Зохиолч: Даниэль Канеман (Daniel Kahneman)

Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү

Thinking, fast and slow
Аз жаргал гэсэн үг энгийн утгатай байх эсвэл энгийн утгатай байх ёстой мэтээр ойлгогдох ёсгүй юм. Хүн бүр ялгаатай үнэ цэнтэй учраас сайн сайхан амьдрал гэдгийг хүн бүр өөр өөрөөр ойлгоно. Түүнээс гадна амьдралын нийт сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн үнэлж цэгнэх нь хэцүү. Систем 1 нь сэтгэл санааны одоогийн нөхцөл байдалд анхаардаг бол Систем 2 нь гажуудал, хьюристикээс хамаарч байдаг юм.

Өглөө босоод л бид өдөр бүр хэдэн зуун шийдвэр гаргадаг. Жишээлбэл, 

  • Сэрүүлэг унтраах товчлуурыг ахиад нэг дарчих уу?
  • Өглөө босоод юу идэх вэ? 
  • Босохоосоо өмнө мэйлээ шалгах уу?
  • Шүдээ хэр удаан угаах вэ?

Бид унтлагын өрөөнөөсөө гарахаас ч өмнө маш олон шийдвэр гаргаж амждаг. Тэдгээрийн ихэнх нь ухамсарт шийдвэр байдаггүй юм. Жишээлбэл, өмдөө аль хөлнөөсөө эхэлж өмсөх вэ? Та энэ үйлдлийг өдий наслахдаа өдөр бүр нэг л дарааллаар өмсөж ирсэн болов уу. Гэхдээ та энэ асуултанд хариулахын тулд өмд өмсдөг дарааллаа бодох, эсвэл дуурайн хөдөлж магадгүй. 

Бусад шийдвэрийг бид ухамсартайгаар гаргадаг. Жишээлбэл, 23-ыг 18-аар үржүүлвэл хэд гарах вэ? Үүнд хариулахын тулд ихэнх хүн үзэг, цаас гаргаж ирэх (эсвэл тооны машин, ухаалаг утас) болов уу. Үүний учир юу вэ?

Бизнес болон амьдралдаа бид бусад хүмүүсээс байнга шийдвэр гаргахыг хүсдэг боловч тэдгээр шийдвэрийг гаргахын тулд хүний тархи хэрхэн ажилладаг талаар маш бага мэддэг билээ. Хэрэв танай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хүмүүс аваасай гэж хүсдэг бол тархи хэрхэн ажилладаг талаар та мэдэх ёстой бус уу?

Тархинд шийдвэр гаргах хоёр “систем” байдаг, тэдгээр шийдвэр нь яагаад тэр бүр хүмүүсийн бодсон шигээр гардаггүй вэ гэдгийг эл хураангуйгаас олж мэдэх юм. Нэртэй сэтгэл зүйч, судлаач Даниэль Канеман уг хоёр системийн талаар ном бичиж, тэдгээрийг ашиглан хэрхэн илүү сайн шийдвэр гаргаж, бусдыг бидний талд шийдвэр гаргахад хүргэх талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. 

Бүлэг 1 - Системүүд

Канеманы өгүүлж буйгаар хүнд шийдвэр гаргах хоёр систем байдаг аж. Систем 1 нь таны ертөнцийн сэтгэлгээний моделийг ажиллуулах, шинэчлэх зорилготой. Уг модель нь санаа, нөхцөл байдал, үйл явдал, үйл хөдлөл, үр дүнгээс үүсэж бий болдог. Ийм систем нь автоматаар мөн маш хурдан ажилладаг байна. Систем 1 хэрхэн ажилладгийг хэдэн жишээгээр харуулья:

  • нэг обьект нөгөөгөөс хол байгаа гэдгийг анзаарах
  • 2+2=? Бодлогын хариуг олох
  • хоосон зам дээр машин жолоодох
  • өглөө босоод өмдөө өмсөх

Эдгээр үйлдлийг хийхэд төдий л их анхаарал шаардахгүй агаад ихэнхийг нь та нэгэн зэрэг хийж чаддаг байх. Тухайлбал, хоёр дээр хоёрыг нэмбэл хэд вэ гэсэн асуултанд та өглөө өмдөө өмсөнгөө хариулчихаж чадна. Эдгээрийг ерөнхийдөө “автомат жолоодлого” дээрээ хийдэг зүйл гэж болох юм. 

