Зохиолч: Майкл Бунгай Станьер (Michael Bungay Stanier)

Коучинг хийх дадал

The Coaching Habit
BlessingWhite-ийн 2006 оны судалгаанаас үзвэл менежерүүдийн 73 хувь нь ямар нэг байдлаар коучинг сургалтад суусан байв. Гэвч ердөө 23 хувь нь коучингийн үр дүнд ажлын гүйцэтгэл нь сайжирсан, эсвэл ажилдаа сэтгэл хангалуун болсон гэж хариулжээ. Яагаад ийм зүйл болов?

Сүүлийн хэдэн жилд коучинг нь маш түгээмэл сургалт болжээ. Энэ нь ч аргагүй юм, учир нь күучинг үр дүнгээ өгдөг. Гэхдээ зөв гүйцэтгэсэн тохиолдолд л.

BlessingWhite-ийн 2006 оны судалгаанаас үзвэл менежерүүдийн 73 хувь нь ямар нэг байдлаар коучинг сургалтад суусан байв. Гэвч ердөө 23 хувь нь коучингийн үр дүнд ажлын гүйцэтгэл нь сайжирсан, эсвэл ажилдаа сэтгэл хангалуун болсон гэж хариулжээ. Яагаад ийм зүйл болов?

Үүнд гурван шалтгаан бий болов уу. Нэгдүгээрт, коучинг нь хэт онолын, хэтэрхий уйтгартай, эсвэл адармаатай байсан. Хоёрдугаарт, хэдий сонирхолтой байлаа ч зөвлөгөөг үйлдэл болгохын тулд суралцагч нартаа хангалттай цаг зарцуулаагүй байж болно. Гуравдугаарт, зөвлөгөө авах нь хэцүү санагдсан байж болох талтай.

Гэвч коучинг заавал ийм байх албагүй. Коучинг нь энгийн бөгөөд таныг нөөц боломжоо олж нээхэд туслах шидтэй. Мөн таныг харьцангуй бага ажиллангаа илүү үр дүнд хүрэхэд туслах юм. Энэ талаарх хамгийн чухал нууцуудыг Майкл Бунгай Стэньерын “The Coaching Habit”  номоос олж мэдэж болно.

Долоон үндсэн асуулт

Танаас хэт хамааралтай ажилтнууд, хэт их ажил, чухал ажлаа үл хайхрах чөтгөрийн тойргоос салгах долоон асуулттай танилцья. Мөн эдгээр долоон асуултын үр шимийг бүрэн дүүрэн хүртэхэд танд туслах “Question Masterclass lessons” буюу Асуултын хичээлүүдтэй танилцана. Үүнээс зан характерын ямар өөрчлөлт гарах ёстой вэ: Тун энгийн. Хүмүүсээс арай их асууж, юу хийхийг нь арай бага зааварлах. Гэхдээ эхлээд ийм дадлыг хэрхэн суулгах талаар өгүүлье.

1. Амлалт өг: Ямар нэг зүйлийг өөрчилсний өгөөж нь юу байх вэ гэдгийг тодорхойл. Таны хувьд үнэ цэнтэй, чухал хүмүүст таны шинэ дадал хэрхэн эергээр нөлөөлөх талаар бодолцох нь ашигтай байдгийг судалгаанууд харуулжээ.
2. Асуудлын уг үндсийг тодорхойл: одоогийн дадлыг юу өдөөж байгааг мэдэхгүй л бол түүнийг өөрчилж чадахгүй.
3. Товч, тодорхой байлга: гүйцэтгэхийн тулд 60 секунд шаардлагатай байхаар шинэ дадлаа тодорхойл.
4. Тогтмол гүйцэтгэ: том үйлдлийн багахан хэсгийг нь тогтмол хий, ямар ахиц гарч байгааг нь анзаарч ажигла.
5. Алдааг хэрхэн давахаа төлөвлө: Хүн бүхэн л алдаж, эсвэл ухарч няцдаг ч бүү бууж өг. Шинэ дадлаа хялбар алга болохооргүй хүчирхэг систем болго.

Асуултын хичээлийн 1-р хэсэг: Нэг л асуулт асуу.

Тал талаас олон асуулт зэрэг орж ирвэл бүгдэд нь хариулах цаг байхгүй. Тиймээс тухайн цаг үед нэг л асуулт атавь. Тэгээд чимээгүй болж, хариултыг нь хүлээ.

