Зохиолч: Марк Мэнсон
Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг
Өөртөө туслах ном, амьдралын уламжлалт зааврууд нь аз жаргалтай байхад анхаарлаа хандуулахыг зөвлөдөг. Гэхдээ энэ нь таныг аз жаргалгүй байгааг, хүссэн амьдралаараа амьдрахын тулд өөрчлөгдөх ёстойг сануулж байгаа бус уу.
Хачирхалтай нь улам их эерэг мэдрэмж авах хүсэл маань биднийг улам бүр аз жаргалгүй болгодог. Харин сөрөг мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх нь биднийг аз жаргалтай болгодог. Тийм учраас амьдралын нууц бол тун энгийн буюу оролдож, хичээхгүй байх явдал гэж Марк Мэнсон өгүүлж байна.
Хэрэв та ямар нэг зүйлийг бага анхаарах аваас та түүндээ илүү сайн болно. Сул тал, алдаагаа хүлээн зөвшөөр, тэгвэл та эр зориг, тууштай зан чанартай болно. Зовлон шаналлаас зугтаах нь нэг төрлийн зовлон юм.
Гол нууц нь өөрт чухал, ач холбогдолтой зүйлээ хэрхэн сонгох вэ, бусдыг нь үл хайхрах вэ гэдэгт л оршдог.
Энэ нь хайхрамжгүй, хэнэггүй байх бус үнэ цэнийнхээ төлөө бэрхшээл саадыг даван туулахад бэлэн байна гэсэн үг юм. Бэрхшээл саадыг даван туулах хүч чадалтай байхын тулд та эхлээд бэрхшээлээс илүү чухал зүйлд анхаардаг байх ёстой.
Юунд анхаарах вэ гэдгээ сонгох боломж бидэнд үргэлж байдаг агаад үүнийг бид тэр бүр ойлгодоггүй. Тиймээс утга учиртай зүйлээ ол, эс бөгөөс та оронд нь хөнгөн хийсвэр, ашиггүй зүйлд анхаарлаа хандуулна.
Аз жаргал бол асуудал
Аз жаргал бол шийдэж, бодож болдог тэгшитгэл биш. Сэтгэл хангалуун бус байх, түгшүүр нь амьдралд байх ёстой зүйл. Зовлон бол зугтаах аргагүй зайлшгүй зүйл. Хэдий хэцүү ч ач тустай. Юу зөв болох, юу буруу болохыг зовлон хүнд зааж өгдөг юм. Цаашид нэг алдаагаа ахин гаргахгүй байхаас сэргийлэхэд тусалдаг. Зовлон нь биднийг зөв чиглэлд хэрэгтэй өөрчлөлт хийхэд хөтөлдөг.
Асуудалгүй амьдралын араас хөөцөлдөх аваас бид тохирох хэмжээний зөв өвдөлт мэдрэхийн ашиг тусыг умартаж, улмаар сайжрах боломжоо алдана. Асуудал бэрхшээл өөрчлөгддөг л болохоос хэзээ ч дуусахгүй.
Асуудалгүй амьдарна гэж бүү найд, харин зөв, сайн асуудлаар дүүрэн амьдрая гэж найд.
Бүх зүйл золиос шаарддаг. Сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлдэг зүйл хэзээ нэгэн цагт бидэнд таагүй санагдах нь гарцаагүй. Юу олж авна, тэр хэрээрээ алдана.
Аз жаргалтай байхын тулд тэмцэх хэрэгтэй, гэхдээ бидэнд хамгийн их баяр хөөр авчрах тэрхүү тэмцлийг сонгох ёстой юм.
Хэрэв та гоё биетэй болмоор байгаа бол жимд олон цагаар “зовох” ёстой болно. Хэрэв амжилттай энтрепренер болмоор байгаа бол эрсдэл, тодорхойгүй байдлыг туулж, бүтэлгүйтэж ч мэдэх бизнест бүхнээ зориулах ёстой болно.
Өвдөлтгүй амьдрал гэж байхгүй учраас амьдралдаа ямар өвдөлтийг мэдэрмээр байна вэ гэж та өөрөөсөө асуух хэрэгтэй. Та юуны төлөө тэмцэхэд бэлэн байна вэ?
Өөрийгөө хүндлэх
Өөрийгөө дээд зэргээр хүндэлдэг чадвартай байх нь 1970-аад онд сэтгэл судлалын салбарын гол сэдэв болсон. Гэхдээ хүүхдүүдээ онцгой гэж зааж сургах нь тэднийг эрх ямбатай насанд хүрэгчид болгохоос хэтрэхгүй. Эрх ямба бол аз жаргал биш. Эрх ямбатай хүмүүс нь асуудлынхаа хариуцлагыг хүлээдэггүй, ердөө л үл хайхардаг юм.
