Зохиолч: Малкольм Гладвелл (Malcolm Gladwell)
Эргэлтийн цэг
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олны хүртээл болгохыг хүсэж буй бизнесмэн хүн бүрт амин чухал ач холбогдолтой ном бол Tipping Point. Уг номд хувцас загварын чиг хандлага яагаад моод болдог, тодорхой алхмууд яагаад зах зээлийг эрс өөрчилдөг, аливаа үйлдэл яагаад төсөөлснөөс илүү их нөлөө үзүүлдэг талаар дурджээ. Мөн жижиг зүйлсийн том нөлөөний тухай өгүүлдэг. Ингээд хэрхэн Tipping Point-ийг бүтээж, алдартай болох талаарх М.Гладвеллийн анализтай танилцья.
XXI зууны хамгийн нөлөө бүхийн бүтээлийн нэг гэж маш олон хүний дүгнэдэг The Tipping Point номын агуулга руу орохоос өмнө уг ном нь үйлдлийн цаадах онолыг илтгэн харуулахын тулд ихээхэн детальчилсан хошин яриагаар дүүрэн гэдгийг онцлох нь зүйтэй. Тэдгээрийг бүгдийг энд хураангуйлан дурдах боломжгүй юм. Тиймээс эргэлтийн цэгийг цугтаа бий болгодог голлох бүрэлдэхүүн хэсгүүдэд анхаарлаа хандуулья.
Хичээл 1: Цөөний хууль
Цөөний хуулиас эхэлье. Ямарваа бүтээгдэхүүн, үйлчилгээ алдартай болж, бие дааж амьдардаг болох эргэлтийн цэгт нь хүргэхийн тулд олон зуун хүнтэй баг ажиллах шаардлагагүй юм. Маркетерүүд ээ, уучлаарай, Холбогчид, Мавен (Мэргэжилтэн), Борлуулагч гэж Гладвеллийн нэрлэсэн цөөн хэдэн хүн л эргэлтийн цэгийг бий болгодог ажээ.
Бид өөрсөдтэйгээ ижил төстэй зан араншинтай мөн хамт юм бүтээлцдэг хүмүүстэй найз нөхөд болдог. Өөрсөдтэйгээ ойролцоо бие галбиртай хүмүүстэй холбогддог. Ажлын газраа бодож үзвэл нэг бүлэг хамтрагчид бий. Харин хоббигоо бодвол тэрхүү хоббиг хуваалцдаг бас нэг бүлэг хүмүүс бий гэх мэтээр үргэлжилнэ.
Бид бүгд эдгээр бүлэг найзуудын уулзвар дээр оршдог. Үүнийг бидний амьдралын Венн диаграм гэж болно. Холбогчид бидэнтэй ижилхэн, гэхдээ илүү олон бүлэгтэй хамтран ажилладаг юм. Тэдний бүлэгт нэр нөлөө, эрх мэдэл, хүч чадал ихтэй буюу танай бүтээгдэхүүний эргэлтийн цэгт нөлөөлж чадах хүмүүс багтдаг. Бидний хувьд холбогдох ёстой хүмүүстэй Холбогчид харилцаа үүсгэх, ойртохдоо мэргэжлийн. Холбогчид маш олон хүнийг таньдаг.
Гэхдээ Холбогчид таньдаг хүнийхээ их, багаас үл хамаарч чухалд тооцогддог. Тэдний ач холбогдол нь мэддэг, таньдаг хүмүүсийнх нь төрлөөс шалтгаалдаг. Олон төрлийн салбар, хүмүүстэй холбоотой учир тэдгээр хүмүүсийг нэгтгэх чадвар Холбогчдод байдаг юм. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ Холбогчид очих аваас улам олон хүнд танигдах боломжтой болно гэсэн үг.
Тиймээс Холбогчдыг эрж хай. Тэднийг бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ холбож өг, улмаар тэдэнтэй холбоотой байдаг салбар, хүмүүстэй дам холбогдохыг хичээ.
Зөвлөгөө хэрэгтэй үед та хэнд ханддаг вэ? Ихэнхэд маань итгэл даасан, мэдлэгтэй цөөн хэдэн ментор байдаг. Тэд бол Мавенууд гэж Гладвеллийн нэрлэсэн, Эргэлтийн цэгийн хоёрдугаар бүлгийн хүмүүс юм. Maven гэдэг нь “мэдлэг хуримтлуулдаг хүн” гэсэн утгатай еврей үг.
