Зохиолч: Лолли Даскаль (Lolly Daskal)
Манлайллын дутагдал
Удирдах ажилтнуудын көүчээр ажиллах хугацаандаа Лолли Даскаль маш их зүйлийг үзэж туулсан. Тэрбээр хурлын өрөө, захирлын өрөө, компанийн тийрэлтэт онгоцонд тоолж баршгүй олон цагийг өнгөрүүлжээ. Амжилт, ялагдлын дундуур замнахад нь Лолли манлайлагч нарт тусалсаар ирэв.
Ийн ажиллах явцдаа тэрбээр шилдгүүдийг бусдаас ялгаруулдаг нэг зүйл буюу агуу манлайлагчид нь өөрсдийнхөө хэн болохыг дахин ухаардаг чадварыг олж нээсэн байна. Хэдий одоо үр дүнгээ өгөхгүй байгаа ч өмнө нь амжилтанд хүргэсэн зүйлдээ найдсаар байдаг учраас олон манлайлагч зогсонги байдалд ордог гэж Лолли дүгнэжээ. Үүний эсрэгээр агуу манлайлагчид нь суралцах мөн өсөж дэвжихэд бэлэн байдаг аж.
Агууд хүрэхийн төлөө хөдөлмөрлөх явцдаа дутагдлаа олж харахын тулд өөрийгөө бодитоор үнэлж дүгнэх хэрэгтэй юм. Ийн дүгнэхэд туслах долоон хэв маягийг Лолли “The Leadership Gap” номдоо дурджээ.
Бид тулгарч буй нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр хэв маягийн хооронд шилжиж байдаг учраас тэдгээр хэв шинжийн аль аль нь танд байгаа. Мөн манлайллын дутагдал гэж Лоллигийн тодорхойлсон зүйлийг өөрөөсөө олж харах биз ээ. Эдгээр дутагдал нь заримдаа биднийг манлайллын хэв маягийн “сүүдэртэй тал” руу хөтөлж, улмаар амжилтанд хүрэхээс хойш татдаг юм.
Хэрэв өөрийгөө бодитойгоор харж чадах юм бол урагшлах замаа бүтээж эхэлнэ гэсэн үг.
Ингээд “The Leadership Gap” номд дурдсан долоон хэв маяг тус бүрийг тодорхой танилцуулья.
Эсэргүүн
Эсэргүүн бол энэ дэлхий дээр болж бүтэхгүй ямар нэг зүйлийг олж хараад түүнийг засахын төлөө өөрийн чадах бүхнийг хийдэг нэгэн юм. Бизнесийн хүрээнд авч үзвэл ямар нэг төсөл, тун онцгой тохиолдолд компаниа аврахын төлөө асар их саад бэрхшээлийг даван туулж байгаа хүнээс Эсэргүүнийг олж харж болно.
Эсэргүүний талаар бодоход ихэнх хүний толгойд Роза Паркс эсвэл Илон Маскийн нэр орж ирэх болов уу. Эсэргүүнүүд ямар ч нөхцөлд орсон “хязгаарыг хэрхэн давах вэ” гэж өөрөөсөө асуудаг мэт санагддаг.
Эсэргүүний хүчин чадал нь өөртөө итгэх итгэл, түүнийг нь дэмжиж байдаг ур чадварт оршдог. Лоллигийн онцолсноор итгэл нь дангаараа хангалтгүй аж. Аль алийг нь агуулж байж агуу Эсэргүүн манлайлагч болно.
Эсэргүүний хувьд манлайллын дутагдал нь өөртөө эргэлзэх зан юм. Ихэнх тохиолдолд энэ нь ухаан мэдрэлгүй гэмээр хэмжээнд байдаг. Өндөр амжилтанд хүрсэн ихэнх хүнд тодорхой хэмжээний өөртөө эргэлзэх зан байдаг. Тэд бусад хүмүүсийн хийхгүй, эсвэл хийж чадахгүй зүйлийг хийхээр оролдож байгаа учраас энэ нь ч аргагүй.
