Зохиолч: Ог Мандино (Og Mandino)
Дэлхийн хамгийн агуу борлуулагч
“Дэлхийн хамгийн агуу борлуулагч” номдоо Ог Мандино амжилттай сайн борлуулагч хэрхэн болохыг сургаалт үлгэр хэлбэрээр хүүрнэжээ. Энэ номыг тэртээ 1968 онд бичсэн боловч бүх зөвлөгөө нь асар үнэ цэнтэй хэвээр байна. Хэрэв та сүүлийн 10 жилд гарсан хувь хүний хөгжлийн тухай зарим номыг уншсан бол О.Мандиногийн хөндсөн ихэнх сэдвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дахин бичсэнийг нь анзаарах болов уу.
Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ гэдэг байх аа. Ингээд 2000 жилийн өмнөх үеэс эхлэх эл сургаалт үлгэрийг сонирхоё.
Түүх
Есүсийг аж төрж ахуй цагт Дэлхийн хамгийн агуу борлуулагч хэмээгдэх Патрос гэгч амьдарч байжээ. Тэрбээр тэмээг нь асарч малладаг Хафид гэдэг зарцтай. Мөн өргөж авсан хүү нь аж. Тэмээ хариулдаг ихэнх хүний адил Хафид илүү ихийг хийхийг мөрөөддөг байсан нь гарцаагүй.
Тодруулбал, тэрбээр Леша гэх бүсгүйтэй гэр бүл болж, хайрлаж халамжлахыг хүсэж байлаа. Тэмээчний цалингаар ингэх даанч боломжгүй. Тиймээс тэрбээр борлуулагч болохыг Патросоос хүсжээ. Патрос дургүйхэн зөвшөөрч улмаар Хафидыг сорихоор шийдэв. Олон жилийн турш нэг ч борлуулагч амжилт олоогүй нэгэн хотод ганган дээл заруулахаар Хафидыг явууллаа. Дээлийг зарвал сорилтыг давж, улам их ажил өгнө гэж Патрос амлажээ.
Хафид бүтэлгүйтжээ. Тэрбээр дээлийг зарж чадаагүй төдийгүй нэг ядуу айлд зүгээр өгсөн байна. Гэвч харих замд нь хачирхалтай зүйл тохиолдож, хурц од араас нь замын турш дагажээ. Гэртээ тэвчээртэйеэ хүлээх Патрост од дэндүү тод санагдсан учир нууц хуйлмал бичгээ Хафидад өгөх ёстой гэсэн дохио гэж ойлгожээ.
Хуйлмал бичээст гурван нөхцөл байв. Эхнийх нь, хуйлмал бичээст буй зааврыг дагах ёстой. Хоёрдугаарт, Хафид орлогынхоо талыг ядууст өгөх ёстой. Гурав дахь нөхцөл нь “сонгогдсон” хүн ирснийг дохиолох хүртэл хуйлмал бичээсээс сурсан зүйлээ хэнд ч зааж өгөх ёсгүй.
Харин өнөөдөр тэрхүү сонгогдсон хүн нь та агаад Дэлхийн хамгийн агуу борлуулагч болохын тулд та суралцах гэж байна.
Хуйлмал бичээс I - Өнөөдөр би шинэ амьдрал эхлүүлнэ
Амьдралын зорилгодоо хүрч чадаагүй явдлыг бүтэлгүйтэл гэж тодорхойлж болно. Энэ нийтлэг бэрхшээлийг даван туулах арга бий гэж Хуйлмал бичээс I-д өгүүлдэг агаад үүний тулд зааврыг нь дагах ёстой аж. Тодруулбал, та амьдрах хуучин арга, зуршлаа орхиж, шинэ бөгөөд илүү сайныг өөрийн болгох ёстой. Үнэндээ хуучин аргууд чинь танд тус болоогүй шүү дээ. Өнөөдрөөс эхлүүлэх шинэ зуршил нь хуйлмал бичээс бүрийг (бидний хувьд сурсан зарчим бүрээ) 30 өдрийн турш уншихаас эхэлнэ.
Зааврыг нь өглөө босоод аяархан, өдөр хоол идсэний дараа аяархан харин унтахын өмнө чангаар унших ёстой гэж хуйлмал бичээст тушаажээ. Үүний зорилго нь үг бүрийг өдөр бүр давтсанаар тэдгээрийг ухамсарт бодлынхоо нэг хэсэг болгоход, давтан уншсанаар ухамсаргүй бодлынхоо нэг хэсэг болгоход оршиж байгаа юм.
