Зохиолч: Дон Мигель Руис

Дөрвөн гэрээ

The Four Agreements
Бид айдастай тулах бүртээ арай илүү чөлөөтэй болдог. Айдсаа тэжээхээ зогсоо. Үүний тулд бид сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, айдсаас төрөн гарсан сэтгэл хөдлөлийг тэжээдгээ зогсоох хэрэгтэй. Амьдралын драм тэр чигтээ бидний итгэдэг, итгэдэггүй зүйлийн үр дүн гэдгийг ухамсарлах аваас та өөрчлөгдөж эхэлнэ.

Анхаарлаа төвлөрүүл. Энэ бол эцэг эх, багш нараасаа бидний байнга сонсдог үг. Үнэхээр зөв зөвлөгөө. Өнөөгийн завгүй ертөнцөд биднийг элдэв мэдээлэл, мэдээ бөмбөгдөж байна. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар нь хэрэггүй мэдээллийг хязгаарлаж шүүх, зөв сонголт хийхэд туслах юм. Дон Мигель Руисийн эл номдоо дурдсан Толтекийн зөвлөгөөний хувьд анхаарал маш чухалд тооцогддог. Олон мянган жилийн өмнө толтекүүд Мексикийн өмнөд хэсэг даяар эрдэм мэдлэгтэй хүмүүс хэмээн алдаршиж байсан агаад хэрэв тэдний зөвлөгөөг дагавал “хувийн эрх чөлөө”-нд хүрч чадна гэж Руис үзсэн байна.

Хүмүүс амьдралынхаа туршид юунд итгэж, юунд үл итгэх, юуг хүлээн зөвшөөрч юуг үл хүлээн зөвшөөрөх, юуг сайн, юуг муу гэх вэ, зөв болон буруу гэж юу вэ гэдэгт суралцахад анхаарлаа ашигладаг байна. Гэхдээ бид хэрхэн суралцдаг вэ? Бусдаас, бусдын жишээнээс сурдаг. Хүүхдүүдэд өөрсдийн итгэл үнэмшлээ сонгох боломж байдаггүй агаад гэр бүл, найз нөхдөөс дамжиж ирсэн зүйлд л итгэцгээдэг. Бид тэдэнтэй санал нэгдэхээр шийддэг, улмаар тэдний зөвлөгөөнд итгэдэг.

Тэдгээр итгэл дээрээ үндэслэж бид төгс байдлын төсөөллийг бий болгох агаад түүндээ хүрэхийн төлөө амьдардаг. Асуудал нь бид тэрхүү хүрэх шугамаа хэтэрхий өндөрт тавьдагт оршино. Бид хүн учраас алдаа дутагдалтай. Үүнийг бид төгс болоход маань учирч буй гол саад, сорилт гэж үзэж өөрсдөдөө сэтгэл хангалуун бус үлддэг юм. Хүссэн, бодсон шигээ байж чадаагүйн төлөө өөртөө хатуу ханддаг. Харин толтекүүдийн зөвлөгөөнд үндэслэж Руис өгүүлэхдээ бидний хувьд хамгийн чухал хүн бол бид өөрсдөө гэжээ.

Хүмүүст өөрийн үнэ цэнийг илтгэн харуулахын тулд бид тэдэнд төрөл бүрийн амлалт өгдөг ч хамгийн чухал нь бидний өөрсдөдөө өгдөг амлалтууд юм. Бид хэн бэ, юу мэдэрдэг вэ, юунд итгэдэг вэ, ямар зан характер гаргах вэ гэдгийг ийм гэрээнүүд дээр тулгуурлаж бид өөрсдөдөө хэлдэг. Энэ бүхний нийлбэр нь бидний зан араншин билээ. Руисийн зөвлөж буйгаар бид толтекүүдийн дөрвөн гэрээг зам заагч болгох ёстой аж. Тэдгээр гэрээг ашигласнаар бидний өөртөө өгдөг амлалтууд нь өөрөөрөө бахархах, өөртөө сэтгэл хангалуун байхын суурь болдог байна.

