Зохиолч: Крэйг Баллантайн
Төгс өдрийг бүтэх томьёо
Хором амсхийгээд өөрийнхөө хувьд төгс өдөр ямархуу байхыг төсөөлнө үү. Ихэнх хүнй хувьд төгс өдөр бол зорьсон хүссэн зүйлээ амжилттай хийж бүтээсэн өдөр байх болов уу. Ийм өдөр ажил, эсвэл зорилго маань аяндаа, асуудалгүй бүтдэг. Ингээд дараа нь хүссэн зүйлээ хийх чөлөө завтай болно. Өдөр бүр ийм байвал ямар вэ.
Тэгэх боломжтой. Early to Rise хэмээх алдартай вэбсайтын редактор Крэйг Баллантайн хэрхэн ингэх боломжтой талаар “Perfect Day Formula” номдоо өгүүлжээ. Тэрбээр уг бүтээлээ эртний Ромын гүн ухаантан Эпиктетийн сургаальд тулгуурлан бичсэн агаад зөв, ёс суртахуунлаг, бүтээлч амьдралыг номлодог стойцизм хэмээх философийн урсгалыг Эпиктет баримталдаг байв.
Төгс өдрийг бүтээх томьёо нь гурван С буюу Control (Хянах), Conquer (давж гарах), Concentrate (Төвлөрөх) дээр тулгуурладаг. Чадах зүйлээ хяна, чадахгүй зүйлтэйгээ дасан зохиц. Амаргүй өдрүүдийн ард гарахын тулд амьдралынхаа эмх замбараагүй бүхнийг давж гарахад суралц. Өөрт хамгийн чухал зүйлд л төвлөр.
Төгс өдрийг бүтээхийн тулд дараах гурван аргыг өдөр бүр хэрэгжүүлээрэй: Өглөөний дадлаа хянаж бай, үдээс хойших эмх замбараагүйтлийг давж гар, оройдоо чухал зүйлсэд төвлөр.
Эл томьёог бүтээж буй зарчим бол бүтэц = эрх чөлөө юм. Хоорондоо зөрчилдөх үгс мэт санагдаж болох ч эрх чөлөөтэй болохын тулд та эхлээд тодорхой бүтцийг бий болгох ёстой юм. Бүтэц бол илүү бүтээлч бөгөөд бага стресстэй болоход нэн чухал билээ.
Эхний хэсэг: Өглөөг хянах
Дадал маш хүчтэй учраас бид үр шимийг нь хүртэх ёстой. Мөн өглөөг хянахын тулд дадлуудаа ашиглах ёстой юм. Зөв хэвшил нь зөв үйлдлийг автомат болгож өгдөг. Гадаад ертөнцийг хянах боломжгүй ч та бодол, үг, үйлдлээ хянаж чадна. Зан характераа ч хяна. Тэгвэл амжилтаа удирдаж чадна.
Амьдралын хамгийн чухал зан үйл бол өглөө хэдэн цагт босохоо шийдэх явдал юм. Хамгийн зөв шийдвэр бол товлосон цагаасаа 15 минутын өмнө босох билээ. Хэдий дургүй хүрмээр байсан ч өглөө хамгийн эхэнд хамгийн чухал зүйлээ хий. Эхэндээ хэцүү байх боловч энэ нь таныг амьдралдаа хэр том ахиц гаргах вэ гэдэгт ихээхэн нөлөөлнө.
Өглөө бүр таны байгуулах ялалтууд нь урд шөнийг төгс өнгөрүүлсэн эсэхээс шалтгаална. Та маргааш өглөө босохдоо зориулж өөрийгөө бэлтгэх ёстой. Эрт босох тусам алгуурлал, хойшлуулал, залхуурлыг давахад хялбар болно.
Хэрэв өглөө чухал ажлаа амжуулах юм бол тухайн өдөр гурав дахин их зүйлийг бүтээх боломжтой. Төрөл бүрийн судалгаанас үзэхэд өглөөг ялалтаар эхлүүлэх нь тухайн өдрийн өнгийг эерэг болгодог аж. Өглөөний эерэг мөч, ялалтууд таныг өдрийн турш амжилтад хөтөлнө.
Өдөр тутмын дасгалаа хэвшил болго. Эхэндээ хэцүү боловч чухал зүйлийн төлөө тэвчээд зүтгэхээс өөр аргагүй. Хүслийнхээ хэмжээтэй үйл хөдлөлийнхөө хэмжээг дүйцүүл. Амьдралын дүрмээ бий болгож, түүндээ үнэнч байж чадах юм бол та амжилт, ухаанаар дүүрэн амьдралтай болно. Дүрэм журмаа яг л хууль мэт дага.
