээг өгүүлжээ. Багахан хэмжээнийн халдвар нь халдвар авсан хүний тоо болон бусдад халдвараа дамжуулах байдлаас шалтгаалж олон нийтийг хамарсан эрүүл мэндийн хямрал болж хувирдаг. Мөн шинээр халдвар авагчдын тоог 40 мянгаас 30 мянга болгож бууруулах зэрэг багахан өөрчлөлт нь ихээхэн үр дүн авчирдаг. Энэ бол Паретогийн зарчим юм.
80/20 хурдны зам дээр
80/20 анализ болон 80/20 сэтгэлгээ гэсэн хоёр ойлголтыг Кох гаргаж иржээ.
80/20 анализ
Уг анализ нь харьцуулж болох хоёр багц өгөгдлийн хамаарлыг авч үздэг. Нэг багц өгөгдөл нь ихэнхдээ хувьчилж болох олон тооны хүмүүс, эсвэл обьектын жишээ байдаг бол нөгөө багц өгөгдөл нь хэмжиж болох улмаар хувьчилж болох хүмүүс, эсвэл обьектын зарим сонирхолтой шинж чанар байдаг.
80/20 анализыг юунд ашигладаг вэ?
80/20 анализыг бодит байдал дээр харилцан хамаарлыг өөрчлөх, эсвэл илүү зөвөөр ашиглах зорилгоор хэрэглэдэг. Ингэх нэг арга бол харилцан хамаарлын гол зүйлс дээр төвлөрөх (бүтээмжийн 80 хувийг бий болгодог орцын 20 хувь) явдал юм. Түүнчлэн бүтээмжийн ердөө 20 хувийг бий болгодог сул үзүүлэлттэй 80 хувийн орцонд анхаарч болно. Гол зорилго нь сайн болон сайжруулагч, эсвэл сул болон улам сул болгогч хүчин зүйлд анхаарах явдал юм.
Кох энэ тал дээр сонирхолтой жишээ дурджээ. АНУ-ын дэлгүүрүүдэд эмэгтэйчүүд нийт худалдан авалтын доллароор илэрхийлсэн дүнд илүү их хувийг эзэлж байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд илүү их худалдан авалт хийдэг. Эрэгтэйчүүдийн худалдан авалтыг нэмэхийн тулд зөвхөн эрчүүдэд зориулсан дэлгүүр байгуулж болно.
80/20 анализыг хэрхэн ашиглах талаар Кох нэгэн зөвлөгөө өгчээ. 80/20 зарчмыг ашиглахдаа бид сонголтоо зөв хийж, хэвшмэл сэтгэлгээнээс зайлсхийх ёстой гэнэ. Тодруулбал, хүн бүрийн анхаарч байгаа хувьсагч хэмжигдэхүүнийг чухал юм байна гэж ойлгохоос сэргийлэх хэрэгтэй. Ийм шугаман сэтгэлгээнээс зайлсхий. Харин 80/20 анализын гол ид шид нь бусдын үл тоосон шугаман бус харилцан хамаарлыг шинжилж судлахаас эхэлдэг ажээ.
80/20 сэтгэлгээ
80/20 зарчмыг өдөр тутмын амьдралынхаа замч болгохыг хүсэж байгаа бол 80/20 анализаас арай бага анализ хийдэг, гэхдээ даруй ашиглах боломжтой өөр нэг зүйл буюу 80/20 сэтгэлгээг ашиглах хэрэгтэй гэж Кох үзжээ.
80/20 сэтгэлгээ нь биднээс яг одоо болж буй хэдхэн чухал зүйлийг анхаарч, чухал бус олонхыг үл анзаарахыг шаарддаг. Ой модон дундаас цор ганц чухал модыг олж харахад эл сэтгэлгээ тусална. 80/20 сэтгэлгээг ашиглахын тулд бид байнга 20 хувийг эрж хайх ёстой юм. Бид цөөн хэдэн чухал орц, эсвэл шалтгааныг тодорхойлохын тулд бүтээлч сэтгэлгээгээ ашиглах ёстой. Тиймээс 80/20 сэтгэлгээ бол 80/20 анализын хоёрдугаар шат юм.
80/20 шалтгааныг тодорхойлсон бол тэрхүү зүйл нь таны зорилгод тус болох үгүйг шийдвэрлэх ёстой. Намайг улам сайжрахад туслах уу? Хэрэв тийм бол нөлөөг нь яаж нэмэгдүүлэх вэ? Нөгөөтээгүүр, хэрэв тус болохгүй бол тэрхүү шалтгааны үр нөлөөг хэрхэн бууруулах вэ гэдгийг тодорхойлох ёстой. Кохын зөвлөж буйгаар үүний тулд бид төвлөрөх ёстой гэнэ. Бүх зүйлд сайн байх бус харин цөөн хэдэн зүйлд л онцгой сайн байх ёстой юм. Илүү их ач тус өгөх цөөн хэдэн зүйлд л анхаарах ёстой.
