Зохиолч: Жэймс Алтучер (James Altucher)

Өөрөө сонго

Choose Yourself
Ажил, гэрлэлт, харилцаа, эсвэл ямар нэг гадны хүчин зүйлд найдаж аз жаргалтай болохыг хичээдэг бол гуних, гутархад хялбархан. Бусдаас хамаардаг, тэдэнд найддагаа зогсоох хэрэгтэй. Өөрөө сонголт хий, тэгвэл та амьдралаас жинхэнэ аз жаргалыг олж, эцэстээ дуртай зүйлээ хийдэг амьдралыг бүтээх юм.

1998-2008 оны хооронд Жэймс Алтучер байнга бүтэлгүйтжээ. Нийт 18 бизнес эхлүүлсэн ч бүгд дампуурч, мэргэжлээ 5-6 удаа сольж, олон компани дамжив. Тэрбээр депресст орж, яадгаа алдаж, сэтгэл санаа нь тайван бус болжээ.

Удалгүй тэрбээр тэр өөрийнхөө төлөө өөрөө сонголт хийх ёстойг ойлгосон байна.

Хүмүүс нэг мөчлөгтөө шигдсэн байдаг. Тэд америк мөрөөдлийг хөөж, их мөнгө, хурдан машин, улам том байшинг хүсдэг. Гэвч энэ зуур амьдрал нь алсран холдож, жинхэнэ аз жаргалтай болж чаддаггүй.

Та бусдад итгэж найдах боломжгүй болж, өмнөх алдаагаа давтсаар байдаг. Харин амжилтад хүрэхийн тулд өөрөө сонголт хийх хэрэгтэй. Хэрэв та өөрөө сонгож, “дөрвөн дүр төрх”-ийг хайрлаж чадах юм бол жинхэнэ аз жаргалыг олж, эцэстээ дуртай зүйлээ хийнгээ сайхан амьлрах болно.

Хэрхэн өөрөө сонгох вэ

Хүн бүр эрх чөлөөг хүсдэг агаад тэрхүү эрх чөлөөнд хүрэх хоёр арга бий. Тэдгээр нь үнэгүй бас хялбархан агаад хэрэв та эрх чөлөөнд хүрч чадах юм бол Өөрөө сонгох эринд амжилт олж чадна.

Зөвхөн дуртай зүйлээ хий

Эхний арга бол дуртай зүйлээ хийх юм. Энэ нь хэт тодорхой зүйл мэт санагдаж болох ч олон хүний хувьд энэ нь тийм ч тодорхой биш байдаг.

Зөвхөн хийх дуртай зүйлдээ л тийм гэж хэл. Хэрэв хийх дургүй зүйлээ хийхийг зөвшөөрөх юм бол та хүмүүсийн дургүйг хүргэнэ, та тааруу ажиллана, сайн хийж байсан зүйлээ хийх эрч хүч багасна, бага орлого олно, амьдралынхаа үнэт цагийг дэмий үрнэ.

Улам өдөөх ёстой цорын ганц гал бол таны доторх гал юм. Гадаад орчны нэг ч зүйл тэрхүү дөлийг өрдөж чадахгүй, та л өрдөх ёстой. Таны дотоод гал дөл хэр хүчтэй байна, төдий чинээ олон хүн түүнийг хүснэ. Тэд өөрсдийн харанхуй агуйг таны галаар гэрэлтүүлэхийг хичээх болно.

Харин та хүсэхгүй зүйлдээ тийм гэж хэлэх тусам таны гал унтарч эхлэх бөгөөд үүнийгээ үргэлжлүүлсээр байвал таны гал бүрмөсөн унтарна.

“Би дуртай зүйлээ хиймээр байна л даа, даанч мөнгө олох ёстой” гэж та бодож байгаа байх. Тийм ээ, үнэн, та гэр бүлээ тэжээх ёстой, үүрэг хариуцлага бий, тэтгэврийн мөнгөө хадгалах ёстой гээд олон зүйлд “үгүй” гэж хэлэхэд тань саад болох олон шалтгаан бий. Тэр талаар одоохондоо санаа зовох хэрэггүй.