Систем 1-ийн гол шинж чанарын нэг бол түүнийг унтрааж болохгүйд оршдог. Таны мэдэх хэлээр бичсэн үгийг хуудас цаасан дээр бичиж харуулбал анхаарал чинь өөр зүйлд 100 хувь төвлөрөөгүй л бол тэрхүү үгийг уншина гэж Канеман онцолсон. Түүний өгүүлж буйгаар Систем 2 бол удаан, задлан шинжлэх шинж чанартай бодох үйл явц аж. Хичээл зүтгэл шаардсан оюуны хөдөлмөрт уг систем анхаарлаа хандуулдаг. Систем 2-т олон үйлдэл хамааралтай боловч тэдгээр үйлдэл тус бүрийг гүйцэтгэхэд таны анхаарал заавал шаардагдана. Анхаарал сарних л юм бол тэрхүү үйлдэл замхардаг. Систем 2 хэрхэн ажилладгийг жишээгээр харуулья:

  • хүн ихтэй, чимээ шуугиантай орчинд хэн нэгэнд анхаарлаа төвлөрүүлэх
  • 23х18=? хариуг бодох
  • Вальдог олох
  • үнэ цэн ерөнхийдөө ижил хоёр төстэй зүйлийг харьцуулах

Эдгээр үйлдэл нь танаас ихээхэн анхаарал шаардахаас гадна анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд л гүйцэтгэх боломжтой юм. Анхаарлаа төвлөрүүлэхгүй л бол та 23х18=? гэсэн бодлогын хариуг олохгүй эсвэл ижил төстэй хоёр зүйлийг харьцуулж чадахгүй.

Систем 1, Систем 2-ийг тодорхойлдог гол хүчин зүйл бол харилцан хамаарал нь юм. Систем 1 нь сэтгэгдэл, зорилго, мэдрэмж зэргээр Систем 2-д байнга санаа өгч байдаг. Систем 2 ихэнхдээ Систем 1-ийн санаануудыг хүлээж авдаг бөгөөд Систем 1 хариулт гаргаагүй тохиолдолд л Систем 2 бүрэн хүчээрээ ажиллаж эхэлдэг байна. Жишээлбэл, та 2+2=? гэсэн бодлогыг төдий л зоволгүй бодож, хариуг нь гаргачихна. Харин 23х18=? бодлогын хариуг та автоматаар хэлж чадахгүй учир Систем 2 ачаалж эхэлнэ. Систем 1 нь мэдээллийн уялдаа холбоог бий болгохын тулд түүх бүтээхдээ маш сайн. Мэдээлэл ховор үед Систем 1 дүгнэлт хийж эхэлдэг. Эл өрөөсгөл хандлага маш түгээмэл ажиглагддаг учир Канеман үүнийг WYSIATI (what you see is all there is буюу таны харж байгаа зүйл бол байгаа бүх зүйл) гэсэн товчлолоор илэрхийлжээ. 

Бүлэг 2 - Хьюристик болон өрөөсгөл хандлага

Систем 1 эргэлзээнд автамтгай боловч Систем 2 харин Систем 1-ийн дутууг гүйцээх үүрэгтэй юм. Хүний тархи залхуу, хэв загварыг (pattern) хайх дуртай. Үнэндээ бол хүмүүс огт байхгүй байсан ч хэв загвар олж хардаг агаад энэ нь амьдралдаа бидний үзэж харж буй ихэнх зүйл тохиолдлынх байдаг гэсэн итгэл үнэмшил нь таагүй сэтгэгдэл төрүүлдэгтэй холбоотой юм. 

Бид жижиг зүйлээс үнэн бодитой, зөв мэдээлэл гаргаж ирж чадахгүй. Гэтэл бидний төсөөлөл нь ямар нэг түүх үүсгэх, түүнийг нь баталсан нотолгоог гаргаж ирэх дуртай. Бид аливаа мэдээний агуулгад нь илүү анхаарч тэрхүү мэдээллийн үнэн бодит, найдвартай эсэхэд нь бага анхаардаг. 

