Зохиолч: Жэймс Клийр (James Clear)
Энгийн дадал
Дадал бол бидний байнга, ихэнх тохиолдолд автоматаар шахуу гүйцэтгэдэг үйлдэл буюу араншин юм.
Урт хугацаандаа бидний амьдралын чанар бидний дадлын чанараас хамаардаг. Эл хураангуйд илүү сайн дадлыг бий болгох алхам-алхмаарх төлөвлөгөө болон эдгээр алхмаас үүсэх зан араншингийн өөрчлөлтийн дөрвөн хууль багтсан.
Илүү сайн дадалтай болох цор ганц арга гэж үгүй боловч эл хураангуйд та хэзээ эхлүүлж буйгаас эсвэл юуг өөрчлөхөөр хичээж буйгаас үл хамааран үр дүнд хүргэх арга барилыг тодорхойлжээ.
Үндсэн дүрэм
Асар их амжилтанд хүрэхийн тулд асар их үйлдэл хэрэгтэй гэж бид өөрсдөдөө итгүүлэх нь олонтоо. Гэхдээ өчүүхэн жижиг өсөлтийн аажимдаа үзүүлэх ялгаа нь үлэмж их юм. Давтах тусам таны дадлын нөлөө үржигддэг.
Онцын чухал биш санагддаг учраас бид ихэнхдээ жижиг өөрчлөлтийг үл хайхардаг боловч насан туршид гэж авч үзвэл тэдгээр өөрчлөлт нь та хэн болох, та хэн болж чадахын хоорондох ялгааг үүсгэдэг юм.
Дадал бол хоёр талдаа иртэй сэлэм. Сайн дадал таныг өөд нь сэвхийтэл татаж чадах бол муу дадал нь мөн түүн шиг амархнаар сөхрүүлж чадна. Таны дадал таны төлөө эсвэл таны эсрэг нэгдэж болно. Бүтээлч байдал, мэдлэг, харилцаа нь эергээр, харин стресс, сөрөг бодол, уур хилэн нь сөргөөр нэгдэн таны эсрэг "ажиллах" боломжтой.
Атом мэт дадал бол өчүүхэн өөрчлөлт, ялихгүй өсөлт, 1 хувийн сайжралт юм. Эдгээр нь илүү том системийн нэг хэсэг болсон жижиг дадлууд билээ. Атомууд нь молекулыг бүрдүүлэгч болдгийн нэгэн адил атом мэт жижиг дадлууд нь итгэмээргүй, гайхалтай амжилтыг бүрдүүлэгчид юм.
Зан араншингийн өөрчлөлтийн гурван давхарга бий. Эхний давхарга бол жин хасах, ном хэвлүүлэх, аварга болох зэрэг үр дүнгээ өөрчлөх үйлдлүүд юм. Хоёрдугаар давхарга бол дасгалын төвд шинэ дасгал хийх, ширээгээ эмхэлж цэгцлэх, бясалгал хийж сурах зэрэг процессоо өөрчлөх үйлдлүүд юм. Гурав дахь буюу хамгийн гүн давхарга бол ертөнцийг үзэх үзэл, өөрийн имиж, өөрийн болон бусдын талаарх дүгнэлт гээд өөрийн шинж чанарыг өөрчлөх үйлдэл юм.
Дадлаа өөрчлөх хамгийн үр дүнтэй арга бол юунд хүрэхийг хүсэж буйд бус хэн болохыг хүсэж байгаад төвлөрөх гэж үздэг. Таны шинж чанарууд нь дадлуудаас үүсэж бий болно. Үйлдэл бүр чинь та хэн болохыг хүсэж байна, түүн рүү нэг алхам хөтөлнө. Өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохын тулд та итгэл үнэмшлээ байнга засч, улмаар хувь хүний шинж чанараа шинэчлэн сайжруулж, өргөжүүлж байх ёстой юм. Дадал нь таны өөрийнхөө талаарх итгэл үнэмшлийг өөрчлөх чадвартай.
