Зохиолч: Марк Фенске

Ялагчийн сэтгэлгээ

The Winner`s Brain
Хүний тархи бол сайтар тохируулсан машин бөгөөд хэрхэн ашиглаж, арчлах нь амжилтад хүрэх эсэхийг тодорхойлдог. Тиймээс тархиа хайрла, хамгаал.

Амжилтад хүрэхийн тулд шилдгүүдийн хэрэглэдэг найман стратегийг тусгасан “The Winner`s Brain” номыг Жефф Браун, Марк Фенске бичжээ. Шилдгүүд бусад хүмүүсээс юуг өөрөөр хийдгийг мэдэж авцгаая.

Өөрийгөө таних

Өөрийгөө дэлхийтэй хэрхэн холбогддогийг, дэлхий өөртэй нь хэрхэн холбогддогийг ялагчид мэдэж байдаг. Маш дээд түвшинд өөрийгөө таних нь илүү үр дүнтэй харилцаа, ажил төрөлтэй байхад ихээхэн нөлөөлдөг юм.

Өөрийгөө таних нь тун чухал гэдгийг ойлгохын тулд дараах гурван чухал зүйлийг мэддэг байх хэрэгтэй.

Нэгдүгээрт, өөрийн давуу талыг ойлго. Ямар авьяастай гэдгээ мэдэж, түүнийг хэрхэн ашиглавал зорилгодоо хүрэх вэ гэдгийг ойлгох нь амжилтын нэг нууц мөн.

Хоёрдугаарт, сул талаа мэд. Хэрэв та сул талаа өөрийн давуу тал гэж буруу ойлгох юм бол дандаа буруу зүйлд анхаарал хандуулах болно.

Гуравдугаарт, юу танд урам зоригч өгч, сэдэлжүүлж байгааг ойлго. Таныг сэдэлжүүлж байгаа ажлыг хийхдээ давуу талаа ашиглаж, сул талаа багасгах юм бол та амжилтын жортой боллоо гэсэн үг.

Өөрийгөө таних чадварыг хөгжүүлж болдог гэдгийг ихэнх хүн мэддэггүй. Ингэх хамгийн зөв аргуудын нэг бол ухамсартаа анхаарах юм.

Зохилчдын онцолсноор ухамсар бол өөртөө болон өөрийн оршин буй нөхцөлийн талаар одоод төвлөрсөн, шүүмжит бус, хариу үйлдэл үл үзүүлэх сэтгэлгээ аж. Та сул болон давуу тал, сэдлээ ухамсарлаж ойлгосноор дараагийн алхмынхаа талаар тодорхой ойлголттой болно.

Үр дүн нь мөддөө гарахгүй, эсвэл жижиг, уйтгартай ажил байсан ч гэсэн ялагч нар урам зоригийг урдах саадаа давахын тулд ашигладаг.

Ихэнх хүн урам зориг, сэдлийг өөрийнх нь хяналтгүйгээр болдог ямар нэг шидэт зүйл гэж үздэг. Гэвч шинжлэх ухааны баталж буйгаар сэдлийн урсгал нь тархинд гурван үе шаттай явагддаг процесс ажээ.

Процессын эхний үе шат бол зохиолчдын нэрлэснээр “зураглал” юм. Энэ шатанд тархи эцсийн үр дүнг зураглан буулгадаг. Ийм процесс тархины өмнөд хэсэгт явагддаг агаад боломжит бүхий л зорилго болон үр дүнг авч үзээд тухайн нөхцөл байдалд тохирно гэж тодорхойлсон зураглалыг гаргаж ирнэ. Хэрэв машин барьж байгаа бол энэ нь GPS дээр очих газраа зааж өгөхтэй адил юм.

Тархи тухайн зорилгыг тодорхойлсон бол хурдаа нэмэх гэж нэрлэдэг хоёрдугаар шат руу шилжинэ. “Тухайн зүйлийг хийх ёстой” гэсэн бодлыг төрүүлсэн допамин ялгарах бөгөөд таныг зорилго эсвэл зорьсон зүйлдээ хүрэхийн тулд ямар нэг зүйл хийхэд хүргэдэг.

Гурав дахь үе шат бол “давхих” юм. Энэ процесст лимбийн систем, тархины бор гадаргын хэсгүүд оролцдог.

Юу болж байгааг шинжлэх ухааны үүднээс ойлгох нь чухал биш боловч ялагч нар энэ гурван шатыг бүгдийг нь хэрэгжүүлдэг гэдгийг ойлгох нь тун чухал. Харин дундаж хүмүүс энэ гурван үе шатны аль нэгэнд нь гацчихдаг.