Аливаа орчинд бидний харсан эхний тоо нь цаашдын бүх тооны өнгө аясыг тодорхойлдог үзэгдэл бол чиглүүлэгч нөлөө (anchoring effect) юм. Хүмүүсийн анхааралдаа авсан тоотой эцсийн дүгнэлт нь ойролцоо гардаг агаад үүнээс чиглүүлэгч дүрслэл үүсдэг юм. Таны харсан ямарваа тоо танд чиглүүлэгч нөлөө үзүүлэх бөгөөд хэрэв бооцоо нь өндөр бол та тухайн тооны үзүүлэх нөлөөг багасгахын тулд Систем 2-ийг ашиглах шаардлага гарч ирнэ. 

Хьюристик бол оюун санааны товчлол (shortcut) юм. Бэлэн байдлын хьюристик гэдэг нь “аливаа үйл явдал толгойд хэр хялбар” бууж байгаагаар нь давтамжийг үнэлэх явдал билээ. Жишээлбэл, та олон удаа тагнуулчтай кино үзсэн бол бодит ертөнц дэх хуйвалдаан, нууц ажиллагааг тийм ч нухацтай авч үзэхгүй, яагаад гэвэл таны тархи тухайн жишээнүүдийг илүү хялбараар харьцуулж чадна. Тийм учраас маш олон хүн дэлхийг байдгаас нь илүү аюултай, их хүчирхийлэлтэй гэж боддог агаад этгээд, содон үйл явдлын талаар хэвлэл мэдээлэл хэт нэг талыг барисан мэдээлэл өгдөг нь үүнд мөн нөлөөлдөг. 

Хьюристик нь логиктой нийцдэггүй бөгөөд бидний хийх үнэлэлт, дүгнэлтэд ихээхэн нөлөөлдөг. Жишээнүүд бодолд орж ирэхдээ амархан байдаг нь Систем 1 хьюристик байдагтай холбоотой бөгөөд Систем 2 ажиллаж эхэлсэн үед л тухайн зүйлд анхаарлаа илүү их төвлөрүүлдэг. Систем 1-ээр удирдуулдаг хүмүүс нь өрөөсгөл, бодит бус зүйлд бусадтай харьцуулбал илүүтэй автах хандлагатай байдгийг олон төрлийн нотолгоо харуулдаг юм. 

Систем 1 нь эрс тэс таамаглал хийх чадвартай. Дүгнэлт гаргахын тулд Систем 1-д нотолгоо хэрэггүй байдаг учраас тэдгээр таамаглал нь ихэнхдээ иррациональ байдаг юм. 

Шалтгаан нь статистикийг давах нь олонтоо. Статистикийн тухай болон ямар нэг үйл явдлын талаар бидний тархи маш ялгаатай боддог. Тухайн үйл явдлыг тайлбарласан статистик үр дүн нь шалтгааныг тайлбарлаагүй мэдээлэлтэй харьцуулбал бидний бодолд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг юм. Гэхдээ бидэнд эртнээс сууж өгсөн эсвэл өөрсдийн туршлагад үндэслэж бий болсон итгэл үнэмшлийг гайхмаар содон статистик өөрчилж чаддаггүй.

Бүлэг 3 - Хэт итгэл

Хүний тархи хорвоо ертөнцийг ойлгохыг байнга хичээдэг агаад тэр бүхнийг тайлбарласан түүхийг үргэлж эрж хайж явдаг юм. Өнгөрснөө эргэн дурсахдаа бид баримт дээр бус харин сонирхолтой, анхаарал татам ярианд үндэслэн итгэж үнэмшмээр түүхийг бүтээдэг. Жишээлбэл, Google бол дэлхийн хамгийн өндөр ашигтай компаниудын нэг. Үүнийг сонсоод та ээлж дараалсан сайн шийдвэрүүдийн үр дүнд тэднийг амжилтанд хүрсэн гэж бодох байх. Гэвч үнэндээ тэдний амжилтанд аз маш их нөлөөлсөн юм. Ямарваа тайлбарыг шалгах хамгийн гол зүйл бол тухайн үйл явдлыг болохоос нь өмнө таамаглаж чадсан эсэх нь юм. Бидний мэдэх, бидний итгэх дуртай ихэнх түүх харамсалтай нь эл шалгалтыг давдаггүй. Гэхдээ бидэнд илүү зөв, илүү сайхан мэдрэмж төрүүлдэг учраас бид тэдгээр түүхтээ татагдсаар байдаг юм. 

