Зохиолч: Билл Тэйлор
Чухам гайхамшигтай
Уильям Тэйлорын нотолж буйгаар хамгийн амжилттай байгууллага нь хамгийн шилдэг саналыг тавьдаг компани байхаа больсон ажээ. Харин хамгийн оригинал санааг гаргаж, бусад байгууллагын чадахгүй эсвэл хийхгүй зүйлийг хийдэг байгууллага хамгийн амжилттай гэнэ. Ингээд энгийнээс гайхамшигтай байгууллага болох аргатай танилцъя.
Бүлэг 1: Шилдэг бус цор ганц байхыг хичээ
Танай үйлдэл бүр брэндийг чинь нэг бол сүйтгэж эсвэл сайжруулж байдаг. Нарийн деталиудад анхаарлаа хандуулж, хэрэглэгч нарын хувьд брэндээ цорын ганц сонголт нь болго. Амжилт бол үнэ, гүйцэтгэл эсвэл онцлог бус харин хүсэл, сэтгэл хөдлөл, ялгарал юм. Хамгийн амжилттай байгууллагууд хамгийн сайхан дурсамжийг бүтээдэг, хамгийн үнэнч хэрэглэгчтэй байдаг.
Бусдаас тодрон ялгарч, дахин давтагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг компаниуд л хөгжиж дэвждэг. Брэндийн стратегич Адам Морган үүнийг “гэрэлт цамхагийн ялгарал” гэж нэрлэжээ. Брэндүүд бусдаас ялгарсан хүчтэй өнгө төрх, хүчирхэг тод байдал, хадан дээр байгаа мэт бат суурьтай болж чадвал зах зээлд онцгойрдог. “Гэрэлт цамхагийн ялгарал”-тай компаниуд хийж, бүтээж буй бүхэн дээрээ хүчирхэг тод гэрэл тусгаж байдаг юм.
Эндээс зайлшгүй өрсөлдөөн үүсэн гардаг. Ухаалаг компаниуд хэрэв зориглож чадах юм бол цоо шинэ зүйл бүтээдэг ч илүү том, баян, буйр суурьтай компани түүнийг нь дуурайж хийгээд илүү гарчихдаг. Гэхдээ хүчирхэг, том байр суурьтай компаниуд нь салбарынхаа шинийг бүтээгчдээс суралцах хүсэлгүй байдгийг мэдвэл та гайхах биз ээ.
Өрсөлдөгчдийнхөө хийхгүй байгаа зүйлийг хараад та гайхаж магадгүй. Дуурайхаас санаа зовоод, эргэлзээд байвал бусдаас онцгойрч, цоо шинийг бүтээх боломжгүй болно.
Ямар нэг содон зүйл бүтээхийг хүсдэг компани, брэндүүдийн хувьд юунд итгэдэг нь юуг борлуулахаас дутахгүй чухал байдаг. Манлайлал бол тогтсон хэв маягийг сорьсон тун чухал итгэл үнэмшлийг хөгжүүлэх, байгууллагаа барианы шугамд хамгийн эхэнд оруулах чадамж юм.
Агуу лидерүүд нь удирдаж хянах бус харин урам зориг өгөгчид байдаг. Амжилтад хүрсэн энтрепренерүүд нь сайн стратегич бөгөөд санхүүгийн амжилтаас гадна утга учир, ач холбогдлын төлөө тэмүүлэгсэд байх нь олонтоо.
Тийм компани, эсвэл хувь хүний хувьд хамгийн шилдэг байх нь зорилго биш болж харин цорын ганц зүйлийг хийж чаддаг байх нь чухал болдог. Ажил, компани, лидерийн хэв маягтаа чин сэтгэлээсээ ханд.
