Зохиолч: Кейт Феррацци
Хэзээ ч бүү ганцаараа хоолло
Уг номд хүн бүрийн зайлшгүй хөгжүүлэх ёстой нетворкингийн урлагийн тухай олон зөвлөгөө багтжээ. Ингээд Кейт Феррацци, Таль Разын хамтран бичсэн энэ номтой танилцаж, хэзээ ч ганцаараа хооллохгүй байх нууцыг тайлцгаая.
Зөв сэтгэлгээ
Нэг нууц бий. Тэр бол ямар ч салбарт (ялангуяа бизнест) амжилтад хүрэхийн тулд хүмүүсийн эсрэг бус хүмүүстэй хамтран ажиллах юм. Бизнес бол хүний үйл хэрэг, хүн хэрэгжүүлдэг, хүн шийддэг асуудал юм. Бизнес хийхийн тулд хүмүүс бие биедээ хэрэгтэй байдаг, хэн хэнээсээ тусламж эрж хайдаг нь үнэн билээ.
Хүмүүс нетворкинг арга хэмжээнд олонтоо очдог. Ажлын дараах иймэрхүү уулзалт нь ихэнхдээ албан тушаал дээгүүр, нэрийн хуудас тараагчдын бусдыгаа дээрээс харж ихэрхэх боломж болоод дуусдаг. Харин Ферраццигийн үзэж буйгаар жинхэнэ нетворкинг арга хэмжээ нь хүмүүсийг улам амжилттай болох аргыг олоход чиглэх ёстой гэнэ. Авч буйгаасаа ихийг өгнө гэсэн үг юм.
Жинхэнэ нетворкинг нь бизнест ч ашгаа өгнө. Харилцаа тогтоох нь бидний ажилладаг компанид сайн нөлөөтэй юм. Учир нь компанитай хамт бид бүгд хамтдаа өсөж хөгжих бөгөөд бидний компанидаа өгч буй үнэ цэн нь бусад хүмүүсийг байгууллагатайгаа холбох явдал билээ.
Амжилтад хүрэх нууцыг ганц үгээр илэрхийлбэл өгөөмөр зан гэж болно. Ферраццигийн бичсэнээс эш татвал “Бид өгөөмөр занг хүлээн зөвшөөрөхдөө бэлэн байх хэрэгтэй”. Үүний тулд бид бусдаас өгөөмөр занг нь хүсэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид бусдад туслахад бэлэн байдаг шигээ бусдаас тусламж гуйхад бэлэн байх ёстой гэсэн үг.
Нийтлэг хэрэгцээ байгаа гэдгийг мэдсэний үндсэн дээр нетворк ажиллаж эхэлдэг. Тохирох хүмүүстэйгээ хувийн харилцаа тогтоохын тулд цаг хугацаа, эрч хүчээ зарцуулах нь үр ашгаа өгнө гэсэн ташаа ойлголт байдаг. Гэвч үнэндээ хэн хэн нь ялдаг буюу хоёр талдаа ашигтай байх ёстой юм. Үгүй бол энэ нь нэг талын харилцаа болж, нэг нь ялж, нөгөөх нь ялагдана. Тиймээс эхэлж алхам хийж, эхлээд тусламж гуй.
Ажилладаг компаниасаа өгөөмөр, үнэнч занг олж мэдэхээс гадна хувийн харилцаандаа ч мөн бий болгох хэрэгтэй. Хамтрагч, багийн андууд, найз нөхөд, хэрэглэгч нартаа үнэнч бөгөөд өгөөмөр хандах нь илүү хувийн шинжтэй дотно харилцаа болох юм.
Хэцүү цаг тохиоход туршлага, шаргуу хөдөлмөр, авьяасын аль нь ч биднийг аврахгүй. Бидэнд ажил, мөнгө, зөвлөгөө, тусламж, найдвар, эсвэл борлуулалт хийх арга зам шаардлагатай үед тэдгээрийг олох боломжтой ганцхан бат найдвартай газар бий нь бидний найз нөхөд, хамтрагчдын хүрээлэл юм.
