Зохиолч: Рой Бауместер (Roy Baumeister)
Сэтгэлийн тэнхээ
Сэтгэлийн тэнхээ бол гарт үл баригдах эд. Заримдаа сэтгэлийн тэнхээтэй мэт байвч заримдаа шоколадтай бялууны дараагийн зүсмийг идэх хүслээ барьж дийлэхгүй мэт санагдана. Санаа бүү зов, тан шиг зөндөө олон хүн бий.
Илбэчин, тэсвэр хатуужлын үзүүлбэр үзүүлэгч Дэвид Блэйн бол 44 өдөр дараалж юу ч идэлгүй шилэн хоргонд амьдрах зэргээр ихэнх хүмүүсийг сүйрүүлэх дөхдөг итгэмээргүй зүйлсийг хийх сэтгэлийн тэнхээтэй нэгэн. Гэвч эдгээр үзүүлбэрийнхээ завсраар тэрбээр хэвийн амьдралдаа орж чаддаггүй бөгөөд муу хоол, согтууруулах ундааны хэрэглээний улмаас бараг 20 кг жин нэмдэг.
Нийгмийн сайн сайхныг улам сайжруулахын тулд хүн төрөлхтөн хоёрхон зүйлийг буюу оюун ухаан, сэтгэлийн тэнхээг судлах нь зүйтэй гэдэгт олон эрдэмтэн итгэдэг. Гэвч саяхныг хүртэл аль алийг нь сайжруулахын тулд бидний хийж чадах зүйл тун бага гэсэн үзэл давамгайлж байлаа. Харин эл гайхалтай номд энэ онолыг үгүйсгэж, хэрэв номоос сурсан зарчмуудаа ашиглаж чадах юм бол амьдралынхаа зам мөрийг эрс өөрчлөх боломжтой гэж өгүүлжээ.
Ингээд сэтгэлийн тэнхээний тухай шинжлэх ухаан юу мэддэгийг, та түүнийг хэрхэн ашиглах боломжтой талаарх аялалд гарцгаая.
Гүн, харанхуй Африк
“Доктор Ливингстон уу?”
Удаан, амаргүй аяллын эцэст шотланд номлогчийг олоод ийн мэндэлсэн Хенри Мортон Стэнлигийн байгаа газраас буюу Африкийн ширэнгэ ойгоос бид сэтгэлийн тэнхээний аяллаа эхлүүлнэ.
Стэнли анх удаа Африкийн харанхуй бөгөөд гүн талыг мөн хүний бие, сэтгэл зүйд үзүүлж болох дарамтыг мэдэрч буй нь энэ байлаа. Хумхаа, өндөр халуурах, нутгийн иргэдтэй сөргөлдөх нь хэвийн зүйл.
Аяллаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсний дараа тэрбээр "гайхалтай хүний этгээд араншин" гэж олон хүний нэрлэсэн нэгэн зүйлийг байнга хийх болов. Тэр бол сахлаа хусах. Африкийн ширэнгэн ойн дунд, ус, хоол хүнс, хангамжгүй хэсэг эрсийг тэргүүлэн явж байна гэж төсөөлөгтүн. Өдөр бүр танай бүлгээс хэн нэг нь өвчин, өлсгөлөнгөөр нас барна. Та ч мөн адил өглөө сэрэх бүртээ дараагийн үхэх хүн нь болж магадгүй гэдгээ ойлгож буй. Бусад хүмүүс амьдрах хүслээ алдаж эхэлж байхад та харин Gilette-ийн сүүлийн үеийн сурталчилгаанд тоглож байгаа мэт сахлын хутгаа гаргаж ирээд сахлаа хусна.
Эл утга учиргүй, өчүүхэн гэмээр үйлдэл нь хүний туулж болох хамгийн хүнд бэрх зовлон бэрхшээлийг давахын тулд яах ёстойг харуулсан сэтгэлийн тэнхээтэй хүний сэтгэл зүйг ойлгох нэгэн цонх юм.