Зорилгодоо хүрэхийн тулд чухал хэрнээ уйтгартай, нэгэн хэвийн ажил хийх шаардлагатай үед эдгээр гурван үе шат тун хэрэгтэй болдог. Ажлаасаа сатаарахгүйн тулд урдах ажлынхаа тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, тухайн ажлыг дуусгах нь зорилгодоо хүрэхтэй уялдаж байгааг ойлгох явдал юм.

Анхаарал төвлөрөл

Ямар ч нөхцөлд хамгийн чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх ур чадвар ялагч нарт байдаг. Анхаарал сарнил нь нийтлэг болсон өнөөгийн нийгэмд тун чухал зорилгоо биелүүлэхийн тулд ажилдаа төвлөрөх нь улам бүр хэцүү болсоор байна. Тархи маань бидэнд туслах асар их нөөц боломжийг агуулж байдаг ч тухайн мөчид зөвхөн нэг л зүйлд төвлөрөх боломжтойг шинжлэх ухаан нотолжээ. Энэ талаар та өмнө нь сонссон байх. Тиймээс яагаад анхаарлаа сарниулж байна вэ гэдгийг мэдэхийн оронд анхаарал сарнисан үед эргээд өмнөх ажил, зорилгодоо төвлөрөхөд туслах стратегиудтай танилцъя.

  • Эхлээд анхаарал сарнисан гэдгийг хүлээн зөвшөөр.
  • Тухайн ажил, зорилгын талаар мөн яагаад түүнийг дуусгах ёстой вэ гэдгийг өөртөө сануул.
  • Анхаарал сарниулсан гар утас, имэйл зэрэг шалтгаан нөхцөлийг үгүй хий.
  • Дахин эхлэх цэгийг тодорхойлоод өөртөө “эхлээд” гэсэн дохио өг.
  • Хийж буй ажлынхаа нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулах юм бол эргэн ажилдаа орох шинэ нөхцөл, орчныг бий болгож өгнө.

Тэнцвэртэй сэтгэл хөдлөл

Ялагч нар өөрсдийн болон бусдын сэтгэлийн хөдлөлийг анзаарч мэддэг учраас ямар ч нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөө харуулж, зогсоож, тохируулж чаддаг юм. Ихэнх тохиолдолд тэд сэтгэл хөдлөлийг өөрсдийнхөө талд ажиллуулдаг агаад сэтгэл хөдлөлөөр бусдад удирдуулахгүй байж чаддаг.

Хүний бүх сэтгэл хөдлөлийг тархины үйл ажиллагаа эхлүүлдэг. Тэдгээрийн зарим нь гэнэтийн зарим нь зориудынх байх нь бий. Аль ч тохиолдолд танд ямархуу мэдрэмж төрөх нь таны үйлдэлд нөлөөлдөг юм.

Ихэнх хүн сэтгэл хөдлөлийг аз жаргал, сэтгэл ханамж зэрэг сайн, уур хилэн, түрэмгийлэл зэрэг муу зүйлтэй холбож ойлгодог. Гэтэл ялагч нар сэтгэл хөдлөлийг зөвхөн “сайн эсвэл муу” гэж ойлгох нь зөв арга биш гэдгийг ойлгосон байдаг юм. Сэтгэл хөдлөлийг ойлгох илүү сайн арга бол тэдгээрийг “надад тус болох, эсвэл тус болохгүй” гэж үзэх юм.

Ямар ч нөхцөл байдалд орсон таныг амжилтад хүрэхэд туслах сэтгэл хөдлөлийн хоёр л хүчин зүйл бий. Тэр бол тохирох сэтгэл хөдлөлөө сонгох болон тэрхүү сэтгэл хөдлөлөө тохирох хэмжээгээр илэрхийлэх юм. Жишээлбэл, маш олон нөхцөлд уур, эсвэл түрэмгийлэл нь тохиромжтой хариу үйлдэл байж болох ч хэт их, эсвэл хэт бага байвал байдлыг огт өөр болгож хувиргана.

Сэтгэл хөдлөл болон үйлдлийн хооронд холбоос байдгийг, сэтгэл хөдлөлөө сонгож болно гэдгийг ялагчид мэддэг. Тохирох сэтгэл хөдлөлөө сонгоход туслах тун хэрэгтэй нэг арга бол тухайн байдлыг өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан дахин авч үзэх юм. Энэ нь улиг болсон арга мэт санагдаж болох ч тухайн нөхцөл байдлыг асуудал, бэрхшээл бус сорилт гэж хүлээж авах юм бол таны дараагийн үйлдэл эрс өөр болж өөрчлөгдөнө.

