Зохиолч: Уолтер Исааксон (Walter Isaacson)

Стив Жобс

Steve Jobs
Олон хүний хувьд Стив Жобс бол баатар. Бусдынх нь хувь харин хүссэн зүйлээ авахаас нааш зогсдоггүй бүхнийг хянадаг дарангуйлагч.

Олон хүний хувьд Стив Жобс бол баатар. Бусдынх нь хувь харин хүссэн зүйлээ авахаас нааш зогсдоггүй бүхнийг хянадаг дарангуйлагч. Түүнийг, түүний амьдралын талаар та юу ч гэж боддог бай, нэг л зүйл тодорхой: түүний алсын хараа, шинийг бүтээх чадвар нь дэлхий дахинд арилшгүй мөрөө үлдээсэн юм. Пало Алто дахь гарааштаа Стив Вознякийн хамтаар Apple Computers-ийг үүсгэн байгуулахдаа л тэр дэлхийд ул мөрөө үлдээхээр шийдсэн байлаа.

Тэрбээр асар амжилтанд хүрсэн шигээ асар сонирхолтой хүн байсан. Тэрбээр эсрэг тэсрэгийн туйл байлаа: Apple компанид хоёр дахиа эргэж ирээд жилийн нэг долларын цалинтай ажилласан ч компаниас тийрэлтэт онгоц, олон сая долларын хувьцаа шаардаж байв. Цагаа зориулахаар үнэ цэнтэй гэж бодсон ажилтнуудаа Стив магтаж, бусдыг нь “хяргадаг” байлаа. Тухайн өдрөөс эсвэл 24 цагийн хугацаанд хоёр туйлын алинд нь байхаас түүний зан араншин шалтгаалдаг байв. Түүний бүтээсэн бүтээгдэхүүнүүд нь зах зээл дэх хамгийн тансаг дизайнтай, загварлаг зүйлс байсан ч өөрөө өдөр бүр хар өнгийн захтай цамц, Levis жийнс, пүүз өмсдөг байсан юм.

Хэдий этгээд, зан араншингийн хувьд алдаа дутагдалтай боловч Стив Жобсоос суралцах зүйл маш их. Ингээд Уолтер Исааксоны бичсэн "Стив Жобс" намтар номоос мэдэж авч болох 6 сургамжийн талаар өгүүлье.

Төвлөрөх

Стив Жобс хоёр дахь удаагаа Apple-д буцаж ирэхэд компани нь замаасаа хазайсан байлаа. Тэд 350 бүтээгдэхүүн хөгжүүлж байснаас ихэнх нь дутуу дулимагийн туйл болсон байв. Тиймээс тэрбээр хутга гаргаж ирээд өөрийнхөө үндэс суурийг огтолж эхэллээ гэж заримыг нь бодтол ихэнх бүтээгдэхүүнээ “хяргаж” хаясан юм. Тэрбээр нийт 340 бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг зогсоосноор Apple ердөө 10 цөм бүтээгдэхүүнд төвлөрч ажиллаж эхэлсэн.

Тэдгээр 350 бүтээгдэхүүн бүгд “тааруу” санаа байгаагүй юм. Жобсын нэгэн ярилцлагадаа дурдсанаар муу компаниуд хүртэл “тааруу” санаа гаргахдаа сайн байдаг. Гэхдээ ямарваа санааг амжилттай болгохын тулд танд хамгийн сайн ажилтнууд, бүх эх үүсвэрүүд чинь тэрхүү санааг бодитой болгохоор бэлэн жагсаж байх ёстой.

Жобсын дурдсанаар хамгийн гол нь буцаж төвлөрч чаддаг байхад оршиж байгаа аж.

"Төвлөрөх ёстой зүйлдээ тийм гэж хэлэхийг төвлөрөл гэж хүмүүс ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш юм. Хамгийн гол нь толгойдоо байгаа зуун өөр санаанд үгүй гэж хэлэх юм. Би бүтээснээсээ гадна бүтээгээгүй зүйлсээрээ ч ижилхэн бахархдаг. Инновац бол 1000 өөр зүйлд үгүй гэж хэлэх юм” гэж тэрбээр өгүүлжээ.

Ийм л сэтгэлгээний ачаар iMac, iPod, iTunes, iPhone, iPad төрөн гарсан юм. Хэрэв Apple  бүхий л эх үүсвэрээ бусад 340 бүтээгдэхүүнд хуваарилсан бол тэд ийм олон дараалсан амжилтын эзэд болох боломжгүй байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн санаануудыг хазаарласнаар агуу санаанууд нь бодитоор амжилтанд хүрдэг ажээ.