Асуулт 1: Эхний асуулт

Яриаг эхлүүлэх нь адармаатай байдаг. Бодитой яриа эхлүүлэх хамгийн найдвартай арга бол “та юу гэж бодож байна вэ?” гэсэн асуулт. Энэ бол өөрсдөд нь нэн чухал зүйлийн талаар ярилцахыг урьсан, нээлттэй урилга юм. Мөн энэ нь итгэлцлийг илэрхийлэхээс гадна албаны яриа, жижиг яриа, урьдчилсан таамгийг үгүй хийх шидтэй.

Гүйцэтгэлийн болон хөгжүүлэх гэсэн хоёр төрлийн коучинг бий. Гүйцэтгэлийн коучинг бол аливаа асуудлыг авч үзэж, засах тухай бол хөгжүүлэх коучинг нь асуудалд бус тухайн асуудалтай тулгарсан хүнд анхаарлаа хандуулах тухай юм. Энэ нь тун ховор хэрнээ илүү хүчтэй нөлөө үзүүлдэг коучинг билээ. Харин 3Р загвар бол анхаарлыг бий болгох, улмаар уг анхаарлаа хөгжүүлэх коучинг рүү шилжүүлэхэд туслах арга юм.

3Р загварт төсөл (projects), хүмүүс (people), хэв шинж (pattern) багтдаг. “Та юу гэж бодож байна вэ” гэсэн эхний асуултын дараа уг асуултын хариулт нь энэ гурван Р-ийн алинтай нь холбогдох боломжтойг тодорхойлохыг хичээ. Тэгвэл та илүү утга учиртай, баялаг яриа өрнүүлэх юм.

Асуултын хичээлийн 2-р хэсэг: Танилцуулгыг алгасч, асуултаа асуу

Хэрэв та ямар асуулт асуухаа мэдэж байгаа бол шуудхан асуух ёстой.

Асуулт 2: AWE асуулт

Коучингийн хамгийн шилдэг асуулт бол “Өөр юу байна даа?” юм.

Энгийн мэт санагдах энэ асуулт ид шидийн шинжтэй. “Өөр юу байна даа” гэж асуух юм бол та илүү олон, ихэнхдээ маш сайн сонголттой болно. Илүү олон сонголт нь илүү сайн шийдвэр гаргахад, цаашдаа яриаг амжилттай үргэлжлэхэд нөлөөлнө. Коучийн хувьд асуулт тавихаас илүүтэй зөвлөгөө өгөх нь давамгайлдаг. Үүнийг бид Зөвлөгөө хэмээх мангас гэж нэрлэдэг. Та үүнийг мэдээж сайн санаагаар хэлж өгч байж болох ч тэр бүр сайн үр дүн авчрахгүй.

“Өөр юу байна даа” гэсэн асуулт нь эл мөчлөгийг эвдэж Зөвлөгөө хэмээх мангасыг номхруулдаг. Юу болоод байгааг нэвт мэдэж чадахгүй, байдлыг ухаж ойлгох хугацаа шаардлагатай үед энэ асуулт нь цаг хожиж өгөх болно.

Бодитой бай. Энэ асуултыг жинхэнээсээ сонирхож, анхаарал тавихгүйгээр асууж болохгүй. Хэрэв нөгөө хүн “өөр юу ч алга даа” гэж хариулбал бүү сандар. Энэ нь харин ч таны төсөөлж байсан хариулт байж болох бөгөөд таныг ажлаа сайн хийснийг харуулж байгаа юм.

Асуултын хичээлийн 3-р хэсэг: Онолын асуулт асуух ёстой юу?

Асуултын тэмдэгтэй зөвлөгөө өгөхөө болих хэрэгтэй. “Та ....-эх талаар бодож үзсэн үү?”, “Харин үүний оронд ..... -вэл ямар вэ?” гэсэн асуулт тавихаа боль. Хуурамч асуулт болгон хувиргасан зөвлөгөөг бус бодитой санал, зөвлөгөө л өг.

Асуулт 3: Төвлөрөх асуулт

Хүмүүс өөрсдөд нь тулгарсан сорилтын тухай ярихдаа ихэвчлэн жинхэнэ асуудлыг гаргаж тавьдаггүй. Тэд голдуу хам шинж, хоёрдогч асуудал, өмнөх асуудлын үлдэгдэл эсвэл огт холбоогүй асуудлын хагас дутуу шийдлийг танилцуулдаг. Та хүн болгоны асуудлыг шийдэх үүрэг хариуцлага үүрээгүй гэдгээ санаарай. Тухайн асуудал руу шумбан орж, засах гэсэн дур хүслээ удирдах аргыг олох хэрэгтэй.