Хоёр дахь арга бол бүх зүйлийг тодорхой болгож өгснөөр “тийм”, эсвэл “үгүй” гэсэн хариултуудаа гүнзгий, дотоод сэтгэл ханамжаас гарч байгаа эсэхийг мэдэж авна.

Өдөр тутмын давтлага

Хоёрдугаар арга бол өдөр тутмын давтлага юм. Бид хоосон, утга учиргүй болохоос айсаар амьдралаа үрдэг. Бид хоосон байдлаа хайр, мөнгө, таашаал гээд элдэв зүйлээр дүүргэхэд хамаг хүчин чармайлтаа зарцуулдаг. Гэвч юу ч оргүй хоосон, утга учиргүйг үгүй хийж чадахгүй.

Тэрхүү нүхийг дүүргэх хамгийн шилдэг арга бол гадаад мотивац ашиглах бус харин хэзээ ч үл унтрах дотоод галаа асаах юм.

Махан биеэс гадна танд сэтгэл хөдлөлийн бие, оюун ухааны бие, сүнслэг бие гэсэн гурван бие байдаг гэж төсөөлөгтүн. Тэдгээр бие болон махан биеийн хооронд цусны урсгал шиг урсдаг амьдралын хүч байна гэж төсөөлөөрэй. Мөн энэ бүхнийг эрүүл байлгадаг буюу хүний зүрх шиг цөм байна гэж бод.

Та энэ дөрвөн биеийг эрүүл байлгаж, байнга дасгалжуулах ёстой. Үүнийг л өдөр тутмын давтлага гэж байгаа юм. Энэ дөрвөн биедээ эрүүл саруул суурь бий болголгүйгээр өөрөө сонголт хийх боломжгүй.

Махан бие

Бидний бие бол амьд байхын тулд асарч хамгаалах ёстой бүрхүүл маань билээ. Асран хамгаалахад амархан ч дасгалжуулахад амаргүй. Бид бие махбодио сайн сайхан байлгахаас залхууран шалтаг хайж, бүх юм ОК болохоор гэж хойшлуулдаг. Гэвч тэгэх ёсгүй юм. Та зургаан толгойт булчинтай болох эсвэл супер модель шиг болох шаардлагагүй. Та зөвхөн эрүүл л байх ёстой.

Жанк хоол бүү ид, тогтмол 7-9 цаг унт, согтууруулах ундаа хэтрүүлэн бүү хэрэглэ, дасгал хий.

Өглөө бүр таван миль гүйх албагүй. Алхаж болно. 90 минут суусныхаа дараа 10 минут алх, цахилгаан шатаар бус шатаар алх. 10 минут йога хий. Амрах бүртээ алхахыг хичээ.

Хэт их дасгал хийнэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд хэт их алхлаа гэж гомдоллосон хүн байдаггүй.

Хэт их идэх хэрэггүй. Өдөрт хоёр удаа л хоолло. Хоолоо алгассаны улмаас өлсөж үхсэн хүн байхгүй. Хэрэв оройтоод хэт их идвэл таны бие хоолоо шингээх гэж шөнөжин хэцүүднэ. Энэ нь таны нойрт, өглөөгүүр бодисын солилцоонд нөлөөлнө.

Сэтгэл хөдлөлийн бие

Урам зориг өгөх эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Тэднээс аль болох их зүйлийг сурч, эргэн тойрныхоо хүмүүст галт бамбар нь байхыг хичээ.

Таныг “сүйтгэдэг” хүмүүсээс зайлсхий. Та энэ тал дээр хэт харгис байх албагүй ч таны эр хүчийг сордог хүмүүстэй харилцахаас чадах чинээгээрээ зугт. Хэрэв хэн нэгэн таныг зовоож байгаа бол тэднийг амьдралаасаа алга болго. Хэрэв хэн нэгэн таныг сэргээдэг бол түүнтэй улам ойрт.

