Зохиолч: Саймон Синек (Simon Sinek)
Манлайлагчид сүүлд хооллодог
Таны манлайлах арга барил хүмүүсийг алж байна. “Энэ хүн өнөөдөр намайг алчихлаа” гэдэг утгаараа бус харин “чамаас болж хүмүүс зүрхний шигдээс болж, үхэж байна” гэдэг утгаар.
Хэрэв University College London-ийн нэгэн судалгаа гараагүй бол энэ нь арай л хэтийдсэн зүйрлэл мэт танд санагдах байх. Тус судалгаанд дурдсанаар ажил дээрээ гаргасан хүчин чармайлтыг нь үнэлэхгүй бол зүрхний шигдээстэй болох магадлал илүү их байдаг гэнэ.
Хэрэв та хүмүүсийн хүчин чармайлт, ажлыг үнэлэх нь сайн манлайллын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол муу манлайлал нь хүмүүсийг алдаг гэдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Стресстэй ажлын орчин нь хүний бие организмд ямар нөлөө үзүүлдэг талаар эл номд тодорхой дурдсан тул уншихыг зөвлөе.
Өөр нэг цочмоор мэдээлэл. Хэрэв дарга нар ажилтнаа огт хайхрахгүй бол ажилтнуудын 40 хувь нь ажлаа тоохоо больж эхэлдгийг Gallup компанийн 2013 онд хийсэн “State of the American Workplace” судалгаа харуулсан. Энэ бол тийм ч цочмоор хэсэг нь биш. Хамгийн цочирдмоор нь хэрэв дарга нар ажилтнаа байнга шүүмжилдэг бол ажилтнуудын 22 хувь нь ажлаа үл хайхарч эхэлдэг байна.
Таны манлайлах арга барил бизнесээ мөн алж байна
Бизнесийн ертөнцийнхөн тоонд их ач холбогдол өгдөг. Бараг бүх зүйлийг тоонд хувиргаж, тоогоор илэрхийлдэг тус ертөнцөд бизнесээ амжилтад хүргэх, урагшлуулах цорын ганц зам бол хүмүүстэй хамт ажиллах, тэднээр дамжуулах ажлаа гүйцэлдүүлэх юм гэдгийг дарга нар мартчих гээд байдаг.
Тэгэхээр бид хэзээ, хэрхэн хүнийг тоогоор сольж эхлэв?
С.Синекийн өгүүлж буйгаар ийм явдал 1981 оны наймдугаар сарын 5-нд болжээ. Энэ өдөр Рональд Реган нислэгийн удирдлагын төвийн 11359 ажилтныг халсан юм. Тэднийг төлөөлсөн үйлдвэрчний эвлэл (PATCO) ажил хаялт зарлахаар айлгах үед ийм явдалд бэлтгэх, улмаар агаарын тээврийг бүрэн ажиллагаагүй болохоос нь сэргийлэх зорилгоор Засгийн газраас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ. Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд хамрагдсан хүмүүс ажлаа сайн хийж байгаа нь тодорхой болсны дараа ажилтнуудыг ажлаас нь халах тушаалыг гаргасан байна.
Яг энэ өдөр бизнесийг хамгаалах нь хүмүүсийг хамгаалахаас чухал гэсэн жишгийг Реган бий болгосон гэж С.Синек үзсэн юм.
Түүнээс хойших хоёр арванд хамгийн их хүндлэгдсэн бизнесийн манлайлагч бол “хувьцаа эзэмшигчийн үнэ цэн”-д үргэлж анхаарсаар ирснийхээ улмаас “Нейтрон Жэк” хочтой болсон Жэк Уэлш юм. Тэрбээр менежерүүдийнхээ хамгийн бага үнэлгээтэй 10 хувийг (хувьцааны үнэд хамгийн бага хувь нэмэр оруулсан) халж, сайн үнэлгээтэй 20 хувьд нь (хувьцааны үнэд хамгийн их хувь нэмэр оруулсан) хувьцааны багц, бонус өгдгөөрөө ихээхэн алдаршсан.
