Зохиолч: Кэрол Двек (Carol S.Dweck)
Хандлага
Ok, асуулт хариултын цаг.
Та дараах тодорхойлолттой санал нийлэх үү, эс нийлэх үү?
1. Би бол өөрийн онцлогтой хувь хүн, үүнийг өөрчлөх боломж бараг байхгүй.
2. Би ямар хүн эсэхээсээ үл хамааран өөрийгөө үргэлж өөрчлөх боломжтой.
3. Юмсыг өөр өөрөөр хийж болох ч намайг бүрдүүлэгч үндсэн зүйлсийг өөрчлөх боломжгүй.
4. Намайг тодорхойлогч үндсэн шинж чанаруудыг үргэлж өөрчлөх боломжтой.
Та 1 болон 3-р тодорхойлолттой санал нийлсэн үү? Эсвэл 2 болон 4-ийг хүлээн зөвшөөрч байна уу? Хэрэв танд 1, 3 илүү ойр санагдаж байгаа бол та зан чанарын хувьд хэвшмэл сэтгэлгээтэй юм байна.
Гэхдээ ийм сэтгэлгээтэй байх өөр олон боломжууд бий. Жишээ нь, өөрийн мэдлэгийг, бие махбодийн чадварыг, мөн амьдралынхаа туршид хадгалах харилцааны ур чадварыг хэвшмэл, нэг янзаараа л байна гэж та боддог байж магадгүй.
Таны сонгосон сэтгэлгээ нь таны амьдралын замд асар их нөлөөлдөг хэмээн "Mindset" буюу "Сэтгэлгээ" номын зохиолч, Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын профессор Кэрол Двек өгүүлж байна. Тиймээс хэрэв та өөрийгөө өсөх сэтгэлгээтэй ойр гэж үзсэн бол танд баяр хүргэе, аз жаргалтай, утга учиртай амьдралыг туулах боломж танд байна. Харин та өөрийгөө хэвшмэл сэтгэлгээтэйг мэдсэн бол шуудхан алчуураа шидээд бууж өгөх ёстой юу?
Үгүй ээ, учир нь танд дуулгах сайн мэдээ бий. Яагаад гэвэл амьдралдаа ямар сэтгэлгээг ашиглахыг шийддэг хүн нь зөвхөн та. Тэгж шийдэх хүч нь хэнд байдаг вэ? Таныг эл хоёр сэтгэлгээтэй танилцах, хийж буй бүх зүйлдээ өсөх сэтгэлгээг ашиглан хэрхэн илүү сайхан амьдралыг бүтээх тухай аялалд урья.
Хэвшмэл сэтгэлгээ
Хүмүүсийг хуваах олон арга зам бий.
Нэг арга нь суралцагчид болон үл суралцагчид гэж хуваах хэмээн нэрт социологич Бенжамин Барбер танд хэлэх буй за. Чухам энэ бол Двекийн онолын гол цөм юм. Суралцагч хүмүүс нь өөрчлөгдөх боломжтой гэж үздэг учраас өөрчлөлтийг бодитой болгохын тулд юу хийх ёстойд суралцдаг бол үл суралцагчид нь "ийм л байх ёстой, тиймээс тэдгээрийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй" гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэхдээ бид заавал тийм байх ёсгүй юм.
Дөнгөж төрсөн хүүхдийг төсөөлөгтүн. Тэд сэрүүн үедээ ихэнх цагийг орчин тойрноо судалж, төрөл бүрийн зүйлийг оролдсоор дуусгадаг. Тэд итгэмээргүй сониуч байдаг. Тэд өдөр бүр өөр өөр ур чадварт суралцсаар алхах, ярих зэргээр амьдралынхаа хамгийн том сорилтуудыг даван туулдаг.
Тэдгээр зүйлийг хэрхэн сурснаа та одоо бараг санахгүй байх. Тэр нь ч зөв болов уу, учир нь насанд хүрсэн бидний тархи байсан бол аль хэдийн буугаад өгчихсөн, бид үлдсэн амьдралаа суунга, нэг ч үг хэлж чадахгүй дуусгах байсан биз ээ. Харин хүүхэд байхдаа бид энэ бүхэнд суралцаж, хэрэв унавал босоод дараагийн удаа унахгүйн тулд яах ёстойгоо ойлгож авч байсан. Ингээд сурсаар, сурсаар нэг л өдөр алхаж, ярьж, гэрийнхнээ айлгаж эхэлдэг.