Тусламж хүсэхээсээ өмнө юу хүсэж байгаагаа эхлээд мэдэх ёстой. Юу хийх ёстойгоо маш сайн тодорхойлж чадах юм бол түүнийг гүйцэтгэх стратеги боловсруулах нь тэр хэрээр хялбар болох бөгөөд тэрхүү стратегийн нэг хэсэг нь бидэнд тусалж чадах хүмүүстэй харилцаа тогтооход оршдог. Юу хүсэж буйгаа яв цав тодорхойлоход туслах гурван алхамт процессийг танилцуулъя.
Эхний алхам: Хүсэл сонирхлоо олох
Ихэнх хүмүүст үнэхээр хүсэж тэмүүлсэн зүйл байдаггүй агаад тэд юу хийхийг хүсэж буйгаа олж мэдэхэд цаг гаргалгүй харин би үүнийг л хийх ёстой гээд урдах ажлаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч амьдралаас юу хүсэж байна вэ гэдгээ ойлгосон ухамсар бидний сэтгэлийн гүнд оршиж байдаг. Түүн рүүгээ өнгийхөд л болно.
Ямар ч хязгаарлалт, эргэлзээ, айдас, юу хийх ёстой талаарх хүлээлт үгүйгээр дотогшоогоо хар. Цаг хугацаа, мөнгө хөрөнгө, үүрэг хариуцлагыг хажуу тийш нь тавиад хараарай.
Бид бас гадагшаагаа харах ёстой. Сайн мэдэх хүнээсээ өөрийнхөө давуу тал болон сул талын талаар лавлаж асуугаарай.
Хоёрдугаар алхам: Зорилгоо цаасан дээр буулга
Гурван хэсгээс бүрдсэн Харилцааны мөрийн хөтөлбөрийг гаргах ёстой гэж Феррацци зөвлөжээ. Эхний хэсэг нь таныг мөрөөдөлдөө хүрэхэд туслах зорилгуудыг тодорхойлно. Хоёрдугаар хэсэг нь тэдгээр зорилгыг танд туслах хүмүүс, газар, зүйлтэй холбож өгнө. Гуравдугаар хэсэг нь таныг зорилгодоо хүрэхэд туслах хүмүүстэй холбогдох хамгийн зөв аргыг тодорхойлно.
Гуравдугаар алхам: хувийн “зөвлөх”-тэй бол
Хамгийн сайн бодож төлөвлөсөн зүйлд ч гадны тусламж шаардлагатай байдаг. Таныг хариуцлагатай байлгаж чадах дэмжигч төдийгүй хурц нүдтэй зөвлөх болж чадах 2-3 ментортой байх нь их тус болно.
Хэрэг болохоос нь өмнө үүсгэ
Хамгийн том хүрээлэл, хамгийн олон ментор, найзтай хүмүүс өөрт нь ямар нэг зүйл хэрэг болохоос өмнө бусадтай харилцаа тогтоох ёстойг мэддэг гэж Феррацци онцолжээ. Хамгийн гол нь тухайн харьцаж буй хүнээ боломжит хэрэглэгч бус найз гэж үзэх хэрэгтэй. Сайн харилцаа тогтоох динамик нь урт хугацааны үйл хэрэг бөгөөд бага багаар хөгжүүлэх нь зүйтэй.
