Зохиолч: Хэл Элрод (Hel Elrod)

Өглөөний гайхамшиг

The Miracle Morning
Амьдралдаа мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах 30 өдрийг өөртөө зориул. Өнгөрсөн үе ямар ч байсан гэсэн та одоог өөрчлөх замаар ирээдүйгээ өөрчилж чадна.

Энэ бол таны цаг, энэ бол таны түүх.

Амьдралынхаа ямар ч үед байлаа гэсэн тэрхүү үеийг түр зуурынх бөгөөд та чухам эл мөчид байх ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Та сурах ёстой зүйлээ сурч, улмаар хүссэн амьдралаа бүтээж чадах хүн болоход улам ойртохын тулд яг энэ цаг мөчид ирсэн нь гарцаагүй.

Та амьдралаа өөрийн гараар бичиж буй бөгөөд сайн түүх бүхэн сорилттой байдаг билээ. Та одооноос эхлээд юуг ч өөрчилж, эсвэл бүтээж чадна. Үүнд эл номын хураангуй туслах юм.

Хэл Элродын “Өглөөний гайхамшиг” номд гурван чухал дүгнэлтийг гаргаж ирдэг:

Та дэлхий дээрх бусад хүмүүсийн нэгэн адил ер бусын эрүүл мэндтэй, эд баялагтай, аз жаргалтай, хайр дурлалтай, амжилттай амьдралыг бүтээх, хадгалах үнэ цэнтэй, эрхтэй, боломжтой гэдгээ ойлгох ёстой. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрч эхлэх нь зөвхөн таны амьдралын чанар төдийгүй гэр бүл, найз нөхөд, харилцагч, хамт ажиллагчид, хүүхэд гээд тантай холбоотой хүн бүхэнд маш чухал нөлөөтэй.

Ажилдаа амьдралдаа ч хүртэх эрхтэйгээсээ бага зүйлийг хүлээн зөвшөөрөхөө болих хэрэгтэй. Хувь хүний, мэргэжлийн, санхүүгийн тал дээр хүссэн амжилтдаа хүрэхийн тулд та тэрхүү амжилтыг татах, бий болгох, хадгалах чадвартай, чадамжтай болох ёстой. Үүний төлөө өдөр бүр тодорхой хугацааг зарцуул.

Өглөө бүр хэрхэн сэрдэг болон өглөөний дэглэм нь таныг амжилтанд хүрэхэд асар их нөлөөтэй. Төвлөрсөн, бүтээлч, амжилттай өглөө нь төвлөрсөн, бүтээлч, амжилттай өдрийг, цаашдаа амжилттай амьдралыг бүтээдэг бол харин төвлөрөл муу, бүтээлч бус, дундаж өглөө нь төвлөрөл муу, бүтээлч бус, дундаж өдрүүдийг, цаашдаа тааруухан амьдралыг л бий болгоно.

Зөвхөн өглөө босох дадлаа өөрчилснөөр та бодсоноосоо ч хурдан хугацаанд амьдралынхаа хүссэн бүхнийг эрс өөрчилж чадна.

Гадаад ертөнц нь бидний дотоод ертөнцийн тусгал байдаг. Бидний амжилтын түвшин нь бидний хөгжлийн түвшинтэй ижил байдаг юм. Хүссэн амьдралаа бүтээж чадах өөрийгөө бүтээхийн тулд өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх ёстой.

95 хувийн илрүүлэлт

Хүмүүсийн 95 хувь нь хүсэж буй зүйлээсээ багыг амьдралаас авахад бэлэн байдаг агаад хүссэн бүхнээ авч чадна гэдгийг хэзээ ч ойлгодоггүй. Тэгвэл нөгөө таван хувьд багтахын тулд та яах ёстой вэ?

Алхам 1: 95 хувийг зөвшөөрөх

Ихэнх хүн боломжоосоо доогуур түвшинд амьдардаг нь нууц биш. Үүнийг хүлээн зөвшөөрсөн бол дараагийн алхмууд руу шилжье.

