Зохиолч: Гэри Келлер, Жэй Папасан

Цор ганц зүйл

The One Thing
Ганцхан зүйл хийгээд л бусад зүйл илүү хялбар, эсвэл шаардлагагүй болно гэвэл та ямар зүйлийг сонгох вэ?

Ганцхан зүйл хийгээд л бусад зүйл илүү хялбар, эсвэл шаардлагагүй болно гэвэл та ямар зүйлийг сонгох вэ?

Яагаад энэ асуултыг асууж байна вэ? Яагаад бид энэ асуултыг асуух ёстой вэ?

Яагаад гэвэл хангалттай цаг байхгүй гэж боддог учраас бид нөөц, хүч чадлаа олон зүйлд тарамдуулж, үүний улмаас тун бага зүйл амжуулдаг, эсвэл юуг ч хийж бүтээдэггүй.

Зохиолч Гэри Келлер, Жэй Папасан нар “The One Thing” номдоо амжилтад хүрсэн хүмүүс цөөнийг сонгодог тухай өгүүлжээ. Тэд нэг дор олон юм хийдэггүй бөгөөд хамаг анхаарал, эрч хүчээ хамгийн их үр дүн авчрах цор ганц зүйлд л зориулдаг байна. Амжилттай хүмүүс хийж чадах бүх зүйлдээ төвлөрдөггүй. Харин хийх ёстой зүйлдээ л төвлөрдөг.

Хэт их ажиллах болон ганцхан зүйлд төвлөрч ажиллахын хооронд яагаад асар их ялгаа байдгийн нууцыг тайлцгаая.

Хичээл 1: Хийх зүйлийн жагсаалт

Амжилтын утга учир юу болохыг авч үзье.

Амжилтад хүрэх зам сорилтоор дүүрэн бөгөөд хүн бүрийн хувьд амжилт өөр өөр утгатай. Хэрэв үгүйсэн бол номын дэлгүүрт хувь хүний хөгжил, эсвэл олон тэрбум долларын үнэлгээтэй бизнес болсон стартапуудын талаар тус бүр нэг л ном байх биз ээ. Үйлдлийн хувьд ч ижил. Ялгаатай үйлдэл нь ялгаатай үр дүн, ялгаатай амжилтыг дагуулна.

Тэгвэл юу хийхээ хэрхэн шийдэх вэ? Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?

Ямар ч шалтгаан байсан 100 ажлыг бөөндөж дуусгах нь утга учиртай ганц ч болтугай ажлыг орлох шалтгаан болохгүй гэж зохиолчид онцолжээ. Хийх ажлын жагсаалтаа ажлаар дүүргэх нь дарамт бөгөөд ажлын өдрийг чухал бус зүйлсээр дүүргэхээс өөр ид шидгүй юм. Завгүй байх нь амжилттай байхтай утга нэг биш. Келлер, Папасаны өгүүлж буйгаар бидэнд хийх ажлын жагсаалт бус амжилтын жагсаалт буюу ер бусын үр дүнд хүрэхийн төлөө бичигдсэн ажлуудын жагсаалт хэрэгтэй аж.

Тэгвэл амжилтын жагсаалт гэж юу вэ?

80/20-ийн дүрмийг авч үзье. Паретогийн зарчим гэгддэг уг дүрэм ёсоор бол 20 хувийн хүчин чармайлт нь үр дүнгийн 80 хувийг бий болгодог. Тиймээс хамгийн дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд тэрхүү 20 хувийг тодорхойлж, түүнд төвлөрөх ёстой.

Тийм болохоор амжилтын жагсаалт бол (зохиолчдын тодорхойлсноор) ерөнхийдөө допинг нэмсэн Паретогийн зарчим юм. Тэрхүү 20 хувийг тодорхойлоод Паретогийн зарчмыг дахин хэрэглэ. Энэ процессийг дахин давтсаар жагсаалтдаа “цорын ганц хийх зүйл”-тэй үлд. Жагсаалтыг ийн хумисны эцэст үлдэж буй ганц ажил бол таны хийх ёстой ажил мөн.