Бидний танихгүй хүнийг таньдаг танилууд эргэн тойронд маань олон байдаг агаад энэ бол харилцаа бий болгох алтан боломж гэж Феррацци үзсэн. Тиймээс харилцаа холбоо үүсгэх эхний алхам бол найз, гэр бүл гээд ойр дотнын хүмүүсээс эхлэх явдал аж. Таны хувьд шидэт харилцаа үүсгэж чадах хэн нэгнийг тэд таньдаг байх бүрэн боломжтой. Харилцаа үүсгэхээс айдаг хүмүүсийн хувьд нөгөө хүний зүгээс ирэх хамгийн муу хариулт бол “үгүй” гэсэн болохыг ойлгох ёстой. Бид ийм айдас, сул талаа таягдан хаях эр зоригтой байх хэрэгтэй юм. Ийм айдсыг даван туулахын тулд дагаж дуурайх хүнтэй болж, тэдний гаргаж буй үйлдэл, зан авирыг ажигла. Ийн ажиглангаа тэдний арга техникээс өөрт тохирохыг дуурайж сурч ав. Аажимдаа та бусадтай харилцаа тогтоох зоригийг олж авна.
Танд байх ёстой гол ур чадварууд
- Гэрийн даалгавар
Боломж, тохиолдолд юуг ч бүү даатга. Хэнтэй уулзах, яаж уулзах, уулзалтын зорилго юу вэ гэдгийг урьдчилан тодорхойл. Уулзах хүнээ хэн болохыг, юу хийдгийг нь судал. Хобби, сорилт, зорилго гээд тэдний хувьд чухал байж болох зүйлсийг олж мэд. Ийм мэдээллээр урьдчилаад зэвсэглэж чадвал та тэдний ертөнцийг мэдэж, ихээхэн мэдээлэлтэйгээр ярилцаж болох юм. Өөрийг нь ойлгодог хүнтэй ярьж буйгаа мэдвэл тэд баярлах төдийгүй үүний үр дүнд уулзалт ихээхэн үр дүнтэй болж мэднэ.
2. Нэрийг нь цээжил
Мэдээллийг зөв хадгалж, удирдах нь харилцааг улам хөгжин дэвжихэд нэн чухал. Мэддэг, мэдэхийг хүсдэг хүнээ ажиглаж, гэрийн даалгавраа хийх нь бусадтай ойрын харилцаа тогтоож, ихээхэн мэдээлэл олж авах боломжийг нээж өгнө. Тиймээс танилцахыг хүсэж буй хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулах, ажиглах үр дүнтэй системийг үүсгэ.
3. Утсаар зөв дуудлага хийх
Утсаар хэрэглэгчтэй дуудлага хийхдээ ашиглах дөрвөн зөвлөгөөг Феррацци өгч байна.
1) Танил хүн, эсвэл байгууллагаас нь утасны дугаарыг нь авсан гэдгээ хэлж нөгөө хүндээ итгэл үнэмшлийг бий болго
2) Үнэ цэнээ тодорхой дурд
3) Тухайн хүнтэй өөрийнх нь хүсэж буй нөхцөлөөр уулзахын тулд хэдийд ч юу ч хийхэд бэлэн байх хэрэгтэй
4) Наад зах нь дахин дуудлага хийх боломж олгох зөвшилцөлд бэлэн бай
4. Хаалгачтай ухаалаг харилцах
Хаалга хэрхэн онгойлгох вэ? Эхлээд хаалгачтай дайсан бус анд нөхөр бол. Хэзээ ч хаалгачийн дургүйг хүргэж болохгүй. Хүндэтгэлтэй ханд. Хэрэв тэгж чадвал хамгийн хүчирхэг шийдвэр гаргагчтай уулзах хаалга таны өмнө нээгдэнэ. Тус болсонд нь таларх. Утсаар, цэцгээр, талархлын үг дамжуулах зэргээр баярласнаа илэрхийлээрэй.
5. Хэзээ ч ганцаараа бүү хоолло
Бусдад харагдахгүй байх нь алдаа гаргахаас ч муу зүйл гэж Феррацци үзжээ. Өөрөөр хэлбэл, бид бусад хүнтэй өглөөний хоол, өдрийн хоолны үеэр ч харилцаж, танилцаж байх ёстой юм. Нийгмийн болон үйл ажиллагааны хуанлигаа дүүрэн байлгахыг тэрбээр зөвлөдөг. Бусдад харагдаж, идэвхтэй байж, найз нөхөд, танилын сүлжээгээ нэмэхийн тулд ихээхэн хичээх нь зүйтэй.