Хожмоо тэрбээр “хувьцаа эзэмшигчийн үнэ цэн бол дэлхий дээрх хамгийн тэнэг санаа” гэж өгүүлсэн билээ. Гэхдээ л энэ бүхэн бүх зүйлийг тоогоор хэмжих, бизнесээ “тоонд” тулгуурлан явуулах дуусашгүй хүслийг зогсоож чадаагүй хэвээр байна.
Энэ талаар цөөн хэдэн жишээ дурдъя.
Марисса Майер Google-д ажиллаж байхдаа 41 төрлийн хөх өнгөний алин дээр нь хүмүүс хулганаараа хамгийн их товших вэ, ингэснээр Google-ийг илүү их орлого олоход нөлөөлөх вэ гэсэн алдартай туршилтыг хийсэн. Яг одоогоор хамгийн алдартай бизнес онол бол “инновацын тооцоолол”, “хамтын анализ” зэргийг ашиглан зөв замаар явж байгаа эсэхээ ойлгоход нь бизнесүүдэд тусалдаг “Дэвшилтэт стартап” (Lean Startup) болоод байна.
Ажилтнууд бол тоо, хэрэглэгчид бол тоо, бид бүгдээрээ тоо. Ийн бүх зүйлийг тоо болгож хувиргавал муу зүйл болно. Тэр дороо биш ч, эцэстээ.
Зөвхөн тоонд анхаарах нь тэр даруй мэдэгдэхгүй зардал, алдагдлыг бий болгодог. Жишээлбэл, 2011 онд гурван ажилтны нэг нь ажлаасаа гарах талаар нухацтай бодож байсныг Mercer ХХК-ийн нэг судалгаа харуулсан. Хэрэв тэд ажлаасаа үнэхээр гарсан бол ойлгож болно. Гол асуудал бол энэ хугацаанд тэдгээр хүмүүсийн 1.5 хувь нь л ажлаа орхижээ.
Хэрэв та ажлаасаа гарах гэж байгаа хүнтэй хэзээ нэгэн цагт ажиллаж үзсэн бол бүтээмж нь тун сул болдгийг мэдсэн байх. Гэхдээ байдал үүнээс дордох нь ч бий. Gallup-ийн өөр нэг судалгаа нь америкчуудын 70 хувь ажилдаа хайхрамжгүй ханддаг, эсвэл идэвхтэйгээр ажлаасаа хөндийрсөн байж болзошгүйг харуулжээ. Ийм хөндийрөл нь АНУ-ын эдийн засагт жил бүр 450-550 тэрбум долларын хохирол учруулдаг гэж тэд тооцсон байна. Өөрөөр хэлбэл, муу манлайлал нь таны бизнесийг хохироож байгаа юм.
Чөлөөнд гарсан тэнгисийн цэргийн хошууч генерал Жорж Флинн тус номын өмнөх үгэндээ С.Синекийн талаар ийн бичжээ.
“Түүний алсын хараа нь тун энгийн: байгууллагын амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь менежерийн ур ухаан бус манлайллын онцгой ур чадвараас хамаардаг гэдгийг ойлгосон шинэ үеийн залуусыг бий болгох юм”.
Иймэрхүү мэдэгдэл болон манлайллын тухай номыг бүхэлд нь уншихын нэг аюул бол менежерийн ур чадварыг үл хайхарч, манлайлагчийн үүргийг хэт дөвийлгөсөн байдагт оршино. Менежерийн ур ухаан байхгүй манлайлагчийн удирдлагад ажилладаг хүнтэй ярилцаж үзвэл тиймэрхүү манлайлагчид нь бусдынхаа хүндэтгэлийг хүлээдэггүй гэдгийг ойлгох болно.
Менежерийн ур чадвар, эсвэл сайн манлайлал нь дангаараа хангалтгүй юм. Стивен Ковейгийн хэлснээр манлайлагч нь сайхан сэтгэлтэй, шударга боловч үр дүн гаргаж чадахгүй бол хүмүүс нь түүнд бүрэн итгэхгүй билээ. Үүнтэй адилаар бизнесийн ур чадваргүй манлайлагчид ч хариулт болж чадахгүй.