Өөртөө эргэлзэж эхэлбэл тэд Луйварчин гэж нэрлэдэг манлайллын дутагдлын хэв шинжтэй болно. Эцэст нь “баригдаж магадгүй” гэсэн дуусашгүй мэдрэмжинд тэд хөтлөгдөнө гэсэн үг юм. Төгс байх боломжгүйг мэдэх ч төгс болох шаардлагатай болсон гэсэн үг юм. Илүү сайн, хурдан эсвэл хүчтэй өөр хэн нэгэн байгааг мэдэх ч бусадтай өөрийгөө харьцуулна гэсэн үг юм.
Азаар эл дутагдлыг даван гарах, өөртөө хамгийн хэрэгтэй дотоод Эсэргүүнээ олоход туслах олон арга зам бий.
Төгс болох шаардлагыг даван туулахад нь Эсэргүүнүүдэд тусалдаг хэдэн зүйлийг танилцуулья:
- Бусадтай өөрийгөө харьцуулахаа болих
- Төгс төгөлдөр зүйл эсвэл төгс байх боломжгүйг өөртөө сануулах
- Агуу зүйл хийх чадвартайг нь сануулсан өмнөх амжилтуудын жагсаалт гаргах
- Дэмжлэг үзүүлэх дотоод хүрээллийг бий болгох
- Өөртөө эргэлзэхэд хүргэж буй ур чадваруудаа улам сайжруулахын тулд өөрийн ур чадвар, ажлыг үнэлэх
- Зорьж буй зүйлийнхээ учир шалтгааныг өөртөө байнга сануулах. Үнэ цэнтэй учир шалтгааны өмнө өөртөө эргэлзэх зан үгүй болдог жамтай.
Хайгуулч
Хайгуулч бол хэзээ задлан шинжилж оюун ухаандаа найдах вэ, хэзээд нь зөн совиндоо итгэх вэ гэдгээ мэддэг хүн юм. Ялангуяа мэдэж буй зүйлийнхээ хил хязгаарыг сорих, юмсыг хэрхэн хийдгийг мэдэхийн тулд зөн совингоо ашигладаг.
Хайгуулчдын тухай бодохоор Жефф Безос, Сара Блэйкли, Нейл деГрасс Тайсон нарын нэр толгойд шууд орж ирнэ. Хайгуулчид “би юу олж нээж болох вэ?” гэж үргэлж асуудаг мэт санагддаг.
Хайгуулчийн давуу тал нь зөн совин юм. Зөн совин бол тархинд гүн суусан, хэрэгтэй үед шууд ашиглаж болох туршлагад суурилсан мэдлэг билээ. Ихэнх хүн үүнийг “дотор хүнээ сонс” гэж орчуулдаг боловч Лоллигийн үзэж буйгаар энэ нь үүнээс арай адармаатай зүйл ажээ.
Хайгуулчийн хувьд манлайллын дутагдал нь арга заль юм. Өөрийг нь чиглүүлэх зүйлээр хэрэв зөн совингоо сонгосон бол энэ нь хүссэнээ авахын тулд ашиглаж болох тун эвгүй, гулсамтгай зам болж хувирна. Улмаар заримдаа бусдыг хяналтдаа оруулахын тулд зөн совингоо ашиглахад хүргэнэ.
Хэрэв ийм зүйл болвол бид манлайллын дутагдлын Ашиглагч гэсэн хэв маягтай нүүр тулна. Ашиглагч нь өөрийгөө ямар ч нөхцөлд эксперт гэж харагдуулахыг хичээдэг. Тэд мэдээллийг бусдаас нууж, хүссэнээ авахын тулд бусдыг айлган сүрдүүлдэг.
Хэрэв та Хайгуулчаас Ашиглагч болж хувирч буйгаа анзаарвал үүнээс зайлсхийхийн тулд дараах зүйлсийг өөртөө сануулах ёстой:
- Загнах бус магтах боломжийг эрэлхийл. Бусад хүмүүсийн сул талыг ашиглах гэсний хэрэггүй.
- Өөрийн тусыг гүйцэлдүүлэхийн тулд бусад хүмүүсийг ямар нэг зүйлээ алдахад бүү хүргэ.
