Зохиолч: Питер Хинссен (Peter Hinssen)
Сүлжээ үргэлж ялдаг
Зах зээлүүд алга болж мэдээллийн сүлжээ болон хувирч байна. Хэрэглэгч үүний төвд нь байх боллоо. Хэрэв та сүлжээг ойлгох юм бол ирээдүйг ойлгоно.
Эл номын хураангуйд сүлжээний байгууллага болно гэдэг нь юу болох, хэрхэн хэрэглэгч нартаа нөлөөлөх талаар авч үзнэ. Тус номд компаниа дахин төрүүлэхэд туслах шинэ хэв маяг, шинэ соёл, шинэ зан үйлийн тухай өгүүлдэг.
Тодорхойгүйн эрин үе
Ирээдүйг VUCA буюу хувирамтгай байдал (volatility), тодорхойгүй байдал (uncertainty), адармаатай байдал (complexity), нээлттэй байдал (ambiguity) тодорхойлно гэж зохиолч Питер Хинссен үзжээ. Юмс улам хурдан өөрчлөгдөж, байдал хаашаа чиглэж байгааг бид мэдэхээ болив. Дэлхий улам адармаатай цогц болж, бүхий л зүйлийг нэгээс олон утгаар орчуулан тайлбарлах боломжтой болжээ.
Тиймээс ирээдүйд зориулагдсан төгс стратегийг агуулсан ганцхан загвар байхгүй. Та хурдан дасан зохицож, түргэн сэтгэх ёстой. Юм болгоныг таамаглах боломжгүй. Үүний оронд чадах чинээгээрээ бэлтгэж, аль болох олон сонголттой байх ёстой юм.
Бизнесийн стратеги ч уян хатан байх ёстой. Тэсэж үлдье гэж байгаа бол компаниуд стратегиа байнга шинэчлэх ёстой юм.
Ийм нөхцөлд тэсэж үлдэхийн тулд компаниудад хэрэгтэй зарчмуудын товчлол болох VACINE-ийг Питер Хинссен тодорхойлжээ.
V бол хурд: Ирээдүйн компаниуд түргэн шаламгай ажиллах ёстой.
А бол уян хатан байдал: Компаниуд хурдтай, шуурхай, уян хатан байх ёстой.
С бол бүтээлч байдал: Тэсэж үлдэхийн тулд компаниуд бүтээлч байх хэрэгтэй.
I бол инновац: одоогийн болон ирээдүйн асуудлыг шийдвэрлэхийн тулд компаниуд шинэ арга замыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
N бол сүлжээ: зах зээлүүд нь сүлжээ болон хувирч байгаа учир компаниуд амжилтад хүрэхийн тулд тэдгээр сүлжээнд нөлөөлдөг байх шаардлагатай.
Е бол туршилт: Компаниуд байнга шинэ санаа, тактикийг оролдож, сурч байх хэрэгтэй.
Энэхүү VACINE таныг Тодорхойгүйн эрин үеэр хөтлөх зам заагч болно.
Өдгөө бүтээгдэхүүн, зах зээл, зан авир нь урьд өмнөхөөс илүү хурдан өөрчлөгдөж байна. Танай компани нэг санааг ургуулан гаргаж ирж, зах зээлд борлуулах боломжтой үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүн болгоход хэр их хугацаа орохыг бодоод үзэгтүн. Компани чинь зах зээлээсээ илүү хурдан урагшлах ёстой.
Маргаашийн компаниудыг бүтээх хэцүү. Үүний тулд бид сүлжээний эрин үеийг ойлгох ёстой. Энэ нь компани, бизнес, зах зээлийг цогц, хоорондоо холбогдсон, дасан зохицдог систем гэж үзэхээс эхэлнэ.
Цогц систем
Хүмүүс энгийн зүйлд дуртай. Харамсалтай нь өнөөгийн ертөнцөд энгийн байх нь хангалтгүй. Цогц, динамик системүүд хэвийн зүйл болжээ. Эргэх холбоо нь динамик системүүдийн үндсэн шинж чанар юм. Эдгээр цогц системүүдийг ойлгохын тулд тэдгээрийг бүхэлд нь авч үзэж, ойлгох хэрэгтэй. Бид хэв шинжийг тодорхойлж, мэдэж болох ч тэдгээрт зориулан төлөвлөж, эсвэл тэдгээрийг таамаглаж чадахгүй.