“Жинхэнэ сорилт нь чухам юу вэ?” гэсэн асуулт нь таныг үйлдэл хийхээр яаравчлахаас сэргийлж, жинхэнэ асуудлыг шийдвэрлэхэд цагаа зориулахад тусална. Эл асуултыг тавьснаар та асуудлын уг руу орж, юу хийх ёстойгoo ойлгоно. Эхний бус жинхэнэ асуудалд л төвлөр.

Асуултын сургалтын 4-р хэсэг: “Юу” гэдгээр эхэлсэн асуултуудад анхаар

“Яагаад” гэсэн асуултаас зайлсхий. Эл асуулт нь хүмүүсийг хамгаалалтад ороход хүргэдэг бөгөөд илүү их мэдээлэл нь таныг хүмүүстэй илүү ойр ажиллахад тэр бүр туслахгүй. Хэрэв та асуудлыг засахыг хичээхгүй байгаа юм бол танд өмнөх түүхүүд огт хэрэггүй.

Асуулт 4: Үндсэн асуулт

“Та юу хүсэж байна вэ?” гэж асуух замаар ярианы суурийг тавих нь их чухал. Ингэж асуусны дараа тухайн хүн ихэнхдээ чимээгүй болдог, яагаад гэвэл энэ бол хариулахад хэцүү асуулт юм. Бид ихэнхдээ чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Мэдэж байсан ч түүнийгээ илэрхийлэхэд амаргүй байдаг. Нөгөө тал юу хүсэж байгааг мэдэх нь хоёр талын хэн хэнд нь хэцүү байдаг агаад энэ нь байдлыг урам хугарам болгох боломжтой. Гэхдээ үүнийг өөрчлөх нэг арга бол хүсэх, хэрэгтэй байхын ялгааг ойлгох билээ.

Ялгаа нь тун ойлгомжтой. “Хүсэх” гэдэг бол таны өөрийн болгохыг хүсэж байгаа зүйл бол “хэрэгтэй байх” гэдэг бол танд заавал байх ёстой зүйл юм. Гэвч амьдрал дээр бүх зүйлийг “хэрэгтэй байх” гэсэн ангилалд оруулж өөрчлөх бараг боломжгүй.

Мэдээллийг илүү сайн харилцан солилцоход нь хүмүүст тусалдаг “Nonviolent Communication” хэмээх харилцааны процессийг Маршал Розенберг бүтээжээ. Түүний үүсгэсэн моделиор бол “хүсэх” гэдэг нь өнгөн талын хүсэлтүүд бол “хэрэгтэй байх” гэдэг нь эрх чөлөө, өөрийн гэсэн онцлог зэрэг илүү гүн, универсал эрэлт аж.  Эл эрэлтийг ойлгосноор та хүслийг илүү сайн хангах боломжтой.

Хүний тархинд нөхцөл байдлыг уншихад нөлөөлдөг дөрвөн гол залуурдагч байдаг агаад тэднийг TERA товчилдог.

Т бол бүлэг: чи надтай хамт уу, эсвэл миний эсрэг үү?
Е бол хүлээлт: Чи ирээдүйг мэдэх үү, мэдэхгүй юу?
R бол зэрэглэл: Чи надаас илүү чухал уу, үгүй юу?
А бол бие даасан байдал: Би шийдвэрт оролцох уу, үгүй юу?
Ямар ч нөхцөлд TERA Итгэлцүүрийг аль болох өсгөхийг хичээх хэрэгтэй. “Та юу хүсэж байна вэ” гэж асуух нь үүнд тусална.

Асуултын хичээлийн 5-р хэсэг: Чимээгүй байдалд дас

Чимээгүй байх нь хэдий таагүй боловч ихэнхдээ амжилтын хэмжүүр байдаг. Коучилж байгаа хүндээ бодох, хариултыг хайх боломж өг. Чимээгүй байдлыг эвдмээр танд санагдаж болох ч тэгэх шаардлагагүй.