Гэхдээ тэрхүү ганц ажилдаа орохоос өмнө нэг ойлголтыг заавал мартах ёстой. Тэр бол нэг зэрэг олон ажил хийх (multitask) нь үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх юм. Та ингээд бодоод үз. Хоёр адилхан “өсөлтийн машин” байгаа агаад зөвхөн нэг банкийг “өсөлтийн түлш”-ээр дүүргэх боломжтой мөнгө байгаа гэж төсөөл. Хоёр машины банкийг дүүргэх үү, эсвэл нэгийг нь бүрэн дүүргэх үү? Хэрэв хоёуланд нь хийвэл бид зорилгынхоо зөвхөн талд нь хүрээд л зогсоно. Харин нэг машинаар нь явбал зорьсон газартаа хүрч чадна.

“Нэг дор хоёр зүйл хийж болох ч нэг дор хоёр зүйлд сайн төвлөрч чадахгүй” хэмээн зохиолчид дурджээ. “Хоёр эсвэл үүнээс олон зүйлийг нэг дор хийх бүрд анхаарлаа сулруулж, тэр хэрээр үр дүн нь буурна” гэж тус номд бичжээ.

Хичээл 2: Сахилга бат, сэтгэлийн тэнхээ

Үгүйсгэх ёстой дараагийн хоёр төөрөгдөл бол сахилга бат, сэтгэлийн тэнхээ буюу амжилттай хүмүүст байдаг бидний бишрэн шүтдэг зан чанар юм. Юун түрүүнд сахилга бат бол нэр үг биш, үйл үг гэдгийг анхаар. Энэ бол бидэнд байдаг бус бидний хийх ёстой зүйл юм. Энгийнээр хэлбэл сахилга бат бол тун ашигтай дадал.

Сахилга баттай гэж үздэг хүмүүсээ та сайн харах юм бол үнэндээ гарын таван хуруунд багтахаар тооны эерэг дадалтай хүмүүс гэдгийг нь мэдэж болно. Энэ нь тэднийг сахилга баттай биш хэдий ч сахилга баттай мэт харагдуулдаг юм. Сахилга баттай хүн гэж үгүй. Бодит баримт гэвэл бид боддогоосоо ч бага сахилга баттай байгаад амжилтад хүрэх боломжтой. Амжилт бол бүх зүйлийг зөв хийх бус зөв зүйлийг хийхийн нэр юм.

“Өсөлтийн түлш”-ийг санаж байна уу? Үнэндээ бол “өсөлтийн машин” нь хос түлштэй агаад мөн сэтгэлийн тэнхээгээр ажилладаг. Өглөө бүр бид банк дүүрэн түлштэй босож, тэрхүү түлшийг хэрэгтэй газар руугаа явахад ашигладаг. Банк хоосрох тусам бидний зориг мохсоор банк хоосорвол бид шалдаа бууна. Үүнтэй адилаар сэтгэлийн тэнхээ дуусах цагт бид дефолт түлш буюу цус, хөлс, нулимс руу шилждэг.

Ямар санаа хэлэх гэж байна вэ гэвэл сэтгэлийн тэнхээ бол хязгааргүй зүйл биш. Тиймээс болгоомжтой ашигла. Хэрэв өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллая гэвэл сэтгэлийн тэнхээгээ дуусахаас өмнө хамгийн чухал ажлаа буюу НЭГ ЗҮЙЛ-ийг хийх хэрэгтэй.

Хичээл 3: Ажил-амьдралын тэнцвэр

Зохиолчдын өгүүлсэн ажил-амьдралын тэнцвэрийн талаарх эртний түүхээс танилцуулъя.

Хоёр зуун жилийн өмнө нэгэн тосгоны төмөрчин оройн таван цагт, эсвэл хөдөлмөрийн гэрээнд нь тусгасан цагт ажлаасаа тардаггүй харин морио тахалж дуусаад харьдаг байжээ. Тэрбээр хувиараа ажилладаг учир хийх ёстой зүйлээ, хэрэгтэй гэсэн үедээ л хийдэг байв. Харин Аж үйлдвэрийн хувьсгал гарч, олон хүн нэг хүний төлөө ажилладаг болсон цагаас л ажил-амьдралын тэнцвэр гэсэн ойлголт гарчээ. Ажиллах нөхцөл өөрчлөгдсөнөөр хүмүүс гэрээсээ өөр газарт удаан хугацаагаар ажиллах ёстой болов. Менежментийн зарчим өөрчлөгдөж, үүнийг дагаад амжилтын утга учир ч өөрчлөгдлөө. Ажилтнууд амьдралаа “ажил дээрх”, “ажлаас гаднах” гэж хуваах ёстой болсон агаад тэд гэртээ ажил хийхгүй, харин ажил дээрээ гэр орны ажил хийхгүй байх шаардлага үүсэв.

