Зохиолч: Тим Харсон (Tim Hurson)

Илүү сэтгэ

Think better
Жорж Бернард Шоу нэгэнтээ "Төсөөлөл бол бүтээлийн эхлэл. Та хүсэж буй зүйлээ төсөөлж, төсөөлж буй зүйл шигээ болж, эцэст нь хэн болохоо та бүтээх болно" гэж хэлжээ.

Танилцуулга

Жорж Бернард Шоу нэгэнтээ "Төсөөлөл бол бүтээлийн эхлэл. Та хүсэж буй зүйлээ төсөөлж, төсөөлж буй зүйл шигээ болж, эцэст нь хэн болохоо та бүтээх болно" гэж хэлжээ.

Уг ном танд төсөөлөл болон бүтээлийн уялдаа холбоог, мөн хэрхэн зөвөөр төсөөлөх аргыг тайлбарлаж өгнө. Бид урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй эдийн засаг бүхий нийгэмд аж төрж байна. Нэгэнтээ моод болоод байсан аутсорсинг хэмээх сэдэв өдгөө энгийн зүйл болж хувирсан ч Тим Харсоны онцолж буйгаар аливаа байгууллагын сэтгэх чадамжийг хэзээ ч үр дүнтэй байдлаар аутсорсинг хийж гүйцэтгэх боломжгүй аж. Илүү бүтээлчээр сэтгэх зургаан аргыг танд танилцуулахаас өмнө эхлээд үүнд саад тотгор болдог гурван зүйлийн талаар өгүүлье.

Бүтээлчээр сэтгэх яагаад ийм хэцүү юм бэ?

Бүтээлчээр сэтгэх нь тун хэцүү, яагаад гэвэл бид тэгж бодохоор угаасаа програмчлагдаагүй юм. Бодит байдал дээр авч үзвэл таныг хүсэж буй зүйлээ бүтээхэд саад болдог гурван хүчин зүйл байдаг ажээ.

Эхнийх нь Харсоны нэрлэснээр сармагчны тархи юм. Бид анхаарал сарниулсан элдэв зүйлст угаасаа татагддаг ажээ. Магадгүй одоо уншиж буй энэ танилцуулга ч таны анхаарлыг сарниулах зүйл байж болно. Энэ хүртэлх миний бичсэн бүх үгийг та анхааралтай уншаагүй л болов уу, өөрөөр хэлбэл энэ нь сармагчны тархи ажиллаж буйг харуулж байна. Тийм ээ, танд сармагчны тархи бий.

Хоёрдугаарт, танд мөн матрын тархи байгаа. Энэ нь Сет Годины гүрвэлийн тархи гэж нэрлэсэнтэй адилхан зүйл юм. Энэ бол хүний зөв совинг хянадаг тархины хэсэг бөгөөд таны төсөөлдгөөс ч илүүтэйгээр өдөр тутмын амьдралыг маань удирдан залж байдаг. Бидний хийдэг ихэнх зүйлд бид эхлээд матрын тархиараа хариу үйлдэл үзүүлж, үүнд үндэслэн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үүсж, хамгийн сүүлд нь боддог байна. Гэтэл ихэнх хүн эл дарааллыг урвуугаараа байдаг гэдэгт итгэдэг билээ. Энэ нь бид шинэ ирээдүйг хэр сайн төсөөлж чадах вэ гэдэгт асар их нөлөө үзүүлдэг юм.

Эцэст нь, хүн гээч амьтан шинэ зүйл бодож олохоос илүүтэйгээр нэгэнт тогтсон хэв маягийг дагахдаа хавьгүй сайн байдаг. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл бид ихэнхдээ өнгөрсний тухай мэдэх бүхэндээ үндэслэн ирээдүйг бүтээдэг гэсэн үг юм. Энэ нь хүн төрөлхтний тун ч практик хэв шинж бөгөөд чухам үүний ачаар бид амьдралын дуусашгүй цогц төвөгтэй байдалтай нүүр тулгарч шийдэх боломжтой болдог. Үүнийг бодолцоод надтай дараах туршилтыг хийж үзвэл таны амьдрал тогтсон хэв маягт хэр их үндэслэдэг вэ гэдгийг та ойлгох болно.

Өглөө хувцсаа өмсөх жирийн нэг үйлдлийг авч үзье. Та дунджаар 10 орчим хувцас өмсөх ёстой бол тэдгээрийг өмсөх 3,628,000 ялгаатай дараалал бий. Гутлынхаа үдээсийг үдэх гэсэн ач холбогдолгүй сонголтуудыг хасаад ч танд 15 мянган ялгаатай хувилбар үлдэнэ. Гэвч та эдгээрээс огт сонгодоггүй, тийм үү?