- Хэлэх зүйлээ хэл, хэлсэн зүйлдээ эзэн бол. Ашиглагч нь ихэнхдээ бусад хүний сонсохыг хүсдэг зүйлийг хэлдэг агаад энэ нь тэр бүр үнэн байдаггүй.
- Өөртөө итгэлтэй байдал, ятгах ур чадвар, эрс шийдэмгий зан, бэлтгэлээ сайн хангадаг гээд Хайгуулчийн давуу талаа ашигла.
Үнэнийг хэлэгч
Цаг үргэлж үнэнч, нээлттэй, шударга байснаар хүмүүст туслах ёстой гэж итгэдэг хүмүүс бол Үнэнийг хэлэгчид юм. Хэдий бусдыг гомдоох эрсдэлд орсон ч бусдад тустай л бол үнэнийг хэлэх ёстой гэж тэд үздэг.
Үнэнийг хэлэгчдийн жишээ бол Рональд Реган, Индра Нойи, Уинстон Чөрчилль. Үнэнийг хэлэгчид өөрсдөөсөө үргэлж “би хэзээд нь үнэнийг илчлэх ёстой вэ” гэж асуудаг мэт санагддаг.
Үнэнийг хэлэгчийн давуу тал нь шулуун шударга зан юм. Үнэнийг хэлэхэд энэ бол хүний эзэмших хамгийн амаргүй, хэцүү ур чадварын нэг төдийгүй үнэнийг хэлэх нь хамгийн хэцүү зүйлсийн нэг юм.
Массачусетсийн их сургуулийн судалгаанаас үзвэл насанд хүрэгчдийн 60 хувь нь 10 минут ярилцах явдцаа ядаж ганц удаа худал хэлэхгүй байж чаддаггүй аж. Үнэнийг хэлэгчид бол амьдралын бүхий л табарт үнэнийг ярьж чаддаг үлдсэн 40 хувийн хүмүүст орно. Тэд бол үнэхээр ховор хүмүүс.
Үнэнийг хэлэгчдийн хувьд манлайллын дутагдал нь хардлага сэрдлэг юм. Эргэн тойрных нь хүмүүс үнэнээ хэлэхгүй байна гэсэн хардлагад Үнэнийг хэлэгчид амархан автдаг. Үүний үр дүнд үнэнийг бүрэн гүйцэд хэлэхгүй байх шалтгааныг нь тэрхүү хардлага сэрдлэг нь зөвтгөж эхэлдэг байна.
Эцэстээ хардлага сэрдлэг нь манлайллын дутагдлын Залилагч гэсэн хэв маяг руу хөтөлнө. Залилагч нь үнэхээр сэтгэл татам (үнэнд хөтлөгдөхгүй бол сэтгэл татам байх нь харьцангуй амархан), сэтгэл зүйн хувьд бусдыг залахдаа овжин, анхаарал сарниулахдаа гарамгай байдаг. Мөн тэд бусдыг шүүмжлэхдээ сайн бөгөөд үйлдлийнхээ төлөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.
Хэрэв танд Залилагчийн шинж чанар илэрвэл дараах аргуудыг ашиглан өөрийгөө засаарай:
- Уян хатан байхад суралц. Залилагчид дэлхийг зөвхөн хар, цагаанаар харах хандлагатай байдаг.
- Бүхнийг мэдээл. Залилагч болох зам ихэнхдээ улайм цайм худал хэлэхээс бус мэдээллийг нуухаас эхэлдэг.
- Шүүмжлэл бус шийдлийг хай. Шийдлийг магтан сайшаадаг, алдаа дутагдлыг шийтгэдэггүй соёлыг бүрдүүлбэл таныг оролцуулаад бүх хүн үнэнийг хэлдэг болно.
- Өөртөө өндөр шаардлага тавь. Худалч, хуурмаг амьтдыг бүү тэвч.
Баатар
Хэн нэг нь талбайд гарч ирэхийг бусад нь хүлээн суух зуур үйлдэл хийдэг хүн бол Баатар. Тэд асар их эсэргүүцэл, үл гүйцэлдэх нөхцөл байсан ч үйлдэл хийдэг. Тэд агуу болох боломжийн төлөө өөрсдийн карьерыг (заримдаа амь насаа хүртэл) дэнчин болгон тавихад бэлэн байдаг юм.