Теннессигийн Кингспортод Pal’s Sudden Service нэртэй түргэн хоолны ресторан бий. Машинтайгаа захиалга өгөөд аваад явахад 18 секунд зарцуулдаг бөгөөд захиалгаа хүлээж авах хугацаа нь 12 секунд байдаг. Энэ нь АНУ-ын түргэн үйлчилгээний бусад ресторанаас дөрөв дахин хурдан үзүүлэлт юм. Тэд мөн 3600 захиалга тутамд нэг алдаа гаргадаг нь улсын дунджаас 10 дахин сайн үзүүлэлт билээ. Энэ нь тэдэнд гуйвшгүй үнэнч хэрэглэгчдийг бий болгож өгсөн байна.
Сайн лидерүүд нь хүсэл тэмүүлэл, үйл хөдлөл, зан араншингийн хувьд ажилтнууд шигээ байх ёстойг ойлгодог. Хэрэв лидер нь өөрөөр бодвол ажилтнууд ч өөр үйлдэл хийж эхэлдэг.
Ялгаатай байх нь танай компанийг эсвэл брэндийг өрсөлдөөнд онцгойруулж өгдөг. Өдгөө шилдэг нь байх хангалтгүй болсон бөгөөд харин хэрэглэгч нарын хувьд цорын ганц сонголт байх шаардлагатай болжээ.
Бүлэг 2: Төсөөллөө хязгаарлах боломжийг хэнд ч бүү олго
Туршлага хэрэгтэй боловч заримдаа инновац хийхэд саад болох нь бий. Дэлхий ертөнц нүдний маань өмнө өөрчлөгдөж байгаа энэ үед тэрхүү өөрчлөлтийг хийдэг манлайлагчид нь салбарынхаа логикийг сөрдөг хүмүүс юм.
Үүний нэг тод жишээ бол орон гэргүй байдлыг устгах зорилготой Community Solutions байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Розанн Хаггерти билээ. 1990-2011 оны хооронд тэрбээр Нью-йорк хотын орон гэргүй хүмүүст зориулж 3000 нэгж барилгыг шинээр барьж эсвэл тохижуулсан юм. Гэвч өөрийнх нь барьсан орон сууц орон гэр хамгийн хэрэгтэй хүмүүст тэр бүр тус болж чадахгүй байгаад түүний урам нь хугарч эхэлжээ.
Тиймээс тэрбээр хүн амд голчлон хандах цоо шинэ стратегийг боловсруулав. Улмаар Таймс сквэрт байдаг орон гэргүй хүмүүсийн тоог гурван жилд гуравны хоёроор бууруулах том зорилт тавиад түүндээ хүрсэн аж. Түүний зорилго бүтэшгүй мэт санагдаж байсан ч багийнхаа сэтгэх аргыг эрс өөрчилж чадсан байна.
Нэг л зүйлийг улам их хийх нь тааруу санаа мөн. Бизнесээ өөрөөр хий, хайрцагнаасаа гарч сэтгэ.
Салбартаа хамгийн их туршлага, мэдлэгтэй хүн, эсвэл байгууллага нь цоо шинэ боломжийг олж харж, шүүрэн авдаг хамгийн сүүлчийн хэсэг болдог. Ихэнхдээ мэддэг зүйлс маань бидний төсөөллийг хязгаарлаж байдаг юм.
Интел компанийн инновацын стратегич асан Синтиа Бартон Рэйб үүнийг “туршлагын парадокс” гэж нэрлэжээ. Ямар нэг зүйлийг илүү их мэдэх тусам шинэ зүйлд бодол санаагаа нээж өгч, хүлээж авах улам хэцүү болдог нь урам хугармаар юм. Өмнөх үр дүнгүүд нь ирээдүйг төсөөлөх бидний боломжийг ийн бууруулдаг ажээ.
Чадварлаг буюу төгс, ухаалаг, бизнес сэтгэхүйтэй, хариуцлагатай байх нь чухал. Мөн сонор сэргэг буюу сорилтод дуртай, гайхашруулагч, цуцашгүй, төсөөлөх чадвартай байх нь ч чухал.