Харин ч та тэдгээр хувцсыг өдөр бүр яг нэг ижил байдлаар өмсдөг гэж би мөрийцсөн ч чадна. Ингээд амьдралынхаа бусад хэсгийг ч мөн тогтсон хэв маягтай эсэх талаар бодоод үзэгтүн. Бид бол зуршлын амьтад бөгөөд энэ нь бидний бүтээлч процесст ч асар ихээр нөлөөлдөг. Ингээд тэдгээр хэв маягаас чөлөөлөх процессуудтай танилцья.

Алхам #1: Юу болж байна вэ?

Дийлэнх хүмүүс хариулт руу шууд шумбан ордог нь алдаа юм. Бодит байдал дээр бол хариултууд дөрөвдүгээр алхам хүртэл гарч ирдэггүй. Хамгийн эхэнд таны хийх ёстой зүйл бол асуудлаа тодорхойлох юм.

Нэгдүгээрт, та "цочроо" хаана байгааг, юуг өөрчлөх ёстойг олж мэдэх хэрэгтэй. Яг одоо төсөөлөгдөж буй ирээдүйг арай өөр байлгахыг хүсдэг учраас л бид хамт олноороо, бүлгээрээ бүтээлч сэтгэлгээг ашигладаг. Тиймээс өөрчлөх боломжтой бүх зүйлийг жагсааж бич. Бүү үнэлэлт дүгнэлт өг, зүгээр л жагсаа. Одоо харин тэдгээрийг сэдвээр нь ангилж харах юм бол та бүхэн чухам юунд хүрэхээр хичээж байна вэ гэдэг нь тодорхой болж ирнэ.

Хоёрдугаарт, тэдгээр "цочроо" та бүхэнд ямар нөлөө үзүүлж болохыг асуулт асуух замаар олж тодорхойлно уу. Жишээлбэл, тухайн нөхцөл байдлын юу нь таны санааг зовоож байна вэ, заавал өөрчлөх ёстой гэсэн шаардлага нь уу? Хэрэв тийм бол яагаад? "Цочроо"-ны талаар танд ямар мэдрэмж төрж байна вэ? Танд өөр ямар зүйл ижилхэн мэдрэмж төрүүлж байна вэ? Одоогоор бидний зорилго бол хүсээгүй нөхцөл байдал нь танд болоод танай бизнест ямархуу нөлөөтэй талаар тодорхой ойлголттой болоход оршиж буй.

Гуравдугаарт, уг асуудлын талаар байж болох бүхий л мэдээллийг цуглуулах шаардлагатай. Үүний тулд бидний "мэд-эргэлзээ" гэж нэрлэдэг аргыг ашиглаарай. Хуудас цаас аваад нэг талд нь "мэд", эсрэг талд нь "эргэлзээ" гэж бичээд багана үүсгэ. "Мэд" гэсэн баганад та тухайн асуудлын талаар мэдэж буй бүхнээ бич. Юуг ч үлдээж болохгүй. "Эргэлзээ" баганад тухайн асуудлын талаар мэдэхийг хүсэж буй бүхний жагсаана уу.

Дөрөвдүгээрт, тухайн асуудалд хэн хамаатайг тодорхойл. Асуудлыг хэрхэн тодорхойлох нь таны хэн болохоос хамаарах агаад гүйцэтгэх захирал болон ажлыг гардан хийж буй ажилтны хувьд асуудал мэдээж өөр өөр өнцгөөс харагдана.

Эцэст нь та алсын хараагаа тодорхойлох ёстой агаад чухам үүнийг Харсон "зорилтот ирээдүй" гэж нэрлэжээ. Хаашаа явж буйгаа мэдэх нь шийдэл гаргаж ирэхэд асар чухал билээ.

Алхам #2: Амжилт гэж юу вэ?

Амжилтыг тодорхойлоход хоёр дэд алхам хэрэгтэй. Эхлээд бүх асуудал шийдэгдсэн төгс ирээдүйг та төсөөлөх ёстой. Энэ нь аливааг бүтээхийн тулд бүхнээ зориулах ирээдүйг бүтээхэд оршиж буй. Үүний тулд та бүгдийг нарийвчлан төсөөлөөрэй. Өдрийг яаж эхлүүлэх, өдрийн турш юу хийх вэ, амьдралынхаа талаар ямархуу мэдрэмжтэй болох вэ гэх мэтчилэн. Зөвхөн ингэж төсөөлөлгүй, бүгдийг нь бичиж тэмдэглэ.