Өнөөгийн ажиллах хүчний шаардлага өөрчлөгдөж буйн улмаас амжилтад хүрэхийн төлөө маш олон хүн гарт баригдаж нүдэнд үл үзэгдэх ажил-амьдралын тэнцвэрийг олохоор хичээдэг болжээ. Харин зохиолчдын өгүүлж буйгаар ажил-амьдралын тэнцвэр нь үлгэр домог бөгөөд амжилтад нөлөөөлдөггүй аж.

Тэнцвэрийн зарчим бол хоёр туйлын хооронд тэгш байдлыг бий болгох юм. Тэнцвэр нь дунджийг, дундаж нь мэдээж дунджийг бий болгоно. Ид шид дундаж нөхцөлд хэзээ ч тохиодоггүй агаад ид шид нь аль нэг туйлын хамгийн алсын зах, үзүүрт л тохиодог юм.

Хэрэв амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол тэнцвэртэй амьдралыг бий болгох боломжгүй. Бид Нэг Зүйлд л анхаарч тэр чиглэлдээ удаан, хэрэв М.Гладвеллд итгэвэл 10 мянган цаг ажиллах ёстой болно. Тэнцвэр бол үнэндээ ажлыг эрэмбэлэх л асуудал юм. Хэрэв бид ажлаа эрэмбэлээд чухлыг нь эхэлж хийх юм бол автоматаар тэнцвэрийг бий болгож, Ганц зүйлдээ илүү их цаг зарцуулна.

Хичээл 4: Ганц зүйлээ олох

Тэгвэл энэ бүхнийг хэрхэн нэгтгэх вэ? Тэрхүү Ганц зүйлийг яаж олох вэ?

Зохиолчдын өгүүлснээр Анхаарал төвлөрүүлэх асуултыг асуух ёстой: Ганцхан зүйл хийгээд л бусад зүйл илүү хялбар, эсвэл шаардлагагүй болно гэвэл би юуг сонгох вэ? Энэ санааг гурван хэсэгт хувааж үзье:

  1. Миний хийж чадах ганц зүйл юу вэ...: Олон сонголтоос нэгийг нь л сонго. Хариултаа тодорхой болго. “Хийж чадна” гэдэг нь таныг үйлдэлд урин дуудаж байгаа хэрэг мөн.
  2. ... тэрхүү ажлыг хийсний үр дүнд... хариулт маань тодорхой стандартад нийцэж байх ёстойг илэрхийлж байна. “Тэрхүү ажлыг хийсний үр дүнд” гэхээр үйлдэл маань эцэстээ эерэг үр дүнг авчрах ёстой гэсэн үг.
  3. бусад зүйл илүү хялбар эсвэл шаардлагагүй болно. Энэ нь сайн зүйл ирнэ гэдгийг дохиолж байна.

Үүнийг илүү тодорхой болгохын тулд анхаарах ёстой чиглэл, эсвэл цаг хугацааг нэмэх замаар Анхаарал төвлөрүүлэх асуултыг шинэчилж болно. Тэрхүү өөрчлөлт нь “яг одоо”, эсвэл “энэ жил” байж болох юм. Жишээлбэл, “Ажлын хувьд энэ долоо хоногийн зорилгодоо хүрэхийн тулд Ганцхан зүйл хийгээд л бусад зүйл илүү хялбар эсвэл шаардлагагүй болно гэвэл би юуг сонгох вэ?”.

Зохиолчдын онцолж буйгаар Анхаарал төвлөрүүлэх асуулт нь хүн өөртөө тавьж болох хамгийн шилдэг асуулт аж. Гэхдээ нэг сорилт бий нь Зөв  хариултыг олох явдал юм. Хариулт нь хийж болох, сорилттой, боломжтой гэсэн гурван төрлөөр гарах боломжтой.

Хийж болох: Мэдээж хамгийн хялбар хариулт бол таны мэдлэг, ур чадвар, туршлагын хүрээнд багтах ажил юм. Хийж чадах ажил гэж ойлгож болно.