Энтропи бол мэдээллийн энергийг агуулж байгаа систем дэх замбараагүй байдлын хэмжүүр юм. Систем эмх цэгцгүй байх тусам энтропи нь их байдаг. Энтропи нь цаг хугацааны туршид нэмэгддэг агаад хөндлөнгийн оролцоогүйгээр буцаах боломжгүй. Өөрөөр хэлбэл, цогц жам ёсны процессыг буцаах боломжгүй.
Бид дан сүлжээний зарчимд тулгуурласан нийгэм рүү орж байна. Гэвч бид хүрээлэн буй орчин, эдийн засаг, зах зээл, байгууллагаа энгийн шугаман систем гэж үзсээр ирлээ. Цогц системийн ертөнцийг ойлгохын тулд та дараах хэдэн зүйлийг эхлээд ойлгох ёстой.
- цогц систем нь мастер төлөвлөгөөгүй үүсэж бий болдог
- цогц систем нь систем дотроо, систем хооронд мөн орчинтойгоо холбоотой байдаг
- цогц систем нь систем хооронд мөн орчинтойгоо нэгэн зэрэг хөгждөг.
- цогц систем нь төгс биш бөгөөд дээд зэргийн бүтээмжтэй байхад бус “хангалттай хэмжээний төгс” байхаар бүтээгдсэн.
- цогц систем нь олон янз болон ялгаатай байдлыг шүтдэг.
- цогц систем нь өөрийгөө удирддаг бөгөөд шатлан захирах ёс байхгүй.
Өдгөө мэдээллийн урсгал чөлөөтэй, хурдтай болж, хүмүүс мэдээллийг урьд өмнөхөөс илүү хурднаар шэйрлэж, давтан үзэж, дамжуулж байна. Эл боломжийг ашиглахын тулд мэдээллээс гол санааг олж цуглуулах, хэв шинжийг нь олох, дүгнэлт хийх арга техникийг компаниуд хөгжүүлэх ёстой юм.
Үүний тулд сүлжээний нийгэм дэх холбоосуудыг харахад болно. Жишээлбэл, Facebook нь харилцаа бол үнэ цэнтэй зүйл бөгөөд холбоосыг бий болгож болно гэсэн санаан дээр үүссэн. Өөр бусад компаниуд ч сүлжээнүүд нь бизнесийнг давамгай бүтэц болсныг ойлгож эхлээд байна.
Өөр нэг жишээ бол компаниа хүнд сурталтай байгууллага бус харин хот шиг бүтэцтэй холакрат болгон хувиргасан Zappos юм.
Технологи давамгайлна
Гэхдээ бүх холбоос нь тэгш бүтээгддэггүй. Зарим нь бусдаасаа илүү нягт холбогддог, тэр хэрээрээ илүү их хүчтэй байдаг.
Сүлжээний эрин үед амжилттай ажиллахын тулд танай хэрэглэгчид сүлжээн дотор биеэ хэрхэн авч явдаг болон танай компани хүчирхэг холбоостой хэрхэн холбогдохыг ойлгох ёстой. Зах зээлүүд нь өдгөө мэдлэгийн сүлжээ болсон агаад хэрэглэгч нартайгаа холбоо тогтоох болон тэдэнд нөлөөлөх дүрмийг өөрчилж байна.
Технологи бидний амьдралын хэв маягт хувьсгал хийлээ. Хэрэглэгчид юу хүсэж байгааг олж мэдэхийн тулд маркетинг үүсэж, үүний үр дүнд компаниуд яг түүнд таарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байна. Эхэндээ үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү мэдээлэл очдог байв. Энэ нь нэг урсгалтай яриа байсан агаад компани зах зээлд юу санал болгож буйгаа хэлдэг, ингээд л болдог байлаа.
Аажимдаа хэрэглэгчид үүнд оролцож эхлэв. Өдгөө хэрэглэгчид нь сүлжээний сэтгэгчид болсон агаад өөрсдийг нь хүрээлэн буй сүлжээнд сонсогдож, харагдаж, уншигдаж байгаа зүйлсийн нөлөөнд өртдөг болжээ. Тэд брэндүүдтэй шууд харилцдаг болов.