Иймэрхүү “хасалт”-уудыг тэрбээр бүтээгдэхүүндээ ч хэрэглэдэг байв. Apple компанид өөрийгөө “редактор”-ын үүрэгтэй байсан гэж Жобс ярьдаг байлаа. Тухайлбал, iPhone-ийн эхний загварыг үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болоод байх үед хэтэрхий хожимдохоос нь өмнө өөрчлөх ёстой гэсэн нэгэн бодол түүний толгойд орж иржээ. Түүний хувьд iPhone-ийн хамгийн чухал зүйл нь дэлгэц, бусад нь хоёрдогч ач холбогдолтой байв. Магадгүй өнөөдөр зах зээлд байгаа ихэнх гар утастай адилхан дизайнтай байсан тэрхүү утсыг дахин эхнээс нь бүтээхийг Жобс багийнхандаа үүрэгджээ. Тэдний баатарлаг үйл хэрэг нь өнөөдөр дэлхий даяараа мэддэг, хайрладаг iPhonе утсыг бүтээх боломжийг олгосон юм.

Хамгийн чухал зүйлдээ төвлөрч бусдыг нь орхи.

Урам зориг

Хормын төдийд бүхэл бүтэн салбарыг өөрчилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх урам зоригийг энэ компани хаанаас олж авсан юм бол? Олон хүн энэ асуултыг тавьдаг агаад хүмүүсийг юу хүсэж буйгаа мэдэхээс нь өмнө олж мэддэг Жобс болон түүний багийнхны ур ухаанаас хариултыг нь олж авч болох юм. Хенри Фордын хэлсэн “хэрэв хүмүүсээс юу хүсэж байгааг нь асуусан бол тэд хурдан морь гэж хариулах байсан” гэх алдартай үгийг Жобс үргэлж эшлэдэг байв.

Үүнийг энэ чигээр нь орхиод, Жобс бол Форд шиг энгийн бидэнд огт байхгүй супер хүн шиг авьяас чадалтай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Гэхдээ ингэлээ гээд бүхнийг ухаж ойлгож чадахгүй. Асуудлын угийг ойлгохыг хичээх юм бол Жобс, Фордын хэн хэн нь хаа нэгтээгээс гайхамшигт санаа олсоор ирснийг мэдэж болно. 1994 онд Стив Жобсын өгсөн ярилцлага танд нэг зүйлийг ойлгуулах болов уу:

“Хүний хийсэн хамгийн шилдэг зүйлстэй танилцаж байх нь чухал. Тэр бүхнийг хийж байгаа зүйлдээ тусгахыг хичээ. Сайн уран бүтээлчид хуулдаг, агуу уран бүтээлчид хулгайлдаг гэж Пикассо хэлсэн шүү дээ”.

Үнэхээр ч агуу бүтээгчид хулгайлдаг аж. Чикаго дахь мал нядалгааны газраар зочилсныхоо дараа Форд угсралтын шугамын санаагаа олж авсан бол Жобс Macy`s-т очиж төрөл бүрийн сав суулга, тэр дундаа Cuisinart-ын дизайныг судалсны үндсэн дээр анхны Macintosh-ийн загварын санаа толгойд нь орж ирсэн гэдэг.

Гэхдээ эдгээр санаагаа тэдний олж авсан газар нь сонирхолтой юм. Ихэнх компани өрсөлдөгчдөө судлах замаар шинэ санааг хайхаас цаашгүй байдаг. Хэрэв өрсөлдөгч чинь бүтээгдэхүүндээ шинэ функц нэмсэн бол зах зээл түүнийг сонирхох нь гарцаагүй гэсэн онол байдаг. Улмаар бүх компани үүнийг дуурайснаар эцэстээ ихэнх бүтээгдэхүүн ижилхэн болдог. Ердөө хажуугийнхаа цахилгаан барааны дэлгүүрт ороод лангуун дээрх таблет компьютерүүдийг (ихэнх нь хар өнгийн, iPad-тай дэндүү адилхан харагдана) ажиглаарай.
Гэтэл Жобс санаагаа компьютерийн бус огт өөр салбараас олж авсан. Бусад салбарт нэгэнт нотлогдсон санааг хулгайлах нь нэг талаар өрсөлдөөнд давуу тал олгодог нь үүнээс харагдаж байна. Жобс, Форд болон бүх агуу бүтээгчдэд байдаг гол нууц нь юу вэ?