6. Хүсэл тэмүүллээ хуваалц
Хүмүүстэй уулзахын тухайд гэвэл хэнтэй гэдгээс гадна хэрхэн, хаана уулзах нь чухал юм. Ижил сонирхолтой байх нь ямарваа харилцааг үүсгэх хамгийн гол суурь гэж Феррацци үзжээ. Хэр тогтмол уулзах нь бус хамтдаа юу хийдэг байх нь илүү ач холбогдолтой аж. Ямар нэг зүйлд ухаангүй дуртай бол тэр нь халдварлах чадалтай байдаг аж. Хүсэл тэмүүлэл маань бусад хүмүүсийг бидэн рүү татдаг байна. Харин зарим нь үл тооно. Тиймээс хүсэл тэмүүллээ хуваалцах нь бизнесийн ертөнцөд тун чухал юм.
7. Дахин оролд эсвэл бүтэлгүйт
Танилцахыг хүссэн хүнтэйгээ уулзсан бол мартагдахгүйн тулд маш их хичээх хэрэгтэй. Ихэнх хүн дахин харилцаа тогтоохыг бараг хичээдэггүй, хичээсэн ч үр дүнтэй арга хэрэглэж чаддаггүй. Шинэ танил чинь таны нэрийг мартаасай гэж хүсэхгүй л байгаа бол уулзсан цагаасаа эхлэн хичээх ёстой. Таны нэрийг цээжлэх нь тэднээс бус танаас шалтгаалах зүйл гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл8 тэдэнд эргэж тантай холбогдох хүслийг төрүүлнэ гэсэн үг юм.
8. Холбогчидтой холбоо тогтоо
Хүн болгоныг шахуу таньдаг, хүн болгон л таньдаг гэмээр ядахнаа нэг хүн бидний дунд бий. Тийм хүмүүс бол амжилттай нетворкинг үүсгэх тулгын чулуу болох ёстой гэж Феррацци өгүүлжээ. Тэд бол их олон харилцааны хааб бөгөөд таны хувьд найз нөхдийн хүрээг тэлж, эл хүрээллийн үр шимийг хүртэх хамгийн үр дүнтэй арга бол өөр хүний хүрээлэлтэй холбоо тогтоох явдал юм.
9. Товч ярианы ид шид
Огт танихгүй хүмүүс цугласан өрөөнд ороод юу ч ярьж чадахгүй байх вий гэхээс бид айдаг. Тийм учраас товч яриа маш чухал юм. Харилцан ярилцана гэдэг бол суралцаж болдог ур чадвар. Хэрэв танд чин хүсэл, зөв мэдээлэл байх юм бол бусад ур чадварын адилааар харилцан яриаг төгс хийхэд суралцаж болно. Ингэхэд туслах арга бол: харилцан яриаг эхлүүл, үргэлжлүүл, нөхөрлөл үүсгэ, нөгөө хүндээ “энэ хүн надад таалагдаж байна” гэсэн бодол үлдээ.
10. Содон бай
Уулзсан хүндээ сэтгэгдэл төрүүлэхийн тухайд ялгарал тун онцгой үүрэг гүйцэтгэдэг. Буруу, хиймэл сэтгэгдэл төрүүлэхээс сэргийл. Сул талаа харуулах нь өдгөө бизнесийн ертөнцөд хамгийн дутуу үнэлэгдсэн үнэт зүйл болоод байгаа гэж Феррацци онцолжээ. Сэтгэл татам байна гэдэг нь өөрөөрөө байхыг л хэлж байгаа юм. Таны онцгой, содон чанар бол таны хүч чадал юм шүү.