Систем 1 өчүүхэн нотолгоонд үндэслэн дүгнэлт хийдэг бөгөөд үзэл бодолдоо хэт итгэх нь
Систем 1 болон Систем 2-ын бидэнд зориулан бий болгож буй түүхийн уялдаа холбоог харуулдаг. Гэсэн ч бидний хувьд хамгийн чухалд тооцогдох итгэл нь огт нотолгоогүй байдаг юм. Эрс тэс дүгнэлт болон чухал ач холбогдолтой таамаглал хийхийн тулд Систем 1-д тийм их нотолгоо хэрэггүй. Бид нар өөрсдийн үзэл бодол, шийдвэртээ ихээхэн итгэлтэй ханддаг ч тэрхүү итгэл нь ихэнхдээ бидний танин мэдэхүйн төөрөгдлөөс үүддэг юм. Дэлхий таамаглашгүй учраас экспертүүд хүртэл алдаа гаргадаг. Гэхдээ уялдаа холбоо нь биднийг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг учраас гаргаж буй шийдвэртээ итгэлтэй хэвээр байх нь чухал билээ. 

Биднийг сэтгэл хангалуун байхад хүргэдэг өөр нэг төөрөгдөл бол үнэ цэнийн төөрөгдөл буюу өөрсдийн ур чадвартаа итгэлтэй байж, тэрхүү ур чадвар нь эцсийн үр дүнг тодорхойлдог гэх итгэл юм. Судалгаанаас үзвэл экспертүүдийн таамаглалын оновч нь ихэнхдээ энгийн алгоритмтай тэнцдэг эсвэл тэрхүү алгоритм нь хавьгүй илүү байж таардаг. Шийдвэр гаргахдаа томьёо ашиглах нь хүний зөн совинд тулгуурлахаас үргэлж илүү байдаг. Магадгүй энэ нь экспертүүд хайрцагнаас гарч сэтгэхийг хичээж, таамаглал дэвшүүлэхдээ энгийнийг бус хэт цогц, адармаатай хослолуудыг авч үздэгтэй нь холбоотой байж болох юм. 

Та үүнийг ойлгож авсан бол ажил горилогчоос ярилцлага авах зэрэг даалгавар гүйцэтгэхдээ ашиглаж болно. Жишээлбэл, тухайн ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай зургаан шинж чанарыг сонго. Дараа нь тэдгээр шинж чанарыг найдвартай, үнэн зөв үнэлж дүгнэх асуултуудын жагсаалтыг гаргаж, ач холбогдлоор нь жагсаа. Асуулт тус бүрт оноо өгч, эцсийн оноо нь хамгийн өндөр ярилцлагад орогчийг авах ёстой гэсэн шийдвэр гарга. Ярилцлагад орсон өөр нэг хүн танд таалагдсан ч оноо нь өндөр биш бол сонгох хэрэггүй гэсэн үг. Зөвхөн өөрийн зөн совинг ашиглан сонголт хийснээс энэ аргыг ашиглавал та тухайн ажилд хамгийн сайн таарах хүнийг олох илүү магадлалтай юм. 

Бүлэг 4 - Сонголтууд

Ихэнх хүн эрсдэл гаргахаас эмээж, боломж гарах бүрт эрсдэлээс зугтдаг. Илүү өндөр үнэ цэнтэй зүйлд болон хямд зүйлд бооцоо тавихын аль нэгийг сонгохыг хүсэхэд ихэнх хүн бага үнэ цэнтэйг нь сонгож бооцоо тавидаг юм. Яагаад гэвэл хүмүүс эрсдэлээс зайлсхийхийг хүсдэг. Аль бооцоог сонгох нь тухайн хүний үзэл бодлын өөрчлөлтөөс мөн хамаардаг. 

