Зохиолч: Анжела Дакворт (Angela Duckworth)

Хат

Grit
Та амьдралдаа юунд хүрэхийг хүсэж байна вэ? Түүндээ хүрэх эсэх нь танд байгаа хатын хэмжээнээс ихээхэн хамаарна. Эл номд дурдсан зөвлөгөөнүүдийг дагах юм бол дуртай зүйлдээ мундаг болоход шаардлагатай хичээл зүтгэлийг олж авахад шаардлагатай сэтгэлгээг та эзэмших болно.

Аль нэг салбарт асар өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад энгийн бидэнд заяахааргүй өөр ертөнцийн гэмээр авьяас чадвар тэдэнд бий гэж бодогдох нь бий.

Гэхдээ эл тайлбар бол зарим хүмүүс яагаад амжилттай байхад бусад нь тэгж чаддаггүйг бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй.

“Би ухаантайд бус асуудалтай арай удаан ноцолддогт учир нь бий” хэмээсэн Альберт Эйнштэйний алдартай үг бий.

Анжела Дакворт “Grit” (Хат) номдоо амжилтанд хүрэх, хүрэхгүйн ялгаа бол хүсэл тэмүүлэл, тууштай байдал буюу түүний нэрлэснээр хат болох тухай өгүүлдэг.

Хат гэж юу болох, амжилтанд хүрэх эсвэл бүтэлгүйтэхий ялгаа нь яагаад хат болдог тухай өгүүлье.

Хат гэж юу вэ?

Уэст Пойнт дахь АНУ-ын Цэргийн академийг төгсөхийн тулд шилдгүүдийг шигшиж авдаг долоон долоо хоногийн Beast Barracks хөтөлбөрийг давж гарах ёстой.

Уэст Пойнтын элсэлтэд Whole Candidate Score гэж нэрлэсэн зүйлийг тооцож үздэг. Энэ нь SAT оноо, дунд сургуульдаа сурлагаар эзэлсэн байр, манлайлагч болох магадлал, бие махбодын үзүүлэлтийн нийлбэр юм. Үүгээр Уэст Пойнтод онцгойрон тодрох хүмүүсийг олох ёстой.

Гэхдээ Уэст Пойнтод элсэхэд хамгийн ихээн нөлөөлдөг тус дүгнэлт нь Beast Barracks-ийг давж гарах хүмүүсийг тийм ч найдвартай урьдчилан таамаглаж чадахгүй байгааг зохиолч Дакворт илрүүлжээ. Whole Candidate Score-т хамгийн өндөр авсан элсэгчид нь хамгийн бага оноотой бусад шигээ хасагдах магадлалтай байв.

Төрөл бүрийн салбарт хамгийн өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийг Дакворт судлаад тэд хоёр зүйлээрээ бусдаас онцгой гэсэн таамаглал гаргаж ирсэн юм. Нэгдүгээрт, тэд дэндүү нугарашгүй, хөдөлмөрч хүмүүс. Хоёрдугаарт, тэд юу хүсэж буйгаа, өөрсдөд нь шийдэмгий зан, хүрэх чиглэл байгаа гэдгийг гүн гүнзгий ухаарсан байдаг.

Тэрбээр энэ таамаглалаа шалгахын тулд Grit Scale-ийг үүсгэж, түүнийгээ Уэст Пойнтын суралцагчид дээр ашигласан байна. Тэгтэл эл хэмжүүр нь Beast-ийг хэн давах вэ, хэн нь бууж өгөх вэ гэдгийг ер бусын нарийвчлалтайгаар таамаглаж чаджээ.

Үр дүнд нь урамшсан тэрбээр салбар бүрт амжилтыг таамаглаж чадах эсэхийг нь туршиж эхэлсэн байна. Тус хэмжүүр нь борлуулагчийн ажилдаа хэн нь үлдэж, хэн нь ажлаа орхихыг, насанд хүрээд хэн нь цааш үргэлжлүүлэн суралцахыг, тэр байтугай Scripps National Spelling Bee тэмцээнд хэн нь хамгийн сайн оролцохыг хүртэл тааж чадсан юм.