“Хос алсын хараа” бол эргэлзэж, гайхаж, дүгнэлтээ цэгцэлж байсан ч гэсэн өөртөө итгэлтэй байх чадварыг хэлдэг. Бүтээлч хүмүүст сахилгагүй зан болон сахилга батын аль аль нь байдаг юм. Ийм хос чадвар нь амжилтанд хүрэхэд тун чухал. Мэддэг зүйл чинь төсөөлж чадах зүйлийг хязгаарлахгүй л бол та өөрчлөлт хийж чадна.
Стэнфордын их сургуулийн профессор, Ерөнхийөгч Линдон Жонсоны үед Эрүүл мэнд, Боловрол, нийгмийн халамжийн сайд байсан Жон Гарднер нэг удаа манлайллын тухай илтгэл тавьсан. Тэрбээр хэлэхдээ манлайлагч байх хамгийн зөв зам бол тухайн зүйлийг сонирхох явдал гэжээ. “Хүн бүр л өөрийгөө сонирхолтой байлгахыг хүсдэг. Гэхдээ хамгийн чухал нь бусдыг сонирхох юм. Сониуч бай. Шинэ зүйлийг олж мэд” гэж тэрбээр хэлсэн юм.
Бүлэг 3: Ухаалгаас гадна сайхан сэтгэлтэй байх нь чухал
Олон жилийн турш маш сайн гүйцэтгэлтэй ажилладаг байгууллагууд нь бусдаас арай өөрөөр сэтгэдгээс гадна бусдаас илүү халамжтай байдаг гэж болно. Агуу санаа, түйвээгч технологийн энэ эринд жирийн нэг харилцаа, халамж нь юу юунаас илүү чухал болов.
Өдгөө ихэнх бизнес нь агуу санаа, инновац, өөрчлөлтийн стратегид шунан дурлаж байна. Гэвч заримдаа амжилтын нууц нь тун энгийн байдаг: бүтээлч байдал, бүтээмжийн төлөө бусдыг ойлгох сэтгэл, өгөөмөр зангаа хэзээ ч золиосолж болохгүй.
Хэдэн жилийн өмнө нэгэн залуу хүнд өвдсөн эмээгээ эмнэлэгт эргэж очих болжээ. Эмээ нь дахин нэг удаа эмчилгээ хийлгэх гэж байсан агаад хясааны шөл уухыг тэсгэлгүй хүсэж байсан аж. Panera Bread компани зөвхөн баасан гарагт л хясааны шөл хийдэг боловч өнөөх залуу менежерт нь нөхцөл байдлыг тайлбарлахад тэд эмээд нь зориулж шөл хийж өгснөөс гадна хурдан эдгэхийг ерөөж жигнэмэг нэмж өгсөн байна.
Баярласан залуу энэ тухайгаа Facebook-т бичсэнд пост нь 810 мянган лайк, 35 мянган комменттой болсон аж. Panera зар сурталчилгаа хийлгэсэн бол хэзээ ч ийм олон хүнд хүрэхгүй байсан нь гарцаагүй.
Бидний амьдралыг технологи тодорхойлж байна. Хүн байх нь ямар утга учиртайг сануулсан бага ч болов үйлдлийг маш олон хүн хүсэн хүлээдэг болжээ. Худалдан авагчид ч мөн хүмүүс учир тэд анхаарал тавьсан, халамжилсан, сайхан сэтгэлийн үгс, зан харилцааг маш сайн санадаг юм. Эелдэг сайхан зан нь бүтээлч байдлын дайсан биш боловч маш олон компани тийм мэт ханддаг нь харамсалтай.
Түүний оронд сайхан сэтгэлийг улам их харуулахыг хичээ. Инээмсэглэл, мэндчилгээ зэрэг өчүүхэн зүйл ч их амжилтыг авчирч болно.
Pret A Manger бол Лондон хотод төвтэй тун алдартай сэндвичний газар юм. Францаар “идэхэд бэлэн” гэсэн утгатай тус газар маш олон төрлийн бэлэн сэндвич, салатаар үйлчилдэг. Ажилдаа яарсан завгүй үйлчлүүлэгч нар нь нэг минуын дотор төлбөрөө төлөөд гараад явчихдаг.