Олохоосоо алдах нь илүү хүнд тусдаг учраас бидний зан төлөв үүнд үндэслэдэг. Чухам ийм учраас хүмүүс хэт өндөр зорилго өмнөө тавьдаггүй байж болох юм. Хэрэв хэт өндөр зорилго тавиад түүндээ хүрч чадахгүй бол танд алдсан, буруудсан гэсэн мэдрэмж төрнө. Харин бага зорилго тавиад түүндээ хүрэх юм бол ялсан, хожсон мэт санагдана. Харин алдах нь тодорхой болсон үед л хүмүүс эрсдэл гаргах илүү хандлагатай байдаг аж. 

Өөрсдийн унаган зан араншингаас тэс өөр сонголт хийхдээ хүмүүс голдуу харамсах хандлагатай байдаг. Харин өөрийн зан араншинд таарахгүй тэс өөр зүйл хийгээд сайн үр дүнд хүрэх юм бол өөрийн зан араншинд тохирох зүйл хийгээд ижилхэн үр дүнд хүрснээс илүү их аз жаргалыг мэдэрдэг байна. Харамсахаас айх нь бидний гаргадаг маш олон шийдвэрийн ардах өдөөгч юм. 

Бид шийдвэрээ үнэлж дүгнэхдээ том зургаар нь харах бус тухайн жишээ, тухайн үйл явдалд л анхаарлаа төвлөрүүлдэг сул талтай. Алдахаас хэт болгоомжлох, үүнээс зайлсхийхийн тулд тухайн шийдвэрээ маш олон шийдвэрийн нэг нь гэж бодож үзээрэй. Ганцхан зүйлийг үнэлж дүгнэх нь Систем 1-ийн сэтгэл зүйн хариу үйлдлийг өдөөдөг бол харьцуулалт хийх нь Систем 2-ийг идэвхжүүлж таныг илүү сайн, зөв шийдвэр гаргахад туслах юм. 

Бүлэг 5 - Хоёр өөр хүн

Хүмүүст мэдрэгч хүн болон санан дурсагч хүн байдаг. Мэдрэгч хүн нь таатай зүйлд дурлаж, хааяадаа гуниг, зовлонг мэдэрдэг. Санан дурсагч хүн нь өнгөрсөн зүйлсээ санан дурсаж, түүнийгээ ашиглан шийдвэр гаргадаг. Бид сэтгэл зүрхээ даган, өөрсдөдөө хамгийн сайн тохирох шийдвэрийг гаргадаг гэж боддог. Гэвч үнэндээ бидний шийдвэрт Систем 1-ийн функц буюу бидний дурсамж үлэмж хэмжээгээр нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн гай зовлон, баяр хөөр хамгийн оргил үедээ байх үеийн дурсамж эсвэл тухайн үйл явдал төгсөж байх үеийн мэдрэмжүүд бидний шийдвэрт нөлөөлдөг байх нь. Бид нар ихэнхдээ муу зүйлийг нь санан дурсаж байхаар програмчлагдсан агаад тэрхүү дурсамждаа үндэслэн ирээдүйн шийдвэрээ гаргадаг юм. 

Ихэнх хүмүүийн мэдрэгч хүн нь бараг ялгаагүй байдаг агаад зөвхөн тухайн үйл явдалтай холбоотой дурсамжууддаа л анхаардаг. Тиймээс бид удаан хугацаанд үргэлжилсэн дунд зэргийн оргил үеэс бус богино хугацаанд үргэлжилсэн оргил үеэс илүү их таашаал авдаг байна. 

Аз жаргал гэсэн үг энгийн утгатай байх эсвэл энгийн утгатай байх ёстой мэтээр ойлгогдох ёсгүй юм. Хүн бүр ялгаатай үнэ цэнтэй учраас сайн сайхан амьдрал гэдгийг хүн бүр өөр өөрөөр ойлгоно. Түүнээс гадна амьдралын нийт сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн үнэлж цэгнэх нь хэцүү. Систем 1 нь сэтгэл санааны одоогийн нөхцөл байдалд анхаардаг бол Систем 2 нь гажуудал, хьюристикээс хамаарч байдаг юм.

0 Хуваалцсан
Хариу үлдээх