Сэтгэлийн тэнхээ гэж юу вэ
Олон зуун судалгаа, хэдэн мянган судлаачийн хөдөлмөрийн үр дүнд эрдэмтэд хоёр гайхалтай зүйлийг олж нээжээ:
1. Ашиглах тусам багасдаг тодорхой хэмжээтэй сэтгэлийн тэнхээ хүнд байдаг.
2. Хийж буй ажилдаа та ижил хэмжээний сэтгэлийн тэнхээг ашигладаг.
Бодитоор хэлбэл хүний сэтгэлийн тэнхээг булчинтай зүйрлэж болно. Өнөөдөр танд тодорхой хэмжээний хүч байгаа боловч зөв дасгал хийх замаар хүчээ нэмэгдүүлж болдог. Үүнтэй адилаар сэтгэлийн тэнхээний нөөцөө ч аажимдаа ихэсгэж болно гэдгийг эрдэмтэд дурджээ. Чухам ийм дасгалыг буюу хэцүү сорилтыг даван туулах хүчийг өгсөн жижигхэн дасгалыг Стэнли өглөө бүр хийж, сэтгэлийн тэнхээгээ нэмэгдүүлж байсан аж.
Сэтгэлийн тэнхээг хэрхэн ашиглах вэ
Та сэтгэлийн тэнхээг 4 үндсэн зүйлд ашигладаг.
Бодлоо хянах: Бодлоо удирдахыг хичээх бүртээ та үнэ цэнтэй сэтгэлийн тэнхээнээсээ ашиглаж, алдаж байдаг.
Сэтгэл хөдлөлөө хянах: Таагүй, сөрөг нөхцөлд эерэг байхыг хичээж байхдаа бид ихэнхдээ сэтгэлийн тэнхээгээ үрдэг. Гэхдээ таагүй нөхцөлд аз жаргалтай харагдахаас зайлсхийх, жишээлбэл оршуулгын ёслолд оролцох үед ч сэтгэлийн тэнхээгээ ашиглах нь бий.
Өдөөлтийг хянах: Ихэнх хүн сэтгэлийн тэнхээтэй холбож ойлгодог ангилал. Энэ бол согтууруулах ундаа, тамхи гээд таны хувьд ямар ч байж болох өдөөлтөөс татгалзахыг хэлж байгаа юм.
Үйлдлээ хянах: Өмнөх ажилдаа эрч хүчээ зориулах, цагаа зөв төлөвлөх, болимоор санагдсан ч үргэлжлүүлэн хийх зэргийг хэлж байна.
Тархиа тэжээ
Сэтгэлийн тэнхээгээ ашиглах нь эго-гоо шавхаж буй явдал гэж эрдэмтэд хэлж байна. Үнэндээ ямарваа стресс нь таны эго-г шавхдаг. Хэрэв та эго нь шавхагдсан байдалд орох юм сэтгэл хөдлөлөө хянах, шийдвэр гаргах, өдөөлтөөс өөрийгөө зааглах боломжууд ихээхэн буурдаг аж.
Хоёр ер бусын судалгаа хариуг нь олж гаргах хүртэл яагаад ийм зүйл болдог нь нууц хэвээр байсан юм.
Нэг судалгааны явцад судлаачид гурван бүлэг хүмүүст даалгавар өгчээ. Эхний бүлэгт даалгавраа эхлүүлэхээс өмнө сүүн коктейль, нөгөө бүлэгт амт муутай тараг, гурав дахь бүлэгт юу ч өгөөгүй байна. Сэтгэл ханамжаа нэмэх зүйл буюу сүүн коктейль авч сэтгэлийн тэнхээ нь сайжирсан хүмүүс нь даалгавраа илүү сайн хийнэ гэсэн таамаг гарсан ч тараг уусан хүмүүсийн гүйцэтгэл ч амттай коктейль уугчидтай адилхан сайн байсныг үр дүн харуулав. Энэ нь судлаачдын гайхширалыг төрүүлжээ.