Гэтэл амьдралынхаа аль нэг үед бидний зарим нь маш гайхамшигтайгаар хэвшмэл сэтгэлгээтэй болж хувирдаг. Энэ нь эцэг эхийн хэлсэн зүйлээс (энэ талаар дараа өгүүлнэ), эсвэл амьдралыг ямар нэг "норм"-той дүйцүүлж үнэлэх ёстой гэж ойлгуулсан үйл явдлаас болсон ч байж магадгүй юм. Дөрвөн настай хүүхэд хүртэл хэвшмэл сэтгэлгээтэй хүний хэв шинжийг харуулах нь бий.
Тэрхүү наснаас хойш амьдралд нь тохиолдсон бүх зүйл "ийм л байх ёстой, энэ л хэвээрээ байг" гэсэн итгэл үнэмшлийг нь улам баталгаажуулах мэт санагдах болно. Бид зарим хүүхдийг бусдаасаа "илүү ухаалаг" гэж тодорхойлдог. Зарим нь биеийн хүчээр сайн бол зарим нь тийм биш. Хэвшмэл сэтгэлгээтэй болж буй хүүхдүүдэд энэ нь эргэлзээтэй санагддаг.
Хэрэв та хэвшмэл сэтгэлгээтэй, ухаалаг хэмээн тодорхойлогддог бол хичээл зүтгэлийг зөвхөн ур чадваргүй, сул хүмүүст л хэрэгтэй гэж боддог байх магадлалтай. Хэрэв та "ухаалаг бус" гэсэн талд нь багтсан хэвшмэл сэтгэлгээтэн бол хичээл зүтгэл нь зөвхөн доог тохуу, ичгүүрт хөтөлнө гэж бодно.
Харамсалтай нь хэвшмэл сэтгэлгээтэй хүүхдүүдэд энэ нь эцэстээ таагүй үр дүнг авчирдаг. Тэдний хувьд байдгаараа хичээх, шалтаг тоочилгүй зүтгэх нь хамгийн том айдас нь болж хувирдаг. Хэрэв тэд хичээгээд бүтэлгүйтэх юм бол мундаг биш гэдэг нь илрэх болно. Тиймээс тэдний хувьд үргэлж шалтаг тоочих нь дээр бөгөөд "жаахан илүү хичээсэн" бол амжилтанд хүрэх байсан гэж биеэ өмөөрдөг.
Өсөх сэтгэлгээ
Өсөх сэтгэлгээнд суралцсан хүүхдүүд хэвшмэл сэтгэлгээтэй үеийнхнээсээ тэс өөр ертөнцөд амьдардаг. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс нь шүүлт, айдсаар дүүрэн ертөнцийг хардаг бол өсөх сэтгэлгээтэй хүмүүс гайхамшиг, суралцах зүйлсээр дүүрэн дэлхийг хардаг.
Хамгийн гол нь дэлхийн түүхэн дэх хамгийн авьяаслаг хүмүүс ч өчүүхэн багаас бүхнийг эхлүүлснийг тэд ойлгодог. Двек номдоо өөрийн хайртай зураач Сезанны анхны бүтээлүүдийн үзэсгэлэнг үзсэн тухайгаа өгүүлдэг. Тэрбээр үзэсгэлэнг үзэж байхдаа нэгэн онцгой зүйлийг буюу зураачийн зарим бүтээл нь тун тааруу байсныг анзаардаг. Мэдээж заримаас нь хожмын агуу бүтээлүүдийнх нь "үнэр үнэртэж" байсан ч зарим нь тэс өөр хүний бүтээл шиг санагдсан аж. Чухам эндээс л Сезан нь Сезан болохын тулд асар их цаг зарцуулсныг ойлгосон аж.