Харин өөрийгөө бодитоор үнэлж цэгнэдэг хүн нь сөрөг зан чанар, аашаа мэдэж, хүлээн зөвшөөрч, түүнийгээ засаж сайжруулахыг хичээдэг.
Та болон таны асуудал бэрхшээл онцгой биш гэдгийг ойлгох нь тухайн асуудлыг шийдэх хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Хийдэг бүх зүйлдээ хүмүүс бид алтан дундаж л байдаг. Шилдгийн шилдэг, муугийн муу гээд гайхалтай сонин зүйлсийг хэвлэл мэдээлэл харуулдаг. Гэхдээ амьдралын ихэнх хэсэг нь огт гайхалтай бус. Ердөө л дундаж байдаг юм.
Бид зөвхөн хоёр туйлыг л хардаг учраас хүн бүхэн, юм болгон онцгой, гайхалтай байх ёстой гэдэгт итгэдэг. Гэтэл үнэндээ бид ихэнхдээ ихэнх зүйл дээр дундаж байдаг учраас өөрсдийгөө сул дорой, чадамжгүй гэж мэдэрдэг. Амьдралдаа бий болгосон бодитой бус зааг, хэмжээндээ хүрч чадахгүй байна гэж өөрсдийгөө буруутган боддог.
Бид юуг хүртэх эрхтэй болон эрхгүй талаар бодохын оронд гайхалтай амьдралаар амьдрах бүрэн эрхтэй (хэрэв хүн бүр гайхалтай амьдралаар амьдардаг байсан бол онол ёсоор хэн ч гайхалтай амьдралтай болж чадахгүй) гэж бодоцгоодог.
Дундаж байх нь хэвийн зүйл гэдгийг ойлгосон цагт бүх дарамт үгүй болно. Өөрийгөө хангалттай сайн бус, байнга сайжрах ёстой гэж боддог стресс, түгшүүр бүгд сарнин алга болно. Энгийн нөхөрлөл, зураг зурах, сайн ном унших зэрэг амьдралын “дундаж” зүйлсийг та үнэлж эхэлнэ. Эд бол танд таашаал, баяр хөөр, аз жаргал авчирдаг зүйлс.
Зовлон
Хэрэв зовлон зайлшгүй юм бол бид зовлонгийн зорилгын талаар өөрөөсөө асуух ёстой. Үүний тулд бид өөрийгөө мэддэг байх ёстой юм.
Сэтгэл хөдлөлөө мэдэж, ойлгодог байхаас өөрийгөө таньж мэдэх нь эхэлдэг. Улмаар тухайн сэтгэл хөдлөлийг яагаад мэдэрч байна вэ гэж өөрөөсөө асуу. Эцэст нь яагаад үүнийг амжилт/бүтэлгүйтэл гэж үзэж байна вэ гэж асууна. Өөрийгөө би яаж хэмжих вэ?
Үнэ цэнийн сүүлчийн түвшин бол хамгийн чухал нь юм. Ихэнх зөвлөгөө нь хүмүүсийг богино хугацаанд аз жаргалтай, сайхан байлгахад чиглэдэг атлаа асуудлын уг үндсийг орхидог. Хэрэв та өөрийнхөө цөм үнэ цэнийг ойлгосон бол тэдгээрийг ашиглаж ямар ч нөхцөл байдлыг өөрөөр сэтгэж чадна. Асуудал бэрхшээлээ юу гэж авч үзэх, тэдгээрийг хэрхэн хэмжихээ сонгох дээр үндэслээд бид асуудлаа хянадаг болох учиртай.
Бид өөрсдийгөө бусадтай хар аяндаа харьцуулдаг ч өөрийгөө ямар стандартаар хэмжих вэ гэж юун түрүүнд асуух хэрэгтэй. Бидний үнэ цэн нь өөрийгөө болон бусдыг хэмжих хэмжүүрийг бий болгодог. Асуудлыг харж буй өнцгөө өөрчилмөөр байгаа бол та үнэлдэг зүйлээ болон/эсвэл бүтэлгүйтэл, амжилтыг үздэг өнцгөө өөрчлөх ёстой.
Зарим үнэ цэн нь шийдвэрлэх боломжгүй асуудлыг үүсгэдэг бөгөөд тэдгээр үнэ цэнээс, тухайлбал таашаал, материаллаг амжилт, үргэлж зөв байх, үргэлж эерэг байх зэргээс зайлсхийх нь зөв (үргэлж эерэг байхыг өөрөөсөө шаардах юм бол асуудал оршин буйг бид няцаасан, үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд ингэснээр тухайн асуудлыг шийдэх боломжгүй болно). Зарим сайн үнэ цэн бол шударга зан, инновацлаг байдал, байр сууриа хамгаалах, өөрийгөө хүндлэх, сониуч зангууд юм.