Нөгөө судалгаа нь Израилийн шоронгуудад шүүгч нар хоригдлыг хугацаанаас өмнө суллах шийдвэр хэрхэн гаргаж буйг авч үзсэн байна. Ерөнхийдөө тэд хоригдлуудын гуравны нэг хувийг нь суллах шийдвэр гаргаж байсан ч илүү анхаарч ажиглатал нэгэн гайхалтай зүйл болж байжээ. Өглөө эрт ирсэн хоригдлуудын 65 хувь нь суллагдах шийдвэр сонсож байсан бол түүнээс хойш орсон хоригдлуудын 10 хувь нь л ийм шийдвэр сонсож байв.
Бүр нарийвчилсан ажиглалт хийтэл өдрийн хоолны өмнөх ба дараа ч мөн ижил хэв маяг ажиглагдав. Тухайлбал, хоолны өмнө азгүйтэх магадлал их бол хоолны дараа суллагдах хариу сонсох боломж 60 хувиас их байсан аж. Ижилхэн гэмт хэрэг үйлдсэн, ижилхэн байдлаар биеэ авч явсан хоригдлууд зөвхөн өдрийн аль үед хэргийг нь авч хэлэлцсэнээс шалтгаалж шоронгоос гарах эсэх нь шийдэгдэж байсан нь энэ.
Энэ юу гэсэн үг вэ? Шүүгч нарын хувьд хугацаанаас өмнө суллахаас татгалзах нь шийдвэр гаргахгүй байхтай адил юм. Учир нь тэдгээр хоригдол хэсэг хугацааны дараа дахин шүүхээр орж таарна. Гэхдээ хоригдлуудыг шоронгоос гаргах эсэх шийдвэр нь нэгэн сонирхолтой зүйлээс шалтгаалж байв. Шүүгч нарын сэтгэлийн тэнхээ барагдсан байдаг учир хэсэг хугацааны завсарлага (мөн хоол) тэднийг дахин үнэн зөв шийдвэр гаргах горимд нь оруулж байжээ.
Энэ хоёр судалгаанаас хоёр зүйлийг ойлгож авах ёстой юм. Нэгдүгээрт, таны биед байгаа глюкозын хэмжээ нь ямар нэг байдлаар таны сэтгэлийн тэнхээг зохицуулдаг байх нь. Эрүүл байж, жингээ хасахын тулд өдрийн турш бага хэмжээгээр тогтмол хооллох ёстой гэдгийг та олонтоо сонсож байсан биз ээ. Тиймээс хүний тархи багаж хэрэгсэл болж хувирсан өнөөгийн мэдлэгийн эдийн засаг бүхий орчинд амжилтад хүрэх эсэх нь тархи шаардлагатай хэмжээний глюкоз авч байгаа эсэхээс хамаарна.
Хоёрдугаарт, бидэнд амралт хэрэгтэй. Нойргүйдэл, дутуу нойр авах нь бие махбодь глюкозыг боловсруулж, тархинд хүргэх чадварыг бууруулдаг. Тиймээс бүрэн хүч чадлаараа ажиллахын тулд сайн унтаж амар. Унтах ёстой цагаасаа бага унтсанаар байгалийн хуулийг мэхэлж байна гэж та бодож болох ч үнэндээ өөрийгөө л хуурч байгаа хэрэг.
Эцэст нь хэлэхэд хүмүүс бидэнд сэтгэлийн тэнхээг хэмжигч байхгүй учир эго шавхагдсан эсэхийг мэдэх цорын ганц арга бол шинж тэмдгийг нь эрж хайх юм. Мэдрэмждээ өөрчлөлт гарч буй эсэхийг ажигла. Сайн, муу ямарваа явдалд таны үзүүлж буй хариу үйлдэл нь таны төрөлхийн хариу үйлдлээс өөр байвал таны эго шавхагдсаны илрэл, амралт хэрэгтэйн дохио болно.