Дадал нь автомат болтлоо сууж өгөх хүртэл хангалттай олон удаа давтагдсан зан араншин билээ. Дадлын эцсийн зорилго бол амьдралын саад бэрхшээлийг аль болох бага эрч хүч, хүчин чармайлтаар шийдвэрлэх юм. Ямар ч дадлыг сэдэл, хүсэл, үйлдэл, урамшуулал гэсэн дөрвөн үе шат бүхий мэдээллийн дараалалд хувааж болно.
Зан араншингийн өөрчлөлтийн дөрвөн хууль бол илүү сайн дадалтай болохын тулд ашиглаж болох дүрмүүд юм. Тэд бол:
1) Тодорхой болгох.
2) Сонирхолтой болгох.
3) Хялбар болгох.
4) Таатай болгох.
Эхний хууль – Тодорхой болгох
Дадлыг өдөөдөг сэдлүүд нь цаг хугацааны явцад дэндүү энгийн, нийтлэг зүйл болчихдог учраас ихэнхдээ үл ажиглагдам байдаг. Тэдгээр сэдэлд бидний үзүүлдэг хариу үйлдэл нь кодчлогдсон учраас тэгэх ингэх ёстой гэсэн дохио, мэдрэмж мэт санагдаж эхэлдэг байна. Тиймээс үүнийг мэдэж авахаас зан араншингаа өөрчлөх процесс эхэлнэ.
Шинэ дадлыг бий болгохоос өмнө бид одоо байгаа дадлуудаа ойлгодог байх хэрэгтэй. Үүнийг хийхэд амаргүй боловч танд туслах хоёр дасгалыг танилцуулья. Заах-Дуудах бол ухамсаргүй дадлаа ухамсарт түвшинд аваачих ухаарлыг бий болгохын тулд үйл хөдлөлөө үгээр илэрхийлэх дасгал юм. Та нэгэнт дадлаа ойлгож мэдсэн бол Дадлын Онооны хүснэгттэй болж, тухайн дадлаа сөрөг, эерэг, дундаж гэж тодорхойлоорой.
Хэзээ, хаанаас эхлэх талаар урьдчилж гаргасан төлөвлөгөө буюу хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байвал дадлыг өөрчилж эхэлхэд амархан болно. Хэрэгжүүлэх эрмэлзлийн томьёо бол: Би [зан араншин]-г [цаг]- [байрлал]. Дадал дараалуулагч бол танд тус болох өөр нэг дасгал юм. Дадал дараалуулах томьёо бол: [Одооны дадал] дараа би [Шинэ дадал]-тай болно.
Жижиг өөрчлөлтүүд нь аажимдаа илүү том өөрчлөлт рүү хөтөлдөг. Дадал бүрийг сэдэл өдөөдөг агаад хүмүүс содон гэмээр сэдлийг ихэнхдээ анзаарах хандлагатай байдаг аж. Тиймээс сайн дадлыг эргэн тойрондоо анзаарагдам болгож хэвшээрэй.
Аажмаар таны дадал нь зөвхөн ганц өдөөгч бус зан араншинтай холбоотой бүхий л нөхцөлтэй холбоотой болно. Орчин нөхцөл нь сэдэл болно гэсэн үг. Хуучин сэдэлтэйгээ тэмцэхгүй учраас шинэ орчинд шинэ дадлыг суулгах нь илүү хялбар байх юм.
Та дадлыг өөрчилж болох ч мартах нь юу л бол. Тархинд оюун санааны ховил нэгэнт үүссэн л бол бүрмөсөн арилгах нь бараг л боломжгүй. Тиймээс та муу дадлыг бий болгодог сэдлээс хол байх ёстой.