Хэрэв тухайн хүнээс холдож чадахгүй бол тэдгээр хүмүүс таныг галзууруулж байгааг нь хүлээн зөвшөөр. Үүнийг ойлгох юм бол тэд таны сэтгэл хөдлөлийг удирдах нь багасна. Тухайн хүнтэй бага харилцах тусам тэдний үзүүлэх нөлөө буурах юм. Тэдэнтэй холбогдохгүй байх аргуудыг ол. Өдөрт тэр хүнээс шалтгаалж сэтгэлээр хэт их унах, гутрах тал дээр лимит тогтоож, түүнээс хэтэрсэн хэмжээгээр санаа зовних хэрэггүй.

Бусад хүний үзүүлэх нөлөөг хязгаарладаг туршилт бий. Тэр бол чадах чинээгээрээ чимээгүй байх юм. Хэрэв та яриагаа хязгаарлаж чадах юм бол хэнд юуг хэлэхээ илүү хянамгай сонгодог болно.

Сэтгэл хөдлөлийн биеэ арчилж тордсоноор та гаднаа ч сайхан харагдаж эхэлнэ. Дотор хүнээ эргэн тойрны хүмүүсийн булай муухайгаар дүүргэхээ боль, тэгвэл та өөрийнхөө булай муухайгаас хагацах болно.

Оюун ухааны бие

Таны оюун ухаан таны босс болохыг тэсгэлгүй хүсдэг. Таныг байнга завгүй байлгахыг, улмаар донтох, санаа зовох, депресст орох, төсөөлөх, дурсах, байнга бодох гээд таныг ядрах хүртэл өөрийн дуртай зүйлсээ тархи хийхийг хүсдэг.

Та л оюун ухаанаа удирдахгүй бол тэр таныг боол мэт залан удирдах болно. Ингэхийн тулд та оюун ухаанаа төвлөрүүлж сурах ёстой. Өөртөө зориулах цагийг нэмэгдүүлэх 10 арга, ажлаа хөнгөвчлөх 10 арга, эсвэл бизнес санаа гаргах зэрэг зорилгууд өөртөө тавь. Толгойгоо сайн ажиллуул, улмаар тэр өдөртөө таныг дахин ядраахгүй болтол нь тархиа ядраах хэрэгтэй. Тархиа ядрааж чадах юм бол тэр таныг удирдаж чадахгүй.

Хэрэв та хангалттай дасгалжуулахгүй бол таны “бодол санааны” булчин хатангиршна. Тэрхүү булчингаа ажиллуул. Нэгэнт хатангиршсан ийм булчинг сэргээхэд 3-6 сар шаардагддаг, тиймээс ийм зүйл болохыг та мэдээж хүсэхгүй биз ээ.

Сүнсэн бие

Таны Сүнсэн биед туслах олон арга бий бөгөөд тэр бүхэн нь заавал бурхан, шашинтай холбоотой байх албагүй юм.

Амьдралдаа тохиолдсон зүйлсэд талархах цаг гарга. Уучилж сур. Таныг гомдоосон хүмүүсийг бодоод тэднийг уучилж байна хэмээн төсөөл.

Бясалгал хий. Хэдэн минут хөдөлгөөнгүй суух нь хэцүү байж болох ч хэсэг хугацааны дараа та чимээгүй суугаад амьсгалаа ажигладаг болж сурна. Анхаарал сарних нь байх л зүйл. Ийм үед амьсгалдаа дахин анхаарал хандуул. Эхлээд тав, дараа нь зургаан минут бясалгал хий.

Маш олон хүн өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ санаа зовдог. Өнгөрсөн болон ирээдүй гэж байхгүй учраас ингэх нь цагийн гарз юм. Тэдгээр нь дурсамж болон таамаглалаас хэтрэхгүй агаад та аль алийг нь удирдаж чадахгүй. Тиймээс өнгөрсөн, ирээдүйг бодож цагаа үрэлгүй яг одоод амьдарч эхэл.

Санаа зовнилд автах нь амархан. Гэвч тийм зовнилууд бодитоор оршдоггүй агаад таны тархи л тийм зүйл байдаг гэж зохиож байгаа юм. Та өнгөрсөн болоод ирээдүйг хянаж чадахгүй, харин одоо цаг л гэж бий.