Өөрийн тогтоосон дүрэм журмыг мөрөөдөл болоод зорилготойгоо уялдуул. Ус бага уумаар байгаа бол нэг дор хоёроос илүү аяга уухгүй байх журам гарга. Хэрэв ухаантай болохыг хүсэж байгаа бол долоо хоногт нэг ном унш. Дүрэм журам нь танд амжилтад хүрэх тогтолцоог бий болгож өгөх юм.
Хүмүүс өдөр бүр ямар нэг дүрэм журмыг дагаж мөрдөж байдаг. Зам дээр улаан гэрэл асвал зогсоно, хэрэг төвгөөс аль болох зайлсхийхийг хичээнэ гэх мэт. Үүнтэй адилаар таны тогтоосон дүрэм журам таныг зөв шийдвэр гаргахад хөтөлж, буруу хүсэл сатаарлыг амархан давж гардаг болгоно. Дүрэмтэй болвол заавал сэтгэлийн хатдаа найдах хэрэггүй болно, зорилгодоо нийцэх зан чанарыг ч суулгачихна.
Эдгээр дүрэм журмыг муу дадлыг үгүй хийж, тэдгээрийг эерэг хэвшлээр солих арга зам гэж бодоорой. Хүмүүс өдөр бүр шахуу шаналмаар, гэмшмээр шийдвэр гаргахаас өөр аргагүй болдог. Харин өөрийн гэсэн дүрэм журамтай болбол илүү зөв шийдвэр гаргадаг болно.
Хийх ажлын жагсаалт таныг амжилтад хүрэхэд тусална. Хийх ажлуудаа арай жижиг зорилгуудад хуваах юм бол өдөр тутмын ажлын хуваариа илүү бодитой гаргадаг болно. Ингэснээр хүссэн, санасан бүх зүйлээ биелүүлэх боломжийг та олж авах юм. Эхлэх болон дуусах цагтай ажлуудаа зөв төлөвлөөд, өглөө нь хамгийн чухал ажил руугаа дайрч ороорой.
Илүү ихийг хийж, төгс өдрийг бүтээхийн тулд урд орой нь маргааш хийх ажлын жагсаалт гаргах хэрэгтэй. Өдөр бүр ийм хуваарь гарга. Хэрэв гол ажлуудаа мэдэж байгаа бол өдөр тутмын хуваарь гарга, ингэвэл маргаашийг төлөвлөхөд маш хялбар болно. Улмаар ажлын бүтээмж, гарах үр дүн нь ч эрс өснө.
Түүнчлэн бүх ажлынхаа эхлэх болон дуусах цагийг гарга. Ингэвэл таны цагийн хуваарийг сүйтгэх цагийн дайснуудаас зайлсхийх боломжтой болно. Оюун санааны хүч хамгийн сул байдаг цагууддаа чухал бус ажлуудаа хийхээр төлөвлө.
Талархал, амжилтын дэвтэр хөтлөхийг зөвлөе. Бага ч болов амжилтынхаа талаар бичиж байх нь таныг зорилгодоо ойртож байгааг сануулах юм. Ийн бичихэд ихдээ таван минут шаардлагатай хэрнээ таны амьдралд илүү их сэтгэл ханамж, аз жаргалыг авчирна.
Хүмүүс бид цаг үргэлж урхи буюу ямар нэг уруу татсан зүйлээс зайлсхийхийн тулд өөртэйгээ тэмцэж байдаг. Үүнтэй тэмцэх нэг арга бол Хийхгүй ажлын жагсаалттай болох билээ. Өдөр бүр юу хийх, юу хийх ёсгүйгээ тодорхойл. Таны сул талыг засах, өдөр бүрийн саад бэрхшээлийг туулах аргуудыг нэмж бич. Хүчтэй бай, эл жагсаалтаа дагаж мөрд. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа л бол сул талаа, буруу зан араншингаа дадал болгох хэрэггүй. Та системтэй болж, үгүй гэж хэлэх хүчтэй бол түүнийгээ өглөө бүр ашигла.
Хойшлуулдаг зан тун хүчтэй ч түүнээс заавал зайлсхийх ёстой. Ингэх хамгийн энгийн арга бол үйлдэл хийх юм. Хүсэхгүй байсан ч хий. Шаргуу бай.
Дадлыг өөрчлөх хэцүү. Танд шантрах үе гарах ч хийж буй зүйл болон зорилгыг тань сануулах сэдэлтэй байх ёстой. Сэдэл гэдэг нь таны муу дадлыг сарниулдаг жижиг ов мэхүүд юм. Тэдгээр нь таныг буруу зүйл хийж байгааг, муу дадалдаа автсан байгаа гэдгийг сануулах юу ч байж болно.
Ган төмөр мэт дадал бий болгох долоон алхам байдаг.