80/20 101
80/20 зарчмыг бизнестээ ашиглах хэдэн санааг Кох өгч байна.
1. Жижгээр сэтгэ
Хэтэрхий томоор бүү төлөвлө. Хөрөнгө оруулалтын өгөөж ихэнхдээ 80/20 зарчмыг дагадаг: Нийт ашгийн 80 хувь нь хөрөнгө оруулалтын 20 хувиас бий болдог. Программ хангамж дээр ч энэ зарчим үйлчилдэг агаад бид тухайн бүтээгдэхүүний нөөц боломжийн 20 хувийг л ашигладаг байна. Энэ нь бидний ихэнх хүсэхгүй, эсвэл хэрэггүй зүйлдээ мөнгө төлдгийг харуулж байгаа юм.
2. Сегмент болон төвлөрөл
Аль ч салбарт зарим ханган нийлүүлэгч нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бусдаасаа илүү хангаж чаддаг. Улмаар зах зээлийн 80 хувийг 20 хувийн буюу тун цөөн ханган нийлүүлэгч эзлэх агаад тэр хэрээр ашигтай ажиллана. Иймд зах зээлд хувь эзэмшихийн тулд зах зээлээ сегментүүдэд хувааж, аль сегментүүд нь 20 хувьд байгааг тодорхойлох ёстой. Хэрэв танайх хэт олон сегментэд ажиллаж байгаа бол тэдгээрийн заримаас буюу 80 хувиасаа гарах хэрэгтэй, эсвэл үйл ажиллагааны ашигтаа анализ хийж 80/20 зарчмыг ашиглаж болох цөөн хэдэн сегментэд анхаарах ёстой.
3. Амжилтад хүрэх
Хүчин чармайлтаас давсан үр дүн, ашиг өгч байгаа “газрыг” олж чадвал бооцоогоо өсгөж, амжилтад хүрэх боломжтой. Үүний адилаар хөрөнгө оруулсан хэмжээнээс бага үр дүн, ашгийг олж байгаа “газрыг” олж алдагдлаа бууруулж болно. Үүнээс авч үзвэл тэрхүү “газар” нь юу ч байж болно. Бүтээгдэхүүн, зах зээл, хэрэглэгч, бүлэг хэрэглэгч, технологи, түгээлтийн суваг, алба эсвэл хэлтэс, улс, нэг төрлийн гүйлгээ, ажилтан, бүлэг ажилтан эсвэл баг байж магадгүй.
80/20 стратеги
80/20 зарчмыг стратегиа өөрчлөхөд ашиглах хэрэгтэй гэж Кох үзжээ. Танай компанийн алсын хараа тодорхой бус, хэт олон хүнд зориулж хэт их зүйл хийж байж болзошгүй. Тиймээс бизнесийн аль хэсэг ашигтай, алиных нь ашиг, алдагдал тэнцүү, аль нь ашиггүй байгааг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд бүтээгдэхүүн, бүлэг бүтээгдэхүүн, хэрэглэгч, хэрэглэгчийн бүлэг зэрэгтээ 80/20 ашгийн анализ хийх хэрэгтэй юм.
Кох тус номдоо хэд хэдэн сонирхолтой ажиглалтыг дурдсан агаад дараах асуултыг асуужээ:
- Ямар ч салбарын 80 хувийн ашгийг тухайн салбарын 20 хувийг эзэмшдэг компаниуд хүртдэг. Хэрэв тэдний нэг нь танай компани биш бол тэд юуг танайхаас өөрөөр хийж байна вэ?
- Ямар ч бараа эсвэл үйлчилгээний 80 хувийн ашгийг зардлын 20 хувиар бий болгох боломжтой. Олон худалдан авагч энгийн, хямд бүтээгдэхүүн худалдаж авдаг. Танай салбарт тийм бүтээгдэхүүн нийлүүлэгч байна уу?
- Ямар ч салбарын ашгийн 80 хувийг худалдан авагчдын 20 хувь бүрдүүлдэг. Танай хувьд энэ хэмжээ алдагдсан байна уу? Хэрэв тийм бол юу хийх ёстой вэ?
Дээр дурдсан 80/20 анализыг хийсний дараа л 80/20 зарчим дээр тулгуурласан 80/20 стратегийг хэрэгжүүлэх ёстой гэж Кох зөвлөж байна.