Хоёрдугаарт, Харсоны "DRIVE" гэж нэрлэсэн арга хэрэгслийг ашиглан шийдэлд хүрэх амжилтын хэмжүүрийг жагсааж бичээрэй. Задалбал, D бол do буюу хийх, R нь restrictions буюу хязгаарлагч, I нь investment буюу хөрөнгө оруулалт, V нь values буюу үнэ цэн, E нь еssential outcomes буюу голлох үр дүн гэж ойлгож болно.

Ерөнхийд нь авч үзвэл таны гаргах эцсийн шийдвэр юунд хүрэх вэ, ямархуу өөрчлөлт эсвэл нөлөөллөөс зайлсхийх вэ, ямар эх үүсвэрийг шийдэл гаргахын тулд зориулахад бэлэн байна вэ, тэрхүү шийдлээ хэрэгжүүлэхэд таныг ямар үнэ цэн удирдан залах вэ, амжилтыг дагаж ирэх зайлшгүй даваанууд юу вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг юм.

Ингэж буйн зорилго нь бүтээхийг хүсэж буй ирээдүйгээ аль болох тод томруун төсөөлөхөд оршиж байна. Яагаад ингэх ёстой вэ? Яагаад гэвэл бид тун тодорхой, бодитой зүйлд сэтгэл хөдлөлөө зориулахдаа гарамгай бол хийсвэр зүйлд тийн зориулахдаа тийм ч сайн биш байдаг юм.

Алхам #3: Асуулт гэж юу вэ?

Бид хариулттай болох хараахан болоогүй байна. Тэр байтугай бид зөв асуултаа ч асууж амжаагүй явна. Харсоны тайлбарлаж буйгаар хариулахыг оролдож буй асуултаа хэрхэн томьёолох нь хариултад маш их нөлөөлдөг ажээ. Агуу хариулт, буруу асуултын жишээгээр түүх дүүрэн. Ийм гамшигт хувь тохиолоос зайлсхийхийн тулд та дараах зүйлсийг хийх ёстой.

Эхлээд, аль болох олон аргаар асуултаа асуу. Онцгой амжилт, олиггүй бүтэлгүйтлийн ялгаа нь цор ганц үг ч байж болохыг санаарай. Нэгэнт жагсаалтаа гаргасан бол бид асуултаа олох тавдугаар арга буюу С-ийг ашиглахад бэлэн болжээ.

Ингээд таван С-ийг танилцуулъя. Эхнийх нь call буюу дуудлага. Жагсаалтаа хянаж, боломжит хариулт ч байж болохоор асуултуудыг нь ялга. Хоёрдугаарт, сluster буюу ижил төстэй асуултуудыг бүлэглэж, ижилхэн асуултуудыг нь бүрмөсөн хасна. Гуравдугаарт, combine буюу нэгтгэнэ. Хэрэв асуултуудын хэт том бүлэг үүсэж эхэлвэл асуултуудыг илүү цогц, ойлгомжтой нэг асуулт болгон хувирга.

Дөрөвдүгээрт, clarify буюу тодруулна. Бүлэг тус бүр ямар асуудлыг хамарч буйг тодорхой болгосноор ялгаатай олон асуултыг нэг болгон хувиргах боломжуудыг та олж харах юм. Эцэст нь choose буюу ямар асуултыг сонгох вэ, өдгөөг хүртэл гүйцэтгэсэн бүх ажлаа хараад алин дээр нь ажиллах вэ гэдгээ та шийдэх хэрэгтэй. Одоо л ажиллаж эхлэх мөч, хариултаа эрэн хайх цаг иржээ.

Алхам #4: Хариултаа ол

Энэ алхмын гол зорилго бол асар олон санааг эрэн хайх гэж Харсон өгүүлсэн. Практик санаа, этгээд санаа, маргаантай санаа, боломжгүй санаа, бүдүүлэг санаа, бүтэшгүй санаа, мөрөөдлөөс үүдсэн санаа, стрессээс үүссэн санаа, хайхрамжгүйгээс төрсөн санаа, бусад салбараас гарсан санаа, бүтэлгүйтэх нь тодорхой санаа, шинэ үүд нээсэн санаа, шинэ санаануудын нийлбэр, гэнэтийн холбоосноос үүссэн санаануудыг та тестэлж, хамгийн зөвийг нь сонгоорой.