Хоёрдугаар хууль – Сонирхолтой болгох
Тухайн боломж сонирхолтой байх тусмаа дадал болоход амархан байна. Дадал бол допаминд удирдуулсан мэдээллийн дараалал юм. Допамины хэмжээ ихэсхэд үйлдэл хийх бидний сэдэл дагаад нэмэгддэг. Хийх бус харин шагнуулах хүлээлт нь биднийг үйлдэл хийхэд хүргэдэг юм. Хүлээлт их байх тусам допамины хэмжээ тэр хэрээр нэмэгдэнэ.
Хорхойсол бий болгох нь дадлыг улам сонирхолтой болгох өөр нэг арга юм. Эл стратеги нь хийхийг хүсэж буй үйлдлээ хийх шаардлагатай үйлдэлтэй хослуулахыг хэлж байна. Томьёо нь: [Надад шаардлагатай дадал]-ын дараа би [Хүсэж буй дадал]-тай болно.
Нийгмийн норм нь асар хүчтэй учраас бидэнд ямар зан араншин сонирхол татам байж болохыг тодорхойлдог. Хүмүүст бүлгийн нэг хэсэг байх, хүлээн зөвшөөрөгдөх хүчтэй хүсэл байдаг учраас соёлын хүрээнд магтан дуулагдаж буй дадлуудыг авах хандлага их бий. Бид ойр дотнын (гэр бүл, найз нөхөд), олонхын (бүлэг), хүчирхэг (эрх мэдэл, нэр хүндтэй хүмүүс) гэсэн нийгмийн гурван бүлгийн дадлуудыг дуурайх хандлагатай байдаг юм.
Илүү сайн дадалтай болох хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол таны хүсэж буй зан араншинг хүлээн зөвшөөрдөг соёлтой, тантай ижил төстэй зүйл ихтэй бүлэгт нэгдэх юм. Бүлэг доторх зан араншин нь хувь хүний зан араншинг ихэнхдээ давамгайлдаг. Ихэнх тохиолдолд бид ганцаараа зөв байхыг бус олонхтой хамт буруудахыг илүүд үздэг билээ.
Зан араншин бүр өнгөц хүсэл, далд үндэслэлтэй байдаг. Таны дадал бол өнө эртний хүсэлд барьж буй орчин үеийн шийдэл гэж болно (өөрөөр хэлбэл бусадтай холбогдох, харилцах хүсэл нь фэйсбүүкээ шалгах дадалд хүргэдэг).
Дадлыг тухайн дадлаас урьтсан таамаглалууд бий болгодог. Таамаглал нь мэдрэмжинд хөтөлнө. Тиймээс та тухайн дадлыг сонирхолгүй, онцгүй болгохын тулд түүнээс зайлсхийх нь ямар ач тустайг ойлгох замаар муу дадлыг өөрчлөх боломжтой.
Эерэг мэдрэмжтэй холбовол дадал нь сонирхолтой болно, харин сөрөг мэдрэмжтэй холбож бодвол сонирхолгүй болж хувирна. Хэцүү дадлын өмнө та сонирхдог зүйлээ хийх замаар сэдлийн зан үйлийг үүсгээрэй.
Гуравдугаар хууль – Хялбар болгох
Сурах хамгийн үр дүнтэй арга бол давтах юм. Үйлдэлдээ анхаар. Учир нь тухайн дадалд зориулж буй хугацаа нь тухайн дадлыг хийж буй тоотой харьцуулвал тийм ч чухал биш.
Хүний зан араншин нь Хамгийн бага хичээл зүтгэлийн хуулийг дагадаг. Хамгийн бага ажиллагаа шаардсан сонголт руу хүн угаас хөтлөгддөг аж. Тийм учраас зөв зүйлийг хийхэд тун хялбар орчныг бүрдүүлэх юм бол та үр дүнд хүрэх илүү магадлалтай болно.
Сайн зан араншинтай холбоотой зөрчилдөөнийг багасга. Зөрчилдөөн бага байвал дадал суух нь амархан. Муу дадалтай холбоотой зөрчилдөөнийг нэмэгдүүл. Зөрчилдөөн их байвал дадал суухад хэцүү байдаг.