Нийт 10 хуйлмал бичээс бий, тиймээс та үүнийг 10 сарын турш өдөр бүр давтах юм. Өдөр, долоо хоног, улирлын үр дүн шаарддаг өнөөгийн дэлхийд энэ нь асар удаан санагдах байх. Гэвч Хамгийн агуу борлуулагч болохын нэг нууц нь тэвчээр юм.
Хуйлмал бичээс II - Энэ өдрийн хайр дүүрэн зүрхээр угтана
Хайр дүүрэн зүрхээр өглөөг угтах аа? Бид нар “аварга загаснуудтай хамт сэлэх” ёстой биш бил үү? Нэг бол зарах эсвэл зарагдах ёстой биз дээ? Зах зээлд давамгайлах ёстой бус уу?
Магадгүй.
Гэвч хуйлмал бичээс II биднийг түр завсарлаж, маш чухал нэгэн зүйлд буюу өглөөг хайраар дүүрэн зүрхээр угтахгүй бол өөр юугаар дүүргэх вэ гэдэгт анхаарахыг сануулдаг. Дэлхий бол аж төрөхөд амаргүй газар. Борлуулагч болсноор та өөртөө бүр их дарамт авчирсан. Өдөр бүр үгүй гэсэн хариулттай заавал таарна. Амжилтанд хүрэхээсээ илүү олон удаа бүтэлгүйтнэ. Болгоомжтой байхгүй бол удахгүй таны зүрх хорсол, цөхрөлөөр дүүрнэ.
Тиймээс та өөрөөсөө аль хандлага нь намайг илүү олон борлуулалт хийхэд туслах вэ гэж асуу. Хайр дүүрэн зүрх үү, хорсол дүүрэн зүрх үү? Өдрийг нь гийгүүлсэн борлуулагчаас хүн юм авах уу, өдрийг нь бүүдгэр болгосон борлуулагчаас хүн юм авах уу? Миний л хувьд сонголт нь маш тодорхой.
Хуйлмал бичээс III - Амжилтанд хүртлээ хичээнэ
Хичээгээд л бай, эцэстээ амжилтанд хүрнэ гэсэн зөвлөгөөг бид олонтоо сонссон. Үүнийг батлах шинжлэх ухааны нотолгоо ч бий. Анжела Дакворт “Хат” номдоо бичсэнээр өндөр амжилтанд хүрсэн хүмүүс нь түүний нэрлэснээр маш өндөр хэмжээний “хат”-тай байдаг ажээ. Амжилтанд хүрэхийн тулд хугацаа хэрэгтэйг бид ойлгох ёстой. Хэрэв хугацаа өгөх юм бол хүүхэд ч царс модыг ч тайрч унагах боломжтой. Хамгийн ухаантай, хамгийн авьяаслаг, хамгийн царайлаг хүмүүс амжилтанд хүрдэггүй.
Борлуулалтын салбарт хамгийн тууштай ажилласан хүмүүс, бүтэлгүйтэлтэй хамгийн удаан тэмцсэн, зовлон шаналалтай хамгийн их тэмцэж маргааш өглөө босоход бэлэн байдаг хүмүүс л энэ салбарт амжилт гаргадаг.
Хуйлмал бичээс IV - Би байгалийн хамгийн гайхалтай ид шид
Хамгийн олон төрлийн ур чадварт суралцахад бус харин зөв бодолтой байхаас борлуулалтын салбарт амжилт гаргах эсэх нь хамаарч буйг та ойлгож эхэлсэн байх. Өөртөө итгэх нь амжилтанд хүрэхэд нэн чухал хүчин зүйл юм. Хаанаас эхэлж байгаа, одоо ямар түвшинд буйгаас үл хамаарч дэлхийн өөр нэг ч борлуулагч хийж чадахгүй зүйлийг хийх чадвар танд бий. Бодвол танаас олон талаар илүү, онцгой авьяастай хүмүүсийг дагаж дуурайхын оронд өөрийн онцгой ур чадвар юу болох, тэдгээрийг хэрхэн тултал нь ашиглахад цаг гарга.