Ядрахаас зугтах аргагүй. Таныг тойрон хүрээлж буй гайхамшигтай нам гүмийг хүлээн зөвшөөрч, хүлээж ав. Өнгөрсний талаарх бодол, ирээдүйн талаарх зовнилоо хая. Санаа бодол ижил эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Тархиа удирдаж, эрүүл байлга. Энэ бүхнийг хийж чадах юм бол та чөлөөтэй болно.

Бэлтгэлээ зөв, сайн хийсэн гэдэгтээ итгэ. Та чадах бүхнээ хийсэн. Үр дүнг нь хүлээн зөвшөөр. Сайн зүйл болохдоо л болно.

Санаа зовдог зүйлсийнхээ тухай бод. Өмнөх айдсынхаа тухай хожим бодох бүрийд тийн санаа зовних нь ямар ч утга учиргүй байсан нь тодорхой болдог. Ингэлээ гээд та хэзээ ч сэтгэлээр унахгүй, тайван байна гэсэн хэрэг биш. Харин энэ нь таныг санаа зовнил, таагүй үеэ хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ шийдвэрээ одоо цаг дээр гаргадаг болоход хөтлөх юм.

Өдөр тутмын дадлагажилтад цаг гаргаснаар та амьдралаа асар ихээр сайжруулж чадна. Эдгээр ахиц дэвшил бүр хуримтлагдан нэмэгдсээр таны дотоод галыг сэргээж, та хэзээ ч унтрашгүй дотоод галтай болно. Улмаар та ертөнцийг гэрэлтүүлж, эргэн тойрныхоо хүмүүст гэрэл гэгээ өгнө.

Өдөр тутмын энгийн дадал

Өдөр тутмын дадлагажилт танд амаргүй байвал шантрах хэрэггүй. Нэг нэгээр нь хэрэгжүүл. Эхлээд гадаад амьдралаа бус дотроос урсан гарч буй гадаад өөрчлөлтөө засч шинэчлэх ёстой гэдгээ ухамсарла.

Ингээд өдөрт таныг бие махбодь, сэтгэл санаа, оюун ухаан, сүнсний хувьд эрүүл болгох НЭГ л зүйлийг хий. Дараахаас аль нэгийг өдөр бүр хийхийг эрмэлз.

  1. Найман цаг унтах
  2. Гурав бус хоёр удаа хооллох
  3. ТВ үзэхгүй
  4. Жанк хоол идэхгүй
  5. Өдөржин гомдоллохгүй
  6. Хов жив ярихгүй
  7. Таван жилийн өмнөх мэйлд хариу өгөх
  8. Найздаа талархал илэрхийлэх
  9. Инээдмийн кино, стэндап хошин шог үзэх
  10. Шинэ санаануудын жагсаалт гаргах. Юуны ч тухай санаа байж болно.
  11. Урам зориг өгөх өгүүллэг, бичлэг унш
  12. Сэрээд “Би өнөөдөр хүний амь аварна” гэж өөртөө хэл. Тийн аврах хүнийг анзаарч бай.
  13. Хоббитой бол. Одоогийн хэмнэлээсээ гарах ямар нэг зүйлийг хий
  14. Өдөр бүр хийдэг зүйлсээ бичсэн бүтэн өдрийн хуваарийг бич
  15. Нэгийг нь хийсэн бол чагтлаад тэр зүйлээ дахин бүү хий
  16. Хүмүүст сюрприз барь
  17. Талархдаг 10 хүнийхээ тухай бод

Ингэснээр та өдөр бүр бие махбодь, сэтгэл санаа, оюун ухаан, сүнсэн биедээ ямар нэг сайн зүйл хийх болно. Та өөрийнхөө төлөө сонголт хийж, аз жаргал, амжилтаар дүүрэн амьдралыг бүтээнэ.

Ажил, гэрлэлт, харилцаа, эсвэл ямар нэг гадны хүчин зүйлд найдаж аз жаргалтай болохыг хичээдэг бол гуних, гутархад хялбархан. Бусдаас хамаардаг, тэдэнд найддагаа зогсоох хэрэгтэй. Өөрөө сонголт хий, тэгвэл та амьдралаас жинхэнэ аз жаргалыг олж, эцэстээ дуртай зүйлээ хийдэг амьдралыг бүтээх юм.

0 Хуваалцсан
Хариу үлдээх