Асуулт 5: Залхуу асуулт

Таныг хүмүүст туслахыг хүсэж байгааг бид мэднэ. Та хүмүүст үнэ цэн өгч, бусдад тустай байхыг хүсдэг. Гэвч өөрийгөө бусдад хэрэгтэй гэж бодох, үнэхээр хэрэгтэй байхыг хооронд ялгаа бий.


Хүмүүс аврагчийн дүрд тоглох дуртай агаад ийм төлөвт орохоороо асуудлыг шийдэхэд туслах, зөвлөгөө өгөх, үүрэг хариуцлагыг нь авах гэдэг боловч ингэхдээ тэр бүр үнэ цэн өгч чаддаггүй.  Ингэснээр та хамт ажиллаж буй хүмүүсийнхээ өсөх боломжийг хязгаарлаж байдаг. Яг ийм үед “Би яаж туслах вэ?” гэсэн залхуу асуулт гарч ирдэг.

“Би яаж туслах вэ” гэж асуух нь хоёр талаараа ач тустай юм. Нэгдүгээрт, энэ нь таны хамтрагчийг шулуухан, тодорхой хүсэлт гаргахад нөлөөлнө. Хоёрдугаарт, би хамгийн сайн мэднэ гэсэн бодол танд төрж, нөгөө хүний хүсээгүй үйлдлийг хийхээс сэргийлэх юм.

Энэ асуултыг асуухдаа хянамгай байгаарай. Хүмүүс таныг чин сэтгэлэсээ харилцаж байна гэж бодохоор аядуу нам дуугаар асуух нь зохилтой. Эл асуултыг болон бусад асуултыг зөөллөж өгөх нэг арга бол “маш их сонирхож байгаа болохоор” гэсэн үгийг хавчуулж өгөх юм.

Эл асуултад сөрөг, эсвэл таагүй хариулт авахаас бүү ай. Та ямар ч үед татгалзаж болно. Эсвэл “би ингэж чадахгүй ч (хариу санал) өгч чадна” гэж хариулсан ч болно.

Асуултын хичээлийн 6-р хэсэг: Хариултыг жинхэнээсээ сонс

Үндсэн долоон асуултыг тавих бүртээ хариултыг нь чин сэтгэлээсээ сонс. Сониуч мөн идэвхтэй бай.

Асуулт 6: Стратегийн асуулт

Таны сэтгэлийг хөдөлгөдөг, таны хувьд утга учиртай буюу таны хийх дуртай ажил болон бусад ажлын хооронд ялгаа бий. Ихэнхдээ бид бусад ажлаа хийгээд завгүй байдаг. Хэдий энэ ажил нь агуу ажилд (утгу учиртай, сэтгэл хөдөлгөм ажил) хувь нэмрээ оруулж байж болох ч бид бусад ажлыг хийх тийм ч дуртай биш.

Үүнээс үндэслээд “Хэрэв та үүнд тийм гэж хэлсэн бол юунд үгүй гэж хэлэх вэ?” гэсэн стратегийн асуулт гарч ирнэ.

Эл асуулт тун адармаатай. Ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг зүйл дээр хагас дутуу санал нийлдэг, эсвэл санал нэгдсэн зүйлийнхээ тухай буруу ойлголттой байдаг. “Үгүй” гэсэн хариулт хоёр төрлийнх байдаг: “идэвхгүй байдалд үгүй гэж хэлэх” мөн “үүрэгт үгүй гэж хэлэх”. Эхний төрөл нь таныг “тийм” гэж хэлэхэд автоматаар устдаг сонголтууд бол хоёр дахь төрөл нь “тийм” гэж хэлэхэд хэрэгтэй сонголтууд юм. Энэ төрөл нь таны хувьд нэн чухал “тийм” сонголтууд дээр анхаарал, эрчим хүчээ төвлөрүүлэхэд тусална.

Үгүй гэж хэлэх хэцүү. Үгүй гэж хэлж сурахын нэг нууц бол тийм гэж хурдан хариулахгүй байхад оршино. Бид хэт яараад тийм гэж хэлдэг учраас асуудалд унадаг юм. Тийм гэж хариулахгүй удах нь тухайн асуудлыг шийдэхээр гүнзгий орохоосоо өмнө олон асуулт асуухыг хэлж байгаа хэрэг.

Үгүй гэж хэлэхэл илүү хялбар болгодог өөр нэг арга бол анхаарлаа хүнд бус үүрэг даалгаварт шилжүүлэхэд оршино. “Танд үгүй гэж хэлэхээс аргагүй” гэснээс “Үүнд үгүй гэж хэлэхээс өөр арга алга” гэж хэлэх нь илүү хялбар юм.

