Зохиолч: Жо Пулицци (Joe Pulizzi)

Контент Инк.

Content Inc.
Цоо шинэ ертөнц нэгэнт бий болжээ. Хэрэв та хангалттай сайн контент хийж чадах юм бол хэдэн сая долларын үнэлгээтэй бизнестэй болох боломжтой. Хүмүүс таныг сонгохыг хүлээх хэрэггүй, хөрөнгө оруулагчдаас мөнгө авах хэрэггүй, эсвэл сурталчилгаанд хэдэн сая доллар үрэх ч шаардлагагүй. Та ердөө үзэгч, хэрэглэгч нартаа үнэ цэн өгөхийн тулд шаргуу хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал та Пулиццигийн дараагийн номд ч орж мэдэх юм. 

Жо Пулицци 2007 онд зургаан оронтой цалин бүхий паблишинг компанийн захирлын ажлаа орхиж, хувийн бизнэсээ эхлүүлэхдээ дарааллын эцсээс нь бүхнийг эхэлжээ. Тэрбээр эхлээд бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахын оронд хэрэглэгч нараа бий болгож, дараа нь тэдэнд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх вэ гэдгээ тодорхойлсон аж.

Энэ нь Жо, түүний багт сайнаар нөлөөлжээ. Түүний байгуулсан Content Marketing Institute нь сүүлийн гурван жил дараалан Inc.500–ийн хамгийн хурдан өсөлттэй Америк компаниудын жагсаалтанд багтсан. Тэрбээр контент маркетингийг ашиглан хэрхэн өнөөгийн шинэ ертөнцөд бизнесээ өргөжүүлж болохыг харуулсан Content Inc. номоо бичжээ. 

Ингээд таны анхаарах ёстой зургаан чиглэлийг танилцуулья. 

1. Давуу тал

Контент маркетингийн стратеги боловсруулах (эсвэл цоо шинээр эхлэх) гэж байгаа бол юун түрүүнд бизнес моделио ямар контентод тулгуурлан босгохоо шийдэх ёстой. Пулицци үүнийг давуу тал (sweet spot) гэж нэрлэсэн агаад энэ бол мэдлэг/ур чадвар болон таны маш их хүсэж дурладаг зүйлийн огтлолцох цэг юм. Та мэдлэгийг (таны сайн мэдэх зүйл), эсвэл ур чадварыг (таны хамгийн сайн хийж чадах зүйл) сонгож болно. Ихэнх хүн энэ хоёрыг амархан жагсааж бичих биз ээ. 

Жишээлбэл, Мишелл Фан нүүр будалт хийх сонирхол болон жүжиглэх ур чадвараа хослуулан Youtube суваг бүтээснийг нь тэрбум гаруй удаа үзээд байна. Тэрбээр мөн ном бичих гэрээ байгуулж, алдар нэрээ ашиглан гоо сайхны барааны 500 сая долларын үнэлгээтэй бизнесийг үүсгэжээ. Веб камераар авсан тааруухан бичлэгтэй нүүр будалтын бичлэгээс эхэлсэн гэхэд муугүй бизнес үүсгэсэн байгаа биз.

Гэхдээ Content Inc. (контентод тулгуурласан) бизнесийг бий болгосон Мишелл шиг олон хүн танд чухал хүсэл тэмүүлэл нэн чухал гэж хэлэх болов уу. Нөхцөл байдал хэцүүдэхэд улам шаргуу ажиллах хүсэл тэмүүлэл байхгүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй. 

Том, тогтвортой бизнесүүдийн хувьд давуу тал нь тэдний дагнасан чиглэл болон хэрэглэгчид тулгарч буй асуудлын огтлолцох цэг юм. Хэрэглэгчдийг оролцуулсан мөн тэдний эрэлтийг хангасан контент бүтээх нь ч үр дүнд хүргэнэ. Ингэснээр бид дараагийн гол санаа рүү орж байна. Тэр юу гэвэл танай контентод хэрэглэгч хэрэгтэй бөгөөд тэд өөрсдийгөө ойлгодгоос илүүтэйгээр та тэднийг ойлгох ёстой юм. Энэ бол хэрэглэгч нартайгаа гүнзгий холбогдох мессежийг бүтээх цорын ганц арга бөгөөд хэрэв ингэж чадвал тэд танай үнэнч хэрэглэгчид болно. 

2. Контентын онцлог

Хэрэглэгч нартаа ямар контент зориулахаа мэдсэн бол зах зээл дэх бусад ижил сонголтоос юугаараа өөр, илүү сайн бэ гэдгийг баталгаажуулах ёстой. Үүний тулд та хэрэглэгчид тохиолдож буй бэрхшээл, өөрийн хүсэл тэмүүлэл, өөрт буй ур чадварыг хослуулан илүү сонирхолтой аргаар (видео оролцуулах гэх мэт) контент бүтээх ёстой. Сонирхолтой нь номын хураангуйг бэлтгэдэг readitfor.me вэб сайт ч чухам ийм замаар бүтсэн юм. Тус контентийг бэлтгэдэг маркетингийн агентлаг анхандаа харилцагч нартаа зориулан номын хураангуй бэлтгэдэг байв. Улмаар тэд зах зээл дэх уйтгартай номын хураангуйнуудыг захирал, менежерүүд төдий л уншдаггүйг анзаараад илүү сонирхолтой байдлаар бэлтгэн эхний бичлэгээ эхлээд 10 хүнд сонирхуулжээ. Гэтэл тэдгээр уншигчид цааш нь 20 хүнд, тэдгээр 20 хүн олон зуу, мянган хүнд дамжуулсны дараа, мөн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаны дараа өдгөө хэдэн мянган хүнд үйлчилдэг бизнес болгосон байна. 