Үүнийг хэрхэн хийх талаар өгүүлье. Эхлээд асуултын боломжит хариултуудыг жагсаана. Эхэндээ таны толгойд логиктой алхмын эхлэл болсон бүхий л этгээд хачин хариултууд орж ирэх байх. Ингэлээ гээд таны хайж буй жинхэнэ, бодитой хариулт олдохгүй. Энэ үе шатанд бүтээлчээр сэтгэхийн гол нууц нь мэдэж буйгаасаа давж сэтгэх юм.

Нэн ялангуяа та өөр хүний оронд өөрийгөө тавьж, шинэ чиглэлд хөтөлж болох хязгаарлалттай эсвэл хязгаарлалтгүй сэтгэлгээг үүсгэ. Жишээлбэл, миний харилцагч, миний дарга, миний хамгийн сайн найз эсвэл хүүхэд энэ асуултанд юу гэж хариулах байсан бэ гэж өөрөөсөө асуу. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд надад 10 минут, хязгааргүй цаг хугацаа, хязгааргүй их мөнгө, огт алдаа гаргадаггүй ур чадвар байсан бол яах байсан бэ гэж бодоорой.

Ингээд та боломжит хариултууд бүхий чамгүй урт жагсаалттай болсон бол 5 С процессыг дахин хийж, эцэст нь 3-6 боломжит шийдлийг гаргаж ирээрэй.

Алхам #5: Шийдэл гарга

Энэ шатанд бүгдээрээ боломжит бүхий л шийдлийг авч үзэж, тэдгээрээр "POWER" буюу "хүч" гэсэн дасгал хийлгүүлнэ. Р=positive буюу "эерэг" гэдэг нь тухайн санааны юу нь сайн бэ, яагаад үр дүнд хүрч магадгүй вэ гэдгийг, О буюу objection нь тухайн санаанд ямар сул тал байна, яагаад бүтэлгүйтэж болзошгүйг илэрхийлнэ. W бол what else буюу тухайн санаанд бидний олж хараагүй өөр юу байж болох вэ гэдгийг тунгаана. Е буюу Enhancement нь эерэг санааг хэрхэн улам бүр хүчтэй болгох вэ, R буюу remedies нь сул талыг хэрхэн давах тухай юм.

Энэ процессын дараа санаанууд нь таныг анх энэ алхмыг эхлүүлж байснаас тэс өөр, илүү үр дүнтэй болж хувирна. Яг л Кларк Кент, Супермэн шиг ялгаа харагдана.

Эцэст нь таныг юу хийх ёстой талаар тод томруунаар тайлбарласан санаануудаа нэг, эсвэл хоёр догол мөрт багтаан бичнэ үү. Энэ үе шат нь энгийн боловч тун үр дүнтэй, хүчирхэг билээ.

Алхам #6: Эх үүсвэрээ хуваарил

Хамгийн сүүлд нь шийдлээ бодитоор хэрэгжүүлэх ёстой болно. Ингэх нь ихэнх хүний боддогоос хэцүү юм. Танд туслах эсвэл таныг эсэргүүцэх хүмүүсийг тодорхойлж, процессын турш тэдэнтэй хэрхэн харилцан ажиллах төлөвлөгөөг гаргах ёстой.

Таныг бүтэлгүйтэхийг харах хүсэлтэй хүмүүстэй байнга ярилцаж, харилцах нь зугаатай биш байж болох ч энэ нь жинхэнээсээ бүтэлгүйтэхээс хавьгүй зовлон багатай билээ. Шийдлээ хэрэгжүүлэх явцад танд ирээдүйн талаар тийм ч таатай бус дүр зураг бууж ирж магадгүй. Ийм нөхцөлд өөрийгөө толинд удаан гэгч харж, шийдлээ хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэгтэй нүүр тулах ёстой.

Энэ шатанд бид effect буюу нөлөө хэмээх арга хэрэгслийг ашиглана. Алхам тус бүрийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний эрч хүч шаардлагатайг Energy тодорхойлно. Funds бол алхам бүрийг хэрэгжүүлэхэд хэр их мөнгө шаардлагатайг илэрхийлэх бол Free time нь алхам бүрийг дуусгахад хэр хугацаа хэрэгтэйг харуулах ёстой. Expertise нь алхам тус бүрийг дуусгахад ямар төрлийн мэдлэг хэрэгтэйг, сonditions нь ямар гадаад хүчин зүйл нөлөөлж болохыг, thanks нь мөнгөн бус ямар эх үүсвэр шаардлагатайг илэрхийлэх юм.

0 Хуваалцсан
Хариу үлдээх