Майкл Жордан ч гэсэн Майкл Жордан болохын тулд багагүй хугацааг зарцуулсан. Дунд сургуулийн шигшээ багаасаа хасагдсан түүх нь тун алдартай агаад дэлхийн өөр олон улсын сурагчдын хувьд энэ нь сагсан бөмбөгчийн замналынх нь төгсгөлийг дохиолох биз. Арга ч үгүй, дунд сургуулийн багтаа орж чадахгүй юм бол хэрхэн NBA-д элсэх вэ дээ? Гэвч Жордан үүнийг дэлхийн бусад бүх хүнээс илүү хөдөлмөрлөхийг сануулсан дохио гэж хүлээж авчээ. Тэгээд л тэр хөдөлмөрлөсөн.
Ердөө 6 жилийн дотор тэрбээр дунд сургуулийн шигшээдээ ч багтаж чадаагүй хүүгээс "Шинэ од төрлөө" гэсэн гарчигтайгаар "Sports Illustrated" сэтгүүлийн нүүрэнд гартлаа сайжирсан. Улмаар тэрбээр түүхэн дэх хамгийн шилдэг сагсан бөмбөгч болж чадсан билээ.
Тэрбээр тохиолдлоор шилдэг нь болоогүй. Жордан өсөх сэтгэлгээтэй байсан агаад шаргуу хөдөлмөр, тууштай зан чанар нь түүнийг NBA-д оруулж чадна гэдэгт итгэж байсан юм. Өсөх сэтгэлгээтэй хүмүүс нь чармайж, суралцаж, сайжирснаар амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг болохыг Двекийн бүтээлд онцолжээ. Дэлхийн аль ч улсад амжилтанд хүрсэн хүмүүст үүн шиг ижил шинж чанарууд бий.
Гэхдээ "амжилтанд хүрсний дараа" яах вэ?
Дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчөөр нэрлэгдсэн бол амсхийж болох байх тийм үү? Гэхдээ энэ бол марзан асуулт, учир нь өсөх сэтгэлгээтэй хүмүүст "амсхийх" гэсэн сонголт огт байдаггүй юм. Жордан болоод өсөх сэтгэлгээтэй бүх хүмүүсийн хувьд амжилт нь аялал болохоос хүрэх газар биш билээ.
Двекийн номд дурдсан гурав дахь гол санаа бол өсөх сэтгэлгээтэй хүмүүс нь амжилт авчирдаг процессыг хяналтдаа авч, түүнийгээ хадгалж чаддаг аж.
Удирдлагын сэтгэлгээ
Тэгвэл хүүхэд ахуй наснаас олон жилийн дараа ч эдгээр шинж чанар нь бизнесийн ертөнцөд тусгалаа олдог уу? Эсвэл зөвхөн спортод л хамаатай юу?
Бизнесийн ертөнцөд хэвшмэл сэтгэлгээтэй болон өсөх сэтгэлгээтэй лидерүүдийн олон гайхалтай жишээ байгааг олж харж болно.
Хэвшмэл сэтгэлгээтэй лидерүүдийн хамгийн алдартай жишээний нэг нь Лий Айкокка юм. Жэй.Пи.Морган, Хенри Форд нас барснаар "бизнесийн могул" гэж байхаа больсон гэж олон хүмүүс бодож байв. Тэгтэл Айкокка гарч ирж, хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд үлгэр дуурайл нь болж хувирсан билээ. Тэрбээр Chrysler компанийг эрс өөрчилж, бизнесийн ертөнцөд домог (гэхдээ их олон буруу шалтгаанаар) гэгдэх болсон юм.
Зарим хүмүүс бусдаасаа илүү гэж Айкокка шиг хүмүүс үздэг агаад тэрхүү цөөн тооны хүмүүст нь Chrysler багтаж байв. Ажилтнуудынхаа давуу талыг тодруулан гаргаж ирж, түүнийг нь компанийн сайн сайхны төлөө ашиглахын оронд тэд бусдаас илүү гэдгээ мэдрэхийн тулд ажилтнуудаа ашигладаг байв. Тухайлбал, ажилтнуудынхаа ирүүлсэн тайланг нь гутаан доромжлох, эсвэл эргэн тойрны хүмүүсээ байнга айлгаснаар тэдгээр нь үргэлж шүүмжлүүлэхээс залхаад санал нийлэхэд хүрэх гэх мэт аргууд үүнд багтаж байлаа. Двек үүнийг "гүйцэтгэх захирлын" өвчин гэж нэрлэсэн агаад Айкоккад тэрхүү өвчин их хэмжээгээр халдсан байв.