3. Сууриа бэлтгэх

Контент бүтээх стратегиа гаргасан бол одоо ажилдаа орох цаг болжээ. Та хамгийн эхэнд санаа болон түүхээ хаана амьдруулах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Энэ талаар шийдвэр гаргахын тулд контентоо ямар дундын зуучлагч ашиглан хүмүүст хүргэхээ сонгох хэрэгтэй. Контент маркетингийн чиглэлээр амжилтанд хүрсэн олон компани дараах ангиллын аль нэгт багтсаар иржээ.

  • Нийтлэл эсвэл блог: Content Marketing Institute гэхэд блогийг өөрсдийн үндсэн платформ болгон ашигладаг. 
  • Онлайн ньюслеттер: Social Media Examiner нь өдөр бүр 300 мянган захиалагч нартаа мэйлээр мэдээлэл явуулдаг.
  • Видео: Брэнд, маркетингийн агентлагаа томруулахын тулд Гари Вэйнерчук маш олон видео контент хийдэг.
  • Подкаст: Жон Лий Думас өдөр бүр шинэ подкаст хийдэг. 

Энэ талаар шийдвэр гаргахдаа та хоёр чухал асуултыг өөрөөсөө асуух ёстой. Нэгдүгээрт, аль суваг нь таныг зорилтот зах зээлдээ хүргэх хамгийн их боломжтой вэ? YouTube, Medium платформ зэрэг зарим сүлжээ нь хэрэглэгчидтэйгээ хамт ирдэг бол Wordpress ашиглан вэбсайтад блогоо оруулвал та хэрэглэгчээ эхнээс нь эхлэн өөрөө бий болгох шаардлагатай тулгарна. Хоёрдугаарт, аль суваг нь танд контентоо үзүүлэх болон хэрэглэгчээ бий болгоход хамгийн их хяналтыг өгч байна вэ? Үүнд өмнөх асуултын хариултыг эсрэгээр ойлгоход болно. Wordpress зэргийг ашиглавал бусад сайт шиг бэлэн хэрэглэгчид ирэхгүй ч та өөрөө бүтээлч байдлаа бүрэн хянаж, хэрэглэгч нартайгаа хэрхэн харилцахаа ч хянах юм. Харин YouTube зэрэг сайтад та хэрэглэгч нартайгаа хэрхэн харилцахаа хянах боломжгүй агаад YouTube нь таны сувгийг хэдийд ч устгаж, хэрэглэгч нартайгаа холбогдох боломжийг үгүй хийж магадгүй. Тэгэхгүй л байх, гэхдээ ингэх боломжтой. 

Платформоо сонгосон бол контентоо бүтээж эхлэх цаг иржээ. Амжилтанд хүрэхэд нэн чухал нэг зүйл бол контентын давтамж юм. Та товлосон хугацаандаа контентоо тогтвортой гаргасаар байх юм бол амжилтанд хүрэх илүү магадлалтай болно. Энэ тал дээр танд туслах зүйл бол контентын хуанли юм. Юуг, хэзээ нийтлэхээ тодорхойлох нь замаасаа хазайлгүй ажиллах цорын ганц арга билээ. 

4. Хэрэглэгчдээ “хураах”

Платформоо бүтээж, контентоо хэзээ түгээхээ шийдсэн бол та хэрэглэгчдээ үүсгэж эхлэх ёстой. Content Inc. моделийн хувьд танд чухал ганцхан тоо байх ёстой агаад тэр нь үнэнч хэрэглэгчдийн тоо юм. Та контентоо амьдруулж буй бүхий л суваг дээрээ хэрэглэгч бий болгохыг хичээх нь зүйтэй боловч аль суваг нь танд хамгийн үнэ цэнтэй гэдэг талаар эрэмбэ дараалал гаргах ёстой. 

Мэйл нь хамгийн чухал суваг хэвээрээ байна. Мэйл нь танд хяналт тавих маш их боломжийг олгохоос гадна (гэхдээ та итгэхгүй ч байж магадгүй) ихээхэн үр дүн өгдөг юм. Хоёрдугаарт хэвлэмэл бүтээгдэхүүний хэрэглэгч, удаад нь LinkedIn, Twitter орно. Жагсаалтын хамгийн адагт Facebook ордог. Учир нь танай хуудсанд лайк дарсан хэрэглэгчдэд ч контентоо хүргэх нь маш хэцүү байдаг. 