Дадал нь хэдхэн секунд үргэлжилдэг боловч түүнээс хойших хэдэн минут эсвэл хэдэн цагийн турш таны зан араншинд нөлөөлсөөр байдаг юм. Ихэнх дадал нь шийдвэрлэх мөчид та бидэнд тохиолддог. Яг л салаа зам шиг нэг бол таныг бүтээлч өдөр рүү, эсвэл бүтээлч бус өдөр рүү таныг хөтөлдөг шиг.
Хоёр минутын дүрэмд “Шинэ дадал бий болгоход хоёр хүрэхгүй минут хангалттай” гэж дурддаг учир та дадлуудаа өчүүхэн жижиг хэсгүүд болгон хуваагаарай. Сайжруулахаасаа өмнө стандартчил. Огт байхгүй дадлыг сайжруулна гэж байхгүй.
Аливаа дадлыг тууштай хийх нь таны хожмын зан араншинг тодорхойлно. Хожмын зан араншинг бий болгох үндсэн арга бол дадлуудаа автоматжуулах юм. Хожмын үйлдлийг хялбар болгохын тулд орчин тойрноо бэлд. Дадлаа автоматжуул. Технологид хөрөнгө оруулж, цаг хугацааны туршид үр шимээ өгсөөр байх нэг удаагийн худалдан авалт (илүү сайн матрас худалдаж авах эсвэл автоматаар хадгаламжийн дансанд мөнгө татах үйлчилгээ) хий.
Дөрөвдүгээр хууль – Таатай болгох
Тухайн зүйл нь таатай бол хүмүүс түүнийгээ давтан хийх хандлагатай байдаг. Хүний тархи нь аажуу шагналыг бус яг одоогийн шагналыг чухалчилхаар хувьссан юм.
Зан араншингийн өөрчлөлтийн гол дүрэмд “Тэр даруй үр дүнгээ өгөх зүйлийг хүн давтан хийдэг. Тэр даруй шийтгүүлэх зүйлээс хүн зайлсхийдэг” гэж өгүүлдэг. Дадлыг суулгахын тулд хэдий жижиг байсан ч тухайн зүйл нь тэр дороо ашгаа, үр дүнгээ өгдөг байх ёстой юм.
Зан араншингийн өөрчлөлтийн эхний гурван хууль нь тухайн зан араншинг үйлдэх боломжийг нэмэгдүүлдэг. Дөрөв дэх хууль нь харин тухайн зан араншинг давтах боломжийг ихэсгэдэг билээ.
Хамгийн тааламжтай мэдрэмжийн нэг бол ахиц дэвшил гаргасан гэх мэдрэмж юм. Дадал хэмжигч бол тухайн дадлыг та хэрэгжүүлсэн үгүйг хэмжих энгийн арга юм. Тэрхүү дадлыг хэрэглэсэн бол хуанли дээр Х гэж тэмдэглэхэд л болно. Дадал хэмжигч болон хэмжих бусад визуал хэлбэрүүд нь таны амжилтын ил тод нотолгоо болох замаар сайн дадлуудыг улам сонирхолтой болгож өгөх юм.
Иймэрхүү гинжин хэлхээг бүү таслаарай. Дадлын цувралаа хадгалахын тулд маш сайн хичээ. Хэрэв нэг өдөр алгассан бол аль болох хурднаар буцаж формондоо ор. Хоёр дараалж дадлаа алгасч огт болохгүй.
Хэрэв төвөгтэй, сонирхол татам биш бол муу зуршлыг бид тэр бүр давтдаггүй. Хамтрагч нь харин танд сайн дадлаа давтахгүй байвал ямар өртөгтэйг ойлгуулж өгдөг. Бусад хүн өөрийнх нь талаар юу гэж боддогт хүмүүс их анхаардаг, бусад хүмүүс өөрийг нь сөргөөр бүү бодоосой гэж хүсдэг. Тиймээс аливаа зан араншинд нийгмийн өртөг нэмэхийн тулд дадлын гэрээг ашиглаж болно. Эл гэрээ нь таны амлалтаа зөрчсөний өртгийг бусдад мэдэгдэн, хорлонтой болгодог. Таныг хянаж, шалгаж байгаа хүн байгаа гэдгийг мэдэх нь маш хүчтэй өдөөгч болох учраас өөрчлөлт хийх сэдлээ нэмэхийн тулд бусадтай харилцах хэрэгтэй юм.