Ямар ч салбарт та илүү хаттай байж чадах л юм бол илүү амжилтанд хүрнэ.

Хүчин чармайлт хамгаас чухал

Дэн Чамблисс бол мэргэжлийн усанд сэлэгчдийн дунд Mundanity of Excellence нэртэй судалгаа явуулсан социологич. Хүний гаргасан хамгийн итгэмээргүй амжилтууд нь тус бүртээ энгийн мөртлөө тоолж баршгүй олон элементийн дундаж юм гэдгийг тэр олж харсан аж. Таны авьяас, чадвар анхандаа ямар байхаас үл хамааран агууд хүрэх, агуу зүйлийг хийх боломжтой гэж тэрбээр дүгнэжээ.

Дакворт эцэст нь авьяас, ур чадварыг юу амжилт болгон хувиргадгийг тайлбарласан хоёр энгийн тэгшитгэлийг олж тогтоосон юм:

- Авьяас х Чармайлт = ур чадвар
- Ур чадвар х Чармайлт = амжилт

Хичээж чармайж эхлэх үед ур чадвар хэр хурдан сайжрах вэ гэдгийг авьяас тодорхойлдог. Ур чадвартай болж, түүнийгээ ашиглах цагт амжилт ирэх юм.

Грэмми шагналын эзэн, Оскарын шагналд нэр дэвшиж байсан Уилл Смит үүнтэй санал нийлдэг. Тэрбээр өөрийгөө онцгой авьяастай гэж үздэггүй бөгөөд амжилт гаргаж буй нь “ер бусын, өвчтэй гэмээр ажиллах хүсэл”-тэй нь холбоотой гэж ярьсан билээ.

Тэрбээр энтертайнмент ертөнцийн оргилд хэрхэн гарснаа ийн дурсжээ:

“Миний бусдаас тэгтлээ ялгарах ганц зүйл бол гүйлтийн зам дээр үхэхээс үл айдаг минь юм. Хэн ч надаас илүү хөдөлмөрлөж чадахгүй, гүйцээ. Надаас авьяастай, надаас ухаантай, надаас дур булаам гээд бүхий л зүйлээрээ надаас илүү байж болно. Есөн ангилалд та надаас илүү гарч болно. Харин хамтдаа гүйлтийн зам дээр гарах юм бол хоёр зүйлийг тогтоож ав: Нэг бол чи эхэлж бууна, эсвэл би тэр зам дээр үхнэ. Ийм л амархан”.

Хэт олон удаа, хэт эрт эхэлдгээсээ болж ихэнх хүн бууж өгдөг хэмээн Дакворт дүгнэсэн. Өдөр бүр чармайлт гаргахаас ч чухал нэг зүйл хаттай хүмүүст байдаг нь тэд маргааш, бас нөгөөдөр нь ч гэсэн гүйлтийн зам дээр гарахад, гүйсээр байхад бэлэн байж чаддаг нь юм.

Байж болох шилдэг би-дээ хүрэхийн тулд чармайлт хамгаас чухал.

Та хэр хаттай вэ?

Харин одоо та Grit Scale санал асуулгад оролцож өөрийгөө хэр хаттай вэ гэдгийг олж мэдэх болно.

Дараах асуулт тус бүрт эдгээрээс аль нэг хариултыг нь өгнө:

- Надтай огт адилгүй

- Надтай тийм ч адилхан биш

- Надтай зарим талаараа адилхан

- Надтай ихэнхдээ адилхан

- Надтай их адилхан юм

Ингээд эхэлье:

1. Шинэ санаа, төслүүд надад заримдаа дараа болдог
2. Хүндрэл намайг мохоодоггүй. Би тийм ч амархан бууж өгдөггүй.
3. Би ихэнхдээ зорилго тавьдаг ч дараа нь өөр зорилгыг сонгочихдог.
4. Би хөдөлмөрч хүн.
5. Хийж дуусгахад хэдэн сар шаардагддаг төслүүдэд анхаарлаа төвлөрүүлэх гэж би зовдог.
6. Би эхэлсэн бүхнээ дуусгадаг.
7. Миний сонирхол жилээс жилд өөрчлөгддөг.
8. Би мэрийлттэй хүн, хэзээ ч бууж өгдөггүй.
9. Богино хугацаанд би ямар нэг санаа эсвэл төслөөр өвчилдөг ч дараа нь сонирхохоо больдог.
10. Би илүү чухал сорилтыг давахын тулд олон хүндрэлийг даван туулсан.