Алхам 1: Юу чухал вэ гэдгийг тодорхойлж, бүх анхаарлаа хандуул
Эхэлж хийх ёстой зүйлийг эхэлж хийж байж л амжилтад хүрнэ. Өөртөө юу хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлоод түүндээ хүрэхэд туслах дадлыг бий болгох алхмуудыг хэрэгжүүл.
Алхам 2: Амжилт болон амьдралын дүрмийг бий болго
Хэн ч, хэзээ ч төгс болохгүй боловч дүрэм журамтай болбол өдрийг дэмий өнгөрүүллээ гэсэн урам хугарал, гэмшил, харамслаас аврах болно.
Алхам 3: Шинэ дадлыг тодорхойлох хяналтын хуудастай бол
Шинэ дадлуудаа суулгахын тулд хийх ёстой үйлдлүүдийн жагсаалт гаргавал үр дүнтэй.
Алхам 4: Оройн бэлтгэл
Хяналтын хуудсаа бэлтгээд түүнийг амжилтад хүргэх зам заагч болго.
Алхам 5: Саадыг арилга
Боломж гарах бүрийд саад, уруу таталт, муу дадлаас зайлсхийж бай. Ингэх юм бол зөв шийдвэр гаргах, түүндээ үнэнч байж гүйцэтгэх боломжтой болно.
Алхам 6: Үйлд
Хүсэлдээ үнэнч байж, түүндээ хүрэхийн тулд үйлдэл хий. Таны хяналтад маш их зүйл байдаг юм. Тиймээс үйлдэж эхэл.
Алхам 7: Суралц, сайжир
Хүнд үе гарцаагүй тохиолдоно. Ийм үед алдаанаасаа суралцаарай.
Өглөөг, цаашлаад өдрийг хянах хамгийн чухал цор ганц хүчин зүйл бол 15 минутын өмнө босч, тухайн өдрийн хамгийн чухал зүйлийг хийх явдал юм.
Цагтаа босоход туслах бүхэл бүтэн систем бий. Орондоо орохоос 10 цагийн өмнө каффейн агуулсан зүйл уухаа боль. Унтахаас гурван цагийн өмнө идэх, эсвэл уухаа боль. Унтахаас хоёр цагийн өмнө ажлаа зогсоо. Орондоо орохоос нэг цагийн өмнө утас, телевизор, компьютерийг унтраа. Мөн өглөө босохдоо сэрүүлэгээ байнга хойшлуулахаа боль.
Төгс өдрийг бүтээхэд туслах гурван чухал дүрэм бий.
Орой унтах, өглөө босох цагаа тодорхой болго.
Зорилго, мөрөөдөлдөө улам ойртоход туслах хамгийн чухал нэг үйлдлийг өглөө бүр хий.
Эрүүл амьдрах энгийн төлөвлөгөө гарга.
Тогтоосон дүрэм журмыг дагаж мөрдөхөд туслах дадлуудаа жагсааж бич. Тэдгээрийг тодорхойлсон бол бүр чухал дүрэм журмыг гарга. Өдрийн хуваарийг хэрхэн дагаж мөрдөх, уруу таталт, сул талаа яаж хязгаарлах вэ, амьдралд чинь стресс авчирдаг янз бүрийн зүйлийг хэрхэн давж гарахад туслах дүрэм журмыг гаргаарай.
Ийм дүрэм журам, дадалтай болох юм бол та өглөөг төдийгүй амьдралаа хянаж чаддаг болно.
Хоёрдугаар хэсэг: Өдрийг эзэмд
Амьдралдаа хамгийн их хүссэн зүйлд хүрэхэд туслах амжилтын таван багана бий. Амжилтад хүрэхэд танд бүгдээрээ хэрэг болно. Та мөн амьдралдаа хэн байх, юу болох, хаана байх хариуцлагаа үүрэх хэрэгтэй.
Эхний багана: Төлөвлөлт, бэлтгэл
Таны хийж буй бүхэн таныг нэг бол амжилтад хөтөлнө, эс бөгөөс замд хөндөлсөх саадыг бий болгоно. Хэрэв бэлтгэлтэй байх юм бол та зөв шийдвэр гаргаж, зөв зүйл хийнэ. Мөн элдэв урхинаас аль болох зайлсхийнэ. Тэр бүхнээс зайлсхийж, төлөвлөсөн зүйлээ хийх төлөвлөгөө гаргаарай.
Хоёрдугаар багана: Мэргэжлийн хариуцлага
Хүмүүст көүч хэрэгтэй. Тэд зөвхөн ментор хийхээс гадна хариуцлагатай байхад сургадаг. Мөн боломжтой бол ментор болох нь үр өгөөжтэй байдаг юм. Ингэх юм бол зааж буй зүйлийнхээ ач холбогдол, утгыг ойлгоно. Багшлах замаар та өөрөө суралцана гэсэн үг.