Алхам 2: Тааруу амьдралын шалтгааныг тодорхойл

Тааруу амьдралаас зайлсхийхийн тулд хүмүүс яагаад дундаж амьдралтай болдог шалтгааныг мэдэх хэрэгтэй. Нэг шалтгаан нь бид өчигдрийн стресс, айдас, зовнилоо өнөөдөр руу тээж авчирдагтай холбоотой. Өнгөрснөөс салж, элдэв хязгаарлалтыг давахын тулд та өнгөрсөн рүү харахаа болиод хязгааргүй олон боломж бүхий амьдралыг төсөөлөх ёстой.

Өөр нэг шалтгаан бол хүмүүс өөрсдийн зорилгоо мэддэггүй явдал мөн. Амьдралын зорилгоо, хүсэж буй зүйлээ сонгоод түүнийхээ дагуу амьдар.

Гурав дахь шалтгаан бол тохиолдол бүрийг тус тусад нь авч үзэх юм. Сонголт бүрийн маань бодит нөлөө, үр дагавар түр зуурынх гэдгийг ухаар. Болсон явдал бүрийг тус бүрт нь авч үзэхээ болиод том зургаар нь харж эхэл. Бидний үйлдэл бүр биднийг хэн болоход нөлөөлдөг бөгөөд энэ нь эцэстээ бидний бүтээх амьдралыг тодорхойлдог.

Өөр нэг түгээмэл шалтгаан бол хариуцлага сул байх юм. Таныг хариуцлагатай байлгаж чадах хамтрагчийг ол.

Дараагийн шалтгаан бол тааруухан хүрээлэл юм. Хүн цагийг хамгийн их хамт өнгөрүүлдэг таван хүнийхээ дундаж нь байдгийг судалгаа харуулсан. Хэнтэй цагийг өнгөрүүлж байгаа нь таныг хэн болох, амьдралын чанар ямар байхыг тодорхойлох цорын ганц нөлөөлөгч хүчин зүйл байж магадгүй. Таныг залхуу, сул дорой сэтгэхүйтэй хүмүүс хүрээлдэг бол та тэдэн шиг л болно. Эерэг, амжилтад хүрсэн хүмүүстэй хамт байвал тэдний хандлага, амжилтад хүргэсэн дадал танд нөлөөлж эхэлнэ.

Бас нэг шалтгаан бол өөрийгөө хөгжүүлэхээс хойш суух юм. Бидний амжилтын түвшин хувь хүний хөгжлийн түвшингээс маань барагтай л бол хэтэрдэггүй. Учир нь та хэн болж байгаа нь амжилтыг татах үгүйг шийддэг юм. Амжилтын түвшин нь хувь хүний хөгжлийн түвшингээс тэр бүр хэтрэхгүй.

Сүүлийн шалтгаан бол алгуурлал юм. “Нэг л өдөр хийнэ дээ” гэсэн төрөлхийн сэтгэлгээ бол хүнд байдаг. Та өнөөдөр юу хийх нь таныг хэн болохыг тодорхойлох учраас одоо цаг таны амьдралын хамгийн чухал мөч юм. Энэ нь таны амьдралын чанар болоод чиглэлийг үргэлж тодорхойлж байх болно.

Алхам 3: Шийдвэр гарга

Өнөөдрөөс эхлээд юуг өөрөөр хийж эхлэх вэ гэсэн шийдвэрээ гарга. Маргааш, ирэх долоо хоног, дараа сард биш яг өнөөдөр.

Дундаж, тааруухан амьдралаар дахиж амьдрахгүй гэдгээ шийдсэн өдрөөс таны амьдрал тэрчигтээ өөрчлөгдөнө. Өнөөдөр бол таны амьдралын хамгийн чухал өдөр гэдгийг, өнөөдөр бол таны амьдралын бусад цаг үеэс хамгийн ач холбогдолтой нь гэдгийг ойлго.

Та өглөө яагаад сэрсэн бэ?