80/20 хэмжээ
Кохын таамаглал: Энгийн нь сайхан боловч бизнесийн хүмүүс адармаатай, цогц зүйлд дуртай. Энгийн бизнес амжилтад хүрмэгц менежерүүд нь улам өргөжүүлэхийн тулд маш их хүчин чармайлт зарцуулж эхэлдэг. Энэ нь эргээд тэдний бизнесийг улам адармаатай болгодог юм. Гэвч ийн нэмлээ гээд өмнөхөөс ялгарах зүйл бараг гарахгүй.
Харин бизнес энгийн бол хэрэглэгчдээ улам ойр байх магадлал их. Менежментийн зардал, хэмжээ багасч, хэрэглэгчээ илүү сайн сонсоно, ингэснээр тэд улам үнэнч хэрэглэгч болж, тэр хэрээр танай бизнест илүү их мөнгө төлөхөд бэлэн болно.
Тэгвэл 80/20 түвшинд хэрхэн хүрэх вэ? Кох дараах зөвлөгөөг өгчээ: Ашиг бага өгдөг хэрэглэгч, бүтээгдэхүүнийг хасаж, харилцагчийн үйлчилгээ, борлуулалтын ихэнх арга хэмжээг бууруул, үнээ нэмж, борлуулалтаа 5-20 хувиар багасга. Ингэвэл бизнес чинь эргээд энгийн, илүү ашигтай болно. Яагаад гэж та асууж магадгүй. Учир нь хэцүү хэрэглэгч нь илүү их зүйл шаарддаг юм.
Цөөхөн зөв хэрэглэгчдээ төвлөр. Амжилттай маркетинг бол танай бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн идэвхтэй хэрэглэдэг харьцангуй цөөн тооны хэрэглэгчдээ төвлөрөхийг хэлдэг юм. Хэрэглэгчдийнхээ 20 хувьд төвлөрөх нь 100 хувьд төвлөрөхөөс хамаагүй хялбар. Бүх хэрэглэгчдээ төвлөрч ажиллах нь боломжгүй учраас цаг, эрч хүч, нөөцөө танай бизнест эергээр нөлөөлөх хүмүүст л зориулж яагаад болохгүй гэж?
Цөм хэрэглэгч нараа авч үлдэх дөрвөн алхмыг Кох санал болгожээ.
- Алхам 1: 20 хувиа тодорхойл
- Алхам 2: Маш сайн үйлчилгээ үзүүл
- Алхам 3: Зөвхөн тэдэнд зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарга
- Алхам 4: Тэдэнд үүрд үйлчлэхэд бэлэн бай
80/20 шийдвэр гаргалт
80/20 зарчмыг ашиглаж чухал шийдвэр гаргах боломжтой гэж Кох өгүүлсэн.
Дүрэм 1: Бүх шийдвэр чухал байх боломжгүй. 80/20 зарчмыг ашиглавал чухал бус шийдвэр гаргахдаа зовох шаардлагагүй болж, хамгийн гол нь зардал ихтэй, цаг барсан төрөл бүрийн анализ хийх шаардлагагүй болно. Хэрэв чухал шийдвэр бөгөөд амжилтад хүрэх 51 хувийн боломжтой бол хэрэгжүүл.
Дүрэм 2: Ихэнх чухал шийдвэрийг дефолтоор гаргах нь элбэг. Ийм тохиолдолд хэчнээн их өгөгдөл, анализ байсан ч танд асуудлыг, эсвэл боломжийг олж харахад туслахгүй. Танд харин юу хэрэгтэй вэ гэвэл буруу асуултад зөв хариулт олох бус харин зөв асуулт асуух зөн болоод мэдрэмж юм.
Дүрэм 3: Чухал шийдвэрийн тухайд гэвэл хугацааны эхний 20 хувьд нь өгөгдлийн 80 хувийг цуглуулж, анализын 80 хувийг хийж гүйцэтгээд 100 хувийн итгэлтэйгээр шийдвэрээ гарга. Та алдаатай шийдвэр бараг л гаргахгүй.
Дүрэм 4: Хэрэв шийдвэр буруутвал оройтохоос нь өмнө бодлоо өөрчил.
Дүрэм 5: Хэрэв болж бүтэж байгаа бол хүчин чармайлтаа хоёр, дөрөв дахин нэмэгдүүл. Яагаад болоод байгааг нь мэдэхгүй байж болох ч нөхцөл байдал таатай байгаа цагт амжаад аль болох ихийг бүтээ.
Дүгнэлт
Уг хураангуй нь номын үнэ цэнийн 20 хувийг хамарч буй ч хэрэв та уг номыг уншихад чөлөөт цагийнхаа 20 хувийг зарцуулах юм бол хүртэж болох дахин 80 хувийн үнэ цэг байгааг сануулъя.