Amazon, Netflix зэрэг вэбсайтууд нь хэрэглэгч нарын зан араншинд тулгуурлан зөвлөгөө, мэдээлэл өгөхийн тулд алгоритм ашиглаж эхэлсэн. Интернэт нь өдгөө бидний дадлын талаар гүнзгий мэдээлэлтэй болж, маркетингийн зорилгоор үлэмж хэмжээгээр ашиглагдах болов.
Маркетингийн ирээдүй бол сүлжээний нейроэкономик юм. Хувь хэрэглэгчид хэрхэн нөлөөлж хэрхэн үнэнч, органик брэндийн төлөөллүүд бий болгохоо компаниуд ойлгох ёстой болж ирлээ. Маркетерууд харин зорилтот зах зээлээ хянах боломжгүй болсон гэдгийг ойлгох ёстой. Үүний оронд тэд бүлгүүдэд нөлөөлөхийн тулд динамик шинж чанарт анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Хүний оюун ухаан хэв шинжүүдийг олохоор кодчлогдсон байдаг учраас маркетерууд эл мэдлэгийг ашиглан хүмүүст нөлөөлөх ёстой юм. Нэг дундаж хэрэглэгч байдаг, хэв шинж болон гүнзгий мэдээллийг хайх ёстой гэсэн бодлоо орхи. Хэрэглэгчид нь мэдээллийн эко системийн нэг хэсэг болсон учраас итгэлцэл үүсгэ. Өдгөө хэрэглэгч бүхнийг удирддаг, хянадаг болсон.
Тэсч үлдэх, цойлох
Сүлжээнд суурилсан ийм нийгэмд тэсч үлдэхийн тулд компаниуд илүү уян хатан болох ёстой. Сүлжээнд давуу байдал олж авахыг хүсэж байгаа л бол сүлжээг “тэжээх” хэрэгтэй. Мэдээлэл хуваалц, тэрхүү мэдээллээ сүлжээнд тараа.
Компаниуд ч сүлжээ болох шаардлагатай. Байгууллагын бүтэц болон хүмүүсийг тодорхой албан тушаалд түгжин шошголдог байдлаасаа ангижрах нь зүйтэй. Хүмүүсийг нэгтгэж, компани дотроо хамтын ажиллагаа, харилцааг хөхиүлэн дамжихийн тулд автократ, холократ, эсвэл шаталсан бус системийг ашиглаарай.
Улаан лооль боловсруулдаг Morning Star компани бол сонирхолтой жишээ юм. Тэд нэг ч менежергүй, ажилтнууд нь өөрсдөө зохион байгуулалтад орж, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийх хүнтэй болдог. Ажилтан нэг бүр юу хийх ёстойгоо мэдэж байдаг, мэдэх үүрэгтэй аж.
Сүлжээг үндэс сууриа болгосон, шатлан захирах ёсны эсрэг байгууллагуудыг бий болгох ёстой. Шатлан захирах ёсны эсрэг тал нь эмх замбараагүй байдал биш. Байгууллагууд нэгэн зэрэг бүтэц болон сүлжээ хэлбэрээр ажиллах ёстой юм.
Байгууллага заримдаа гүйцэтгэл, бүтээмжид анхаарахын тулд бүтэц байдлаар, заримдаа уян хатан, бүтээлч байхын тулд сүлжээ шиг ажиллах шаардлагатай. Байгууллагын бүтэц нь (багууд хэрхэн ажиллах) тухайн байгууллагын бий болгож буй (бүтээгдэхүүнүүд хэрхэн хамтрах) бүтээгдэхүүний бүтцийг тодорхойлдог гэж Конвэйгийн хуульд дурддаг. Хэрэв зах зээл нь сүлжээ болох юм бол компаниуд ч мөн сүлжээ болох ёстой.