Мавенууд бол зөвхөн өндөр мэдлэгтэй хүмүүс бишээс гадна зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө мэдлэг хураадаггүй. Тэд мэдлэгийнх нь үр шимийг хүртэх боломжтой хэнтэй ч болов хуваалцахын тулд мэдлэг хуримтлуулдаг юм. Мавенууд бусдыг асуудлаа шийдэхэд нь туслах замаар хувийн хэрэгцээгээ шийддэг.
Мэдлэгтэй бусад хүмүүсээс Мавенуудыг юу ялгаруулдаг вэ гэвэл мэддэг зүйл нь бус харин мэдлэгээ хэрхэн дамжуулж байгаа нь юм. Нийгмийн хүрээнд авч үзвэл Мавенууд нь өгөгдлийн банк бөгөөд тэд мэдээллээр хангаж, Холбогчид нь харин нийгмийн цавууны үүрэг гүйцэтгэн тэрхүү мэдээллийг түгээдэг юм. Дурдах ёстой өөр нэг чухал бүлэг бол Борлуулагчид. Борлуулагчид нь сэдэлжүүлэгчид бөгөөд танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүмүүс “дуртай болоход” ихээхэн нөлөөлдөг.
Тэд бол уг тойргийг бүтэн болгож буй ятгагч инфлюнсерүүд билээ. Хэрхэн сайн борлуулагч болох талаар олон ном бичигдсэн ч эргэлтийн цэгийн өнцгөөс авч үзэх юм бол Холбогчдын хамаарал бүхий бүлэглэлүүдэд тухайн бүлэг тус бүрийн нөхцөлд тохируулан Мавенуудын мэдлэгийг түгээхийг борлуулалт гэж хэлж байгаа юм.
Хичээл 2: Хоногшигч хүчин зүйл
Нийгмийн хүрээнд түгээмэл (social epidemic) болоход мессенжерүүд чухал үүрэгтэй агаад тэд мэдээллийг түгээдэг. Гэхдээ мэдээллийн чанар нь зөв үү? Зөв цагтаа зөв аргаар зөв зүйлийг мэдээлж байна уу? Хоногшин үлдэж чадсан уу?
Гладвеллийн онцолж буйгаар нийгэмд түгээмэл болдог элементүүдийн цаана жижиг зүйлс гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн аж. Жижиг өөрчлөлт л хэв хэмжээг өөрчилж, жижигхэн нэмэлт функц л өрсөлдөөнд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний амьд үлдэх эсэхийг шийддэг байна. Жижиг ач тус том үр шимийг авчирдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онцгойруулж, хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд зорилтот зах зээлд юу хэрэгтэйг эхлээд ойлгох ёстой.
Энэ тал дээр хэн тусалж чадах вэ? Мавен, Холбогч, Борлуулагч. Мавенууд танай бүтээгдэхүүнд байг жаахан ч болов ач тус, хэрхэн ажилладагийг нь бусдад түгээнэ. Иймэрхүү баримтат мэдээлэл нь тэдний хувьд ус, агаар л гэсэн үг, тэд ийм зүйлийг бусдад түгээх гэж амьдардаг гэж болно. Холбогчид нь Мавенуудтай хамтран ажилласнаар мэдээллийг улам түгээж, тухайн бүтээгдэхүүнд хэрэгтэй өөрчлөлтийн талаар хэрэглэгчдээс хамгийн их ирж байгаа мэдээллийг эргүүлэн мэдээлнэ. Харин Борлуулагч?
Бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүмүүст бага зэрэг түлхэц, итгэл өгөх замаар эргэлзээг нь үгүй хийж, улмаар танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах эхний хүмүүс, инфлюнсерүүдийн нэг болоход хүргэх нь Борлуулагчдын ажил юм.
Сургамж 3: Нөхцөл байдлын хүч
Нийгмийн хүрээнд түгээмэл болох явдал нь тухайн цаг үе, болж буй газрын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Энэ тал дээр хоёр чухал нөлөөг анхаарч үзэх ёстой: орчин болон бүлгийн динамик.
Дараах орчныг төсөөлнө үү. Бид хотын ядуусын дүүрэгт иржээ. Олон дэлгүүр хаалга, үүдээ модон хавтангаар хамгаалжээ. Залуус гудамжны өнцөгт бөөгнөрөх агаад нэг л аюултай уур амьсгал мэдрэгдэнэ. Эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэхэд төгс тохирох газар энэ мөн үү? Биш л болов уу. Ийм нөхцөл байдал нь сөрөг бөгөөд сөрөг үйл хөдлөлийг өдөөж мэднэ.