Сайн үнэ цэн нь 1) бодит байдалд үндэслэсэн, 2) нийгэмд өгөөжтэй, 2) танд ойр бөгөөд хянаж болохуйц байх ёстой. Муу үнэ цэн нь 1) мухар сүсгийн шинж чанартай, 2) нийгэмд сөрөг нөлөөтэй, 3) далд бөгөөд хянаж болохооргүй байдаг.
Сонголт
Тухайн асуудал өвдөлт өгөх үү, эсвэл таныг улам хүчирхэг болгох уу гэдгийн ялгаа нь тухайн зүйлийг бид өөрийн хүслээр сонгосон эсэхээс хамаарна. Хэрэв та одоогийн байдалдаа аз жаргалгүй байгаа бол уг байдлын зарим хэсгийг нь хянаж чадахгүй байна гэсэн мэдрэмж төрснийх болов уу.
Бидэнд юу тохиолдохыг үргэлж хянаж чадахгүй хэдий ч өөрт тохиолдож буй зүйлийг хэрхэн хүлээж авах болон түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ үргэлж хянаж чадна. Амьдралдаа улам их хариуцлага хүлээх тусам бид амьдралаа улам их удирдаж хянадаг болно.
Алдаа болон хариуцлага нь хоорондоо ялгаатай. Аль хэдийн хийсэн сонголтоос алдаа үүддэг бол хариуцлага нь таны өдөр бүр хийж буй сонголтоос үүддэг. Зарим хүний амьдралд илүү сайн хөзрийн мод заяасан байдаг ч тэдгээр модыг хэрхэн ашиглах вэ гэдгээс жинхэнэ тоглоом шалтгаална. Хамгийн зөв сонголтыг хийдэг хүмүүс нь эцэстээ бусдаасаа илүү гарч тасардаг агаад тэд тэр бүр хамгийн сайн модтой байдаггүй.
Зөв үнэ цэнээ сонгох нь амаргүй бөгөөд сонголт хийх нь таагүй, тодорхой бус мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ ингэхээс өөр аргагүй юм.
Буруутах
Бид ямар нэг шинэ зүйл сурахдаа шууд л буруу хийхээс зөв хийх болж өөрчлөгддөгүй. Харин буруу хийхээс арай бага буруу хийх болж л өөрчлөгддөг. Хэзээ ч “зөв” хариулт гэж байдаггүй боловч аль болох, чадах чинээгээрээ зөв хийхийг хичээх ёстой. Буруу хийх нь өөрчлөлт, өсөлтийн боломжийг нээж өгдөг.
Хүний тархи төгс биш. Бидний “мэддэг” ихэнх зүйлс нь тархин дахь буруу бөгөөд өрөөсгөл ойлголтоор өөрчлөгдөн хувирсан байдаг. Тиймээс бидний ихэнх итгэл үнэмшил худлаа юм.
Та тодорхой бус байдал, үл мэдэх явдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч сурах юм бол мэдэхгүй зүйлээ ойлгож мэдэхдээ илүү тайван, хүлээцтэй ханддаг болно. Тодорхой бус байдал нь бүхий л хөгжил дэвшлийн эх юм. Мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх тусам бид илүү ихийг сурна.
Өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшилд эргэлзэх нь мэдээж хэцүү. Харин танд дараах асуултууд тусална: 1) хэрэв миний буруу байвал яах вэ? 2) хэрэв миний буруу байсан бол яах ёстой вэ? 3) Хэрэв би алдаа гаргавал одоогийн энэ бэрхшээлээс илүү сайн эсвэл илүү хэцүү бэрхшээлийг надад болон бусдад үүсгэх үү?
Бүтэлгүйтэл
Бүтэлгүйтэл үгүй бол бид өсөж хөгжихгүй. Хүүхэд хөлд орохдоо олон зуун удаа бүдэрдэг ч бууж өгдөггүй, эсвэл “би хэзээ ч хөлд орохгүй юм байна” гэж боддоггүй.
Амьдралынхаа сүүлч хэсэгт л бид бүтэлгүйтлээс зайлсхийж сурсан байдаг. Гэхдээ та бүтэлгүйтэхэд бэлэн биш байгаа бол амжилтад хүрэхэд ч бэлэн биш байна гэсэн үг. Өвдөлт бол өсөн хөгжих процессын нэг хэсэг юм. Өвдөлт ихэнхдээ биднийг илүү хүчирхэг, илүү тэвчээртэй, илүү даруухан болгодог.