Ой санамж

Ялагч нар ой санамжаа ашиглаж ирээдүйг төсөөлж, шинэ нөхцөлд сайн дасан зохицож чаддаг. Хүмүүс ой санамжийн талаар төдий л их бодоод байдаггүй ч хүн их олон талаараа өөрийнхөө дурсамж, өмнөх туршлагуудын нийлбэр байдаг юм. Яг энэ мөчид таны эргэн тойронд юу болж буйгаас бусад бүх зүйл таны тархинд оршиж байдаг.

Хүний тархи ямар гайхалтай гээч! Ой зургаан сартай хүүхэд өдөр тутам 10 хүртэлх үг сурч, цээжлэх чадвартай байдаг бол насанд хүрээд 60 мянган үгийн сантай болох боломжтой юм. Гэвч хүмүүс яагаад хамгийн эхэлж дурсамжийг тархиндаа хадгалдаг вэ?

Харвардын анагаахын сургуулийн судлаач Моше Бар энэ талаар “Ихэнх хүн дурсамжийг амьдралынх нь үүх түүхийг багтаасан видео бичлэг, гэрэл зургийн альбом гэж боддог. Гэвч бодит байдал дээр дурсамж нь одоо цагт орчин нөхцөлийг хэрхэн үзэж, хэрхэн харилцахад шууд нөлөөлдөг юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, дурсамж нь хожим болж магадгүй үйл явдлыг төсөөлөх, дүрслэх, таамаглахад танд туслах зорилготой юм. Тодруулбал, яг одоо байж болох хамгийн зөв сонголтыг хийхэд тусална.

Тиймээс ямар дурсамжаа хадгалах, ямрыг нь гээх вэ гэдэг нь таныг амьдралдаа хэр амжилтад хүрэх вэ гэдэгт багагүй нөлөөлөх болно. Тэгвэл бидэнд хүссэн зүйлдээ хүрэхэд туслах дурсамжийн санг хэрхэн бий болгох вэ?

Нэг чухал хүчин зүйл бол аль болох олон шинэ зүйл, үйл явдалд тархиа нээж өгөх явдал юм. Онгоцноос үсрэх зэрэг заавал айхтар чухал зүйл байх албагүй. Шинэ үг цээжлэх, огт өөр шампунь хэрэглэх зэрэг ч байж болно. Ийм дадлыг төлөвшүүлэх юм бол яваандаа таны тархи маш олон дурсамжийг нэхэн санах чадвартай болох агаад энэ нь таныг зорилгодоо хүрэхэд туслах болно.

Дараагийн хүчин зүйл бол дурсахыг хүсэж буй зүйлээ давтан хийх юм. Ямарваа зүйлийг тодорхой арга барилаар байнга хийх, эсвэл шинэ зүйл сурах тусам хожим шаардлагатай үед эргэн санахад хялбар байх болно.

Хатуужил

Ялагч нар бүдэрч унасан ч бусадтай харьцуулбал багадаа нэг удаа дахин босож чаддаг. Тэд бүтэлгүйтлийг өөрөөр дүгнэж, түүнийг давуу талаа болгон хувиргаад өөрөө л дууссан гэж хэлээгүй бол аялал нь дуусаагүй гэдгийг ухаарсан байдаг юм. Амьдралд нь сайн болон муу зүйл тохиолдоход юу нөлөөлсөн талаарх хувь хүний итгэлийг тодорхойлсон “хяналтын байрлал” гэсэн нэршлийг сэтгэл зүйч Жулиан Роттер гаргажээ. Хэрэв танд хяналтын дотоод байрлал байдаг бол та өөрийгөө хувь заяаныхаа эзэн нь гэдэгт итгэдэг. Харин танд хяналтын гадаад байрлал бий бол өөрийгөө гадаад орчны золиос болох магадлалтай, хувь заяагаа өөрчилж чадах хүч бараг үгүй гэж боддог.

Нэг сонирхолтой харьцуулалт бий. Ялагч нар бүтэлгүйтэж, бүдэрч унах бүртээ дахин босож ирж чаддагаас гадна ялагдах, бүтэлгүйтэх нь тодорхой нөхцөлийг идэвхтэй эрж хайдаг. Тэд унана гэдгээ мэддэг. Тэд хангалттай сайн биш бус харин зорьж буй зүйл нь хэтэрхий том учраас замдаа бүдэрнэ гэдгийг мэдэж байдаг юм.