Гэвч энэхүү “Хагархай цонх”-ны нөлөө нь эргэлтийн цэгийг олж харахад бидэнд туслах боломжтой юм. Гэмт хэргийн тоог бууруулахын тулд хаалгандаа цоож нэмж зүүх нь ойлгомжтой шийдэл байж болох ч сөрөг нөхцөл байдлыг үгүй хийхгүй. Гэвч тухайн дүүрэгт бахархлыг бий болгож өгвөл яах вэ? Орчны эргэлтийн цэгийг бид үүсгэж, бий болгож чадна. Тухайлбал, ханан дээр зурсан зургийг арилгаж, хагархай цонхыг шиллэж, гэмт хэргийн сэдлийг төрүүлдэг янз бүрийн дохиог өөрчлөх боломжтой. Эерэг нөхцөл байдал үүсвэл үр дүн нь ч эерэг болно. Ингээд эргэлтийн цэг бий болж, нөхцөл байдал хүмүүст сайнаар нөлөөлнө. Хоёр дахь нь бүлгээс үүсэлтэй байдаг. Бид ямар нэг бүлгийн салшгүй хэсэг болсон цагаас эхлэн хамт байгаа хүмүүсийн дарамт, нийгмийн хэм хэмжээ болон бусад нөлөөлөлд өртөж эхэлдэг. Энэ нь эргээд аливаа зүйлийг нийгэмд түгээмэл болоход нь чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай юм. Жижиг, хоорондоо тун нягт бүлгүүд нь ямар нэг санааг бусдад түгээх ихээхэн хүч чадалтай байдаг. Гладвелл үүнийг Данбарын Тоонд үндэслэн 150-ын дүрэм гэж нэрлэжээ.
Нийгмийн том, олон хүнтэй бүлгийг удирдах, зохицуулах шаардлага гарахын хэрээр бидний тархины хөгжил, хэмжээ нэмэгддэг гэж Британийн антропологич Робин Данбар үзсэн юм. Данбар судалгаандаа үндэслэн дундаж хүний тархи нь 150-аас ихгүй хүний харилцааг хариуцах хэмжээний неокортекстой байдаг гэж тооцоолжээ. 150-ын дүрэм ёсоор бүлгийн хэмжээ нь бидэнд нөхцөл байдлын нөлөөг үзүүлдэг агаад үүнээс илүү гарсан тохиолдолд эргэлтийн нөлөөг бий болгож, сөргөөр нөлөөлж эхэлдэг аж. Ингэснээр бүлэг дотор харилцааг хадгалах, тогтвортой ёс зүйг сахих нь төвөгтэй болдог. 150-аас цөөн ажилтантай байх нь үр дүнтэй гэдгийг баталж буй нэг компани бол Gore-tex-ийг үйлдвэрлэгч WL Gore юм.
Тэдний амжилтын нууц нь жижиг, эрч хүчтэй жижиг салбарууд нь юм. Тус компанийн үйлдвэрүүд 150 машины зогсоолтой агаад ажилтнууд нь машинаа өөр газарт байрлуулж эхэлбэл, хоёр хуваагдах цаг ирсний дохио болдог аж. Шинэ санаа, мэдээлэл байгууллага дотор эргэлдэж, нэг хүнээс бүлгийн нөгөө хүнд, улмаар компани даяар нэг зэрэг тарах боломж бүхий зохион байгуулалтын механизмыг Gore компани санаачилсан нь энэ юм.
Энэ бол эргэлтийн цэгийн парадокс билээ. Аливаа бараа эргэлтийн цэгт хүрэхийн тулд тухайн барааг цөөн хүн бүтээх ёстой. Эл жижиг бүлэг нь тухайн бүтээгдэхүүний эцсийн хувилбарыг бүтээх хүртэл түүндээ бүрэн итгэлтэй ажиллах ёстой агаад үүний дараа Мавен, Холбогчдын тусламжтайгаар Борлуулагч нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог шинж чанар дээр тулгуурлан олон нийтийн хүртээл болгох юм.
Ингээд та бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесээ эргэлтийн цэгт нь аваачих сурах бичигтэй боллоо.