Өвдөлт мэдрэнгүүтээ ихэнх хүн мэдээгүй мэт царайлахыг хичээдэг. Гэхдээ өвдөлтийг гараа дэлгэн угтаж авч, үл хайхран үйлдэл хийх нь хамаагүй зөв юм. Үйлдэл нь сэдлийн нөлөө төдий бус уг шалтгаан нь юм. Эхэл, ямар нэг зүйл, юу ч байсан хий. Хэрэв таны зорилго нь ямар нэг зүйл хийх юм бол ямар ч үр дүн гарсан амжилт болох бөгөөд бүтэлгүйтэл тийм ч чухал биш санагдана.
Үгүй гэж хэлэх
Ихэнх хүн аливаа зүйлийг аль болох хүлээн зөвшөөрдөг байх ёстой гэж боддог. Гэхдээ бид юунаас ч татгалзахгүй юм бол юуг ч дэмжихгүй болж таарна. Зөвхөн ганц зүйлд бүхнээ зориулахын цагт илэрдэг баяр хөөр, утга учрын тодорхой түвшин байдаг бөгөөд ингэхийн тулд та тэрхүү ганцаас бусдаас нь татгалзах ёстой болно.
Ганцхан үнэ цэнийг сонгохын тулд бусад үнэ цэнээс татгалзаж, орхих ёстой. Тиймээс татгалзах нь үнэ цэнээ, тодруулбал өөрийн ялгарлаа хадгалах явцын салшгүй нэг хэсэг юм. Татгалзах, орхих нь амьдралд нэн чухал.
Ямар ч харилцаанд чухал нэг зүйл бол хил хязгаар юм. Зөв хил хязгаартай хүмүүс нь өөрийн үнэ цэн, бэрхшээлийн төлөө хариуцлага хүлээдэг бөгөөд бусад хүний үнэ цэн, асуудлын төлөө хариуцлага хүлээдэггүй.
Аливаа харилцаа эрүүл байхын тулд аль аль хүн нь үгүй гэсэн үг сонсоход мөн үгүй гэж хэлэхэд бэлэн байх ёстой.
Илүү их гэдэг нь илүү сайн гэсэн үг биш. Ихэнхдээ арай бага байвал бид илүү аз жаргалтай болдог. Хэрэв хэт олон сонголттой болвол сонгосон зүйлдээ бид тийм ч сэтгэл хангалуун байж чадахгүй. Учир нь бусад сонголтыг хаясан, орхисон гэсэн бодол танд төрнө. Аливаа зүйлд тууштай, үнэнч байхад эрх чөлөө, чөлөөлөлт ирдэг. Үгүй гэж хэлвэл таны анхаарал болоод төвлөрөл танд чухал зүйл дээр очно. Ингэх нь танд нэгэнт байгаа зүйл угаас хангалттай сайн гэдгийг ойлгуулна.
Үгүй гэж хэлэх нь чөлөөлөлт мөн. Үнэ цэн, сонгосон хэмжүүртэй маань нийцэхгүй зүйлд үгүй гэж хэлэх ёстой. Ингэх юм бол үнэхээр чухал зүйлдээ тийм гэж хэлэх боломжтой болно.
Эцэстээ бид бүгд үхнэ. Тиймээс үнэндээ ямар ч зүйл тийм ч чухал бус. Тиймээс аз жаргалгүй болгодог зүйлдээ анхаарч цагаа үрэхийн шалтгаан огт үгүй юм. Хэрэв ямар нэг зүйлийг хийх шалтгаан огт байхгүй бол ямар нэг зүйл хийхгүй байх шалтгаан ч байхгүй. Өвдөлттэй, таагүй зүйлээс зайлсхийхэд амьдралаа зориулах юм бол амьд байхаас зайлсхийсэн хэрэг болно.
Мөнх бус амьдарна гэдэгтэй нүүр тулах нь тун чухал. Ингэх юм бол та амьдралын хэврэг, хуурамч үнэ цэнээс өөрийгөө чөлөөлж чадна.
Агуу болохын тулд ямар нэгэн агуу зүйл бүтээх ёстой гэж өнөөгийн соёл бидэнд сургадаг. Гэвч бодит байдал дээр бид бүгдээрээ агуу. Та эсвэл бусад хүмүүс үүнийг ухаараагүй байж ч магадгүй. Юунд анхаарах, юунд анхаарахгүй байх вэ гэдгээ сонгодог учраас та агуу билээ.