Одоо оноогоо тооцъё.

2, 4, 6, 8, 10-р асуултанд дараах оноог өгнө:

5 = Надтай их адилхан юм

4 = Надтай ерөнхийдөө адилхан

3 = Надтай зарим талаараa адилхан

2 = Надтай тийм ч адилхан биш

1 = Надтай огт адилгүй

1, 3, 5, 7, 9-р асуултанд дараах оноог өгнө:

1 = Надтай их адилхан юм

2 = Надтай ерөнхийдөө адилхан

3 = Надтай зарим талаараa адилхан

4 = Надтай тийм ч адилхан биш

5 = Надтай огт адилгүй

Бүх оноог нэмээд 10-т хуваа. Эл хэмжүүрийн хамгийн дээд оноо нь 5 (маш сайн хаттай), хамгийн бага оноо нь 1 (огт хатгүй) юм.

Та эл хэмжүүрээс хэдэн зүйлийг анзаарсан болов уу. Нэгдүгээрт, эл хэмжүүр нь хат гээч зүйлийг бүрдүүлэгч хоёр хүчин зүйл буюу хүсэл тэмүүлэл, тууштай байдлыг авч үзэж байна. Хоёрдугаарт, хүсэл тэмүүллийн тухай асуултууд нь таныг зорилгодоо хэр хүчтэй татагдаж байгаа эсэхийг лавлаагүй байна. Яагаад гэвэл цаг хугацааны явцад хамгийн чухал нь тууштай, тогтвортой байдал гэж амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс хэлэх болно. Урам зоригтой хүн хаа сайгүй байдаг бол тэсвэр тэвчээртэй хүн тун ховор.

Тиймээс хат гэдэг бол маш урт хугацааны туршид тун чухал зорилтууддаа үнэнч байхыг хэлж байна.

Хатаа нэмэгдүүлэх – Сонирхол

Та өнөөдөр Grit Scale-д ямар ч оноо авсан гэсэн сайн мэдээ бий: та улам сайжрах боломжтой. Тууштай байдлыг ДНХ-д суулгаж болдог гэдгийг олж мэдсэн олон хүний санаа амрах болов уу.

Хатаа нэмэгдүүлэхэд туслах дөрвөн төрлийн элемент бий:

Эхнийх нь, хийж буй зүйлдээ дуртай байх. Үүнийг үнэн гэдэгт итгэх олон шалтгаан бий.

Сонирхдог зүйлээ хийж байгаа хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун байдгийг олон судалгаа харуулсныг эхлээд дурдья. Харамсалтай нь ажил хийж буй олон хүний хувьд тийм байх нь үгүй. Gallup-ийн саяхны судалгаанаас үзвэл дэлхийн нийт ажиллах хүчний 87 хувь нь ажилдаа “сэтгэл ханамжгүй” байдаг аж.

Хоёрдугаарт, сонирхлыг нь татсан зүйлийг хийдэг хүмүүс ажлаа сайн гүйцэтгэдгийг төрөл бүрийн судалгаа харуулсан.

Гэвч сонирхлыг маань татдаг зүйлийг хэрхэн олох вэ?

Дакворт номоо бичих хугацаандаа олон хүнтэй ярилцсан агаад тэдний ихэнх нь бүхий л бодол санааг нь эзэмдсэн нэг зүйлийг олох хүртлээ олон жилийн турш төрөл бүрийн зүйлийг сонирхож явснаа өгүүлжээ. Тиймээс та хүсэл сонирхлоо гэрэл гялбах мэт гэнэт олж чадах нь юу л бол. Өглөө сэрэхээс шөнө унтах хүртэл таны дотроос гэрэл гэгээ ундруулж байх зүйлийг олох хүртлээ та маш олон зүйлийг туршиж үзэх ёстой болох нь.