Хэрэв та бусадтай адилхан бол өглөө бүр орноосоо арайхийн босохоос өмнө сэрүүлэг унтраах товчийг хэд хэдэн удаа дардаг байх. Ингэх нь амьдрахаас татгалзаж буй явдал гэдгийг ойлго. Сэрүүлгийг унтраах товчлуурыг дараад “сэрмээргүй байна аа” гэж бодож байгаа нь үнэндээ “би амьдармааргүй байна аа” гэж хэлж буйгаас ялгаагүй.

Өглөөний өнгө аяс тухайн өдрийн нөхцөл байдалд хүчтэй нөлөөлдөг. Өглөө бид хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй сэрвэл тэрхүү өдрийг хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй өнгөрүүлнэ.

Хамгийн гол нь бид шаардлагатай нойроо авч байх ёстой. Энэ бол аяндаа биелдэг мэргэ төлөг юм шүү. Хэрэв та өглөө босоод өөртөө ядарч байна даа гэж хэлэх юм бол өдөржин ядарна. Харин тэгж хэлээгүй бол өдөржин ядрахгүй. Үүнийг өөр дээрээ туршиж үз, дараа нь танд яг хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ гэдгийг мэдэж аваарай.

Нойрмоглолгүй сэрэх таван алхамт стратеги

Алхам 1: Унтахаас өмнө сэтгэл санаагаа бэлтгэ

Өглөө толгойд орж ирдэг эний бодол нь ихэнхдээ орондоо орохоос өмнөх сүүлийн бодол байдаг. Тиймээс маргааш өглөөд зориулж орой бүр өөртөө эерэг төсөөллийг бий болгож байгаарай.

Алхам 2: Сэрүүлгээ өрөөний нөгөө буланд байрлуул

Ингэснээр та орноосоо босохоос аргагүй болж, биеийн дасгал хөдөлгөөн хийж эхэлнэ гэсэн үг юм.

Алхам 3: Шүдээ угаа

Шууд ванны өрөө орж, шүдээ угаа.

Алхам 4: Аяга ус уу

6-8 цаг унтсаны дараа таны биед ус дутагдаж, үүнээс үүдэн ядарч магадгүй. Тиймээс бие, сэтгэлээ аль болох хурдан усаар сэргээ.

Алхам 5: Хувцсаа өмс, эсвэл шүршүүрт ор

Өдрийг сайхнаар эхлүүлэхэд хэрэгтэй үйлдлийг заавал хий. Дараа нь өглөөний турш сэргэг байлгах жижиг дадлуудыг сурч аваарай.

Ингээд Life S.A.V.E.R.S буюу Таныг биелэгдээгүй боломжоор дүүрэн амьдралаас ангижруулах зургаан дадлыг танилцуулъя.

Нам гүм, тэр тусмаа зорилготой нам нүм байдал нь толгой дахь чухал зорилгуудаа анзаарахад туслах эхний дадал юм. Үүний тулд та бясалгал, залбирал, бодрол, амьсгалаа гүнзгий авах, талархах зэргийг хийж болно.

Эерэг үгс бол хүсэж буй хүнээ маш хурднаар бүтээх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Амьдралынхаа аль ч талбарыг дараагийн түвшинд хүргэхэд шаардлагатай сэтгэлгээг хөгжүүлж төлөвшүүлэхэд эерэг үгс тусална. Өөртөө эерэг үг хэлэх нь ухамсарт тэр даруй нөлөөлж, цаашдаа таны бодол, мэдрэмжийг эрс өөрчилнө.

Төсөөлөл бол ямар нэг зан араншин, эсвэл амьдралдаа болж буй зүйлийн үр дүнг бүтээх байдлаар гадаад ертөнцөд эерэг үр дүнг бий болгох дадал юм. Гол зорилго, хамгийн их хүсдэг зүйлсээ төсөөл. Дараа нь өөрийгөө хэн болсон байхыг, түүний тулд юу хийх ёстойг төсөөл.