Сэтгэлийн тэнхээний стратеги 1: Тулаанаа сонго
Дэвид Блэйн сэтгэлийн тэнхээ шаардсан үзүүлбэрээрээ дэлхий даяар алдаршжээ. Тэрбээр өөрийгөө Лондонд шилэн хоргонд түгжээд 44 хоног юу ч идээгүй. Мөн өөрийгөө хянах чадварыг маш ихээр шаардсан усан дор амьсгалаа түгжих хугацааны дээд амжилтыг эзэмшдэг. Нью-йоркийн Bryant Park-д ердөө 55 см өргөнтэй багана дээр 36 цаг зогссон. Гэсэн атал тэрбээр өөрийгөө хянах эдгээр үзүүлбэрийнхээ дундуур өөрийгөө бараг хянаж чаддаггүй нь хачирхалтай. Үзүүлбэр үзүүлэхдээ тэрбээр ихэвчлэн 80 кг жинтэй байдаг ч дууссаных нь дараа жин нь 105 кг болж нэмэгддэг. Орон байр нь гахайн хороо шиг. Мөн бичиг цаасны ажлыг хийхээс залхуурсан учраас Гиннесийн дээд амжилтын номд нэрээ бичүүлж чадаагүй.
Энэ юу гэсэн үг вэ? Бидэнд хязгаарлагдмал хэмжээний сэтгэлийн тэнхээ байдаг учраас хэр ихийг юунд зарцуулж буйгаа мэддэг байх ёстой. Тиймээс тулалдах талбараа зөв сонго, амьдралаа нэг өдөрт өөрчилнө гэж бүү хичээ. Ингэх нь зөвхөн бүтэлгүйтэлд хөтлөх юм.
Хэрэв та өдрийн турш уйтгартай ажил хийдэг (таны эго-г шавхах) бол тэдгээрийг гүйцэтгэх цагийн хязгаарыг бий болгох хэрэгтэй.
Сэтгэлийн тэнхээний стратеги 2: Хийх ажлын жагсаалт гарга
Хийх ажлын жагсаалтын хаан бол “Getting Things Done” номын зохиолч Дэвид Аллен юм. Ийм жагсаалт нь гүйцэтгэлийг сайжруулдаг гэдэг талаар та өмнө нь сонссон байх, үнэхээр ч үүнийг батлах шинжлэх ухааны баримт нотолгоо бий.
Хийх ёстой ажлаа үл хайхрахыг хичээж, эсвэл бичиж тэмдэглэхээ мартсан бол таны далд ухамсар таны өмнөөс санаа зовсоор байдаг. Үүнийг Зейгарникийн нөлөө гэдэг бөгөөд үүнээс зайлах аргагүй юм. Хойшлуулах, эсвэл мартах гэж өөрийгөө хүчлээд ч үүнээс зугтах боломжгүй.
Мэдээж урдах ажлынхаа талаар санаа зовсон хором бүр таны сэтгэлийн тэнхээг шавхаж байдаг. Тиймээс энэ нь ажилдаа анхаарал хандуулалгүй сатаарах мөн уг ажлыг хийх идэвхийг бууруулдаг давхар нөлөөг үзүүлэх юм.
Сэтгэлийн тэнхээний стратеги 3: Эерэг хойшлуулалт
Өмнө дурдсанчлан ажлыг хойш тавих нь муу зүйл. Гэхдээ бялуу идэх, тамхи татах зэрэг хийх ёсгүй зүйлээсээ зайлсхийхийг хичээж байгаа бол хойш тавих нь сайн зүйл болж хувирна. “Дараа тэгье” гэж хэлэх нь өөрийгөө тухайн зүйлээс бүрэн холдуулахыг оролдохоос илүү үр дүнтэй.