Гуравдугаар багана: Бусдын дэмжлэг
Эргэн тойрны хүмүүсийн эерэг хүч танд хамгийн жаргалтай өдрүүдийг бэлэглэнэ. Эерэг бодолтой бөгөөд таныг дэмждэг хүмүүсээр хувийн болон мэргэжлийн хүрээгээ дүүргэ. Танд урам зориг өгдөг, таныг сайжруулдаг, таныг хүндэлдэг хүмүүсийн дэмжлэгийг бий болго.
Дөрөвдүгээр багана: Урамшуулал
Таашаалаас татгалзах нь хэцүү боловч ингэх нь алсдаа үнэ цэнтэй дадал болж хувирдаг. Түр зуурын таашаалыг үл тоодог хүмүүс нь илүү бие даасан, илүү их амжилтад хүрдгийг судалгаа харуулдаг юм. Түр зуурын таашаалаас зайлсхийж, хожмын илүү сайн үр дүнгийн төлөө зүтгэх булчингаа хөгжүүлж чадвал танд шагнал нь заавал ирнэ.
Тавдугаар багана: Цаг хугацаа
Хүн бүрт “эцсийн хугацаа” заяагдмал байдаг. Бидний цаг хэзээ нэгэн цагт дуусна гэдгийг ойлгох юм бол өнөөдөр та заавал үйлдэл хийх болно. Эцсийн хугацааны хүчийг эзэмд. Бүх юм хугацаатай гэдгийг ойлгох юм бол үйлдлээ илүү эрч хүчтэй хийх, хүнд үеийг давах хүчтэй болж чадна.
Та мөн ажлын өдрийн (юу ч болсон ажлаа 5:30-д дуусгана) болон өдөр тутмын ажлын (утсаар 15-аас илүү минут ярихгүй) гэх мэтээр тогтсон хугацааг зааж өгөх ёстой. Мөн зорилгынхоо дуусах хугацааг нь тогтоож өгөх хэрэгтэй. Энэ нь таныг шаардлагатай үйлдлийг хийхэд хөтлөх болно.
Энэ таван баганыг та ойлгож хэрэгжүүлбэл амьдралынхаа хамгийн чухал зорилгод хүрэх бат суурьтай болж чадна. Ийм багануудтай болвол та өдөр тутмын сатаарал, саадыг даван туулж чадна.
Гуравдугаар хэсэг: Чухал зүйлдээ төвлөр
Амжилтын бат сууриа тавьсан бол амьдралынхаа алсын харааг бий болгох хэрэгтэй. Танд юу ач холбогдолтой вэ гэдгийг тодорхойлж, түүндээ төвлөр. Тэрхүү алсын хараатай уялдах үйлдлийг хий.
Хүссэн замаараа явахгүй байгаа, одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус мэт мэдрэмж танд төрдөг байж магадгүй. Хэрэв тийм бол танд алсын хараа алга. Хэрэв алсын хараа үгүй бол таны шаргуу хөдөлмөр буруу зүгт хөтлөгдөнө. Алсын хараатай болсноор та зүг чигтэй болж, элдэв сатаарлаас зайлсхийж чадна.
Гурваас таван жилийн дараа ямархуу амьдармаар буйгаа бичихэд зориулж нэг цаг гарга. Тэрхүү нооргоо танд тусалж чадах хүмүүст танилцуулж зөвлөгөө ав. Алсын хараандаа хүрэх ажил, зорилгуудыг тодорхойл.
Хэтэрхий амбицтай болохоос сэргийлэхийн тулд дөрвөн зорилго л тавь. Эрүүл мэнд, эд баялаг, нийгмийн хүрээлэл, хувийн хөгжил тус бүрт зориулсан нэг зорилго гарга. Зорилгоо тодорхойлсон бол түүнд хүрэхэд туслах долоон жижиг зорилгыг тодорхойл. Эцсийн үр дүнд хүрэхийн тулд ямар үйлдэл хийх хэрэгтэйг мөн тодорхойлоорой.
Эдгээр зорилгоо таныг дэмждэг эерэг хүмүүстэй хуваалц. Тийм хүмүүсийг онлайнаас, эсвэл таньж мэддэг хүмүүс дундаасаа олж болно. Тэд хэн ч байсан гэсэн танд хань болсноор зорилгодоо хүрэхэд танд туслах юм.
Хүчтэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд тогтмол хичээ. Таны амьдрал бол таны хариуцлага гэдгийг хүлээн зөвшөөр. Та л өөрийнхөө төгс өдрийг бий болгож чадна.
Таны амжилт өглөөнөөс эхэлнэ. Өдрөө төлөвлө. Эрт бос. Юу юунаас өмнө хамгийн чухал ажлаа хий. Өдөр тутмын амьдралаа илүү системтэй болго.
Чадах зүйлээ хяна, чадахгүй зүйлдээ дасан зохиц, чухал зүйлдээ төвлөр.