Мэйл маш чухал учир та мэйл бүртгэлийн сонголтоо вэбсайт дээрээ маш онцлогтой, тодорхой байрлуулах ёстой бөгөөд шинэ хэрэглэгчийг татахын тулд поп-ап цонх ашиглах талаар бодож үзээрэй. Харин тэдгээр поп-ап нь уур хүргэмээр, “ийм цонх ашиглаж байсан вэбсайтад хэзээ ч бүртгүүлж байгаагүй” гэсэн гомдол ирэх юм бол тэдгээрийг мартаж орхи. Гэхдээ л ийм поп-ап цонхнууд тун үр дүнтэй. 

Хэрэглэгчтэй болох өөр нэг арга бол контентоо хайлтын системд дээгүүр гарч ирэх байдлаар үүсгэх юм. Тухайн салбартаа таарах түлхүүр үгнүүдийг оруулж, тухайн хэллэгээр хайлтанд дээгүүр гарч ирэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийх хэрэгтэйг сана. Тэр талаар эл хураангуйд дурдахгүй агаад энэ талаарх төрөл бүрийн мэдээллийг онлайн эх сурвалжаас олж авах боломжтой. 

Та дөнгөж эхэлж байгаа, хэрэглэгчдийг татахад хэрэгтэй төрөл бүрийн арга хэрэгсэлд мөнгө төлөх боломжгүй байгаа бол инфлюнсер маркетингийн ашиглах нь хамгийн зөв санаа юм. Энэ нь өөрийн гэсэн хэрэглэгч, үзэгчтэй болсон хүмүүс таны контентыг хэрэглэгч нартайгаа хуваалцана гэсэн үг. Инфлюнсерийн нөлөөг ашиглахын тулд та дараах гурван алхмыг хэрэгжүүлэх ёстой: (1) хамтрах боломжтой хүмүүсийн жагсаалтыг гаргаж, тэднийг судал, (2) тэдэнд хандаж эхэл, (3) тестэл, шалга, сайжруул. 

Инфлюнсертэй хамтран ажиллах хэд хэдэн арга бий. Нийтлэлдээ зориулж хэлсэн үгийг нь ашиглаж болох эсэхийг тэднээс асуу. Онлайнд оруулсныхаа дараа уг нийтлэлээ хуваалцахыг хүс. Хоёрдугаарт, тухайн инфлюнсерийн хэрэглэгч нарт зориулсан контент гаргах санал тавь. Гуравдугаарт, шууд гол зүйлээ ярьж, хийсэн контентоо хуваалцахыг инфлюнсерээс хүс. 

5. Төрөлжих

Хэрэв та контент маркетингаар амжилтанд хүрч эхэлсэн бол бусад чиглэлээр төрөлжихийг хүсэж болох юм. Блог бичихээс эхлээд, дараа нь ном бичих, улмаар лекц унших нь шилдэг контент бүтээгчдийн хувьд сүүлийн хэдэн жилийн хамгийн түгээмэл замнал нь болжээ. Номын эл хураангуйд төрөлжих талаар дэлгэрэнгүй дурдахгүй. Учир нь шинийг эхлүүлэх бус харин одоогийн бизнесээ томруулахын тулд ихэнх хүн контент маркетинг ашигладаг юм. Гэхдээ та энэ замаар явахыг хүсэж байгаа бол эл номыг уншиж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөе. 

6. Орлого олох

Эцэст нь шаргуу хөдөлмөрийнхөө үнэ цэнийг хүртэж, орлого олох үедээ ирж байна. Контент маркетингаас мөнгө олох хоёр арга бий. Эхнийх нь контент үзэгчдийг өөрийн эрхэлж буй бизнесийн хэрэглэгч болгох. Ийм тохиолдолд та тэднийг уриалан дуудах буюу хэрэглэгч болоход нөлөөлөх функцуудыг контент бүртээ оруулж өгөх хэрэгтэй. Харин Content Marketing Institute-ийг Пулицци үүсгэн байгуулсан шиг Content Inc. бизнес үүсгэж байгаа бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзэгч, хэрэглэгч нартаа зарах ёстой. Ингэх хэд хэдэн арга бий: 

  • Төлбөртэй лайв арга хэмжээ зохион байгуулах
  • Эдгээр арга хэмжээндээ ивээн тэтгэгч нарыг төлбөртэй оролцуулах
  • Төлбөртэй онлайн сургалттай болох
  • Компаниудад очиж сургалт хийх
  • Подкастдаа ивээн тэтгэгч олж оролцуулах

Дүгнэлт

Цоо шинэ ертөнц нэгэнт бий болжээ. Хэрэв та хангалттай сайн контент хийж чадах юм бол хэдэн сая долларын үнэлгээтэй бизнестэй болох боломжтой. Хүмүүс таныг сонгохыг хүлээх хэрэггүй, хөрөнгө оруулагчдаас мөнгө авах хэрэггүй, эсвэл сурталчилгаанд хэдэн сая доллар үрэх ч шаардлагагүй. Та ердөө үзэгч, хэрэглэгч нартаа үнэ цэн өгөхийн тулд шаргуу хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал та Пулиццигийн дараагийн номд ч орж мэдэх юм. 

0 Shares
Хариу үлдээх