Хэрэв та сонирхдог зүйлээ хараахан олоогүй байгаа бол өдрийн турш бодлыг чинь юу эзэмддэг вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхлээрэй. Цагийг яаж өнгөрүүлэх дуртай вэ? Тэрхүү зүйлээ үлдсэн амьдралынхаа турш хийнэ гэж төсөөлж чадах уу?

Хэрэв та нэгэнт олсон бол та насан туршдаа “гүнзгийрэх”-эд бэлэн болжээ.

Энэ нь биднийг дараагийн сэдэв рүү хөтөлж байна.

Хатаа нэмэгдүүлэх – Давтах

Хамгийн амжилттай, хаттай хүмүүс нь амжилт муутай бусдаасаа илүү их давтан хийдэг байна. Учир нь тэд хийж байгаа зүйлдээ дуртай, тиймээс үүнд гайхах шаардлагагүй юм.

Мальколм Гладвелл Outliers номдоо алдаршуулсан 10 мянган цагийн дүрмийг та сонссон болов уу. Экспертүүд хэрхэн дэлхийн хэмжээний ур чадвартай болдгийг насан туршдаа судалсаар ирсэн Андерс Эрикссоны бүтээл дээр энэ дүрэм үндэслэсэн юм.

Эрикссоны бүтээлийн гол ололт гэвэл экспертүүд нь зөвхөн удаан хугацаанд төдийгүй бидний ихэнхээс маань арай өөрөөр давтан хийдэг аж. Тэдний хийдэг зүйлийг тэрбээр “тооцоотой давтлага” гэж нэрлэжээ. Хаттай хүмүүс нь дуртай зүйлээ хийхийн тулд олон цаг зарцуулахад бэлэн байдгаас гадна тэд дуртай зүйлээ улам сайн хийх хүсэлдээ хөтлөгддөг байна.

Тэд хэрхэн давтан ажилладаг вэ:

Эхлээд тэд аль нэг ур чадвараа улам сайжруулахад чиглэсэн маш тодорхой том зорилгыг өмнөө тавьдаг.

Хоёрдугаарт, тэд ажилдаа бүрэн төвлөрч, бүх хүчин чармайлтаа дайчлан гүйцэтгэдэг. Та өөрийнхөө хувьд нэн чухал зүйлд илүү сайжрахыг хичээж байгаа бол бүхий л сатаарлыг блоклох хэрэгтэй.

Гуравдугаарт, тэд ажлынхаа талаар шуурхай, сургамжтай зөвлөгөө авахыг хичээдэг. Хүсэж байгаа үр дүнгээ хэмжих аргыг тэд олдог, улмаар үр дүнд ихээхэн анхаарал хандуулдаг юм. Эцэст нь тэд эл процессыг тунгаан бодож, улам сайжруулсны үндсэн дээр давтан хийдэг байна. Хэрэв хийж байгаа зүйл нь болохгүй бол тэд ихэнхдээ көүч, эсвэл менторын тусламжтайгаар өөр зүйл хийдэг.

Давтан хийх иймэрхүү арга нь зүдэргээтэй хэцүү гэж шилдгүүд хэлэх байх. Тэд ийм байдлаар нэг дор нэг цаг орчим, өдөрт харин 3-4 цаг давтан хийдэг юм.

Та ажлаа хэрхэн давтан хийж буйгаа ажиглана уу. Юугаа сайжруулмаар байна вэ? Зүгээр л урсгалын дагуу ажиллаж байна уу, эсвэл зорилгодоо хүрэхийн тулд бодлоготойгоор давтан хийж байна уу?

Хатаа нэмэгдүүлэх – Туйлын зорилго

Хийж буй зүйлээ сонирхдог байх нь таны хүсэл тэмүүллийг өрдөх нэг арга юм. Хийж буй ажилдаа өөрөөсөө ч илүү их ач холбогдол, зорилго өгөх нь нөгөө нэг арга нь юм. Хаттай хүмүүс аль нэгт нь бус хоёуланд нь түшиглэн ажилладаг байна.