Зарим зүйлд үгүй гэж хэлэх нь таны хувьд нэн чухал бусад зүйлд тийм гэж хэлэх боломжийг олгоно гэдгийг санаарай. Тиймээс нэн чухал асуулт бол “Хэрэв та үүнд тийм гэж хэлсэн бол юунд үгүй гэж хэлэх вэ?” юм.

Асуултын хичээлийн 7-р хэсэг: Авсан хариултаа хүлээн зөвшөөр

Энэ нь хүмүүсийг шүүх тухай бус харин тэдэнд урам зориг өгөх, тэдний хэлснийг сонссон, ойлгосон гэдгээ ойлгуулах тухай юм.

Асуулт 7: Суралцах асуулт

Менежер, манлайлагчийн хувьд хүмүүсээ суралцаж, үүний үр дүнд улам чадамжтай, бие даасан, илүү амжилттай болгохыг хүсдэг. Гэвч хүмүүсийг суралцахад нь туслах бол амаргүй үүрэг. Зааж, хэлж өгөхөд хүмүүс ихэнхдээ сурдаггүй атлаа харин болж өнгөрсөн зүйлийг эргэн санаж, эргэцүүлэн бодох боломжтой болохоороо суралцдаг.

Тиймээс хүмүүстээ суралцах ийм мөчүүдийг гаргаж өгөх, орон зайг бий болгох нь менежер, манлайлагчийн үүрэг юм. Үүний тулд “Чамд хамгийн үр дүнтэй, ашигтай нь юу вэ?” гэж лавла.

Сурсан зүйлийн маань ихэнх нь биднийг өөр нэг зүйлд анхаарч эхлэнгүүт тархинаас алга болдог. Сурах үйл явцыг амжилттай болгодог арга бол шинэ санаануудтай холбоо тогтоох юм. Чухам ийм учраас “Чамд хамгийн хэрэгтэй нь юу байсан бэ?” гэж асууснаар сурсан мэдсэн зүйлээ илүү сайн санах боломжтой.

Гол санаа нь тухайн хүнийг өмнөх туршлагаа эргэн санах, улмаар тухайн туршлагаас сурч авч үлдсэн зүйлийнхээ тухай эргэцүүлэн бодуулах явдал юм. Суралцах үйл явцыг сайжруулахад тусалдаг эргэн санах процесстой холбоотой өөр хэд хэдэн асуулт бий. “Та юу сурав?”, “Гол ойлголт нь юу байв?”, “Марталгүй хадгалж үлдэх зүйл нь юу вэ?” гэсэн асуултууд байж болох ч “Чамд хамгийн хэрэгтэй нь юу байсан бэ?” гэсэн асуулт хамгийн шилдэг нь юм. Учир нь эл асуулт нь тухайн яриа чухал байсныг сануулж, хамгийн хэрэгтэй зүйлээ тодорхойлоход нь тусалж, танд тодорхой хэмжээний мэдээлэл өгөхөөс гадна таныг өөрт нь ямар чухал вэ гэдгийг ойлгуулах юм.

Асуултын хичээлийн 8-р хэсэг: Асуулт тавих суваг бүрийг ашигла

Асуултаа мэйлээр явуулсан ч болно. Ярихаас гадна бичгээр илэрхийлсэн асуултууд ч мөн үр дүнтэй.

Одоо гар!

Менежер болон удирдлагад нь байдаг хүмүүсийн яриа ихэнхдэ хэт их “ачаа тээш”, эсвэл хэт их үзэл бодлыг агуулж байдаг. Тэдний яриа ихэнхдээ сэдвээсээ амархан хазайдаг, эсвэл сэдэв рүүгээ эргэн орох гэж маш их хичээхээс өөр аргагүй болдог. Улмаар энэ нь хоёр талыг туйлдахад хүргэдэг юм.

Харин Долоон үндсэн асуулт үүнийг өөрчилнө. Та арай бага хичээж, илүү ихээр нөлөөлнө. Танд хамгийн хүчтэй нөлөөлөх зан характерын өөрчлөлтийг товчхоноор ингэж тодорхойлоход болно: арай бага зөвлөгөө өг, илүү сониуч бай.

0 Хуваалцсан
Хариу үлдээх