Эхний гэрээ – Хэлсэн үгэндээ эзэн бай

Хэлсэн үг гэж юу болохыг эхлээд авч үзье. Хүмүүс ихэвчлэн “Хэлсэндээ хүрээрэй”, “Амласан бол амласан”, “Амлаж байна” гэхчилэн хэлдэг бөгөөд эдгээр үгс нь үнэнч байна гэсэн утгыг агуулж буй. Ямар ч тохиолдолд хэлсэн, амласан зүйлдээ хүрч амласнаа хийнэ гэсэн үг.

Харин “impeccable” гэсэн үгийн (англи эхдээ ийн дурдсан буй) утгыг авч үзвэл алдаагүй, хуумгай биш, төгс, алаг цооггүй, дунджаас дээш гэсэн утгатай. Руис харин өөр нэг утгыг бидэнд тайлж өгч байна. Impeccable гэдэг нь латинаар pecatus буюу нүгэл гэсэн үг бөгөөд “im” гэсэн үгүйсгэх утга заасан угтвар орсноор “нүгэлгүй” гэсэн утга гарах юм.

Өөрийгөө шүүж, өөрийгөө шүүмжлэх зэрэг өөрийнхөө эсрэг хэлж буй үг бүр нь алдаа юм. Өөртөө “эзэн байна” (impeccable) гэдэг нь өөрийгөө доош нь дарах бус харин үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээнгээ өөрийгөө шүүхгүй, шүүмжлэхгүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байх гэдэг нь аливаа үгийг өөрийнхөө эсрэг ашиглахгүй байх явдал гэж ойлгох хэрэгтэй.

Өдөр тутмын харилцаагаа харвал бид бусдыг үгээр ямар олон удаа доош нь хийж, дардгийг анзаарч болно. Үүнийг хов жив гэдэг. Бусад хүний сэтгэл санаа ч тавгүй байгааг харах нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлдэг учраас хов жив нь хүмүүсийг холбодог, ойртуулдаг нэг арга хэрэгсэл болжээ. Руис үүнийг компьютертэй зүйрлэж, хов живийг компьютерийн вирус гэж нэрлэсэн байна. Нэгэнт вирустсэн бол тэрхүү компьютер бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй.

Хэрэв бид эхний гэрээг хэрэгжүүлж хэвшвэл амьдралаа илүү бүтээлч болгох өөрчлөлтийг хийж эхэлнэ. Өөрийнхөө талаарх мэдрэмжийг өөрчилснөөр бид бусадтай, ялангуяа бидэнд нөлөөлдөг хүмүүстэй харилцах байдлаа өөрчлөх юм. Хэрэв бид эхний гэрээг мөрдвөл сэтгэл зүй маань илүү эерэг болж шинэчлэгдэнэ. Хэлсэн үгэндээ эзэн байх нь өөрийгөө дахин бүтээх эхний алхам болно.

Хоёрдугаар гэрээ – Юуг ч өөр дээрээ тусгаж авах шаардлагагүй

Аливаа зүйлийг өөр дээрээ тусгаж авах нь амиа бодсон зангийн хамгийн агуу илрэл гэж Руис үзжээ. Учир нь энэ бол бүх зүйл “миний талаар” байх ёстой гэсэн төсөөлөл юм. Гэвч бусдын хийж байгаа нэг ч зүйл бидний төлөө, эсвэл биднээс шалтгаалсан байдаггүй. Хүмүүс өөрсдийн мөрөөдөл, бодолдоо амьдардаг агаад тэд бидний амьдардагаас тэс өөр ертөнцөд байдаг юм. Бид ямарваа зүйлийг өөр дээрээ тусгаж авч буй нь бусад хүмүүс бидний ертөнцийг мэдэх юм байна, тэд өөрийн үзэл бодлыг надад тулгах гэж байна гэж үздэгийн илрэл.

Бид сөрөг зүйлийг өөр дээрээ тусгаж авбал гомдож, үзэл бодлоо хамгаалах хариу үйлдэл хийдэг бөгөөд үүнээс зөрчилдөөн үүсдэг. Хүмүүс өөрийн зөв, бусдын буруу гэдгийг харуулахын тулд заримдаа оргүй хоосныг хэт том зүйл болгож авч үздэг. Гэвч үнэндээ өөрийнхөө талаарх бодол маань ч тэр бүр үнэн байх албагүй.