Хэдий худалдан авагч хоолны газарт нь хэдхэн минут болдог ч тэдгээр харилцааг эерэг энерги, хүн хоорондын жинхэнэ харилцаагаар дүүргэхийг тус компани хичээдэг байна.
Худалдан авагч бүрийг гэрт нь ирсэн зочид мэт хүлээж авч, үйлчилж сургахын тулд тэд ажилтнууддаа зориулж цогц сургалт явуулдаг байна. Мөн долоо хоног бүр тодорхой тооны бүтээгдэхүүнийг хэрэглэгч нарт үнэгүй өгөхийг ажилтнуудаасаа шаарддаг. Тодруулбал, сэтгэл санаагаар унасан эсвэл таалагдсан хүндээ үнэгүй ундаа, сэндвич өгөх эрх ажилтнуудад нь байдаг юм. Энэ бол худалдан авагч нараа хүндэлж буйгаа харуулах таатай бөгөөд өвөрмөц арга.
Үр дүнд хүрдэг удирдагч нар ажилтнуудаа шинэ технологи сурч, шинэ санааг эрж хайхад нь тусалдаг. Гэхдээ үүний тулд тухайн ажилтнаа золиосолж, зовоохгүй байх ёстойг мөн мэддэг юм. Байгууллагын тухай бусдад гүнзгий сэтгэгдэл төрүүлэх жижигхэн зүйлсэд том санаанууд саад болох боломжийг битгий олгож байгаарай.
Утга учиртай дурсамж үлдээх болон дийлдэшгүй байгууллагыг бүтээхийн аль алинд нь жижиг зүйлс тун хэрэгтэй. Хамгийн амжилттай компаниуд доторх, гаднах бүх хүнд санаа тавьж чаддаг юм. Хэрэв та ажлын байрандаа ямар нэг онцгой зүйлийг бий болгож чадаагүй л бол зах зээлд онцгойрч чадахгүй.
Компанийн соёл сайн байх нь гурван зүйлд тустай: Таныг өрсөлдөгчдөөс ялгаруулна, үйл ажиллагааны үнэ цэнийг хадгална, компанийн зорилгод тохирох ажилтнуудыг олж тодорхойлж, ажилд нь үлдээнэ.
Бүлэг 4: Эрх мэдлээс илүү хамтрагчид чухал
Хамгийн сайн өсөлтийг үзүүлж чаддаг байгууллагууд нь энгийн хүмүүсийг уриад гайхалтай үр дүнг гаргуулж чаддаг, удирдагчид нь өлсгөлөн байхын зэрэгцээ даруухан байж чаддаг компаниуд юм.
Өдгөө стратеги гаргах нь таван жилийн төлөвлөгөө бүхий цаас үйлдвэрлэхийн нэр байхаа больсон. Харин хүмүүст боломжийг нээж өгөх, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хэлэх болсон. Хүмүүс бусдаас суралцдаг тул эргэн тойронд маань олон хүн байх тусам бид илүү ихийг сурна.
Тийм учраас Zappos-ийн төв байрыг ажилтнууд хоорондоо аль болох олон удаа таарах, уулздаг байхаар загварыг нь гаргажээ. Ийн тааралдах бүртээ ажилтнууд хоорондоо харилцаж, бусдынхаа саналыг сонсож, шинэ чиг хандлагаас суралцаж, шинэ санааг олж, ерөөс олон зүйлийг сурч мэдэж авдаг байна.
Сүүлийн жилүүдэд ажилтнуудын ийм харилцаа нь хэд хэдэн шинэ бизнесийн санааг төрүүлсэн нь бодитой баримт билээ. Нэг өдөр Zappos-ийн гүйцэтгэх захирал хүсэл тэмүүлэл дүүрэн зоогийн газрын эзэн болох хүсэлтэй нэг ажилтантайгаа кофе шопт таарчээ. Тэрбээр ажилтныхаа санааг дэмжсэнээр тухайн дүүргийн хамгийн завгүй зоогийн газрын нэг болох Eat мэндэлсэн байна. Eat үнэхээр их амжилтанд хүрсэн учир 2015 оны Оскарын наадмын үеэр гарсан телевизийн сурталчилгаандаа American Express тус зоогийн газрыг оруулжээ.