Нэмэлт тактикууд
Амжилтанд хүрэх боломжоо дээд зэргээр нэмэгдүүлэх нэг нууц бол өрсөлдөөний зөв талбарыг сонгох юм. Зөв дадлаа сонговол ахиц дэвшил нь хялбар байна. Буруу дадлаа сонговол хэрэгжүүлэх нь там болж хувирна.
Та генээ өөрчилж чадахгүй, өөрөөр хэлбэл ген нь тааламжтай орчинд хүчирхэг давуу тал харин тааламжгүй орчинд айхтар сул тал болдог юм. Таны төрөлхийн ур чадвартай нийцэж байх юм бол дадлыг суулгаж, хэрэгжүүлэх нь хавьгүй амархан байна. Өөрийнхөө генд хамгийн сайн тохирох дадлуудыг сонгоорой.
Гэхдээ ген байгаад шаргуу хөдөлмөрлөх хэрэггүй гэсэн үг биш, ген харин юун дээр төвлөрч хөдөлмөрлөх ёстойг л хэлж өгдөг.
Ур чадварынхаа хил хязгаарт тохирсон даалгавар дээр ажиллаж байхдаа бидний сэдэл оргил үедээ байдаг гэж Голдилокын дүрэмд заасан. Үүнийг хэтэрхий хэцүү, хэтэрхий амархан бус яг тохирох даалгавар (ажил) гэж ойлгож болно.
Амжилтын хамгийн заналт дайсан бол бүтэлгүйтэл бус уйтгар юм. Дадал нь байнга давтагдаад ирэхээр сонирхолгүй, сэтгэл татам бус, заримдаа бүр уйтгар хүрмээр болж ирдэг. Сэдэл дүүрэн үедээ хэн ч шаргуу ажиллаж чадна. Харин тийм биш үедээ ажилласаар байх чадвар нь гол ялгаа болж ирдэг. Хуваарь үүсгээд түүнийгээ сэдлийн түвшин чинь ямар ч байсан дагаж мөрдөөрэй.
Дадлын ач тус бол бодохгүйгээр аливаа зүйлсийг хийх юм. Харин сул тал нь жижиг алдаануудад анхаарал хандуулдаггүй нь юм.
Амжилтын өчүүхэн элементэд анхаарч, тухайн ур чадварыг доторлох хүртлээ давтах замаар дадлыг өөрийн болго. Дараа нь эл шинэ дадлаа хувь хүний хөгжлийн дараагийн хил хязгаарыг нээх суурь болгон ашиглаарай. Дадал болгон нь дараагийн түвшнийг нээх болно. Урагшилсаар бай.
Эргэцүүлэх, үнэлж дүгнэх нь өөрийн гүйцэтгэлийн талаар мэдээлэлтэй байх боломжийг олгох процесс юм. Өөрийгөө хэн болох талаарх ойлголттой хэт зууралдах хэрэггүй, тэгвэл түүнээсээ хальж, илүү гарч хөгжих нь хэцүү болно.
Амжилт бол хүрэх ёстой зорилго эсвэл давах ёстой барианы зураас биш юм. Энэ бол сайжрах систем, өөрийгөө сайжруулах дуусашгүй процесс. Хэрэв та дадлаа тодорхой, сонирхолтой, хялбар, таатай болгох юм бол тухайн дадлыг хадгалж үлдэх боломж ихэснэ. Хэрэв та өчүүхэн жижиг өөрчлөлтийг хийсээр байх юм бол гайхалтай үр дүнд хүрэх болно.