Баатар гэвэл бидний бодолд шүүгч Энтони Кеннеди, Малала Юсуфзай, Жэй.К.Роулинг нарын нэр орж ирэх болов уу. Баатрууд өөрсдөөсөө “зориг хаана хэрэгтэй байна вэ?” гэж асуудаг мэт санагддаг.
Баатрын давуу тал бол эр зориг юм.
Хүмүүс яагаад баатарлаг үйлс бүтээдгийг шинжлэх ухаан ойлгодоггүй ч энэ нь өөрийн гэсэн онцлогтой үйлдэл гэдгийг бид мэддэг. Энэ бол эрсдэлийг нь мэдэж байгаа мөн өөрт ашиг тусгүйг нь мэдэж байгаа хэрнээ сайн дураар бусдын сайн сайхны төлөө баатарлаг үйлс бүтээх явдал юм.
Баатрын хувьд манлайллын дутагдал нь айдас биш байдаг нь хачирхалтай. Нэг нөхцөлд Баатар байсан хүн өөр нөхцөлд айдаст бүрэн автаж болно. Философич Ральф Валдо Эмерсон нэгэнтээ “энэ дэлхий дээр айдас юунаас ч олон хүнийг ялдаг” гэж хэлсэн юм.
Айдас нь манлайллын дутагдлын Ажиглагч гэсэн хэв маягийг үүсгэдэг. Яагаад? Энгийнээр хэлбэл ямар нэг үйлдэл хийхийн оронд болж байгаа зүйлийг ажиглах нь илүү хялбар байдаг юм. Гэхдээ хууль бус үйлдэлд Ажиглагчийн байр сууринаас хандах юм бол Ажиглагч байх нь хялбархан гэдгийг ухаарч эхэлнэ. Энэ бол халдвартай бас сүйтгэгч хэв маяг билээ.
Хэрэв ямар нэг үйлдэл хийх шаардлагатай үед та өөрийгөө Ажиглагч болсныг ухаарвал эл дутагдлыг арилгахын тулд та дараах үйлдлийг хийх ёстой:
- Шийдвэрлэх үйлдэл хийхэд бэлэн бай. Сэтгэл судлаач Сюзан Жефферс “Айдсыг мэдэр, мэдэрсэн ч хий” гэж хэлсэн түүхтэй.
- Шууд утгаараа хэлвэл бусдаас илүү бай. Хэдэн минутын хугацаанд “power pose” авах нь тестостероныг нэмэгдүүлж, кортизолыг бууруулдаг гэдгийг Харвард болон Колумбын их сургуулийн судлаачид харуулсан. Ингэснээр та үйлдэл хийх илүү их боломжтой болно.
- Байдлыг хянаж байгаа гэдгээ өөртөө сануул. Үйлдэл хийх үгүйг эцсийн эцэст та л шийднэ.
Зохион бүтээгч
Зохион бүтээгч бол үргэлж шинэ бүтээгдэхүүн санаачлагч, эсвэл одоо байгааг сайжруулдаг алсын хараатан юм. Зохион бүтээгчид төгс төгөлдрөөс өөр зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Зохион бүтээгчид нь туршигчид байдаг, учир нь тэд жижиг мөрий нь том амжилт дагуулдгийг мэддэг юм. Мөн тэд амжилтанд хүрэхийн тулд алдаа гаргахад бэлэн байдаг.
Зохион бүтээгч гэж хэн байж болох вэ гэвэл Уолт Дисней, Лин-Мануэль Миранда, Блэйк Майкоский нарын хүмүүсийн нэр толгойд орж ирж байна. Тэд нар өөрсдөөсөө “бид үүнийг хэрхэн сайжруулж болох вэ?” гэж асуудаг.
Зохион бүтээгчийн давуу тал бол шударга зан юм.
Лолли номдоо “... шударга байхын тулд та өөрийгөө хэн болохыг, юуны төлөө буйгаа мэддэг байхаас гадна ёс зүйн дүрмээ мэдэх ёстой” гэж өгүүлжээ. Зохион бүтээгч хүнд шударга зан байх аваас хэн ч түүнийг зогсоож чадахгүй.