Инновац нь байнгын сүйтгэлийг шаарддаг. Компаниуд алдаанаасаа суралцаж, улам сайжрахын тулд инновац хийх хэрэгтэй. Хэзээ ч үнэхээр дийлдэшгүй, гандан бууршгүй компани гарч ирэхгүй. Амжилт амласан шинж чанаруудыг олж нээхийг хичээхийн оронд компаниуд яагаад бүтэлгүйтдэгийг судалж, тэднээс суралцах нь зөв юм.
Жозеф Шумпетер хэмээх австри профессор бүтээлч сүйтгэлийн тухай онол гаргажээ. Түүний өгүүлснээр капитализмын ертөнцөд стартап, энтрепренерүүд нь хөл дээрээ зогссон компаниуд руу дайрах ёстой, ингэснээр эдийн засаг дахин төлжиж, ургах ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, бүтэлгүйтлийн үнс нурамнаас шинэ зүйл төрөн гарна гэсэн үзэл дээр үндэслэсэн онол аж.
Жишээлбэл, Netscape-ийн биезнес бүтэлгүйтсэн ч интернэт компаниудаас бүрдсэн цоо шинэ салбарыг бүтээсэн. Netscape-ийн дампуурал 2500 ажилтанд нь энтрепренерийн мөрөөдлөө дагах боломжийг олгосон учраас Google, Twitter, Facebook-ийг бий болгосонд нь Netscape-д бид талархах учиртай.
Компаниудыг үүрд оршин тогтнохоор бүтээх ёсгүй юм. Өсөх, дэвжих, сүйрэх мөчлөг нь бидний төсөөлснөөс ч хамаагүй сайн зүйлийг бүтээдэг гэдгийг юун түрүүнд ойлгох ёстой юм.
Сүлжээний эрин үед баримтлах стратеги
Сүлжээний энэ шинэ эрин үед амжилтад хүрэхийн тулд компаниуд дотоод инновацын сүлжээгээ улам сайжруулж, түүнийгээ уян хатан, шуурхай болгож, хөшүүн бүтэц зохион байгуулалттай болохоос зайлсхийх хэрэгтэй.
VUCA ертөнцөд тэсэж үлдэхийн тулд байгууллагууд хурдтай, шаламгай, уян хатан болох ёстой. Дахин хэлэхэд дотоод инновацын цөм сүлжээ буюу дотоод сүлжээгээ дахин шинээр нээж, улам тэтгэх хэрэгтэй.
Хувирамтгай байдал ч чухал. Ийм байгууллагууд нь зах зээлийн тренд, хэрэглэгчдийн өөрчлөгдөн буй зан араншинд амархан дасан зохицдог. Цахиурын хөндийн олон стартап нь бодит байдлын чиг хандлагыг дагаж нэг өдрийн дотор дотоод бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх боломжтой байдаг юм. Жишээлбэл, Twitter анх подкаст үйлчилгээний компани байсан бол Intel эхэндээ чип бус компьютерийн санах ой борлуулдаг байсан билээ.
Байгууллагууд гурван хэсгээс бүрддэг.
Цөм инновацын сүлжээ бол танай байгууллагад инновацыг бий болгодог хүмүүсийн сүлжээ юм.
Нийгмийн сүлжээ бол хамтдаа ажилладаг, хоорондоо хамааралтай, хамтдаа маш их цагийг өнгөрүүлдэг бүлэг хүмүүс юм.
Бүтэц сүлжээ буюу шатлан захирах ёс бол хэн юуг хийх, хэнд ажлаа тайлагнахыг тодорхойлдог бүтэц юм.
Компаниуд энэ гурван хэсгийг жигдрүүлэх ёстой. Мөн хэрэглэгч нартайгаа холбогдох, мэдээллийн сүлжээнд нөлөөлөх, сүлжээний шинж чанарын динамикийг ойлгоход суралцах хэрэгтэй. Гадаад ертөнц улам бүр сүлжээ мэт болж эхэлж буй учир компанийн доторх бүтэц ч үүнийг дагах ёстой юм. Дээрээс доош чиглэсэн удирдах арга барилаас илүүтэйгээр чиглүүлэх арга барилууд бий болж байна. Компанийнхаа динамикийг өөрчилж, сүлжээний урсгалын хурдтай зэрэгц. Хэрэв ингэж чадах юм бол үргэлж ялах болно.