Өрлөгөчдийн тухай сургамжит түүх энэ санааг тод томруун харуулдаг.

Гурван өрлөгчнөөс “Та юу хийж байгаа юм бэ?” гэж асуужээ. Эхнийх нь “Тоосго өрж байна”, хоёр дахь нь “Би сүм барьж байна” гэсэн бол гурав дахь нь “Бурхны гэрийг барьж байна” гэж хариулжээ. Эхний өрлөгчин ажилтай, хоёр дахь нь карьертай, харин гурав дахь нь зорилготой байсан юм.

Амьдралынхаа аль үе шатанд буйгаас үл хамаарч амьдралдаа зорилго бий болгох гурван ялгаатай арга замыг Дакворт номдоо дурджээ.

Эхнийх нь, таны хийж буй ажил нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлж байгааг тунгаан бодоорой. Ихэнх ажилд таны бодсоноос илүү утга учир, гүнзгий зорилго байдаг.

Хоёрдугаарт, үнэт зүйлстэйгээ улам гүнзгий холбоотой болохын тулд одоогийн ажлаа хэрхэн өөрчилж болох талаар бодож эхлээрэй. Хийж буй ажил чинь танд илүү их (эсвэл багахан байсан ч болно) баяр хөөр авчирдаг байхын тулд ямархуу жижиг өөрчлөлт хийж болох вэ?

Гуравдугаарт, илүү сайжрахад тань урам зориг, хүч өгч чадах үлгэр дуурайл болохуйц хүнтэй болох хэрэгтэй.

Хатаа нэмэгдүүлэх – Итгэл найдвар

Долоо дордож, найм сэхнэ гэсэн Японы эртний зүйр үгийг Дакворт онцолжээ. Маргааш өнөөдрөөс сайхан болно, өнөөдрийн бүтэлгүйтэл нь маргаашийн амжилт болно гэсэн хүлээлт хаттай хүмүүст байдаг. Эсвэл Ницшегийн хэлсэнчлэн “Намайг алаагүй бүхэн намайг улам хүчирхэг болгодог”.

Хэрэв асуудлынхаа шийдлийг хайсаар байх юм бол олдох боломж нь улам нэмэгдэнэ гэдгийг хаттай хүмүүс сайн мэддэг.

Иймэрхүү сэтгэлгээг судлаач Кэрол Двек өсөх сэтгэлгээ гэж нэрлэжээ. Даквортын дурдсанаар өсөх сэтгэлгээ нь саад тотгорыг тайлбарлах өөдрөг аргууд (өөртэйгээ эергээр ярилцах) руу хөтөлж, улмаар энэ нь тууштай байдлыг болон таныг улам хүчирхэг болгох сорилтуудыг хайхад хүргэдэг байна.

Ташрамд дурдахад өөртэйгээ эергээр ярилцах нь толинд хараад Стюарт Смелли шиг өөрийгөө ямар гайхалтай, мундгийг хэлэхийн нэр биш юм. Энэ нь бүтэлгүйтэж байх үедээ өөртөө юу гэж хэлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг хэлж байгаа билээ. Аливаа бүтэлгүйтлийг дүгнэх хамгийн үр дүнтэй, танд тустай арга бол түүнийг цаг зуурынх, дараагийн удаад өөр арга барил турших замаар өөрчилж болох зүйл гэж үзэх явдал юм.

Дүгнэлт

Та амьдралдаа юунд хүрэхийг хүсэж байна вэ? Түүндээ хүрэх эсэх нь танд байгаа хатын хэмжээнээс ихээхэн хамаарна. Эл номд дурдсан зөвлөгөөнүүдийг дагах юм бол дуртай зүйлдээ мундаг болоход шаардлагатай хичээл зүтгэлийг олж авахад шаардлагатай сэтгэлгээг та эзэмших болно.

0 Хуваалцсан
Хариу үлдээх