Сониуч зан.


Салбарын чинь бусад компани бие биенийхээ санааг хулгайлаад завгүй байх зуур та хаа нэгтээгээс санаа хулгайлаад завгүй байх ёстой юм.

Бүтээгдэхүүн

Apple-ийн бүтээгдэхүүн гайхалтай дизайнтай гэдэгтэй маргах хэрэггүй. Бүтээгдэхүүнээ төгс болгохыг хичээдэг Жобсын фанатизм нь магадгүй компанидаа түүний үлдээсэн хамгийн том өв байж магадгүй юм. Тэрбээр амьдралд нь нөлөө үзүүлсэн олон хүний дундаас чухам ааваасаа энэ зан чанараа өвлөж авсан аж.

Дундаж амьдралтай иргэд амьдардаг дүүрэгт бага насаа өнгөрүүлсэн Жобсын дурссанаар аав нь юуг ч хийж чаддаг, дизайны талаар муугүй мэдрэмжтэй нэгэн байжээ. Жобс зохиолч Исааксоныг дагуулан гэрийнхээ ойр орчмыг танилцуулж байхдаа 50 жилийн өмнө аавынх нь барьсан, огт нураагүй хашааны талаарх түүхийг ярьж өгчээ. Хэдий нүдэнд харагдахгүй боловч шүүгээ, хашаа зэрэг барьж, бүтээж буй зүйлсийнхээ арыг хүртэл бодолцож хийх нь чухал гэдгийг аав нь зааж өгсөн аж.

Жобс энэхүү эрмэлзлээ насан туршдаа агуу бүтээгдэхүүн хийх явцдаа хадгалсаар ирсэн юм. Тэрбээр үүндээ дэндүү автсан учраас баян болоод гэртээ бараг ямар ч тавилга худалдаж аваагүй билээ. Учир нь тэрбээр төгс бус юуг ч худалдаж авахыг хүсээгүй юм.
Жобсын хувьд хамгийн чухал нь бүтээгдэхүүн байлаа. Тийм ч учраас тэрбээр Apple-д хоёр дахиа буцаж ирснийхээ дараа тухайн үед ахлах дизайнер байсан Жонатан Айвс өөрт нь шууд ажлаа тайлагнаж байх хэрэгтэй гэж шийдсэн юм. Ихэнх компанийн удирдлагын багт дизайны багийн төлөөлөл байдаггүй билээ. Инженерингийн баг дизайны багт бүтээхийг хүсэж буй зүйлийнхээ үзүүлэлт, онцлогийг хэлж, түүнд нь таарсан аятайхан кэйс хийхийг хүсдэг бол Apple-д эл харилцаа эсрэгээр байдаг. Дизайны баг нь инженерингийн багтаа эцсийн бүтээгдэхүүнд ямар хувь нэмэр оруулах ёстойгоо тодорхойлохыг хүсдэг юм.

Компани анх байгуулагдсан цагаас эхлэн Apple-ийн ямар ч бүтээгдэхүүний хувьд энгийн байдал чухалд тооцогдож ирсэн. Бүтээгдэхүүнийг хайрцагнаас гаргангуут л хэрэглэхэд маш хялбар байх нь асар чухал гэж Жобс үзэж байлаа. Үүнд хүрэхийн тулд тэд ахуйн хэрэглээний цахилгаан барааг бүтээхэд шаардлагатай үйлдвэрлэлээс (дизайны өнцгөөс яаж хийвэл үйлдвэрлэх боломжтойг ойлгох) эхлээд интерфэйс хүртэл (хэрэглэхэд энгийн байх) бүхнийг гаргуун эзэмших ёстой болсон юм.

Яг үүнд тохирох Оливер Венделл Холмсийн үг бий: “Адармаатай байдлын энэ талд байгаа энгийний төлөө би юу ч өгөхгүй, харин адармаатай байдлын нөгөө талд юу байгааг мэдэхийн төлөө амиа ч өгнө”.

Жобс Apple-ийг адармаатай байдлын нөгөө талд байгаа энгийнийг эрж хайхыг байнга шаардсаар ирсэн билээ.