Сүүлд идэх нь шийдэл
Синек номдоо дурдсанаар манлайлал бол багыг хийх эрх бус харин ихийг хийх хариуцлага ажээ.
Жим Синегал үүнийг сайн мэддэг. Та түүнийг танихгүй байж болох ч Costco дэлгүүрийнх нь аль нэг салбараар үйлчлүүлж байсан нь гарцаагүй. Тэрбээр уг компанийг 1982 онд хамтран үүсгэн байгуулаад 2012 он хүртэл удирдсан юм. Ж.Синегал олон талаараа “анти-Уэлш” байсан агаад ажилтнууддаа гэр бүлийн гишүүн мэт хандвал тэд итгэл, үнэнч зангаар хариу барина гэдэгт итгэдэг байв.
Ингэх нь түүнд амаргүй байсан. Эрүүл мэндийн даатгалын хувийн ихэнхийг ажилтнууддаа үүрүүлэхээс татгалзсаных нь төлөө түүнийг Уолл Стритийн шинжээчид “хэтэрхий өгөөмөр” гэж шүүмжлэх болов. Нэгэн шинжээч энэ талаар “хувьцаа эзэмшигч байснаас ажилтан эсвэл харилцагч байсан нь дээр юм” гэж байлаа.
Тэрбээр Уэлш шиг богино хугацаанд их ашиг олж болох байсан уу? Мэдээж. Гэвч 1986 оны GE, Costco-ийн хувьцааны үнийг харах юм бол та нэг зүйлийг ухаарах болов уу. GE-ийн хувьцааны үнэ жилээс жилд галзуу мэт өсөж, унаж байсан бол Costco-ийн хувьцаа цаг хугацааны турш аажмаар, тууштай өссөөр ирсэн юм. Хэрэв та 1986 онд GE-ийн хувьцааг худалдаж авсан бол эл номыг хэвлэгдэх үед үнэ нь 600 хувийн өсөлт үзүүлсэн байх байлаа. Харин Costco-ийн хувьцааны өгөөж нь 1200 хувь байв.
Сайн манлайлал урт хугацаанд чиглэдэгийг Синегал мэддэг байлаа. Баг хамт олны сайн сайхныг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүр тавих нь урт хугацаандаа үнэ цэн бүтээх цорын ганц зам гэдгийг тэрбээр ухаарсан аж. Олон жилийн туршид амжилттай оршин тогтноход нь компанийн соёл чухал гэдгийг, ажилтнууд нь манлайлагчдаа мөн манлайлагч нь ажилтнууддаа итгэдэг эерэг соёл Costco компанид хэрэгтэйг тэрбээр ойлгож байсан юм. Өөрсдийг нь үнэлж, сонсдог гэдгийг мэдрүүлэхийн тулд ажилтнууддаа цаг гаргах, цуг байх ёстой гэдгийг ч мэддэг байлаа.
Иймэрхүү зүйлийн талаар та өмнө нь олонтоо сонссон болов уу. Сайн манлайлал нь илүү сайн гүйцэтгэл, үр дүнг авчирдаг гэдгийг шинжлэх ухааны нотолгоо, статистик үзүүлэлтүүд өдгөө баталж байна.
Мөн манлайллын тухай хамгийн алдартай үгсийн нэг ч үүнийг баталдаг: Манлайлагчид сүүлд иддэг. Тэр бүү хэл бодит байдал дээр ийм жишээ бий. Тэнгисийн явган цэргийн дарга нар нь үнэхээр хамгийн сүүлд хооллодог ажээ. Удирдан залж буй хүмүүсийнхээ хэрэгцээг өөрсдийнхөөсөө дээгүүрт тавих учиртай гэдэгт жинхэнэ манлайлагчид итгэдэг юм.
Тэгэхээр та урт хугацаанд амжилтттай ажиллахын тулд өнөөдөр баг хамт олныхоо хэрэгцээнд илүү анхаарах ёстой гэдгийг ойлгож авсан болов уу.
Таны хувьд асуулт тун энгийн - Жэк Уэлш болох уу, эсвэл Жим Синегал болох уу?