Дасгал таны өдөр тутмын дадлын суурь байх ёстой. Хэдхэн минут байсан ч гэсэн дасгал хийвэл эрч хүч сэргээж, эрүүл мэнд сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хурц сэтгэх, анхаарал төвлөрөхөд тусална.

Унших бол амьдралаа бүхий л талаар сайжруулахад туслах мэдлэг, санаа, стратегийг олж авах хамгийн анхдагч аргын нэг юм.

Бичих бол энд дурдах сүүлчийн дадал юм. Бодлоо цаасан дээр буулгах нь өөр байдлаар олж харах боломжгүй үнэ цэнтэй мэдрэмж, ойлголтыг тодруулан гаргаж ирдэг. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь байдлыг тодорхой болгох, шинэ санаа олж авах, сургамжаа цэгцлэх, хэрхэн өсөж хөгжиж буйгаа тоймлоход тусална.

Эдгээр дадал танд анхандаа хэцүү санагдаж болох ч бүү ухар. Энэ бүхэн таны амьдралыг өөрчилнө.

6 минутын гайхамшиг

Бараг хүн бүр завгүй боловч хүсэж мөрөөддөг шигээ хүн болохын тулд өдөрт зургаан минутыг өөртөө зориулах боломж хүн бүрт бий.

Эхний минутанд нам гүм орчинд чимээгүй суу. Дараа нь нэг минутын турш зорилго, чухал ажлаа бод. Дараагийн нэг минутанд нүдээ аниад зорилгодоо хүрвэл ямархуу байхыг төсөөл. Нүдээ нээгээд удаах нэг минутанд баярлаж талархдаг зүйлсээ бич. Дараа нь танд шинэ зүйлийг зааж өгөх номноос нэг, эсвэл хоёр нүүрийг уншаарай. Эцэст нь нэг минут хэртэй дасгал хий.

Завгүй өдрүүдэд энэхүү зургаан минутын дадал нь таны хөгжиж дэвжих үйл явцыг түргэсгэнэ. Хэн ч амьдралаа сайжруулах боломжтой агаад үүнээс зугтах шалтаг хэлэх хэрэггүй.  

Өглөөний гайхамшгийг өөртөө тохируул

Өглөөний гайхамшгийг хүн бүр өөртөө тааруулан өөрчилж болно. Амьдралын хэв маяг болон чухал зорилгодоо тааруулан уг дадлыг өөрчлөх хязгааргүй олон боломж бий.

Сэрэх, эхлэх хугацаа

Өглөөний гайхамшгийг заавал өглөө хийх шаардлагагүй. Уг дадлаар өдрийг эхлүүлсний давуу талууд бий ч өглөө хийхгүй байсан ч үр дүнгээ заавал өгнө.

Өглөө Хэзээ, Яагаад, Юу идэх вэ

Өглөөний гайхамшгийг хийсний дараа хооллох нь хамгийн зөв. Хэрэв өмнө нь юм идмээр санагдвал хөнгөхөн хоолло. Жимс, хүнсний ногоо зэрэг бие махбодийг сэргээх хүнсийг сонгоорой.

Өглөөний гайхамшгийг зорилго, мөрөөдөлтэйгээ тохируул

Эерэг үгс болон төсөөлөл нь таны зорилго, мөрөөдөлтэй нийцэж байх ёстой бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд юуг бодож, юунд итгэж, юу хийх ёстой талаар тодорхой ойлголт өгөх ёстой.

Хойшлуулдаг занг ялах: Мууг нь эхлээд хий

Хойшлуулдаг дадлыг ялах хамгийн үр дүнтэй стратегийн нэг бол хамгийн дургүй хүрэм ажлыг эхэлж хийх юм.

Амралтын өдрийн Өглөөний гайхамшиг

Өглөөний гайхамшиг нь бүтээлч бөгөөд сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлдэг учир амралтын өдрүүдэд ч уг дадлыг дагаж мөрдөх нь чухал. Хийлгүй алгассан өдрүүдэд ямар байхыг анзаараад шийдвэрээ гаргасан ч болно.