Ийм бодолтой болох аваас өмнө тулгарч буй бүхий л саад, сорилт нь үнэндээ тэр бүхнийг хэрхэн давж гарснаа дэлхий нийтэд харуулах боломж юм гэдгийг та ойлгоно.
Хуйлмал бичээс V - Өнөөдрийг сүүлчийн өдөр мэт санаж амьдарна
Хүмүүс “одоодоо төвлөрч”, бясалгалын сургалтанд суух болсон. Гэхдээ одоо цагт амьдрах нь хэзээд борлуулалтын амжилтанд шаардлагатай зарчим байсаар ирсэн юм.
Хүссэн үр дүндээ хүрэхэд туслах цорын ганц зүйл бол урдаа байгаа зорилгод 100 хувь анхаарлаа хандуулах юм. Элсэн цагны элсийг бид буцааж чадахгүй, маргаашийн элсийг өнөөдрийн цаган дотор урсгаж чадахгүй гэж Хуйлмал бичээс V-д дурджээ.
Өнөөдөр бол бидэнд байгаа цорын ганц өдөр. Хэрэв өчигдөр эсвэл маргаашийн тухай бодсоор өнөөдрөө үрвэл яг одоо харилцаж байгаа хэрэглэгч эсвэл боломжит худалдан авагчид та өөрийгөө бүрэн зориулж чадахгүй.
Хэрэв зөвхөн өнөөдрийн үйлдлээрээ дурсагдахыг хүсэж байгаа бол энэ нь харилцагч нартаа хандах хандлагад тань яаж нөлөөлөх вэ? Тиймээс сүүлийн өдрөө хамгийн сайн өдөр болгон хувирга.
Хуйлмал бичээс VI - Би сэтгэл хөдлөлийнхөө эзэн
Бид үйл хөдлөлөө өөрчлөхийн тулд өөрөөр бодож чадна гэсэн түгээмэл буруу ойлголт бий. Гэтэл шинжлэх ухааны баримтаас үзвэл бид бодлоо өөрчилсний дараа л үйл хөдлөлөө өөрчилдөг аж. Хуйлмал бичээс V-д “Бодол нь үйлдлээ захирдаг нэгэн бол Сул дорой, үйлдэл нь бодлоо захирч чаддаг нэгэн бол Хүчирхэг" гэж өгүүлдэг. Үүний практик ач холбогдол нь үлэмж их. Хуйлмал бичээст үргэлжлүүлэн “Өглөө бүр би сэрэхдээ гуниг, шившиг, бүтэлгүйтлийн хүчинд автахаасаа өмнө тулааны энэ замыг дагадаг. Хэрэв сэтгэлээр унавал би дуулна. Хэрэв гуниглавал би инээнэ. Хэрэв өвдвөл хоёр дахин их чармайна. Хэрэв тодорхой байдалд орвол дуугаа өндөрсгөнө” гэж бичжээ.
Зарим хүн мэдрэмждээ хайртай, тэдгээрийг алдахыг хүсдэггүй. Тиймээс тэд өөрийгөө дайчлан хичээхийн оронд өөрийгөө өрөвдөж суудаг. Харин амжилтанд хүрсэн хүмүүс бодол, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай гэдгээ, ингэх хамгийн зөв арга бол хүсэж буй сэтгэл зүйн байдалдаа орох гэдгийг мэддэг.
Хуйлмал бичээс VII - Би дэлхийг шоолно
Энэ бол өнөөдөр тохиолдсон ямар нэг зүйлд эсвэл өөртөө хэт нухацтай хандахгүй байх тухай юм. Яагаад гэвэл, нэгдүгээрт, өнөөдөр танд тохиолдсон сайн, муу аль нэг зүйл 10 жилийн дараа тийм ч чухал биш санагдана. Эсвэл Хятадад байгаа хэн нэгний хувьд. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөр. Учир нь энэ хүлээн зөвшөөрөл ч мөн урсан өнгөрнө.
Хоёрдугаарт, хэрэв та өөрийгөө шоолж инээхээргүй хэт өөртөө бардсан хүн болсон бол тайвшраад байдлыг өөр өнцгөөс харах цаг ирж. Ийн өөр өнцгөөс харах нь танд өнөөдөр эрсдэл гаргах боломжийг өгч байгаа юм. Хэрэглэгчийн өмнө тэнэг харагдахгүйн тулд борлуулалтын шинэ аргыг ашиглахаас санаа зовж байна уу? Хэрэв бүтэлгүйтвэл инээгээд л өнгөрүүл, учир нь энэ явдал ч мөн өнгөрч мартагдана.