Мэдээж хэвшмэл сэтгэлгээтэй лидерүүдийн амжилт нь удаан үргэлжилдэггүй, учир нь бүтэлгүйтэлтэй тулгарангуут тэд сүйрдэг. Байдал буруугаар эргэх үед тэд бурууг бусдадаа тохож, шалтаг тоочиж, бүтэлгүйтэлд өөрийнх нь оролцоо бий гэсэн мэдрэмжээс зугтахыг хичээдэг. Аз болоход даган дуурайж болох өсөх сэтгэлгээтэй лидерүүд олон бий.
Жэк Уэлчийн талаар хүмүүс таагүй зүйл ярьдаг хэдий боловч тэрбээр өсөх сэтгэлгээтэй удирдагч байв. Тэрбээр харьцангуй залуу насандаа Женерал Электрикийг (ЖЭ) удирдаж эхэлсэн. Түүхээс үзвэл тэрбээр ажлаа өгч буй гүйцэтгэх захиралд өөрийгөө яагаад тэрхүү албан тушаалд очих ёстой шалтгаанаа тайлбарлахдаа өөрт нь өсөж дэвжих асар их боломж бий, өдөр бүр илүү ихийг улам сайн хийх эрмэлзлээс нь компани хожно гэсэн байдаг.
Гэвч тэрбээр анхандаа ийм хүн байсангүй, компанидаа "асуудалтай хүүхэд" гэсэн нэр зүүсэн нэгэн байв. Биеэ тоосон, зөвхөн авьяасаараа ажлаа хийдэг гэж түүнийг үздэг байв. Гэхдээ тэрбээр компанийнхаа дээврийг дэлбэлэх дөхсөн зэрэг олон ичмээр бүтэлгүйтлийнхээ ачаар өөрт нь сурах зүйл асар их байгааг ухаарсан юм. Суралцаж ч чадсан.
Жек ЖЭ-т албан тушаалын шатаар ахиж байхдаа ажилтнуудынхаа удам, боловсролыг их сонирхдог байв. Тиймээс Массачусетсийн технологийн их сургууль, Принстон зэрэг сургуулийг төгссөн инженерүүдийг авахыг чухалчилж байсан аж. Гэвч ажилтны байгууллагадаа өгч болох хамгийн үнэ цэнтэй зүйл бол өсөх сэтгэлгээ гэдгийг хожмоо ойлгожээ. Ийм сэтгэлгээтэй ажилтан цаг хугацааны явцад ямар ч шилдэг сургуулийн диплом өгч чадахгүй ур чадвартай болдог байна. Уэлчийн тодорхойлсноор ийм "дотоод өлсгөлөн" асар чухал ажээ.
Мэдээж энэ бол сэтгэлгээ тус бүрийн талаарх алдартай ердөө хоёр жишээ. Гэхдээ өөрийгөө, мөн бизнесээ амжилтанд хүргэж чадсан эргэн тойрны хүмүүсээ та харах юм бол ихэнх нь өсөх сэтгэлгээтэй байх магадлалтай.
Сэтгэлгээг ашиглах
Амжилтанд хүрэхийн тулд өсөх сэтгэлгээтэй болох ёстойг та одоо ойлгосон болов уу. Гэхдээ бусад хүмүүс ямар сэтгэлгээтэй буйгаас үл хамаарч тэдэнтэй хэрхэн харилцаж, шилдэг зан чанарыг нь илрүүлэн гаргаж ирэх вэ?