Зохион бүтээгчийн хувьд манлайллын дутагдал нь Авлига юм. Шударга занг нь шалгах хорхой хүргэм боломжуудтай Зохион бүтээгч өдөр бүр таардаг. Уур, шунал, залхуурал, бардамнал, тачаал, атаархал, хомхой зан гэсэн үндсэн долоон нүгэл нь үүний жишээ юм.
Шударга зангаа алдаж эхэлвэл та манлайллын дутагдлын Сүйтгэгч гэсэн хэв маяг руу хөтлөгдөнө. Санаа, бүтээгдэхүүн, компаниар дамжуулан дэлхийг илүү сайхан болгохын оронд Сүйтгэгч нь зөвхөн өөрийн зорилгод үйлчилж, улмаар бүхнийг дордуулдаг.
Хэрэв шударга занг нь сүйтгэх зүйлтэй тулгарвал тэрхүү дутагдлаа засахын тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
- Мууг бус сайныг эрж хай. Сүйтгэгч нь ямар ч нөхцөлд сөрөг зүйлд анхаарлаа хандуулдаг агаад энэ нь ёс зүйн дүрмээ дагаж мөрдөхөд хэцүү болгодог.
- Хувь хүний өндөр стандартыг өөртөө тавьж, бусад нь анзаараагүй үед ч халтуурдахаас зайлсхийх хэрэгтэй.
- Өөрийгөө тань. Өөрийгөө байнга хянасны үр дүнд шударга занг үүсгэж мөн хадгалдаг юм.
- Амлалтдаа үнэнч бай
- Амлалтаа биелүүлж чадаагүй бол хариуцлагаа хүлээ.
Чиглүүлэгч
Чиглүүлэгч нь хаашаа явахыг, хүмүүсийг хэрхэн өөртэйгээ нэгтгэхийг мэддэг. Тэд адармаатай зүйлийг хялбар, хялбар зүйлийг ойлгомжтой болгож чаддаг юм. Үүнээс ч чухал нь тэд өөрсдийгөө хэрхэн чиглүүлэхийг мэддэгт оршино.
Алдартай Чиглүүлэгчдийн тухай бодохоор толгойд хамгийн түрүүнд Майкл Блумберг, Шерил Сандберг, Нассим Николас Талебын нэр толгойд орж ирнэ. Чиглүүлэгч үргэлж “Очих ёстой газраа бид хэрхэн очих ёстой вэ” гэж асууж байдаг.
Чиглүүлэгчийн давуу тал бол итгэл юм.
Чиглүүлэгч нь манлайлах ур чадвартаа итгэдэг бөгөөд эргэн тойрны хүмүүстээ хэрхэн итгэл төрүүлэхийг мэддэг. Итгэл нь хүмүүсийг гомдоно гэсэн айдасгүйгээр бодлоо илэн далангүй илэрхийлэх, зэмлүүлнэ гэсэн айдасгүйгээр зүй ёсны эрсдэл гаргахад хүргэдэг юм.
Чиглүүлэгчийн хувьд манлайллын дутагдал нь Их зан юм. Байгууллагаа амжилтанд хүргэхэд чиглүүлж чадах ур чадвар бий гэдэгтээ хэт их итгэх аваас бүхнийг мэднэ гэсэн хавханд унана. “Хүмүүст юу хийхийг нь би хэлчихнэ, тэд ч хийнэ” гэж хэлэх нь чухам их зантай хүнээс гарах үг билээ.
Ийм зан нь манлайллын дутагдлын Засварлагч гэсэн хэв маягт хүргэдэг. Лоллигийн өгүүлснээр Засварлагч нь хэн ч итгэдэггүй чиглүүлэгч ажээ. Засварлагч нь бусдыг удирдахын оронд харин хүмүүсийг аврах шаардлагатай гэж боддог нэгэн. Тэд юм болгоныг удирдахыг хүсдэг.