Хуйлмал бичээс VIII - Би өнөөдөр үнэ цэнээ 100 дахин үржүүлнэ
Агуу хүний хүрсэн ялам модны навч торго болон хувирдаг гэж Хуйлмал бичээс VIII-д өгүүлдэг. Энэ ямар утгатай вэ гэвэл: хэрэв та үйлдлээ зөвөөр чиглүүлж чадвал гайхалтай үр дүнд хүрнэ.
Үйлдлийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлмээр байвал зорилгоо тодорхой болгож, тэдгээрийг өндөрт тавих ёстой юм. Боломжтой гэж боддогоосоо ч өндөр зорилго тавь.
Өдөр, долоо хоног, сар, жил, амьдралынхаа зорилгыг тодорхой болго гэж хуйлмал бичээс захидаг. Өмнөх хамгийн сайн амжилтаа бодож үзээд түүнийгээ 100 дахин сайжруул. Энэ л таны шинэ стандарт болох учиртай.
Анхаарах ёстой хэдэн зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, хүрэх боломжтой гэж өнөөдөр санаанд чинь огт орохгүй байгаа зорилгыг өмнөө тавих юм бол түүндээ хүрэхийн тулд зан характераа өөрчлөх ёстой нь тодорхой болж ирнэ. Хоёрдугаарт, та эл зорилгодоо хүрэх замдаа бүтэлгүйтэх нь бараг л тодорхой. Энэ бол амьдралын салшгүй хэсэг. Хэрэв та хуйлмал бичээст бичсэн бүх санааг энэ хүртэл хэрэгжүүлж ирсэн бол тэдгээр бүтэлгүйтэлтэй хэрхэн тэмцэхээ мэддэг болсон байх. Ттймээс та бүтэлгүйтэл бүрийг бууж өгөх бус харин улам хүчирхэг болох боломж гэж хардаг болсон биз ээ. Уг номын хамгийн алдартай эшлэлийн нэгийг дурдъя: “зөвхөн өт л унах эсэхтээ санаа зовдоггүй. Би өт биш. Би сонгино биш. Би хонь биш. Би бол хүн. Бусад нь шавраар агуй бариг. Харин би цайз барина”.
Хуйлмал бичээс IX - Би одоо үйлдэнэ
Маргааш гэж байхгүйг сана. Зөвхөн өнөөдөр гэж бий. Хэрэв үйлдэл хийхгүй л бол таны итгэл, таны мөрөөдөл үнэ цэнгүй, зорилго тань хэрэгжих боломжгүй болно.
Зөвхөн үйлдэл л таны амжилтыг бүтээнэ. Алгуурлах нь дэлхий дээр оршин буй хамгийн том мөрөөдөл устгагч билээ. Үйлдсээр, бүтээсээр байвал тэр таныг гүйцэхгүй.
“Би одоо үйлдэнэ” гэсэн уриатай болж, түүнийгээ аль болох олон удаа давтаарай.
Хуйлмал бичээс X
Ингээд та төгсгөлд нь ирлээ. Есүсийн үеийн тухай сургаальт үлгэр гэдгийг уншаад та Бурхантай холбоотой зарчмыг дурдана гэж бодсон байж магадгүй. Үнэхээр тэр тухай бий.
Хуйлмал бичээст дурдсан зарчмуудыг хэрэгжүүлэх хүч, зориг өгнө үү хэмээн залбирахыг хуйлмал бичээст дурддаг. Та бурханд итгэдэг, үл итгэдгээс үл хамааран хүн бүхэнд үнэ цэнтэй нэг зарчим бий.
"Хэрэв та хүрэхийг зорьж буй эцсийн үр дүндээ бус зөв зан чанарт анхаарал хандуулах юм бол амжилтанд хүрэх илүү их боломжтой болно. Хүссэн шигээ хүн болох хүчийг ол, тэгвэл үр шимийг нь амсана".
Дүгнэлт
Борлуулагчийн хувьд зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн стратеги, арга техникт анхаарах нь дундаж нэгэн болох жор гэдгийг эл ном сануулж байна.
Тэдгээр арга техник мэдээж чухал боловч зөв бодол, зөв зан чанартай хослуулах юм бол та амжилтанд хүрэх нь гарцаагүй.