Өглөөний гайхамшгийг үргэлж шинэ, хөгжилтэй, сонирхолтой байлга

Өглөөний гайхамшгийн дасгалуудын дарааллыг өөрчлөх, өөр төрлөөр хийх зэрэг нь чухал. Жишээлбэл, хийдэг дасгалаа, эсвэл бясалгалын аппликэйшнэ сольж болно. Гол нь өдөр тутмын зорилгодоо нийцүүлж өөрчлөлтийг хийгээрэй.

Амьдралыг өөрчлөх дадлуудыг бий болгох жинхэнэ нууц

Дадал маань бидний амьдралыг бүтээдэг. Тиймээс дадлаа эзэмшиж, удирдахаас илүү чухал зүйл үгүй.

Дадал бол байнга давтагддаг, ухамсаргүйгээр болдог зан авир юм. Та анзаарсан эсэхээс үл хамаарч дадлууд таны амьдралыг удирдаж байдаг. Тиймээс дадлаа удирдахын тулд хичээх хэрэгтэй.

Олон зуун харилцагч нартай ажилласны эцэст дүгнэхэд аливаа дадлыг зөв стратегитай байх юм бол 30 өдөрт өөрчилж болдог. Таны аз болоход та хамгийн шилдэг стратегийг одоо сурах гэж байна.

1-10 дахь өдөр: Эхний шат – Тэвчишгүй

Ямар нэг шинэ дадлыг суулгахад эхний 10 өдөр нь тэвчишгүй хэцүү байдаг. Гэвч ихэнх хүн ийм мэдрэмж нь түр зуурынх гэдгийг ойлгодоггүй. Үргэлж тийм байх юм шиг бодоод бууж өгдөг.

Харин та эхний 10 өдөр тэвчишгүй хэцүү байна гэдэгт бэлтгэлтэй байж чадвал саадыг давж амжилтанд хүрнэ. Хэцүүг дав, давсан цагт бүх зүйл хавьгүй хялбар болж хувирна.

11-20 дахь өдөр: Тавгүй

Удаах 10 өдөр арай хялбар боловч таагүй мэт санагдана. Дадал суулгах энэ шатанд сахилга бат, итгэл үнэмшил чухал. Итгэсэн хэвээр бай, та нэгэнт энэ хүртэл тэсссэн шүү дээ.

21-30 дахь өдөр: Зогсоогдошгүй

Сүүлийн 10 өдөрт та шинэ дадлаа сэтгэл ханамжтай холбож, улам хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Эхний 20 өдөрт та шинэ дадлаа хэцүү бөгөөд таагүй байдалтай холбож ойлгож ирсэн. Харин сүүлийн 10 өдөрт та шинэ дадлынхаа талаар баяртай, бахархалтай бодож эхлэх бөгөөд ингэснээр та цаашид шинэ дадлаа хадгалж үлдэх юм.

Амьдралыг өөрчлөх Өглөөний гайхамшгийн 30 өдөр сорилт

Хэрэв танд Өглөөний гайхамшгийг эхлүүлэхээс татгалзмаар санагдаж байгаа бол санаа зовох хэрэггүй, энэ бол байх л зүйл. Ялангуяа өглөө босох нь танд үргэлж хэцүү байсаар ирсэн бол тэгэх нь аргагүй.

Өглөөний гайхамшгийг ашиглаад олон мянган хүн амьдралаа эрс өөрчилсөн учир та тэднээс өөртөө итгэх итгэлийг олж аваарай.

Амьдралаа өөрчлөхөд оройтно гэж үгүй. Анхны Өглөөний гайхамшгаа аль болох хурдан (маргааш) төлөвлөөд хэрэгжүүлж эхэл.

Амьдралдаа мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах 30 өдрийг өөртөө зориул. Өнгөрсөн үе ямар ч байсан гэсэн та одоог өөрчлөх замаар ирээдүйгээ өөрчилж чадна.

0 Хуваалцсан
Хариу үлдээх