Сорилттой: Дараагийн түвшин бол “сорилттой” хариулт юм. Хэдий хийх боломжтой ч гэсэн ур чадвараа маш их дайчлах, чардайх ёстой болно.

Боломжтой: Хэрэв зөв хариулттай болъё гэвэл тэрхүү хариулт бидний тухтай бүсээс гадна оршиж байгаа гэдгийг сана. Өөрөөр хэлбэл, бидний мэдэх, хийж чадах зүйлээс ч хальж гарна. Цоо шинэ хариулт.

Гэхдээ тэрхүү Ганц зүйлийг олоход асуудал бэрхшээл их тохиолдоно гэж зохиолчид сануулжээ. Хэрэв та том зургаар харах чадамжгүй бол эрээвэр хураавар зорилгуудтай болчихно. Өөрөөр хэлбэл, хүссэн зүйлдээ хүрсэн бол аз жаргал маань их хурдан замхран алга болно. Учир нь бид нэгэнт өөрийн болгосон зүйлдээ амархан дасчихдаг. Улмаар шинэ зорилго илүү хорхой хүргэм болж ирнэ.

Ийм үед зорилготой байх нь бидэнд тусална. Ямар нэгэн зүйлийг яагаад хийж буйгаа мэдэх нь байдал бишдэж, хэцүүдэх үед ч урам зоригтой ажиллах боломжийг бидэнд өгдөг. Өглөө таныг босгож, ядарч зовсон үед ч таныг хөдөлгөсөөр байх тэр зүйл юу вэ? Тэр бол зорилго.

Зорилготой амьдар, тэгвэл бид хаашаа явахаа мэднэ. Ажлаа эрэмбэл, тэгвэл зорьсон газраа хүрэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгоно. Эрэмбэ үгүй зорилго бол хүч чадалгүй зүйл. Та зорилгуудаа эрэмбэлж жагсаах ёстой.

Ингээд Анхаарал төвлөрүүлэх асуулт, зорилго, эрэмбэлэл нь хэрхэн төлөвлөгөө гаргахад тусалж болохыг сонирхоё.

Таван жилийн төлөвлөгөө: “Хэзээ нэг өдөр”-ийн зорилгодоо хүрэхийн төлөө дараагийн таван жилд хийх ёстой Ганц зүйл маань юу вэ?

Жилийн төлөвлөгөө: Таван жилийн зорилгодоо тулгуурлан тэрхүү зорилгоо биелүүлж, цаашлаад “хэзээ нэг өдөр”-ийн зорилгодоо хүрэхийн тулд энэ жил хийх ёстой Ганц ажил маань юу вэ?

Сар тутмын төлөвлөгөө: Энэ жилийн зорилгодоо тулгуурлан таван жилийн зорилгодоо хүрч цаашлаад “хэзээ нэг өдөр”-ийн зорилгодоо хүрэхийн тулд энэ сард хийх ёстой Ганц ажил маань юу вэ?

Долоо хоногийн төлөвлөгөө: Энэ сарын зорилгодоо тулгуурлан энэ жилийн болон таван жилийн зорилгодоо хүрч цаашлаад “хэзээ нэг өдөр”-ийн зорилгодоо хүрэхийн тулд энэ долоо хоногт хийх ёстой Ганц ажил маань юу вэ?

Өдөр тутмын төлөвлөгөө: Энэ долоо хоногийн зорилгодоо тулгуурлан энэ сар, энэ жилийн болон таван жилийн зорилгодоо хүрч цаашлаад “хэзээ нэг өдөр”-ийн зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр хийх ёстой Ганц ажил маань юу вэ?

Яаралтай Ганц зүйл: Өнөөдрийн зорилгодоо тулгуурлан энэ энэ долоо хоног, энэ сар, энэ жилийн болон таван жилийн зорилгодоо хүрч цаашлаад “хэзээ нэг өдөр”-ийн зорилгодоо хүрэхийн тулд яг одоо хийх ёстой Ганц ажил маань юу вэ?

Ингэж та том алсын харааг прагматик алхмууд болгон хувиргах боломжтой.

Тэгэхээр таныг амьдралдаа гайхалтай үр дүнд хүргэхэд туслах цор ганц зүйл юу вэ? Яг одоо эхэлсэн нь зөв шүү.

0 Хуваалцсан
Хариу үлдээх