Хүмүүс олон шалтгааны улмаас худал хэлдэг, заримдаа өөртөө хүртэл худал хэлдэг. Хэрэв бид бусдад худал ярьдаг шигээ өөртөө ч худлаа хэлдэг юм бол бусад хүмүүсийн бидэнд хэлж буй зүйл үнэн биш байх магадлалтай. Тиймээс бид өөртөө итгэж, нөгөө хүний хэлсэн зүйлд итгэх эсэхээ өөрөө л сонгох ёстой гэж Руис онцолж байна.

Хэрэв бид аливааг өөр дээрээ тусгаж авахаа больвол их олон таагүй зүйлээс зайлсхийж чадна. Уур, атаархал, хорсол, гутранги үзэл алга болно. Бусдын юу хэлж, хийж байгаад бид хамаг итгэл найдвараа даатгах шаардлагагүй. Хариуцлагатай сонголт хийхийн тулд өөртөө л итгэхэд болно.

Бид бусдын үйлдлийн төлөө огт хариуцлага хүлээдэггүй, харин өөрийнхөө үйлдлийг бүрэн хариуцах ёстой. Үүнийг ойлгож, аливааг өөр дээрээ хүлээж авахаас татгалзаж сурах юм бол сөрөг үг, үйлдэл таны хажуугаар өнгөрдөг болно.

Гуравдугаар гэрээ – Бүү дүгнэлт гарга

Дүгнэлт гаргахын нэг сул тал нь түүнийг үнэн гэж итгэдэгт оршино гэж Руис үзжээ. Үнэхээр, бодитой шүү дээ гэж бид дотроо андгайлдаг. Бусад хүн юу хийж, бодож байгаа талаар бид дотроо дүгнэлт хийгээд түүнийг өөр дээрээ хүлээж авдаг агаад улмаар бусдыг шүүмжилж, үгээрээ дамжуулан “сэтгэл санааны хор”-ыг тэдэн рүү цацаж байдаг.

Бид тодруулж асуухаас айдаг учир дүгнэлт хийж, түүндээ итгэдэг. Улмаар тэрхүү дүгнэлтээ хамгаалж, бусдыг буруутай гэж харуулахыг хичээдэг юм. Төсөөлөл, дүгнэлт гаргахаасаа өмнө асууж байх нь зүйтэй хэмээн Руис зөвлөсөн бөгөөд учир нь дүгнэлт биднийг бүтэлгүйтэл рүү хөтлөх нь олонтоо.

Ямар нэг зүйлийг сонсоод гүйцэд ойлгоогүй хэрнээ ямар утга учиртай талаар нь дүгнэлт гаргаж, түүндээ итгэх нь элбэг. Хүмүүс амьдралыг юу гэж үздэг талаарх дүгнэлтийг ч гаргадаг. Бусад хүмүүс бидэн шиг бодож, бидэн шиг мэдэрч, бидэн шиг дүгнэдэг хэмээн төсөөлдөг.

Дүгнэлт гаргахаас сэргийлэх нэг арга бол асуух юм. Хэрэв ойлгохгүй бол асуу. Тухайн зүйлийг аль болох сайн ойлгох хүртлээ асуух зоригтой бай. Ингээд ч тухайн зүйлийг бүрэн мэддэг боллоо хэмээн дүгнэж болохгүй.

Хэрэв хариултыг нь мэдэх юм бол дүгнэлт гаргах шаардлагагүй болно хэмээн Руис онцолжээ. Учир нь бид үнэнийг нэгэнт мэддэг болсон.

Дөрөв дэх гэрээ – Үргэлж хичээ

Нүцгэн үнэн: ямар ч нөхцөлд илүү ч үгүй, дутуу ч үгүй үргэлж сайнаараа хий.

Гэхдээ хамгийн сайнаараа хийнэ гэдэг нь өмнөх нэг хоромтой дараагийн хором адилгүй байна гэдгийг ойлгосон үед л бүрэн хэрэгжинэ. Юмс цаг үргэлж өөрчлөгдөж байдаг учир бид заримдаа маш чанартай зүйл хийнэ, заримдаа түүн шигээ сайн байж чадахгүй. Хамгийн сайн гэдэг маань бидний мэдрэмж ямар байгаагаас их шалтгаалдаг.