Хойш тавихын бас нэг хэлбэр нь бага зэрэг сүйтгэлтэй боловч адилхан үр дүнтэй юм. Юмыг хойшлуулдаг ихэнх хүн юу ч хийлгүй суугаад байдаггүй, харин өөр ажил, өөр зүйлээр орлуулахыг оролддог. Тиймээс та коллежийн курсийн ажлаа хийхийн оронд өрөөгөө долоо хоногт 10 удаа цэвэрлэсэн байж болох юм.
“New Yorker”-ийн нэртэй нийтлэлч Роберт Бенчли нэгэнтээ “Ажлаа гайхалтай эрч хүч, үр дүнтэй хийдгийн маань нууц тун энгийн. Сэтгэл зүйн зарчим талаасаа ийм юм. Тухайн цаг мөчид хийх ёсгүй ажил гэдгийг нь мэдэж л байвал ямар ч хүн ямар ч хэмжээний ажлыг гүйцэтгэж чадна” гэжээ.
Тиймээс хэрэв та урдах ажлаа хийх гэж зүдэрч байгаа бол оронд нь илүү чухал, шинэ даалгаврыг хийхийг хичээх хэрэгтэй. Ингэснээр та урдах ажлаа хойшлуулах замаар өөр ажлыг дуусгаж чадах юм.
Сэтгэлийн тэнхээний стратеги 4: Өөрийгөө хяна
Сэтгэлийн тэнхээгээ сайжруулах хамгийн чухал арга бол өөрийгөө хянах юм. Өөрийгөө танин мэдэх, ойлгох нь биднийг хүн болгодог гол онцлог шинж чанар боловч ихэнх маань эл мэдрэмжийг бүрэн дүүрэн ухамсарлаж, ашиглаж чаддаггүй.
Өөр нэг сонирхолтой судалгаанаас үзвэл тольтой хоосон өрөөнөөс халловины лаа хулгайлах нь харьцангуй бага байжээ. Яагаад? Сорилд оролцсон хүмүүс нь ухамсартай эсвэл ухамсаргүй аль нэг байдлаар өөрсдийгөө болон хийх гэж буй үйлдлээ хянаж байжээ.
Өөрийгөө ухамсарлах нь бидний өөртөө тавьдаг багц шаардлагуудад хүрэхэд тусалдаг өөрийгөө хянах явдлыг бий болгодог. Хэрэв та үүнийг бүр сайн гүйцэтгэмээр байвал чухал гэж бодож байгаа бүхнээ хэр хийж байгаагаа өдөр тутам ажиглах шаардлагатай.
Жишээлбэл, биеийн жин, банкин дахь данс, аз жаргалын түвшин гэх зэрэг бүх зүйлдээ оноо өгч болно. Бенжамин Франклин олон зүйлээрээ алдартай байсны нэг нь амьдралаа түшиглэн босгох 13 эрхэм чанарыг боловсруулсан нь юм. Цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг байсан энэ хүн ийм чухал өөрчлөлтийг тэр даруй хийж чадахгүй гэдгээ ойлгож байсан аж. Тиймээс тэрбээр эдгээр 13 эрхэм чанарын нэгийг долоо хоног бүр давтаж, тэдгээр эрхэм чанартаа хүрч байгаа эсэхийг өдөр бүр өөртөө оноо өгөх байдлаар дүгнэдэг байжээ.
Түүний бодлоор бол энэ бүхний эцэст тэрбээр эрхэм чанар бүрийг эзэмшиж, өдөр тутмын оноо нь төгс болох ёстой байсан юм. Хэдий тэрбээр төгс төгөлдөрт хараахан хүрч чадаагүй ч өдөр тутам эрхэм чанар бүрийгээ давтсаар байсан нь амьдралдаа ихээхэн амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн ажээ.
Та ч мөн адил хувийн санхүү, өдөрт алхах тоо, нойрны чанар зэргээ хэмжиж болно. Хамгийн гол нь та өөрийгөө байнга хянаж, ажигласнаар өөрийн хүрэх гэж буй стандарт, шаардлагадаа хүрч, улмаар өөрийн зан характерыг ч сайн тал руугаа өөрчлөх юм.