Платформ

Бөөн ач холбогдолгүй бүтээгдэхүүний оронд агуу платформтой байх юм бол компани нь өөрийнх нь хүсдэг тэрхүү амжилтад хүрэх юм гэдгийг Жобс Apple-ийн гүйцэтгэх захирлаар хоёр дахиа ажиллахаар зэхэж байхдаа ухаарчээ.

2001 онд технологийн ертөнцөд бүүм болж, персонал компьютер ид алдаршиж байх үед тэрбээр Apple-ийн ирээдүйг хэрхэн төсөөлж буйгаа зарлав. Персонал компьютер нь хүний хэрэглээнд буй олон (бүгд биш юм гэхэд) төхөөрөмжийг удирддаг дижитал хаб болно гэж тэр үзэж байлаа. Компьютер нь таны дуу, зураг, видеог удирдаж, хүний дижитал амьдралын бүх зүйл компьютертэй холбоотой болох аж.

Хэрэв “дижитал амьдрал”-ыг тус тусдаа хэдэн бүтээгдэхүүн бус платформ гэж үзэх юм бол компьютер нь маш олон үүргийг гүйцэтгэж улмаар төхөөрөмж тус бүрийг ашиглахад илүү хялбар болно гэдгийг Жобс мэдэж байв. Камер ашиглаж байх үед нь энэ санаа түүний толгойд бүр тодорхой бууж ирсэн гэдэг. Урьд нь баахан бичлэг хийгээд тэдгээрийг гэр бүлийнхэнтэйгээ суугаад хэдэн цагийн турш үздэг байлаа. Дэлгэц нь хэтэрхий жижиг учраас камер дээр видеог танаж янзлах ямар ч боломжгүй байв. Ихэнх хүмүүс видеотой ажилладаг программыг ашиглах нь бүү хэл тийм зүйл байдгийг ч мэдэхгүй байлаа.

Ингээд iMovie-г бүтээснээр бичлэгийг янзлах нь хавьгүй хялбар зүйл болж, камерыг гол зүйл буюу бичлэг хийхэд нь голлон ашиглах боломжтой болсон юм.

Тэд яг энэ сэтгэлгээгээ ашиглан iTunes, iPod-ийг бүтээж, бүхэл бүтэн салбарыг тэрчигт нь өөрчилсөн билээ. Үнэхээр супер, өрсөлдөөнд дийлдэшгүй платформ бүтээсний үр дүнд iPod-ийн борлуулалт нь iMac, MacBook-ийн борлуулалтыг ч дэмжиж өгсөн юм.
Зөвхөн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ бий болгохоос илүүтэйгээр платформ бүтээж эхлэхийн тулд юу хийх ёстой вэ гэж бодоорой.

Бодит байдлыг үл тоо

Жобсыг мэддэг ихэнх хүний “бодит байдлыг алдагдуулагч талбай” гэж нэрлэдэг зүйл түүнд байсан юм. Ямар ч зүйлийг хийх боломжтой гэдэгт хүмүүсийг итгүүлдэг онцгой ур чадвар түүнд байв. Хэдий тэд өөртэй нь ярилцаад өрөөнөөс нь гарсны дараа огт боломжгүй гэдгийг нь мэддэг ч гэсэн. Энэ зан нь тэр бүр эергээр бусдад нөлөөлж байсангүй. Тэрбээр багийнхнаасаа хэн хүний төсөөлж чадахаас их зүйлийг шаардаж, тэднийг байнга амаргүй байдалд оруулдаг байлаа.

Гэсэн ч ийм арга нь үр дүнгээ өгч байсан гэдгийг түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс хэлдэг. Apple-ийг эхлүүлэхээс өмнө Жобс Atari дээр хийх ёстой байсан нэг ажлаа Вознякт өгч, хэдэн өдрийн дотор дуусгах ёстой гэжээ. Гэтэл түүнийг бүтээхэд ихэнх инженер багадаа хэдэн сар зарцуулахаар байлаа. Гэтэл Возняк ажлаа дөрвөн өдөрт дуусгасан агаад дизайн нь үнэхээр мэргэжлийн, нарийн хийцтэй болсон аж.