Хэрэв хамаг сайнаараа, чадах чинэгээрээ хийх гэж их хичээх юм бол хэт их эрч хүч зарцуулж, эцэстээ хамгийн сайнаараа хийгээд ч хангалттай болж чадахгүйд хүрнэ. Хэрэв хэтрүүлвэл өөрийгөө ядрааж, зорилгоо биелүүлэхэд илүү их хугацааг зарцуулна. Хэрэв өөрийн ур чадварын дээд түвшинд хүрэхээргүй ажиллавал сэтгэлээр унаж, өөрийгөө хэт шүүмжилж, харамсал, гэмшлийг мэдэрнэ.

Ихэнх хүн шагнал урамшууллын төлөө үйлдэл хийдэг агаад үйлдлээс таашаал авч чаддаггүй. Тийм учраас тэд хамгийн сайнаараа хичээн ажиллаж чаддаггүй юм. Харин шагнал урамшуулал горьдолгүй тухайн зүйлийг хийхийн төлөө хийх юм бол тухайн үйлдлээс таашаал авч чадна. Мэдээж урамшуулал, шагнал байж болох ч түүнд хөтлөгдөх хэрэггүй.

Хийж буй зүйлдээ дуртай байх юм бол бид хамгийн сайнаараа хичээх бөгөөд ингэж чадвал амьдралаас таашаал авна. Хөгжилдөж, улмаар уйтгарлах, сэтгэлээр унах завгүй ажиллана.

Руис үүнийг “үйлдэл бол бүрэн дүүрэн амьдрах явдал юм” гэж тодорхойлжээ. Харин эс үйлдэл нь амьдралаас татгалзаж байна гэсэн үг аж. Эс үйлдэл бол өдөржин шөнөжин зурагтын өмнө суухыг хэлэх бөгөөд учир нь тийм хүн амьд байхаас, өөрийгөө хэн бэ гэдгээ илэрхийлэхээс айж байдаг. Өөрийгөө илэрхийлнэ гэдэг нь үйлдэл хийнэ гэсэн үг юм. Толгойд маань олон агуу санаа төрж болох ч түүнийг хэрэгжүүлэх цорын ганц арга бол үйлдэл. Санааг хэрэгжүүлэх үйлдэл үгүй бол инновац, үр дүн, шагналын аль нь ч байх боломжгүй.

Хамаг сайнаараа хичээсэн тохиолдолд л эхний гурван гэрээ хэрэгжих боломжтой. Цаг үргэлж хэлсэндээ хүрдэг байна гэж төсөөлж болохгүй. Хэлсэндээ хүрэхийн төлөө чадах чинээгээрээ хичээ. Бүх зүйлийг өөр дээрээ тусгаж авахгүй гэж төсөөлөх хэрэггүй. Зүгээр л чадах чинээгээрээ хичээ. Ямар ч дүгнэлт гаргахгүй гэж бодох хэрэггүй, зүгээр л хичээ.

Хэдий дүгнэлт гаргаж, өөр дээрээ тусгаж авч, хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй байсан ч хэрэв бид хичээх л юм бол өөртөө сэтгэл хангалуун байж чадна.

Хуучин гэрээг өөрчлөх нь

Хувийн эрх чөлөөнд хүрэх эхний алхам бол ухамсарлаж сэрэх явдал гэж Руис зөвлөсөн. Чөлөөтэй болохын тулд чөлөөтэй биш гэдгээ ухамсарлах шаардлагатай. Асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудал нь юу вэ гэдгийг мэдэх ёстой.

Бид айдастай тулах бүртээ арай илүү чөлөөтэй болдог. Айдсаа тэжээхээ зогсоо. Үүний тулд бид сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, айдсаас төрөн гарсан сэтгэл хөдлөлийг тэжээдгээ зогсоох хэрэгтэй. Амьдралын драм тэр чигтээ бидний итгэдэг, итгэдэггүй зүйлийн үр дүн гэдгийг ухамсарлах аваас та өөрчлөгдөж эхэлнэ.

0 Shares
Хариу үлдээх