Хамгийн бишрэм үр дүнд хүрсэн байгууллагуудыг хөдөлгөх хүч нь оригинал санаанууд байдаг. Шинэ содон санааг хэн гэдэг ажилтан гаргах нь тийм чухал биш. Шинэ санаа гаргах нь ажилтан бүрийн үүрэг болсон компани л амжлтанд хүрдэг. Тийм учраас хамгийн олон тушаал буулгадаг нь бус хамгийн олон хамтрагчтай манлайлагч л хамгийн их эрх мэдэлтэй байдаг юм.
Том эвлүүлдэг тоглоомын жижиг хэсгийг бүрдүүлэх боломж ажилтан бүрт байгаа цагт хамгийн шилдэг санаа төрөн гарах боломжтой.
Үүний нэг жишээ бол алтны уурхайн эзэн Роб Макивин юм. Түүний удирддаг GoldCorp компани алт байх магадлалтай орд худалдаж авсан ч хаана өрөм тавихаа Макивин мэдэхгүй байсан тул уурхайнхаа 50 жилийн геологийн мэдээллийг, тэрхүү мэдээллийг задлан шинжлэх программын хамт интернэтэд байрлуулжээ. Хамгийн сайн санал гаргасан хүнд тэрбээр шагнал амласан бөгөөд ийм аргаар дэлхийн олон зуун шилдэг геологич, инженерүүдтэй хамтрагч болсон байна.
Түүний компани 140 гаруй өрөмдлөгийн нарийвчилсан тооцоо хүлээж авчээ. Захирал нь чадах чинээгээрээ олон хамтрагчтай болсон нь тэднийг дэлхийн хамгийн үнэ цэнтэй уул уурхайн компанийн нэг болоход ийн нөлөөлсөн юм.
Тэрбээр мөн даруухан хүн байв. Удирдагч нар өөрсдийгөө хүн гэдгээ, алдаа гаргадагаа, төгс биш гэдгээ харуулах ёстой. Даруу зан болон амбиц хоорондоо заавал тэрсэлдэх албагүй. Тодорхойгүй энэ дэлхийд ихийг хийж бүтээхийг хүсэж буй манлайлагч нарын хувьд бусдад үйлчлэх амбиц бүхий даруу зан нь хамгийн үр дүнтэй сэтгэлгээ болж өгөх юм. Манлайлагч бүх хариултыг мэдэх албагүй, шаардлагатай үед бусдаас тусламж эрэх ёстой.
Бизнесээ өөрөө эзэмшдэг мэтээр удирд. Асуудлыг шийдэх, шийдвэр гаргахдаа хүмүүст итгэж, тэдэнд найдах аваас гайхалтай зүйлс тохиолдоно. Манлайлагчдын харуулж буй эрч хүч, эрмэлзэл нь бодит ажил шиг нь чухал ач холбогдолтой юм.
Ажилтнууд нь бүтээж буй үнэ цэнийнхээ тодорхой хувийг хүртэж чаддаг байгууллагад л хамгийн үнэнч, зүтгэлтэй хүмүүс ажилладаг. Авч байгаагаасаа илүү их үнэ цэнийг бүтээ.
Харин таны түүх юу вэ?
“Амьдралаас бидэнд өгдөг хамгийн шилдэг шагнал бол хийхээс аргагүй үнэ цэнтэй ажлыг шаргуу хийх боломж юм” хэмээн Теодор Рузвельт нэгэнтээ хэлсэн. Бизнес, манлайллын шинэ эриний амжилт болсон түүхийг бичих ажлыг та хийгээрэй.