Түүхэн дэх хамгийн алдартай спортын дасгалжуулагчдын нэг Жон Вүүдэнээс зарим зүйлийг суралцах нь зүйтэй болов уу. Түүний удирдлагад UCLA-ийн баг 12 жилийн хугацаанд 10 удаа улсын аварга болж байв. Гэхдээ тэрбээр ийм агуу болох тавилантай сагсан бөмбөгийн багийг хүлээж аваагүй юм. Харин ч түүнийг сургуулийн кампуст очиход хүснэгтийн хамгийн адагт орно гэж олонхын таамагласан тийм л баг угтсан. Дасгалжуулагч Вүүдэн ингээд цоо шинэ арга барил ашиглав.
Тэрбээр тамирчдаасаа төгс байхыг шаардаагүй. Тэр бүү хэл тоглолт бүрт ялахыг ч хүсээгүй. Харин тоглолт эсвэл бэлтгэл байхаас үл хамаарч талбайд гарах бүрт дээд зэргээр чармайхыг тэрбээр тоглогчдоосоо шаардсан юм. Мөн тэрхүү тоглолт, бэлтгэл бүрийг шинэ зүйлд суралцах боломж гэж үзэхийг хүссэн байна. Хэрэв бэлтгэл дээр хичээж тоглохгүй байвал ихэнх дасгалжуулагч тухайн тоглогчдыг тусд нь дуудаад гүйлгэдэг. Вүүдэн харин тэгээгүй. Тэрбээр заалны гэрлийг унтраагаад багийнхнаа гэртээ харь гэж хэлсэн юм. Суралцах, өсөн дэвжих боломжоо тэд тэр өдөр аль хэдийн алдсан гэж Вүүдэн үзсэн нь энэ. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд тэр ийм аргыг хэд хэдэн удаа хэрэглэсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.
Нэгдүгээр дивизионы сагсан бөмбөгийн багууд нь ихэнхдээ NBA-д тоглохыг хүсэж байгаа учраас хөгжих, суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусаас бүрддэг. Гэхдээ өөрчлөгдөх хүсэлгүй, харин ч өөрийг нь хүрээлж буй орчин өөрчлөгдөх ёстой гэж үздэг хүмүүстэй таарвал яах ёстой вэ?
Ийм байдалд орох хэцүү. Гэхдээ өөрчлөлтийг бий болгоход туслах хэдэн арга бий. Ийм нөхцөлд таны хийх ёстой хамгийн зөв зүйл бол тухайн хүн юуг сурч байгааг нь тогтмол асуух юм. Хэрэв хэвшмэл сэтгэлгээтэй ажилтан ажлаа танд шууд тайлагнадаг бол ажлынх нь амжилт эсвэл алдаанд бүү анхаарлаа хандуул. Харин тухайн ажлыг хийснээр юу сурч авсан бэ гэдэгт нь анхаар. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүст юу сурах нь чухал биш учраас ийм байдлаар бодож чаддаггүй. Тэдний хувьд ялах эсвэл ялагдах, сайхан харагдах эсвэл муухай харагдах гэсэн хоёр л туйл бий.
Гэхдээ хайж байгаа амжилтдаа хүрэх цорын ганц зам бол суралцах гэдгийг та тэдэнд тодорхой ойлгуулах ёстой. Хэрэв тэд бонус авахыг, цалингаа нэмүүлэхийг, тушаал дэвшихийг хүсэж л байгаа бол суралцаж, хөгжиж байгаа гэдгээ нотлох замаар түүндээ хүрэх ёстой юм.
Мэдээж үүний тулд танаас хугацаа, чармайлт шаардана. Та зөвхөн тоонд, үр дүнд найдаж болохгүй учраас процесст, хэрхэн амжилтанд хүрэх гэж байгаад нь анхаарах ёстой. Ингэх нь амаргүй, гэхдээ урт хугацааны амжилтанд хүрэх цорын ганц зам бол өсөх сэтгэлгээтэй хүмүүс бүхийн багтай болох юм.
Дүгнэлт
Амьдралдаа та хоёр төрлийн сэтгэлгээтэй байх боломжтой агаад чухам алийг нь сонгохоос их зүйл хамаарна. Та өнөөдрийг эхлүүлэхдээ өөрөөсөө би алийг нь сонгох вэ гэж асуугаарай.