Хэрэв та өөрийгөө Засварлагчийн үүрэгтэй болж эхэлснийг мэдвэл уг дутагдлаас дараах байдлаар зайлсхийх боломжтой:
- Засварлагчийг засаж сур, өөрийгөө засахаас эхэл.
- Хил хязгаарыг мэдэж бай. Бусад хүмүүсийн сорилтонд автаж, өөрийгөө алдахаас зайлсхий. Бусдад өөрийгөө авч гарах боломж олго.
- Харилцаа, зүтгэл, чадвар, зан характерт анхаарал хандуул.
- Ойр тойрны хүмүүсээ хүндэлж, биширч, үнэлэх замаар итгэж буйгаа харуул.
Хөлөг баатар
Хөлөг баатар бол нугаршгүй итгэлтэй үнэнч хамгаалагч юм. Хөлөг баатар нь таны дэргэд байж, өөртөө зүтгэхээс ч өмнө танд зүтгэж чадах нэгэн билээ.
Тереза эх, Хебр Келлехер, Жилл Абрамсон бол Хөлөг баатруудын жишээ юм. Хөлөг баатрууд өөрсдөөсөө үргэлж “Би танд хэрхэн зүтгэх вэ?” гэж асуудаг.
Хөлөг баатрын давуу тал бол үнэнч зан юм.
Үнэнч зан судлаач Жэймс Кэйний үзэж буйгаар бид өөр хүн, брэнд, байгууллагад үнэнч эсэхээ мэдэх гурван зүйл байдаг ажээ.
- (1) итгэлийн мэдрэмж
- (2) харьяаллын мэдрэмж
- (3) зорилгын мэдрэмж
Хөлөг баатар эл гурван итгэлцүүрийн аль алинд нь багтдаг.
Хөлөг баатрын хувьд манлайллын дутагдал нь Өөртөө зүтгэх юм. Бид бүхэнд эхлээд өөртөө зүтгэх гэсэн өрөөсгөл хандлага ажиглагддаг. Үүний нэг нотолгоо бол надад сайн зүйл бусдад ч сайн гэж ойлгох явдал билээ.
Энэ бүхэн аажимдаа манлайллын дутагдлын Хөлсний цэрэг гэсэн хэв маягт хүргэнэ. Хөлсний цэрэг нь ажилдаа өөрийгөө бүрэн зориулдаггүй, үнэнч бус, ур чадвараар дутмаг байдаг.
Хэрэв та Хөлсний цэрэг болох хандлагатай бол эргээд Хөлөг баатар болоход туслах хэд хэдэн аргыг танилцуулья:
- Бусдад зүтгэх нь эцэстээ асар их амжилтанд хүргэдэг гэдгийг ухаарах
- Хүмүүс танд ямар хариу үйлдэл үзүүлж байгаад анхаарал хандуулах
- Өөрийгөө бусдын оронд тавьж үзэх
- Эргэн тойрны хүмүүсээ таньж мэд, учир нь холбоотой байдаг хүмүүсийнхээ төлөө зүтгэх нь илүү хялбар
- Өөртөө шударга ханд. Хэрэв та өөрөө харуулахгүй л бол бусдаас шударга занг хүлээгээд нэмэргүй.
Дүгнэлт
Манлайлагч байх нь амаргүй үүрэг бөгөөд маш олон удаа хэцүү байдалд орох нь гарцаагүй. Гэхдээ Десмонд Туту нэгэнтээ хэлсэнчлэн “Түнэр харанхуйд ч гэрэл олж харах чадварыг итгэл” гэдэг билээ.
Ийм харанхуй цаг үед The Leadership Gap номд дурдсан хэрэгтэй санаагаар та өөрийгөө зэвсэглэх хэрэгтэй. Ингэснээр та харанхуйг бус гэрлийг, ялгаатай нөхцөлд шаардлагатай манлайллын хэв маягаас тохирохыг нь сонгох болно.
Эсэргүүн, Хайгуулч, Үнэнийг хэлэгч, Баатар, Зохион бүтээгч, Чиглүүлэгч, Хөлөг баатар бүгд танд бий.
Хэнийг нь сонгох нь таны эрх, тиймээс зөв сонголт хийгээрэй.