Жобс энэхүү аргыг замналынхаа туршид олонтаа ашиглаж, боддогоосоо илүү ихийг чадна гэдэгт хүмүүст итгүүлж байсныхаа үр дүнд олон гайхалтай бүтээлийг бий болгосон билээ.
Боломжоосоо ихийг хийж чадна гэдэгт хүмүүсийг итгүүлэхийн тулд бодит байдлыг үл хайхрах нь байж болох зүйл. Гэхдээ бодит байдлыг алдагдуулагч талбайд өөрийн гэсэн сул тал байсан агаад хорт хавдартай тэмцэж байхдаа Жобс өөрөө түүнтэйгээ нүүр тулсан билээ. Эхлээд тэрбээр хорт хавдрыг үл тоож, хоол хүнсээр эмчилж чадна гэдэгт итгэж байсан ч мэс заслаар амийг нь аврахад хэтэрхий оройтох хүртэл дэндүү удаан хүлээсэн юм.

Гэхдээ нэг зүйл тодорхой: бид өөрсдийгөө хязгаарлаж байдаг зарим зүйлийг үл хайхрах ёстой юм. Ингэж байж л бид амьдралдаа ямар нэг агуу зүйл бүтээж чадах билээ.

Мэдрэмж

Хэрэглэгчийн мэдрэмжийг өмчилж байсан нь Жобсыг олон жилийн турш асуудалд оруулсаар ирсэн билээ. Жобс жижиг сажиг зүйлд ч солиотой гэмээр анхаарал хандуулдаг, бүтээгдэхүүн нь өрсөлдөгчийнхөөс нь хавьгүй илүү гэдэгт итгэдэг байв. Тиймээс мэдрэмжээ зарим талаар түүнд алдаж байгаа гэсэн болгоомжлол олон хүнд төрдөг байлаа. Үнэхээр ч тэрбээр компьютерийн ертөнцөд “хаалттай систем” бүтээснээр Apple бүхнийг эхнээс нь дуустал хянадаг болов.

Тэд Apple apps store-т ямар аппликэйшнийг байрлуулж болохыг хянахаас эхлээд задлан хакердах боломжгүй болгохын тулд төхөөрөмжүүдээ тусгай эрэг шурагтай хийж байв. Энэ нь илүү уян хатан байдал олж авахын тулд “нээлттэй” плафтформ бүтээсэн Microsoft, Google зэрэг компаниас тэс өөр арга барил байлаа.

Эл үзэл баримтлал нь түүнийг замналынхаа хамгийн чухал алхмын нэг буюу Apple дэлгүүрийг нээхэд хүргэсэн юм. Тухайн үед энэ санааг нь хүн бүхэн, ялангуяа хэвлэлийнхэн тэнэг гэж дүгнэж байв. Жобс харин лангуун дээр байгаа бусад бүх бараанаас Apple-ийн бүтээгдэхүүн хэд дахин илүү гэдгийг тайлбарлаж чадахгүй томоохон дэлгүүрт бүтээгдэхүүнээ заруулж чадахгүй гэж өөдөөс нь мэтгэж байв. Тиймээс тэд өөрсдийн нэрийн дэлгүүрээ нээж эхэлсэн агаад тэдгээр нь архитектурын гайхамшиг, худалдан авалт хийхэд тун таатай орчин болоод зогсохгүй нэг ам метрт ногдох борлуулалтын хэмжээгээрээ дэлхийн бүх жижиглэн худалдааны компаниас илүү гарч чадсан юм.

Барааг нь жижиглэн худалдааны бусад компани борлуулахыг ихэнх компани зөвшөөрнө. Харин хэрэглэгчийн мэдрэмжийн алхам бүрийг хяналтдаа авснаар Жобс нь хэрэглэгчээ цаг үргэлж сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлсэн юм.

Эндээс компани, бизнес бүрийн өөрсдөөсөө асуух ёстой асуулт урган гарч ирж байна: хэрэглэгчийн мэдрэмжийн хэдэн хувийг бид эзэмшиж чадаж байна вэ? Бид хэдэн хувийг нь эзэмших ёстой вэ?

Дүгнэлт

Стив Жобс бол ер бусын хүн, бүтээгдэхүүний дизайн бүтээгч алсын хараатан, түүхэн дэх хамгийн шилдэг гүйцэтгэх захирлуудын нэг. Та түүний хувцаслалт эс бөгөөс заримдаа увайгүй гэмээр зан араншинг нь дуурайхыг хүсэхгүй л байх. Гэхдээ жижиг зүйлд ч анхаарал хандуулдаг, сониуч зангаас нь бага ч атугай үлгэр жишээ авахыг хүсэх нь лавтай биз ээ.

0 Shares
3 comments
Хариу үлдээх