Хатуужилтай болох нэг арга бол маш сайн хатуужил, тэвчээр бүхий даган дуурайх хүнтэй болох билээ. Тийм хүмүүс ховор биш. Нэрт зохиолч Стивен Кинг бүтээлийг нь хэвлэхээс татгалзсан маш олон хариу хүлээж авсан агаад эцэстээ тэдгээрийг цуглуулах хоббитой болжээ. Ж.К.Роулинг мөн Харри Поттерийг хэвлэх компани олох хүртлээ 10 гаруй татгалзсан хариу авсан гэдэг. Тэрбээр компьютер авах, номоо хувилах боломжгүй үнэхээр ядуу байсан учраас хэвлэлийн компанид бүтээлээ гараар бичиж (90 мянган үг) өгсөн юм.

Дасан зохицох

Ялагч нар өөрчлөгдөн буй нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байдаг. Тэд энэ бодит үнэнийг тун стратегитай ашигладаг бөгөөд амжилтын төлөө тархиа байнга сайжруулж, дасгалжуулж байдаг юм.

Лондон хотын таксины жолооч нар 25 мянган гудамж болон эмнэлэг, зочид буудал, хөшөө зэрэг олон мянган газруудыг багтаасан Лондон хотын газрын зургийг цээжлэх ёстой болдог. Зөвхөн энэ баримт нь олон хүний гайхашралыг төрүүлэх байх. Гэхдээ үүнээс ч гайхалтай зүйл гэвэл эдгээр мэдээллийнг тархиндаа хадгалснаар тэд тархиа улам сайжруулж, шинэчилж байдаг нь юм. Ялангуяа таксины жолоочоор хэр удаан ажилласнаас хамаарч тархины гиппокампын хэмжээ томордог агаад энэ нь тархины хэмжээ таны туулж өнгөрүүлсэн зүйлсээс шууд хамааралтайг илтгэж байгаа хэрэг билээ.

Бодож, мэдэрч, үйлдэх бүрт тархинд түүний дагуух өөрчлөлт гарч байдаг. Эдгээр жижиг өөрчлөлтүүд нь цаг хугацааны туршид нэмэгдсээр бүр том нөлөө болж хувирдаг байна.

Тархины үйл ажиллагааг эергээр өөрчлөх нэг арга бол бясалгах юм. Багадаа найман долоо хоног бясалгал хийхэд серотонин ялгаруулдаг тархины давхаргын зузаан нэмэгдэж байгааг олон судалгаа нотолсон юм.

Тархиа хамгаал

Ялагч нар сайн хүнс, хангалттай нойр, дасгалаар тархиа хайрлаж хамгаалдаг. Биед сайн ихэнх зүйлс тархинд сайн байдаг юм.

Дасгал хийх үед цусны эргэлт нэмэгдэж, улмаар улам их хүчилтөрөгчийг бие шингээж авдаг байна. Үр дүнд нь тархинд улам их хүчилтөрөгч очно, тархины үйл ажиллагаа улам сайжирна. Энэ нь цаг хугацааны явцад улам сайжирсаар зөвхөн таныг ажиллаж байхад бус цаг үргэлж таны тархи өндөр түвшинд ажиллах боломжтой болно. Иллинойсийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Артур Крамерын зөвлөснөөр долоо хоногт гурван удаа 30 минут орчим багахан хэмжээний дасгал хийхэд ийм үр дүнд хүрэх боломжтой аж.

Тэгвэл тархины үйл ажиллагааг дэмждэг өөр ямар “түлш” байдаг вэ? Хоол хүнснээс тодорхой хэмжээний өөх тос авч байх нь тун чухал. Тархины үйл ажиллагаа хэвийн явагдахад омега-6 болон омега-3-ийн харьцаа 4:1 байх ёстой юм. Тодруулбал, долоо хоног бүр яргай зэрэг хүйтэн усны загас багахан хэмжээгээр идэхэд хангалттай хэмжээний омега тос авах боломжтой.

Дасгал хийж, зөв хооллосон бол сайн унтаж амрах ёстой. Энэ талаар та өмнө нь олонтоо сонссон байж болох ч давтан хэлэхээс өөр аргагүй юм. Трент их сургуулийн нойр судлаач, сэтгэл судлалын ухааны профессор Карлайл Смитийн хийсэн судалгаанаас үзвэл бүтэн шөнө унтаж амарвал булчингийн үйл ажиллагаа 20-30 хувиар сайжирдаг байна.

Хэрэв та хангалттай хэмжээгээр унтаж чадахгүй байгаа бол үүнийг засахад бясалгал тусална. Бясалгал нь таныг унтахад бэлдэхээс гадна нойрны чанарыг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл, нойргүйдэлтэй хүний хувьд давхар ач ашигтай эм юм.

Дүгнэлт

Хүний тархи бол сайтар тохируулсан машин бөгөөд хэрхэн ашиглаж, арчлах нь амжилтад хүрэх эсэхийг тодорхойлдог. Тиймээс тархиа хайрла, хамгаал.

0 Shares
Хариу үлдээх